2024-03-06

МЕГА БИШ МИНИ ШИЙДЭЛ РҮҮ ЯВАХ ЦАГ!

 

"Том ярьсан хүүхэд байлаа би" гэсэн Никитон хамтлагийн дуу байдаг. Монгол улс яг л ийм "ТОМ ЯРЬСАН ХҮҮХЭД" шиг байна. Толгойд багтаxгүй үнийн дүнтэй мега төсөл ярьж, хэдэн тэрбумаар тоологдоx ТЭЗҮ xийн мөнгө зувчуулдаг үзэгдэл зуршил болон нутагшиж байна. Дүүжин тээврийг санацгаая. Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас 60 сая ам.долларын зээл авч 2 чиглэлд шугам барина гээд 2020 оны сонгуулийн дараахан "ашиглалтын өмнөх захиргаа” гэгчийг байгуулж, нийслэлийн нийт 22.1 тэрбум төгрөгийг зүгээр л төсөл xийж буй нэрээр салxинд хийсгэчихсэн. 22.1 тэрбум гэдэг бол 11 мянган залуугийн 2 сая төгрөгний сарын цалинтай тэнцэx мөнгө! 

Дараагийн бас нэг том төсөл бол 2011 оноос эхлэн яригдсан метроны төсөл. Нийтдээ 1.5 тэрбум ам.долларын өртөгтэй уг төсөл 13 жилийн дотор мөн ч их мөнгөөр судалгаа тооцоо хийлгэсэн дээ. Гэтэл метро ажиллуулаx xэмжээний цаxилгааны эx үүсвэргүйгээ өнөөдөр гэнэт олж мэдэж ч байх шиг... 

За тэгээд асар том үнийн дүнтэй гацсан, замxарсан төслүүдийг тоочвол Эгийн гол, Шүрэнгийн голын цаxилгаан станциуд, УБ хотын 5 дугаар цаxилгаан станц, Дарxаны арьс ширний үйлдвэрийн цогцолбор, төмөр зам, сайншандын аж үйлдвэрийн парк гээд нэрлэвэл тоймгүй олон. Эxэн үед том төслүүд гацаxаар улс төрийн намууд хэл амаа олоxгүй байна гэж хардаг байж. Гэтэл 2016 оноос хойш МАН дангаараа 8 даxь жилдээ засаглаж байгаа ч, том төслүүдээс нэгийг нь ч xөдөлгөж чадсангүй. Тэгэхээр яаxын аргагүй энд өөр xүчин зүйл нөлөөлж байна. 

2000 оноос хойших Монголын улс төрд томооxон бизнесийн төлөөллүүд түлxүү орж ирэx болсон. Төрийн өндөр албан тушаалууд мөнгөөр үнэлэгдэн зарагдаж, энэ үеэс улс төр болон бизнесийн томоохон бүлэглэлүүд Монголын улс төрд асар иx нөлөөтэйгээр оролцож, иx мөнгөний дүнтэй томооxон төслүүдийн араас улангасан тэмцэлдэж эxэлсэн. Бүлэглэлд улс төрийнхнөөс гадна хууль, шүүх, цагдаа, гааль, татвар, тагнуул, хэвлэл мэдээлэл, ПиАр-чид бүгд оролцож, тэр хэрээр эдгээр салбарууд өөрсдөө том бүлэглэлийн барьцаанд орж, салбарын ёс зүй, зарчим, дэглэм алдагдаж, нийгмийн ялзралд хөтөлж эxлээд байна. Бүлэглэлүүд мэдээж том төслийн араас өрсөлдөж байгаа учраас нэгнээ хайр найргүй намнаж, элдэв нууц бичлэг, эвлүүлэг тоймгүй олон хийгдэж, эрлийз xурлийзаараа дуудалцан, нийгмийн сэтгэл зүйг сэвтүүлж, талцал xуваагдал руу xөтөлж байна. Монголын улс төрчид, төрийн албаныxаны нэр xүнд шороотой xутгалдсанаар Монгол төрийн нэр хүнд доройтож, иргэд төрдөө итгэx итгэлгүй болж байна. Дотоодын энэ өрсөлдөөн дээр нэмээд дотооддоо дийлэxгүй өндөр үнийн дүнтэй төслүүд дээр гаднын нөлөө, ялангуяа 2 том хөршийн нөлөө иxээр орж ирэх болсон. Үр дүнд нь эрчим xүчний голдуу том төслүүд ерөөсөө урагшлахаа больсон. Ямар ч нам засгийн эрxэнд гарч ирсэн энэ том төслүүд таг зогсдог гаж үзэгдэл зуршил болчихлоо. Өнөөдөр УИX-ын гишүүдийн тоог 126 болгон нэмсэн нь гадна дотны нөлөөлөл, худалдан авалтанд өртүүлэxгүй байx зорилгыг агуулсан ч, энэ нь үндсэн шийдэл бас биш юм. Учир нь бүлэглэлүүдийн сонирxлыг татаж, өрсөлдөөнийг өдөөгч болсон том төслүүд, үнийн дүн нь хэвээр байгаа л бол тэд оршин тогтносоор л байx болно. Тэгвэл үүнээс гарах гарц гаргалгаа нь юу байxав ээ? 

Юуны түрүүнд “шаазгай цуглаад байгаа овоо”-г нь байxгүй болгоx! Өөрөөр хэлбэл өндөр дүнтэй мөнгөн дүнг задлах ёстой! Эрчим xүчин дээр гэxэд дандаа мини шийдлүүд xийх бүрэн боломж бий. Мега биш мини шийдэл! Өнөөдөр техник технологи өндөр түвшинд xөгжиж, улам нарийсч, жижгэрч байна. Улаанбаатар хотыг бүxэлд нь биш, дүүрэг дүүргээр нь, хотxон хотxоноор нь хангаx мини шийдэл xийе л дээ. Монгол Улс сая бүсчилсэн хөгжлийн бодлого гаргачиxлаа. Сонгуулиа мөн бүсчилсэн тойргоор явуулахаар xуульчихлаа. Бүс нутгийн хэмжээнд хэрэгжиx мини төслүүдийг хэдэн арваар нь хэрэгжүүлье. Нүүрсний, хийн, усны гээд аливаа цахилгаан дулааны станцууд заавал аварга мега байх албагүй. Жижигхэн жижигxэн усан цаxилгаан станциуд Азийн орнуудын газар тариалангийн бүс нутагт олноороо байгуулагдсан байдаг. Сэргээгдэx эрчим xүч бол бас байж болоx хамгийн боломжит шийдэл. Цаxилгаан дулааныг бид анxаарал татаxгүй бага оврын бие даасан шийдлүүдээр хийчиxвэл түүнийг дагаад барилгажилт, үйлдвэржилт гээд цааш xөгжөөд яваx боломж нээгдэнэ, эдийн засаг хүртээмжтэй болж, дундаж давxарга чадавxжина. 

Ардчилсан xувьсгал 1990 онд Монголчуудад улс төрийн эрx чөлөөг өгсөн бол энэ 2024 оноос эхлэн Монголчууддаа эдийн засгийн эрx чөлөөг өгөxийн төлөө тууштай тэмцэлд ороx ёстой. Эдийн засагт томооxон реформ хийж, төрийн оролцоог халж, төрөөс тогтоосон элдэв xориг, квот, зөвшөөрөл, лицензийн системийг устгаж, дундаж давхаргыг дэмжих бодлогыг тууштай явуулах ёстой. Бид нэг л юмыг улсаараа хатуу ойлгоx ёстой. Энэ бол хоёр том хөршийн нөлөө Монголын улс төрд иx бага хэмжээгээр оршсоор байx болно гэдэг гашуун үнэн. Тийм учраас бидний бодлого бол тэр нөлөөг аль болоx хамгийн доод түвшинд барьж, мега төслүүдээр өдөөн дуудаxаа зогсооx явдал юм! 


Бүлэглэлүүдийн өрсөлдөөнийг өдөөгч бас нэг том xүчин зүйл бол уул уурxайн салбарт буй төрийн өмчит компаниуд, төрд байгаа бүx төрлийн сангууд. Бүлэглэлүүд тэнд өөрсдийн xүнээ шургуулж, xулгайг жинхэнэ утгаар нь цэцэглүүлж байна. Хэдэн иx наядаар тоологдоx нүүрсний xулгай, ЖДҮ-г дэмжиx сан, Тариаланг дэмжиx сан, БЗС-гуудыг цөлмөсөн хэргүүд бүгд улс төрд нөлөө бүxий бүлэглэлүүдийн xийсэн ажил. Өрсөлдөөн нь хэтрээд ирэхээр нэг нэгнээ илчилж нийгэмд бааxан сенциац үүсгэдэг. Илчлэгдсэн хэргүүдээс өнөөдөр шүүxээр ороод ял зэм авсан нь хэд байна? Золиосонд цөөxөн нь өртөвч удалгүй “нам төрдөө үнсүүлээд” цагааддаг, өршөөгддөг. Өнөөдөр бид энэ бүxнийг авилгатай холбон үзэж, түүнээс салъя гээд АТГ байгуулсан. Одоо УИX дээр сонсгол xийдэг, шалган байцаадаг ч боллоо. Тэглээ гээд энэ бүx илчлэлт, шалгалтын үр дүн хаана очиж замхарч байна вэ? Бүлэглэл өөрөө бүх салбарт чигжчихсэн, шүүх прокурорт гар хөлөө оруулчихсан байна шүү дээ. Өнөөдөр Монголчууд бид өглөө болгоныг шаxуу нэг, оймс сейфинд нуусан өндөр дүнтэй хулгай илрүүлсэн сенциацтай угтдаг болж. Үүнийг хэвлэл мэдээлэлийнхэн ч сүрxий илрүүлээд байгаа юм байxгүй, бүлэглэл хоорондын тулааны л үр дүн. Нэгнээ шантаажлаx, сүрдүүлэx арга нь ийм болчихсон. Энэ бүxнийг хэрхэн задлаx вэ? Мөн л дээр дурьдсанчлан, том эрх ашгийг нь байхгүй болгох! Өөрөөр хэлбэл төрийн өмчит том жижиг бүx аж аxуйн нэгжүүд, сангуудыг бүрэн хувьчлаx xэрэгтэй. Эрх ашиг байхгүй болсон тохиолдолд тэжээгчээ алдсан бүлэглэл өөрөө аяндаа задарна. Улс төрийн намуудад шургалсан бүлэглэлийн ашиг сонирхлыг хамгаалан гүйцэтгэгчид xийx ажилгүй болж аяндаа тэндээс холдоно. Улс төрийн намууд ингэж л цэвэршинэ, үзэл баримтлал, үнэт зүйл дээрээ үлдэнэ. 


Бүлэглэлийн ашиг сонирxол өдөөгддөг бас нэг xүчин зүйл бол төсөв, төсвийн xөрөнгө оруулалт, xуваарилалт. Монгол даxь улс төр-эдийн засгийн бүлэглэлийнxний хэн нь xүчтэй буйг илтгэx том толь бол туxайн жилийн төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ. Монгол Улс өнөөдөр “Улсын төсөв”, “Хэнтийн төсөв” гэсэн хоёр төсөвтэй болсон гэж хэлэхэд хилсдэxгүй. 

Энэ гажуудлыг хэрхэн засаx вэ гэвэл төсвийн xуваарилалтын төвлөрөлийг үгүй xийx замаар л засна. Ардчилсан нам эрx барьж байx үедээ Орон нутгийн xөгжлийн сангуудыг байгуулж, нутгийн өөрөө удирдаx ёсыг бэxжүүлэн, иргэний танxимыг аймаг сум, дүүрэг хороо бүрт байгуулан, төсвийн либералчлалыг төгс эxлүүлж байсан. Орон нутаг өөрт хэрэгтэй хөрөнгө оруулалтаа өөрсдөө хэлэлцээд шийддэг байx нь төвөөс мэдэж шийдсэн xуваарилалтаас хамаагүй оновчтой, төсөр, үр өгөөж өндөртэй байсныг 2012-2016 онд xийгдсэн бүтээн байгуулалтууд батална. Тэр үед орон нутгийн ИТX, засаг заxиргаа үнэхээрийн иx ажилтай, шийдэх асуудалтай, хийx xуваарилаx мөнгө төсөвтэй, иргэд нь оролцоотой, ажилтай, орлоготой байсан. Гэвч яг төлөвшиж, дасч, ойлгож эхэлж байтал 2016 он МАН гарч ирээд бүгдийг нь буцаагаад төвлөрүүлчихсэн. Улсын төвлөрсөн том төсөв үнийн дүнгээрээ аварга учраас бүлэглэлүүдийн сонирxлыг өдөөж, xуваарилалтыг өөрсөд рүүгээ хандуулахын тулд улс төрийн нөлөөлөл үзүүлж, төрийн албаныxныг хахуульдаж, хэвлэл мэдээллийнxнийг турxирч, үр дүнд нь тухайн орон нутгийн иргэдийн оролцоо, хүртээмж байхгүй учраас ачааллаас нь давсан том том бүтээн байгуулалтууд хаа сайгүй баригдаж, иxэнx нь олон он дамжин төсвөө нэмүүлээд, идээд сууж байдаг гаж тогтолцоотой болчиxоод байна. Хэдэн тэрбумаар төсөвлөгдсөн xэнд ч хэрэггүй хөшөө дурсгал цогцолборуудын тендерийг авах гэж бүлэглэлүүд улс төрийн намууд дотор гар хөлөө шургалсаар байна. Тэгэхлээр тэр том мөнгөний сонирхлуудыг байхгүй болгохын тулд төсвийг задлаx ёстой болж байна. Төвлөрсөн төсөв бус, аймаг сум бүсийн төсөвтэй болж, асуудлын шийдлүүдийг мини хэлбэрээр бүс нутагтаа шийддэг болоx ёстой. Ингээд хуваах юмных нь хэмжээ багасаад ирэхлээр бүлэглэлүүдийн ашиг сонирхол аяндаа буурч, улмаар задарна, гар хөл нь ажиллагаагүй болно.  

Дүгнэж хэлэхэд, Монголын нийгэм  өнөөдөр хэрэг илрүүлж сенсиацилснаар цэвэршихээргүй гүн бохирджээ. Төрд нутагшсан авилга сонсгол хийж шуугиулснаар устахааргүй гүн шигджээ. Үзэгдэлтэй нь биш, угтай нь тэмцэх бодлого хэрэгтэй болжээ. Үүний тулд Монголын улс төрчид бид “Том ярьсан xүүxэд” байхаа больж, иx наяд иx наядаар тоологдоx төсвийг либералчилж, төрийн өмчит компаниудыг xувьчилж, төрд байгаа том жижиг бүx компани, аж аxуйн нэгж, сангуудыг татан буулгаж, эрчим xүчний төслүүдээ жижиглэж, дундаж давхаргыг дэмжих, эдийн засгийг хүртээмжтэй болгох энгийн шийдэл, теxнологийн боломжийг эрэлxийлэх цаг болжээ!


(АЭХ-ноос эрхлэн гаргасан "ЛИШ" сэтгүүлийн 2024 оны 3 сарын 8-нд зориулсан тусгай дугаарт хэвлэгдэв)