2015-05-27

Бүтээлч үйлдвэрлэлийн Бөөн, түүнд хүрэх практик алхам

СУИС-иас БСШУЯ-тай хамтран саяхан амжилттай зохион байгуулсан "Соёлын бүтээлч үйлдвэрлэл" олон улсын чуулганд үндсэн илтгэгчээр оролцох урилга хүлээн авч, энэхүү илтгэлээ танилцуулах завшаан тохиосонд баяртай байна. Энэ бол 8 сарын өмнө анх Төрийн ордонд танилцуулсан "Толгойг олборлох тойм зураглал" илтгэлийн маань хураангуйлж, бодит алхамуудыг санал болгон баяжуулсан хувилбар юм. 

Оршил

Монгол хүний бүтээлч толгойг социалист тогтолцооны үед коммунистууд өөрийн үзэл суртлаа олон түмэнд ойлгуулан таниулах зорилгодоо тун ч чадамгайгаар олборлон ашиглаж байсан юм. Тухайн нийгэмдээ яг ямар соёл, үзэл суртал түгээхийг хүсч байгаагаа агуулгад нь бүрэн шингээсэн, чанарын өндөр түвшинд хийгдсэн оюуны бүтээлийг түгээж болох бүх сувгаар мянга дахин давтан байж, социалист аж төрөх ёсны тухай бүрэн ойлголтыг нийгэмдээ өгч чадаж байсан байгаа юм. Уул усыг нь ухаад оронд нь уурхай завод барьж, үр тариа ургуулах гэж байгаа тухай, түүнийг нь эсэргүүцсэн малчин эцэстээ бүхнийг ойлгон социалист хөгжил дэвшилд сэтгэл хангалуун үлдэж байгаа тухай, барилгажилт,хотжилтыг дэмжсэн “Аман хуур”, Атар эзэмшихэд залуусыг дуудсан “Хөхөө гэрлэх дөхлөө”, Банкинд мөнгөө хадгалуулахыг уриалсан “Хүргэн хүү”  кино  гэхчилэн нийгмийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх олон санааг сэтгэлд хоногшсон дүрүүд, хит болсон дуунууд, театрт тавигдах жүжиг, хээрээр давхих урлагийн бригад гэхчилэнгээр өнөөгийн бүтээлч үйлдвэрлэлийн салбарт багтаан тодорхойлдог бүх хэлбэрүүдээр дамжуулан цэвэр тэр үеийн нам төрийн захиалга, санхүүжилт, үзэл суртал болон агуулгын хяналттайгаар боловсруулан, монгол хүн бүрийн толгойд хоногшуулдаг байж. Чухам тэр л үеэс оюуны бүтээл туурвидаг авъяастай сийрэг толгойнуудыг урлагийнхан хэмээн нэрлэж заншсан. Харин би өнөөдөр яаж социалист нийгмийн үед үндэс сууриа тавьсан Монголын урлагийн салбарыг орчин үеийн эдийн засгийн бүтээлч үйлдвэрлэлийн салбар болгон хөгжүүлэх арга замыг кино урлагийн салбараар жишээлэн тоймлон зураглахыг оролдоно.


Бүтээлч үйлдвэрлэлийн Бөөн
Түүнд хүрэх практик алхам

Дэлхийн олон улс орны эдийн засагт нь ихээхэн хувь нэмэр оруулдаг бүхэл бүтэн салбар болтлоо хөгжсөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг бид яг юу гэж ойлгодог вэ? Монголын эдийн засагт энэ салбарын үзүүлэлт одоогоор байхгүй байгаа учраас бид юуны өмнө ойлголтоо нэгтгэх шаардлагатай байна. 8 сарын өмнө анх танилцуулж байсан “Толгойг олборлох тойм зураглал” лекцдээ Бүтээлч үйлдвэрлэлийн салбар урлагийн салбар хоёрын ялгааг би дараах байдлаар тодорхойлох гэж оролдсоноо дахин нэг сануулъя.
Миний ажиглалтаар урлагийн салбар гэдэг бол агуулга бүтээдэг хэсэг, харин бүтээлч үйлдвэрлэлийн салбар гэдэг бол тэрхүү агуулгыг хууль ёсны зохиогчийн эрхтэй болгож, түүнийг цааш нь үйлдвэрлэлийн бусад салбаруудтай холбон, олон төрлийн бүтээгдэхүүний загвар гарган үйлдвэрлэлд оруулж, баялаг бүтээдгээрээ ялгаатай. Өөрөөр хэлбэл:
Урлагийн бүтээл  + Зохиогчийн эрх + Үйлдвэрлэл + Борлуулалт = Бүтээлч үйлдвэрлэл хэмээн томъёолж болох юм.


Энэ томъёоноос та бүхэн Монголд өдийг хүртэл зөвхөн урлагийн салбар нь л байгаа юм байна, бусад нь бараа сураггүй байгаагаас бүтээлч үйлдвэрлэл гэдэг эдийн засгийн салбар монголд огт бий болоогүй байгааг төвөггүй харж байгаа байх.

Бүтээлч үйлдвэрлэлийн салбарт багтдаг олон зүйлс Монголд тэртээ социализмын үед урлагийн салбар гэдэг утгаараа үндэс сууриа тавьж, өнөөдөр ч хөгжлийнхээ тодорхой түвшинд гарсаар байгаа.  Гэвч тэдгээр нь зохиогчийн эрхтэй оюуны өмч болж, банкны барьцаанд тавигдан зээл, эсвэл хөрөнгө оруулалтын баталгаа болж, эдийн засгийн эргэлтэнд орон, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болон худалдаалагдаж, баялаг үйлдвэрлэн, монголын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байна уу гэвэл ҮГҮЙ.


Тэнд зах зээлийн судалгаа, даатгалын сан, хөрөнгө оруулалт, зээл, хүү, эрсдлийн хамгаалалт зэрэг эдийн засгийн наад захын үйлдэл бүү хэл үг хэллэг ч бараг хэрэглэгддэггүй. Манай киночид л гэхэд зуны дулаан цагт багтааж зургаа дуусгах гээд бүгд хээр гарчихдаг. Нөгөө жүжигчид нь тэлээтэй хурга шиг хэд хэдэн киноны зураг авалтыг зөрүүлэх гэж нэлээн ажил болно. Зураг авалтын студитэй бол барилгын улирал шиг заавал ингэж зуны дулаанд найдан чихэлдэцгээхгүй шүү дээ. Хамгийн гол нь ингэж чихэлдэн, яаран сандран хийсэн кинонууд нь намар өвөлдөө ээлжлэн гарч эзэддээ ашиг орлого гэхээсээ амьдрах зардлын хэдэн цаас голдуу олж ирдэг. Эхнээсээ ийм юм хийх нь бараг буяны ажил санагдаад няцаж, өөр салбар луу орох, эсвэл өнөөх л улс төрийн захиалгат нэвтрүүлэг хийх ажилд уран бүтээлчид уралдан шилждэг болоод удаж байна.  

Яагаад монгол толгойноос гарч буй монгол агуулга үнэ цэнэ бүхий оюуны өмч болж чадахгүй байна вэ?


Бяцхан түүх сөхье.

1990 онд Монгол улс 70 жил хаалттай байсан хаалгаа дэлхий дахинаа цэлийтэл нээхтэй зэрэгцэн дэлхийн улс орнуудын бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхны оргил бүтээгдэхүүнүүд Монголд нэвтэрч эхэлсэн юм. Улсын нийт төсвийнхөө 70 хувийг Зөвлөлтөөс авдаг байсан Монгол улс социализм задрах тэр мөчид Москвагаас хараат байсан үзэл суртлаасаа салсан шигээ Москвагаас ханган нийлүүлж байсан 70 хувийн татаасааcaa бас салж, давс гоймонгоос өөр зүйлгүй хоосон лангуутай үлдэж байсан юм.


Ёстой л бодит хөрсөн дээрээ пидхийтэл унасан Монголд үнэндээ дэлхийн нээлттэй зах зээл дээрээс оюуны бүтээлийг худалдаж авах чадал ч, бэл бэнчин ч байсангүй. Ингээд шулуухан хулгайн аргад шилжсэн юм. Ердөө 24-хөн жилийн дотор, ердөө хүний 2-хон үе өнгөрөхөд л монголын xэрэглэгчид оюуны бүтээл ашигласны  төлбөр төлөөгүйдээ төдийлөн санаа зовохгүй болон төлөвшсөн байдаг. Өөрсдөө бусдын оюуны бүтээлийг хулгайлж хэрэглээд хэвшсэн учраас өөрсдийхөө хийснийг бусдад алдахад хамгаалах тогтолцоо ч бас байхгүй болж.

Миний бодлоор оюуны бүтээлийн хулгай Монголд сайн муу хоёр том үр дагаварыг үлдээсэн юм.

Сайн нь: Монголчууд социализм нурж байх тэртээ 90-ээд оны үед барууны ертөнц гээчийг огт мэддэггүй, дэлхий дахинаа таг хаалттай байсан. Тэгээд хулгайгаар дэлхийн тэргүүлэгч бүтээлүүдтэй шууд танилцаж эхэлснээр маш богино хугацаанд “нүд” нь нээгдсэн гэж хэлж болно. Өнөөдөр Монголын хэрэглэгчид соёлын бүтээлч үйлдвэрлэлийн аливаа салбараас чанарын дээд стандартыг шаардах болсон.

Муу нь: Дандаа нам төрийн захиалга санхүүжилтээр үйлдвэрлэл явуулдаг байсан, ашгийн төлөө ажиллаж үзээгүй соёл урлагийнхан маань гэв гэнэт дэлхийн тэргүүлэгч оюуны бүтээл үйлдвэрлэгчидтэй зах зээлд өрсөлдөхөөр дэвжээнд гарсан. Мэдээж аль ч талаараа бэлтгэлгүй монголын бүтээлч үйлдвэрлэлийнхэн хүч тэнцвэргүй энэ тулаанд анхны цохилтоор нам цохиулж тас гэдрэгээ саван унасан юм.

Тийм ээ, Монголын бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхан өнөөг хүртэл олигтой өндийж босч ирээгүй байна. Тэдний дийлэнх нь хүч тэнцвэргүй зах зээлийн өрсөлдөөнд төсөв хэмнэх үүднээс толгойноос олборлосон санаагаа аль болоx хямдxан өртгөөр үйлдвэрлэж, хямдхан үйлдвэрлэлээс болж сайн боловсрогдоогүй бүтээгдэxүүнээ багтаамж багатай зах зээлд багахан үнээр шаxах төдийхнөөр амь зогоож байна. Төр засаг, шийдвэр гаргагчид, банк санхүүгийн байгууллага, хэрэглэгчид бүгд соёлын болон оюуны бүтээл үйлдвэрлэгчдийг эдийн засгийн ашиггүй, төсөв залгигчид гэж хардаг. Уулзъя учиръя гэхээр мөнгө гуйх гэж байна гээд бараг сургаар нь зугатна. Юун эдийн засгийн салбар гэж хүлээн зөвшөөрөх...


Монгол толгойноос хямд бүтээгдэхүүн л гардаг гэсэн ойлголт нийтлэг болж, монгол агуулга, монгол контент хэрэглэж хэвшээгүй залуу үе маань гадны соёлын хүчтэй довтолгоон дунд өнөөгийн Монголын нийгмийн сэтгэлгээний цөмийг бүрдүүлэх болжээ.

Энэ цөмийг ажиглан харваас дараах согог дутагдал нийтлэг харагдана.
- Өнөөгийн нийгмийн сэтгэлгээнд аливааг үгүйсгэн харлуулдаг, монгол хүн л хийсэн бол муу, монгол л бол бүтэхгүй, “манайхан л болсон хойно тэгнээ тэгнэ” гэсэн өөрсдийгөө илтээр дутуу үнэлсэн, эсвэл бүүр эсрэгээрээ тэнгэр дээд заяатай, тусгай төрчихсөн гэхчлэнгээр хэт дөвийлгөн хийрхсэн сөрөг хандлага давамгайлж байна.
- Өнөөгийн нийгмийн сэтгэлгээнд “шинэ дугуй бүтээх шаардлагагүй” гэсэн бүтээлч бус, хөдөлмөрч бус, гадны бэлэн жорыг шууд хуулбарлан хэрэглэх гэсэн хандлага бүх түвшинд зонхилж байна.
- Нэг нийгэм нөгөөгөөр гэнэт солигдсоны дараа бүх түвшний сургалтын ситемд агуулгын хоосон орон зай үүссэн. Түүнийг нь сурах бичигт өөрчлөн бичих гэж мунгинаж байх хооронд хүүхдүүд үе үеэрээ анги дэвшээд л, төгсөөд байдаг... Ядаж энэ чухал ажлыг төр хэмээх хамгийн муу менежер удирдаж өдий хүрснийг хэлэх үү... Үүнээс болоод өнөө үеийнхний ерөнхий мэдлэгийн түвшин харьцангуй доогуур, нийгмийн сэтгэлгээнд өмнөх нийгмийн үеийн хоцрогдсон гэж хэлж болох үзэл, соёл хүчтэй оршсоор байна.
- Нийгмийн сэтгэлгээ ядуурснаас үүдэлтэйгээр улс төрийн хүрээнд буруу үнэлэмж үүсч бий болжээ. Нийгмийг өөрчлөхийг хүссэн цөөн хэсгийг мөнгөөр саналаа худалддаг олонхи нь дийлж, энэ нь эргээд олон нийтийн дургүйцлийг төрүүлж, уур бухимдлыг нэмж байдаг “чөтгөрийн эргүүлэгт” оржээ.


- Өнөөгийн нийгмийн сэтгэлгээнд аливаад ухамсартайгаар хандаж, цаад мөн чанар үндэслэгээг нь ойлгож мэтгэлцэх биш, юм л бол манай тал, дайсны тал болчихсон талцан хэрэлдэж, бүр үзэн ядалцаж, улмаар цагдаа шүүх дээр тулдаг муу жишиг түгэх хандлагатай болжээ.

Нийгмийн сэтгэлгээнд зонхилох болсон эдгээр сөрөг хандлагыг эерүүлэхгүйгээр хөгжил дэвшлийн тухай яриад нэмэргүй болж эхэлж байна. Үе үеийн шийдвэр гаргагчид уг үндсийг нь өөрчлөх тал дээр тэр бүр анхаарч байсангүй, гал унтраах төдийхнөөр л явж ирлээ.

Бүтээл үйлдвэрлээд ашиг олохгүйг мэдэрсэн телевиз, хэвлэлийнхэн  шулуухан шантаажын аргад шилжсэнээ нэг их нуухаа больж.


Үүнээс болоод хэвлэлийнхний шоглоомд хэрэглэгчид бухимдаж, үнэн худал мэдээлэлд нь итгэл алдран, тэр хэрээр нийгмийн сэтгэлгээнд дарамт, даралт давамгайлж байна.

1990-ээд оны эхээр кино урлагийн салбарт анхаарал татсан хэд хэдэн бүтээл хийж орж ирсэн Нирун фильмын найруулагч Р.Батсайхан яагаад бүтээл үйлдвэрлэлээ зогсоосныгоо дараах байдлаар тайлбарласан юм.

“...Монголд кино зураг авалтын студи байхгүй учраас цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан жилдээ би ганц л кино хийж чадна. Тэр нь их сайн болоод 100 сая төгрөг /жишээнд зориулан тоог хялбарчлав. Ц.О/ олсон  гэж бодъё. Түүний талыг нь кино театр кино үзүүлснийхээ төлбөрт суутгана. Ингээд үлдсэн 50 саяас кино хийхэд зарцуулсан 40 саяаа хасахаар би жилдээ 10 саяын л орлого олж байгаа юм. Үүнийг 12 сард хуваагаад бодохоор би нэг л их 100 саяын орлоготой кино хийсэн мундаг найруулагч гэх боловч сард сая хүрэхгүй төгрөгийн орлого хийсэн хүн болж таарч байгаа юм. Тэрний оронд би улс төрчдөд ПиАр-ын зөвлөх үйлчилгээ хийгээд явахад кино хийх гэж зүдэрч олсон бүтэн жилийн орлогыг ганц сард ч хийх боломжтой, тэгээд ч дөчхөн саяар хийсэн кино яагаад ч өөдтэй болохгүй...” хэмээн тайлбарласан юм.

Ийм зүйлсийг манай чадалтай авъяастай бараг хүн бүхэн хэлдэг. Олон чадалтай студи продакшн байгаа ч кино, урлагийн томоохон бүтээл хийх болохоор санхүүжилт олдохгүй, жил бүр кино зохиол бичсэн ч бүтээх арга зам байхгүй болохоор зогсох, эс бөгөөс дээрхийн адил улс төрчдийн ПиАр, өнөөх л хэрүүл шуурган дунд амьдрах арга манайд хэв шинж болтлоо нутагшжээ.


Өнөөдөр энэ салбарт дорвитой бодлого байхгүйгээс, мөн хэрхэн яаж өөрчлөх талаар хааяа хэн нэгэн алдаг оног дуугарахаас хэтрэхгүй байгаа болохоор монгол хүний бүтээлч толгойноос сөрөг агуулгууд голлон гарч, тэр нь бүх төрлийн сүлжээгээр цацагдан хэрэглэгчдийн толгойг хар бараан, дутуу боловсрогдсон мэдээллээр тогтмол угааж байна. Нийгмийн оюун санаа ийм байхад хичнээн сайхан барилга байшин, зам гүүр барьж, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлээд, түүнийг нь цааш хөгжүүлээд аваад явах хөдөлмөрч, бүтээлч, хөгжилд тэмүүлсэн хойч үе төрөхгүй бол гэнэт их хөрөнгө өвлөж авсан ядуу хүн хамаг байдгаараа тансаглаад хамгийн түрүүнд дампуурдгийн үлгэр болох гээд байна.

Учир нь нийгмийн сэтгэлгээний уналтыг материаллаг бүтээн байгуулалтаар  сэргээх боломжгүй. Үүнийг зөвхөн оюуны талх болсон урлаг соёлоор л  тэжээн тэнхрүүлдэг. Тэр талх нь монгол хүний толгойг бүтээлчээр олборлож байж олдох монгол агуулга, түүнийг чанартай эцсийн бүтээгдэхүүн болгох бүтээлч үйлдвэрлэл, түүнийг эдийн засгийн аргаар тэжээн тэтгэх кластер буюу бөөн байх тойм зураглалыг бидний хэсэг нөхөд гаргаж ирээд байгаа юм.

Өөрөөр хэлбэл өндөр стандарт шаарддаг болон төлөвшсөн Монгол хэрэглэгчдийн сэтгэлд нь нийцэж, сэтгэхүйд нь нөлөөлөх, улмаар Монголын нийгмийн сэтгэлгээнд эерэг хандлага бий болгох чанартай “монгол агуулга” хэмээх бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэж баялаг бүтээхийн тулд,

1. Солонгоруулна гээд байгаа эдийн засагтаа уул уурхай, барилга, зам гүүр, оёдол нэхмэл зэрэг хүнд, хөнгөн, хүнсний салбарууд дээр нэмээд “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” гэсэн цоо шинэ салбарыг нэмэн хөгжүүлэх.

2. Хөгжлийг нь хурдасгаж, гарцыг нь арвижуулснаар хурдан үр дүнд хүрэх зорилго тавья гэвэл одоогоор бодож олоод, үр дүнтэй нь хэдийнэ тогтоогдсон эдийн засгийн Бөөн-ий аргыг хэрэглэх хэрэгтэй байна.


Эдийн засаг дахь Бөөн-ий онолдоо Майкл Портер бичихдээ “Бөөн бий болсноор ажиллах хүч хямдарч, өндөр мэргэжилтэй ажилчдыг хуваалцах боломж нээгдэж, мөн нэг дор ижил төрлийн үйлдвэрлэл бөөнөөрөө бий болсноор нэгдсэн ханган нийлүүлэлт хийх боломж бүрдэж, өртөг багасна” хэмээсэн байдаг. Үүн дээр нэмээд “...шинэ санаа сэдлийн тасралтгүй процессыг (continual innovation) урамшуулдаг нь Бөөн-ий гол ач холбогдол” хэмээн эдийн засагчид дүгнэх болсон байна.

Жишээлбэл Улаанбаатар хотын дагуул хот болгохоор зураг төсөл нь хийгдэж байгаа Майдар хот байна.
Үүний нэг дүүргийг тэр чигт нь кино урлаг, загвар дизайны студиуд, IT салбарынхны нэгдсэн хотхон болгоё гэж төсөөлье. Тэнд ажиллаж амьдрах хүмүүс байнга нэг дор байж, бие биенийхээ шинэ санаа, шинэ бүтээлийг уралдан ярьж, IT-гийнхан тэрэнд нь татагдан орж, шинэ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний санаанууд уралдан төрж, ёстой нөгөө Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлдгээр биенээ билүүдэн хурцлах бүтээлч орчин жинхэнэ утгаараа бий болно. Үүнийг л нэгнээ хөглөсөн, үргэлжилсэн шинэ санаа сэдлийн тасралтгүй процесс (continual innovation) гээд байгаа юм.

Тэгэхээр нэг төрлийн бизнесийг газар зүйн байрлалын хувьд нэг дор төвлөрүүлж, тэнд хөрөнгө оруулагчдад төрийн зүгээс татварын болон бизнесийн орчны давуу боломжийг санал болгосноор нэгдсэн хангамж, нэгдсэн маркетинг, мэргэжлийн ажилчдын туршлага солилцоо, сургалтын нөxцөл бүрдэж, МЭДЛЭГИЙН БӨӨГНӨРӨЛ бий болсноор шинэ санаа инновацийн хөгжилд ахиж гарч, хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр дэлхийн хэмжээнд өрсөлдөх давуу үйлдвэрлэл бий болох энэ бүх процессыг бүхэлд нь “Бүтээлч үйлдвэрлэлийн Бөөн” гэж ойлгож болно.

Тэгвэл, Монгол дахь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бөөн ямар байх вэ?
Үүнийг илтгэлийн эхэнд томъёолсон өнөөх “Урлагийн бүтээл  + Зохиогчийн эрх + Үйлдвэрлэл + Борлуулалт  = Бүтээлч үйлдвэрлэл” гэсэн томъёоныхоо дагуу дараах байдлаар тоймлон зурагласан юм.


Бүтээлч эдийн засгийн салбарт амжилт олсон улс орнуудын туршлагыг харахад энд тэнд тархай бутархай оршиж байсан санаа үйлдвэрлэгчдийг газар нутгийн хувьд нэг дор бөөгнөрүүлж, эдийн засгийн Бөөн-ий давуу байдлаар тэднийг дэмжиж өгсөн нь амжилтын гол түлхүүр болсон байна.

Зөвхөн кино л гэхэд Монголд 500 гаруй жижиг жижиг студи энд тэндэхийн байрны нэг давхар, байгууллагын нэг булан, зарим нь подвал хөлслөөд таран байрласан байдаг. Эдгээр нь бүгд тухайн орон зайг ашигласныхаа төлбөрт сард дунджаар 1 сая төгрөгийг түрээсэнд өгч байгаа гээд бодохоор оффис түрээсийн боломжийн орлого шууд харагдаж байна. Үүнийг Бөөн болгоод түрээсээр эргээд ашгийн тодорхой хэсгийг олно гэж тооцоод УИХ, Засгийн газраас  тодорхой нэг бүс газрыг зарлан товлож, түүний дэд бүтцийг нь бүрэн шийдээд, хөрөнгө оруулагчдад томоохон хэмжээний зураг авалтын студи барихад нь татварын илт анхаарал татахуйц хөнгөлөлт амлаж болох юм.

Мөн л киногоороо жишээлэхэд, мөнөөх 500 гаруй студиуд маань олсон жаахан мөнгөө бараг ихэнхийг нь камер, гэрэл, компютерийн иж бүрдэл, техник тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулдаг. Энэ жил өчнөөн үнэтэй авсан тоног төхөөрөмж хэдхэн сарын дараа өөр нэг шинэ загвар гарахад л үнээ алдаж хямдхан хог болж хувирдаг.


Нэг студи дунджаар 50-иад сая төгрөгийн техник тоног төхөөрөмжтэй гээд бодохоор 25 тэрбум төгрөгийн маш үр ашиг багатай худалдан авалт хийгддэг гэсэн үг. Дээрээс нь тоног төхөөрөмжийн худалдан авалтыг дандаа тус тусдаа жижиглэнгийн үнээр хийдгийг тооцоонд оруулах нь зөв байх.

Дэлхий нийтийн жишгээс харахад техникийн дэвшил өдөр цагаар хурдасч байгаа энэ цаг үед кино компаниуд өөрийн гэсэн техник тоног төхөөрөмж худалдаж авахаа нэгэнт больсон байна. Нэгэнт кино үйлдвэрлэгчид голдуу нэг дороо, нэг бүс нутагт байрлах болсон тул техник тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид тэнд нь шууд түрээсийн салбараа нээгээд ажиллуулдаг жишиг тогтжээ. Өөрөөр хэлбэл кино компани гэдэг бол санаагаа хөгжүүлэхэд л хамаг мөнгөө зарахаас биш, техник тоног төхөөрөмж худалдан авахад мөнгө зардаггүй, түүнийг түрээсээр шийддэг ажээ. Энэхүү түрээсийн үйлчилгээ нь тэрхүү кластерт байх бүх компаниудад үйлчлэх тул тоо хэмжээ нь ихсэхийн хирээр тээвэрлэлтийн хөлс хямдарч, эдийн засгийн өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлдөг байна.

Газар зүйн байршлын хувьд бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхан нэг дор цугларснаар санхүүжилтын баталгааны хамгийн чухал хэсэг болох зохиогчийн эрх, оюуны өмчийн бүртгэл, лицензийн үйлчилгээ хурдан шуурхай болж тогтмолжино.


Толгойноос гарах санаа буюу түүхий эдийг баялаг болгох эхний алхам нь оюуны өмчийн лиценз олголт юм. Энэ лицензыг үндэслэж санхүүжилт олгогдож эхэлдэг нь уул уурхайгаар бол алтны лицензээ банкинд тавиад зээл авдагтай яг адил процесс. Бүтээлч үйлдвэрлэл гэдгийг зарим судлаачид амарчлаад, товчхоноор “Contracts between Arts and Commerce” буюу “Урлаг арилжаа хоёрын нэгтгэл гэрээ” гэж тодорхойлсон нь бий.


Урлагийг мөнгө олдог хэрэгсэл болгохын тулд л түүнийг лицензүүлж, хуулийн этгээд болгох гээд байгаа юм. Зарим нь санаагаа гаргачихаад өөрөө үйлдвэрлэх гэж зовохгүй шууд зардаг байж болно. Барьцаанд тавьчихаад алга болж болно. Тэр бүхнийг зохицуулах гэж оюуны өмчөөр дагнасан үйлчилгээ явуулдаг хуулийн фирмүүд үүсэн бий болно. Ийм ч учраас Бөөн-ий бүтэц дэх зохиогчийн эрх, оюуны өмчийн бүртгэлийн хэсэг хамгийн чухал хэсэг нь юм.

Эдийн засгийн Бөөн-ий тусгай бодлого явуулснаар Монгол дахь соёлын бүтээлч үйлдвэрлэлд зориулсан санхүүжилтын шинэ механизмыг төрийн бодлогоор бий болгох шаардлагатай байна. Манайх шиг банкны систем нь зөвхөн үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаарддаг системд зохиогчийн эрх, оюуны өмчийн лицензийг барьцаа болгон зээл өгдөг тусгай зориулалтын сан, хөрөнгө оруулалтын сан, эсвэл банк бус санхүүгийн байгууллага шинээр бий болох нь эн тэргүүний зорилт.


Үүнтэй холбоотойгоор даатгалын болон эрсдлийн сан зэрэг санхүүгийн олон салбар нэгжүүд бүтээлч үйлдвэрлэлийн кластерын салшгүй нэгэн дэмжигч хэсэг болон хөгжих учиртай.

Бөөн-д байх ёстой бас нэгэн томоохон салбар бол IT, инноваци технологийн хэсэг. Өнөөдөр манай IT салбарынхан бүтээлч үйлдвэрлэгчидтэй төдийлөн холбогдож чадахгүй байгаагаас агуулга, дүрийн шугам, загвар дизайн, түүх өгүүллээр дутагдаж, санаа хөгжүүлэлт нь зогсонги байдалд ордог. IT–гийнхан болон урлагийнхан биенээ харь гаригийнхан мэт хардаг.


Эднийг Бөөн богтлон, нэгдор оруулснаар, нэг агуулгаас олон төрлийн бүтээгдэхүүн төрөн гарах үндэс тавигдаж, улмаар баялаг үйлдвэрлэл болон өргөжих юм.

Агуулгыг хөгжүүлэх явцад олон санаа урган гардаг. Нэгдсэн хүчтэй зар сурталчилгаа хийснээр тодорхой дүрүүд олны танил болж, түүнийг нь загварынхан өлгөн авч, хувцас хэрэглэл, орон байр, өнгө будгийн хослолын шинэ урсгалууд түгж, түүгээр нь аялал жуулчлал, хэвлэл, радио, ном, сэтгүүл, компютер тоглоом, гар утасны аппликэш гээд тоо томшгүй олон төрлийн бүтээгдэхүүн үүсэн гарч болох бөгөөд энэ бүхэн нь өвөр хоорондоо чөлөөтэй хөрвөх нөхцлийг Бөөн бүрдүүлж, нэгэн том бүтээлч инновацийн цогц системыг бий болгодог нь үнэхээр том давуу тал юм.

Тэгэхээр энэхүү тойм зураглалын бүтцийг Монголд бодит биелэл болгох эхний практик алхам нь юу байх вэ?

Уг нь мэдээж улс төрийн алсын хараатай төрийн бодлого хэрэгжиж, хөрөнгө оруулалт, бизнесийн хөгжил, тэтгэлэг болон санхүү зээлийн бодлого, хатуу болон зөөлөн дэд бүтцийг бий болгох зэргийг дэс дараатай тууштай явуулах хэрэгтэй л дээ. Гэхдээ шийдвэр гаргагчид маань, тэр ч байтугай урлагийн салбарт ажиллаж байгаа хүмүүс маань хүртэл Бүтээлч үйлдвэрлэлийн Бөөн-ий талаар нэгдсэн ойлголтгүй, зүйрлүүлж хэлбэл А-гүй байхад, тэдэнд шууд докторын ажил санал болгоод хол явахгүй. Бид салбарынхандаа, хүрээлэн байгаа хүмүүстээ, хамгийн гол нь шйидвэр гаргагчдад эхлээд А-гаас Я хүрэх замыг алхам алхамаар үзүүлж ойлгуулах хэрэгтэй болоод байна. Тийм ч учраас Монголын кино урлагийн зөвлөлд багтдаг хэсэг нөхдийн хамт “Кино инкубатор” төслийг санаачилж, өнгөрөгч сард УИХ-ын даргад танилцуулсан билээ.


Үүнийгээ бид бүтээлч үйлдвэрлэлийн Бөөнд хүрэх хамгийн наад захын практик алхам хэмээн харж байгаа юм.

Дээр өгүүлсэнчлэн эдийн засгийн Бөөн-ий загвар гэдэг бол юуны өмнө нэг салбарт хамаарах олон төрлийн үйлдвэрлэл эрхлэгчид биечлэн нэгдор бөөгнөрөх явдал. Монголд байгаа олон жижиг кино студиудэд нэгдор бөөгнөрөх газар орон байхгүйгээс энд тэнд таран байрлаад, өдөр бүр уулздаг хэдтэйгээ өдрийг өнгөрөөсөөр удалгүй зэвэрч эхэлдэг. Эдийн засгийн Бөөн-ий онолоор бүтээлч толгойнууд бодитоор нэгдор бөөгнөрөхөөр үргэлж нэгнээ шинэ санаа сэдлээр хөглөж, ингэснээр үргэлжилсэн шинэ санаа сэдлийн тасралтгүй процесс явагддаг гэж үздэг. Иймд социализмын үед 1000 хүний багтаамжтай байхаар бодож барьсан МҮОНРТ-ийн байрны ашиглалтыг сайжруулан, энд тэнд тархан суусан олон жижиг студиудыг тодорхой шалгуурын дагуу байрлуулж, нэг ёсондоо багасгасан “Бөөн”-ийг үүсгээд, уран бүтээлчдийн

бүтээл санааг нь “инкубатор” маягаар хөгжүүлж, нэгдсэн сургалт, харилцан туршлага солилцоог хөхүүлэн дэмжиж, дэлхийд өрсөлдөх чадвартай уран бүтээлчид баг хамт олныг төлөвшүүлэх эхний алхамыг хэрэгжүүлэх боломж байна.

Кино бол багийн урлаг. Кино урлаг өндөр хөгжсөн улс орнуудад 125 мэргэжил байдаг бол манай улсад найруулагч, жүжигчин, зураглаач, зураач зэрэг 6-н төрлийн мэргэжлээр л уран бүтээлчдийг бэлтгэж ирлээ. Бусад зуу гаруй мэргэжлээр уран бүтээлчдийг огт бэлтгэхгүй байгаа учраас бүтээл санаа зөвхөн дээрх хэдхэн мэргэжлийн хүрээнд дандаа дутуу бойжиж байна.

Дээрээс нь кино бол техник технологийн дэвшлийг даган хөгжиж байдаг өвөрмөц төрөл. Өдөр өдрөөр шинэчлэгдэн хөгжиж байгаа техник технологийн хөгжлийн хурдыг алдахгүй дагаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үзүүлэлт бүхий мэргэжлийн техникүүдийг худалдан авах боломж залуу студиудэд, тэр байтугай МҮОНРТ-д ч тэр бүр олдохгүй байна.



Тоон үзүүлэлтээр Монголын кино урлаг хөгжиж байна гэж тооцож болох боловч нийгмийг соён гэгээрүүлэх, улс орноо олон улсад сурталчилж чадахуйц хэмжээнд дөхөж байна уу гэвэл үгүй байна. Жилд дунджаар 40 гаруй кино үзэгчдийн хүртээл болж байгаа хэдий ч эдгээр нь утга агуулгын хувьд хөнгөн зугаа төдийхнөөр хөгжөөх, цэнгээх зорилгоос хэтрэхгүй байгааг үзэгчид шүүмжилсээр байна. Чухал ач холбогдол бүхий зарим төрөл, жанруудыг зах зээлийн өрсөлдөөний хуулинд даатган орхих боломжгүйг дэлхий нийт хүлээн зөвшөөрч, төрийн бодлогоор дэмжих болжээ. Хүний хөгжлийг хэрхэн анхаарч байгааг артхаус төрлийн кино хэрхэн хөгжиж байгаагаар нь дүгнэдэг түгээмэл жишиг тогтоод удаж байна. Тиймээс  кино урлагийн хүч нөлөөг ашиглан залуусын хүмүүжил танин мэдэхүйд ашигтай хүүхдийн болон түүхэн, баримтат кино, олон улсын тавцанд Монголыг сурталчлах хэмжээний артхаус киног бодлогын түвшинд дэмжих зайлшгүй шаардлага үүсээд байна.

2014 оны төсөв хэлэлцэх үеэр “Монгол контент” бүтээхэд зориулж 3 тэрбум төгрөг төлөвлөж байсан. Төрийн зүгээс ингэж цөөхөн төгрөгийн төсөл дээр киночдыг зодолдуулах арга угаас явцгүй. Иймээс ч уг төсөл олны дэмжлэг авч чадаагүй “унасан”. Харин тэрний оронд нэг студи дангаараа авч дийлэхгүй дэлхийн театруудын тусгай шаардлагад нийцсэн өндөр зэрэглэлийн

дуу шум, өнгө заслын /sound post production, color correction and visual effects/ техник-студид төр засгаас хөрөнгө оруулалт хийж, “инкубатор”-т бойжигсод нь түүнийг өндөр дээд түвшинд суралцаж, тэр нь эргээд нийт киночиддоо дундын үйлчилгээ үзүүлдэг болчихвол бүтээлч үйлдвэрлэлийн Бөөн-ийг төр засгаас дэмжих бодит дэмжлэг тэр болно.

Инкубатор төслийг эхлүүлснээр бие даасан студиуд дангаараа хийх боломжгүй дараах ажлуудыг нэгдсэн журмаар хийж хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Инкубатор гэдэг бол дэлхийд өрсөлдөхөөр бойжиж буй Монголын бүтээл үйлдвэрлэгчид гэдгийг мэргэжлийн хүрээнийхэнд ойлгуулснаар манайд дутагдалтай буюу огт байхгүй байгаа нарийн мэргэжлээр төрөл бүрийн богино хэмжээний workshop сургалтуудыг зохион байгуулах, хөгжүүлэх боломжтой болно.

Технологийн зөвлөх үйлчилгээ үзүүлж чадах өндөр ур чадвар бүхий мэрэгжилтнүүдийг гэрээгээр болон урилгаар ажиллуулах, дотоод, гадаадын технологийн хамгийн сүүлийн үеийн ололтын талаархи мэдээллээр хангаж, технологи дамжуулах үйлчилгээг хөгжүүлнэ.

Нэгэнт манайд соёл урлагийн санаа, төслийг барьцаалан зээл өгдөг, хөрөнгө оруулдаг тогтолцоо байхгүй учраас “инкубатор” төслийн хүрээнд тусгай зориулалтын банк бус санхүүгийн байгууллагыг төсвийн дэмжлэгтэйгээр “инкубатор” маягаар байгуулж турших боломжтой болно.

Бүтээл санааг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, зохиогчийн эрх, патент авах баримт бичгийг бүрдүүлэхэд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, дотоод болон гадаад гэрээ хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлдэг, оюуны өмчийн асуудлаар дагнан ажилладаг хуульчид “инкубатор”-т мөн давхар бойжиж, энэ салбарын хөгжлийн эхлэл тавигдана.

Байр талбай, тоног төхөөрөмж, бараа материал, програм хангамжаар хөнгөлөлттөй үйлчилснээр МҮОНРТ-ийн ашиглалт багатай байсан олон зүйлс /хувцас, жижиг хэрэглэлийн фонд, зураачид, урлан, мужаан, дуу оруулалтын радио студиуд, дуу хөгжим чимэглэлийн фондууд, кино павилион, кино үзлэгийн танхим г.м/ эргэлтэнд орж, хасагдсан төсвийнхөө тодорхой хэсгийг нөхөн олох боломж бүрдэнэ.

Байгууллагуудын хооронд харилцан холбоо тогтоох, мэргэжлийн бүс нутгийн хамтын ажиллагааны сүлжээ бий болгох, зах зээл, борлуулалт, түгээлт, санхүүжилтын талаар харилцан мэдээлэл солилцох боломж хангагдана.

Эдгээр ажлуудыг амжилттай хэрэгжүүлж чадсан тохиолдолд “инкубатор” төслөөс дараах бодит үр дүн гарах болно. Үүнд:

Монголын кино уран бүтээлчид Оскар, Канн, Венец, Берлин, Токио, Пусан, Шанхай зэрэг олон улсын “А” зэрэглэлийн кино наадамд бүтээлээ явуулах техник технологийн шалгуурт бүдрэхгүй болно. Ингэснээр олон улсын тавцанд санаагаа танилцуулах бодит хаалга нээгдэнэ.

Инкубатор төслийн үр дүнд монголын кино урлагт дутагдалтай байгаа нарийн мэргэжлүүд сэргэн соёолж, зарим нь үүсэн бий болж, шинэ стандарт жишиг нэвтэрч, нэг дороо бөөгнөрснөөр ядаж олсон жаахан санхүүгийн боломжоо нэгэндээ байгаа техник тоног төхөөрөмжид давхар зардаггүй болж, цаашид нэгнээ нөхсөн зөв гольдрилоор бие даан хөгжих эрүүл тогтолцоо бий болно.

Удаан хугацаанд алдагдсан кино урлагийн боловсон хүчний бодлого шинэ агуулгаар баяжиж, инкубаторт хэрэгжиж, практик туршилтаар баяжсан сургалтын хөтөлбөрийг Их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт шингээх боломж бүрдэнэ.

Дүгнэлт

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн Бөөн Монголын эдийн засагт бие даасан салбар болон хөгжиж, хөгжилд нь тодорхой хувь нэмэр оруулдаг болох сайн цагийг бага ч атугай урагшлуулах зорилгоор уг Бөөн-ий жижигрүүлсэн хувилбар болох “Кино инкубатор” төслийг бодит ажил болгохыг шийдвэр гаргагчдаас бид хүсч байна. Учир нь Бөөн-ийг дагаж хөгждөг олон салбар одоог хүртэл үүсч хөгжөөгүй байгаа тохиолдолд түүнийг хар таамгаар хуульчилах нь ихээхэн эрсдэл дагуулах магадлалтай.

Иймд “инкубатор” төслөөр дамжуулан олон ажлыг жижигрүүлсэн хэлбэрээр турших боломж бидэнд нээгдэнэ. Алдсан ч энд алдагдал нь бага тусна. Ингээд туршилтуудаас амжилттай хэрэгжиж байгаа хэсгээ улам дэмжээд, алдаж байгаад нь дүн шинжилгээ хийгээд бага багаар сайжруулснаар цаашид соёлын бүтээлч үйлдвэрлэлийн Бөөн Монголд бодитойгоор хөгжих үндэс суурь зөв тавигдах болов уу.

Бүтээлч үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэхэд гарах эдийн засгийн бодит үр дүнг өнөөдөр чухалчлах шаардлагагүй. Учир нь түүний нийгэмд үзүүлэх давуу нөлөөлөл нь мөнгөөр хэмжишгүй юм. Юуны өмнө орчин үеийн шинэ бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, инновацийн Бөөн-ийг бий болгосноор мэдлэгийн эдийн засгийн хөгжлийн үндэс Монголд тавигдана. Ингэснээр Монголчуудын оюуны хэрэгцээнд нийцсэн боловсролын, түүхийн бахархлын болон сэтгэлгээний хөгжлийн сэдвээрх монгол агуулгын үйлдвэрлэл нэмэгдэнэ. Нэмэгдсэн эдгээр агуулгуудын хүчинд олон нийтийн боловсрол дээшилж, нийгмийн сэтгэлгээнд шинэчлэл өөрчлөлт явагдаж, нийгэм маань бүхэлдээ эерэг бодлын хэв маягтай болно. Энэ бүхний үр дүнд олон нийтийн дунд үндэсний хөгжлийн нэгдсэн бодлогын үзэл санаа түгж, Монголчууд өөрийн гэсэн хүсэл, мөрөөдөлтэй болно.

Монголд бүтээлч үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлэх нийгмийн сэтгэл зүй бэлэн байгаа. Учир нь сүүлийн 24 жил хулгайн ч гэсэн олон орны өөр өөр оюуны бүтээлүүдийг үзэж, хэрэглэж ирсний үр дүнд хөгжлийн зарим элементүүд нийгмийн сэтгэлгээнд бодит болон төлөвшиж, иргэдийн боловсрол, сэтгэхүйд дэвшил гарч, бас ч гэж чамлахааргүй олон уран бүтээлчид дэлхийн хэмжээний шагнал авсаар байгаа билээ.

Өнөөг хүртэл нийгэмд, ялангуяа улс төрийн хүрээнд оршиж ирсэн элдэв ёс бус үнэлэмжийг ард түмэн нийтээрээ дургүйцэх болсон нь сайн сайхан зүйлийг хүлээж буй хүлээлтийн дохио, эерэг хандлага юм. Улс орон маань хурдан хөгжиж, өнөөгийн олон саар асуудлуудаасаа салаасай гэсэн чин хүсэл ард түмэнд маань байсаар байна. Ядуурал буурахгүй, жижиг дунд компаниудын байдал дээрдэхгүй байгаа ч, ерөнхийдөө улсын эдийн засаг сайжрах байх гэсэн далд горьдлого олон нийтийн дунд оршсоор байна. Өөрөөр хэлбэл, сайн сайхан руу тэмүүлсэн хүсэл эрмэлзэл сэтгэлийнх нь мухарт байсаар байна. Энэ ч хэмжээгээрээ сонгуулиас сонгуульд шийдвэр гаргагчид, улстөрчдөд тэд итгэл найдлага тавьсаар ирсэн.

Харин одоо өөрсдийнх нь толгойд хөрөнгө оруулж, өөрсдийнх нь толгойг олборлож, өөрсдийнх нь толгойноос баялаг үйлдвэрлэснээр тэдэнд шинэ хүсэл эрмэлзлэл, шинэ соёл, шинэ хандлагыг бий болгох боломжийг санал болгосон тойм зураглалыг товчлон танилцуулахад ийм байна.

2015 оны 05 сарын 20
Улаанбаатар хот