“Архи тамхи шинэ үеийн сонголт биш“ уриа бүхий архи тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх олон нийтийн кампанит ажил нь халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр МСС-аас зохион байгуулж буй цуврал кампанит ажлуудын нэг бөгөөд энэхүү кампанит ажил нь олон нийтийн, тэр дундаа өсвөр үеийнхний дунд архи тамхины хор уршгийг сурталчлах, зөв зан үйлийг дэмжих замаар 15-24 насны хүүхэд, залуучуудын дундах архи тамхины хэрэглээ, дам тамхидалтыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой юм.
Сүүлийн арван жилд хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл, хавдар, осол гэмтэл орж байна. Зүрх судасны өвчлөлийн гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, тамхи, архины хэрэглээ байдаг. Архи тамхины хэрэглээ нь манай улсад халдварт бус өвчнүүд ихээр тохиолдож байгаагийн нэг гол шалтгаан бөгөөд өсвөр үеийнхний дунд хэрэглээ жилээс жилд өссөн судалгааны дүн гарч байна. 2009 онд хийгдсэн судалгаанаас үзэхэд Монгол улсад 2006 оноос 2008 оны хооронд цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх тасагт саатуулагдсан насанд хүрээгүй хүмүүсийн тоо бараг 70 хувиар өссөн байна. Мөн 2009 онд нийслэлийн 556 сургуулийн 6-11 ангийн хүүхдүүдийн дунд хийгдсэн судалгаанаас үзэхэд судалгаанд хамрагдсан охидын ихэнх хувь нь “тамхи татдаг хөвгүүд дэгжин харагддаг, мөн тамхи татах нь хөвгүүдийн хувьд энгийн зүйл” гэсэн хариулт өгсөн ба охид хөвгүүдийн аль аль нь тамхи татах нь тайвшруулах үйлчилгээтэй гэсэн буруу ойлголттой байна.
2010 онд хийгдсэн судалгаанаас үзэхэд Монгол улсын эрэгтэйчүүдийн 40,7 хувь, эмэгтэйчүүдийн 3,1 хувь өдөр бүр тамхи татдаг бөгөөд нийт хүн амын 27,7 хувь нь тамхичин байна. Тамхи татагчдын дундаж нас 19,3 байна.
Мөн 2009 онд арван жилийн дунд сургуулийн 12-17 насны 7000 сурагчдын дунд хийсэн судалгаанаас үзэхэд тэдгээрийн 70,6 хувь нь архи амсаж үзсэн гэсэн хариулт өгсөн бөгөөд хот суурин газрын, тухайлбал Улаанбаатар хотын өсвөр насны иргэдийн архины хэрэглээ хөдөө орон нутгийнхнаас хамаагүй өндөр байна.
Тиймээс энэхүү кампанит ажил нь өсвөр үеийн хүүхэд залуучуудын дундах архи, тамхины хор холбогдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, буруу ойлголтыг залруулах, зөв зан үйлийг сурталчлах зорилгоор ерөнхий боловсролын болон их дээд сургууль, коллеж, томоохон ажлын байрнуудад чиглэсэн хүрч очих үйл ажиллагаа явуулах бөгөөд, “Сургууль - тамхигүй орчин” уралдааныг зохион байгуулна. Архи, тамхины холбогдох хуулийн өөрчлөлтийг дэмжих ухуулга нөлөөллийн ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн. Мөн телевиз, радиогийн шторкууд, эрүүл мэндийн нэвтрүүлгүүд бэлтгэж, МҮОНРТ болон бусад ТВ радиогоор цацахаас гадна зорилтот бүлэгт тохирсон гарын авлага, мэдээллийн хуудас, зурагт хуудас, МСС-гийн багц материалыг боловсруулан тараах юм.
Тус кампанит ажил 2011 оны 04-07 сар болон 2012 оны 04-07 сар, 2012 оны 12-р сар 2013 оны 1-2 сар гэсэн давтамжтайгаар 3 үе шаттайгаар улс орон даяар хэрэгжинэ.
No comments:
Post a Comment