2012-11-27

Ард иргэдийг буруутгах биш, алдаа гаргасан ажилтнуудад хариуцлага хүлээлгэх ёстой

Сэтгүүлч Л.Мөнхтөртэй өнгөрдөг бүтэн сайнд хөөрөлдсөн маань "Өдрийн сонин"-ы 11 сарын 26-ны даваа гаригийн дугаарт нийтлэгдсэн юм. "Сунгадаг хугацаа дуусч сонгодог цаг иржээ" хэмээн гарчигласан уг ярилцлагыг блогтоо оруулж байна. Харин гарчигийг нь өөрчиллөө. 

-Орон нутгийн сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй байна. Гэхдээ намууд урьдчилсан байдлаар дүнгээ нэгтгэсэн байгаа. АН хэдэн аймаг, дүүрэгт ялалт байгуулав?
-Ажиглагчдаасаа авсан мэдээллээр асуудалд хандаж байгаа. Ер нь хавтгайд нь ялчихаад байна гэж болно. Бүр тодруулж хэлбэл 12 аймаг, зургаан дүүрэгт ялсан гэх баталгаатай мэдээлэл ирсэн. Харин хоёр дүүрэг, гурван аймагт суудлын дүн нь их ойрхон байгаа. Жишээлбэл Говьсүмбэр аймагт АН, МАН гэсэн хоёр улс төрийн хүчин найм, найман суудал авч МАХН-аас нэг хүн орсон байна. Үүн дээр пропроциональ хувилбарын дүн нэмэгдэх ёстой. Ингээд үзэхээр 15 аймаг найман дүүрэгт Ардчилсан намаас Засаг дарга тавигдах өндөр магадлал бий. Бид сонгогчдодоо хандаж нэг зүйлд баярлалаа гэж хэлэх ёстой байх. Тойрогт нэр дэвшигчид өөр өөрийн онцлогоосоо хамаараад ялж, ялагдсан нь бий. Харин хаана ч, аль ч аймагт АН-ыг дэмжсэн байгаа юм. Орон даяар АН-ыг сонгосон сонголт 59 хувьд хүрсэн. Ард түмэн АН-ыг дэмжиж байна.

-Сумдын хувьд асуудал яаж шийдэгдсэн бол. АН хэдэн сумыг удирдахаар болж байх шиг байна?
-Бүрэн мэдээлэл ирээгүй байна. Эцсийн дүн гарахаар асуудал нэгмөр болох байх. Бидний авсан мэдээллээр гуравны хоёрт нь ялсан гэж гарч байгаа. 2008 оны орон нутгийн сонгуулиар 118 суманд АН ялсан. Гэхдээ аймаг, бүр дээрээ Засгийн газарт манай нам ялаагүй байсан учраас ардчилал ялсан суманд дэмжлэг хүрдэггүй, санасан хэмжээндээ хүрч ажиллаж чаддаггүй дутагдал байсан. Энэ байдал одоо өөрчлөгдөнө.

-АН түүхэндээ анх удаа Засгийн газар, орон нутгийг хамтад нь удирдахаар боллоо. Энэ байдлыг юу гэж хүлээн авч байна?
-Өнгөрсөн хугацааны ажлын үр дүн одоо л гарч байна. Бидний хийсэн хувьсгалыг ойлгож, нийгэм тэр чигээрээ хүлээж автлаа 20 жил болжээ. Иргэд өмнө нь 70 жил яваад ирсэн замаа, зарчмаа өөрчилнө гэдэг амаргүй байсан юм байна. Их олон газарт, олон удаа өмнөх замаа давтаж сунгаад л яваад байдаг байлаа. Хэзээ ч сонголт хийж байгаагүй. Ялангуяа мэдээлэлжээгүй газарт сунгалт их хийгддэг байсан. Харин одоо сунгах хугацаа нь дуусч сонгох цаг нь ирсэн байна. Үүнээс хойш байнга сонголт хийгдэх байх. Сонгох цаг 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш явж эхэлсэн гэж болно. Тэгээд өнгөрсөн хавар УИХ-д АН-ыг олонхи болгож, нийслэлд ч ажил хийх боломжийг нь өгсөн. Тиймээс бид өнгөрсөн гурван сарын хугацаанд ард түмний хүсэн хүлээж байсан шинэчлэлийн алхмуудыг хийж эхэлсэн. Ингэж ажилласаар орон нутгийн сонгуулийг хүйт орсон үед явууллаа. Гэхдээ сонгууль явуулах хугацаа хойшилсныг сонгогчдын ирц буурсан муу талтай гэж дүгнэж байгаа ч сонгогчдыг бодит сонголт хийхэд нь тусалсан гэж бодож байна.

-Ялалтын мэдээг ихээхэн үүрэг, хариуцлага дагаж ирж байгаа байх?
-Манайхан албан тушаалын суудлыг эрх ямба гэж ойлгохоо болих хэрэгтэй байгаа юм. Социализмийн үед эрх ямба гэж байсан уу гэвэл байсан. Яагаад гэвэл дарга нар бэлэн мөнгө л хуваарилдаг байсан болохоор тэр. Харин одоо үеийн, зах зээлийн орчны дарга нар мөнгө босгодог байхаас биш хуваарилж суудаг байх ёсгүй. Улс орны тогтолцоо, системийг өөрчилж, хаана ямар боломж байгааг нээх, ажлын байр нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, алдаа дутагдлыг засч залруулах гэх мэтээр алхам тутамдаа ард түмэнд хэрэгтэй бодлогыг боловсруулж ажиллах ёстой. Түүнээс АН-ын ялалт гэдэг тэмдэглээд байх баяр, эдлэх эрх ямба биш. АН-ын ялалт байгуулсан хэсгүүдийг ч энэ зарчмаар ажиллаасай гэж хүсч байна. Байнга боломж, бололцооны хойноос хөөцөлдөх хэрэгтэй. АНУ-ыг анх “бололцооны эх орон” гэж нэрэлдэг байсан даа. Харин Монгол өнөөдөр бололцооны эх орон болчихоод байна. Хаана ямар шинэ асуудлыг дэвшүүлж сайн ажиллаж чадна тэнд илүү бололцоо бий болдог. Сүхбаатар аймгийн жишээг харахад Ж.Батсуурь Засаг дарга албаа аваад сайн ажиллаж эхлэхэд тэнд бололцоо бий болж байгаа юм. Шинэ ажлын байр, бүтээн байгуулалт, цоо шинэ аймаг, амьдралын орчинг бий болгосон байна Сүхбаатарт. Сүхбаатар аймагт илүү төсөв өгөөгүй. Дээр нь хувийн хэвшлээ зөв зохион байгуулж, хөрөнгө оруулалтыг татаж чадсанаар үр дүнд хүрч байгаа. Ийм зарчмаар АН-ынхан бололцооны төлөө ажиллах ёстой, ажиллах болно.

-АН-ынхан бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг олж авлаа. Одоо ажиллаж, дараа нь дүнгээ тавиулах үе ирлээ?
-Өнгөрсөн гурван сарын хугацаанд ардчилсан Засгийн газрын хийсэн ажлууд бүгд мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Ард иргэдээс бид юу хийх вэ гэдгийг сүүлийн хоёр жилийн турш асууж, судалсан. Энэ судалгаагаа үндэслээд хамгийн түрүүнд хөрөнгө мөнгө зарцуулалгүй зохион байгуулалтаар шийдэж болох ажлуудыг хийж эхлээд байна. Ажил ч урагш ахиж байгааг иргэд харж байгаа байх. Учир нь иргэд энэ шинэчлэлийг л хүлээж байсан юм байна. Сая Манилад болсон хурал дээр Э.Бат-Үүл даргыг оролцоход нийтийн тээврийн асуудлаа хамгийн богино хугацаанд шийдвэрлэж чадсан хот гэж Улаанбаатарыг үнэлсэн байна лээ. Өөр улс оронд дугаараар нь ангилж хөдөлгөөнд оролцуулах гэхэд их олон сарыг зарцуулсан байгаа юм. Харин манайд ганцхан сарын дотор шийдээд иргэдээ энэ зарчмаар хөдөлгөөнд оролцуулаад сургачихсан. Яагаад гэвэл үүнийг ард иргэд хүссэн. Тэгэхээр иргэдээс асуудаг, иргэдээ сонсдог чихтэй төрийн шийдвэр нь ч амархан хэрэгждэг байгаа биз. АН аль ч аймагт гарч ирээд нөгөө л иргэний танхимаа онгойлгохыг хүснэ. Тэгээд иргэдээ сонсч ажлаа эхлэхэд аймаг бүрийн асуудал нийслэл шиг шийдэгдэнэ.

-Энэ удаагийн сонгуулийг харьцангуй тайван боллоо гэж дүгнээд байгаа. Ер нь сонгуулийн өдөр АН-д хэр гомдол санал ирэв?
-Харьцангүй гайгүй гэж дүгнэж байгаа. Зарим газар бүртгэлтэй холбоотой маргаанууд гарсан. Жишээлбэл Говь-Алтай, Хөвсгөл аймагт санал хуваана гэдэг үзлээр МАХН-ыг бүртгээгүй байна лээ. Шүүхийн шийдвэр нь МАХН-ын талд гарсан байхад сонгуульд оролцуулаагүй нь асуудлыг дахин сонгууль явуулах хэмжээнд хүргэж байгаа юм. Сонгуулийн тойргийн хорооны ажилтнуудын аминч гэдэг юм уу улстөрждөг байдлаас үүдэж гаргасан алдаанаас болж бүхэл бүтэн тойргийн сонгууль дахин явагдана гэдэг утгагүй. Уг нь зүгээр л шударгаар өрсөлдөөд дүнгээ гаргачих байсан юм. Санал хуваах уу үгүй юу гэдгийг ард түмэн л шийдэх юм хойно хуулийн хүрээнд бүхнийг хийх хэрэгтэй байсан. Аль болох нээлттэй, иргэдийг сонгох, сонгогдох эрхээр нь хангаж ажиллаагүйгээс болж асуудал дахин өрнөх нь. Он шувтарч өвөл болж байгаа энэ үед Засаг даргагүй, дахин сонгууль хүлээнэ гэдэг хүнд асуудал шүү.

-Дээрх хоёр аймагт дахин санал хураалт явуулахаас өөр гарцгүй юу?
-Дахин сонгууль явуулахаас өөр аргагүй болчихоод байна. Шүүхийн шийдвэр МАХН-ын нэрийг бүртгээгүй нь буруу гээд гарчихсан. Харин одоо хасагдсан улс төрийн хүчнийг оролцуулсан дахин сонгууль явуулах шаардлагатай байгаа.

-Ирц хүрээгүй хэсгийн хороод нэлээд байсан...
-Ирцийн хувьд сонгогчиддоо маш их баярлалаа гэж хэлэе. Их олон иргэн, идэвхитэйгээр сонгуульдаа оролцсон байна лээ. Ганцхан жишээг дурдахад Чингэлтэй дүүргийн 2008 оны орон нутгийн сонгуулиар 39 мянган хүн ирж саналаа өгсөн байдаг юм билээ. Тэгэхэд саяын сонгуулиар 56 мянган хүн оролцсон байна. Иргэд ингэж саналаа өгчээ. Харин иргэний бүртгэл дээр асуудал гарсан. Сонгогчдын нийт нэрсийн жагсаалтыг өгөхдөө цахим үнэмлэхээ аваагүй хүмүүсийн нэрийг оруулсан байна. Гадаад явсан хүмүүсийг бас оруулчихаж. Цэрэгт явсан, хоригдож байгаа хүмүүсийн нэрийг нэрсийн жагсаалтаас хасаагүй байна. Иргэний бүртгэлийн газар ингэж хариуцлагагүй ажилласнаас болж сонгуулийн ирц хүрээгүй гэдэг муу мэдээ гарлаа. Наад зах нь цахим үнэмлэхээ аваагүй хүмүүсийг хасах ёстой байсан. Үнэмлэхгүй хүн өөрөө ямар ч хэлбэрээр мэрийсэн сонгуулиа өгч чадахгүй ш дээ. Гадаадад ажил албаар голдуу нийслэлийн хүмүүс л явдаг. Орон нутгийн иргэд барагтай л бол гадагшаа явдаггүй.  Тэр дундаа өвлийн улиралд мал хуйгаа орхиод гадаад явна гэж юу байхав. Ингээд сонгууль болоход орон нутагт ирц хүрч, нийслэлд хүрээгүй. Тэгэхээр ард иргэдийг буруутгах биш, бүртгэлийн зөрчил гаргасан ажилчдад хариуцлагыг нь хүлээлгэж алдааг нь засуулах ёстой.

-200 орчим хэсгийн хорооны санал хүрээгүй байсан. Харин дээрх шалтгаантай иргэдийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасч ирцийг бүрдүүлэх нь ээ?
-Ард иргэд хангалттай ирж саналаа тэмдэглүүлсэн байна. Тэгэхээр үнэмлэхээ аваагүй, хоригдож байгаа болон цэрэгт, гадаадад байгаа иргэдийн нэрийг нэрсийн жагсаалтаас хасч тооцох хэрэгтэй. Тэгээд дараа нь хаана хэдэн хэсгийн хороонд дахин санал хураалт явуулах вэ гэдгээ тодорхойлох ёстой. Түүнээс биш одоогийн байдлаар нь асуудалд хандаж дахин санал хураалт явуулбал иргэд, сонгогчдоо доромжилсон хэрэг болно. Яагаад гэвэл дөрвөн жилийн өмнө 39 мянга байсан тоо энэ жил 56 мянга болж өссөн байна. Нэг дүүргийн жишээгээр өмнө нь саналаа өгөөгүй 17 мянган хүн ирж сонгуульд оролцчихоод байхад ард түмэнд бурууг өгч болохгүй.

-Орон нутгийн сонгууль ийм байна. Харин УИХ хэзээ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах вэ. Дутуу байгаа суудлын ихэнхийг АН-аас дүүргэх бололтой?
-Эрхзүйт төрийг цаашдаа хэрхэн төлөвшүүлэх вэ гэдэг асуултад хариулах гээд яваад байгаа, бид. 2012 оны сонгуулийн хууль бол урд урдын орон нутаг, УИХ, Ерөнхийлөгчийн гэсэн нийт 17 сонгуулийн үеэр гарч байсан бүхий л булхай луйврыг хааж гарсан. Дахин долдугаар сарын 1-ний үйл явдлыг давтахгүйн тулд шударга сонгууль явуулдаг болохын тулд ингэж хуульчилсан. Харин хуулийг зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээнэ гээд баталсан учраас хуулийг л мөрдүүлнэ. Өнөөдөр зөрчилтэй байгаа Увс, Өвөрхангайн тойрогт хууль зөрчигдсөн л бол шүүхийн процедураар асуудал шийдэгдэх ёстой. Үүнийг улстөржүүлэх ямар ч шаардлага байхүй. Өмнөх 17 сонгуулиар бид улстөржөөд долдугаар сарын 1 гэдэг үр дүнтэй хоцорсон. Тийм учраас цаашдаа зөв үр дүнг харахын төлөө явах ёстой. Харин өнөөдөр Увсын шийдвэр ойлгомжтойгоор гарсан байна лээ. Хууль зөрчсөн бичлэг нь орон даяар тарсан тийм ойлгомжтой асуудал шүү дээ. Бас хууль хэрэгждэг болсон цаг. Ийм ойлгомжтой асуудлыг шийдэж чадахгүй бол шүүх, УИХ гэж байх шаардлагагүй.

-Увсын хоёр, Өвөрхангайн хоёр, Сонгинохайрхан дүүргээс нэг гээд АН-ын таван гишүүн нэмэгдэх нь ээ?
-Увсын хоёрын тухайд хоёулаа л мөнгө тараасан юм чинь хоёуланг нь эргүүлэн татах байх. Мөн мөнгийг нь тараасан хоёр нөхөрт эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Төрийн эрхийг хууль бусаар авна гэдэг ноцтой хэргээр тэд шүүгдсэн. Ингээд хууль зөрчсөн тохиолдолд нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасна гэсэн уг заалтаар хууль зөрчигсдийг хасвал хамгийн их санал авсан, бас босго оноогоо давсан нэр дэвшигчдийг оруулна гэдэг заалттай. Хуулийн энэ заалтаар л явах ёстой.

2012-11-26

Намуудын санхүүжилтийг тогтвортой болгох хэрэгтэй

Улс төрийн тойм сонины сэтгүүлч Ц.ЭНХЦЭЦЭГ намайг сониныхоо "Ярилцах танхим"-д урьсан юм. Түүний буулгасан ярилцлагыг блогтоо оруулж байна.


-Таны хувьд Ардчилсан намын хоёр дахь эмэг­тэй генсек. Орон нут­гийн сон­гуулийн ийм хариуцлагатай үед Ардчилсан намын гал тогоог барина гэдэг эмэгтэй хүний хувьд амаргүй, бас хүндрэлтэй зүйл их тохиолд­дог байх. Тийм үү?

-Жендерийн тухай хэт ярих болсноос ч юмуу, асуудалд эмэг­тэй, эрэгтэй гэдэг үүднээс хандах гээд байдаг болчихож. Уг нь ажил үүргийг гүйцэтгэх чадвар, хүний нөөцийн бод­лого гэдэг бол тухайн хүний мэдлэг боловсрол, ачаалал даах чадвар дээр үндэс­лэдэг. Эрэгтэй, эмэгтэй гэдэг нь зүгээр хүйсийн асуудал. Би энэ үүднээс асуудалд ханддаг. Томоохон хэм­жээний кампанит ажлыг удирдах амар биш. Гэхдээ үүнд өмнө нь хийж байсан ажлын туршлага нөлөөлдөг болов уу. Телевизийн ажил бол нийлмэл зүйлсийн нэгдэл байдаг. Сонгуулийн үеэр улс­төрчидтэй хэвлэлийнхэн хам­гийн ойр ажилладаг.
Би ч мөн адил олон сонгуулиар улс төрчидтэй ажиллаж байсан. Энэ бүх туршлага одоо намын ажлыг авч явахад ихээхэн дөхөм болж байна. Ялгаатай нь гэвэл өмнө нь сэтгүүлчийн ёс зүйгээ баримтлах байр сууринаас асуудалд хандах гэж хичээдэг байлаа. Өөрөөр хэлбэл, өөрийн үзэл бодлоо дарж, өөртэйгээ зөрчилддөг байсан гэх үү дээ. Харин одоо бол үзэл бодлынхоо төлөө тууштай явж буй учир сэтгэл зүйн хувьд их амар байна.

-Сэтгүүлчид улс төрд орох нь элбэг. Өмнөх туршлагуудаас харахад ингэж хэлж болохоор байна. Харин та улс төрд орсон сэтгүүлчдийг тухайн үед хөндлөнгийн нүдээр харахдаа хэрхэн хүлээж авч байв. Өөрөө одоо улс төртэй холбогдоод ажиллахад ямар байх юм бэ?

-Улс төрийг хүмүүс тусдаа мэргэжил юм шиг бодоод байдаг. Улс төр судлал гэж мэргэжил байна. Харин улс төрч гэдэг бол өөр. Тухайн нийгмийн давхарга бүрийн төлөөлөл өөрсдийн төлөөлөгчөө илгээн шийдвэр гаргах төвшинд ажиллуулдаг. Энэ нь төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж буй хэлбэр болохоос биш улстөрч гэдэг инженер, сэтгүүлч гэдэг шиг дипломоор олдог мэргэжил биш юм. УИХ-ын гишүүдийн үндсэн мэргэжил нь юу ч байж болно. Сэтгүүлч, зураач, мал­чин, инженер гээд. Тиймээс улс­төрчийг мэргэжилтэй хольж хутгаж болохгүй. Америкийн Ерөнхийлөгч Рейгэн гэхэд жүжигчин байсан шүү дээ. Дэлхийн олон орны туршлагаас харахад сэтгүүлчид улс төрд маш идэвхтэй оролцдог. Ардчилал нялх байх үед нэр дэвшигч нь олонд танигдсан байхыг улс төр шаарддаг. Жүжигчид, дуучид, тамирчид гэх мэт олонд танигдсан улс олноор сонгогдож байсан түүх бий. Үүн шиг нийгэмд танигдсан гэж хэлж болох бас хэсэг улс бол сэтгүүлчид байдаг. Тэд нийгмийн өвчнийг илааршуулах гэж оюуны бүтээл, сурвалжлага, нийтлэлээ бичдэг. Энэ утгаараа улс төрд ороход илүү давуу хөрстэй байдаг. Учир нь нийгмийн муу муухай өвчлөлийг мэддэг болохоор түүнийгээ эмчилж чадна. Нөгөөтэйгүүр, улс төр бол party юм. Яагаад party гэж байгаа юм гэвэл энэ үг нь цуглаж, нийлэх гэсэн утгатай. Иймээс улс төр өөрөө олон хүн цуглуулах, хүнтэй харилцах чадварыг шаарддаг. Сэтгүүлчид нийгмийн бүх давхаргынхантай харилцах чадвартай болохоор улс төрд амжилттай явах нь их байдаг.

-Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хийж чадна гэж үнэлэхэд намынхан тань хэрхэн хүлээж авч байсан бэ. “Энэ хүн авч явж чадах уу” гэдэг өнцгөөр асуудалд хандаж байсан хүмүүс байсан байх?

-Өнгөрсөн хавар намын жаг­саалтаар нэр дэвшээд намын ажилд оролцоод явж байхдаа намын ажилд илүү гүнзгий орох хэрэгтэй юм байна гэсэн хувийн дүгнэлт хийж байлаа. Өмнө нь сонгуулийг гаднаас нь харж байхдаа ч, сонгуулийн ажилд оролцоод явж байхдаа ч нэг зүйлийг анзаараад байсан. Юу гэхээр улс төрийн намуудын төлөвшил хууль эрх зүйн хувьд маш тааруу байна гэж. Үүнийг ард түмэнд зөв ойлгуулж, төлөвшлийг хууль эрх зүйн хувьд үндсээр нь өөрчлөх хэрэгтэй юм байна гэж бодсон. Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх, санхүүжилтийн системийг тогтвортой болгож байж намууд цэврээр өрсөлдөх боломжтой болно. Намууд 1990 оноос хойш тэгш бус гараанаас эхэлсэн учир одоог хүртэл тэгш бус байдалтай л байна. Хуучин нам төвтэй байсан төрийн тогтолцооны уламжлал хэвээр байгаа учир шинэ хүмүүс гарч ирэн шинэчлэлийг хийх гээд ч болохгүй байгаа юм. Ардын намын бүтэлгүйтлийн эх суурь нь энэ намд байгаа залуучуудын буруу биш байхгүй юу. Харин тогтолцоо нь тэр хүмүүсийг ийм болгоод байна. Одоогийн байгаа МАН-ыг дуурайсан намуудын бүтэц маш их зардал шаарддаг. Уг зардлаа шударгаар ил тод нөхөх бололцоо хомс. Иймээс хандив нэрийн дор маш их мөнгө намд эргэлдэж байдаг. Энэ тогтолцоо руу намууд хүссэн, хүсээгүй яваад байна. Үүнийг одоо л зогсоохгүй бол цаашид бүр буруу тогтолцоо руу орох гээд байгаа юм. Ерөнхийлөгчийн яриад байгаа шударга байх уриаг хэрэгжүүлээл, авлигаас салах утасны үзүүрээс хөөхөөр энэ нь нам дээр ирж буугаад байна. Тэгэхээр Ардын намын алдааг бусад намууд давтах ёсгүй. Тэд өөрсдөө алдаагаа мэдэрсэн учраас нэрээ солилоо. Намдаа ямар нэгэн өөрчлөлтийг хүссэн залуус байгаа боловч хууччууд нь олонхиороо тэдний хүсэл сонирхлыг хэрчээд байна. Гэхдээ одоо харьцангуй өөрчлөгдөх эхлэл нь тавигдлаа. Энэ л үед нь хууль эрх зүйн орчныг нь шинэчлэх хэрэгтэй. Миний хувьд энэ асуудлыг гаднаас нь харж мэдэрсэн учир одоо АН-ынхаа гүнд нь орж өөрчлөлтийг эхлүүлэх шаардлагатай юм байна гэсэн итгэл үнэмшилтэй ажиллаж байна.

-Намууд энэ сонгуулиар ард түмнийг талцуулахгүй ажиллана гэж мэдэгдэл гаргасан. Үнэндээ ингэж ажиллаж чадах уу?

-Ямар ч тохиолдолд хууль эрх зүйн үндэс нь зөв байж төлөвшил зөв явагддаг. Одоогийн эрх зүйн нөхцөлөөр сая баталсан Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулиар хар буруу зүйлийг нь хориглочихсон. Тухайлбал, нэр дэвшигчийг татах үндэслэл хуучин хуульд нэг л байсан бол УИХ-ын сонгуулийн хуулиар 18, Орон нутгийн хурлын сонгуулийн хуулиар 20 гаруй болчихсон байх жишээтэй. Тэгэхээр нэр дэвшигч өөрөө зөв явах ёстой гэдгийг нь хуулийн заалтаар шахаж өгч байгаа юм. Хуучин хуулийг мөрдөж байхад намууд “бие биенээ гүтгэхгүй, шударга өрсөлдөе” гээд л уриалж байсан. Гэтэл тулаанд ороод эхэлчихсэн байхад намууд уриалж байсныгаа мөрддөггүй. Гагцхүү үүнийг хууль эрх зүйн актаар мөрдүүлэх ёстой юм. Эрх зүйт систем нь соёл болчихсон тохиолдолд энэ асуудлыг гайхаж хүлээж авахгүй. Харин манайд бол “Өмнө нь болоод л байдаг байсан, юун сүртэй юм” гэж хүлээж аваад байгаа юм. Энэ соёл манайд биеллээ олтол хэдэн сонгуулийн нүүр үзэх байх л даа. Гэхдээ соёлыг эхлүүлж буй нь хамгийн чухал юм.

-Ардчилсан намынхан олон суудал авч, төр барьсны дараа “ардчилал устлаа” гэх болж. Та үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Эрх зүйн системээрээ хуулиа мөрдөхийг шаардаад ирэхээр өмнө нь замбараагүй ажиллаж ирсэн хүмүүс гайхаж байгаа юм. Гэтэл үнэн хэрэгтээ гайхаж буй хүмүүс нь өөрсдөө хуулиа баталчихсан байдаг. Ардын намын жагсаалтаар нэр дэвшсэн эхний есөн хүн УИХ-д байсан, Сонгуулийн тухай хуулийг батлалцсан хүмүүс. Би сэтгүүлч байхдаа манай улсын хууль эрх зүйн орчинд хийсэн гадныхны дүгнэлтийг үзэхэд баталсан хууль нь их боломжийн байдаг. Тэгсэн мөртлөө амьдралд огт хэрэгждэггүй. Жишээлэхэд нэгдүгээр эгнээнд машин тавьж болохгүй гэчихээд хотын захиргааныхан өөрсдөө л машинаа тавьчихдаг байсан шүү дээ. Энэ байдал нь одоо өөрчлөгдөж нийтийн тээврээр зорчих болсондоо тэд бухимдаж Ардчилсан намынхан ардчиллыг булшиллаа гэж яриад байгаа юм. Ардчилсан нийгэмд хүний эрх нөгөө хүнийхээ эрхээр хязгаарлагддаг. Түүнээс биш эрх мэдэлтэй нь хязгааргүй эрх эдэлж, ард түмэн үүргээр хавчигдаж болохгүй. Ардчиллыг булшиллаа гэж ард иргэд ярихгүй байгаа биз дээ. Харин Төрийн ордонд сууж буй хүмүүс л ярьж байгаа юм. Тэдний хязгааргүй эрхийг эрх зүйгээр хаагаад ирэхээр бухимдлаа ингэж илэрхийлж байгаа хэрэг.

-Эрх барьж буй Ардчилсан намынхан шинэчлэлийг эхлүүлнэ гэчихээд оруулж ирж байгаа төсөв, мөрийн хөтөлбөрт нь шинэчлэлийг илэрхийлсэн зүйл алга гэж шүүм­жилж байгаа шүү дээ?

-Мөрийн хөтөлбөр, төсвийн талаар хөндлөнгийн судалгааны баг ажиллах ёстой юм. Түүнээс биш намууд өөрсдөө шүүмжлэх нь утгагүй. Улсын төсвийг хэдхэн сарын дотор боловсруулдаггүй. Бүх байгууллагад төсвөө боловсруулаад Сангийн яаманд ирүүлдэг. Тэгээд наймдугаар сард эцсийн боловсруулалтыг авч нэгтгэдэг. Энэ бол өнгөрсөн засгийн үед хийгдсэн ажил. Харин шинэ Засгийн газрынхан бэлэн болчихсон төсөв дээр шинэчлэлийн хэдэн элементийг нэмээд оруулж ирсэн юм. Шинэчлэлийн Засгийн газар 2013 онд шинэчилсэн төсвийг боловсруулна гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс энэ удаагийн төсөв хуучин төсөв юм. Хэрэв Ардын намынхан баталсан төсвийг шүүмжилж байгаа бол өөрсдийнхөө боловсруулсан төсвийг шүүмжилж байна гэсэн үг. Мөрийн хөтөлбөрийн тухайд манай нам нэгэнт олон суудал авсан учир “Монгол хүн-2020” хөтөлбөрөө үндэс болгон шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Ард түмэнд сайшаагдсан хөтөлбөр учраас бид үүнийгээ хэрэгжүүлнэ.

-Парламентад суугаа Ардчил­сан намын дийлэнх гишүүн сайд болсон. УИХ-ын гишүүн, сайдын ажлыг хамтад нь авч явж болохгүй гэж шүүмжилж байсан гишүүд өнөөдөр сайд болчихлоо. Ер нь улс төрийн тогоонд байгаа хүн үзэл бодлоо байнга өөрчлөх шаардлагатай болдог уу?

-Ардчилсан нийгэмд хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Гэвч аливаа асуудлыг олонхиороо шийдвэрлэдэг. Цөөнхийг дэмжээгүй байлаа гээд тэд буруу харж суух улс төрийн соёл байхгүй. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болохгүй гэж ярьж буй хүмүүс одоо ч манай намд бий. Хойшид ч байна. Харин одоогийн нөхцөлд нам доторх олонхи нь энэ хоёр албыг хамтад нь авч явж болно гээд шийдчихсэн учир олонхио дагаж байгаа юм. Гэхдээ тэд зүгээр нэг олонхиороо түрээд ингэж байгаа юм биш. Харин хууль эрх зүйн орчин нь өөрөө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болно гэж заасан байгаа учраас тэр хүрээндээ олонхиороо ингэж шийдсэн. Хэрэв хууль эрх зүйг нь өөрчилчихвөл байдал өөрчлөгдөнө шүү дээ.  

-Ардчилсан намын генсекийн хувьд ирэх жилүүдэд хийхээр төлөвлөсөн олон ажил бий байх. Шинэчлэлийг чухам юунаас эхлэх гэж байна вэ?

-Улс төрийн намуудыг төлөв­шүүлэх хууль эрх зүйн орчныг өөрчлөхөд гол анхаарлаа хандуулж ажиллана. Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэх хуулийн төсөл Ерөнхийлөгчийн Тамгын газарт байгаа. Эхний хэлэлцүүлгийг мөн хийсэн. Тогтолцоо нь хэвээрээ байхад мянган удаа шинэчлэл яриад нэмэр болохгүй. Харвард төгссөн Ц.Мөнх-Оргил Ардын намд ороод коммунист болж байгаа юм. Учир нь тэр тогтолцоо хүнийг ийм байдал руу түлхсэн. Тэгэхээр энэ аргаар одоогийн намууд цаашид явах боломжгүй. Орон нутгийн сонгуулийг өнгөрүүлээд намуудын хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн асуудлыг бүх хүрээнд өрнүүлэн ажиллана гэж бодож байна. Намуудын хатуу гишүүнчлэлийг зөөлрүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал судалгаа хийж үзэхэд Увс аймгаас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг судалгаанд оролцсон Ардын намын гишүүдийн 50-аас илүү хувь нь тэднийг хууль зөрчсөн гэдэгтэй санал нийлсэн байгаа юм. Гэсэн хэдий ч “намдаа санал өгөх үү” гэхэд тэдгээр хүмүүс саналаа өгнө гэж хариулсан байна. Энэ нь хатуу гишүүнчлэлийн муу муухайг илэрхийлж байна. Мөн намын санхүүжилтийн асуудлыг ил болгох ёстой.

-Энэ асуудлаараа бусад намуудын удирдлагуудтай уулзаж ярилцав уу. Хэрхэн хүлээж авч байх юм?

-Ажлаа авсны дараагаас эхлэн намын санхүүжилтийн асууд­лыг тогтвортой болгох гэж нэлээд судалгаа хийсэн. Манай нам стратегийн шинэчлэлийн бод­логыг боловсруулах хүрээндээ санхүүжилтийн асуудлыг тогтвортой бол­гох талаар судалсан. Улс төрийн намуудын тухай шинэ хууль хэрхэн батлагдах вэ, эсвэл хуульд ямар өөрчлөлт оруулах вэ гээд хоёр хувилбараар төсөл боловсруулсан байгаа. Үүнийгээ парламентад суу­далтай байгаа намуудад танил­цуулсан. Энэ асуудлыг нэлээд эр­чимтэй ярьж байна.

-Ардын намынхан Ардчилсан намынхныг хянахын тулд орон нутгийн сонгуульд ялалт бай­гуулах ёстой гэж байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Орон нутгийн сонгуульд бид ялж хяналтыг бий болгоно гэж яриад байгаа. Тэгэхээр би тэднийг парламентын тогтолцооны утга учрыг одоо болтол ойлгохгүй яваа юмуу гэж бодоод байгаа. Энэ тог­толцоонд олонхи бодлогоо боловсруулж, цөөнх хяналтаа тавьдаг. Парламентат ёсонд үүнийг л мөрддөг. Түүнээс биш Засаг барьсан олонхид аймгийн удирдлагууд хяналт тавина гэж байхгүй. Харин парламентад байгаа цөөнхийнхөн хяналт тавих ёстой юм шүү дээ. Хэрэв үнэхээр Ардын намынхан хяналт тавихыг хүсээд байгаа бол тэднийг бүх шатны иргэдийн хуралд цөөнх болгох хэрэгтэй гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа. 

2012-11-06

БҮР ОЛУУЛАА

Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны кампанит ажил 2012 оны 11 сарын 06-нд эхэлж байгаатай холбогдуулан Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд дараах нийтлэлийг тэрлэсэн юм. 

Ардчилсан хувьсгал бол аварга том алимны мод юм. Энэ аварга модны жимсийг бид 7 дахь удаагаа хураах гэж байна.
Дөрвөн жил тутамд үр жисмээ өгдөг энэ мод хуучин муу цэцэрлэг дотор ургадаг. Цэцэрлэгч өвгөд өөрөө тарьчихсан мэт л өмчирхөнө. "Өвөө, та усалгаа, бордоог нь тааруулж чадахгүй байна шүү дээ" гэвэл "Юу гээд цор цор хийгээд байгаа юм" гэж аашилна. Тэртэй 1996-2000 онд залуу ардчилагчдыг тэд ингэж л аашилж дээрэлхсээр цөөнхийн дарангуйллыг бүх шатанд тогтоож байсан билээ. Засагласан гэхэд хэцүү энэ дөрвөн жилийг эс тооцвол өвгөн намбугай ард түмнээ 69 жил дарангуйлж, бас 18 жил даргалжээ.
Энэ ертөнцийн хамгийн амтат жимсний нэг Ардчилал хэмээх алимны мод Монголд нутагшихгүй байгаа юм биш ээ. Өвгөн намбугай нутагшуулахыг хүсээгүй юм. Гэвч тэдний үл хүсэх нь үл бүтэхийн шалтгаан болж чадсангүй. Түүний үр жимсийг хүртэж, бүр сайхан хөгжихийг хүссэн эгэл олны дийлэнхийн хүсэл биелж, өнгөрсөн 6 дугаар сарын 28-ны 7 дахь удаагийн УИХ, НИТХ-ыг сонгох сонгуулиар шинэ цэцэрлэгчид ажилдаа оров.
Шинэ цэцэрлэгчид хамгийн түрүүнд жимсний цэцэрлэгийг иргэддээ нээв. Хэдэн зуун мянган иргэд ийм сайхан цэцэрлэг байж гэж ирж үзэж байна. Хэдэн арван мянган иргэд цэцэрлэг маань ингэтлээ доройтсон байсан юмуу, ингэж цэвэрлэе, ингэж хөгжүүлье хэмээн үгээ хэлдэг болж эхэллээ. Харамсалтай нь бас нэг хэсэг иргэд маань энэ цэцэрлэгийг өөрсдөд нь нээлттэй болсонд итгэж ядан эргэлзэж сууна. Тэдний энэ эргэлзээг тайлахын тулд шинэ цэцэрлэгчид хөрсний шим шүүсийг зам зуураас нь сорон авч байсан чөдөр өвсний үндсийг таслах их үйл хэргийг өрнүүлж байна. Чухам энэ үйлсийн үргэлжлэл болох Орон нутгийн сонгууль хаяанд ирэв.
Орон нутагт өнгөрөгч жилүүдэд өвгөн намбугай халаасны санал” нь гэж боддог тэр хязгаар нутагт юу дуртайгаа хийдэг байжээ. Саналын тоог засч болно, саналын хайрцгийг хулгайлаад зугтааж болно, санал худалдан авч болно, цахилгааныг нь тасдаж болно. Өвгөн намбугайн насыг нь хүндэлсэн нутгийн иргэдийн цайлган сэтгэлийн хариуд эрх баригч намбугай орон нутагт чухам л хэмжээгүй эрхт хаан шиг аашилна.
Хэдий болтол ийм байх юм? Сонгогч ард түмэн "улаан" өнгөнөөс уйдаж эхэллээ. Эх орны улс төрийн газрын зураг шинэчлэгдэж байна. Орон нутгийн сонгууулийн шинэ хууль батлагдав. Эрх зүйн цоо шинэ орчинд бид гагцхүү шударга л өрсөлдөх ёстой.
Шударга өрсөлдөөний талбарт Ардчилсан нам гарцаагүй ялна. Өвгөн намбугайн "хаанчлалаа тогтоосон" нутгийн иргэдэд тэр нутгийнх нь эрх мэдлийг өөрсөдөд нь хүлээлгэж өгнө. Тэнд ямар ч “хаанчлал”, дураар авирлалт байхгүй болно. Учир нь Ардчилсан нам угаасаа иргэдээ дээдэлдэг, иргэн нь оролцдоггүй иргэний нийгэм гэж байдаггүй гэдгийг итгэл үнэмшлээ болгосон нам!
Ардчилсан намаас нэр дэвшиж ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж, юун түрүүн иргэний танхим байгуулсан. Ерөнхийлөгчийн санаачилсан хууль бүхэн энэ л танхимд хэлэлцэгдэж, эрдэмтэн мэргэд, ард иргэд саналаа хэлдэг болов. Шинэчлэлийн засгийн газар байгуулагдсан зуу хүрэхгүй хоногтоо хамгийн түрүүнд иргэдээ сонсдог 1111 төв, иргэдтэйгээ зөвлөдөг 222 хэлэлцүүлэг буй болгов. Төрийн ордон иргэддээ нээлттэй болж 600-аад мянган иргэн зочлоод байна. Нийслэлийн ИТХ, захирагчийн алба ч өдөр тутам оршин суугчидтайгаа ярилцаж” эхэллээ. Засаг ийнхүү тунгалагшиж байна.
Ардчилсан нам орон нутагт ялваас нутаг орноо хөгжүүлэхэд зарцуулагдах хөрөнгө оруулалтын нэг ч төгрөгийг иргэдээсээ асуухгүйгээр шийдэхгүй.
Саяхан явуулсан судалгаагаар нийт иргэдийн 51.5 хувь нь аймаг сум хөгжүүлэх сангийн мөнгийг дарга нар хэрхэн зарцуулдаг нь "Иргэдэд нээлттэй биш, энэ талын мэдээлэл хэзээ ч авч байгаагүй" гэж, 32.8 хувь нь "Дарга нар ихэнхийг нь ах дүү, танилтайгаа хувааж иддэг" гэж хариулсан байна. Тэгэхээр нийт иргэдийн 84.3 хувь нь оршин суугаа газар нь төсөвлөсөн мөнгө хаана юунд зарцуулагддагийг огт мэдэхгүй, хаалттай байдаг байна. Ардчилсан нам энэ хаалттай хаалгыг нээж, ил тод, шударга амьдарья гэж байгаа юм.
Олон жил хаалттай байж их хэмжээний мөнгөөр түгжигдсэн энэ хаалга тийм ч амар онгойхгүй. Тиймээс бид орон нутгийн сонгогчиддоо хандаж "Бүр олуулаа дэмжээд өгөөч, бүхлээр нь шинэчлье" гэж уриалж байгаа юм.Чухам ингэж БҮР ОЛУУЛАА болж байж, бүх хүчээ нэгтгэж байж, ардчиллын цэцэрлэгийн хаалттай хаалгыг олон түмэндээ нээж өгөх хүчтэй болно. Энэ бол иргэдийн өөрсдийнх нь улам олуулаа нийлсэн хүч!
Ардчилсан нам хөдөө орон нутагт өөрийн гэсэн боловсон хүчний нөөц тааруу гэх яриа бий. Тийм бишээ. Орон нутагт хаанчилсан өвгөн намбугайн үзэл сурталд таараагүй учраас тэд ийм яриа тараасаар ирсэн. Учир нь Ардчилсан намын гишүүдийн ихэнх нь хуучин тогтолцооны галтай шүүмжлэгчид. Тэд төвлөрсөн удирдлага, төлөвлөгөөт эдийн засгийг шүүмжилдэг, хувийн хэвшлийн хөгжлийг дэмждэг, өөр үзэлтэй, өөр бодолтой хүмүүс.
Орон нутагт эрх мэдлээ ямар нэг аргаар сүүлийн 20-оод жил хадгалж байсан МАН-ын засаглалын үед тэд маань ямар нэгэн албан тушаалын сэтэр зүүж явсангүй. Чухам тиймдээ ч орон нутагт хаанчилсан МАН-ын дураар авирлалт, хаалттай засаглалын хуйвалдаанд хутгалдаагүй НЭР ЦЭВЭР улс! Малтай нь малаа өсгөж, машинтай нь ганзага зөөж, зах дээр худалдаа хийж, зарим нь төсөл хөтөлбөрт ажиллаж, эсвэл нутгийн багачуулдаа хичээл ном зааж, хүн ардын эрүүл мэндийн төлөө зүтгэж яваа эгэл олны дийлэнх олонхи нь Ардчилсан намынх. Иймд орон нутагт эрх мэдлийг сааруулах, иргэдийн тэгш оролцоог хангах шинэчлэлийн засгийн газрын бодлогыг орон нутагт чухам энэ л хүмүүс хэрэгжүүлж чаднаа. Түүнээс биш өөрсдийгөө иргэдээс дээгүүр “заяатай” дарга гэж итгэдэг, тийм “заяаны” төлөө юуг ч золих зүтгэлтэй, намын эрх ашгийг бүхний дээр тавьдаг, тэрнийхээ хатуу чанга заавраар ажилладаг МАН-ын боловсон хүчин Ардчиллын “цэцэрлэг”-ийг цэвэрлэж, иргэдээ сонсдог тунгалаг төрийг бий болгож чадахгүй. Энэ өнцөгөөс авч үзвэл харин ч АН-д шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх чин сэтгэлтэй хүний нөөц хангалттай их бий.
Орон нутагт ажиглагддаг бас нэг ноцтой гажуудал бол иргэдийг хэн ч биш болгож орхидог аймшигт үзэгдэл юм. Эрх баригч намын даргыг шүүмжилсэн, үнэн мөнийг хэлсэн иргэн хэн ч биш болж хувирдаг. Тэдэнд төрийн халамж үйлчилгээ, ажил албан тушаал, шагнал урамшуулал хэзээ ч хуваарилагддаггүй. Ганц өөрт нь ч биш, бүр үр хүүхэд, ах дүү, хамаатан саданд нь ч халгаа нь ирнэ. Судалгаанд оролцож "Сангийн мөнгийг дарга нар ах дүү танил талтайгаа хувааж иддэг" гэж хариулсан хүмүүс бол чухамдаа тэр "хэн ч биш" улсуудын төлөөлөл юм. Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн олонх нь орон нутагт ийм л "хэн ч биш" хэмээн намбугай ба түүний тойрон хүрээлэгчдийн дунд нүд үзүүрлэгдсэн хүмүүс. Тиймдээ ч Ардчиллынхны намтарт бичигдэх албан тушаалын жагсаалт богино, энгэрт нь гялалзах элдэв одон нэн ховор.
Монгол ардын нам манай намын гишүүдийг ажлаас халж байна гэж их үглэх юм. Ингэхийн оронд сонгуульд нэг баг болж дөрвөн жил ажилласан өөрсдийн гишүүдээ МАН хэнээр ч хэлүүлэлтгүйгээр татаж авах ухамсартай байх ёстой. Сонгуулийн үр дүн ийм л шаардлага тавьдаг. Буруу нь уг хүндээ байгаа юм биш, үзэл бодол итгэл үнэмшлийн зөрүүнд байгаа юм. Энэ зарчмыг эс мөрдвөл улс төрийн намууд сонгуульд орохын хэрэг юун.
Төрийн эрх мэдлийг авна гэдэг төрийн хуулийг зөрчиж болно гэсэн үг биш. 2008 оны сонгуулиар АН ялсан дөрвөн аймгаас бусад бүх аймагт 22 жил бараг тасралтгүй хаанчлахдаа МАН-ын ихэнх дарга нар төсвийн мөнгийг арай хэтэрхий үрэн таран хийж, "Намайг хэн хэлэх вэ" гэсэн шиг дураар авирлаж, иргэдээ сонсох чихгүй, хуулиа дээдлэх ёс зүйгүй болсон байна. Тэд ээлж дараалан шүүх цагдаад дуудагдаж, идсэн ууснаа тоочин өвөр хоорондоо муудалцаж, биенээ АТГ-т матаж, чухам л хүн чанар гүн хямралд ороод байна. МАН ийнхүү орон нутгийн сонгуульд ялагдах болзлоо хэдийнээ хангачихаад байна.
Одоо Ардчилсан намынхан бидэнд иргэдийнхээ гундсан сэтгэлийг сэргээн тэнхрүүлэх үүрэг ноогдож байна. АН үүнийг хийж чадна. Учир нь манай намд удамшиж тогтсон дарангуйллын муу цус байхгүй. Манай намын үлэмж биеэр шинэ цус урсаж байгаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам цусаа бүр шинээр сэлбэх болно.
Шинэчлэлийг бүхэлд нь төгс төгөлдөр хийж, Ардчиллын цэцэрлэгийг ард иргэддээ цэлийтэл нь нээн, үр жимсийг нь олон иргэддээ алагчлалгүй хүртээхийн сацуу, энэ цэцэрлэгийн хөрсийг бүхэлд нь хэрсэн чөдөр өвсний хорт үндсийг олуулаа нийлэн тасдаж, ирээдүйдээ эрүүл сайхан цэцэрлэг хүлээлгэн өгөх улс төрийн хүчнийг орон нутагтаа СОНГОХ ЭРХ энэ сарын 21-ны өдөр Иргэн Танд шилжих болно. Та бүхнийг Ардчилсан намаа БҮР ОЛУУЛАА дэмжиж, Монгол эх орноо БҮХЛЭЭР НЬ ШИНЭЧЛЭХ эрх өгнө гэдэгт АРДЧИЛСАН НАМ итгэж байна.  

                                              2012 оны 11 сарын 06

2012-11-01

Шударгаар өрсөлдөж чадвал АН үнэмлэхүй ялах нь гарцаагүй


“Монголын мэдээ” сонины 2012 оны 10 сарын 30-ны дугаарт гарсан ярилцлага 


-АН-ын Ерөнхий нарийн бичгийн албыг авснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Ажлаа юунаас эхэлсэн бэ. Цаашид хийх ажил чамгүй олон байгаа болов уу?
Тийм ээ, ажлаа аваад бараг 3 сар болчихсон байна. Энэ хугацаанд намынхаа анхан, дунд шатны байгууллагын ажилтай танилцах, удирдах ажилтны уулзалт, сургалт, видео хурал зохион байгуулах, шинэ сонгуулийн хуулийн хэлэлцүүлэгт орон нутгийнхны саналыг тусгуулах, батлагдан гарсных нь дараа хуулийн шинэ орчныг гишүүддээ ойлгуулан таниулах зэрэг ажлууд дээр голлон анхаарч ажиллалаа. АН-ын ерөнхий нарийн бичгийн хувьд ямар стратеги баримтлан ажиллах үзэл баримтлалаа гаргаж, үүнийгээ дунд шатны намын дарга нарын зөвлөгөөн дээр танилцууллаа. Миний хувьд АН дэргэдээ судалгаа шинжилгээний ThinkTank буюу бодлогын зөвлөлтэй болох, санхүүжилтын тогтвортой байдлыг хангах эрх зүйн тогтолцоог бий болгох, хүний нөөцийн нэгдсэн сантай болж, гишүүдээ үүх түүх, ажил үүргийн биелэлт, идэвхи зүтгэлээр нь үнэлдэг merit системд оруулах чиглэлд томоохон шинэчлэлтийг хийнэ гэж зорьж байгаа. Өнөөдөр монголын улс төрийн намуудын санхүүжилтийн тогтолцоо нийгэмд газар аваад байгаа авилга хээл хахуулийн үндэс, эх ундрага болон хувирч байгааг хэн хүнгүй мэдрэх болж. Гэтэл нөгөө талаар засгийн эрхийн төлөө өрсөлдөгч улс төрийн намууд дотоод ардчилалтай, xариуцлагатай, бодлогын нам болон төлөвшихөд үйл ажиллагааны санxүүжилтын ил тод, тогтвортой байдал хамгаас чухал байдаг. Дэлхийн улс орнуудад улс төрийн намуудын санхүүжилтыг 1.Улсын төсвийн санхүүжилт /public funding/  2.Хандивын санхүүжилт /contributions and donations/ гэсэн хоёр аргын аль нэгээр зохицуулж ирсэн. Харин Монгол улсын одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг харахаар энэ хоёр аргын аль алиныг нь “амсуулах” төдий хэлбэрээр оруулсан “холион бантан” байдаг. Ядаж энэ хоёр аргын цаана орших фиософийг нь ойлгоогүй нь илт байгаа юм. Жишээлбэл, Америкт өргөн дэлгэр хэрэглэгддэг хандивын санхүүжилтын аргын цаана тийнхүү өгсөн хандивыг татвараас чөлөөлдөг бүхэл бүтэн механизм үйлчилж байдаг. Компаниуд өгсөн хандиваа татвараас бүрэн чөлөөлүүлэхийн тулд тайлангаа үнэн зөв бөглөж өгнө. Тийм ч учраас өгсөн хандиваа нийтэд зарлахдаа тэд дуртай байдаг, учир нь тэр “нийт” дунд өнөөх татварын байцаагчид байж байдаг. Гэтэл ямар ч татварын хөнгөлөлтгүй манайх шиг орчинд хандив аваад өгөөд байна гэдэг чинь төрийн ажлыг яваандаа хэсэг бүлэг хүмүүсийн намд урьдчилан зарсан мөнгөнийхөө үнэ цэнийг эргүүлэн олж авах хуйвалдааны шинжтэй, далд нууц ажиллагаа болгон эргүүлэх маш буруу хандлага өнгөрөгч 22 жилийн хугацаанд жишиг болон тогтсон байна. Иймд улс төрийн намуудын санхүүжилтын одоогийн холимог хэлбэрийн гажуудал, түүнийг хэрхэн зөв гольдрилд нь оруулах арга замын талаар нам дотроо болон парламентад суудалтай зарим намуудын төлөөлөгчидтэй харилцан санал солилцож, хэрхэн өөрчлөх боломжийг судалж байгаа. Өнгөрөгч хугацаанд гарсан бас нэг өөрчлөлт бол намын хэрэг эрхлэх газрын бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт орсон. Ихэнх хуучин ажилтнууд маань засаг төрийн ажилд томилогдсонтой холбоотойгоор нарийн бичгийн дарга нараа шинэ хүмүүсээр бүрдүүллээ. Судлаач О.Чулуунбилэг ОНХ хэлтсийг, СХД-т намын үүрийн дарга байсан, намын анхан дунд шатны ажлын туршлагатай Э.Батсуурь намын байгуулалтын хэлтсийг, Н.Алтанхуяг даргыг шадар сайд байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан Д.Анхбаяр намын улс төрийн хэлтэсийг тус тус хариуцан ажиллах болсон.  
   
-Орон нутгийн сонгууль хаяанд ирчихлээ. УИХ, НИТХ-д олонхи болсон түүхэн сонгуулийн дараах орон нутагт ялалт байгуулах хариуцлагатай сонгуулийн бэлтэл ажил хангагдсан уу?
УИХ, НИТХ-ын сонгууль “Ялагдах эрхгүй” сонгууль байсан. Орон нутгийн сонгууль түүнээс ч хариуцлагатай, “Ялагдах тухай бодох ч эрхгүй” сонгууль. Иймд бид нэр дэвшүүлэлт, бүртгэлийн ажиллагаан дээр онцгой анхааран ажилласан. Нэр дэвшигчдээ сонгон шалгаруулж, шинэ хуулийн орчинд зохицуулан эрэмбэлэх, өрсөлдөх тойргоо сонгох, тойргийн хороодтой үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд уялдуулах зэрэгт дэмжлэг үзүүлэхээр төв намаас хуульч томилж, эрх зүйн туслалцаа өгч, зөвлөх үйлчилгээ үзүүллээ. Энэ үйлчилгээ сонгуулийн санал хураалт дуустал үргэлжлэн явагдана.  

-АН аймаг, дүүрэгт үнэмлэхүй ялалт байгуулна гэсэн итгэл байна уу. Ардчиллыг булшиллаа гэх мэтээр сөрөг хүчнээс ирж байгаа сөрөг мэдээлэл АН-ын нэр хүндийг унагаад байна уу?
Мэдээж ялна гэсэн бүрэн итгэлтэйгээр энэ удаагийн сонгуульд оролцож байна. Шинэ хуулийн эрх зүйн орчин сонгуулийг элдэв булхайгүй шударга явагдах нөхцлийг бүрдүүлж өгсөн. Сонгуульд оролцож байгаа хүн бүхэн элдэв арга саам хэрэглэх тухай урьдын улигт бодлоосоо хагацаж, сонгогчдынхоо итгэлийг хүлээхийн төлөө чин үнэнчээр ажиллаж, шударгаар өрсөлдөж чадвал АН үнэмлэхүй ялалт байгуулах нь гарцаагүй. Учир нь АН иргэддээ сум орноо хөгжүүлэх сангийн мөнгөө өөрсдөө захиран зарцуулах эрхийг нь өгч байна. Угаасаа АН иргэнээ дээдэлдэг нам. АН-аас нэр дэвшиж ялсан Ц.Элбэгдорж гарч ирсэн даруйдаа иргэний танхим байгуулж, өөрийн санаачилсан бүхий л хуулиа иргэдээрээ хэлэлцүүлдэг боллоо. Сая ЗГ гарч ирээд мөн иргэдээ сонсдог 1111 төв, асуудлаа иргэдтэйгээ зөвлөдөг 2222 хэлэлцүүлэг бий болгосон бол, НИТХ мөн иргэний нээлттэй хэлэцүүлгийн өдөртэй боллоо. Төрийн ордон ч иргэддээ нээгдсэн. Түүн шиг орон нутагт ялбал АН орон нутгийг хөгжүүлэхэд зарцуулагдах нэг ч төгрөгийг иргэдээсээ асуухгүйгээр шийдэхгүй. Саяхан явуулсан судалгаагаар орон нутгийн удирдлагууд аймаг сум хөгжүүлэх сангийн мөнгийг хэрхэн зарцуулдгийг иргэд хэр мэддэг эсэхийг асуухад “иргэдэд нээлттэй биш, энэ талын мэдээлэл хэзээ ч авч байгаагүй” гэж 51,5 хувь нь, “дарга нар ихэнхийг ах дүү танил талтайгаа хувааж иддэг” гэж 32,8 хувь нь хариулсан байгаа юм. Тэгэхээр нийлбэр дүнгээрээ нийт иргэдийн 84,3 хувь нь оршин суугаа газарт нь төсөвлөсөн мөнгө хаана юунд зарцуулагддагийг огт мэдэхгүй хаалттай байдаг байна. АН энэ хаалттай хаалгыг нээж, ил тод шударга амьдарцгаая л гэж байгаа юм. Олон жил хаалттай байж, их хэмжээний мөнгөөр түгжигдсэн энэ хаалга тийм амар онгойхгүй. Иймд бид орон нутагтаа ялж, улам ОЛУУЛАА болж, хүчээ нэгтгэж байж тэр хаалттай хаалгыг нээх хүчтэй болно. 
  
-Ардчилсан намынхан МАН-ыг бүлэгтэй болгох гэж яарахгүй байгаа бололтой. АН-ынхан асуудалд хүчээр хандаад байна уу?
АН-ынхан яагаад МАН-ыг бүлэгтэй болгох гэж яарах ёстой билээ? Бид эрх зүйт нийгэмд амьдарч байгаа. Эрх зүйт нийгэм гэдэг бол хуулийг хүн бүр ялгалгүй үг үсэгчлэн дагаж амьдрахыг л хэлдэг. Гэтэл хуулинд 24 цагийн дотор бүлэгтэй болох асуудлыг өргөн мэдүүлнэ гээд заачихсан байхад түүнийгээ биелүүлээгүй хүмүүст зориулж, зөвхөн МАН-ыг бүлэгтэй болгох зорилгоор одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг өөрчилнө, тэгээд түүнийгээ эргэж үйлчлүүлнэ гэдэг ёс зүйгүй асуудал. Энэ өөрөө маш буруу жишгийг нийгэмд бий болгох болно. Хэрвээ хуулинд өөрчлөлт ордогиймаа гэхэд энэ нь дараагийн их хурал байгуулагдах үед л үйлчилнэ үү гэхээс одоо нэгэнт байгуулагдаад үйл ажиллагаа нь жигдэрчихсэн их хуралд эргэн үйлчилнэ гэдэг ерөөсөө байж болохгүй. Энэ жишгээр бол, би жишээ нь, зээл авч хугацаагаа хэтрүүлчихээд, хуулийг хэн нэгэнтэй зөвшилцөж өөрчилөөд зээлийн хэтэрсэн хугацаагаа торгуульгүй эдлэх боломжтой болж байгаатай огт ялгаагүй болно. Иймд нэгэнт хөдөлсөн галт тэргийг зогсоох тухай ярих нь хэтэрхий оройтсон хэрэг. Харин энэ хууль учир дутагдалтай байна гэж гишүүдийн олонхи үзвэл хуулиа өөрчлөөд, түүнийгээ дараагийн галт тэргийг хөдөлгөхдөө хэрэглэж болох юм. 

-Нам эвслүүдтэй ямар байдлаар хамтарч оролцох вэ. Зарим аймагт бусад намын нэр дэвшигчийг бүртгэхгүй гэх тохиолдол гарсан байсан. Танай намын нэр дэвшигчид бүгд хуулийн дагуу, ямар нэг асуудалгүй нэрээ дэвшүүлж чадсан уу?
Тэгсэн. Ганц хоёр тохиолдлыг эс тооцвол бүгд хуулийн дагуу явагдаж дууссан. Одоо нэр дэвшигчид маань сурталчилгааны материалаа боловсруулах, хэвлэх, багаа бүрдүүлэх ажилдаа жигдрэн ороод байна.

-Нэр дэвшигчдийг тодруулахдаа ямар шалгуураар сонголт хийсэн бэ. АН-ыг хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчин муу гэж дүгнэдэг?
Социализмын үеийн намын бодлогоор бэлтгэгдсэн боловсон хүчин бол манай намд ховор л доо. АН-ын гишүүд чинь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг шүүмжилдэг, зах зээл хувийн хэвшлийг дээдэлдэг, өөр үзэлтэй, өөр бодолтой улс. Тиймдээ ч сүүлийн 22 жил бараг ихэнх газарт тасралтгүй орон нутгийг барьсан МАН-ын тогтолцооны үед тэд маань ямар нэгэн албан тушаалын сэтэр зүүж явсангүй. Тиймдээ ч МАН-ын иргэдээсээ хамаг юмаа нуудаг, хаалттай хаалганы хуйвалдаанд хутгалдаагүй, ариун цагаан хөдөлмөрөөрөө малтай нь малаа агуулж, машинтай нь ганзага зөөж, боловсролтой нь төсөл хөтөлбөрт ажиллаж, эсвэл эгэл ардын хүүхдэд хичээл зааж, эрүүл мэндийг нь хамгаалж явдаг жирийн багш эмч нар байх нь олонтаа. Иймд орон нутагт эрх мэдлийг сааруулах, иргэдийн тэгш оролцоог хангах шинэчлэлийн ЗГ-ын бодлогыг орон нутагт чухам ийм л хүмүүс хэрэгжүүлж чадна, түүнээс биш намын бодлогыг тэргүүн зэрэгт тавьдаг, тэднийхээ хатуу заавраар ажилладаг, МАН-ын бэлтгэгдсэн боловсон хүчин хэрэгжүүлж чадахгүй. Энэ өнцгөөс өвч үзвэл харин ч АН-д шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх хүний нөөц хангалттай их байгаа.   

-Орон нутгийн сонгуульд зарцуулах төсөв хөрөнгийг хэрхэн гаргах бэ. Бусад хамтарч байгаа нам, эвсэлтэй нийлж сурталчилгаагаа хийнэ гэж сонссон?
Энэ удаагийн сонгууль бол шинэчлэлийн засгийн газрын бодлого айл өрх бүрт хэнээр дамжин хэрхэн хүрэхийг тодорхойлох сонгууль. Шинэчлэлийн засгийн газрын бүрэлдэхүүнд АН, МАХН, МҮАН, ИЗНН бүгд багтсан байгаа. Тэд орон нутаг дахь хөтөлбөрөө боловсруулахдаа бүгд ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг иш үндсээ болгосон байгаа. Манай намын давуу тал гэвэл УИХ-ын сонгуулиар олонхийн дэмжлэгийг авсан Монгол хүн 2020 хөтөлбөрөө орон нутагтаа мөн хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Санхүүжилтийн хувьд гэвэл угаасаа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хандив цуглуулах байдлаар шийдэгдэж байгаа. Гэхдээ бид хязгаарлагдмал нөөц бололцоогоо зөв хуваарилж, аль болох сонгогчиддоо хүрч очих үйл ажиллагааг түлхүү явуулснаар ялалтанд хүрнэ гэж итгэж байгаа.   

-АН-ынхан өнгөрсөн сонгуулиар нийслэлд үнэмлэхүй ялж, хөдөө орон нутагт нэлээдгүй ялагдал хүлээсэн. энэ удаад ч үүнийг давтахгүйн тулд хамгийн эхлээд хийх ёстой ажил юу байна?
Нийслэлд үнэмлэхүй ялсан ялалтаа баталгаажуулна. Харин орон нутгийн хувьд судалгаан дээр үндэслэсэн нарийн тактик боловсруулах ёстой. Судалгаанаас үзэхэд хөдөө орон нутагт ард иргэдийн олонхи нь харин ч олон жил “улаан” байснаасаа залхсан байдал ажиглагдаж байгаа. Дээр нь 2008 онд АН ялсан дөрвөн аймгаас бусад бүх аймгийг бараг 22 жил завсаргүй хаанчлахдаа МАН-ын ихэнх дарга нар төсвийн мөнгө хөрөнгийг арай хэтэрхий үрэн таран хийж, хяналтгүй, хэн юу хэлэхэв гэсэн сэтгэлгээнд автсан, иргэдээ сонсохоо больсон, хуулийг уландаа гишгэсний улмаас цагдаа шүүхэд дуудагдаж, хөрөнгө мөнгөний хуваарилалтаас болон өвөр хоорондоо муудаж, биенээ АТГ-т матах зэрэг хэрээс хэтэрсэн үйлдлүүд хаа сайгүй газар авчээ. Өөрөөр хэлбэл МАН унах ажлаа өнгөрсөн жилүүдэд өөрсдөө хэдийнэ хийжээ. Одоо бидэнд иргэдийнхээ сульдсан итгэлийг эргүүлэн тэнхрүүлэх үүрэг л ноогдож байна.      

-Ялагдал хүлээсэн аймгуудын ардчилсан үзэл санаа, ардчиллын төлөөх сэтгэл зүрхийг нээхээр гишүүдээ хөдөө орон нутагт хуваарилсан гэж дуулсан. Тухайлбал, үргэлж ялалт байгуулж ирсэн Хөвсгөл аймагт АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилсон сурагтай?
Дуулсан сураг тань зөв байнаа...

-Та АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Орон нутгийн сонгуулиар хэрхэн ажиллахаас  шалтгаалж энэ албаа цаашид хаших уу?
Орон нутгийн сонгуульд амжилттай оролцох нь ойлгомжтой учир албаа ч хашна, дараа дараагийн сонгуульдаа ч амжилт гаргахын төлөө ажиллана.

-Орон нутгийн сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квот тусгасан. Эмэгтэйчүүдээ хэр дэмжиж байна. Хэдэн хувь нь эмэгтэйчүүд байгаа вэ. Зарим аймгийн намын даргаар эмэгтэй хүн тавьсан байсан?
Хэдийгээр энэ удаагийн орон нутгийн сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг хатуу заагаагүй ч, манай намаас 21 аймаг, 9 дүүрэгт нийт 7295 нэр дэвшигч ИТХ-д нэр дэвшиж байгаагаас 1599 нь буюу 22,1% нь эмэгтэйчүүд байгаа. 

-Нэр бүхий гишүүд сумын Засаг даргыг иргэдээс сонгодог байх хуулийн төсөл оруулж ирсэн. Энэ хуулийн төслийг дэмжиж байна уу?
Дэмжилгүй яахав, би өөрөө бас энэ сэдвээр нэлээн хэдэн 7 хоногийн өмнө твитертээ хэлэлцүүлэг өрнүүлж байсан. Хөдөө явахад ихэнх аймаг, сум, баг “эзэнгүй айл” шиг болсон дүр төрх нийтлэг болжээ. Хөдөө нутгийн иргэд маань төвд суугаа даргаараа алсын удирдлагаар хангагдсан нэртэй үнэндээ хээр хаягдсан байдалтай байна. Тэр ч байтугай засаг даргыг халах солих, үнэлэх цэгнэх асуудал иргэдийн хурлын хэдхэн хүнээс хамаардаг болохоор алсад суугаа засаг дарга нь иргэдийн хурлын хэдийгээ хотод, эсвэл гадаадад аялуулангаа хурлаа хийчихдэг, асуудлаа шийдүүлчихдэг гажиг тогтолцоог МАН өнгөрөгч жилүүдэд цэцэглүүлж дөнгөжээ. Аливаа намын үнэт зүйл гэдэг яг ийм зүйл дээр л тодоор илрэн гарч байдаг. Тухайлбал МАН хэзээнээсээ аливаа асуудлыг УТТ гэсэн хэдхэн хүний хүрээнд шийддэг, хэзээ ч тэрэнд нь ард иргэдийн оролцоо гэж байдаггүй байсан түүхтэй. Одоо хэдийгээр шинэчлэгдсэн гэх боловч жаахан л сиймхий боломж гарахад МАН өнөөх л арга барилаараа тэр л хаалттай хүрээ рүүгээ хальтраад орчихдог. Иргэдийн дуу хоолой ардчилал ялаад 22 жил, ардчилсан үндсэн хуультай болоод 20 жил болж байхад хөдөө орон нутагт ингэж ор тас хаагдсан байгааг олж хараад, АН энэ тал дээр заавал нэг томоохон алхам хийх үүрэгтэй гэж үзсэн. Ингэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн Н.Батбаяр гишүүний төсөл анх танилцуулагдаж байсан юм. Гэвч Үндсэн хуульд гар хүрэх нь улс төрийн хүрээнийхний дунд ихээхэн удаан хугацааны зөвшилцлийг шаардах тул үүнийг засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар шийдэж болох юм гэсэн хувилбарыг Р.Гончигдорж гишүүн оруулж ирээд байгаа. Тэгэхээр ямраар ч шийдлээ гэсэн АН орон нутагт иргэдийн дуу хоолойг байх ёстой түвшинд нь аваачих ажлыг санаачилан хөөцөлдөж байгаа нь эндээс харагдаж байгаа байх. Ерөөс  аливаа шийдвэр гаргах түвшинд олон нийтийн оролцоог шууд ардчиллын зарчмаар хангаж, иргэснээр аливаа албан тушаалтан иргэдийнхээ төлөө ажилладаг, тэдний өмнө хариуцлагаа хүлээдэг болох нь АН-ын иргэн төвтэй нийгмийг байгуулах үнэт зүйлтэй нь шууд холбогдож байгаа юм.