2012-11-06

БҮР ОЛУУЛАА

Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны кампанит ажил 2012 оны 11 сарын 06-нд эхэлж байгаатай холбогдуулан Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд дараах нийтлэлийг тэрлэсэн юм. 

Ардчилсан хувьсгал бол аварга том алимны мод юм. Энэ аварга модны жимсийг бид 7 дахь удаагаа хураах гэж байна.
Дөрвөн жил тутамд үр жисмээ өгдөг энэ мод хуучин муу цэцэрлэг дотор ургадаг. Цэцэрлэгч өвгөд өөрөө тарьчихсан мэт л өмчирхөнө. "Өвөө, та усалгаа, бордоог нь тааруулж чадахгүй байна шүү дээ" гэвэл "Юу гээд цор цор хийгээд байгаа юм" гэж аашилна. Тэртэй 1996-2000 онд залуу ардчилагчдыг тэд ингэж л аашилж дээрэлхсээр цөөнхийн дарангуйллыг бүх шатанд тогтоож байсан билээ. Засагласан гэхэд хэцүү энэ дөрвөн жилийг эс тооцвол өвгөн намбугай ард түмнээ 69 жил дарангуйлж, бас 18 жил даргалжээ.
Энэ ертөнцийн хамгийн амтат жимсний нэг Ардчилал хэмээх алимны мод Монголд нутагшихгүй байгаа юм биш ээ. Өвгөн намбугай нутагшуулахыг хүсээгүй юм. Гэвч тэдний үл хүсэх нь үл бүтэхийн шалтгаан болж чадсангүй. Түүний үр жимсийг хүртэж, бүр сайхан хөгжихийг хүссэн эгэл олны дийлэнхийн хүсэл биелж, өнгөрсөн 6 дугаар сарын 28-ны 7 дахь удаагийн УИХ, НИТХ-ыг сонгох сонгуулиар шинэ цэцэрлэгчид ажилдаа оров.
Шинэ цэцэрлэгчид хамгийн түрүүнд жимсний цэцэрлэгийг иргэддээ нээв. Хэдэн зуун мянган иргэд ийм сайхан цэцэрлэг байж гэж ирж үзэж байна. Хэдэн арван мянган иргэд цэцэрлэг маань ингэтлээ доройтсон байсан юмуу, ингэж цэвэрлэе, ингэж хөгжүүлье хэмээн үгээ хэлдэг болж эхэллээ. Харамсалтай нь бас нэг хэсэг иргэд маань энэ цэцэрлэгийг өөрсдөд нь нээлттэй болсонд итгэж ядан эргэлзэж сууна. Тэдний энэ эргэлзээг тайлахын тулд шинэ цэцэрлэгчид хөрсний шим шүүсийг зам зуураас нь сорон авч байсан чөдөр өвсний үндсийг таслах их үйл хэргийг өрнүүлж байна. Чухам энэ үйлсийн үргэлжлэл болох Орон нутгийн сонгууль хаяанд ирэв.
Орон нутагт өнгөрөгч жилүүдэд өвгөн намбугай халаасны санал” нь гэж боддог тэр хязгаар нутагт юу дуртайгаа хийдэг байжээ. Саналын тоог засч болно, саналын хайрцгийг хулгайлаад зугтааж болно, санал худалдан авч болно, цахилгааныг нь тасдаж болно. Өвгөн намбугайн насыг нь хүндэлсэн нутгийн иргэдийн цайлган сэтгэлийн хариуд эрх баригч намбугай орон нутагт чухам л хэмжээгүй эрхт хаан шиг аашилна.
Хэдий болтол ийм байх юм? Сонгогч ард түмэн "улаан" өнгөнөөс уйдаж эхэллээ. Эх орны улс төрийн газрын зураг шинэчлэгдэж байна. Орон нутгийн сонгууулийн шинэ хууль батлагдав. Эрх зүйн цоо шинэ орчинд бид гагцхүү шударга л өрсөлдөх ёстой.
Шударга өрсөлдөөний талбарт Ардчилсан нам гарцаагүй ялна. Өвгөн намбугайн "хаанчлалаа тогтоосон" нутгийн иргэдэд тэр нутгийнх нь эрх мэдлийг өөрсөдөд нь хүлээлгэж өгнө. Тэнд ямар ч “хаанчлал”, дураар авирлалт байхгүй болно. Учир нь Ардчилсан нам угаасаа иргэдээ дээдэлдэг, иргэн нь оролцдоггүй иргэний нийгэм гэж байдаггүй гэдгийг итгэл үнэмшлээ болгосон нам!
Ардчилсан намаас нэр дэвшиж ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж, юун түрүүн иргэний танхим байгуулсан. Ерөнхийлөгчийн санаачилсан хууль бүхэн энэ л танхимд хэлэлцэгдэж, эрдэмтэн мэргэд, ард иргэд саналаа хэлдэг болов. Шинэчлэлийн засгийн газар байгуулагдсан зуу хүрэхгүй хоногтоо хамгийн түрүүнд иргэдээ сонсдог 1111 төв, иргэдтэйгээ зөвлөдөг 222 хэлэлцүүлэг буй болгов. Төрийн ордон иргэддээ нээлттэй болж 600-аад мянган иргэн зочлоод байна. Нийслэлийн ИТХ, захирагчийн алба ч өдөр тутам оршин суугчидтайгаа ярилцаж” эхэллээ. Засаг ийнхүү тунгалагшиж байна.
Ардчилсан нам орон нутагт ялваас нутаг орноо хөгжүүлэхэд зарцуулагдах хөрөнгө оруулалтын нэг ч төгрөгийг иргэдээсээ асуухгүйгээр шийдэхгүй.
Саяхан явуулсан судалгаагаар нийт иргэдийн 51.5 хувь нь аймаг сум хөгжүүлэх сангийн мөнгийг дарга нар хэрхэн зарцуулдаг нь "Иргэдэд нээлттэй биш, энэ талын мэдээлэл хэзээ ч авч байгаагүй" гэж, 32.8 хувь нь "Дарга нар ихэнхийг нь ах дүү, танилтайгаа хувааж иддэг" гэж хариулсан байна. Тэгэхээр нийт иргэдийн 84.3 хувь нь оршин суугаа газар нь төсөвлөсөн мөнгө хаана юунд зарцуулагддагийг огт мэдэхгүй, хаалттай байдаг байна. Ардчилсан нам энэ хаалттай хаалгыг нээж, ил тод, шударга амьдарья гэж байгаа юм.
Олон жил хаалттай байж их хэмжээний мөнгөөр түгжигдсэн энэ хаалга тийм ч амар онгойхгүй. Тиймээс бид орон нутгийн сонгогчиддоо хандаж "Бүр олуулаа дэмжээд өгөөч, бүхлээр нь шинэчлье" гэж уриалж байгаа юм.Чухам ингэж БҮР ОЛУУЛАА болж байж, бүх хүчээ нэгтгэж байж, ардчиллын цэцэрлэгийн хаалттай хаалгыг олон түмэндээ нээж өгөх хүчтэй болно. Энэ бол иргэдийн өөрсдийнх нь улам олуулаа нийлсэн хүч!
Ардчилсан нам хөдөө орон нутагт өөрийн гэсэн боловсон хүчний нөөц тааруу гэх яриа бий. Тийм бишээ. Орон нутагт хаанчилсан өвгөн намбугайн үзэл сурталд таараагүй учраас тэд ийм яриа тараасаар ирсэн. Учир нь Ардчилсан намын гишүүдийн ихэнх нь хуучин тогтолцооны галтай шүүмжлэгчид. Тэд төвлөрсөн удирдлага, төлөвлөгөөт эдийн засгийг шүүмжилдэг, хувийн хэвшлийн хөгжлийг дэмждэг, өөр үзэлтэй, өөр бодолтой хүмүүс.
Орон нутагт эрх мэдлээ ямар нэг аргаар сүүлийн 20-оод жил хадгалж байсан МАН-ын засаглалын үед тэд маань ямар нэгэн албан тушаалын сэтэр зүүж явсангүй. Чухам тиймдээ ч орон нутагт хаанчилсан МАН-ын дураар авирлалт, хаалттай засаглалын хуйвалдаанд хутгалдаагүй НЭР ЦЭВЭР улс! Малтай нь малаа өсгөж, машинтай нь ганзага зөөж, зах дээр худалдаа хийж, зарим нь төсөл хөтөлбөрт ажиллаж, эсвэл нутгийн багачуулдаа хичээл ном зааж, хүн ардын эрүүл мэндийн төлөө зүтгэж яваа эгэл олны дийлэнх олонхи нь Ардчилсан намынх. Иймд орон нутагт эрх мэдлийг сааруулах, иргэдийн тэгш оролцоог хангах шинэчлэлийн засгийн газрын бодлогыг орон нутагт чухам энэ л хүмүүс хэрэгжүүлж чаднаа. Түүнээс биш өөрсдийгөө иргэдээс дээгүүр “заяатай” дарга гэж итгэдэг, тийм “заяаны” төлөө юуг ч золих зүтгэлтэй, намын эрх ашгийг бүхний дээр тавьдаг, тэрнийхээ хатуу чанга заавраар ажилладаг МАН-ын боловсон хүчин Ардчиллын “цэцэрлэг”-ийг цэвэрлэж, иргэдээ сонсдог тунгалаг төрийг бий болгож чадахгүй. Энэ өнцөгөөс авч үзвэл харин ч АН-д шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх чин сэтгэлтэй хүний нөөц хангалттай их бий.
Орон нутагт ажиглагддаг бас нэг ноцтой гажуудал бол иргэдийг хэн ч биш болгож орхидог аймшигт үзэгдэл юм. Эрх баригч намын даргыг шүүмжилсэн, үнэн мөнийг хэлсэн иргэн хэн ч биш болж хувирдаг. Тэдэнд төрийн халамж үйлчилгээ, ажил албан тушаал, шагнал урамшуулал хэзээ ч хуваарилагддаггүй. Ганц өөрт нь ч биш, бүр үр хүүхэд, ах дүү, хамаатан саданд нь ч халгаа нь ирнэ. Судалгаанд оролцож "Сангийн мөнгийг дарга нар ах дүү танил талтайгаа хувааж иддэг" гэж хариулсан хүмүүс бол чухамдаа тэр "хэн ч биш" улсуудын төлөөлөл юм. Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн олонх нь орон нутагт ийм л "хэн ч биш" хэмээн намбугай ба түүний тойрон хүрээлэгчдийн дунд нүд үзүүрлэгдсэн хүмүүс. Тиймдээ ч Ардчиллынхны намтарт бичигдэх албан тушаалын жагсаалт богино, энгэрт нь гялалзах элдэв одон нэн ховор.
Монгол ардын нам манай намын гишүүдийг ажлаас халж байна гэж их үглэх юм. Ингэхийн оронд сонгуульд нэг баг болж дөрвөн жил ажилласан өөрсдийн гишүүдээ МАН хэнээр ч хэлүүлэлтгүйгээр татаж авах ухамсартай байх ёстой. Сонгуулийн үр дүн ийм л шаардлага тавьдаг. Буруу нь уг хүндээ байгаа юм биш, үзэл бодол итгэл үнэмшлийн зөрүүнд байгаа юм. Энэ зарчмыг эс мөрдвөл улс төрийн намууд сонгуульд орохын хэрэг юун.
Төрийн эрх мэдлийг авна гэдэг төрийн хуулийг зөрчиж болно гэсэн үг биш. 2008 оны сонгуулиар АН ялсан дөрвөн аймгаас бусад бүх аймагт 22 жил бараг тасралтгүй хаанчлахдаа МАН-ын ихэнх дарга нар төсвийн мөнгийг арай хэтэрхий үрэн таран хийж, "Намайг хэн хэлэх вэ" гэсэн шиг дураар авирлаж, иргэдээ сонсох чихгүй, хуулиа дээдлэх ёс зүйгүй болсон байна. Тэд ээлж дараалан шүүх цагдаад дуудагдаж, идсэн ууснаа тоочин өвөр хоорондоо муудалцаж, биенээ АТГ-т матаж, чухам л хүн чанар гүн хямралд ороод байна. МАН ийнхүү орон нутгийн сонгуульд ялагдах болзлоо хэдийнээ хангачихаад байна.
Одоо Ардчилсан намынхан бидэнд иргэдийнхээ гундсан сэтгэлийг сэргээн тэнхрүүлэх үүрэг ноогдож байна. АН үүнийг хийж чадна. Учир нь манай намд удамшиж тогтсон дарангуйллын муу цус байхгүй. Манай намын үлэмж биеэр шинэ цус урсаж байгаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам цусаа бүр шинээр сэлбэх болно.
Шинэчлэлийг бүхэлд нь төгс төгөлдөр хийж, Ардчиллын цэцэрлэгийг ард иргэддээ цэлийтэл нь нээн, үр жимсийг нь олон иргэддээ алагчлалгүй хүртээхийн сацуу, энэ цэцэрлэгийн хөрсийг бүхэлд нь хэрсэн чөдөр өвсний хорт үндсийг олуулаа нийлэн тасдаж, ирээдүйдээ эрүүл сайхан цэцэрлэг хүлээлгэн өгөх улс төрийн хүчнийг орон нутагтаа СОНГОХ ЭРХ энэ сарын 21-ны өдөр Иргэн Танд шилжих болно. Та бүхнийг Ардчилсан намаа БҮР ОЛУУЛАА дэмжиж, Монгол эх орноо БҮХЛЭЭР НЬ ШИНЭЧЛЭХ эрх өгнө гэдэгт АРДЧИЛСАН НАМ итгэж байна.  

                                              2012 оны 11 сарын 06

4 comments:

  1. Ardchilal gedeg zuil n ooroo bol ih saihan zuil l dee, yag l tanii bichij baigaa shig, harin ardchilsan namd ter saihan ardchilal n bna uu gui yu gedeg minii asuult bolood bna... odoo harj l baiy, ta ingej bichij baigaa hun suuld n bas namiihaa omnoos hariutslaga huleeh tuhai bodoh ystoi baih. nam dotorh humuusee ardchilsan bolgo ehleed, daraa n bid ardchilsan gej yarimaar bna, tehgui gadnaa neeh saihan yum yariad dotorh n yag MAN-tai ijil baigaad bna, yamar saindaa AN, MAN 2 yugaaraa yalgaatai ve geheer M usegnees oor yalgaa haragdahgui bna gehev dee

    ReplyDelete
  2. minii heleh geed baigaa yum n ingej neeh surhii uyangiin haliltai bichij baihaar zugeer l ajil uilseeree oorsdoo haruulaad og! tegvel ingej uyangaluulsan uyangaluulaagui humuus haraad oilgono

    ReplyDelete
  3. TA BVXEND AMJILT XVSII MONGOL OPON MANDAN BADRAG

    ReplyDelete
  4. Ардчилсан намыг олуулаа болгож чадсан танд баяр хүргэе. Саад болох гэж байгаа хүчинээс бүү айгаарай. их зүйл хийгээрэй амжилт

    ReplyDelete