“Монголын мэдээ”
сонины 2012 оны 10 сарын 30-ны дугаарт гарсан ярилцлага
-АН-ын Ерөнхий нарийн бичгийн албыг авснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Ажлаа юунаас эхэлсэн бэ. Цаашид хийх ажил чамгүй олон байгаа болов уу?
Тийм ээ, ажлаа аваад бараг 3 сар болчихсон байна. Энэ хугацаанд намынхаа анхан, дунд шатны байгууллагын ажилтай танилцах, удирдах ажилтны уулзалт, сургалт, видео хурал зохион байгуулах, шинэ сонгуулийн хуулийн хэлэлцүүлэгт орон нутгийнхны саналыг тусгуулах, батлагдан гарсных нь дараа хуулийн шинэ орчныг гишүүддээ ойлгуулан таниулах зэрэг ажлууд дээр голлон анхаарч ажиллалаа. АН-ын ерөнхий нарийн бичгийн хувьд ямар стратеги баримтлан ажиллах үзэл баримтлалаа гаргаж, үүнийгээ дунд шатны намын дарга нарын зөвлөгөөн дээр танилцууллаа. Миний хувьд АН дэргэдээ судалгаа шинжилгээний ThinkTank буюу бодлогын зөвлөлтэй болох, санхүүжилтын тогтвортой байдлыг хангах эрх зүйн тогтолцоог бий болгох, хүний нөөцийн нэгдсэн сантай болж, гишүүдээ үүх түүх, ажил үүргийн биелэлт, идэвхи зүтгэлээр нь үнэлдэг merit системд оруулах чиглэлд томоохон шинэчлэлтийг хийнэ гэж зорьж байгаа. Өнөөдөр монголын улс төрийн намуудын санхүүжилтийн тогтолцоо нийгэмд газар аваад байгаа авилга хээл хахуулийн үндэс, эх ундрага болон хувирч байгааг хэн хүнгүй мэдрэх болж. Гэтэл нөгөө талаар засгийн эрхийн төлөө өрсөлдөгч улс төрийн намууд дотоод ардчилалтай, xариуцлагатай, бодлогын нам болон төлөвшихөд үйл ажиллагааны санxүүжилтын ил тод, тогтвортой байдал хамгаас чухал байдаг. Дэлхийн улс орнуудад улс төрийн намуудын санхүүжилтыг 1.Улсын төсвийн санхүүжилт /public funding/ 2.Хандивын санхүүжилт /contributions and donations/ гэсэн хоёр аргын аль нэгээр зохицуулж ирсэн. Харин Монгол улсын одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг харахаар энэ хоёр аргын аль алиныг нь “амсуулах” төдий хэлбэрээр оруулсан “холион бантан” байдаг. Ядаж энэ хоёр аргын цаана орших фиософийг нь ойлгоогүй нь илт байгаа юм. Жишээлбэл, Америкт өргөн дэлгэр хэрэглэгддэг хандивын санхүүжилтын аргын цаана тийнхүү өгсөн хандивыг татвараас чөлөөлдөг бүхэл бүтэн механизм үйлчилж байдаг. Компаниуд өгсөн хандиваа татвараас бүрэн чөлөөлүүлэхийн тулд тайлангаа үнэн зөв бөглөж өгнө. Тийм ч учраас өгсөн хандиваа нийтэд зарлахдаа тэд дуртай байдаг, учир нь тэр “нийт” дунд өнөөх татварын байцаагчид байж байдаг. Гэтэл ямар ч татварын хөнгөлөлтгүй манайх шиг орчинд хандив аваад өгөөд байна гэдэг чинь төрийн ажлыг яваандаа хэсэг бүлэг хүмүүсийн намд урьдчилан зарсан мөнгөнийхөө үнэ цэнийг эргүүлэн олж авах хуйвалдааны шинжтэй, далд нууц ажиллагаа болгон эргүүлэх маш буруу хандлага өнгөрөгч 22 жилийн хугацаанд жишиг болон тогтсон байна. Иймд улс төрийн намуудын санхүүжилтын одоогийн холимог хэлбэрийн гажуудал, түүнийг хэрхэн зөв гольдрилд нь оруулах арга замын талаар нам дотроо болон парламентад суудалтай зарим намуудын төлөөлөгчидтэй харилцан санал солилцож, хэрхэн өөрчлөх боломжийг судалж байгаа. Өнгөрөгч хугацаанд гарсан бас нэг өөрчлөлт бол намын хэрэг эрхлэх газрын бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт орсон. Ихэнх хуучин ажилтнууд маань засаг төрийн ажилд томилогдсонтой холбоотойгоор нарийн бичгийн дарга нараа шинэ хүмүүсээр бүрдүүллээ. Судлаач О.Чулуунбилэг ОНХ хэлтсийг, СХД-т намын үүрийн дарга байсан, намын анхан дунд шатны ажлын туршлагатай Э.Батсуурь намын байгуулалтын хэлтсийг, Н.Алтанхуяг даргыг шадар сайд байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан Д.Анхбаяр намын улс төрийн хэлтэсийг тус тус хариуцан ажиллах болсон.
-Орон нутгийн сонгууль хаяанд ирчихлээ. УИХ, НИТХ-д олонхи болсон түүхэн сонгуулийн дараах орон нутагт ялалт байгуулах хариуцлагатай сонгуулийн бэлтэл ажил хангагдсан уу?
УИХ, НИТХ-ын сонгууль “Ялагдах эрхгүй” сонгууль байсан. Орон нутгийн сонгууль түүнээс ч хариуцлагатай, “Ялагдах тухай бодох ч эрхгүй” сонгууль. Иймд бид нэр дэвшүүлэлт, бүртгэлийн ажиллагаан дээр онцгой анхааран ажилласан. Нэр дэвшигчдээ сонгон шалгаруулж, шинэ хуулийн орчинд зохицуулан эрэмбэлэх, өрсөлдөх тойргоо сонгох, тойргийн хороодтой үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд уялдуулах зэрэгт дэмжлэг үзүүлэхээр төв намаас хуульч томилж, эрх зүйн туслалцаа өгч, зөвлөх үйлчилгээ үзүүллээ. Энэ үйлчилгээ сонгуулийн санал хураалт дуустал үргэлжлэн явагдана.
-АН аймаг, дүүрэгт үнэмлэхүй ялалт байгуулна гэсэн итгэл байна уу. Ардчиллыг булшиллаа гэх мэтээр сөрөг хүчнээс ирж байгаа сөрөг мэдээлэл АН-ын нэр хүндийг унагаад байна уу?
Мэдээж ялна гэсэн бүрэн итгэлтэйгээр энэ удаагийн сонгуульд оролцож байна. Шинэ хуулийн эрх зүйн орчин сонгуулийг элдэв булхайгүй шударга явагдах нөхцлийг бүрдүүлж өгсөн. Сонгуульд оролцож байгаа хүн бүхэн элдэв арга саам хэрэглэх тухай урьдын улигт бодлоосоо хагацаж, сонгогчдынхоо итгэлийг хүлээхийн төлөө чин үнэнчээр ажиллаж, шударгаар өрсөлдөж чадвал АН үнэмлэхүй ялалт байгуулах нь гарцаагүй. Учир нь АН иргэддээ сум орноо хөгжүүлэх сангийн мөнгөө өөрсдөө захиран зарцуулах эрхийг нь өгч байна. Угаасаа АН иргэнээ дээдэлдэг нам. АН-аас нэр дэвшиж ялсан Ц.Элбэгдорж гарч ирсэн даруйдаа иргэний танхим байгуулж, өөрийн санаачилсан бүхий л хуулиа иргэдээрээ хэлэлцүүлдэг боллоо. Сая ЗГ гарч ирээд мөн иргэдээ сонсдог 1111 төв, асуудлаа иргэдтэйгээ зөвлөдөг 2222 хэлэлцүүлэг бий болгосон бол, НИТХ мөн иргэний нээлттэй хэлэцүүлгийн өдөртэй боллоо. Төрийн ордон ч иргэддээ нээгдсэн. Түүн шиг орон нутагт ялбал АН орон нутгийг хөгжүүлэхэд зарцуулагдах нэг ч төгрөгийг иргэдээсээ асуухгүйгээр шийдэхгүй. Саяхан явуулсан судалгаагаар орон нутгийн удирдлагууд аймаг сум хөгжүүлэх сангийн мөнгийг хэрхэн зарцуулдгийг иргэд хэр мэддэг эсэхийг асуухад “иргэдэд нээлттэй биш, энэ талын мэдээлэл хэзээ ч авч байгаагүй” гэж 51,5 хувь нь, “дарга нар ихэнхийг ах дүү танил талтайгаа хувааж иддэг” гэж 32,8 хувь нь хариулсан байгаа юм. Тэгэхээр нийлбэр дүнгээрээ нийт иргэдийн 84,3 хувь нь оршин суугаа газарт нь төсөвлөсөн мөнгө хаана юунд зарцуулагддагийг огт мэдэхгүй хаалттай байдаг байна. АН энэ хаалттай хаалгыг нээж, ил тод шударга амьдарцгаая л гэж байгаа юм. Олон жил хаалттай байж, их хэмжээний мөнгөөр түгжигдсэн энэ хаалга тийм амар онгойхгүй. Иймд бид орон нутагтаа ялж, улам ОЛУУЛАА болж, хүчээ нэгтгэж байж тэр хаалттай хаалгыг нээх хүчтэй болно.
-Ардчилсан намынхан МАН-ыг бүлэгтэй болгох гэж яарахгүй байгаа бололтой. АН-ынхан асуудалд хүчээр хандаад байна уу?
АН-ынхан яагаад МАН-ыг бүлэгтэй болгох гэж яарах ёстой билээ? Бид эрх зүйт нийгэмд амьдарч байгаа. Эрх зүйт нийгэм гэдэг бол хуулийг хүн бүр ялгалгүй үг үсэгчлэн дагаж амьдрахыг л хэлдэг. Гэтэл хуулинд 24 цагийн дотор бүлэгтэй болох асуудлыг өргөн мэдүүлнэ гээд заачихсан байхад түүнийгээ биелүүлээгүй хүмүүст зориулж, зөвхөн МАН-ыг бүлэгтэй болгох зорилгоор одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг өөрчилнө, тэгээд түүнийгээ эргэж үйлчлүүлнэ гэдэг ёс зүйгүй асуудал. Энэ өөрөө маш буруу жишгийг нийгэмд бий болгох болно. Хэрвээ хуулинд өөрчлөлт ордогиймаа гэхэд энэ нь дараагийн их хурал байгуулагдах үед л үйлчилнэ үү гэхээс одоо нэгэнт байгуулагдаад үйл ажиллагаа нь жигдэрчихсэн их хуралд эргэн үйлчилнэ гэдэг ерөөсөө байж болохгүй. Энэ жишгээр бол, би жишээ нь, зээл авч хугацаагаа хэтрүүлчихээд, хуулийг хэн нэгэнтэй зөвшилцөж өөрчилөөд зээлийн хэтэрсэн хугацаагаа торгуульгүй эдлэх боломжтой болж байгаатай огт ялгаагүй болно. Иймд нэгэнт хөдөлсөн галт тэргийг зогсоох тухай ярих нь хэтэрхий оройтсон хэрэг. Харин энэ хууль учир дутагдалтай байна гэж гишүүдийн олонхи үзвэл хуулиа өөрчлөөд, түүнийгээ дараагийн галт тэргийг хөдөлгөхдөө хэрэглэж болох юм.
-Нам эвслүүдтэй ямар байдлаар хамтарч оролцох вэ. Зарим аймагт бусад намын нэр дэвшигчийг бүртгэхгүй гэх тохиолдол гарсан байсан. Танай намын нэр дэвшигчид бүгд хуулийн дагуу, ямар нэг асуудалгүй нэрээ дэвшүүлж чадсан уу?
Тэгсэн. Ганц хоёр тохиолдлыг эс тооцвол бүгд хуулийн дагуу явагдаж дууссан. Одоо нэр дэвшигчид маань сурталчилгааны материалаа боловсруулах, хэвлэх, багаа бүрдүүлэх ажилдаа жигдрэн ороод байна.
-Нэр дэвшигчдийг тодруулахдаа ямар шалгуураар сонголт хийсэн бэ. АН-ыг хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчин муу гэж дүгнэдэг?
Социализмын үеийн намын бодлогоор бэлтгэгдсэн боловсон хүчин бол манай намд ховор л доо. АН-ын гишүүд чинь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг шүүмжилдэг, зах зээл хувийн хэвшлийг дээдэлдэг, өөр үзэлтэй, өөр бодолтой улс. Тиймдээ ч сүүлийн 22 жил бараг ихэнх газарт тасралтгүй орон нутгийг барьсан МАН-ын тогтолцооны үед тэд маань ямар нэгэн албан тушаалын сэтэр зүүж явсангүй. Тиймдээ ч МАН-ын иргэдээсээ хамаг юмаа нуудаг, хаалттай хаалганы хуйвалдаанд хутгалдаагүй, ариун цагаан хөдөлмөрөөрөө малтай нь малаа агуулж, машинтай нь ганзага зөөж, боловсролтой нь төсөл хөтөлбөрт ажиллаж, эсвэл эгэл ардын хүүхдэд хичээл зааж, эрүүл мэндийг нь хамгаалж явдаг жирийн багш эмч нар байх нь олонтаа. Иймд орон нутагт эрх мэдлийг сааруулах, иргэдийн тэгш оролцоог хангах шинэчлэлийн ЗГ-ын бодлогыг орон нутагт чухам ийм л хүмүүс хэрэгжүүлж чадна, түүнээс биш намын бодлогыг тэргүүн зэрэгт тавьдаг, тэднийхээ хатуу заавраар ажилладаг, МАН-ын бэлтгэгдсэн боловсон хүчин хэрэгжүүлж чадахгүй. Энэ өнцгөөс өвч үзвэл харин ч АН-д шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх хүний нөөц хангалттай их байгаа.
-Орон нутгийн сонгуульд зарцуулах төсөв хөрөнгийг хэрхэн гаргах бэ. Бусад хамтарч байгаа нам, эвсэлтэй нийлж сурталчилгаагаа хийнэ гэж сонссон?
Энэ удаагийн сонгууль бол шинэчлэлийн засгийн газрын бодлого айл өрх бүрт хэнээр дамжин хэрхэн хүрэхийг тодорхойлох сонгууль. Шинэчлэлийн засгийн газрын бүрэлдэхүүнд АН, МАХН, МҮАН, ИЗНН бүгд багтсан байгаа. Тэд орон нутаг дахь хөтөлбөрөө боловсруулахдаа бүгд ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг иш үндсээ болгосон байгаа. Манай намын давуу тал гэвэл УИХ-ын сонгуулиар олонхийн дэмжлэгийг авсан Монгол хүн 2020 хөтөлбөрөө орон нутагтаа мөн хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Санхүүжилтийн хувьд гэвэл угаасаа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хандив цуглуулах байдлаар шийдэгдэж байгаа. Гэхдээ бид хязгаарлагдмал нөөц бололцоогоо зөв хуваарилж, аль болох сонгогчиддоо хүрч очих үйл ажиллагааг түлхүү явуулснаар ялалтанд хүрнэ гэж итгэж байгаа.
-АН-ынхан өнгөрсөн сонгуулиар нийслэлд үнэмлэхүй ялж, хөдөө орон нутагт нэлээдгүй ялагдал хүлээсэн. энэ удаад ч үүнийг давтахгүйн тулд хамгийн эхлээд хийх ёстой ажил юу байна?
Нийслэлд үнэмлэхүй ялсан ялалтаа баталгаажуулна. Харин орон нутгийн хувьд судалгаан дээр үндэслэсэн нарийн тактик боловсруулах ёстой. Судалгаанаас үзэхэд хөдөө орон нутагт ард иргэдийн олонхи нь харин ч олон жил “улаан” байснаасаа залхсан байдал ажиглагдаж байгаа. Дээр нь 2008 онд АН ялсан дөрвөн аймгаас бусад бүх аймгийг бараг 22 жил завсаргүй хаанчлахдаа МАН-ын ихэнх дарга нар төсвийн мөнгө хөрөнгийг арай хэтэрхий үрэн таран хийж, хяналтгүй, хэн юу хэлэхэв гэсэн сэтгэлгээнд автсан, иргэдээ сонсохоо больсон, хуулийг уландаа гишгэсний улмаас цагдаа шүүхэд дуудагдаж, хөрөнгө мөнгөний хуваарилалтаас болон өвөр хоорондоо муудаж, биенээ АТГ-т матах зэрэг хэрээс хэтэрсэн үйлдлүүд хаа сайгүй газар авчээ. Өөрөөр хэлбэл МАН унах ажлаа өнгөрсөн жилүүдэд өөрсдөө хэдийнэ хийжээ. Одоо бидэнд иргэдийнхээ сульдсан итгэлийг эргүүлэн тэнхрүүлэх үүрэг л ноогдож байна.
-Ялагдал хүлээсэн аймгуудын ардчилсан үзэл санаа, ардчиллын төлөөх сэтгэл зүрхийг нээхээр гишүүдээ хөдөө орон нутагт хуваарилсан гэж дуулсан. Тухайлбал, үргэлж ялалт байгуулж ирсэн Хөвсгөл аймагт АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилсон сурагтай?
Дуулсан сураг тань зөв байнаа...
-Та АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Орон нутгийн сонгуулиар хэрхэн ажиллахаас шалтгаалж энэ албаа цаашид хаших уу?
Орон нутгийн сонгуульд амжилттай оролцох нь ойлгомжтой учир албаа ч хашна, дараа дараагийн сонгуульдаа ч амжилт гаргахын төлөө ажиллана.
-Орон нутгийн сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квот тусгасан. Эмэгтэйчүүдээ хэр дэмжиж байна. Хэдэн хувь нь эмэгтэйчүүд байгаа вэ. Зарим аймгийн намын даргаар эмэгтэй хүн тавьсан байсан?
Хэдийгээр энэ удаагийн орон нутгийн сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг хатуу заагаагүй ч, манай намаас 21 аймаг, 9 дүүрэгт нийт 7295 нэр дэвшигч ИТХ-д нэр дэвшиж байгаагаас 1599 нь буюу 22,1% нь эмэгтэйчүүд байгаа.
-Нэр бүхий гишүүд сумын Засаг даргыг иргэдээс сонгодог байх хуулийн төсөл оруулж ирсэн. Энэ хуулийн төслийг дэмжиж байна уу?
Дэмжилгүй яахав, би өөрөө бас энэ сэдвээр нэлээн хэдэн 7 хоногийн өмнө твитертээ хэлэлцүүлэг өрнүүлж байсан. Хөдөө явахад ихэнх аймаг, сум, баг “эзэнгүй айл” шиг болсон дүр төрх нийтлэг болжээ. Хөдөө нутгийн иргэд маань төвд суугаа даргаараа алсын удирдлагаар хангагдсан нэртэй үнэндээ хээр хаягдсан байдалтай байна. Тэр ч байтугай засаг даргыг халах солих, үнэлэх цэгнэх асуудал иргэдийн хурлын хэдхэн хүнээс хамаардаг болохоор алсад суугаа засаг дарга нь иргэдийн хурлын хэдийгээ хотод, эсвэл гадаадад аялуулангаа хурлаа хийчихдэг, асуудлаа шийдүүлчихдэг гажиг тогтолцоог МАН өнгөрөгч жилүүдэд цэцэглүүлж дөнгөжээ. Аливаа намын үнэт зүйл гэдэг яг ийм зүйл дээр л тодоор илрэн гарч байдаг. Тухайлбал МАН хэзээнээсээ аливаа асуудлыг УТТ гэсэн хэдхэн хүний хүрээнд шийддэг, хэзээ ч тэрэнд нь ард иргэдийн оролцоо гэж байдаггүй байсан түүхтэй. Одоо хэдийгээр шинэчлэгдсэн гэх боловч жаахан л сиймхий боломж гарахад МАН өнөөх л арга барилаараа тэр л хаалттай хүрээ рүүгээ хальтраад орчихдог. Иргэдийн дуу хоолой ардчилал ялаад 22 жил, ардчилсан үндсэн хуультай болоод 20 жил болж байхад хөдөө орон нутагт ингэж ор тас хаагдсан байгааг олж хараад, АН энэ тал дээр заавал нэг томоохон алхам хийх үүрэгтэй гэж үзсэн. Ингэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн Н.Батбаяр гишүүний төсөл анх танилцуулагдаж байсан юм. Гэвч Үндсэн хуульд гар хүрэх нь улс төрийн хүрээнийхний дунд ихээхэн удаан хугацааны зөвшилцлийг шаардах тул үүнийг засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар шийдэж болох юм гэсэн хувилбарыг Р.Гончигдорж гишүүн оруулж ирээд байгаа. Тэгэхээр ямраар ч шийдлээ гэсэн АН орон нутагт иргэдийн дуу хоолойг байх ёстой түвшинд нь аваачих ажлыг санаачилан хөөцөлдөж байгаа нь эндээс харагдаж байгаа байх. Ерөөс аливаа шийдвэр гаргах түвшинд олон нийтийн оролцоог шууд ардчиллын зарчмаар хангаж, иргэснээр аливаа албан тушаалтан иргэдийнхээ төлөө ажилладаг, тэдний өмнө хариуцлагаа хүлээдэг болох нь АН-ын иргэн төвтэй нийгмийг байгуулах үнэт зүйлтэй нь шууд холбогдож байгаа юм.
No comments:
Post a Comment