Говь-Алтай аймгийн Ардчилсан намаас анх удаа аймгийн хэмжээнд баг тус бүрээс 10, нийт 1000 эмэгтэйчүүдийг цуглуулж, 2014 оны 10 сарын 18-нд "Засагт ханы гал голомт-Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт"-ыг зохион байгуулсан билээ. Энэхүү уулзалтын нээлт дээр тавьсан товч илтгэлээ блогтоо оруулж байна.
Засагт ханы гал голомт Говь-Алтай аймгийн бүх сум багаас төлөөлөл болон ирсэн эрхэм журмын нөхөд, хүүхдийн сайн ээж, хүний сайхан хань, идэр залуу охид бүсгүйчүүд, эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Ердөө есхөн сарын өмнө ГА аймагт болсон орон нутгийн дахин сонгуулиар ардчилсан нам анх удаа түүхэнд тэмдэглэгдэх ялалтыг байгуулж, аймгийн засаг захиргаа 1990 оны ардчилсан хувьсгалаас хойших 24 жилд анх удаа Ардчилсан намд шилжсэн билээ. Энэхүү түүхэн сонгуулийн ялалтад АНын эмэгтэйчүүд та бүхний гутлынхаа улыг эргэтэл зүтгэсэн их хүчин чармайлтын ач гавъяаг үгээр хэлэх аргагүй. Бид яагаад ялах гэж, ардчиллыг энэ нутагтаа бэхжүүлэх гэж ингэтлээ хичээн зүтгэж, мятрашгүйгээр тэмцэж ирсэн юм бэ?
Учир нь ардчилал бидэнд боломж олгодог. Боломж, чөлөөт сонголт гэдэг зөвхөн ардчилсан нийгэмд л байдаг үнэт зүйл. Энэ үнэт зүйлийн ачаар бид хэнд итгэхээ чөлөөтэй сонгож, тэрхүү сонголтынхоо үр дүнд хөгжлийн тухай чөлөөтэй бодох, сэтгэх, мэтгэлцэх эрхтэй болж, түүнийхээ үр дүнд бид бодит боломжуудыг өөрсөддөө бий болгодог.
Хүмүүс уламжлалаа дагаж, зан заншлаа хүндэтгэдэг ч, хөгжил рүү үргэлж тэмүүлж байдаг. Тэр ч утгаараа хөгжил гэдэг угтаа өөрчлөлт, шинэчлэл юм. Тэгэхээр Монгол минь хөгжихийн эхлэл нь өөрчлөлт шинэчлэлт, өөрчлөлт шинэчлэлийн эхлэл нь сонголт болж таарч байна. Тиймээ, та бүхний ялуулах гэж хичээн зүтгэсэн тэр их зүтгэлийн цаад учир шалтгаан нь хөгжил рүү тэмүүлсэн, өөрчлөлт шинэчлэлийг хүссэн, Ардчилалд итгэсэн сонголт байсан.
Тийм ч учраас аймгийн шинэ удирдлагууд, аймгийн АН хамгийн түрүүнд хуучин арга барилыг өөрчлөн шинэчилж, баялаг бүтээгчдээ дэмжин урамшуулж, үр дүнд нь Алтай сайхан нутагт минь хөгжил дэвшил бодитоор бий болж байна. Ийм учраас би өнөөдөр та бүхэнтэйгээ хөгжлийн тухай ярихыг хүсч байна.
Хөгжил гээд хэлэхээр юуны түрүүнд амьдрах тохилог орон сууц, аймаг бүрт босч буй 1000 айлын орон сууц, хот суурин аймаг сумдыг холбон хэдэн зуун км үргэлжлэх засмал зам, үйлдвэр уурхай, өсч үржиж буй мал сүрэг, хөндий дүүргэн халиурсан үр тариа, шилэн кабел, өндөр хурдны интернэт гээд бодит бүтээн байгуулалтууд нүдэнд харагддаг. Нүдээр харагдах гайхамшгийг үгээр хэлэх нь илүүц гэдэг. Иймд бодит бүтээн байгуулалт бүхий материаллаг хөгжлийн тухай ярихаа больё, учир нь түүнийг бид өдөр бүр нүдээрээ харж байна. Тэрний оронд Монгол Улсын хөгжлийн тулгуур үндэс болсон Монгол хүний хөгжлийг ярья.
Би Монгол улсаа хөгжүүлье гэвэл хамгийн түрүүнд монгол хүнээ хөгжүүлэх ёстой гэдэгт итгэдэг. Саяхан МЗХ-оос төрийн ордонд зохион байгуулсан Оны залуугийн лекцээрээ ч би мөн энэ л сэдвийг онцлон ярьсан. Бид байгалийн баялаг бүхий олон толгойг олборлон ашиглаж, олз омог овоолж болно, гэхдээ түүнийхээ хажуугаар, түүгээрээ олсон хуримтлалаараа эрдэм агуулсан монгол хүнийхээ оюунлаг авъяаслаг толгойг ашиглаж хөгжүүлж байж хөгжил дэвшил рүү урагшлах ёстой.
Монгол улсын хөгжлийн тулгуур болсон Монгол хүн гэдэг хэдэн зуунаар уламжилсан нүүдэлч сэтгэлгээнийхээ ачаар хаана ч очсон газарддаггүй, дасан зохицох чадвар сайтай, сэтгэлгээ болон сонирхлын цараа өргөн, аливааг маш хурдан сурдаг, өөрийн гэсэн бодолтой хүмүүс. "Монголчууд гадаадад очихоороо шал өөр, ажилсаг болчихдог" гээд хүмүүс шүүмжилдэг. Би үүнтэй санал нийлдэггүй. Энэ чинь дасан зохицож байгаа болохоос гэнэт ажилсаг болчихож байгаа юм биш. Угаасаа ажил хийж сураагүй хүн хаана ч л ажиллаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр ажилсаг чанар нь арчилж тордож, ургуулж, ил гаргаагүй, нуугдмал байжээ гэсэн үг.
Ийм олон давуу чанар байнаа гэдэг чинь үр тариагаар бол Монгол хүн гэдэг маш сайн сортын үр гэсэн үг. Энэ үрнээс улсын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах сайн чанарын ургац хураан авахын тулд түүнийг байнга арчлан тордох шаардлага зүй ёсоор тулгарч ирнэ. Үүнийг хэн хийх вэ?
Хүний хөгжил гэр бүлээс эхэлдэг. Гэр бүл дотор хамгийн нөлөөтэй хүмүүс нь ээжүүд. Гэхдээ би энд зарим хүмүүс шиг баяр ёслол болохоор л эмэгтэйчүүдийг элдэв гоё үгээр санаа зовтол магтдаг шиг "Ээ дээ та нар минь хүний хөгжлийн гол тулгуур шүү" гэж элдэв уран үг урсгамааргүй байна. Бид бүгдээрээ төгс биш, төгс ч байх албагүй. Учир нь хүн ерөөсөө төгс бүтээгдээгүй, ургаж төлжих явцдаа харин ямар орчинд хэрхэн арчилагдаж тордуулж өссөнөөсөө болоод өөр өөр давуу болон сул чанаруудыг өөртөө бий болгосон байдаг.
Яг энэ мөчид та бүхэн өөр өөрсдийнхөө хэрхэн өсч торнисон түүхээ эргээд нэг боддоо. Хамгийн түрүүнд ээж л санагдаж байгаа даа. Магадгүй дараа нь багш чинь санагдах байх. Тэр багш чинь аягүй бол дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа. Тэгэхээр монгол хүнийг ургуулан хөгжүүлэхэд хамгийн нөлөөтэй хүмүүс нь яах аргагүй эмэгтэйчүүд болж таарч байна.
Үр тариа ургаж төлжихөд тэжээллэг сайн хөрс, цаг агаарын тааламжтай орчин хамгаас чухал. Тэгвэл хүний ургаж төлжих ариун хөрс нь ёс суртахуунтай, амар амгалан гэр бүл юм.
Ардчилсан хувьсгал бидэнд эрх чөлөө, хувийн өмч, чөлөөт сонголт гээд олон үнэт зүйлсийг авчирсан шигээ олон сорилтыг мөн тулган хүлээлгэсэн. Түүний нэг нь нийгмийн гэнэтийн өөрчлөлт дунд үрэгдэж алга болсоор байгаа ёс суртахуун, монгол хүний мөс чанар, ёс жудаг юм. Өөрөөр хэлбэл монгол хүний хөгжлийн хөрс суурь нь болсон ариун ёс суртахуун өнөөдөр илт дутагдах болж. Хичнээн өндөр боловсрол эзэмшээд, ёс суртахуунгүй, хүн чанаргүй, ёс жудаггүй бол хүн гэдэг чинь сайн бүтээгдсэн роботоос ялгаа юу болох вэ?
Ерөөс аливаа улс нийгэм эмэгтэйчүүдийн ёс суртахууны хүчинд тулгуурласаар ирсэн байдаг. Гэтэл өнөөдөр жендерийн тэгш байдал гэдгийг хэт туйлшруулан хөөрөгдөж, залуу эмэгтэйчүүдийг эх хүн болох, гэртээ хүүхдээ харан суухыг үнэ цэнэгүй болгох оролдлого хэт түгснээс зарим хүмүүс гэртээ суух явдал нь эмэгтэй хүнийг дорд үзсэн үйлдэл хэмээн үзэх, гэрийн хүмүүжлийг үгүйсгэх, бүх хүүхдийг цэцэрлэг яслид явуулах гэж зүтгэх явдал түгээмэл болж байна. Ерөөсөө шууд л цэцэрлэгийн насны тэдэн хүүхэд байгаагаас тэд нь цэцэрлэгт хамрагдаагүй байна, тэдэн ортой цэцэрлэг хэрэгтэй гээд төсөв нэхээд суучихдаг.
Уг нь тэдний хэдийг нь ээж нь гэртээ хүмүүжүүлэхийг хүсч байгааг тооцох ёстой юм. Үнэн чанартаа гэртээ суугаад "хүнээр хүн хийх" гэдэг ажлыг эрхэлнэ гэдэг хамгийн дээд зэргийн ажил гэдгийг хүмүүст ойлгуулж, гэртээ хүүхдээ хүмүүжүүлж буй эхчүүдэд цэцэрлэгээс дутахгүй дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа юм.
Өнөөдөр Монголын нийт оюутнуудын 60% нь эмэгтэйчүүд. Их дээд сургууль дүүргэсэн өндөр мэргэжлийн ээжүүд гэртээ хүүхдээ хараад суух нь нэг талаас хайран мэт харагдавч, үнэн хэрэгтээ энэ ажлаа эзэмшсэн мэргэжлээсээ илүү сайн хийж чадвал монгол улсын хөгжилд оруулж буй хамгийн том хувь нэмэр тэр болно. Ээжүүд үр хүүхэддээ хайр энэрлээсээ гадна өндөр боловсролоороо нөлөөлөх гайхамшигт орчин гэрт нь бүрдэх боломж байна. Ингэж хэлснээрээ би эмэгтэйчүүдийн ажил мэргэжил дээрээ гаргасан амжилт бүтээлийн үнэ цэнийг бууруулах гээгүй, гагцхүү битгий туйлшраач ээ гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Монголчууд чинь авч давхидаг морь шиг, нэг юм болохоор л бүгдээрээ хуйлран хошуурчих гээд байдаг нэг сул талтай. Ийм ч учраас бид бараг л бүх хүүхдүүдээ болсон болоогүй дээд сургуульд сургах гээд хамаг малаа зараад, өр тавиад хот руу илгээдэг. Уг нь бид явуулахыг нь явуулж, үлдээхийг нь үлдээж, аливаад туйлшралгүй нухацтай хандвал хөгжлийг төлөвлөхөд амар болохсон.
Бид тэгш эрхийн тухай хэт туйлшруулан хийрхсэнээс болоод эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн ялгаатай, бие биенээ нөхдөг, тиймдээ ч нийлэхээрээ илүү сайн сайхан зүйлийг бүтээдэг, нийлж байж төгс болдог "арга билэг" гэж ярьдаг тэр нандин чанараа алдаад байна уу даа гэж санаа зовдог.
Гэр бүлд эцэг, эх байхаас илүү эрхэм ажил үгүй гэдгийг хүн бүхэн ойлгодог. Гэр бүлийн амжилтаас илүү мэргэжил, эд баялаг, эрх мэдэл, нэр алдар гэж байхгүй. Иймд монгол хүүхдээр Монгол хүн хийх ажлыг дан ганц цэцэрлэг хэмээх хуарангийн хүмүүжлийн системд найдаж үлдээх нь алдаатай бодлого! Зарим нь, болж өгвөл дийлэнх нь хайр энэрэл, өндөр боловсролоороо хүүхдээ арчлан тордож, зөв Монгол хүнийг гэртээ өөрийн гараар гардан бойжуулж, тордон "ургуулах"-ыг илүүтэй чухалчлахыг би энд цугласан бүх эмэгтэйчүүд, ээжүүддээ уриалж байна.
2005 онд АН “Цахим Монгол” гэсэн хөтөлбөрийг эхлүүлж байсан. Тэр үед интернэт хэрэглэдэг хүний тоо Монголд 10 мянга байсан гэж ерөнхийлөгч саяхны нэг лекцэндээ дурьдсан байсан. Өнөөдөр тэгвэл энэ тоо 900 мянгад хүрчээ. 9-хөн жилийн дотор 90 дахин өссөн байна. АН энэ жил 150 сумыг шилэн кабелиар өндөр хурдны интернэттэй холболоо. Энэ бол мэдлэг мэдээллийг дэлхийн оюуны их сангаас сумандаа гэртээ сууж байгаад олж авах бодит боломж гэсэн үг. Мэдээллээр байнга хангагдана гэдэг мэдлэг бүтээх нэг хэлбэр. Мэдлэг гэдэг хөгжлийн суурь. Тэр мэдлэгийг заавал ажил мэргэжил карьертаа ашиглах биш, гэр орондоо, үр хүүхэддээ байнга түгээдэг болбол тэр нь ургаж төлжиж буй монгол хүнд ургацын болц түргэтгэх үржил шимт бордоо л гэсэн үг.
Эцэст нь би Монгол улсын ерөнхийлөгчийн хэлсэн нэг сайхан үгийг та нартайгаа хуваалцахыг хүсч байна. Юу гэхлээр, аливаа асуудлыг шийдэх гэхээр манайхан бүгд төр рүү ханддаг, төрөөр асуудлаа шийдүүлэх гэдэг. Мулгуу, муу төртэй байгаа газар төрөөр асуудлаа шийдүүлнэ гэдэг хамгийн муу сонголт гэж ерөнхийлөгч хэлсэн. АН-ын үнэт зүйл ч бас тийм юм. Аливаа асуудалд төрийн оролцоог хязгаарлах ёстой гэж АН үздэг. Учир нь төрөөр асуудлаа шийдүүлэх тусам өөрийн амьдрал улам бүр хүндэрдэг. Далай лам хэлсэн шүү дээ. Бурхан гэж тусдаа юм тээр дээр байдаггүй юмаа гэж. Тэр чинь энд, сэтгэлд чинь байдаг юмаа гэж. Сэтгэлдээ бид юуг ч ургуулж болдог.
Монгол минь хөгжихийн эхлэл нь өөрчлөлт шинэчлэлт гэж би дээр хэлсэн. Тэгвэл монголын хөгжлийн тулгуур болсон монгол хүний хөгжлийн эхлэл нь эмэгтэйчүүд та бидний өөрөө өөрийгөө өөрчлөх, гэр бүл үр хүүхэд орчин тойрондоо хандах хандлагаа шинэчлэх, сэтгэл доторх "төрөө төвхнүүлэх" явдал гэж ойлгож болох нь. Та бүхэнд сэтгэлийн их амар амгаланг ёрөөе. Та бүхний урган төлжүүлж буй хүүхэд бүр тань монголын хөгжлийн тулгуур багана болсон зөв монгол хүн болон төлөвших болтугай.