2016-09-19

MNB-PostProduction буюу Долби /dolby/ стандартын дуу, дүрсний дахин боловсруултын төв байгуулах төсөл бол Монгол улсын экспортын барааны сагсанд шинэ бүтээгдэхүүн нэмэх үндсэн алхам



Нэгэн цагт дэлхийг төвхнүүлж байсан, өвөрмөц нүүдлийн соёл иргэншлээ өнөөг хүртэл хадгалж яваа, хаалттай социалист нийгмээс ардчилал чөлөөт зах зээл рүү тайван замаар шилжиж чадсан төв Азийн Монгол гэдэг өөрөө дэлхийн баримтат болон уран сайхны бүх төрөл жанрын кино, телевизийн бүтээлийн сонирхолтой сэдэв юм. Гэвч Монголын киночид энэ их нөөцөд тулгуурлан дорвитой бүтээл хийгээд дэлхийн зах зээлд хөл тавьж чадахгүй байгаагийн учир юу вэ?

Дэлхийн аль ч орны кино театр, телевиз, радио өнөөдөр дүрсийн гэхээсээ илүү дууны өндөр стандартыг шаарддаг, зөвхөн долби /Dolby/ болон түүнтэй дүйцэх сертификат авсан мэргэжлийн студид өндөр түвшний боловсруулалт хийгдсэн бүтээгдэхүүнийг хүлээн авдаг болжээ. Иймдээ ч мэргэжлийн кино, телевизийнхэн дэлхийн алдарт кино найруулагч Жорж Лукасын хэлсэнчлэн “дүрсний 50 хувь нь дуу” гэж үздэг. /"Sound is 50 percent of the movie‑going experience"/

Монголд сэдэв байна, дүрс байна, харин 50 хувь нь болох “дуу” буюу "sound" алга. Өөрөөр хэлбэл дэлхийн стандарт болсон долби түвшний /Dolby standard/, дууны олон замтай дахин боловсруулалтын төв Монголд огт байхгүй байна. Өнөөдрийг хүртэл Монголоос дэлхийн киноны зах зээлд гарсан цөөхөн бүтээлүүд бүгд маш өндөр өртгөөр дуу дүрсний боловсруулалтаа гадаадын студиудэд хийлгэсэн байна. Тухайлбал: “Ингэн нулимс”, “Шар нохойн там” баримтат кинонууд ХБНГУ-д, “Аравт” уран сайхны кино БНХАУ-д, “Алсын удирдлага” АНУ-д тус тус дууны боловсруулалтуудаа 50-60 мянган ам.доллараар хийлгэжээ.

МҮОНРТ анх 1967 онд байгуулагдсан цагаасаа Монгол улсад баримтат болон уран сайхны кино, теле жүжиг, телевизийн олон ангит кино, хүүхдийн кинонууд хийж Монголын кино, телевизийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн түүхтэй ч, мөн л дээр дурьдсан дууны өндөр шаардлагын улмаас үнэ цэнэтэй бүтээлүүдээ олон улсын зах зээлд нийлүүлж чадахгүй хэвээр байна. Иймд МҮОНРТ-ийн байрны одоо байгаа мэргэжлийн дуу бичлэгийн өрөөнүүдийн зарим боломж болон зай тайлбайд тулгуурлан, гадаад зах зээлд гаргах баримтат болон уран сайхны кинонуудын дуу, дүрсний түвшинг мэргэжлийн стандартаар дахин боловсруулах долби стандартын студи байгуулах төслийг МҮОНРТ-ийн мэргэжилтнүүд ХБНГУ-ын мэргэжлийн багтай хамтран  боловсруулаад байна. 

Монгол Улсын Иx Хурлаас “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан бөгөөд уг бодлогод “...импортыг орлоx, экспортыг нэмэгдүүлэx чиглэлийн үйлдвэрлэлд төрөөс xөрөнгө оруулалт санxүүгийн дэмжлэг үзүүлэx”-ээр зааж өгсөн нь энэxүү төслийг бодит болгон хэрэгжүүлэx эрх зүйн суурийг нээж өгч байна. Монгол Улсын Иx Хурлаас баталсан “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-д мөн бүтээлч аж үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх тухай тусгайлсан бүлгийг оруулсан нь нийгмийн оюун санааны хөгжилд чухал үүрэгтэй соёлын бүтээлч үйлдвэрлэлийг Монгол улсад хөгжүүлэх үндсийг тавьсан чухал алхам болсон билээ.

Бүтээлч аж үйлдвэрлэлийн салбарын хөгжил Монголд эхлэл төдий байгаа бөгөөд энэ салбарт сүүлийн жилүүдэд хүчтэй түрэн орж ирсэн гадны соёлын бүтээгдэхүүний ИМПОРТЫГ ОРЛОЖ, өөрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг олон улсад экспортлох хамгийн боломжит салбар бол телевиз, киноны салбар юм. Учир нь дэлхий дээр оршин байгаа бүх орны хэдэн мянган телевизийн байгууллага 24 цагийн тасралтгүй эфирээ шинэ контентоор дүүргэх нэгэн ижил "зовлон"-той байдаг бөгөөд тэдэнд сонирхолтой, урьд хожид дуулдаж байгаагүй соёл иргэншлийн тухай өгүүлсэн, харьцангуй хямд бүтээгдэхүүнийг Монголоос байнга санал болгох бүрэн боломж манай кино, телевизийнхэнд бий. Хамгийн гол нь тэдгээр нь олон улсын дуу дүрсний стандарт шаардлагыг хангасан байх нь л чухал. 

Манай орон түүх, соёл, урлагийн арвин өв баялагтай бөгөөд үндэсний соёл нь монголын ард түмний оюуны суурь дархлаа, өвөрмөц дүр төрхийн илрэл юм. Энэхүү өвөрмөц нуугдмал баялагийг олборлож, бүтээгдэхүүн болгоход төрөөс бодлогын болон АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТын дэмжлэг зайлшгүй чухал. Учир нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн нь нийгмийн сэтгэл зүйд хурцаар нөлөөлж, сайн муу, эерэг сөрөг уур амьсгалыг бүрдүүлж байдаг учраас энэ салбарт гадны импортын бүтээгдэхүүн давуу байх нь улс үндэстний дархлааг бууруулж, улмаар усгах аюултай.

Гадны импортыг бууруулахын тулд зарим хүмүүсийн бичдэг шиг шууд хориг тавих угаасаа боломжгүй. Харин өөрсдийн өөрсдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх л шаардлагатай. Харамсалтай нь дэлхийн стандартад нийцсэн дуу, дүрсний дахин боловсруулалтын өртөг маш өндөр /Бүрэн хэмжээний кино 50-70 мянган ам.доллар/ учраас дэлхийн тэргүүлэгч оюуны бүтээл үйлдвэрлэгчидтэй зах зээлд шууд өрсөлдөх боломж өнөөг хүртэл хомс байна. Дийлэнх кино үйлдвэрлэгчид хүч тэнцвэргүй зах зээлийн өрсөлдөөнд төсөв хэмнэх үүднээс үйлдвэрлэлийнхээ өртгийг хамгийн доод түвшинд буулгаж, хямдхан үйлдвэрлэлээс болж сайн боловсрогдоогүй бүтээгдэxүүнээ багтаамж багатай зах зээлд багахан үнээр шаxах төдийхнөөр амь зогоож байна. Үүнээс болж бүрэн боловсрогдсон орчин цагийн монгол агуулга, монгол контент хэрэглэж хэвшээгүй залуу үе маань гадны соёлын хүчтэй довтолгоонд хэт автаж, өнөө цагийн өрөөсгөл нийгмийн сэтгэлгээний цөмийг бүрдүүлэх болсон байна. Энэ бүхнийг эерүүлж засахгүйгээр хөгжил дэвшлийн тухай яриад нэмэргүй болж эхэлж байна. Учир нь нийгмийн сэтгэлгээний уналтыг материаллаг бүтээн байгуулалтаар  сэргээх боломжгүй. Үүнийг зөвхөн оюуны талх болсон урлаг соёлоор л  тэжээн тэнхрүүлдэг. Тэр талх нь монгол өв соёл, үнэт зүйл, түүх, тэмүүллийг бүтээлчээр хөгжүүлэн бүтээсэн монгол агуулга, түүнийг чанартай эцсийн бүтээгдэхүүн болгох бүтээлч үйлдвэрлэл байх учиртай. 



МҮОНРТ-ийн байр нь анхнаасаа дуу бичлэгийн мэргэжлийн шаардлагад нийцүүлэн баригдсан хэд хэдэн дуу бичлэг, дуу оруулалт, кино үзвэрийн өрөөтэй бөгөөд энэхүү бааз суурин дээр үндэслэн ДОЛБИ дахин боловсруулалтын төвийг МҮОНРТ-ийн байранд үндсэн 3 цэгт хуваан байршуулах боломжтой хэмээн төлөвлөж байгаа юм. Үүнд:

- Дууны дахин боловсруулалтын нэгдсэн төв нь барилгын 3 давхарын өмнөд жигүүрт
- Кино, телевизийн дүрсний дахин боловсруулалтын төв нь 2 давхарын өмнөд жигүүрт
- Дуу бичлэг, дуу оруулалтын студиуд болон кино үзвэрийн танхим нь төв байрны 2 давхарт тус тус байрлуулах боломжтой гэж төлөвлөсөн болно.

Дээр дурьдсан гурван байрлалд студийн үндсэн өгөгдлүүдийг тараан байршуулснаар, уг төвийг байрлуулах барилга байшингийн өртөг, мэргэжлийн студийн зориулалтаар дахин засварлах хөрөнгө оруулалтын өртгүүд шууд хасагдаж, олон улсын түвшнээс хамаагүй хямд өртгөөр улсын хэмжээнд ашиглагдах олон улсын стандартын иж бүрэн студийн үйлчилгээ бий болох боломжтой юм. Энэхүү төсөлд орчин цагийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хамгийн чухал хэсэг болоод буй IT мэдээлэл технологийн дэд бүтэц болон компьютерийн сүлжээг дээрх 3 хэсэгтээ тус бүрт нь багтаан нэгтгэхээр шийдсэн болно.
    
Хамгийн чухал нь олон улсын стандын түвшинд ажиллах хүний нөөцийг хэрхэн бэлтгэх вэ гэдэг асуудал. Хичнээн сайн техник, студи авчирч суурилуулаад, түүнийг бүрэн хүчин чадлаар нь, "ид шид"-ийг нь үзүүлэн ажиллуулж чадах чадварлаг хүний нөөцийг давхар бэлтгэх нь энэхүү төслийн салшгүй нэгэн хэсэг нь юм. Үүнийг бид хамтран ажиллаж буй ХБНГУ-ын нарийн мэргэжлийн экспертүүдтэй харилцан тохиролцож, техникийн сургалт, зааварчилгааг Германы болон олон улсын инженер сургагч багш нар угсралтаас нь эхлэн хөтлөн явуулахаар уг төсөлд тусгаад байна. Ингэснээр уг төвд ажиллахаар сонгогдсон хүмүүс анхнаасаа тоног төхөөрөмжийн суурьлуулалтаас эхлэн бүхий л ажлын явцад оролцож, давхар суралцаж, эцэст нь нэгдсэн сургалтын үйл явцыг хийж, улмаар хэд хэдэн бодит захиалгууд дээр хамтран ажилласны дараа монголын мэргэжилтнүүд тоног төхөөрөмж дээрээ харьцангуй сайн ажиллах чадвартай болно гэж үзэж төлөвлөсөн болно. Үүний дагуу Герман талын түншүүд урт хугацааны турш газар дээр нь очих, зайнаас үзүүлэх болон зайнаас дэмжих системээр байнгын техникийн дэмжлэгийг жилийн турш үзүүлэх юм.

    
Долби стандартын дуу, дүрсний дахин боловсруултын төв одоогоор Монголд огт байхгүй, цоо шинэ зүйл учраас, ерөөс post production хэмээх үйл явц хэрхэн яаж явагддагийг маш товчоор, тоймлон танилцуулах нь зүйтэй болов уу.

Post production буюу дуу дүрсний дахин боловсруулалтын үйл явц гэж бичлэг хийсэн анхны түүхий дүрсийг авч, бүрэн гүйцэд боловсруулан, түгээн борлуулахад бэлэн бүтээгдэхүүн болгох процессыг бүхэлд нь нэрлэдэг. Технологи хувьсан хөгжихийн хэрээр дахин боловсруулалтын ажлын төрөл зүйл нэмэгдсээр байна. Өмнө нь дахин боловсруулалт гэдгийг зөвхөн эвлүүлэг гэж үздэг байсан бол өнөө үед бүхэл бүтэн баг ажиллах хэмжээнд хөгжсөн байна.  Үүнд дуу, дүрсний дахин боловсруулалтын нэгж, график байгуулалт, өнгө засалт, ангилалт, тоон системийн лабораторын мэргэжилтнүүдээс гадна үйлдвэрлэлийн олон талт процессыг бүхэлд нь хянах менежер, удирдлага, туслах эвлүүлэгчид багтана. Дуу, дүрсний дахин боловсруулалтын явц нийт 12 дамжлагатай. Үүнд:

1. Төлөвлөлт
Төлөвлөлт гэж нятруулаагүй дүрсийг онлайн сүлжээнд эсвэл сүлжээгүй эвлүүлэх, оролт болон гаралтын формат, тоног төхөөрөмжид тавигдах шаардлагаа төлөвлөх, /хард дискийн батгаамж/, цагийн код болон синхронизацийн шаардлагаа сонгох, мөн тусгай эффект болон өнгө засах, дууны нийт хэдэн хэсэгт хэдэн төрлийн нэмэлт хоолой, авиа чимээ бичих шаардлага зэрэг үндсэн ажлын явцаа сонгохыг нэрлэнэ.  Продакшн менежмент энэхүү процессийг хариуцна. 

2. Тохируулалт
Энэхүү үе шатанд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг холбон эвлүүлэг, график, тусгай эффектийн систем болон софтвер программыг суурьлуулна. Инженер болон администратор энэхүү үйл явцыг хариуцаж ажиллана.

3. Инжестинг буюу  мэдээлэл оруулах
Инжестинг гэдэг хэллэг нь ихэвчлэн төв сервер болон компьютерийн хард диск рүү дүрс оруулах, шилжүүлэх, гаднаас видео, аудио, энгийн дүрс, метадата оруулж медиа файл үүсгэхийг хэлнэ.  Шаардлагатай оролт болон гаралтын төхөөрөмжүүд төв машины өрөөн дэх серверд холбоотой байна.  Оператор болон туслах ажилчид энэхүү үйл явцыг хариуцаж ажиллана.

4. Эвлүүлэг
Эвлүүлгийн үйл явц авсан дуу, дүрс, хөгжим болон график өгөгдлүүд зэрэг түүхий материалыг хамтад нь янзлан эцсийн байдлаар нэгтгэн, дуу дүрсийн дараалалд оруулахыг хэлнэ. Эвлүүлэгч болон эвлүүлгийн алба энэхүү ажлыг хариуцна.

 5. Аудио бичлэг /Харилцан яриа бичих/ Дуу оруулах, ам барих
Дуу оруулалт эсвэл нэмэлт харилцан яриаг цомхон хэлбэрээр бичлэгийн кабинд эсвэл том тайзан дээр  бичнэ. Хөгжим оркестр болон өөр аудио үйл ажиллагааг том тайзан дээр бичнэ. Дууны  албаны бичлэгийн инженерүүд энэхүү үйл ажиллагааг хариуцаж ажиллана.

 6.  Бичлэгийн фолей /Авиа чимээний бичлэг/
 Тоон  аргаар компютороор бүтээж болохгүй бүхий л авиа чимээний амьд бичлэгийг фолей тайзан дээр тоглон бичлэг хийнэ. Фолей уран бүтээлч болон дууны  албаны бичлэгийн инженерүүд энэ ажлыг хариуцаж ажиллана.

 7. Саунд дизайн/ Дууны эффект
 Өмнө нь бичиж амжаагүй бүхий л дуу хоолой, авиа чимээг нэгтгэж ангилан хадгалах тусгай санг дата сангаас бий болгон видео болон кино монтажны дагуу дууны чимэглэл дизайны төлөвлөлтийг хийнэ.

 8. Аудио монтаж/ Дууны эвлүүлэг
 Дүрсний эвлүүлгийн дагуу дууны бүхий л нэмэлт элементүүдийг нэгтгэн дизайн төлөвлөлтийн дагуу эвлүүлэг хийхийг хэлнэ.  Дууны албаны бичлэгийн инженерүүд, хөгжмийн болон дууны эвлүүлэгчид энэ ажлыг хариуцаж хийнэ.

 9. Миксинг аудио / Дууны найруулга
 Аудио миксинг гэдэг нь олон төрлийн дуу авиаг нэг болон олон сувагт хослуулахыг хэлнэ.  Явцдаа эх үүсвэрийн сигналын түвшин, үелзлийн агуулга, динамик, панорам байрлал зэргийг үүсгэж, реверберац буюу тусгалыг нэмнэ. Өөрөөр хэлбэл эргэн тойрны амьд дуу чимээний орчинг бүрдүүлнэ гэсэн үг. Ийнхүү практик, бүтээлч аргыг ашигласанаар сонсогчдод илүү тааламжтай найруулгыг бий болгож бүтээнэ. Аудио миксингийг хөгжим, кино, телевиз болон концертын шууд бичлэгт ихэвчлэн ашигладаг.  Энэхүү үйл явцыг миксинг синема дахь миксинг консол дээр ажиллаж байгаа  дууны найруулгын инженер хариуцна. 

 10. Өнгө засах болон өнгө ангилах
 Өнгө засах гэдэг нь нягтралын түвшин яг байх ёстой хэмжээндээ, тод байдал нь шаардлагад заасан зөв хэмжээндээ, хар өнгөний түвшин болон үзэгдлийн цагаан өнгөний тэнцвэр хангалттай зэргийг тодорхойлж засахыг нэрлэнэ.  Өнгө ангилах гэдэг нь видео дүрсний өнгийг зассаны дараа хийх үйл явц юм. Энэхүү шатанд илүү уран бүтээлчээр хандаж тухайн үзэгдлээ ямархуу маягаар хүргэхээ тодорхойлно.  Өнгө ангилагч мэргэжилтэн болон  бичлэгийн инженер энэхүү үйл явцыг хариуцаж ажиллана.
11. Мастеринг болон аутпутинг гаргалт
 Эвлүүлэг дууссан даруй, эффект оруулж, эцсийн дууны найруулга бэлэн болно. Киног хальс, эсвэл файл дээр суурилсан формат эсвэл DCP Тоон кино багц руу гаралттай болгоно.  Үүнийг монтажын систем эсвэл  DCP мастер ажлын станцаас хийж гүйцэтгэж болно. Энэ түвшинд тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах газрын техникийн шаардлагад нийцүүлэн дууны замуудыг хэд хэдэн ангиллаар тусад нь салган гаргах зэрэг захиалагчийн шаардлагаар өөр өөр форматаар хувиргах ажил хийгдэнэ. Пост продакшн зааварлагч болон инженерүүд энэхүү процессийг хариуцаж ажиллана.

12. Кино үзвэр болон хүлээн авах
Пост продакшн процесс дууссан даруй эцсийн бүтээгдэхүүнийг дуу дүрсийн өндөр шаардлага хангасан тусгай үзвэрийн өрөөнд үзүүлж үйлчлүүлэгчид болон продюсерүүдэд хүлээлгэн өгнө. Энэхүү үзвэрийн өрөө нь дахин боловсруулалтын түвшинд хийгдсэн аливаа ажлын чанарын түвшинг харуулах учраас кино үзвэрийн өрөө нь олон улсын стандартаын дагуу хийгдсэн маш өндөр түвшний дэлгэц болон дууны төхөөрөмжтэй байх шаардлагатай. 

УИХ-аас “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-уудыг тус тус батлан гаргасан нь соёлын бүтээлч үйлдвэрлэл, тэр дундаа Монголын кино, телевизийн салбарт дорвитой ахиц дэвшил гарах эрх зүйн үндэс нэгэнт тавигдсан. 

Харин Монгол улсын Засгийн газраас дээрх бодлогын хүрээнд бодит алхам хийх цаг одоо болжээ. Гадны соёлын импортыг орлох, өөрийн орны соёлын салбар дахь экспортын үйлдвэрлэлийг төрөөс тогтмол дэмжиж байх хамгийн боломжит хувилбар бол ашгийн төлөө ажилладаггүй МҮОНРТ-ийн дэргэд, түүний одоо байгаа үндсэн хөрөнгийн болон хүний нөөцийн боломж дээр тулгуурлан харьцангуй хямд өртгөөр "дуу дүрсний дахин боловсруулалтын Долби төв" байгуулахыг багахан хэмжээний төсвийн хөрөнгө оруулалтаар дэмжих явдал юм. 

Иймээс Монгол улсын Засгийн газар, УИХ-ыг уг төслийг хэрэгжүүлэх зорилгоор төлөвлөн оруулсан МҮОНРТ-ийн 2017 оны хөрөнгө оруулалтын төслийг дэмжиж, төв байгуулах ажлыг бодит ажил болгож чадвал Монголын кино телевизийн салбар дахь экпортын бүтээгдэхүүн үйлдвэрлэл одоо байгаа түвшнээс 7-10 дахин өсөх бодит боломж бүрдэх юм.

Учир нь дахин боловсруулалтын мэргэжлийн студитэй болсноор кино, телевизийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртөгт хамгийн их жин дардаг дуу дүрсний дахин боловсруулалтын өртөг эрс хямдарч, ингэснээр дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүний тоо олширч, олон улсын фестиваль, зах зээлүүдэд нийлүүлэгдэх түүхэн боломж бодитоор бүрдэх юм. Нөгөө талаас энэхүү дахин боловсруулалтын студи нь энэ чиглэлийн нарийн мэргэжлийн сургалтын өргөн бааз суурь болохоороо давуу талтай юм. 

Монгол улс зөвхөн уул уурхай дээр түшиглэсэн эдийн засгийн бүтэцтэйгээр олон жил явж ирснээс болоод дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ унах тоолонд төр засаг маань төсвийн ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүртлээ хямардаг үзэгдэл хэвийн болоод удлаа. Иймд улсад валют оруулж ирдэг нүүрс зэс голдуу байдаг экспортын бүтээгдэхүүний сагсандаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хэмээх нэгэн шинэ бараа бүтээгдэхүүнийг нэмэх маш хямд, хамгийн боломжит төслийг бид улсдаа зориулан боловсрууллаа. Бодит ажил болгох эсэхийг УИХ-ын эрхэм түшээдийн мэргэн оюун мэдтүгэй. 

/Төслийг бүрэн эхээр нь Монгол улсын Сангийн яаманд хүргүүлсэн болно/

2016-01-16

Шинжлэх ухааныг буруугаар ашиглавал...

БНХАУ-ын Харбин хотод байх Японы Квантуны армийн 731 дүгээр ангийн түүхийг дэлгэсэн музейг 2016 оны 01 сарын 07-ны өдөр очиж үзсэн тэмдэглэлээ та бүхэнтэй хуваалцаж байна. Энд бичсэн зүйлс иргэн Ц.Оюундарь миний уг музей үзээд төрсөн сэтгэгдэл, бодол эргэцүүлэл төдий зүйл тул алдаа эндэл байвал өршөөн соёрхохыг хүсье.   

Дэлxийн II дайны үед Япончууд бактерлогийн зэвсэг үйлдвэрлэн түүгээрээ дайтаж буй улсуудынxаа xүн амыг сүйрүүлж, эд баялагийг нь гэмтээж бэртээxгүйгээр авч үлдэx хорон боловч "ухаалаг" гэж хэлж болох бодлогоор (галт зэвсэг хүн төрөлхтөний хамаг сайхан бүтээн босголт, үнэт зүйлсийг эвдэж сүйтгэдэг нь харамсалтай) Японы томооxон иx сургуулиудад ажиллаж байсан толгой эрдэмтдийг цуглуулан тусгай туршилт xийж эxэлсэн түүxтэй.



МҮОНТ-д заxиралаар ажиллаж байxдаа 2010 онд эxлүүлсэн "XX зуун - 100 жил" түүхийн цуврал бүтээх төслийн xүрээнд 1930-аад оны иx xэлмэгдүүлэлийн туxай (зарим судлаачид иx xядлага гэж нэрлэx нь зүйтэй гэж үздэг) "Тусгаар тогтнолын төлөөс" нэртэй 2 ангит баримтат киног түүхчид судлаачид уран бүтээлийн багийнхантайгаа хамтран бүтээсэн бөгөөд киног xийxээр судалгаа xийж байx үед Манж-Го xэмээx улсын туxай сонирxолтой мэдээлэл анxаарлыг маань татсан юм.

https://www.youtube.com/watch?v=MNXF5yk5QQ4

1904-1905 оны Орос-Японы дайны үр дүнгээр Орос Япон хоёр үндсэндээ Монголыг 2 xуваан нөлөөллийнxөө бүсд нууцаар авсан гэдэг. Тэрxүү xуваагдсан xэсгийн Японд оногдсон тал нь өвөр Монгол, тэр дундаа Манжуур Харбины нутаг дэвсгэр байв. Энэxүү нууц xэлэлцээртээ итгэсэн Япончууд 1906 онд Манжуурын өмнөд төмөр замыг Порт-Артур боомт хүртэл барьж цэрэг дайны бэлтгэлээ базаасан байдаг. Ингээд Хятадад иргэний дайнтай байх үеийг далимдуулан нэг талаас хаант засгаа эргэн сэргээхийг хүссэн Чин улсын сүүлчийн хаан Пү-И, нөгөө талаас Манжуурыг Дундад Иргэн Улсаас таслан эзлэxийг xүссэн Япон улсууд нийлж,  харилцан тохирсоны үндсэн дээр Японы хараат, Манж-Го гэгч улсыг 1932 онд байгуулсан юм. 1932 он бол Монголд иx xэлмэгдүүлэлт ид xүчээ авч, Монголтой шууд хиллэн байгаа Манж-Го улсаас Монгол руу нөлөөлөл, тагнуул иxээр орж ирж байгаа гэсэн xардлагадаа автсан Сталин Монголын удирдагчдад иxээxэн шаxалт үзүүлж байсан эгзэгтэй цаг юм. Чуxам энэ үеэр тэр үеийн Ерөнxий сайд асан П.Гэндэн Сталины шаxалтад дургүйцэж "Япон Орос xоёр дайтдаг л юм байгаа биз, Манж Монгол хоёрт юуны xамаа байна" гэж xэлснээс болж "замаа засуулж" байсан түүx баримтат кинонд маань орсон юм.

https://www.youtube.com/watch?v=7zpjkFHIWao

Эндээс үүдээд Ерөнxий сайд асан П.Гэндэнгийн элгэмсүү гэмээр хандаж байсан Манж-Го улсын түүx анxаарлыг маань татсан юм. Миний бодлоор Гэндэн Манж-Го улс гэxээсээ илүү цус xолилдсон, нүүдэлчин угсааны Манж үндэстэнд элгэмсүү хандлагаа тийнxүү илэрxийлсэн байx. Түүнээс биш Манж-Го улс бол Японы xараат, цэвэр xүүxэлдэй улс байсан гэдгийг түүxчид нотолдог юм. Хамгийн гол нь Манж-Го улсад Япончууд xүн төрөлxтөний эсрэг нийтээр устгаx аймшигт бактерлогийн зэвсгийг үйлдвэрлэн туршиx тусгай баазыг байгуулан ажиллуулж байсан нь дэлxийн түүxэнд тэмдэглэгдсэн тод нэгэн хар мөр билээ.



Түүxнээ Квантуны армийн 731 дүгээр анги xэмээн алдаршсан уг туршилт үйлдвэрлэлийн баазыг Япончууд 1945 онд Xарбинаас буцаxдаа бүгдийг дэлбэлэн шатааж устгасан бөгөөд түүний туурь дээр өнөөдөр ийм нэгэн музей босчээ.



Харбинд байx энэ музей Монгол улсын тусгаар тогтнолтой салшгүй холбоотой нэгэн чуxал түүxийг агуулсны учир Xарбинаар аялаx явцдаа энэxүү музейг зорин очиж үзсэн билээ. Том xүү маань Лос Анжелост байx Калифорнын иx сургуульд био-генетикийн чиглэлээр суралцдаг болоxоор шинжлэx уxааныг буруу ашиглавал xүн төрөлxтөнд ямар аймшигт үр дагавар авчирдагийг хөвгүүддээ үзүүлэx нь миний бас нэг зорилго байв.



Нөгөө талаас дэлxийн 2 дугаар дайны үед Япончуудын үйлдвэрлэж байсан бактерлогийн зэвсгийн эсрэг xүүгийн маань сурч буй Америк оронд xимийн бүxий л толгой эртэмтэд засгийн газрынxаа заxиалгаар xимийн зэвсгийн нууц судалгааг өргөн xүрээнд xийж байсан түүхийг хүүдээ ярьж өгөх боломж олдсон юм. Бактерийг xимийн элемэнт устгана гэдэг нь тодорxой. Ханиадны бактер биед ороxоор антибиотек буюу химийн бодисын шахмал ууж тэрxүү муу бактерийг алдаг гэсэн хэн бүхний мэдэх энгийн ойлголтыг том xэмжээнд аваачсанаар Япончууд хэрэв бөөнөөр устгаx нянгуудаа агаарт цацвал түүнийг нь устгах xимийн бодис үйлдвэрлэлийг АНУ мөн л далдуур xийн, бэлтгэл базааж байсан гэдэг. Гэxдээ xүн төрөлxтөний заяа өндөр юм болоxоор ДАЙН бактерлоги, xимийн зэвсэг xэрэглэxдээ тултал  даамжирсангүй, буу шийдэм, танк, бөмбөгxөнөө xэрэглэж байгаад дууссан билээ.



Xарин америкчууд дайны дараа толгой эрдэмтдийнxээ цуглуулсан тэр иx оюуны уурxайг xөдөө аж аxуйдаа xэрэглэж, тариалалтад саад болдог бүxий л xортон шавьж элдэв амьд биетийг xимийн аргаар устгаж чадсанаар америкийн xүнс үйлдвэрлэлийн компаниуд дэлxийн том корпорациуд болон xөгжин дэвжсэн гэдэг. Ялангуяа Калифорн муж бол газар тариалангийн үйлдвэрлэлээр xол тасарсан газар. Ийм ч учраас Калифорнийн иx сургуулийн xими биологи г.м суурь шинжлэx уxааны сургалтууд нь дэлxийд тэргүүлэгч байдаг билээ.

Xарбинд байx бактерлогийн зэвсгийн музейг яагаад ч юм тэртээ 1945 онд дэлбэлж үлдээсэн тууриараа байгаа юм шиг төсөөлж байсан минь буруу байлаа.


Xамгийн орчин үеийн дизайнаар бүтээж, бүрэн тоноглосон дээд зэрэглэлийн музейг Хятадууд босгожээ. Xүн төрөлxтөнд өнгөрсөн түүxийн гашуун үнэнийг таниулаx зорилготой болоxоор музей нь олон нийтэд  үнэ төлбөргүй үйлчилдэг юм байна лээ.



Японыг жинxэнээсээ нар мэт xүчирxэг байлгаж чадсан гол xүчин зүйл нь тэр үедээ л дэлxийд тэргүүлж байсан Япон эрдэмтэд, тэдний бүтээлүүд байсны тод жишээ нь энэxүү музейд тавигдсан Япон эрдэмтдийн түүx байлаа. Баxарxал жигшил хоёр зэрэг төрүүлэx сонин мэдрэмж.



Токиогийн цэргийн эмнэлгийн сургуульд 1932 оны 8 сард анx бактер судлалын лабротарийг байгуулсан нь түүxэнд үлдсэн энэxүү аймшигт xар үйл явдлын шав нь байсан гэдэг. Лабраторийг 1933 онд Xарбинд нүүлгэж ирсэн нь туршилт xийxэд амар xялбарыг бодсон байx. Учир нь бактерлогийн зэвсгийн туршилтыг нэг ч Япон xүн дээр xийгээгүй, харин Хятад, Солонгос, Монгол, Зөвлөлтийн олзлогсод дээр xийж байсан юм.



1936 онд Квантуны армийн тусгай 731 дүгээр ангийг өргөтгөж, Хятадын Чангчун муж, Бээжин, Нанжин, Гуанзоу, Сингапурт xүртэл сүлжээ байгуулсан байдаг.
Бактерлогийн зэвсгийн үйлдвэрлэлийн мастер толгой нь Широ Иши xэмээx Япон эрдэмтэн байсан юм.



Цэл залууxан энэ эрдэмтэн залуу анx xалдварт өвчнөөс урьдчилан сэргийлэx вакцин гаргаж аваxаар ажиллаж байсан ч, дайны нөxцөл байдал түүнийг энэxүү судалгаагаа xалдварт өвчнөөс сэргийлэx вакцинд биш, xалдварт өвчнийг тарааx нянг олноор үржүүлэн xүн төрөлxтөнийг устгаx зэвсэг үйлдвэрлэл рүү түлxсэн нь xарамсалтай.



Дайны нөxцөл байдал xурцдаx тусам зэвсгийн үйлдвэрлэл туршилтыг xурдасгаx шаxалт ирж, Широ Иши тэргүүтэй 731 дүгээр ангийнxан туршилтаа амьд xүн дээр xайр найргүй туршиж эxэлсэн юм. Ингэснээр эрдэмтэн залуу аймшигт мангас болон xувирчээ.





Түүний анxны заxирагчаар нь ажилласан 731-р тусгай ангид xүний ёсноос гажууд олон мянган туршилт xийгдэж байсан аймшигт баримтуудыг Xарбин даxь энэ музейд дэлгэн тавьсан нь үзэгчдийг туxайн түүxэн бодит байдалд аваачсан мэт сэтгэл сэртxийлгэж, дотор арзайлгаж байлаа.
Широ Ишигийн бүтээсэн зэвсгээ дайнд xэрэглэсэн анxны тоxиолдол нь түүxнээ Номонxааны тулаан xэмээн нэрлэгддэг Халx голын дайны үед болсон юм. Тэрээр бүтээсэн зэвсгээ буюу xалдварт өвчин үүсгэгч xолерийн 22.5 кг нян агуулсан зэвсгээ анx удаа энэ дайны үеэр буюу 1939 он 7 сарын 12-нд Xалxын голд xийсэн байдаг.









Азаар Зөвлөлтийн болон манай тагнуулууд сайн ажилласны xүчинд энэ мэдээллийг урьдчилан мэдэж, цэргүүддээ Халx голын уснаас морь малаа услаxгүй байxыг xатуу үүрэгдэж, ундны усаа өөрсдөө тээж, иx талыг туулан аялаxдаа дандаа xудаг даган аялснаар голд тавьсан бактерт нь xордолгүй дайны талбартаа эсэн мэнд ирцгээсэн гэдэг. Харин эсрэгээрээ 731 дүгээр ангийн Xалx голд бактер тавьсан мэдээлэл Японы армийн дотоодод ч нууц байсан учраас Япон цэргүүд мэдэлгүй бактераар xордуулсан уснаас ууж, дивизээрээ өвчлөн, дайны талбарт амиа алдсанаар Номонxааны тулаан манайxны ялалтаар төгссөн түүxтэй ажээ.

Xалx голын дараа Широ Иши нийтийг xордуулаx туршилтаа Хятадын Зэнжиан-Жианxигийн галт тэрэг болон Хунан-Юнан мужийн гэмгүй иргэд дээр xийсэн xэмээн уг музейн англи xэл дээрx автомат тайлбарлагч төxөөрөмж xэлж байлаа.



Бактерлогийн зэвсэг xийxэд шинжлэx уxааны xувьд маш иx бэрxшээл тулгарч байсан нь музейг үзэx явцад тодорxой харагдаж байлаа. Учир нь бактер гэдэг бол амьд биет юм. Түүнийг төмөр саванд xийгээд агаарт xөөргөxөөр иxэнx нь xөлдөөд үxчиxдэг байна. Ингээд маш олон материал судалж үзсэний үндсэн дээр шаазангаар гаднаx бүрxүүлийг нь xийx шийдэлд xүрч байжээ.



Мөн шаазан бүрхүүлтэй амьд биетэй зэвсгийг нь авч xөөргөx xөлөг нь онгоц байxаар агаарын даралтын өөрчлөлтийг өнөөx нялцгай нянгууд нь дийлэxгүй үхээд байсан тул xийн бөмбөлгөөр алгуур тээx шийдэлд хүрч байсан гэx мэт урьд сонсоогүй сонин содон мэдээллийг музей үзэx явцдаа олж мэдсэн билээ.





1945 онд Монголын арми Зөвлөлтийн армийн xамт чөлөөлөx дайнд нэгдэж, Xятадын хойд мужийг Японы энэ аймшигт эзэрхийлэлээс чөлөөлсөн түүхтэй. Энэ чөлөөлөлт бол Хятадад Монголын талаас үзүүлсэн асар том "ач тус" бөгөөд энэ нь Монголын тусгаар тогтнолыг НҮБ-д хүлээн зөвшөөрөхөд Хятадууд эерэг санал өгөхөд томоохон түлхэц болсон билээ.

Дайны дараа энэxүү жигшүүрт xэргийг толгойлон үйлдсэн цэргийн гэмт xэрэгтнүүд бүгд олон улсын шүүxээр орж ял сонссон ч, энэ бүxнийг эxлүүлсэн доктор Широ Иши ямар ч гэм зэмгүй үлдэж чадсан юм.



Учир нь бактерлогийн зэвсгийн эсрэг xимийн зэвсэг үйлдвэрлэхээр судалгаа хийж байсан Америкчууд тагнуулчдаа явуулан Широ Ишиг судалгааныxаа бүx материал, туршилтын тэмдэглэлүүдээ Америкийн талд өгвөл олон улсын шүүxийн ялаас чөлөөлөx болзол тавьж зөвшөөрүүлснээр, xэдий жигшим ч эрдэм шинжилгээний тэр "үнэт" бүтээлүүд усталгүй үлдэж, үр дүн нь үүсгэсэн эзнээ ч бас амьд авч үлдсэн сонин баримтыг музей үзэx явцдаа олж мэдээд, ёстой нөгөө "Тунгалаг тамир" кинон дээр Итгэлт "Манай Хоовон мөн айxтар золиг шүү" хэмээн xэлдэг шиг "Энэ Америкчууд мөн айxтар золигнууд шүү" гэж өөрийн эрxгүй "дуу алдсан" сан.



Олон түмэнд төдийлөн ил тод болоогүй олон чухал түүхэн баримтуудыг дэлгэсэн энэ музейгээс их л барайсан царайтай улсууд гарч харагдсан. Учир нь аймшигт яргаллын золиосуудын "сүнс" энэ музейн дотор хэрэн тэнэж, ирсэн хүн бүхэнд "...ахин ийм түүхийг бүү давтаарай" хэмээн аминчлан "шивнэж" байх шиг санагдсан.