2013-03-25
“Залуучуудын үнэн” сонинд өгсөн ярилцлага
Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан-Уул” наадам 15 дах жилдээ зохиогдох гэж байгаатай холбогдуулан “Залуучуудын үнэн” сониноос ийм нэг ярилцлага авсан юм. Учир нь би 1991 онд болсон хамгийн анхны “Цагаан-Уул” наадмын тэргүүн байрын шагналыг авч байсан юм л даа. Залуугийн явдал гэх үү дээ. Тэгээд ярилцлага өгөхгүй гэвэл анхны шагналыг нь авч байсан тэр сайхан наадмыг үл хүндэтгэсэн хэрэг болох байх гээд улс төр, сэтгүүл зүй зэрэг уламжлалт сэдвээс тэс өөр "хайр"-ын сэдвээр ярилцсан минь энэ...
-Та 1991 оны “Цагаан-Уул” наадмын цомын эзэн болж байсан. Тухайн үеийнхээ сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
“Цагаан-Уул” анхны наадам болсон 1991 оны тэр өдөр амралтын өдөр байсан санагдаж байна. Манай ангийн шүлэг бичдэг хэд уламжлал ёсоор оюутны байранд нэгнийдээ цуглаад хөөрөлдөж суутал яруу найрагч Болд-Эрдэнэ агсан ирээд, залуучуудын холбооноос хайрын шүлгийн уралдаан зарласан, өнөөдөр болно, хэдүүлээ очиж оръё гээд биднийг дагуулж явсан юм. Очсон чинь тэр үеийн залуу, дунд үеийн найрагчид бараг бүгдээрээ ирсэн байсан. Тэр үед зохиолчдын хороон дээр “хар” хэмээх найрагч Занаа гуай залуучуудыг хариуцдаг байсан юмуу, байсгээд биднийг зохиолчдын хороон дээр цуглуулж, ээлжлэн шүлэг уншуулсаар бид нэлээн нүүр хагарчихсан байсан цаг. Тиймдээ ч тэр олон мундаг найрагчдаас зовохгүй, тайзан дээр гараад шүлгээ уншсан. Гурван даваатай явсан санагддагийн. Эхнийхд нь “Зүүд” шүлгээ уншсан байхаа. Тэгээд шалгарчихлаа. II даваанд нь “Тавилан” шүлгээ уншсан санагдаж байна. Тэгсэн чинь бас л үлдчихлээ. Сүүлийнхд нь яая даа гээд муу дэвтрээ эргүүлж тойруулж байтал яруу найрагч Болд-Эрдэнэ агсан маань “За чи нөгөөхөө л уншиж болохгүй шүү. Тэр олны өмнө унших шүлэг биш шүү” гээд миний нэлээн дээр бичээд дарчихсан, ганцхан Болд-Эрдэнэд үзүүлж байсан нэг нууц шүлгийг минь сануулчихдаг байгаа. Хоёр шатанд үлдчихсэн, бас шагнал нь тэр үеийн 1000 төгрөг гэдгийг сонсчихсон байсан болохоор гэнэт түрүүлэх хүсэл төрөөд, “ер нь яагаад болохгүй гэж” гэж дотроо бодоод, өнөөхөө гаргаад уншчихсан. Нэлээн эротик маягийн шүлэг байсан л даа. Тэгсэн тэр үед тиймэрхүү эротик зүйлс хамаагүй бичдэггүй байсан ч юмуу, их л шинэлэг сонсогдсон юм байлгүй, түрүүлчихдэг байгаа. Харамсалтай нь хожмоо ажил дээр гарч шүлэг бичихээ болиод, гэр бүл зохиосныхоо дараа хуучин юмнуудаа янзалж байгаад тэр шүлгээ олоод, гэр бүлээсээ санаа зовсон ч юмуу шууд устгачихсан. Одоо бодоход дэмий л устгадаг байж гэж боддог. Яахав залуу насны түүх шүү дээ. Харин тэр үеийн “Залуучуудын үнэн” “Цагаан Уул”-ын шүлгүүдийг хэрвээ нийтэлж байсан бол тэнд үлдсэн байж нэг болох юм. Аягүй бол үзэл сурталд таарамжгүй гээд хэвлээгүй ч байж магадгүй. Үнэндээ санахгүй байна. Ямар ч байсан тэргүүн байрын шагналд нэг тийм болор билүү, шилэн хос хун, 1000 төгрөгтэй аваад, бөөн баяр тэндээсээ гарч шууд Их дэлгүүр ороод, ээждээ тэр үеийн ид мода болж байсан 510-ын гутал авч өгч байж билээ. Ээж маань тэрийг насаараа л бахархаж ярьсан даа, хөөрхий. Учир нь тэр тэмцээнээс хэдхэн хоногийн өмнө Их дэлгүүрт 510-ын гутал ирээд, ээж маань хэрэндээ ганган байсан болохоор тэр гутлыг заавал авна гээд, аав “чиний сарын цалингийн үнэтэй тийм гутал авна гэж юу байдаг юм” гээд авч өгөхгүй, ээж гомдож уйлаад, нэг тиймэрхүү драм гэрт өрнөж байсан юм. Тэгээд л ээждээ тэр үнэтэй гутлыг нь аваад өгчих юмсан гэсэн бодол төрсөн юм байлгүй, шагналаа авангуутаа л Их дэлгүүр лүү очиж билээ.
-Уг наадамд яруу найрагчид зөвхөн хайрын шүлгээрээ оролцдог болохоор харьцангуй шударга болдог гэж ярьдаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
Магадгүй ээ. Сэдэв нь тодорхой болохоор популист маягийн үзэгчдэд таалагдах эх орон, ард түмэн, аав ээж гэсэн үгсийн цэцэрхэл хөврөхгүй, харин жинхэнэ чин сэтгэлийн, хайрын шүлгүүдийг сэтгэлийнхээ гүнээс олж нээхийг “Цагаан уул” шаарддаг. Хүн төрөлхний одоо ч бүрэн нээж чадаагүй “сэтгэл” гээчийн нууцыг оролцогч бүр өөр өөрийнхөөрөө тайлдаг. Сэтгэлийн их хөлгүй далайд гүн гүнзгий шумбах тусам л улам содон, урьд үзэгдээгүй нээлтүүд илэрсээр байдаг нь гайхалтай.
-Тухайн зохиолчийн шүлгээс нь өөрийн гэсэн өнгө аяс, сэтгэлийн нарийн хөг аялгуу болоод хайрыг үзэх үзэл нь мэдрэгддэг болов уу?
Тэгж хэлж болно. Зарим үед тэнгэрийн зараалаар бусдын сэтгэлийн шаналанг найрагчид дааж, үүрч дуулах нь ч бий. Анхны ханьтайгаа учирсны дараа нөхөр маань нэг удаа надаас “чи яагаад шүлэг бичихээ больчихсон юм бэ” гэж асууж билээ. Тэгэхэд нь би “миний мэдэхгүй үл үзэгдэгч тэнгэр бурхан ч юмуу, ад чөтгөр ч юмуу хэн нэгэн надад гайхам сайхан мөрүүдийг ганцаархнаа гансарсан сэтгэлээ тэгшлэх гэж санаа алдан гиюүрч суухад минь илгээдэг. Яг л ганихарсан сэтгэлд минь гал ноцоох ганц чүдэнз мэт ирдэг... Харин одоо сэтгэлд минь нэгэнт хайрын гал ид дүрэлзэн гэрэлтэж байгаа болохоор тэнд гал ноцоох ганц чүдэнз болсон тэр мөрүүд ирсэн ч харагдахгүй үзэгдэхгүй болсон байх. Ямартаа ч “тэд” ирэхээ больсон, эсвэл би хайрын галд нүд гялбаад олж харж чадахгүй болсон” гэж хэлж байж билээ. Энэ санаагаа би дараа нь тэмдэглэлийн дэвтэртээ таталж үлдээсэн байсан болохоор ингэж тод санаж, сийрүүлж байгаа юм. Санаануудаа тэмдэглэдэг байсан тэр дэвтэрт маань олон янзын сонин эргэцүүллүүд үлдсэн байдаг. Сая дурьдсан эргэцүүллийг цааш сийрүүлбэл: “... Ганц мод гал болдоггүй болохоор ганцаараа байгаа намайг “гал” болгох гэж ханьсан ирдэг тэр тэнгэрийн “хишиг” намайг “гал” болох өрөөсөн модоо олчихвол яах бол? Ингэж болохоор ерөөс “гал” болохгүй ганц мод хэвээр явбал тэнгэрийн тэр “хишиг”-ийг насаараа хүртэх бусуу? Амьдрал гэдэг анхны харц шиг тунгалаг, анхны төсөөлөл шиг хиргүй, анхны мөрөөдөл шиг оргилуун чигээрээ үргэлжилдэггүй болохоор надад илгээх тэр юутай ч зүйрлэшгүй тансаг “илгээмж” өрөөсөн модоо олоод “гал” болон дүрэлзсэн ч үнс нурмын хооронд үе үе үзэгдэн байх болов уу хэмээн горьдном” гэсэн байгаа юм... Тэгэхээр хайрыг хүссэн сэтгэлийн их тачаалаас шүлэг төрдөг юм гэж тухайн үедээ би бодож төсөөлж байж дээ гэж тэр дэвтрээ хааяа үзэхээрээ залуу насаа би “өхөөрдөн шоолдог” юм.
-Одоо залуус хайрыг их амархан зохиож бас амархан салдаг болсон байна л даа. Миний бодлоор хайрын үнэ цэнэ буураад байгаа юм болов уу? Та юу гэж бодож байна? Магадгүй залуус хайрын тухай дуулал болсон “Цагаан-Уул” наадамд оролцдог яруу найрагчдын шүлгийг сонсоод арай гэгээлэг мэдрэмж авах болов уу?
Хайрыг зохионо гэж байхгүй байхаа. Харин залуус айл гэр болж туршилт хийх нь арай ихдээ юу гэж хааяа боддог. Ихэнх залуус туршиж үзээд үр дүн тааруу байвал шууд дараагийн туршилт руу цагийн хөрөнгө оруулалтаа хийж эхэлдэг. Зарим нь ч үр дүн гартал нь туршилтаа үргэлжлүүлээд, аз жаргалтай сэтгэл амар амьдарч харагддаг. Хүн хүнээсээ л болдог байх. Гэхдээ одоо хүмүүсийн амьдралыг үзэх үзэл улам илүү прагматик болж байгаа учраас сэтгэлээ сул тавьж дураар нь дургиулдаг “ухаан” гэж байхаа больсон юм болов уу. Сэтгэл гэдэг чинь үргэлж сайн сайхан зүйлд тэмүүлж, түүнийгээ эзэмшихийн тулд хар хорыг ч ялгаруулж чаддаг сонин “эрхтэн” шүү дээ. Сэтгэлээс буг ч төрнө, бурхан ч төрнө гэдэг энэ. Харин “ухаан” сэтгэлийн энэ савалгааг залан захирч байдаг. Ухаан “балчир” үед хүн сэтгэлээс асах түймэр шиг гал хайр, шуурга шиг хүчтэй тэмүүлэл, давалгаа шиг дийлдэшгүй хүслийг тэр бүр захирч дийлдэггүй. Тийм тохиолдлыг “ухаангүй” дурлал гэдэг. Гэхдээ одооны залуус эрт хэрсүүжиж, прагматик үзэлтэй болсон болохоор сэтгэлийн тэр эрс тэс хөдөлгөөнийг залан захирах чадварыг сайн эзэмших болсон. Одоо ер нь “ухаангүй” дурладаг хүн их л ховор таарах болж.
-Энэ жилийн “Цагаан-Уул наадамд оролцох гэж байгаа залуу яруу найрагчдад хандаж юу гэж зөвлөмөөр байна вэ?
Зөвлөх ч юу байхав дээ. Заавал үзэж туулснаас биш, бас мөрөөдөл төсөөллөөс ч асар хүчтэй давалгаа сэтгэлийн гүнд үүсэх нь бий. Найрагч хүн тэр давалгааг нарийн ажиглаж үгийн урнаар хэр дүрслэхээс сайхан найргийн төрөх, эс төрөх хувь заяа шалтгаалдаг болов уу. Иймд сэтгэлийнхээ гүн рүү лав сайн шумбаж, ёроолд нь байх хэний ч үзээгүй гайхамшгийг нээн илрүүлэхийг л хичээх хэрэгтэй байх. Ингээд “Цагаан Уул”-ын энэ жилийн сорилгод шүлгээ сойсон бүх найрагчиддаа хүний сэтгэлийн гаталж баршгүй хөлгүй тэнгисээр зориглон аялж, олон сайхан гаймшигт мөрүүдийг алдалгүй тэрлэж үлдээхийг хүсье.
Ярилцсан: Ц.Баянбилэг ("Залуучуудын үнэн" сонин)
2013-03-23
МАН хурдан шинэчлэгдээд бидэнд ташуур болоосой...
Zaluu.com-ын сэтгүүлч Б.Сандагдоржийн хийсэн ярилцлагыг блогтоо оруулж байна. Тэр үед би Говь-Алтайгаас дөнгөж хотод орж ирээд байлаа...
-Говь-Алтай руу ямар ажилтай яваад ирэв?
-Говь-Алтай аймагт АН 23 жилийн түүхэнд нэг ч ялж байгаагүй, улсын хэмжээний час улаан ганц тойрог болчихоод байна. Тиймээс Алтайн залуучуудыг идэвхжүүлж, аймаг орондоо ардчиллыг хөгжүүлэх зорилгоор тус аймаг Ардчилсан залуучуудын анхдугаар чуулганаа хийсэн юм. Чуулганд долоон сумын 100 гаруй залуус цугласан. Цаашид бүх сумыг хамруулах төлөвлөгөөтэй юм байна. Энэ арга хэмжээнд намайг оролцож залуучуудаа дэмжээч гэж урьсны дагуу тэнд хоёр хоног ажиллaад ирлээ.
-Талбай дээр “Зургаан хувийн хүүтэй 100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хохирогчдын жагсаал үргэлжилж байна. Та энэ асуудлыг аль өнцгөөс дүгнэж байгаа вэ?
-АНУ-д 19-р зууны сүүлчээр нефтийн том саятан Рокфеллэрийн эхлүүлсэн “Том компаниуд өрсөлдөж зах зээлийн үнийг унагаж байхаар хоорондоо үгсээд үнээ нэмсэн нь дээр” гэдэг арга л даа. Хэрэглэгчдийг хохироодог жинхэнэ зэрлэг капиталист арга.
Бүхэл бүтэн зууны өмнөх энэ үгсэн хуйвалдах арга манайд ихээхэн газар авчихаад байна. Тэдний нэг нь барилгын компаниуд. Тийм учраас Засгийн газраас барилгын компаниудад шахалт үзүүлж, үнийг бууруулах ажлыг хийж байна.
Иргэд зургаан хувийн хүүтэй зээл “авч байгаа” нь сайхан боловч бодит байдал дээр байрны үнэ хэт өндөр учраас хэрэглэгчдэд эцсийн дүндээ хохиролтой хэвээр байна. Тийм учраас зах зээл дээр байх боломжгүй “Зургаан хувь” гэсэн популизмыг өөрчлөх бодлого барьж байгаа. Нэгэнт зах зээлээ эзэлчихсэн монополууд байгаа учраас хэрэглэгчийг турхираад улс төржсөн ийм “өөдгүй” арга хэрэглээд байна уу даа гэж харж байна.
-Энэ сарын 19-нд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ. Үүнийг Засгийн газрын зүгээс жагсагчдад тойруу аргаар өгч байгаа хариулт гэж харж болох уу?
-Х.Баттулга Барилга хот байгуулалтын сайд байхдаа 15 стратегийн ордын өртөгийн ердөө хоёр хувийн орлогоор Улаанбаатар хотыг 100 хувь барилгажуулах хөтөлбөрийг батлуулахын тулд МАН-ын гишүүдийг лоббидож байж УИХ-аар батлуулж байсан түүхтэй.
Энэ төлөвлөгөөнд ажилчдыг бэлтгэх, хүн амыг орлогыг нэмэгдүүлэх, зам талбайгаа янзлах гэх мэт бүх зүйл багтсан байдаг. Гэтэл МАН Засгийн эрхэнд байхдаа асуудлыг цогцоор авч явалгүй, зөвхөн орон сууц гэдгийг нь тасалж аваад “Зургаа хувь” гэсэн популизм хийчихсэн байхгүй юу. Цогцоор нь авч яваагүй учраас хөтөлбөр доголдчихоод байгаа юм. Тиймээс энэ бүхнийг ард түмэндээ ойлгуулж, цаашид яаж залруулахаа ярилцах гэж хийж байгаа хэлэлцүүлэг.
-Жагсагчдыг МАН-ынхан турхирчихсан юм биш үү?
-Зээлээ авах гээд урьдчилгаагаа өгсөн хүмүүст үнэхээр хэцүү байгаа нь ойлгомжтой. Би ч гэсэн тэдний оронд байсан бол бухимдаж, тэвчээр алдах л байсан. Тиймээс энэ хүмүүсийг буруутгахгүй. Тэдний асуудал шийдэгдэх ёстой. Харин хүмүүсийн бухимдал дээр үнэ тогтоогч монополууд тоглолт хийж, үнээ хэвээр барих хүсэл байгаа. Гэхдээ барилгынхан газар авахаас эхлүүлээд төлсөн хахуулын мөнгөө байрандаа шингээсэн учраас үнэ ийм өндөр гарчихаад байгааг ойлгож байна. Урьд урьдын хийсэн шавар шавхайг хүссэн хүсээгүй бид цэвэрлэх л үүрэгтэй болоод байна.
Харин улс төрийн намууд иргэдийнхээ зовлонгоор тоглолт хийж улс төржүүлэх ёсгүй. Орон байр гэдэг эмзэг асуудал. МАН-ыг албан ёсоор энэ асуудалд оролцож байгаа эсэхийг мэдэхгүй байна. Хэрэв оролцож байгаа бол ёс зүйтэй байх хэрэгтэй.
-Та МАН биш, үнэ тогтоогч монополууд иргэдийн турхирсан гэж хэлэх гээд байна уу?
-Тийм байх үндэслэлтэй. Ер нь барилгынхны үнээ өсгөх хүсэл, иргэдийн байртай болох хүслийн хооронд болж байгаа үйл явдал гэж харж байгаа. Ийм байвал илүү эрүүл байхгүй юу. Улс төр орох ёсгүй л гэж хэлэх гээд байна.
-Эрх барьж байгаа хүн сонгуульд өндөр рейтингтэй орохгүй бол ялалт байгуулах боломжгүй байдаг. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулиас өмнө рейтингээ өсгөхөөр сурталчилгаа эхлүүллээ гэвэл та санал нэгдэх үү?
-Нэр дэвшигч бүхэн өөрийн тактиктай. Юу гэж дүгнэх нь хүмүүсийн өөрийнх нь өнцөг. Гурван жил огт харагдахгүй байж байгаад гараад ирсэн бол тэгж дүгнэхсэн. Гэтэл тэр хүн чинь анхнаасаа л хэлэх үед нь үгээ хэлдэг байсан. Өмнө нь Сү.Батболдын Засгийн газрын үед сайд нарыг дуудаад загнадаг л байсан биз дээ. Өөрийнх нь байнга хийдэг ажил. Ээжүүдийн баярт ч гэсэн жил бүр оролцдог л байсан.
-“Хоймор нутаг” нэвтрүүлгээс сурталчилгаа эхэлсэн шүү дээ?
-Ерөнхийлөгчийн хувьд эргэх ёстой онцгой нутаг мөн үү гэвэл мөн. Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнхаа хувьд Суданд очиж цэргүүдтэй уулзах нь тэр хүний үүрэгт ажил. Тэр хүн ажлаа л хийж байна.
-Танай намд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос илүү өндөр рейтингтэй яваа нь Э.Бат-Үүл гэж судалгааны байгууллагууд гаргасан байх юм. Үүнтэй холбоотойгоор Ц.Элбэгдоржоос өөр хүн нэр дэвшинэ гэсэн яриа ч гарч байна?
-Нэр дэвших хүсэлтэй хүн бүхэнд энэ эрх нээлттэй. Нэр дэвшсэн хүмүүсийг гишүүд хэлэлцээд шийддэг. Түүнээс биш дээр үеийн МАХН-ын хурал шиг нэг хүн гаргаж ирчихээд ярс хийтэл гараа өргөнө гэсэн ойлголт байхгүй.
Нийслэл хотоо хөгжүүлэх төлөвлөгөөгөөрөө ард түмний итгэлийг авсан хүний хувьд Э.Бат-Үүлд хийх ажил их байгаа. Одоогоор ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж албан ёсоор мэдэгдээгүй байна. Одоогоор нэр дэвшихээ илэрхийлсэн хүн нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаа. Тэр хүнд өнгөрөгч дөрвөн жилд эхлүүлсэн ажлаа ирэх дөрвөн жилд гүйцээх үүрэг байгаа.
Хэн албан ёсоор нэр дэвшихийг хуулийн дагуу тавдугаар сарын 2-11 хооронд намын Их хурал хуралдаж эцсийн байдлаар шийднэ.
-Сайтуудын сэтгэгдэл зохицуулах журам батлагдчихлаа. Үүн дээр та хувь хүнийхээ хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Монгол улс дэг журмын өлсгөлөнд орчихсон байна. Хууль тогтоомж байхгүй бол улс оронд замбараагүй байдал нүүрлэх нь тодорхой. Ийм замбараагүй байдал нь бухимдалд хүргэдэг. Үнэхээр тэр хүрээнд дүрэм журам байхгүй бол зохицуулах шаардлагатай.
Ер нь нийгэм замбараагүй байна. Үүнийг зохицуулаад өгөөч гэж ард түмэн АН-ыг сонгосон. Энэ даалгаварыг АН-ынхан өөрийн албан тушаалтнуудаараа дамжуулаад биелүүлж байна. Энэ ажлыг хийж байгаа төрийн хүн үүргээ хэр сайн биелүүлж байгаа нь дараагийн үнэлгээний асуудал. Ямар ч байсан тэр хүн үүргээ биелүүлж асуудлыг зохицуулах ёстой.
-Улс төрийн намуудын тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр намууд МАН руу ширүүн дайрч шинэчлэгдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Зарим нь бүр тарах ёстой гэж байна лээ. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ нам тарах уу, шинэлэгдэх үү гэдэг нь үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийн өөрсдийнх нь асуудал. Олонхиороо нэрээ солъё гээд л шийдэж байгаа харагдсан, дараа нь нэг хэсэг нь хуучин нэрээ аваад өөр нам байгуулсан. Бусад намууд тийм шаардлага тавьж байгаа нь тэдний л асуудал.
АН-ын хувьд олон жил улс орныг удирдсан МАН-ыг хурдан шинэчлэгдээд, хариуцлагатай сөрөг хүчин байж, бидэнд ташуур өгч, хамтраад улс орноо хөгжүүлэхэд хүчин зүтгээсэй л гэж хүсч байна.
-Танай нам жижиг намуудад мөнгө өгөөд МАН-ын эсрэг тавьчихсан юм биш үү?
-Тэд чинь өөрийн гэсэн үзэл бодолтой. Тодорхой хэмжээний гишүүнчлэлтэй намыг удирдаад явж байгаа хүмүүс. Хэн нэгний үгээр мөнгө аваад хөдөлнө гэж байхгүй. Захиалгаар өөрийгөө худалдаад явж байдаг завхарсан юм гэж юу байхав.
Одоо иймэрхүү хардлага сэрдлэгийн шинжтэй, зурхайч төлөгч шиг зүйл ярихаа болих хэрэгтэй. Үүнийг би сэтгүүлчдэд олон хэлж байна. Хоёрдугаарт, асуудлыг мөнгөөр л шийдсэн байх гэдэг хандлага чинь нийгэмд маш буруу төлөвшил суулгаж байгааг сэтгүүлчид анхаарах хэрэгтэй. Үүнээс болж өсөж байгаа залуу үе маань мөнгөөр бүхнийг шийдэж болох юм байна гэсэн хандлагатай, ойлголттой болж байна. Тиймээс ийм яриа, ийм хандлагыг гаргахгүй байх ёстой юм. Хандлагаа өөрчлөхгүйгээр шинэчлэл хийнэ гэж байхгүй.
-МАХН, МАН хоёр нэгдэх ёстой гэснийг та юу гэж харж байна?
-МАХН-д социалист үеийн тогтолцоогоо үгүйлж хуучин руугаа тэмүүлсэн энерци байхыг үгүйсгэхгүй. Үүнтэй ардчилсан, зүүний цоо шинэ үзлээр намаа шинэчлэх гэж байгаа хэсэг нь мөргөлдсөөр өнөөг хүрсэн нам. Энэ хуучин руугаа тэмүүлсэн энерцийг залуучууд нь задалж гарч ирэх эсэх нь цаг хугацааны асуудал. Хэрэв хуучин руугаа тэмүүлэгчид нь хүчтэй хэвээр байгаа бол энэ хоёр нам нэгдэх биз.
МАХН-ын хувьд би нэг зүйлийг дахин дахин хэлж байгаа. Аливаа улс төрийн нам гэрээгээ барьдаг. МАХН “Шударга ёс” эвслийн бүрэлдэхүүн гэж орсон бол эвслээрээ асуудлаа шийдэх ёстой. Тэр эвсэл Засгийн газартай Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч орно гэсэн гэрээ хийсэн байгаа. Энэ гэрээгээ хүндэлж, түүнийхээ хүрээнд ажиллах ёстой. Гэтэл МАХН нийгэм дотор ганцаараа ийм тоглолт хийгээд яваад байгаа нь улс төрийн төлөвшилгүй гэдгээ л харуулж байгаа хэрэг. Гэхдээ хэвлэлээр ийм асуудал яригдаж байгаа боловч албан ёсоор асуудал тавиагүй учраас гэрээний хүрээндээ ажиллаж байгаа л гэж дүгнэж байгаа.
-Энэ намын даргыг хэлмэгдсэн гэж ярьдаг. Та хувь хүнийхээ байр суурийг илэрхийлээч?
-Н.Энхбаярын үед авлига цэцэглэсэн нь бодит факт. Нийгэмд авлига хээл хахуул замбараагаа алдсан нь үнэн үү? Үнэн. Төрийн байгууллагууд хээл хахуульд идэгдсэн нь үнэн үү, үнэн. Үүнээс болж иргэд бухимдаж байгаа нь ч үнэн. Хэний үед бий болсон юм? Тэр хүний л үед бий болсон. Үүнийг ганцхан бид хэлээд байгаа юм биш. Олон улсын маш олон судалгаанууд баталж байна. Манай улс авилгын индексээрээ тэргүүлэх болоод байна. Үүнээс илүү бодит факт гэж байна уу?
Нэгд, хуулийн байгууллага ажлаа хийгээд шийдвэрээ гаргачихсан байхад түүнийг хүндэтгэх хэрэгтэй. Үүн дээр улс төр хийгээд байх шаардлага байхгүй. Хэрэв бид шүүх засаглалыг улс төрөөс үл хамаарсан байдлаар цаашид хөгжүүлье л гэж бодож байгаа бол асуудалд иймэрхүү байдлаар хандаж болохгүй.
Тэр хүнийг хамгаалах гэж нам байгуулагдаж байгаа ч юм шиг. Гэр бүл үр хүүхэд нь оролцож шахалт дарамт үзүүлээд үүний төлөө бүхэл бүтэн телевиз ч ажиллаж байх шиг. Энэ чинь харваас ойлгомжтой ёс бус юм яваад байгаа биз дээ. Энийг яагаад манай сэтгүүлчид өөгшүүлээд байгаа юм бэ?
Шударга бус байдлаас болж хэлмэгдсэн хүмүүс өчнөөн байна. Тэр хүмүүсийн талаар яагаад сурвалжилдаггүй юм? Н.Энхбаярын үүсгэсэн системээс болж хохирсон хохирогчид хорих ангиудаар дүүрэн байна. Долдугаар сарын 1-ны асуудлаар сурвалжлага бэлтгээд, Н.Энхбаярын хэмжээнд асуудал үүсгэсэн сэтгүүлч одоог хүртэл байхгүй л байна шүү дээ.
Subscribe to:
Posts (Atom)