Сэтгүүлч Б.Янжмаа надтай хийсэн ярилцлагаа "Ц.Оюундарь: Надад сайд болох амбиц байгаагүй" гарчигтайгаар "Өдрийн сонин"-ы 03 сарын 15 буюу өнөөдрийн дугаарт нийтлэжээ. "Өдрийн сонин" уншиж амжаагүй, захиалаагүй, хүрч очдоггүй олон найзууддаа зориулж, уг ярилцлагыг сийрүүлэн блогтоо оруулж байна.
-Та Олон улсын манлайлагч хөтөлбөрт хамрагдаж байгаа гэсэн үү. Ингэхэд манлайлагчид юун тухай ярилцдаг вэ?
- Их Британийн Засгийн газрын “Олон улсын манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа. Орон орны салбартаа тэргүүлэгч хүмүүсийг цуглуулж, олон улсын түвшинд ирээдүйд тулгарах бэрхшээлүүдийг хамтын ойлголцлын аргаар хэрхэн шийдэх арга замыг ярилцдаг зөвлөгөөний байгууллага. 2013 оноос Их Британийн Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн юм билээ.
-Ирээдүйд тулгарах бэрхшээлийг хамтын ойлголцлын аргаар шийднэ гэхээр сонирхолтой юм аа?
-Дэлхий нийтийн үнэт зүйл өөрчлөгдөж байна шүү дээ. Бид даяарчлагдсан дэлхийд амьдарч байна. Нэг улс зөвхөн өөрийнхөө хүчээр хөгжинө гэж үгүй болсон. Бүгд нэг нэгнээсээ хамааралтай болсон. Энэхүү харилцан хамааралтай болсон дэлхийд гол рольтой улс орнууд ямар шийдвэр гаргахаас шалтгаалж, дэлхий нийтийн эдийн засаг, худалдаа, улстөр, хөгжлийн бодлого өөрчлөгдөхөд хүрч байна. Жишээлбэл бид саяхан л ардчилсан хувьсгал хийчихлээ гээд зах зээлийн эдийн засгийг хөгжүүлнэ гээд явж байтал өнөөдөр барууны эдийн засгийн онол бас өөрчлөгдөөд эхэллээ. Д.Трамп гарч ирээд Хятадтай хийх худалдаа эдийн засгийн харилцаагаа эрс хязгаарлана, Америкаа агуу болгоно гэж зарлахад “Тэгвэл Америкгүй дэлхийд бид хэрхэн ажиллах вэ” гэдэг асуулт аргагүй гарч ирж байна. Нэг ийм шийдвэрээс шалтгаалж бүс нутгийн эдийн засаг, худалдаа, ядуурал, ажлын байр гэх мэт маш олон асуудалд шинэ шийдэл нэхэгдэнэ гэх мэтээр ярилцсан. Европ гэхэд л Их Британийн Засгийн газар өөрсдөө ч сонгуулийн дүнд бэлэн байгаагүй үед ард түмэн нь Европын холбооноос гарна гэсэн шийдвэр гаргачихсан. Одоо түүнийгээ яаж хэрэгжүүлэх вэ гээд бөөн бодлого болж байна. Бидний жишигээ болгож ирсэн улсууд өнөөдөр агуу гүрэн байхаа больж байгаа үед бид тэдэнтэй яаж харьцах вэ, шинээр дараагийн агуу гүрэн хэзээ төрөн гарах вэ зэрэг олон асуудлаар хамтарч ярилцсан. Энэ яриа зөвлөгөөн цаашид ч тасралтгүй үргэлжлэх байх.
-Сүүлийн гурван зуун жил хоёр том хөрш маань Монголоос шалтгаалахгүйгээр шийдвэр гаргаж ирлээ. Харин даяаршил Монголд боломж олгох уу, ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
- Танилтай бол талын чинээ гэдэг бодлого бол олон улсын тавцанд маш зөв бодлого. Хувь хүн ч танилтай бол олон асуудлыг шийдэж чаддаг шүү дээ. Бид зөвхөн хоёр хөрштэйгээ л харьцаад байх юм бол дэлхий ертөнцөд үл танигдсан хаагдмал орон болчихно. Иймд олон улсын хүрээнд аль болох танилын хүрээгээ өргөжүүлэх ёстой. Тэгж байж Монгол Улс өөрийгөө хүлээн зөвшөөрүүлнэ. Өнөөдрийн байгаа нөхцөл байдал, зуун жилийн өмнөхөөс нэг их ялгаагүй дээ. Угаасаа л Монгол Улс хоёр хөрш, бусад орнуудад өөрийгөө яаж хүлээн зөвшөөрүүлэх вэ гэсэн асуултанд хариулах гэж байнга л хичээж ирсэн. Гэхдээ хоёр хөршийн хувьд хоёулаа авах сонирхолтой, гээх сонирхолгүй учраас бидний оршин тогтнох нэг том баталгаа тэр байж ирсэн. Хэн нь ч нэгэндээ Монголыг найр тавихгүй, бас алдахыг хүсэхгүй нөхцөлд байгаа нь бидний давуу тал. Тийм учраас дэлхийн тавцанд аль болох олон танилтай л байх учиртай. Энэ тал дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хугацаанд гайгүй ажилласан гэж боддог. Бусад асуудлаар алдсан оносон байхыг үгүйсгэхгүй.
-Гурван улсын Ерөнхийлөгч уулзаж байгаа нь хэлбэрийн хувьд Монголыг тоож байгаа юм шиг харагдана л даа. Үнэхээр агуулгын хувьд биднийг тоох шалтгаан байгаа болов уу?
-Ерөөсөө тоохгүй байсан бол хэлбэрдэх ч шаардлага байхгүй шүү дээ.
-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн үед Хятадаас өөр манайд мөнгө өгөх улс орон олдохгүй боллоо гэдэг нь олон хүнд болгоомжлол төрүүлж байх шиг?
-Бид дэлхийн бүх орнууд тэмүүлж байгаа хоёр том зах зээлийн хажууд байгаа шүү дээ. Тархи толгойд байгаа үзэл суртлаасаа ангижраад зүгээр л дэлхийн хамгийн том зах зээл гэж хармаар байгаа юм. Гэтэл тэр том зах зээлд хүрэх гэж олон улс орнууд далайн чинадыг гатлан очиж байна. Гуравдагч ямар ч улстай бид харьцсан энэ хоёр хөршөөр заавал дамжина. Түүнээс биш хятад хүнтэй харьцахаар хятад болчихгүй шүү дээ.
-Олон нийт хуучин улс төрчид, увайгүй тоглоомын дүрмээс залхаж байна. Шинэ зарчимтай улстөрчид хэзээ гарч ирэх бол. Тийм боломж харагдаж байна уу?
-Бид социализмын үед өссөн, дайсагналцсан, хувьсгалжсан сэтгэхүйтэй. Нэг юмыг хийхийн тулд нөгөөг заавал устгах гэж үздэг. Юм бүхэн хувьсгалын аргаар явдаггүй. Шилжилт хийгддэг. Энэ нь цаг хугацаа шаардана. Шинэ хүмүүс гарч ирж, шинэ дүрэм зохиогдож, шинэ зарчим үйлчилж болно. Гэхдээ хуучин хүмүүс тэрийг шилжүүлж авч явна. Аль нь хүчтэй түрж орж ирж байна, түүгээрээ л явна. Түүнээс биш хуучин хүмүүсээсээ бүгдээс нь татгалзаад, шинэ хүмүүс гаргаж ирнэ гэж байхгүй. Дараа дараагийн үе нь шинэ зарчим, дүрэм, үзэл санаагаараа олонхийг дагуулж чадвал хуучныгаа аяндаа түрээд л гарч ирнэ. Энэ бүхэн цаг хугацааны л асуудал. Өнөөдөр шинэчилье гэж яриад дүрмээ өөрчилж байна, зарчмаа тодорхойлж байна, дотоод ардчиллыг хөгжүүлэх гээд нийтийн дундаас намын даргаа сонгож чадаж байна. Фракцыг устгая гэнгүүт устахгүй шүү дээ. Түүнийг чинь хүн тээж яваа. Механикаар устгагдахүйгээс хойш түүнгүйгээр асуудлыг шийддэг өөр зарчим гаргаж ирэх гэж эрэлхийлээд нийтийн дунд сунгаа явууллаа. Энэ үйл явц удаан хугацаанд үргэлжилнэ. Үүнийг нэг хэсэг нь үл итгэж хүлээж авна. Нэг хэсэг нь эргэлзэнэ. Энэ бүхнийг тэвчих, хүлээн зөвшөөрөх, итгэхгүй байгаа улсуудад итгүүлэхийн төлөө хэрхэн ажиллах нь намын даргын асуудал.
-Та бол хүний хуучныг дэмжсэн үү, шинэ хүмүүс гарч ирэх ёстой гэдэг хүлээлттэй санал нийлж байв уу?
- Би тухайн үедээ олон нийтийн ажил хийж байсан учраас намын сунгаанд шууд оролцох боломж байгаагүй. Гэхдээ хөндлөнгөөс хараад дотор хүнд маань хоёр янзын зөрчил үүсч байлаа. Нэгдүгээрт нь олон нийтийн яриад байгаа шинэ үеийг гаргаж ирэх, дэмжих гэдэг утгаараа Л.Гантөмөр байна уу, Ж.Батзандан нь байна уу дэмжиж болмоор. Гэтэл нөгөө талаасаа бид ямар тавцан дээр тоглож байгаа билээ. Олон жилийн туршлагатай бурхи гэж болохоор улстөрчид голлосон, тоглоомын дүрэм нь бохир тавцан дээр байна. Энд соёлтой, зодоонд оролцож үзээгүй залуу хүн туршлагагүйтэх магадлалтай гэсэн эргэлзээ байнга төрж байсан. Эргэлзээ олон хүнд байвал дараагийн хүн гарч ирдэггүй. Шинэ хүнийг сонгож гарч ирэх хөрс суурь нь одоохондоо бий болоогүй л байна гэсэн үг. Тийм учраас хуучин хүн нь дээр гэж олонхи нь бодсон байна шүү дээ. Түүнийг нь хүндэтгээд явахаас өөр замгүй.
-Та гэнэт АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болсон нь цочир сонин байсан л даа. Б.Дэлгэрмаа генсекээр ажиллаж байхдаа төмөр хатагтай гэдэг хоч хүртсэн. Та бол ямар нэгэн хочгүй үлдсэн санагдана. Гэсэн ч намын гал тогоонд ширүүхэн үзэлцэх хэрэг гардаг байх?
-Хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг юм болсон. 2012 онд нам ялсан, бүх хүн төрийн албанд оччихсон, нам дээр хүн байгаагүй. Гэтэл намын өмнө орон нутгийн, Ерөнхийлөгчийн гээд хоёр том сонгууль байсан. Энэ хоёр сонгуулийг удирдах хүн гэдэг утгаар л намайг тавьсан болов уу. Түүнээс биш намайг сонгодог утгаараа улстөрийн гал тогоонд хутгалдуулахаар оруулсан гэж боддоггүй. Өгөгдсөн үүрэг даалгаврыг амжилттай хэрэгжүүлээд, намаа гурван сонгуульд ялуулсан. Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, 2014 оны Говь-Алтай аймгийн дахин сонгуульд ялуулаад, үүргээ биелүүллээ гэж үзээд ажлаа өгсөн юм. Нэг их аймаар үзэлцээд байх ч юм болоогүй, сонгуулиас сонгууль гэсээр байгаад дууссан шүү дээ.
-Өмнө нь Засгийн газар байгуулж байхад таны нэр сайдад яригдаад байсан. Та сайд болох амбицтай юу эсвэл зүгээр л гэрэл цохиулах зорилгоор таны нэр яригдсан юм болов уу ?
-Тэр бол зүгээр л таамаг байсан. Надад тийм амбиц байгаагүй.
-Таныг хаана юу хийж байгаа бол гэж хүмүүс сонирхож байгаа. Ирээдүйгээ хэрхэн төлөвлөж байна даа?
-Мэдээж эхлүүлсэн олон ажил байсан. Уран бүтээлчийн хувьд 2010 оноос хойш ажиллаж байгаа түүхэн баримтат кино цувралууд бий. Түүн дээрээ үргэлжлүүлэн ажиллана. Маш их ажилтай байсан учраас тэднийгээ энд тэндэхийн фестивальд явуулах, чулуу болгоход цаг зарж байгаагүй. Бүтээлийг үзсэн залуус “Сургалт хийж өгөөч, зохиолоо үзүүлээч” гэж их хүсдэг. Тиймэрхүү ажилдаа цаг гаргана. Дор хаяж 10 гаруй баримтат кино бичсэн байна. Түүхэн баримтат кино бичих арга туршлагаараа гарын авлага маягтай ном хийх санаатай. Угаасаа энэ чинь Берклид үзсэн мастерын хичээлийн нэг хэсэг шүү дээ. Би яруу найргийн орчуулгад нэлээд цаг зарцуулсан. Өнгөрсөн хугацаанд нэлээд хэдэн шүлэг орчуулсан. Энэ наймдугаар сард Дэлхийн яруу найргийн академийн ээлжит их чуулган болох юм. Түүнийг угтаж, Америк яруу найргийн орчуулгын ном гаргах бодол бий. Уран бүтээлдээ зарцуулах хувь хүний төлөвлөгөө нэг иймэрхүү. Бас нэг төсөл эхлүүлж байгаа. Европт амжилттай хэрэгжүүлээд, Дундад Азид одоо хэрэгжиж байгаа. Ази номхон далайн бүсэд 2018 онд нээхээр бэлтгэж байгаа “Ирээдүй хойч үеэ тандан судлах” ЮНЕСКО-гийн том төсөл бий. Энэ төслийн удирдагчаар ажиллаж байгаа. Европийн дөрвөн том сэтгэл зүйч эрдэмтэн 156 сэтгэл зүйн асуулттай судалгаа эхлүүлсэн юм байна л даа. Түүнийгээ ирээдүйг авч явах 18-20 насны залуучуудаар бөглүүлж үзжээ. Францын телевиз түүнийг нь сайшаан шүүрч авчээ. Бид залуусаа таньж мэдэж байж, ямар бүтээгдэхүүн хийх вэ, ямар нэвтрүүлэг хийх вэ, ямар тогтолцоог бий болгох вэ гэдгийг тодорхойлно. Капитализм, коммунизм гээд хар, улаан өнгө байсан. Берлиний ханаар тусгаарлагдсан систем задран унахад бид барууныхныг харж дуурайсан болохоос биш, яг энэ дайсагналцалгүй дэлхий дээр хэрхэн яаж оршихыгоо бүрэн тогтоож чадаагүй. Берлиний хана нурсан ч үзэл бодол, угаагдсан тархи толгой, бүх юм хэвээрээ үлдсэн. Энэ бүхэн яваандаа байхгүй болж, шинэ үнэт зүйлийг энэ хүмүүс бий болгоно. Иймд эднийгээ маш нарийн судлах ёстой юм байна гэсэн судалгааны сонирхолтой төсөл юм. Вэб сайтыг нь Монголдоо нээж, дэлхий нийтийн харьцуулсан судалгаанд монгол залуусаа оруулах ёстой. Эндээс маш сонин дүгнэлтүүд гарна. Үүнд цагаа зарцуулъя гэж бас бодож байна.
-Улс төрчийн хувьд хүсэл мөрөөдөл бий юу?
-Нэг хэсэг улс төрөөс хол байж, олон нийтийн ажил хийж байсан учраас одоохондоо улстөр рүү шууд шумбаад орчихъё гэсэн бодол алга. Ажиглагчийн байр суурьтай байгаа. Мэдээж дүүргийн намдаа бүртгүүлээд, намын гишүүнчлэлээ сэргээсэн.
-Сэтгүүлчдийн хувьд таны нэг өгүүлбэр содон туссан. Карьераа ахиулахын тулд улс төрийг ашиглах ёстой гэлүү?
- Энэ нийгэмд мэргэжлийн хүмүүс мэргэжлээрээ карьер хийх боломжгүй байна. Заавал улстөрөөр дамжиж шат ахидаг гажиг тогтолцоо бий болчихсон. Энэ салбарт гайгүй юм хийчихье гэхээр радио телевиз гэдэг маань техник хөрөнгө оруулалтаас маш их хамаардаг. Шийдвэр гаргадаг, мөнгө зарцуулдаг түвшинд хүрье гэвэл заавал улс төр рүү орох ёстой болдог. Салбартаа ажил хийх боломжийг л эрэлхийлсэн хэрэг шүү дээ.
-Ингэхэд та ОНРТ-ийн захирлын ажлаа өгөхгүй гэж нэлээд “гүрийлээ”. Нэгэнт өөр нам гарч ирсэн юм чинь энэ суудлыг яаж ийж байгаад булааж авах нь тодорхой байсан л даа. Та юунд найдсан юм бэ?
-Бид чинь эрх зүйт нийгэм байгуулахаа Үндсэн хуулиндаа тунхаглачихсан шүү дээ. Эрх зүйт нийгэм гэдэг маань хуулийн өмнө үнэмлэхүй олонх болсон ч бай, ялагдсан ч бай, эрх мэдэлтэй ч бай, үгүй ч бай, бүх хүн тэгш эрхтэй байж , хууль зарчим нэг ижил үйлчлэхийг хэлдэг. ОНРТ-ийн хуульд тэр 15 хүн л ерөнхий захирлыг сонгоно гэж заасан. Ерөнхий захирал нь аль нэг намаас тавигдсан бол дараагийн нам ялахаараа авч хаяна гэсэн хуулийн заалт байхгүй. Үнэмлэхүй ялсан гэж эрдэж бардаж, бүх төрлийн шалгалт оруулж, ажлыг маань авах гэж улайран тэмцсэн нь энэ нам зарчмыг уландаа гишгэснийг л харуулсан. Түмэн янзын шалгалт орсон. АТГ ч найман сараас шалгасан. Надаас юу ч гарахгүй гэдэгт итгэлтэй байсан учраас “гүрийсэн”. Тэгээд шалгалт оруулаад дийлэхгүй болохоороо УИХ оролцож улс төржсөн дүгнэлтүүд гаргаж байгаа юм. Ийм буруу жишиг тогтож байгаад харамсч байна. Өмнө нь сайн муу хэлүүлж байсан ч Наранбаатар гэдэг хүн есөн жил тогтвортой ажилласан. Яагаад гэхээр тэр бүх хугацаанд дандаа хамтарсан засагтай байсан юм билээ. Аль аль нь унагачихвал өөрийнхөө хүнийг томилж чадахгүй гэсэн айдас байсан. Гэтэл одоо үнэмлэхүй ялангуутаа хүч түрж байна. Зарчим байхгүй болсон. Үлгэр дуурайл болох ёстой ах нам ОНРТ-ийн хуулийн үзэл санаа, зарчмыг хүндэтгээд ганцхан жил тэсэх боломж байсан. Гэвч тийм алсын хараа дутаж, адгуу, атгаг байсанд нь харамссан.
-Сэтгүүлзүйн чиглэлээр Берклид ном сонссон хүн та л байна. Сэтгүүл зүй хаашаа явж байна вэ. Задлан шинжилсэн сэтгүүл зүй Монголд хөгжихгүй байна гэж та хэлсэн байна лээ?
-Мэдээллийн эрин зуун, нийгмийн сүлжээ хөгжсөнөөр эх сурвалжийг сэтгүүлч хайж явах шаардлагагүй болж байна. Эх сурвалжийг улстөрчид өөрсдөө сошиалаар тавьчихдаг болсон. Би ийм үзэл бодолтой байна. Ийм хуулийн төсөл дээр ажиллаж байна гээд. Урьд нь үүнийг сэтгүүлч гүйж очиж авдаг, эрж хайж олдог байсан. Гэтэл одоо бүх юм нээлттэй болчихлоо. Энэ олон мэдээллийн эх сурвалжуудыг задлан шинжилж, дүгнэлт хийж, урьд хойчтой нь харьцуулж, түүхийг нь эрэн сурвалжилдаг хэлбэр дутагдаад байгаа юм. Энэ хүн ийм чиг баримжаатай учраас ингэж яриад байгаа юм, өмнө нь ингэж ярьж байсан хүн өнөөдөр ингэсэн байна гээд анализ хийдэг баймаар байгаа юм. Энэ хүн худлаа ярьж байна уу үнэн ярьж байна уу гэдгийг уншигч тэр анализаас үүдэж дүгнэлт хийдэг байх ёстой. Гэтэл мэргэжлийн сэтгүүлзүй маань энэ ажил руу орохгүй сошиал медиа, иргэний сэтгүүлзүйтэй зэрэгцээд адилхан мэдээлэл тавиад байна. Гэтэл тэр мэдээллийг чинь сэтгүүлчтэй сэтгүүлчгүй хүн олоод мэдчихдэг болсон байна. Иймд сэтгүүлчийн ажил илүү гүнзгийрэх ёстой. Олон жил сэтгүүлчээр ажилласны хэрэг юу билээ. Урьд нь хэн юу ярьсныг, яаж ийж байсныг мэднэ. Гүнзгийрэх боломж бааз суурь мэргэжлийн сэтгүүл зүйд бий.
-Мэргэжлийн сэтгүүлчид, сошиал медиа гээд тулалдаад байдаг. Сошиалтай сэтгүүлч яаж амжилттай хамтарч ажиллах вэ?
-Миний ойлгож байгаагаар сошиалыг гурван янзаар ашиглаж болно. Нэгдүгээрт мэдээллийн эх сурвалж болгож ашиглана. Хоёрдугаарт нь хийсэн бүтээлээ хүмүүст хүргэх, маркетингийн чиглэлээр ашиглаж болно. Гуравдугаарт хийх гэж байгаа юмандаа олон нийтийн оролцоог хангахад ашиглаж болно. Би энэ сэдвээр материал бичих гэж байна гээд сошиал дээр тавихад маш олон сонирхолтой эх сурвалжууд гэнэт гарч ирдэг. Оролцоог хангах буюу гурав дахь чиглээр Монгол HD-гийн Э.Лхагва харин гайгүй үр дүнтэй ажилладаг. Хэлэлцүүлгийнхээ сэдвийг урьдчилж тавиад, сонирхолтой санаа оноо хэлсэн хүмүүсийг нэвтрүүлэгтээ уриад оролцуулж байгаа харагддаг. Энэ мэтээр нийгмийн сүлжээг үр дүнтэй ашиглаж чадвал уламжлалт хэвлэл мэдээллийн салбарт хөгжлийн боломж бий.