Гэр хороололд амьдардаг Доржийнх гэдэг айл 10 жилийн дотор зөвхөн гар утсаа л гэхэд хэд хэд сольж, гэр бүлийн нийт гишүүдийнхээ дүнгээр авч үзвэл дунджаар 4 сая төгрөгийг гар утас, түүний шинэчлэл болон хэрэглээнд зарцуулжээ. Харин 10 жилийн туршид тэднийд огт өөрчлөгдөөгүй нэг зүйл бол гэр бүлийн бүх гишүүдийн өдөр тутам, бүр өдрийн хэд хэдэн удаа тогтмол ордог өнөөх л нүхэн жорлон нь! Энэ бол өнөөдөр болсон Дэлхийн жорлонгийн өдрийн нэгдсэн арга хэмжээ, "Жорлонгоо өөрчилье" номын нээлтийн эхэнд үзүүлсэн видео танилцуулгын гол агуулга. Хүн амьдралынхаа нэгэнт хэвшсэн дадал хэвшлийг өөрчилье гэж огт боддоггүй, харин бусдыг дуурайн шинэчлэл хийхдээ хэр сайн, бас хэр их хөрөнгө оруулалт хийж чаддагийн жишээ энэ. Чухам ийм л учраас "Хүн хэлэхээс наашгүй" хэмээх мэргэн үг гарсан болов уу.
Хөрсний бохирдлын эх үүсвэр, гол хүчин зүйл болж буй нүхэн жорлонг өөрчилж, байгальд ээлтэй, эдийн засгийн эргэлтэнд орох боломжтой жорлонгуудыг барьж байгуулах ажилд сүүлийн хэдэн жилийн турш тууштай зүтгэж буй “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Мобиком корпораци, Улаанбаатар Ротари клуб, “Wash Action of Mongolia” ТББ, НҮБ, “Гэр” Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчны Зураглалын Төв, Нутгийн шийдэл сан гэсэн 7 байгуулага энэ жилийн “Дэлхийн жорлонгийн өдөр”-өөр хамтдаа цуглажээ. Тэд хийсэн бүтээснээ олон нийтэд танилцуулах, алдаа оноогоо цэгнэн ярилцах, мөн шинэ шийдэл, түүнтэй холбоотой бизнесийн санаа, боломжуудыг танилцуулсан “Нутгийн шийдэл” сангийн “Жорлонгоо өөрчилье” номын нээлтийг хийж, тэрхүү номоор дамжуулан иргэдэд жорлонгоо өөрчлөх санаа сэдлийг өгч, оюун санааны “хувьсгал” хийх зорилгод эргэлт буцалтгүй нэгдсэн ажээ.
Жорлонг өөрчлөх хөдөлгөөн нэлээн хэдэн жилийн өмнөөс эхэлсэн боловч, энэ өдрийг хүртэл тэд үйл ажиллагаагаа өргөн хүрээнд нэгтгэж байсангүй, тус тусдаа, эсвэл ганц хоёроороо нэгдэн ажилласаар иржээ. Тухайлбал,
· “Дэлхийн зөн” ОУБ, Мобиком корпорациуд нь “Ариун цэвэр эрүүл ахуйн байгууламж” төслийг санаачилан, 4 жилийн дотор 16 аймгийн 58 сумын сургууль, цэцэрлэгийн 45,000 орчим хүүхэд багачуудыг жилийн дөрвөн улиралд халуун, хүйтэн усаар гар угааж, боловсон бие засах орчныг бүрдүүлж чаджээ.
Сумдын сургуульд суралцагч багачуудад онцгой ач холбогдолтой уг төсөлд нийгмийн хариуцлагатай бусад компани, аж ахуй нэгж, олон улсын байгууллагуудыг мөн хамруулснаар уг төсөл нь жил ирэх бүр хүрээгээ тэлэн өргөжсөөр байгаа юм байна.
Тэгвэл “WASH Action of Mongolia” (Ус ариун цэвэр эрүүл ахуйн дэвшлийн төв) ТББ нь ариун цэврийн байгууламжийн олон хувилбаруудыг туршин монгол орны цаг уур, монгол хүний аж төрөх ёсны онцлогт тохирсон шийдлүүдийг бий болгох, цэцэрлэг сургуулийн ус хангамж, ариун цэврийн байгууламжийн нөхцлийг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр тогтвортой ажиллаж байна. 2017 онд НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран УБ хотын БЗД-ын 6-р цэцэрлэг, 85-р сургуульд шинээр ариун цэврийн байгууламж барьж ашиглалтанд оруулжээ. Эдгээр 4 байгууллагын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудыг дүгнэн, “WASH Action of Mongolia” ТББ-ын Эрүүл ахуйн сургалт сурталчилгааны менежер П.Ариунаа илтгэл тавилаа.
Тэгвэл “WASH Action of Mongolia” (Ус ариун цэвэр эрүүл ахуйн дэвшлийн төв) ТББ нь ариун цэврийн байгууламжийн олон хувилбаруудыг туршин монгол орны цаг уур, монгол хүний аж төрөх ёсны онцлогт тохирсон шийдлүүдийг бий болгох, цэцэрлэг сургуулийн ус хангамж, ариун цэврийн байгууламжийн нөхцлийг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр тогтвортой ажиллаж байна. 2017 онд НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран УБ хотын БЗД-ын 6-р цэцэрлэг, 85-р сургуульд шинээр ариун цэврийн байгууламж барьж ашиглалтанд оруулжээ. Эдгээр 4 байгууллагын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудыг дүгнэн, “WASH Action of Mongolia” ТББ-ын Эрүүл ахуйн сургалт сурталчилгааны менежер П.Ариунаа илтгэл тавилаа.
110 жилийн өмнө АНУ-ын Чикаго хотноо нийтийн болон ажилчдын жорлон барьж байгуулахыг эздээсээ шаардсан ажилчдын тэмцлийг дэмжиж, Ротари клуб анх 1907 онд АНУ-ын Чикаго хотноо ариун цэврийн шаардлага хангасан боловсон жорлон барих сайн дурын ажил өрнүүлж байжээ. Өдгөө дэлхий даяар 33,000 салбар клубтэй уг байгуулагын Монгол дахь салбаруудын нэг болох Улаанбаатар-Ротари клуб 110 жилийн өмнөх энэ түүхийг Монголдоо үргэлжлүүлж, 2005 оноос хойш Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, гэр хороолол, орон нутгийн 20 орчим сургуулиудад эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газар, халуун усны газрыг клубынхээ гишүүдийн хөрөнгө, хүчээр бүтээн босгосон тухай бодит түүхийг Улаанбаатар Ротари клубын 9-р бүсийн дэд захирал А.Мөнхжаргал илтгэлээ.
Саахалтын зайд барьдаг халхавч төдий нүхэн жорлонг суурин газрын шигүү нөхцөлд айл бүхэн хэрэглээд удахлаар газрын хөрс төрөл бүрийн нянгаар маш гүнзгий хорддог байна. Бид хэр шигүү амьдарч, хэр их хэмжээгээр хөрс, хүрээлэн буй орчноо бохирдуулж байгаагаа тэр бүр сайн мэддэггүй. Харин яг газрын зураг дээр бодитоор үзүүлсэн зураг үзээд иргэд ч, айл өрх ч, шийдвэр гаргагчид ч нэгийг бодож, хамтын шийдвэр гаргахын ач холбогдлыг ойлгодог байна. Чухам ийм ажлыг гардан хийж буй "Гэр Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчны Зураглалын Төв" нь иргэдийн оролцоогоор дамжуулан хотжилтын тогтвортой, тэгш хүртээмжтэй хөгжлийг дэмжих зорилготой төрийн бус байгууллага бөгөөд хурдацтай тэлж буй хотжилт, байгаль орчны тулгамдсан асуудлуудтай холбоотой шийдвэрүүдэд бодит мэдээлэл, судалгаа шинжилгээн дээр үндэслэсэн иргэдийн оролцоотой нөлөөллийг идэвхжүүлэх чиглэлд тогтвортой ажиллаж буй судалгаа, нөлөөллийн байгууллага юм.
Ингэхдээ амьдрах орчны газрын зураглал ашиглан газрын зураглалын зорилго, ач холбогдлын талаар иргэдэд ойлгуулж, сурталчилах, уулзалт сургалтуудыг зохион байгуулсаар иржээ. Хориодхон настай мэргэжлийн хэдэн залуусын санаачилгаар хийгдэж буй энэ ажил дараагийн боловсон жорлонгоо хаана юуг үндэслэн сонгож барих вэ гэсэн шийдлийг гаргахад Ротари клуб, Мобиком, Дэлхийн зөн гэх мэт бодит бүтээн байгуулалт хийж буй газруудад ихээхэн тустай ажээ.
Хүн ам шигүү суурьшсан газруудад нэг хашаанд дунджаар 2-3 айл байдаг бөгөөд айл бүрийн 4-5 хүний өдөр бүрийн 3-4 удаагийн хэрэглээ нь газрын гүний хөрсөнд оршдог үй түмэн усан судлуудыг нэвчиж, бидний амин хэрэглээ болсон газрын гүний цэвэр усны нөөцийг хордуулж эхэлжээ. Өнөөдөр байр орон сууцанд боловсон жорлондоо тухалж байгаа хүмүүст нүхэн жорлонгийн шинэчлэл огт хамаагүй мэт ойлгогдох боловч, харамсалтай нь бодит амьдрал дээр бидний газар доорх усны нөөц нэг л болохоор тэр нөөц бохирдвол байрны хүмүүс ч өтгөний нянгаар өвчлөх, халдварлах магадлал өндөр болоод байгаа юм. Чухам ийм л учраас Жорлонгийн шинэчлэлийг нэн даруй, хүн бүрийн оролцоотойгоор эхлүүлэх, өрнүүлэх шаардлагатай байгаа юм байна.
Энэ л зайлшгүй шалтгаанаар "Дэлхийн жорлонгийн өдөр"-өөр нэгдсэн 7 байгууллагын нэг болох "Нутгийн шийдэл" сан 7 жилийн өмнө буюу 2010 онд анх “Орчны эрүүл мэндийн тухай иргэний нөхөрлөлийн гарын авлага” номыг орчуулан гаргаж, Монгол орны бүх аймаг, сумдын сургууль, эмнэлэг, номын сангуудад хүргүүлж байсан нь хүн бүрийг мэдээлэлжүүлэх аяны анхны түүчээ нь болсон юм. Харин 2015 оноос эхлэн “Олон улсын андуудын Монголын тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутагт эко жорлонгийн шийдэл бий болгох ажлыг зохион байгуулж, оюутны 14 багийг сургалтад хамруулан, давхардсан тоогоор 5 аймаг, нийслэлийн 6 дүүрэгт төсөл хэрэгжүүлж, нийт 50 гаруй жорлон барьж байгуулан, туршжээ. Эдгээр туршлагадаа тулгуурлан “Жорлонгоо өөрчилье” номыг санаачилан хэвлүүлснээ өнөөдөр нээлээ. Номын зохиогч, "Нутгийн шийдэл" сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл дэлхийн олон оронд хэрэгжиж байгаа хамгийн хямд төсөр, хамгийн энгийн, Монголд шууд аваад хөрвүүлээд хэрэгжүүлэх боломжтой технологиудыг нэгтгэснээ тоймлон тайлбарласан нь ихээхэн сонирхолтой байлаа.
"Дэлхийн жорлонгийн өдөр"-ийн нэгдсэн арга хэмжээ болон "Жорлонгоо өөрчилье" номын нээлтэд зориулан НҮБ-ын Хүүхдийн сангийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн зөвлөх Ким Хан Чул үг хэлсэн юм. Тэрээр Дэлхийн хүн амын эрүүл мэндийн асуудалд хамгийн том өөрчлөлтийг вакцин биш, харин боловсон жорлонгийн системийг зохион бүтээсэн явдал гэдгийг онцлоод, дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа халдварт өвчлөл, ядуурал, амьдралын чанарыг дээшлүүлэх асуудлын цөм нь жорлонгийн шинэчлэл гэлээ.
Монгол улс хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулна гэж Үндсэн хуулиндаа тунхагласан атлаа хамгийн хүнлэг биш, энэрэнгүй биш, бүр ХАРГИС гэж хэлж болох 350'000 (зөвхөн УБ хотын хэмжээнд) аймшгийн нүхэн жорлонд тулгар биетэй эхнэрээ, хөл муутай ахмадуудаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ, дөнгөж 6 настай сургуульд орсон бяцхан үрсээ санаа огтхон ч зовохгүйгээр оруулдаг. Санаа зовсон хэд нь өөрсдийнхөө хэмжээнд өөрчлөлт хийдэг ч эргэн тойрныхон нь өөрчлөгдөхгүй болохоор бүх юм өнөөх л бахь байдгаараа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж ирсэн “Түгээмэл хөгжил” төвийн тэргүүн Ч.Ундрахбаяр МУБИС-д сурч байхдаа бие засах жорлонгүйн улмаас өдөржин ус уудаггүй, юм иддэггүй, зөвхөн орой гэртээ ирсэн хойноо хатаж үхэх гэсэн хүн орж ирээд, хоол ундаа иддэг байсан тухайгаа, энэ зовлон одоо ч бодитоор оршсоор байгааг бусад олон жишээний хамт дурьдаад ЖОРЛОНГОО хөрсөндөө ч ээлтэй, хүндээ ч ээлтэйгээр ӨӨРЧЛӨХийн чухлыг онцоллоо.
Хэн ч байгаль дэлхийгээ, амьдарч буй орчноо санаатайгаар бохирдуулъя гэж боддогүй байх. Зүгээр л хүн бүрийн мэдлэггүйгээсээ хийсэн үйлдэл бүрээр дамжин хор хохирол нь хуримтлагдсаар аюулын хэмжээнд нэгэнт тулж иржээ. Саахалтын зайнд хол хол амьдарч байхдаа хэдэн зууны турш хэрэглэж дадсан халхавч төдий нүхэн жорлонгоо хүн ам шигүү суурьшсан газруудад хэрэглээд байж болохгүй болсныг олон судалгаа нэгэнт нотолжээ. Иймд "Нутгийн шийдэл" сангаас “Жорлонгоо өөрчилье” номыг эрхлэн гаргаж, нийт айл өрхийн 70 хувийг эзэлж буй хөрс бохирдуулагч жорлонг өөрчлөх аянд бүхнийг уриалж байгаа юм байна.
Номыг номын бүх дэлгүүрүүдээр тараасан ч зохиогчийн гарын үсэгтэй анхны худалдаа үйл явдлын төгсгөлд өрнөсөн юм. Номын орлогоор 2018 онд Монгол орон даяар хийх "Жорлонгоо өөрчилье" сургалтын зардлыг санхүүжүүлэх ажээ.
Мөн "Нутгийн шийдэл" сангаас дараа жилийн "Дэлхийн жорлонгийн өдөр" хүртэлх нэг жилийн хугацаанд "Шилдэг жорлон" шалгаруулах 5 номинац бүхий уралдааныг энэ өдрөөс эхлэн зарлалаа. Уралдаанд оролцогсод нь “Жорлонгоо өөрчилье” номоос шийдэл санаа авч, жорлонгоо “иргэд-экологид ээлтэй” болгох шинэчлэлийг бодитоор эхлүүлсэн байх ёстой гэнэ. Ингээд
• Шилдэг гэр бүл (айл өрх)
• Шилдэг хөршүүд (хоёроос дээш тооны хэсэг айл өрх, саахалт айлынхан, нэг гудамжныхан)
• Шилдэг албан байгууллага (төсвийн байгууллага, төрийн бус байгууллага, ашгийн төлөө бус бусад байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага)
• Шилдэг аж ахуйн нэгж (ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж)
• Шилдэг орон нутаг (баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэл) гэсэн номинациудаар шалгаруулан, дараа жилийн Дэлхийн жорлонгийн өдрөөр шагналаа гардуулах ажээ.