Улс төрийн тойм сонины сэтгүүлч Ц.ЭНХЦЭЦЭГ намайг сониныхоо "Ярилцах танхим"-д урьсан юм. Түүний буулгасан ярилцлагыг блогтоо оруулж байна.
-Таны хувьд Ардчилсан намын хоёр дахь эмэгтэй генсек. Орон нутгийн сонгуулийн ийм хариуцлагатай үед Ардчилсан намын гал тогоог барина гэдэг эмэгтэй хүний хувьд амаргүй, бас хүндрэлтэй зүйл их тохиолддог байх. Тийм үү?
-Жендерийн тухай хэт ярих болсноос ч юмуу, асуудалд эмэгтэй, эрэгтэй гэдэг үүднээс хандах гээд байдаг болчихож. Уг нь ажил үүргийг гүйцэтгэх чадвар, хүний нөөцийн бодлого гэдэг бол тухайн хүний мэдлэг боловсрол, ачаалал даах чадвар дээр үндэслэдэг. Эрэгтэй, эмэгтэй гэдэг нь зүгээр хүйсийн асуудал. Би энэ үүднээс асуудалд ханддаг. Томоохон хэмжээний кампанит ажлыг удирдах амар биш. Гэхдээ үүнд өмнө нь хийж байсан ажлын туршлага нөлөөлдөг болов уу. Телевизийн ажил бол нийлмэл зүйлсийн нэгдэл байдаг. Сонгуулийн үеэр улстөрчидтэй хэвлэлийнхэн хамгийн ойр ажилладаг.
Би ч мөн адил олон сонгуулиар улс төрчидтэй ажиллаж байсан. Энэ бүх туршлага одоо намын ажлыг авч явахад ихээхэн дөхөм болж байна. Ялгаатай нь гэвэл өмнө нь сэтгүүлчийн ёс зүйгээ баримтлах байр сууринаас асуудалд хандах гэж хичээдэг байлаа. Өөрөөр хэлбэл, өөрийн үзэл бодлоо дарж, өөртэйгээ зөрчилддөг байсан гэх үү дээ. Харин одоо бол үзэл бодлынхоо төлөө тууштай явж буй учир сэтгэл зүйн хувьд их амар байна.
-Сэтгүүлчид улс төрд орох нь элбэг. Өмнөх туршлагуудаас харахад ингэж хэлж болохоор байна. Харин та улс төрд орсон сэтгүүлчдийг тухайн үед хөндлөнгийн нүдээр харахдаа хэрхэн хүлээж авч байв. Өөрөө одоо улс төртэй холбогдоод ажиллахад ямар байх юм бэ?
-Улс төрийг хүмүүс тусдаа мэргэжил юм шиг бодоод байдаг. Улс төр судлал гэж мэргэжил байна. Харин улс төрч гэдэг бол өөр. Тухайн нийгмийн давхарга бүрийн төлөөлөл өөрсдийн төлөөлөгчөө илгээн шийдвэр гаргах төвшинд ажиллуулдаг. Энэ нь төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж буй хэлбэр болохоос биш улстөрч гэдэг инженер, сэтгүүлч гэдэг шиг дипломоор олдог мэргэжил биш юм. УИХ-ын гишүүдийн үндсэн мэргэжил нь юу ч байж болно. Сэтгүүлч, зураач, малчин, инженер гээд. Тиймээс улстөрчийг мэргэжилтэй хольж хутгаж болохгүй. Америкийн Ерөнхийлөгч Рейгэн гэхэд жүжигчин байсан шүү дээ. Дэлхийн олон орны туршлагаас харахад сэтгүүлчид улс төрд маш идэвхтэй оролцдог. Ардчилал нялх байх үед нэр дэвшигч нь олонд танигдсан байхыг улс төр шаарддаг. Жүжигчид, дуучид, тамирчид гэх мэт олонд танигдсан улс олноор сонгогдож байсан түүх бий. Үүн шиг нийгэмд танигдсан гэж хэлж болох бас хэсэг улс бол сэтгүүлчид байдаг. Тэд нийгмийн өвчнийг илааршуулах гэж оюуны бүтээл, сурвалжлага, нийтлэлээ бичдэг. Энэ утгаараа улс төрд ороход илүү давуу хөрстэй байдаг. Учир нь нийгмийн муу муухай өвчлөлийг мэддэг болохоор түүнийгээ эмчилж чадна. Нөгөөтэйгүүр, улс төр бол party юм. Яагаад party гэж байгаа юм гэвэл энэ үг нь цуглаж, нийлэх гэсэн утгатай. Иймээс улс төр өөрөө олон хүн цуглуулах, хүнтэй харилцах чадварыг шаарддаг. Сэтгүүлчид нийгмийн бүх давхаргынхантай харилцах чадвартай болохоор улс төрд амжилттай явах нь их байдаг.
-Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хийж чадна гэж үнэлэхэд намынхан тань хэрхэн хүлээж авч байсан бэ. “Энэ хүн авч явж чадах уу” гэдэг өнцгөөр асуудалд хандаж байсан хүмүүс байсан байх?
-Өнгөрсөн хавар намын жагсаалтаар нэр дэвшээд намын ажилд оролцоод явж байхдаа намын ажилд илүү гүнзгий орох хэрэгтэй юм байна гэсэн хувийн дүгнэлт хийж байлаа. Өмнө нь сонгуулийг гаднаас нь харж байхдаа ч, сонгуулийн ажилд оролцоод явж байхдаа ч нэг зүйлийг анзаараад байсан. Юу гэхээр улс төрийн намуудын төлөвшил хууль эрх зүйн хувьд маш тааруу байна гэж. Үүнийг ард түмэнд зөв ойлгуулж, төлөвшлийг хууль эрх зүйн хувьд үндсээр нь өөрчлөх хэрэгтэй юм байна гэж бодсон. Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх, санхүүжилтийн системийг тогтвортой болгож байж намууд цэврээр өрсөлдөх боломжтой болно. Намууд 1990 оноос хойш тэгш бус гараанаас эхэлсэн учир одоог хүртэл тэгш бус байдалтай л байна. Хуучин нам төвтэй байсан төрийн тогтолцооны уламжлал хэвээр байгаа учир шинэ хүмүүс гарч ирэн шинэчлэлийг хийх гээд ч болохгүй байгаа юм. Ардын намын бүтэлгүйтлийн эх суурь нь энэ намд байгаа залуучуудын буруу биш байхгүй юу. Харин тогтолцоо нь тэр хүмүүсийг ийм болгоод байна. Одоогийн байгаа МАН-ыг дуурайсан намуудын бүтэц маш их зардал шаарддаг. Уг зардлаа шударгаар ил тод нөхөх бололцоо хомс. Иймээс хандив нэрийн дор маш их мөнгө намд эргэлдэж байдаг. Энэ тогтолцоо руу намууд хүссэн, хүсээгүй яваад байна. Үүнийг одоо л зогсоохгүй бол цаашид бүр буруу тогтолцоо руу орох гээд байгаа юм. Ерөнхийлөгчийн яриад байгаа шударга байх уриаг хэрэгжүүлээл, авлигаас салах утасны үзүүрээс хөөхөөр энэ нь нам дээр ирж буугаад байна. Тэгэхээр Ардын намын алдааг бусад намууд давтах ёсгүй. Тэд өөрсдөө алдаагаа мэдэрсэн учраас нэрээ солилоо. Намдаа ямар нэгэн өөрчлөлтийг хүссэн залуус байгаа боловч хууччууд нь олонхиороо тэдний хүсэл сонирхлыг хэрчээд байна. Гэхдээ одоо харьцангуй өөрчлөгдөх эхлэл нь тавигдлаа. Энэ л үед нь хууль эрх зүйн орчныг нь шинэчлэх хэрэгтэй. Миний хувьд энэ асуудлыг гаднаас нь харж мэдэрсэн учир одоо АН-ынхаа гүнд нь орж өөрчлөлтийг эхлүүлэх шаардлагатай юм байна гэсэн итгэл үнэмшилтэй ажиллаж байна.
-Намууд энэ сонгуулиар ард түмнийг талцуулахгүй ажиллана гэж мэдэгдэл гаргасан. Үнэндээ ингэж ажиллаж чадах уу?
-Ямар ч тохиолдолд хууль эрх зүйн үндэс нь зөв байж төлөвшил зөв явагддаг. Одоогийн эрх зүйн нөхцөлөөр сая баталсан Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулиар хар буруу зүйлийг нь хориглочихсон. Тухайлбал, нэр дэвшигчийг татах үндэслэл хуучин хуульд нэг л байсан бол УИХ-ын сонгуулийн хуулиар 18, Орон нутгийн хурлын сонгуулийн хуулиар 20 гаруй болчихсон байх жишээтэй. Тэгэхээр нэр дэвшигч өөрөө зөв явах ёстой гэдгийг нь хуулийн заалтаар шахаж өгч байгаа юм. Хуучин хуулийг мөрдөж байхад намууд “бие биенээ гүтгэхгүй, шударга өрсөлдөе” гээд л уриалж байсан. Гэтэл тулаанд ороод эхэлчихсэн байхад намууд уриалж байсныгаа мөрддөггүй. Гагцхүү үүнийг хууль эрх зүйн актаар мөрдүүлэх ёстой юм. Эрх зүйт систем нь соёл болчихсон тохиолдолд энэ асуудлыг гайхаж хүлээж авахгүй. Харин манайд бол “Өмнө нь болоод л байдаг байсан, юун сүртэй юм” гэж хүлээж аваад байгаа юм. Энэ соёл манайд биеллээ олтол хэдэн сонгуулийн нүүр үзэх байх л даа. Гэхдээ соёлыг эхлүүлж буй нь хамгийн чухал юм.
-Ардчилсан намынхан олон суудал авч, төр барьсны дараа “ардчилал устлаа” гэх болж. Та үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Эрх зүйн системээрээ хуулиа мөрдөхийг шаардаад ирэхээр өмнө нь замбараагүй ажиллаж ирсэн хүмүүс гайхаж байгаа юм. Гэтэл үнэн хэрэгтээ гайхаж буй хүмүүс нь өөрсдөө хуулиа баталчихсан байдаг. Ардын намын жагсаалтаар нэр дэвшсэн эхний есөн хүн УИХ-д байсан, Сонгуулийн тухай хуулийг батлалцсан хүмүүс. Би сэтгүүлч байхдаа манай улсын хууль эрх зүйн орчинд хийсэн гадныхны дүгнэлтийг үзэхэд баталсан хууль нь их боломжийн байдаг. Тэгсэн мөртлөө амьдралд огт хэрэгждэггүй. Жишээлэхэд нэгдүгээр эгнээнд машин тавьж болохгүй гэчихээд хотын захиргааныхан өөрсдөө л машинаа тавьчихдаг байсан шүү дээ. Энэ байдал нь одоо өөрчлөгдөж нийтийн тээврээр зорчих болсондоо тэд бухимдаж Ардчилсан намынхан ардчиллыг булшиллаа гэж яриад байгаа юм. Ардчилсан нийгэмд хүний эрх нөгөө хүнийхээ эрхээр хязгаарлагддаг. Түүнээс биш эрх мэдэлтэй нь хязгааргүй эрх эдэлж, ард түмэн үүргээр хавчигдаж болохгүй. Ардчиллыг булшиллаа гэж ард иргэд ярихгүй байгаа биз дээ. Харин Төрийн ордонд сууж буй хүмүүс л ярьж байгаа юм. Тэдний хязгааргүй эрхийг эрх зүйгээр хаагаад ирэхээр бухимдлаа ингэж илэрхийлж байгаа хэрэг.
-Эрх барьж буй Ардчилсан намынхан шинэчлэлийг эхлүүлнэ гэчихээд оруулж ирж байгаа төсөв, мөрийн хөтөлбөрт нь шинэчлэлийг илэрхийлсэн зүйл алга гэж шүүмжилж байгаа шүү дээ?
-Мөрийн хөтөлбөр, төсвийн талаар хөндлөнгийн судалгааны баг ажиллах ёстой юм. Түүнээс биш намууд өөрсдөө шүүмжлэх нь утгагүй. Улсын төсвийг хэдхэн сарын дотор боловсруулдаггүй. Бүх байгууллагад төсвөө боловсруулаад Сангийн яаманд ирүүлдэг. Тэгээд наймдугаар сард эцсийн боловсруулалтыг авч нэгтгэдэг. Энэ бол өнгөрсөн засгийн үед хийгдсэн ажил. Харин шинэ Засгийн газрынхан бэлэн болчихсон төсөв дээр шинэчлэлийн хэдэн элементийг нэмээд оруулж ирсэн юм. Шинэчлэлийн Засгийн газар 2013 онд шинэчилсэн төсвийг боловсруулна гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс энэ удаагийн төсөв хуучин төсөв юм. Хэрэв Ардын намынхан баталсан төсвийг шүүмжилж байгаа бол өөрсдийнхөө боловсруулсан төсвийг шүүмжилж байна гэсэн үг. Мөрийн хөтөлбөрийн тухайд манай нам нэгэнт олон суудал авсан учир “Монгол хүн-2020” хөтөлбөрөө үндэс болгон шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Ард түмэнд сайшаагдсан хөтөлбөр учраас бид үүнийгээ хэрэгжүүлнэ.
-Парламентад суугаа Ардчилсан намын дийлэнх гишүүн сайд болсон. УИХ-ын гишүүн, сайдын ажлыг хамтад нь авч явж болохгүй гэж шүүмжилж байсан гишүүд өнөөдөр сайд болчихлоо. Ер нь улс төрийн тогоонд байгаа хүн үзэл бодлоо байнга өөрчлөх шаардлагатай болдог уу?
-Ардчилсан нийгэмд хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Гэвч аливаа асуудлыг олонхиороо шийдвэрлэдэг. Цөөнхийг дэмжээгүй байлаа гээд тэд буруу харж суух улс төрийн соёл байхгүй. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болохгүй гэж ярьж буй хүмүүс одоо ч манай намд бий. Хойшид ч байна. Харин одоогийн нөхцөлд нам доторх олонхи нь энэ хоёр албыг хамтад нь авч явж болно гээд шийдчихсэн учир олонхио дагаж байгаа юм. Гэхдээ тэд зүгээр нэг олонхиороо түрээд ингэж байгаа юм биш. Харин хууль эрх зүйн орчин нь өөрөө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болно гэж заасан байгаа учраас тэр хүрээндээ олонхиороо ингэж шийдсэн. Хэрэв хууль эрх зүйг нь өөрчилчихвөл байдал өөрчлөгдөнө шүү дээ.
-Ардчилсан намын генсекийн хувьд ирэх жилүүдэд хийхээр төлөвлөсөн олон ажил бий байх. Шинэчлэлийг чухам юунаас эхлэх гэж байна вэ?
-Улс төрийн намуудыг төлөвшүүлэх хууль эрх зүйн орчныг өөрчлөхөд гол анхаарлаа хандуулж ажиллана. Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэх хуулийн төсөл Ерөнхийлөгчийн Тамгын газарт байгаа. Эхний хэлэлцүүлгийг мөн хийсэн. Тогтолцоо нь хэвээрээ байхад мянган удаа шинэчлэл яриад нэмэр болохгүй. Харвард төгссөн Ц.Мөнх-Оргил Ардын намд ороод коммунист болж байгаа юм. Учир нь тэр тогтолцоо хүнийг ийм байдал руу түлхсэн. Тэгэхээр энэ аргаар одоогийн намууд цаашид явах боломжгүй. Орон нутгийн сонгуулийг өнгөрүүлээд намуудын хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн асуудлыг бүх хүрээнд өрнүүлэн ажиллана гэж бодож байна. Намуудын хатуу гишүүнчлэлийг зөөлрүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал судалгаа хийж үзэхэд Увс аймгаас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг судалгаанд оролцсон Ардын намын гишүүдийн 50-аас илүү хувь нь тэднийг хууль зөрчсөн гэдэгтэй санал нийлсэн байгаа юм. Гэсэн хэдий ч “намдаа санал өгөх үү” гэхэд тэдгээр хүмүүс саналаа өгнө гэж хариулсан байна. Энэ нь хатуу гишүүнчлэлийн муу муухайг илэрхийлж байна. Мөн намын санхүүжилтийн асуудлыг ил болгох ёстой.
-Энэ асуудлаараа бусад намуудын удирдлагуудтай уулзаж ярилцав уу. Хэрхэн хүлээж авч байх юм?
-Ажлаа авсны дараагаас эхлэн намын санхүүжилтийн асуудлыг тогтвортой болгох гэж нэлээд судалгаа хийсэн. Манай нам стратегийн шинэчлэлийн бодлогыг боловсруулах хүрээндээ санхүүжилтийн асуудлыг тогтвортой болгох талаар судалсан. Улс төрийн намуудын тухай шинэ хууль хэрхэн батлагдах вэ, эсвэл хуульд ямар өөрчлөлт оруулах вэ гээд хоёр хувилбараар төсөл боловсруулсан байгаа. Үүнийгээ парламентад суудалтай байгаа намуудад танилцуулсан. Энэ асуудлыг нэлээд эрчимтэй ярьж байна.
-Ардын намынхан Ардчилсан намынхныг хянахын тулд орон нутгийн сонгуульд ялалт байгуулах ёстой гэж байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Орон нутгийн сонгуульд бид ялж хяналтыг бий болгоно гэж яриад байгаа. Тэгэхээр би тэднийг парламентын тогтолцооны утга учрыг одоо болтол ойлгохгүй яваа юмуу гэж бодоод байгаа. Энэ тогтолцоонд олонхи бодлогоо боловсруулж, цөөнх хяналтаа тавьдаг. Парламентат ёсонд үүнийг л мөрддөг. Түүнээс биш Засаг барьсан олонхид аймгийн удирдлагууд хяналт тавина гэж байхгүй. Харин парламентад байгаа цөөнхийнхөн хяналт тавих ёстой юм шүү дээ. Хэрэв үнэхээр Ардын намынхан хяналт тавихыг хүсээд байгаа бол тэднийг бүх шатны иргэдийн хуралд цөөнх болгох хэрэгтэй гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.
No comments:
Post a Comment