2014-01-07

18-хан сар ажиллах Засгийн газрыг сонго­мооргүй байна

"Үндэсний шуудан" сонины сэтгүүлч С.ШИЙЛЭГТӨМӨРийн сийрүүлсэн энэ ярилцлага 2013 онд өгсөн миний "отгон" ярилцлага байсан ч, уг сонины 2014 оны эхний дугаарт нь нийтлэгдсэн "ууган" ярилцлага нь болсон юм

-Дархан-Уул аймгийн АН-ынхан хоорондоо зөрчилтэй байгаа. Та энэ зөрчлийг зохицуулахаар өн­гөр­сөн оны сүүлчийн өдрүүдэд тус аймагт ажиллаад ирсэн гэсэн. Тийшээ явсан зорилго бүтсэн үү?

-Явсан зорилгоо бүтээсэн гэж хэлж болно. Эхлээд Дархан-Уул аймгийн АН-ынхан зөрчилдөж, зарим нь яагаад өлсгөлөн зарлах болов гэдгийг тайлбарлах хэрэгтэй байх. Манай намын үндсэн дүрмээр бол орон нутгийн нам хэвтээ тогтол­цоотой. Намын төв байгууллагаас хараа хяналт байдаггүй гэсэн үг. Анхан шатныхаа үүрдүүдээс намын хороогоо бүрдүүлж тэндээсээ намын удирдлагуудаа сонгодог. Намын удирдлагууд нь намаа санхүүжүүлэн авч явах үүрэг хүлээдэг. Намын гишүүдийн татвар хангалттай хэм­жээнд хүрдэггүй. Энэ байдлаас үү­дээд орон нутгийн нам хэдхэн хүний гарт төвлөрөх хандлагатай байдаг. Мөн үүдээс гадна намын удирдлагуу­дын арга барил нөлөөлдөг. Дархан-Уул аймгийн хувьд энэ байдал нь нэлээд хүндэрчихсэн. Бүр 2007 оноос үүссэн зөрчил, тэмцэл юм билээ. Энэ зөрчил, тэмцэл нь намайг ажил авсан цагаас байнга илэрч байсан. Хоёр талаас ирсэн өргөдөл гомдол хуримт­лагдчихсан байсан. Үүнийг өмнөх удирдлагууд тухай тухайн үед нь намжаагаад явж байсан юм билээ. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд Дархан-Уул аймагт явж байхад манай намын гишүүд “Нэгэнт энд ирснийх үүсээд буй зөрчлийг шийдэж өг. Сөргөлдөөд байгаа хүмүү­сийг хэлэлцээрийн ширээний ард суулгахгүйгээр Ерөнхийлөгчийн сон­гуульд ялахгүй. Эвлэрүүлж өгөөд яв” гэсэн. Улмаар өнгөрсөн оны дөрөв­дүгээр сард бүх талыг оролцуулаад тохироо хийсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэж оролцоно, сонгуу­лийн дараа, намар бүх гишүүдээ цуглуулж байгаад намынхаа удирд­лагуудыг дахин сонгоё гэж тохи­ролцсон юм. Намын дүрэмд тохирол­цоогоор намын хороог татан буулгах ойлголт байхгүй л дээ. Дүрмийн бус тохироо хийсэн учраас өнгөрсөн намар тохирсноо хэрэгжүүлж чадаа­гүй. Нэг талаас нь тохиролцоогоо хэрэгжүүлээч гэдэг шаардлагыг удаа дараа тавьсан. Би дүрэмд ийм заалт байхгүй гэдгээр нэлээн цаг хугацаа хожсон. Сүүлдээ Хяналтын ерөнхий хороонд өргөдөл ирүүлсэн. Сүүлдээ бүр Дархан-Уул аймгийн АН-ын хорооныхон дүрмийн бус тохироо хийсэн гэж намайг буруутган суулт хийсэн. Олон гишүүд, дэмжигчдийн хүсэлтээр хийсэн ч гэсэн үнэхээр л дүрэмд байхгүй тохироо болсон учраас тэдний шаардлагыг хүлээж авсан. Гэтэл нөгөө залуучууд нь тохиролцоогоо хэрэгжүүлэх ёстой гэж мөн суулт хийж, өлсгөлөн зарласан. Энэ бүхнээс нэг зүйл тодорхой болж байгаа юм. Юу гэвэл, энэ үл ойлголцол нь бодит зүйл гэдэг нь тодорхой болсон. Ийм бодит зүйлийг намын хороо авч хэлэлцэх ёстой гэдэг үүднээс саяхан Дархан-Уул аймагт очиж намын хороог нь хуралдуулсан. Намын хороог одоо бүрдүүлж байгаа хүмүүс асуудлыг шууд хүлээж аваа­гүй л дээ. Нэлээд хэлэлцсэний эцэст намын хорооны гишүүд улс төрийн эр зориг гаргаж өөрсдийнхөө суудал дээр ирэх гуравдугаар сард сонгууль явуулах шийдвэр гаргасан. Намын хорооны гишүүд эр зориг гаргаснаас гадна нөгөө залуус нь нээлттэй боломж дээр өөрсдийгөө сорих хоёр давуу талтай шийдвэр боллоо.

-Дархан-Уул аймгийн намын хорооныхноос гадна хэсэг хүмүүс жигүүр байгуулж намынхаа удирд­лагуудад ҮЗХ-г хуралдуулах шаард­лага тавьсан. Тэдний шаард­лагыг яаж хүлээж авсан бэ. Ойрын үед ҮЗХ хуралдах уу?

-АН асуудлаа ил хэлэлцдэгээрээ бусад намаас ялгаатай. Иргэд бүх зүйлээ хаалттай хаалганы цаана хэлэлцдэг хуучин МАХН-ын жишгээр манай намыг хараад байдаг. Алдаа, оноо, ярилцаж, хэлэлцэж байгаа бүх зүйл нь ил байна гэдэг нь ардчиллын том зарчим. АН энэ зарчмаараа л явж байгаа. Нөгөөтэйгүүр аливаа намын гишүүд нэгэн командаар явна гэж хаана ч байхгүй. Асуудалд хүрэх арга зам дээр ямар нэгэн маргаан үүсдэг. Сонгуулийн хууль алдаа дутагдалтай, амлалт шаарддаг байснаас болоод нам дүрэмдээ жижиг жижиг өөрчлөл­түүд хийж ирсэн. Нам нэгэнт засгийн эрх барьж байгаа учраас цогцоор нь өөрчлөөд яв гэдэг шаардлагыг жигүү­рийнхан тавьсан. Намын удирдлагууд энэ шаардлага нь зөв гэж хүлээж аваад ҮЗХ хуралдсан тохиолдолд дүрмийнхээ ямар заалтуудыг өөрчлөх вэ гэдгээ хэлэлцэж байгаа. Өмнө нь боловсруулан хэлэлцүүлсэн шинэ дүрэм бий л дээ. Гэхдээ тэр нь Улс төрийн намын тухай хууль өөрчлөг­дөөгүй тохиолдолд нийцэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоо үйлчилж байгаа хуультай зөрчилдөж байгаа гэсэн үг. Улс төрийн намын тухай хууль батлагдсаны дараа ҮЗХ-гоо хуралдуулж шинэ дүрмээ хэлэлцэнэ. Хэрвээ ингэхгүй гэвэл одоо мөрдөж байгаа дүрмийнхээ зарим заалтыг өөрчлөх гэсэн хоёр л сонголт бий. Уг нь санаснаар болдог бол эхлээд Улс төрийн намын тухай хуулийг шинэч­лэгдэн батлагдсаны дараа намынхаа шинэ дүрмийг энэ хуультай уял­дуулан баталмаар байна.

-Та сая хоёр л сонголт байна гэлээ. ҮЗХ-г хуралдуулах шаард­лага тавьсан жигүүрийнхэнтэйгээ алийг нь сонгохоор тохиолцсон юм бэ?

-ҮЗХ-г намын дарга, гишүүдийнх нь гуравны нэгийн саналаар зарлан хуралдуулдаг. Аль ч тохиолдолд хурал зарлагдахад намын Хэрэг эрхлэх газар хэлэлцэх асуудлыг бэлдсэн байх ёстой. Тиймээс жигүүрийнхэнтэй хамтраад намын дүрмийн төслөө боловсруулж байгаа.

-АН дотор үүссэн зөрчил нам­жиж байгаа юм байна. Харин АН тэргүүлж буй Засгийн газарт сөрөг хүчин шүүмжлэлтэй хандаж байгаа. Тухайлбал, оны өмнөхөн хоёр сайдыг огцруулах асуудал тавьсан. Та ер нь сөрөг хүчний улс төрийг юу гэж харж байгаа вэ?

-Хоёр сайдыг огцруулах асууд­лаас өмнө Засгийн газрыг огцруулах санал өргөн барьж байсан шүү дээ. Сөрөг хүчин Засгийн газрыг энэ хэвээрээ оролдоод л байна байх. Сайд нарыг болон Засгийн газрыг огцруулах асуудал ирэх хавар, намар ч орж ирэх байх. Яагаад гэвэл, хамтарсан Зас­гийн газар ажиллаж байгаа учраас бат бөх байх магадлал бага. Тиймээс үүн дээр нь МАН байнгын тоглолт хийж таарна. Ийм тоглолтууд үргэлж яваг­дана гэдгийг тооцож л ажиллах ёстой. Сөрөг хүчний тоглолтод хэзээ ч хариу өгөхөд бэлэн байх хэрэгтэй.

-Сөрөг хүчин угаасаа л ингэж хандах нь ойлгомжтой. Тэдний тавьж байгаа асуудал нь үндэс­лэлгүй гэж үзэж болохгүй. Харин тэдний шаардлагыг анхаарч ажлаа сайжруулах хэрэгтэй гэдэгт та санал нэгдэх үү?

-Мэдээж Засгийн газар төгс сайн ажиллаж байгаа гэж хэлж чадахгүй. Эдийн засгийн хүндрэлүүд байна. Дээр нь шинээр байгуулагдсан Эдийн засгийн хөгжлийн яам яаж ажиллах арга хэлбэрээ одоо хүртэл сонгоогүй. Энэ нь хөрөнгө оруулагчдын сэтгэлд таагүй санагдаж байгаа нь үнэн. Гэхдээ өнөөдөр хамгийн чухал нь  улс орны тогтвортой байдал. Тиймээс болохгүй байгаа сайд нарыг болж байна гэж хамгаалаад байгаа юм биш, тогтвортой байх гэдэг ерөнхий эрх ашгийнхаа үүднээс хамгаалж үлдсэн. Харин энэ нь том сануулга. Тухайн сайд, яам нь үүнээс том сургамж авч ажлаа сайжруулах хэрэгтэй. Н.Бат­баяр сайд багаар ажиллаж чадахгүй, харилцаа холбоо муутай, шинжлэх ухаан ч бус байгаа нь таатай сайхан харагдахгүй байгаа нь үнэн. Гэвч гар нь бохир заваан байна гээд тайрч хаяж болохгүйтэй адил алдаа дутагдлыг нь засаад аваад явах ёстой гэсэн байр суурьтай байна.

-Таны үзэж байгаагаар АН-ын сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт хэр хурдтай явж байгаа вэ. Иргэд үр дүнг хүлээгээд эхэлсэн байх?

-Томоохон төслүүд эхлэх нь хамгийн чухал байна. Үр дүнгээ өгөх нь болоогүй. Хамгийн наад зах нь төмөр зам, 100 мянган айлын орон сууц, хурдны зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Улаанбаатар метро, шинэ сум зэрэг томоохон төслүүд бүгдээрээ 2030, 2040 он хүртэл үргэлжилнэ. Харин 2014, 2015 онд энэ том төслүүдийнхээ эхлэлийг тавьж, галт тэргээ хөдөлгөж чадвал цаашаа саадгүй явна. Тиймээс бидний ойрын том зорилго бол 2014, 2015 онд том  төслүүдээ эхлүүлэх. Том төслүүдийн бүтээн байгуулалтын ажил эхэлснээр ажлын байр нэмэг­дэнэ, хөрөнгө оруулалт орж ирнэ гэх мэт явцынх нь үр дүн гараад эхэлнэ.

-Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар 2013 он гэдэг хам­гийн анхны бүтэн жилээ тууллаа. Энэ бүтэн жилийн ажлын үр дүнг юугаар тооцож болох вэ?

-Ямар ч гэсэн, дээр хэлсэн томоо­хон төслүүдийнхээ зураг төсөл, судалгаа тооцооны ажлуудыг хийгээд дуусч байна. Энэ төслүүдийг хэзээ ч хэрэгжүүлж эхлэхэд бэлэн хөрөнгө мөнгийг нь бондоор босголоо. Бон­дынхоо хөрөнгөөр найман хувийн хүүтэй орон сууцны зээл гэх мэт томоохон төслүүдээ санхүүжүүлж, хэрэгжүүлээд эхэллээ. Нөгөөтэйгүүр манай улсын сонгуулийн тогтолцоо Засгийн газрын ажиллах боломжийг хааж байгаа. Хавар нь УИХ-ын сон­гууль, залгуулаад намар нь орон нутгийн сонгууль, дараа оных нь хавар Ерөнхийлөгчийн сонгууль болдог. Нэг сонгуулийг дуусгаад дараагийн сонгуульдаа бэлтгэсээр үндсэндээ Засгийн газар бүрэн эр­хийн­хээ хугацааны 18-хан сард нь л ажил хийх боломжтой. Засгийн газар сонгуулийн ажил хийсээр байгаад л хамаг цагаа бардаг. Мөн хурдан үр дүнг нь үзэж сонгогчдоор үнэлүүлэх, шоу хийх зорилгоор жижиг төслүүдийг хэрэгжүүлдэг. Үүний үр дүнд том бүтээн байгуулалтын төслүүд цаасан дээрээ үлдээд байна. Тиймээс одоо сонгуулийн энэ тогтолцоог өөрчлөх шаардлагтай гэдгийг намууд ярилцах л хэрэгтэй. 2016 онд дахид л 18-хан сар ажиллах Засгийн газрыг сонго­мооргүй байна.