2015-05-27

Бүтээлч үйлдвэрлэлийн Бөөн, түүнд хүрэх практик алхам

СУИС-иас БСШУЯ-тай хамтран саяхан амжилттай зохион байгуулсан "Соёлын бүтээлч үйлдвэрлэл" олон улсын чуулганд үндсэн илтгэгчээр оролцох урилга хүлээн авч, энэхүү илтгэлээ танилцуулах завшаан тохиосонд баяртай байна. Энэ бол 8 сарын өмнө анх Төрийн ордонд танилцуулсан "Толгойг олборлох тойм зураглал" илтгэлийн маань хураангуйлж, бодит алхамуудыг санал болгон баяжуулсан хувилбар юм. 

Оршил

Монгол хүний бүтээлч толгойг социалист тогтолцооны үед коммунистууд өөрийн үзэл суртлаа олон түмэнд ойлгуулан таниулах зорилгодоо тун ч чадамгайгаар олборлон ашиглаж байсан юм. Тухайн нийгэмдээ яг ямар соёл, үзэл суртал түгээхийг хүсч байгаагаа агуулгад нь бүрэн шингээсэн, чанарын өндөр түвшинд хийгдсэн оюуны бүтээлийг түгээж болох бүх сувгаар мянга дахин давтан байж, социалист аж төрөх ёсны тухай бүрэн ойлголтыг нийгэмдээ өгч чадаж байсан байгаа юм. Уул усыг нь ухаад оронд нь уурхай завод барьж, үр тариа ургуулах гэж байгаа тухай, түүнийг нь эсэргүүцсэн малчин эцэстээ бүхнийг ойлгон социалист хөгжил дэвшилд сэтгэл хангалуун үлдэж байгаа тухай, барилгажилт,хотжилтыг дэмжсэн “Аман хуур”, Атар эзэмшихэд залуусыг дуудсан “Хөхөө гэрлэх дөхлөө”, Банкинд мөнгөө хадгалуулахыг уриалсан “Хүргэн хүү”  кино  гэхчилэн нийгмийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх олон санааг сэтгэлд хоногшсон дүрүүд, хит болсон дуунууд, театрт тавигдах жүжиг, хээрээр давхих урлагийн бригад гэхчилэнгээр өнөөгийн бүтээлч үйлдвэрлэлийн салбарт багтаан тодорхойлдог бүх хэлбэрүүдээр дамжуулан цэвэр тэр үеийн нам төрийн захиалга, санхүүжилт, үзэл суртал болон агуулгын хяналттайгаар боловсруулан, монгол хүн бүрийн толгойд хоногшуулдаг байж. Чухам тэр л үеэс оюуны бүтээл туурвидаг авъяастай сийрэг толгойнуудыг урлагийнхан хэмээн нэрлэж заншсан. Харин би өнөөдөр яаж социалист нийгмийн үед үндэс сууриа тавьсан Монголын урлагийн салбарыг орчин үеийн эдийн засгийн бүтээлч үйлдвэрлэлийн салбар болгон хөгжүүлэх арга замыг кино урлагийн салбараар жишээлэн тоймлон зураглахыг оролдоно.


Бүтээлч үйлдвэрлэлийн Бөөн
Түүнд хүрэх практик алхам

Дэлхийн олон улс орны эдийн засагт нь ихээхэн хувь нэмэр оруулдаг бүхэл бүтэн салбар болтлоо хөгжсөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг бид яг юу гэж ойлгодог вэ? Монголын эдийн засагт энэ салбарын үзүүлэлт одоогоор байхгүй байгаа учраас бид юуны өмнө ойлголтоо нэгтгэх шаардлагатай байна. 8 сарын өмнө анх танилцуулж байсан “Толгойг олборлох тойм зураглал” лекцдээ Бүтээлч үйлдвэрлэлийн салбар урлагийн салбар хоёрын ялгааг би дараах байдлаар тодорхойлох гэж оролдсоноо дахин нэг сануулъя.
Миний ажиглалтаар урлагийн салбар гэдэг бол агуулга бүтээдэг хэсэг, харин бүтээлч үйлдвэрлэлийн салбар гэдэг бол тэрхүү агуулгыг хууль ёсны зохиогчийн эрхтэй болгож, түүнийг цааш нь үйлдвэрлэлийн бусад салбаруудтай холбон, олон төрлийн бүтээгдэхүүний загвар гарган үйлдвэрлэлд оруулж, баялаг бүтээдгээрээ ялгаатай. Өөрөөр хэлбэл:
Урлагийн бүтээл  + Зохиогчийн эрх + Үйлдвэрлэл + Борлуулалт = Бүтээлч үйлдвэрлэл хэмээн томъёолж болох юм.


Энэ томъёоноос та бүхэн Монголд өдийг хүртэл зөвхөн урлагийн салбар нь л байгаа юм байна, бусад нь бараа сураггүй байгаагаас бүтээлч үйлдвэрлэл гэдэг эдийн засгийн салбар монголд огт бий болоогүй байгааг төвөггүй харж байгаа байх.

Бүтээлч үйлдвэрлэлийн салбарт багтдаг олон зүйлс Монголд тэртээ социализмын үед урлагийн салбар гэдэг утгаараа үндэс сууриа тавьж, өнөөдөр ч хөгжлийнхээ тодорхой түвшинд гарсаар байгаа.  Гэвч тэдгээр нь зохиогчийн эрхтэй оюуны өмч болж, банкны барьцаанд тавигдан зээл, эсвэл хөрөнгө оруулалтын баталгаа болж, эдийн засгийн эргэлтэнд орон, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болон худалдаалагдаж, баялаг үйлдвэрлэн, монголын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байна уу гэвэл ҮГҮЙ.


Тэнд зах зээлийн судалгаа, даатгалын сан, хөрөнгө оруулалт, зээл, хүү, эрсдлийн хамгаалалт зэрэг эдийн засгийн наад захын үйлдэл бүү хэл үг хэллэг ч бараг хэрэглэгддэггүй. Манай киночид л гэхэд зуны дулаан цагт багтааж зургаа дуусгах гээд бүгд хээр гарчихдаг. Нөгөө жүжигчид нь тэлээтэй хурга шиг хэд хэдэн киноны зураг авалтыг зөрүүлэх гэж нэлээн ажил болно. Зураг авалтын студитэй бол барилгын улирал шиг заавал ингэж зуны дулаанд найдан чихэлдэцгээхгүй шүү дээ. Хамгийн гол нь ингэж чихэлдэн, яаран сандран хийсэн кинонууд нь намар өвөлдөө ээлжлэн гарч эзэддээ ашиг орлого гэхээсээ амьдрах зардлын хэдэн цаас голдуу олж ирдэг. Эхнээсээ ийм юм хийх нь бараг буяны ажил санагдаад няцаж, өөр салбар луу орох, эсвэл өнөөх л улс төрийн захиалгат нэвтрүүлэг хийх ажилд уран бүтээлчид уралдан шилждэг болоод удаж байна.  

Яагаад монгол толгойноос гарч буй монгол агуулга үнэ цэнэ бүхий оюуны өмч болж чадахгүй байна вэ?


Бяцхан түүх сөхье.

1990 онд Монгол улс 70 жил хаалттай байсан хаалгаа дэлхий дахинаа цэлийтэл нээхтэй зэрэгцэн дэлхийн улс орнуудын бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхны оргил бүтээгдэхүүнүүд Монголд нэвтэрч эхэлсэн юм. Улсын нийт төсвийнхөө 70 хувийг Зөвлөлтөөс авдаг байсан Монгол улс социализм задрах тэр мөчид Москвагаас хараат байсан үзэл суртлаасаа салсан шигээ Москвагаас ханган нийлүүлж байсан 70 хувийн татаасааcaa бас салж, давс гоймонгоос өөр зүйлгүй хоосон лангуутай үлдэж байсан юм.


Ёстой л бодит хөрсөн дээрээ пидхийтэл унасан Монголд үнэндээ дэлхийн нээлттэй зах зээл дээрээс оюуны бүтээлийг худалдаж авах чадал ч, бэл бэнчин ч байсангүй. Ингээд шулуухан хулгайн аргад шилжсэн юм. Ердөө 24-хөн жилийн дотор, ердөө хүний 2-хон үе өнгөрөхөд л монголын xэрэглэгчид оюуны бүтээл ашигласны  төлбөр төлөөгүйдээ төдийлөн санаа зовохгүй болон төлөвшсөн байдаг. Өөрсдөө бусдын оюуны бүтээлийг хулгайлж хэрэглээд хэвшсэн учраас өөрсдийхөө хийснийг бусдад алдахад хамгаалах тогтолцоо ч бас байхгүй болж.

Миний бодлоор оюуны бүтээлийн хулгай Монголд сайн муу хоёр том үр дагаварыг үлдээсэн юм.

Сайн нь: Монголчууд социализм нурж байх тэртээ 90-ээд оны үед барууны ертөнц гээчийг огт мэддэггүй, дэлхий дахинаа таг хаалттай байсан. Тэгээд хулгайгаар дэлхийн тэргүүлэгч бүтээлүүдтэй шууд танилцаж эхэлснээр маш богино хугацаанд “нүд” нь нээгдсэн гэж хэлж болно. Өнөөдөр Монголын хэрэглэгчид соёлын бүтээлч үйлдвэрлэлийн аливаа салбараас чанарын дээд стандартыг шаардах болсон.

Муу нь: Дандаа нам төрийн захиалга санхүүжилтээр үйлдвэрлэл явуулдаг байсан, ашгийн төлөө ажиллаж үзээгүй соёл урлагийнхан маань гэв гэнэт дэлхийн тэргүүлэгч оюуны бүтээл үйлдвэрлэгчидтэй зах зээлд өрсөлдөхөөр дэвжээнд гарсан. Мэдээж аль ч талаараа бэлтгэлгүй монголын бүтээлч үйлдвэрлэлийнхэн хүч тэнцвэргүй энэ тулаанд анхны цохилтоор нам цохиулж тас гэдрэгээ саван унасан юм.

Тийм ээ, Монголын бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхан өнөөг хүртэл олигтой өндийж босч ирээгүй байна. Тэдний дийлэнх нь хүч тэнцвэргүй зах зээлийн өрсөлдөөнд төсөв хэмнэх үүднээс толгойноос олборлосон санаагаа аль болоx хямдxан өртгөөр үйлдвэрлэж, хямдхан үйлдвэрлэлээс болж сайн боловсрогдоогүй бүтээгдэxүүнээ багтаамж багатай зах зээлд багахан үнээр шаxах төдийхнөөр амь зогоож байна. Төр засаг, шийдвэр гаргагчид, банк санхүүгийн байгууллага, хэрэглэгчид бүгд соёлын болон оюуны бүтээл үйлдвэрлэгчдийг эдийн засгийн ашиггүй, төсөв залгигчид гэж хардаг. Уулзъя учиръя гэхээр мөнгө гуйх гэж байна гээд бараг сургаар нь зугатна. Юун эдийн засгийн салбар гэж хүлээн зөвшөөрөх...


Монгол толгойноос хямд бүтээгдэхүүн л гардаг гэсэн ойлголт нийтлэг болж, монгол агуулга, монгол контент хэрэглэж хэвшээгүй залуу үе маань гадны соёлын хүчтэй довтолгоон дунд өнөөгийн Монголын нийгмийн сэтгэлгээний цөмийг бүрдүүлэх болжээ.

Энэ цөмийг ажиглан харваас дараах согог дутагдал нийтлэг харагдана.
- Өнөөгийн нийгмийн сэтгэлгээнд аливааг үгүйсгэн харлуулдаг, монгол хүн л хийсэн бол муу, монгол л бол бүтэхгүй, “манайхан л болсон хойно тэгнээ тэгнэ” гэсэн өөрсдийгөө илтээр дутуу үнэлсэн, эсвэл бүүр эсрэгээрээ тэнгэр дээд заяатай, тусгай төрчихсөн гэхчлэнгээр хэт дөвийлгөн хийрхсэн сөрөг хандлага давамгайлж байна.
- Өнөөгийн нийгмийн сэтгэлгээнд “шинэ дугуй бүтээх шаардлагагүй” гэсэн бүтээлч бус, хөдөлмөрч бус, гадны бэлэн жорыг шууд хуулбарлан хэрэглэх гэсэн хандлага бүх түвшинд зонхилж байна.
- Нэг нийгэм нөгөөгөөр гэнэт солигдсоны дараа бүх түвшний сургалтын ситемд агуулгын хоосон орон зай үүссэн. Түүнийг нь сурах бичигт өөрчлөн бичих гэж мунгинаж байх хооронд хүүхдүүд үе үеэрээ анги дэвшээд л, төгсөөд байдаг... Ядаж энэ чухал ажлыг төр хэмээх хамгийн муу менежер удирдаж өдий хүрснийг хэлэх үү... Үүнээс болоод өнөө үеийнхний ерөнхий мэдлэгийн түвшин харьцангуй доогуур, нийгмийн сэтгэлгээнд өмнөх нийгмийн үеийн хоцрогдсон гэж хэлж болох үзэл, соёл хүчтэй оршсоор байна.
- Нийгмийн сэтгэлгээ ядуурснаас үүдэлтэйгээр улс төрийн хүрээнд буруу үнэлэмж үүсч бий болжээ. Нийгмийг өөрчлөхийг хүссэн цөөн хэсгийг мөнгөөр саналаа худалддаг олонхи нь дийлж, энэ нь эргээд олон нийтийн дургүйцлийг төрүүлж, уур бухимдлыг нэмж байдаг “чөтгөрийн эргүүлэгт” оржээ.


- Өнөөгийн нийгмийн сэтгэлгээнд аливаад ухамсартайгаар хандаж, цаад мөн чанар үндэслэгээг нь ойлгож мэтгэлцэх биш, юм л бол манай тал, дайсны тал болчихсон талцан хэрэлдэж, бүр үзэн ядалцаж, улмаар цагдаа шүүх дээр тулдаг муу жишиг түгэх хандлагатай болжээ.

Нийгмийн сэтгэлгээнд зонхилох болсон эдгээр сөрөг хандлагыг эерүүлэхгүйгээр хөгжил дэвшлийн тухай яриад нэмэргүй болж эхэлж байна. Үе үеийн шийдвэр гаргагчид уг үндсийг нь өөрчлөх тал дээр тэр бүр анхаарч байсангүй, гал унтраах төдийхнөөр л явж ирлээ.

Бүтээл үйлдвэрлээд ашиг олохгүйг мэдэрсэн телевиз, хэвлэлийнхэн  шулуухан шантаажын аргад шилжсэнээ нэг их нуухаа больж.


Үүнээс болоод хэвлэлийнхний шоглоомд хэрэглэгчид бухимдаж, үнэн худал мэдээлэлд нь итгэл алдран, тэр хэрээр нийгмийн сэтгэлгээнд дарамт, даралт давамгайлж байна.

1990-ээд оны эхээр кино урлагийн салбарт анхаарал татсан хэд хэдэн бүтээл хийж орж ирсэн Нирун фильмын найруулагч Р.Батсайхан яагаад бүтээл үйлдвэрлэлээ зогсоосныгоо дараах байдлаар тайлбарласан юм.

“...Монголд кино зураг авалтын студи байхгүй учраас цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан жилдээ би ганц л кино хийж чадна. Тэр нь их сайн болоод 100 сая төгрөг /жишээнд зориулан тоог хялбарчлав. Ц.О/ олсон  гэж бодъё. Түүний талыг нь кино театр кино үзүүлснийхээ төлбөрт суутгана. Ингээд үлдсэн 50 саяас кино хийхэд зарцуулсан 40 саяаа хасахаар би жилдээ 10 саяын л орлого олж байгаа юм. Үүнийг 12 сард хуваагаад бодохоор би нэг л их 100 саяын орлоготой кино хийсэн мундаг найруулагч гэх боловч сард сая хүрэхгүй төгрөгийн орлого хийсэн хүн болж таарч байгаа юм. Тэрний оронд би улс төрчдөд ПиАр-ын зөвлөх үйлчилгээ хийгээд явахад кино хийх гэж зүдэрч олсон бүтэн жилийн орлогыг ганц сард ч хийх боломжтой, тэгээд ч дөчхөн саяар хийсэн кино яагаад ч өөдтэй болохгүй...” хэмээн тайлбарласан юм.

Ийм зүйлсийг манай чадалтай авъяастай бараг хүн бүхэн хэлдэг. Олон чадалтай студи продакшн байгаа ч кино, урлагийн томоохон бүтээл хийх болохоор санхүүжилт олдохгүй, жил бүр кино зохиол бичсэн ч бүтээх арга зам байхгүй болохоор зогсох, эс бөгөөс дээрхийн адил улс төрчдийн ПиАр, өнөөх л хэрүүл шуурган дунд амьдрах арга манайд хэв шинж болтлоо нутагшжээ.


Өнөөдөр энэ салбарт дорвитой бодлого байхгүйгээс, мөн хэрхэн яаж өөрчлөх талаар хааяа хэн нэгэн алдаг оног дуугарахаас хэтрэхгүй байгаа болохоор монгол хүний бүтээлч толгойноос сөрөг агуулгууд голлон гарч, тэр нь бүх төрлийн сүлжээгээр цацагдан хэрэглэгчдийн толгойг хар бараан, дутуу боловсрогдсон мэдээллээр тогтмол угааж байна. Нийгмийн оюун санаа ийм байхад хичнээн сайхан барилга байшин, зам гүүр барьж, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлээд, түүнийг нь цааш хөгжүүлээд аваад явах хөдөлмөрч, бүтээлч, хөгжилд тэмүүлсэн хойч үе төрөхгүй бол гэнэт их хөрөнгө өвлөж авсан ядуу хүн хамаг байдгаараа тансаглаад хамгийн түрүүнд дампуурдгийн үлгэр болох гээд байна.

Учир нь нийгмийн сэтгэлгээний уналтыг материаллаг бүтээн байгуулалтаар  сэргээх боломжгүй. Үүнийг зөвхөн оюуны талх болсон урлаг соёлоор л  тэжээн тэнхрүүлдэг. Тэр талх нь монгол хүний толгойг бүтээлчээр олборлож байж олдох монгол агуулга, түүнийг чанартай эцсийн бүтээгдэхүүн болгох бүтээлч үйлдвэрлэл, түүнийг эдийн засгийн аргаар тэжээн тэтгэх кластер буюу бөөн байх тойм зураглалыг бидний хэсэг нөхөд гаргаж ирээд байгаа юм.

Өөрөөр хэлбэл өндөр стандарт шаарддаг болон төлөвшсөн Монгол хэрэглэгчдийн сэтгэлд нь нийцэж, сэтгэхүйд нь нөлөөлөх, улмаар Монголын нийгмийн сэтгэлгээнд эерэг хандлага бий болгох чанартай “монгол агуулга” хэмээх бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэж баялаг бүтээхийн тулд,

1. Солонгоруулна гээд байгаа эдийн засагтаа уул уурхай, барилга, зам гүүр, оёдол нэхмэл зэрэг хүнд, хөнгөн, хүнсний салбарууд дээр нэмээд “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” гэсэн цоо шинэ салбарыг нэмэн хөгжүүлэх.

2. Хөгжлийг нь хурдасгаж, гарцыг нь арвижуулснаар хурдан үр дүнд хүрэх зорилго тавья гэвэл одоогоор бодож олоод, үр дүнтэй нь хэдийнэ тогтоогдсон эдийн засгийн Бөөн-ий аргыг хэрэглэх хэрэгтэй байна.


Эдийн засаг дахь Бөөн-ий онолдоо Майкл Портер бичихдээ “Бөөн бий болсноор ажиллах хүч хямдарч, өндөр мэргэжилтэй ажилчдыг хуваалцах боломж нээгдэж, мөн нэг дор ижил төрлийн үйлдвэрлэл бөөнөөрөө бий болсноор нэгдсэн ханган нийлүүлэлт хийх боломж бүрдэж, өртөг багасна” хэмээсэн байдаг. Үүн дээр нэмээд “...шинэ санаа сэдлийн тасралтгүй процессыг (continual innovation) урамшуулдаг нь Бөөн-ий гол ач холбогдол” хэмээн эдийн засагчид дүгнэх болсон байна.

Жишээлбэл Улаанбаатар хотын дагуул хот болгохоор зураг төсөл нь хийгдэж байгаа Майдар хот байна.
Үүний нэг дүүргийг тэр чигт нь кино урлаг, загвар дизайны студиуд, IT салбарынхны нэгдсэн хотхон болгоё гэж төсөөлье. Тэнд ажиллаж амьдрах хүмүүс байнга нэг дор байж, бие биенийхээ шинэ санаа, шинэ бүтээлийг уралдан ярьж, IT-гийнхан тэрэнд нь татагдан орж, шинэ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний санаанууд уралдан төрж, ёстой нөгөө Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлдгээр биенээ билүүдэн хурцлах бүтээлч орчин жинхэнэ утгаараа бий болно. Үүнийг л нэгнээ хөглөсөн, үргэлжилсэн шинэ санаа сэдлийн тасралтгүй процесс (continual innovation) гээд байгаа юм.

Тэгэхээр нэг төрлийн бизнесийг газар зүйн байрлалын хувьд нэг дор төвлөрүүлж, тэнд хөрөнгө оруулагчдад төрийн зүгээс татварын болон бизнесийн орчны давуу боломжийг санал болгосноор нэгдсэн хангамж, нэгдсэн маркетинг, мэргэжлийн ажилчдын туршлага солилцоо, сургалтын нөxцөл бүрдэж, МЭДЛЭГИЙН БӨӨГНӨРӨЛ бий болсноор шинэ санаа инновацийн хөгжилд ахиж гарч, хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр дэлхийн хэмжээнд өрсөлдөх давуу үйлдвэрлэл бий болох энэ бүх процессыг бүхэлд нь “Бүтээлч үйлдвэрлэлийн Бөөн” гэж ойлгож болно.

Тэгвэл, Монгол дахь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бөөн ямар байх вэ?
Үүнийг илтгэлийн эхэнд томъёолсон өнөөх “Урлагийн бүтээл  + Зохиогчийн эрх + Үйлдвэрлэл + Борлуулалт  = Бүтээлч үйлдвэрлэл” гэсэн томъёоныхоо дагуу дараах байдлаар тоймлон зурагласан юм.


Бүтээлч эдийн засгийн салбарт амжилт олсон улс орнуудын туршлагыг харахад энд тэнд тархай бутархай оршиж байсан санаа үйлдвэрлэгчдийг газар нутгийн хувьд нэг дор бөөгнөрүүлж, эдийн засгийн Бөөн-ий давуу байдлаар тэднийг дэмжиж өгсөн нь амжилтын гол түлхүүр болсон байна.

Зөвхөн кино л гэхэд Монголд 500 гаруй жижиг жижиг студи энд тэндэхийн байрны нэг давхар, байгууллагын нэг булан, зарим нь подвал хөлслөөд таран байрласан байдаг. Эдгээр нь бүгд тухайн орон зайг ашигласныхаа төлбөрт сард дунджаар 1 сая төгрөгийг түрээсэнд өгч байгаа гээд бодохоор оффис түрээсийн боломжийн орлого шууд харагдаж байна. Үүнийг Бөөн болгоод түрээсээр эргээд ашгийн тодорхой хэсгийг олно гэж тооцоод УИХ, Засгийн газраас  тодорхой нэг бүс газрыг зарлан товлож, түүний дэд бүтцийг нь бүрэн шийдээд, хөрөнгө оруулагчдад томоохон хэмжээний зураг авалтын студи барихад нь татварын илт анхаарал татахуйц хөнгөлөлт амлаж болох юм.

Мөн л киногоороо жишээлэхэд, мөнөөх 500 гаруй студиуд маань олсон жаахан мөнгөө бараг ихэнхийг нь камер, гэрэл, компютерийн иж бүрдэл, техник тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулдаг. Энэ жил өчнөөн үнэтэй авсан тоног төхөөрөмж хэдхэн сарын дараа өөр нэг шинэ загвар гарахад л үнээ алдаж хямдхан хог болж хувирдаг.


Нэг студи дунджаар 50-иад сая төгрөгийн техник тоног төхөөрөмжтэй гээд бодохоор 25 тэрбум төгрөгийн маш үр ашиг багатай худалдан авалт хийгддэг гэсэн үг. Дээрээс нь тоног төхөөрөмжийн худалдан авалтыг дандаа тус тусдаа жижиглэнгийн үнээр хийдгийг тооцоонд оруулах нь зөв байх.

Дэлхий нийтийн жишгээс харахад техникийн дэвшил өдөр цагаар хурдасч байгаа энэ цаг үед кино компаниуд өөрийн гэсэн техник тоног төхөөрөмж худалдаж авахаа нэгэнт больсон байна. Нэгэнт кино үйлдвэрлэгчид голдуу нэг дороо, нэг бүс нутагт байрлах болсон тул техник тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид тэнд нь шууд түрээсийн салбараа нээгээд ажиллуулдаг жишиг тогтжээ. Өөрөөр хэлбэл кино компани гэдэг бол санаагаа хөгжүүлэхэд л хамаг мөнгөө зарахаас биш, техник тоног төхөөрөмж худалдан авахад мөнгө зардаггүй, түүнийг түрээсээр шийддэг ажээ. Энэхүү түрээсийн үйлчилгээ нь тэрхүү кластерт байх бүх компаниудад үйлчлэх тул тоо хэмжээ нь ихсэхийн хирээр тээвэрлэлтийн хөлс хямдарч, эдийн засгийн өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлдөг байна.

Газар зүйн байршлын хувьд бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхан нэг дор цугларснаар санхүүжилтын баталгааны хамгийн чухал хэсэг болох зохиогчийн эрх, оюуны өмчийн бүртгэл, лицензийн үйлчилгээ хурдан шуурхай болж тогтмолжино.


Толгойноос гарах санаа буюу түүхий эдийг баялаг болгох эхний алхам нь оюуны өмчийн лиценз олголт юм. Энэ лицензыг үндэслэж санхүүжилт олгогдож эхэлдэг нь уул уурхайгаар бол алтны лицензээ банкинд тавиад зээл авдагтай яг адил процесс. Бүтээлч үйлдвэрлэл гэдгийг зарим судлаачид амарчлаад, товчхоноор “Contracts between Arts and Commerce” буюу “Урлаг арилжаа хоёрын нэгтгэл гэрээ” гэж тодорхойлсон нь бий.


Урлагийг мөнгө олдог хэрэгсэл болгохын тулд л түүнийг лицензүүлж, хуулийн этгээд болгох гээд байгаа юм. Зарим нь санаагаа гаргачихаад өөрөө үйлдвэрлэх гэж зовохгүй шууд зардаг байж болно. Барьцаанд тавьчихаад алга болж болно. Тэр бүхнийг зохицуулах гэж оюуны өмчөөр дагнасан үйлчилгээ явуулдаг хуулийн фирмүүд үүсэн бий болно. Ийм ч учраас Бөөн-ий бүтэц дэх зохиогчийн эрх, оюуны өмчийн бүртгэлийн хэсэг хамгийн чухал хэсэг нь юм.

Эдийн засгийн Бөөн-ий тусгай бодлого явуулснаар Монгол дахь соёлын бүтээлч үйлдвэрлэлд зориулсан санхүүжилтын шинэ механизмыг төрийн бодлогоор бий болгох шаардлагатай байна. Манайх шиг банкны систем нь зөвхөн үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаарддаг системд зохиогчийн эрх, оюуны өмчийн лицензийг барьцаа болгон зээл өгдөг тусгай зориулалтын сан, хөрөнгө оруулалтын сан, эсвэл банк бус санхүүгийн байгууллага шинээр бий болох нь эн тэргүүний зорилт.


Үүнтэй холбоотойгоор даатгалын болон эрсдлийн сан зэрэг санхүүгийн олон салбар нэгжүүд бүтээлч үйлдвэрлэлийн кластерын салшгүй нэгэн дэмжигч хэсэг болон хөгжих учиртай.

Бөөн-д байх ёстой бас нэгэн томоохон салбар бол IT, инноваци технологийн хэсэг. Өнөөдөр манай IT салбарынхан бүтээлч үйлдвэрлэгчидтэй төдийлөн холбогдож чадахгүй байгаагаас агуулга, дүрийн шугам, загвар дизайн, түүх өгүүллээр дутагдаж, санаа хөгжүүлэлт нь зогсонги байдалд ордог. IT–гийнхан болон урлагийнхан биенээ харь гаригийнхан мэт хардаг.


Эднийг Бөөн богтлон, нэгдор оруулснаар, нэг агуулгаас олон төрлийн бүтээгдэхүүн төрөн гарах үндэс тавигдаж, улмаар баялаг үйлдвэрлэл болон өргөжих юм.

Агуулгыг хөгжүүлэх явцад олон санаа урган гардаг. Нэгдсэн хүчтэй зар сурталчилгаа хийснээр тодорхой дүрүүд олны танил болж, түүнийг нь загварынхан өлгөн авч, хувцас хэрэглэл, орон байр, өнгө будгийн хослолын шинэ урсгалууд түгж, түүгээр нь аялал жуулчлал, хэвлэл, радио, ном, сэтгүүл, компютер тоглоом, гар утасны аппликэш гээд тоо томшгүй олон төрлийн бүтээгдэхүүн үүсэн гарч болох бөгөөд энэ бүхэн нь өвөр хоорондоо чөлөөтэй хөрвөх нөхцлийг Бөөн бүрдүүлж, нэгэн том бүтээлч инновацийн цогц системыг бий болгодог нь үнэхээр том давуу тал юм.

Тэгэхээр энэхүү тойм зураглалын бүтцийг Монголд бодит биелэл болгох эхний практик алхам нь юу байх вэ?

Уг нь мэдээж улс төрийн алсын хараатай төрийн бодлого хэрэгжиж, хөрөнгө оруулалт, бизнесийн хөгжил, тэтгэлэг болон санхүү зээлийн бодлого, хатуу болон зөөлөн дэд бүтцийг бий болгох зэргийг дэс дараатай тууштай явуулах хэрэгтэй л дээ. Гэхдээ шийдвэр гаргагчид маань, тэр ч байтугай урлагийн салбарт ажиллаж байгаа хүмүүс маань хүртэл Бүтээлч үйлдвэрлэлийн Бөөн-ий талаар нэгдсэн ойлголтгүй, зүйрлүүлж хэлбэл А-гүй байхад, тэдэнд шууд докторын ажил санал болгоод хол явахгүй. Бид салбарынхандаа, хүрээлэн байгаа хүмүүстээ, хамгийн гол нь шйидвэр гаргагчдад эхлээд А-гаас Я хүрэх замыг алхам алхамаар үзүүлж ойлгуулах хэрэгтэй болоод байна. Тийм ч учраас Монголын кино урлагийн зөвлөлд багтдаг хэсэг нөхдийн хамт “Кино инкубатор” төслийг санаачилж, өнгөрөгч сард УИХ-ын даргад танилцуулсан билээ.


Үүнийгээ бид бүтээлч үйлдвэрлэлийн Бөөнд хүрэх хамгийн наад захын практик алхам хэмээн харж байгаа юм.

Дээр өгүүлсэнчлэн эдийн засгийн Бөөн-ий загвар гэдэг бол юуны өмнө нэг салбарт хамаарах олон төрлийн үйлдвэрлэл эрхлэгчид биечлэн нэгдор бөөгнөрөх явдал. Монголд байгаа олон жижиг кино студиудэд нэгдор бөөгнөрөх газар орон байхгүйгээс энд тэнд таран байрлаад, өдөр бүр уулздаг хэдтэйгээ өдрийг өнгөрөөсөөр удалгүй зэвэрч эхэлдэг. Эдийн засгийн Бөөн-ий онолоор бүтээлч толгойнууд бодитоор нэгдор бөөгнөрөхөөр үргэлж нэгнээ шинэ санаа сэдлээр хөглөж, ингэснээр үргэлжилсэн шинэ санаа сэдлийн тасралтгүй процесс явагддаг гэж үздэг. Иймд социализмын үед 1000 хүний багтаамжтай байхаар бодож барьсан МҮОНРТ-ийн байрны ашиглалтыг сайжруулан, энд тэнд тархан суусан олон жижиг студиудыг тодорхой шалгуурын дагуу байрлуулж, нэг ёсондоо багасгасан “Бөөн”-ийг үүсгээд, уран бүтээлчдийн

бүтээл санааг нь “инкубатор” маягаар хөгжүүлж, нэгдсэн сургалт, харилцан туршлага солилцоог хөхүүлэн дэмжиж, дэлхийд өрсөлдөх чадвартай уран бүтээлчид баг хамт олныг төлөвшүүлэх эхний алхамыг хэрэгжүүлэх боломж байна.

Кино бол багийн урлаг. Кино урлаг өндөр хөгжсөн улс орнуудад 125 мэргэжил байдаг бол манай улсад найруулагч, жүжигчин, зураглаач, зураач зэрэг 6-н төрлийн мэргэжлээр л уран бүтээлчдийг бэлтгэж ирлээ. Бусад зуу гаруй мэргэжлээр уран бүтээлчдийг огт бэлтгэхгүй байгаа учраас бүтээл санаа зөвхөн дээрх хэдхэн мэргэжлийн хүрээнд дандаа дутуу бойжиж байна.

Дээрээс нь кино бол техник технологийн дэвшлийг даган хөгжиж байдаг өвөрмөц төрөл. Өдөр өдрөөр шинэчлэгдэн хөгжиж байгаа техник технологийн хөгжлийн хурдыг алдахгүй дагаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үзүүлэлт бүхий мэргэжлийн техникүүдийг худалдан авах боломж залуу студиудэд, тэр байтугай МҮОНРТ-д ч тэр бүр олдохгүй байна.



Тоон үзүүлэлтээр Монголын кино урлаг хөгжиж байна гэж тооцож болох боловч нийгмийг соён гэгээрүүлэх, улс орноо олон улсад сурталчилж чадахуйц хэмжээнд дөхөж байна уу гэвэл үгүй байна. Жилд дунджаар 40 гаруй кино үзэгчдийн хүртээл болж байгаа хэдий ч эдгээр нь утга агуулгын хувьд хөнгөн зугаа төдийхнөөр хөгжөөх, цэнгээх зорилгоос хэтрэхгүй байгааг үзэгчид шүүмжилсээр байна. Чухал ач холбогдол бүхий зарим төрөл, жанруудыг зах зээлийн өрсөлдөөний хуулинд даатган орхих боломжгүйг дэлхий нийт хүлээн зөвшөөрч, төрийн бодлогоор дэмжих болжээ. Хүний хөгжлийг хэрхэн анхаарч байгааг артхаус төрлийн кино хэрхэн хөгжиж байгаагаар нь дүгнэдэг түгээмэл жишиг тогтоод удаж байна. Тиймээс  кино урлагийн хүч нөлөөг ашиглан залуусын хүмүүжил танин мэдэхүйд ашигтай хүүхдийн болон түүхэн, баримтат кино, олон улсын тавцанд Монголыг сурталчлах хэмжээний артхаус киног бодлогын түвшинд дэмжих зайлшгүй шаардлага үүсээд байна.

2014 оны төсөв хэлэлцэх үеэр “Монгол контент” бүтээхэд зориулж 3 тэрбум төгрөг төлөвлөж байсан. Төрийн зүгээс ингэж цөөхөн төгрөгийн төсөл дээр киночдыг зодолдуулах арга угаас явцгүй. Иймээс ч уг төсөл олны дэмжлэг авч чадаагүй “унасан”. Харин тэрний оронд нэг студи дангаараа авч дийлэхгүй дэлхийн театруудын тусгай шаардлагад нийцсэн өндөр зэрэглэлийн

дуу шум, өнгө заслын /sound post production, color correction and visual effects/ техник-студид төр засгаас хөрөнгө оруулалт хийж, “инкубатор”-т бойжигсод нь түүнийг өндөр дээд түвшинд суралцаж, тэр нь эргээд нийт киночиддоо дундын үйлчилгээ үзүүлдэг болчихвол бүтээлч үйлдвэрлэлийн Бөөн-ийг төр засгаас дэмжих бодит дэмжлэг тэр болно.

Инкубатор төслийг эхлүүлснээр бие даасан студиуд дангаараа хийх боломжгүй дараах ажлуудыг нэгдсэн журмаар хийж хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

• Инкубатор гэдэг бол дэлхийд өрсөлдөхөөр бойжиж буй Монголын бүтээл үйлдвэрлэгчид гэдгийг мэргэжлийн хүрээнийхэнд ойлгуулснаар манайд дутагдалтай буюу огт байхгүй байгаа нарийн мэргэжлээр төрөл бүрийн богино хэмжээний workshop сургалтуудыг зохион байгуулах, хөгжүүлэх боломжтой болно.

• Технологийн зөвлөх үйлчилгээ үзүүлж чадах өндөр ур чадвар бүхий мэрэгжилтнүүдийг гэрээгээр болон урилгаар ажиллуулах, дотоод, гадаадын технологийн хамгийн сүүлийн үеийн ололтын талаархи мэдээллээр хангаж, технологи дамжуулах үйлчилгээг хөгжүүлнэ.

• Нэгэнт манайд соёл урлагийн санаа, төслийг барьцаалан зээл өгдөг, хөрөнгө оруулдаг тогтолцоо байхгүй учраас “инкубатор” төслийн хүрээнд тусгай зориулалтын банк бус санхүүгийн байгууллагыг төсвийн дэмжлэгтэйгээр “инкубатор” маягаар байгуулж турших боломжтой болно.

• Бүтээл санааг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, зохиогчийн эрх, патент авах баримт бичгийг бүрдүүлэхэд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, дотоод болон гадаад гэрээ хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлдэг, оюуны өмчийн асуудлаар дагнан ажилладаг хуульчид “инкубатор”-т мөн давхар бойжиж, энэ салбарын хөгжлийн эхлэл тавигдана.

• Байр талбай, тоног төхөөрөмж, бараа материал, програм хангамжаар хөнгөлөлттөй үйлчилснээр МҮОНРТ-ийн ашиглалт багатай байсан олон зүйлс /хувцас, жижиг хэрэглэлийн фонд, зураачид, урлан, мужаан, дуу оруулалтын радио студиуд, дуу хөгжим чимэглэлийн фондууд, кино павилион, кино үзлэгийн танхим г.м/ эргэлтэнд орж, хасагдсан төсвийнхөө тодорхой хэсгийг нөхөн олох боломж бүрдэнэ.

• Байгууллагуудын хооронд харилцан холбоо тогтоох, мэргэжлийн бүс нутгийн хамтын ажиллагааны сүлжээ бий болгох, зах зээл, борлуулалт, түгээлт, санхүүжилтын талаар харилцан мэдээлэл солилцох боломж хангагдана.

Эдгээр ажлуудыг амжилттай хэрэгжүүлж чадсан тохиолдолд “инкубатор” төслөөс дараах бодит үр дүн гарах болно. Үүнд:

• Монголын кино уран бүтээлчид Оскар, Канн, Венец, Берлин, Токио, Пусан, Шанхай зэрэг олон улсын “А” зэрэглэлийн кино наадамд бүтээлээ явуулах техник технологийн шалгуурт бүдрэхгүй болно. Ингэснээр олон улсын тавцанд санаагаа танилцуулах бодит хаалга нээгдэнэ.

• Инкубатор төслийн үр дүнд монголын кино урлагт дутагдалтай байгаа нарийн мэргэжлүүд сэргэн соёолж, зарим нь үүсэн бий болж, шинэ стандарт жишиг нэвтэрч, нэг дороо бөөгнөрснөөр ядаж олсон жаахан санхүүгийн боломжоо нэгэндээ байгаа техник тоног төхөөрөмжид давхар зардаггүй болж, цаашид нэгнээ нөхсөн зөв гольдрилоор бие даан хөгжих эрүүл тогтолцоо бий болно.

• Удаан хугацаанд алдагдсан кино урлагийн боловсон хүчний бодлого шинэ агуулгаар баяжиж, инкубаторт хэрэгжиж, практик туршилтаар баяжсан сургалтын хөтөлбөрийг Их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт шингээх боломж бүрдэнэ.

Дүгнэлт

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн Бөөн Монголын эдийн засагт бие даасан салбар болон хөгжиж, хөгжилд нь тодорхой хувь нэмэр оруулдаг болох сайн цагийг бага ч атугай урагшлуулах зорилгоор уг Бөөн-ий жижигрүүлсэн хувилбар болох “Кино инкубатор” төслийг бодит ажил болгохыг шийдвэр гаргагчдаас бид хүсч байна. Учир нь Бөөн-ийг дагаж хөгждөг олон салбар одоог хүртэл үүсч хөгжөөгүй байгаа тохиолдолд түүнийг хар таамгаар хуульчилах нь ихээхэн эрсдэл дагуулах магадлалтай.

Иймд “инкубатор” төслөөр дамжуулан олон ажлыг жижигрүүлсэн хэлбэрээр турших боломж бидэнд нээгдэнэ. Алдсан ч энд алдагдал нь бага тусна. Ингээд туршилтуудаас амжилттай хэрэгжиж байгаа хэсгээ улам дэмжээд, алдаж байгаад нь дүн шинжилгээ хийгээд бага багаар сайжруулснаар цаашид соёлын бүтээлч үйлдвэрлэлийн Бөөн Монголд бодитойгоор хөгжих үндэс суурь зөв тавигдах болов уу.

Бүтээлч үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэхэд гарах эдийн засгийн бодит үр дүнг өнөөдөр чухалчлах шаардлагагүй. Учир нь түүний нийгэмд үзүүлэх давуу нөлөөлөл нь мөнгөөр хэмжишгүй юм. Юуны өмнө орчин үеийн шинэ бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, инновацийн Бөөн-ийг бий болгосноор мэдлэгийн эдийн засгийн хөгжлийн үндэс Монголд тавигдана. Ингэснээр Монголчуудын оюуны хэрэгцээнд нийцсэн боловсролын, түүхийн бахархлын болон сэтгэлгээний хөгжлийн сэдвээрх монгол агуулгын үйлдвэрлэл нэмэгдэнэ. Нэмэгдсэн эдгээр агуулгуудын хүчинд олон нийтийн боловсрол дээшилж, нийгмийн сэтгэлгээнд шинэчлэл өөрчлөлт явагдаж, нийгэм маань бүхэлдээ эерэг бодлын хэв маягтай болно. Энэ бүхний үр дүнд олон нийтийн дунд үндэсний хөгжлийн нэгдсэн бодлогын үзэл санаа түгж, Монголчууд өөрийн гэсэн хүсэл, мөрөөдөлтэй болно.

Монголд бүтээлч үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлэх нийгмийн сэтгэл зүй бэлэн байгаа. Учир нь сүүлийн 24 жил хулгайн ч гэсэн олон орны өөр өөр оюуны бүтээлүүдийг үзэж, хэрэглэж ирсний үр дүнд хөгжлийн зарим элементүүд нийгмийн сэтгэлгээнд бодит болон төлөвшиж, иргэдийн боловсрол, сэтгэхүйд дэвшил гарч, бас ч гэж чамлахааргүй олон уран бүтээлчид дэлхийн хэмжээний шагнал авсаар байгаа билээ.

Өнөөг хүртэл нийгэмд, ялангуяа улс төрийн хүрээнд оршиж ирсэн элдэв ёс бус үнэлэмжийг ард түмэн нийтээрээ дургүйцэх болсон нь сайн сайхан зүйлийг хүлээж буй хүлээлтийн дохио, эерэг хандлага юм. Улс орон маань хурдан хөгжиж, өнөөгийн олон саар асуудлуудаасаа салаасай гэсэн чин хүсэл ард түмэнд маань байсаар байна. Ядуурал буурахгүй, жижиг дунд компаниудын байдал дээрдэхгүй байгаа ч, ерөнхийдөө улсын эдийн засаг сайжрах байх гэсэн далд горьдлого олон нийтийн дунд оршсоор байна. Өөрөөр хэлбэл, сайн сайхан руу тэмүүлсэн хүсэл эрмэлзэл сэтгэлийнх нь мухарт байсаар байна. Энэ ч хэмжээгээрээ сонгуулиас сонгуульд шийдвэр гаргагчид, улстөрчдөд тэд итгэл найдлага тавьсаар ирсэн.

Харин одоо өөрсдийнх нь толгойд хөрөнгө оруулж, өөрсдийнх нь толгойг олборлож, өөрсдийнх нь толгойноос баялаг үйлдвэрлэснээр тэдэнд шинэ хүсэл эрмэлзлэл, шинэ соёл, шинэ хандлагыг бий болгох боломжийг санал болгосон тойм зураглалыг товчлон танилцуулахад ийм байна.

2015 оны 05 сарын 20
Улаанбаатар хот

2015-01-11

Дахиад бослого гарвал арга хэмжээ авахад хэцүү гээд би нэрээ дэвшүүлсэн

Өнөөдөр сонины сэтгүүлч Л.Ганчимэг "Олон нийтийн статустай MNB хэмээх байгууллагын хараат бус байдалд манай сонин анхнаасаа санаа тавьсаар ирсэн. Иймд шинээр томилогдсон захирлаас "амыг нь авах" хэрэгтэй байна" гэсээр ажил авсан өдрийн маань маргааш ирж авсан ярилцлагаа Дахиад бослого гарвал арга хэмжээ авахад хэцүү гээд би нэрээ дэвшүүлсэн гарчигтайгаар сийрүүлэн хэвлэснийг блогтоо оруулж байна. 

-МҮОНРТ хэмээх энэ байгууллага сүүлийн хэд хоног олон түмний анхаарлын төвд байлаа. Багагүй хэл ам гарсны эцэст Та захирлаар нь томилогдлоо. Манай “Өнөөдөр” сонин анх энэ байгууллагыг улстөрчдөд бус, олон нийтийн эрх ашгийн төлөө үйлчилдэг байгаасай гэсэн санаачилга гарган, ард иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, хууль батлуулах хэмжээнд хүртэл нөлөөлсөн түүхтэй. МҮОНРТ-ийг олон нийтийнх байлгах чиглэлээр та ямар ажил хийхээр төлөвлөв. Үндэсний зөвлөлийнхөө хуралд ямар мөрийн хөтөлбөр танилцуулсан бэ?

2005 он хүртэл энэ байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн статустай байсан. Өөрөөр хэлбэл, ардчилсан хувьсгалаас хойш 15 жилийн дараа сая нэг олон нийтийн статустай болох хүртлээ төрийн эрх баригч намын дуу хоолой байсан гэсэн үг. Харин 2006 оноос Олон нийтийн радио, телевизийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр нийгмийн салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн Үндэсний зөвлөлтэй, тэдний саналаар ерөнхий захирлаа томилдог болсон.

2005 он хүртэл энэ байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн статустай байсан.
Харамсалтай нь, өнгөрсөн есөн жилийн турш ганц ерөнхий захиралтай байлаа. Гэхдээ МҮОНРТ-ийн үйл ажиллагаа олон нийтийн гэсэн статус руугаа алхам алхмаар ойртож, улстөрчдийн шууд нөлөөлөл ч үгүй болсныг бүгд хүлээн зөвшөөрөх байх. Шууд бус нөлөөлөл байхыг бас үгүйсгэхгүй л дээ.

Миний бие 2009-2012 онд МҮОНТ-ийн захирлаар ажиллах хугацаандаа олон нийтийн телевиз үндэснийхээ түүх, соёл, уламжлалыг сурталчилсан өөрийн гэсэн монгол контентуудтай байх ёстой гэдэг бодлого баримталж байсан.

Тиймээс энэ чиглэлээр олон цуврал монгол контент үйлдвэрлэж байсан уламжлалаа дахин сэргээнэ гэдгээ Үндэсний зөвлөлд танилцуулсан. Хоёрдугаарт, дэлхийн зах зээлд байгаа оюуны өмчийн шилдэг бүтээлүүдийг зохиогчийн эрхийнх нь дагуу худалдаж авдаг системийг одоо манайд бүрдүүлэх цаг нь ирсэн. Би телевизийг удирдаж байхдаа хулгайн кино гаргахгүй гэж их хичээдэг байсан. “Бид одоохондоо шинэ бүтээл худалдаж авах боломжг үй байвал олон арван жилийн түүхтэй алтан фондоосоо шилдэг кинонуудаа гаргаж байя.

Монголынхоо уран бүтээлчдийн туурвисан дэлгэцийн сайхан бүтээлүүдийг орчин үеийн хүүхэд залууст үзүүлж, мэдүүлэх нь чухал. Дараа нь хөрөнгө санхүүгийн боломжтой болохоороо дэлхийн киноны зах зээлээс оюуны өмчийн эрхийг нь худалдаж аваад гаргадаг систем рүү шилжье” гэдэг санаачилга гаргаад, түүнийгээ хэрэгжүүлж хараахан амжилгүй явсан юм. Энэ ажлаа одоо үргэлжлүүлнэ гэдгээ мөрийн хөтөлбөртөө оруулсан.

Түүнчлэн миний зорьж буй нэг том амбийц бол “MNB World” суваг нээх.
Гуравдугаарт, монгол контентууд үйлдвэрлэх хамгийн гол бааз суурь нь кино студиуд. Гэтэл манайд уран бүтээлчдийн бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих IT технологийн ногоон студи алга. “Аватар”-аас эхлээд өдгөө дэлхий дахинд бүх контентийг ногоон студи буюу “кино павильон”- д үйлдвэрлэдэг. Бид ч гэсэн уран бүтээлчдэдээ үйлдвэрлэлийн бааз суурийг нь бий болгоод, хөрөнгө санхүүгийнх нь асуудлыг ямар нэгэн аргаар шийдээд өгчихвөл хэн гэдэг дарга энд байхаас үл хамааран тэд ажлаа өөрсдөө хийгээд явчихдаг.

Түүнчлэн миний зорьж буй нэг том амбийц бол “MNB World” суваг нээх. Аливаа улс бүр, тэр дундаа манайх шиг хурдацтай хөгжиж байгаа орон гадаадад өөрийгөө сурталчлах сувагтай байдаг. Ирэх зун АСЕМ-ийн орнуудын уулзалт Монголд болох гэж байгаа учраас түүнээс өмнө бид дэлхий нийтэд ямар түүх, зан заншил, соёл уламжлалтай улс вэ гэдгээ харуулах шаардлагатай байна.

-МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн шийдвэрийн дагуу 100 орчим ажилтныг орон тооны цомхтголд хамруулахаас ажлаа эхэлнэ гэсэн байсан. Ямар ажил, албан тушаалтай хүмүүс цомхтголд хамрагдах бол?

Манай байгууллагын төсвийг 50 хувиар хассантай холбогдуулан, Үндэсний зөвлөлийн гишүүд 791 ажилтнаас 100-г нь орон тооны цомхтголд хамруулахаар шийдвэрлэсэн юм билээ. Энэ 100 хүнийг аль алба, хэлтсээс сонгож цомхтгох вэ гэдгийг хуулиараа би шийдэх учиртай. Эхний ээлжинд олон шат дамжлага бүхэнд байдаг хурган дарганцруудын орон тоог байхгүй болгоно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байхдаа телевиз, радио, ММ агентлаг бүгд тусдаа даргатай, санхүүтэй, аж ахуйтай байсан. Дарга болгон нь дороо бас аж ахуй, санхүү, программ хариуцсан хэлтэстэй, дарга нартай. Харин олон нийтийн статустай болсноор эдгээр байгууллагын аж ахуй, санхүү бүгд МҮОНРТ-ийн ерөнхий захирлын мэдэлд шилжсэн.

Гэтэл өнөөг хүртэл нөгөө дарга нарынх нь орон тоо яг хэвээрээ яваад байна. Телевизийн хөт өлбөрийн бодлогыг захирал нь хариуцчихад болох байтал өнөөдөр программын албаны дарга, төлөвлөлтийн хэлтэс гээд удирдлагын гурван шат дамжлагатай байх жишээтэй.

Уран бүтээлчдээ хүртэл хэд хэдээр нь хуваагаад дунд нь нэг дарга тавиад байдаг. Түүнчлэн МҮОНРТ гэдэг нэгдсэн нэг байгууллагын уран бүтээлчдийг цаашид хамтарч, хоршиж ажиллуулахад анхаарах болно. Нэг үйл явдал гарлаа гэхэд манай телевиз, радио, ММ агентлаг, MNB сайт бүгд тусдаа машинтай, дөрвөн өөр сэтгүүлч, оператор очих зэргээр үргүй зардал их гаргадаг. Уг нь өнөөд өр дэлхий нийтийн сэтг үүл зүй мультимедиа хэлбэр рүү шилжээд байна.

Тухайн сэтгүүлч газар дээр нь очоод мэдээллээ сайт руугаа шуурхай оруулаад, ирэнгүүтээ бэлтгэсэн мэдээгээ радио, телевизэд форматыг нь хувиргаад өгчихдөг.

Ийм олон талын чадварт сургах хэрэгтэй болсон. Баян-Өлгий аймгийн хаа холын нэг суманд аварга малчин төрлөө гэхэд ММ агентлаг болон радиогийнхон мэдээ бэлтгэнэ, телевизийнхэн хөр өг нэвтрүүлэг хийнэ гээд бүгд тусдаа камер, машинтай гараад шидчихдэг хуучин арга барилаасаа салмаар байна.

Тиймээс орон тооны цомхтгол хийхдээ үргүй зардлыг аль болохоор багасгаж, суудал бөглөөд байж байдаг хүмүүсийг цөөлж, жинхэнэ ажил хийдэг уран бүтээлчдээ илүү чадавхжуулах чиглэл баримтална.

-Таныг энэ байгууллагын захирлаар томилогдонгуут “Ардчилсан нам МҮОНРТ-ийг хувьчилж авлаа”, “Захирлынхаа томилгоог хууль бус гэж үзсэн ажилтнууд нь шүүхэд хандлаа” гэх зэргээр ярьж, бичиж байна. Танай ажилтнууд үнэхээр шүүхэд хандсан юм уу?

Хэн ч, ямар ч асуудлаар шүүхэд хандах эрхтэй. Би энд манай уран бүтээлчид гэж нийтэд нь хамруулж яримаагүй байна. Хэдэн иргэн нийлээд шүүхэд хандсан байлаа гэхэд түүнийг нь шалгаад, хууль зөрчс өн гэж үзвэл тэр бол Үндэсний зөвлөлийн асуудал. Гэхдээ өчигдөр манай телевизийн Үйлдвэрчний эвлэлийн дарга орж ирээд “Гадуур ийм мэдээлэл гараад байна. Миний мэдэхээр ажилтнуудаас албан ёсоор шүүхэд хандсан зүйл одоогоор байхгүй шүү” гэсэн. Ер нь би ямар үзэл бодолтой байх, түүнийхээ төлөө улс төрийн аль намд элсэх вэ гэдэг нь хувь хүний эрх. Бас энэ үзэл бодлоосоо татгалзах эрх ч надад бий. Би олон нийтийн статустай энэ байгууллагын захиралд нэр дэвших шийдвэр гаргасны дараа намын даргадаа хоёр өргөдөл өгсөн.

Улс төрийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх, намын гиш үүнээсээ татгалзах гэсэн хүсэлт. Манай намын дүрмээр тухайн хүний өргөдлийг хүлээн авсан өдрөөс эхлээд тэр нь шууд хэрэгждэг. Хүн өөрийнхөө хүсэлтээр үзэл бодлоосоо татгалзаж байхад хэн нэгэн түүнийг нь зөвшөөрнө, үгүйсгэнэ гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Энэ тайлбараа ч би Үндэсний зөвлөлийн хуралд хэлсэн. Үүнийг мэдээгүй хүмүүс буруугаар ойлгоод янз бүрийн яриа гаргасан байж мэдэх юм.

-Тавхан цагийн өмнө улс төрийн албан тушаалаасаа татгалзаад, МҮОНРТ-ийн захирал болчихлоо гэж шүүмжлэх хүмүүс бас байгаа.

Таван цаг байтугай, таван минутын өмнө ч байсан болно шүү дээ. Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд лав хугацаа заадаггүй. Намын гиш үүнээсээ татгалзаад төдөн жил болсон хүнийг ерөнхий захирлаар томилно гэсэн үг, өгүүлбэр хаана ч байхгүй.

-Та төрийн эрх барьж буй намын томоохон албан тушаалаас татгалзаад, хэл ам, хэрүүл шуугиантай энэ байгууллагыг удирдахаар ирсэн. Ямар шалтгаантай юм бэ?

Радио, телевизийн энэ байшин бол миний өсөж өндийсөн газар. Сургууль төгсөөд л энд ирсэн. Дунд нь энэ чиглэлээрээ АНУ-д магистрын зэрэг хамгаалж ирээд, телевизийнхээ захирал болсон. Эндхийн унаган хүн учраас хаана ч очсон энэ байгууллагын төл өө сэтгэлээ байнга чилээж явдаг.

Хамт ажиллаж байсан хүм үүс маань ч надад “Манай байгууллага ийм байна, ингэлээ тэглээ. Нэг л явцгүй болчихлоо” гэсэн гомдол хэлдэг байлаа. Эндээс гарсан шалтгаан гэвэл миний үйл ажиллагааны зарчим өмнөх удирдлагын баримталдаг зүйлтэй нийцэхгүй байсан юм. Телевизийн захирлаар гурван жил ажиллахдаа би нэлээд зөрчилтэй нөхцөл байдалд байсан.

Тэгээд хувь хүний үнэт зүйл, зарчмаа хадгалж үлдэхийн тулд аргагүйн эрхэнд гарсан даа. Хэрэв боломж байсан бол санаачилсан ажлаа үргэлжлүүлээд, дунд нь гурван жил алдахгүй байсан гэж харамсах үе ч бий. Намайг телевизээс гарах тэр үед сонгууль ойртсон байсан учраас намд элссэн. Улс төрийн намын ажил тодорхой зорилгын төлөө бүгд хамтдаа зүтгэдгээрээ онцлог.

2012 оны орон нутгийн, дараа жил нь Ерөнхийлөгчийн, бас Говь-Алтай аймгийн нөхөн сонгуульд дараалан ялалт байгуулах гурван том зорилгоо биел үүлснийхээ дараа буюу өнгөрсөн жилээс би намын удирдлагууддаа хүсэлт тавьсан. “Би намынхаа өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэлээ гэж бодож байна.

Би энд ирэх хүсэлтэй байгаагаа бүтэн жилийн өмнөөс намынхандаа хэлсэн юм шүү.
2016 оны сонгууль болтол хол зай байна. Тиймээс намайг улс төрийн ажлаас чөлөөлөөд радио, телевиз рүү минь буцаагаад явуулна уу. Тэндхийн үйл ажиллагааг жаахан цэгцлэх хэрэгтэй байна” гэдэг хүсэлтээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлж байсан юм. Гэлээ гээд тухайн үед М.Наранбаатар захирлын гэрээний хугацаа дуусаагүй, Үндэсний зөвлөлийнхөн ч тэр хүнтэй хариуцлага тооцох хүсэл сонирхолгүй байсан учраас хүлээхээс өөр арга надад байгаагүй.

-Тэгэхээр З.Энхболд өөрийнхөө “халаасны хүн”-ийг АН-ын генсекийн албан тушаалд тавихын тулд Ц.Оюундарийгаа МҮОНРТ рүү явуулсан гэдэг таамаглал үндэслэлгүй гэсэн үг үү?

Тийм ээ. Би энд ирэх хүсэлтэй байгаагаа бүтэн жилийн өмнөөс намынхандаа хэлсэн юм шүү. Тухайн үед миний энэ саналыг олон хүн их гайхаж байсан. “Яахаараа чи генсекээсээ татгалзаж байгаа юм. Тийм зүйл байхгүй шүү. Юу ч болсон бай, чи ажлаа дуугүй хийх хэрэгтэй” гэцгээгээд л.

Тэгэхээр нь би “МҮОНРТ-ийн уран бүтээлчид хавчигдаж байна. Тэнд ёс журам, зарчим алдагдсанаас болоод, байдал хэц үүдлээ. Намайг эндээс явуулдагг үй юм бол ядаж өөр, чавдартай хүнийг томилох хэрэгтэй байна” гэж хүртэл гуйсан. Эцэст нь намайг өөрөө тохирох нэр дэвшигч ол гэсэн учраас “Моннис”-ын Д.Сайнбаяр тэргүүтэй хэд хэдэн хүнийг санал болгоод, зүтгүүлсэн ч бүтээгүй.

-Сая тэгээд Д.Сайнбаяр гэдэг хүн тантай хамт нэр дэвшсэн ч нэрээ татсан байсан. Үүнд таныг, эсвэл АН-ыг нөлөөлсөн гэж хардах хэсэг байгаа.

Гадаадад сургууль төгссөн залуус нэгдээд, чөлөөт ярилцлага хийдэг “Олуулаа” гэдэг клуб байдаг. Д.Сайнбаяр бид хоёр тэндхийн гишүүн. Түүнийг боловсролтой, чадвартай залуу боловсон хүчин юм байна гэж харсан учраас би анх санал болгож байсан юм. Тэгээд сая мань хүнийг нэр дэвших гэж байгааг дуулангуутаа МҮОНРТийн ажилтнууд бослого гаргах гэж байгаа тухай бодитой яриа гарсан.

Энэ байгууллага олон арван жил оршин тогтнож байгаа болоод ч тэр юм уу, баргийн дарга, удирдлага хүлээж авдаггүй “хатуу” газар. Удирдлагаа эсэргүүцээд, өлсгөлөн хүртэл зарлаж байсан хамт олон шүү дээ. Тиймээс одоо үүсээд байгаа нөхцөл байдал дээр нэмээд, дахиад бослого гарвал цаашид арга хэмжээ авахад хэцүү болно гэж үзсэний үндсэн дээр би нэрээ дэвшүүлэхээр шийдсэн. Д.Сайнбаяр ч “Таныг дэвшиж байхад би өрсөлдөөд юу хийх вэ. Энэ салбарт танигдаагүй хүн очлоо гээд бослого гарвал би намжааж чадахгүй байх” гээд нэрээ татсан.

-Уучлаарай, З.Энхболдын “халаасны хүн” гэдэг тодорхойлолт танд хамаатай юу?

Энэ бол огт үндэслэлгүй зүйл. Намайг их олон жилийн турш “Элбэгдоржийн хүн” гэдэг байсан юм. Элбэгээ дарга 1998 онд Ерөнхий сайд болохдоо намайг Хэвлэл мэдээллийн албаны даргаараа авснаас үүдээд тийн хэлдэг байсан. Гэтэл сүүлийн долоо хоногт “Энхболдын халаасны хүн” гэдэг тодотголыг надад бас хамаатуулж байгаад үнэндээ гайхсан.

Урьд нь намын дарга Н.Алтанхуягтай хамтарч ажиллаж байхад мөн л тиймэрхүү юм дуулддаг байлаа. Энэ бол маш буруу хандлага юм шүү дээ. Манай хэвлэл мэдээллийнхэн хэн нэгнийг аливаа албан тушаалд очихоор заавал “Тэрний халаасны хүн” гэж тодорхойлж бичээд байдаг. Гэтэл энэ байдал нь нийгэмд хамгийн түрүүнд сөргөөр нөл өөлж, тийм хандлага руу залуусыг уруу татдаг.

-Таныг намынхнаасаа хараат бусаар үйл ажиллагаа явуулж чадах болов уу гэдэг болгоомжлол олон нийтэд байгаа. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

Монголын улс төрийн зах зээлд голлон ялалт байгуулдаг АН, МАН хоёр өөр өөрсдийн гэсэн соёлтой. АН-ын хувьд удирдлагын хэвтээ тогтолцоотой учраас дээрээс хэчнээн том дарга үүрэг өгсөн байлаа гээд түүнийг нь шууд хэрэгж үүлдэггүй. Шат болгондоо өөрсдөө эхлээд зөв үү, буруу юу гэдгийг нь хэлэлцэж байж шийддэг учраас АН-д дээрээс ирэх нөлөө харьцангуй бага байдаг.

Тийм ч учраас Үндэсний зөвлөлийн хурал дээр МАН-ын угшилтай, УИХ-аас нэр дэвшиж сонгогдсон Б.Энхмандах нэг сонин зүйл хэлсэн. Тэрбээр “АН нэлээд өндөр түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчнээ МҮОНРТ-д бэлэглэлээ. Улс төрийн карьераа хөөгөөд явбал энэ хүнд цаашид өчнөөн боломж байхад уг байгууллагыг удирдуулахаар илгээсэн нь тэд ямар их ач холбогдол өгснийг илэрхийлж байна” гэсэн нь миний зорилгыг зөвөөр олж харсны илрэл байсан.

-МҮОНТ-ийн мэдээллийн хөтөлбөрөөр ил, далд хэлбэрийн сурталчилгаа, төлбөртэй мэдээ маш их гарах болсныг хүмүүс шүүмжилдэг. Та ч бас анзаардаг л байх. Үүнд та ямар нэгэн хяналт тавих боломжтой юу?

Намайг телевизийн захирал хийж байхад ч манай мэдээний чанарыг хүмүүс үнэхээр шүүмжилдэг байсан. Хамгийн марзан нь MNB гэсэн сувгаар нэг зүйлийн тухай хоёр өөр утга агуулгатай мэдээлэл цацдаг. Яагаад гэвэл мэдээнээс бусад бүх хөтөлбөр телевизийн захирлын мэдлийнх байдаг. Харин мэдээллийн хөтөлбөрийн цаг нь тэр чигтээ ММ агентлагийн даргын мэдлийнх гэсэн ойлгомжгүй тогтолцоо манайд үйлчилдэг.

Жишээ нь, ММ агентлаг ураны ач холбогдол, эдийн засагт үзүүлэх нөлөө зэргийг онцлон сурвалжиллаа гэж бодъё. Гэтэл тэднийхээр юу гарсныг мэдэхгүй учраас телевизийн Нийгэм, эдийн засгийн редакцынхан нутгийн иргэдийн гомдлоор газар дээр нь очоод, “Уран бол байгаль орчинд хор хөнөөлтэй” хэмээн эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгээд гаргачихдаг.

Тиймээс энэ гаж тогтолцоог ойрын үед өөрчлөхийг хичээнэ дээ.
Ингээд дунд нь үзэгчид төөрөлдөж орхидог. Радиогоор бас хэдэн янзын зөрүүтэй мэдээлэл цацаж байгааг мэдэх аргагүй. Хэрэв мэдээний тусдаа суваг л байгуулахгүй юм бол энэ бүхнийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулах ёстой. Тэгж байж хариуцлага тооцох боломжтой болно. Тиймээс энэ гаж тогтолцоог ойрын үед өөрчлөхийг хичээнэ дээ.

-МҮОНТ хөдөөд заримдаа гарахаа байчихдаг. Бас хөдөөгийнхний хувьд мэдээ мэдээлэл олж авах гол суваг нь дуу, дүрсний чанар талаасаа хувийн зарим телевизтэй харьцуулахын аргагүй тааруу байдаг. Ингэхэд танай телевиз хэзээнээс тоон системд шилжих юм бэ?

Уг нь өмнөх захирал маань 2014 онд телевизээ тоон системд шилжүүлнэ гээд дөрвөн тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсвөөс гаргуулж авсан юм билээ.


Би ирэнгүүтээ өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлтэй хамгийн түрүүнд танилцахад нөгөө мөнгө нь бүгд гарчихаж. Учрыг асуутал “Тоног төхөөрөмжөө худалдан авсан. Одоо замдаа яваа” гэсэн. Ямар ч байсан МҮОНТ-ийг HD форматад шилжүүлэх шаардлагатай гэдгийг хаана хаанаа ойлгож байгаа учраас мөнгийг нь өнгөрсөн жил шийдээд өгчихөж. Тэгэхээр одоо миний хувьд юу болохыг нь хүлээх л үлдлээ.

2014-10-31

Монгол улсаа хөгжүүлье гэвэл Монгол хүнээ хөгжүүл

Говь-Алтай аймгийн Ардчилсан намаас анх удаа аймгийн хэмжээнд баг тус бүрээс 10, нийт 1000 эмэгтэйчүүдийг цуглуулж, 2014 оны 10 сарын 18-нд "Засагт ханы гал голомт-Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт"-ыг зохион байгуулсан билээ. Энэхүү уулзалтын нээлт дээр тавьсан товч илтгэлээ блогтоо оруулж байна. 


Засагт ханы гал голомт Говь-Алтай аймгийн бүх сум багаас төлөөлөл болон ирсэн эрхэм журмын нөхөд, хүүхдийн сайн ээж, хүний сайхан хань, идэр залуу охид бүсгүйчүүд, эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Ердөө есхөн сарын өмнө ГА аймагт болсон орон нутгийн дахин сонгуулиар ардчилсан нам анх удаа түүхэнд тэмдэглэгдэх ялалтыг байгуулж, аймгийн засаг захиргаа 1990 оны ардчилсан хувьсгалаас хойших 24 жилд анх удаа Ардчилсан намд шилжсэн билээ. Энэхүү түүхэн сонгуулийн ялалтад АНын эмэгтэйчүүд та бүхний гутлынхаа улыг эргэтэл зүтгэсэн их хүчин чармайлтын ач гавъяаг үгээр хэлэх аргагүй. Бид яагаад ялах гэж, ардчиллыг энэ нутагтаа бэхжүүлэх гэж ингэтлээ хичээн зүтгэж, мятрашгүйгээр тэмцэж ирсэн юм бэ?

Учир нь ардчилал бидэнд боломж олгодог. Боломж, чөлөөт сонголт гэдэг зөвхөн ардчилсан нийгэмд л байдаг үнэт зүйл. Энэ үнэт зүйлийн ачаар бид хэнд итгэхээ чөлөөтэй сонгож, тэрхүү сонголтынхоо үр дүнд хөгжлийн тухай чөлөөтэй бодох, сэтгэх, мэтгэлцэх эрхтэй болж, түүнийхээ үр дүнд бид бодит боломжуудыг өөрсөддөө бий болгодог.

Хүмүүс уламжлалаа дагаж, зан заншлаа хүндэтгэдэг ч, хөгжил рүү үргэлж тэмүүлж байдаг. Тэр ч утгаараа хөгжил гэдэг угтаа өөрчлөлт, шинэчлэл юм. Тэгэхээр Монгол минь хөгжихийн эхлэл нь өөрчлөлт шинэчлэлт, өөрчлөлт шинэчлэлийн эхлэл нь сонголт болж таарч байна. Тиймээ, та бүхний ялуулах гэж хичээн зүтгэсэн тэр их зүтгэлийн цаад учир шалтгаан нь хөгжил рүү тэмүүлсэн, өөрчлөлт шинэчлэлийг хүссэн, Ардчилалд итгэсэн сонголт байсан.

Тийм ч учраас аймгийн шинэ удирдлагууд, аймгийн АН хамгийн түрүүнд хуучин арга барилыг өөрчлөн шинэчилж, баялаг бүтээгчдээ дэмжин урамшуулж, үр дүнд нь Алтай сайхан нутагт минь хөгжил дэвшил бодитоор бий болж байна. Ийм учраас би өнөөдөр та бүхэнтэйгээ хөгжлийн тухай ярихыг хүсч байна.

Хөгжил гээд хэлэхээр юуны түрүүнд амьдрах тохилог орон сууц, аймаг бүрт босч буй 1000 айлын орон сууц, хот суурин аймаг сумдыг холбон хэдэн зуун км үргэлжлэх засмал зам, үйлдвэр уурхай, өсч үржиж буй мал сүрэг, хөндий дүүргэн халиурсан үр тариа, шилэн кабел, өндөр хурдны интернэт гээд бодит бүтээн байгуулалтууд нүдэнд харагддаг. Нүдээр харагдах гайхамшгийг үгээр хэлэх нь илүүц гэдэг. Иймд бодит бүтээн байгуулалт бүхий материаллаг хөгжлийн тухай ярихаа больё, учир нь түүнийг бид өдөр бүр нүдээрээ харж байна. Тэрний оронд Монгол Улсын хөгжлийн тулгуур үндэс болсон Монгол хүний хөгжлийг ярья.

Би Монгол улсаа хөгжүүлье гэвэл хамгийн түрүүнд монгол хүнээ хөгжүүлэх ёстой гэдэгт итгэдэг. Саяхан МЗХ-оос төрийн ордонд зохион байгуулсан Оны залуугийн лекцээрээ ч би мөн энэ л сэдвийг онцлон ярьсан. Бид байгалийн баялаг бүхий олон толгойг олборлон ашиглаж, олз омог овоолж болно, гэхдээ түүнийхээ хажуугаар, түүгээрээ олсон хуримтлалаараа эрдэм агуулсан монгол хүнийхээ оюунлаг авъяаслаг толгойг ашиглаж хөгжүүлж байж хөгжил дэвшил рүү урагшлах ёстой.

Монгол улсын хөгжлийн тулгуур болсон Монгол хүн гэдэг хэдэн зуунаар уламжилсан нүүдэлч сэтгэлгээнийхээ ачаар хаана ч очсон газарддаггүй, дасан зохицох чадвар сайтай, сэтгэлгээ болон сонирхлын цараа өргөн, аливааг маш хурдан сурдаг, өөрийн гэсэн бодолтой хүмүүс. "Монголчууд гадаадад очихоороо шал өөр, ажилсаг болчихдог" гээд хүмүүс шүүмжилдэг. Би үүнтэй санал нийлдэггүй. Энэ чинь дасан зохицож байгаа болохоос гэнэт ажилсаг болчихож байгаа юм биш. Угаасаа ажил хийж сураагүй хүн хаана ч л ажиллаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр ажилсаг чанар нь арчилж тордож, ургуулж, ил гаргаагүй, нуугдмал байжээ гэсэн үг.

Ийм олон давуу чанар байнаа гэдэг чинь үр тариагаар бол Монгол хүн гэдэг маш сайн сортын үр гэсэн үг. Энэ үрнээс улсын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах сайн чанарын ургац хураан авахын тулд түүнийг байнга арчлан тордох шаардлага зүй ёсоор тулгарч ирнэ. Үүнийг хэн хийх вэ?

Хүний хөгжил гэр бүлээс эхэлдэг. Гэр бүл дотор хамгийн нөлөөтэй хүмүүс нь ээжүүд. Гэхдээ би энд зарим хүмүүс шиг баяр ёслол болохоор л эмэгтэйчүүдийг элдэв гоё үгээр санаа зовтол магтдаг шиг "Ээ дээ та нар минь хүний хөгжлийн гол тулгуур шүү" гэж элдэв уран үг урсгамааргүй байна. Бид бүгдээрээ төгс биш, төгс ч байх албагүй. Учир нь хүн ерөөсөө төгс бүтээгдээгүй, ургаж төлжих явцдаа харин ямар орчинд хэрхэн арчилагдаж тордуулж өссөнөөсөө болоод өөр өөр давуу болон сул чанаруудыг өөртөө бий болгосон байдаг.

Яг энэ мөчид та бүхэн өөр өөрсдийнхөө хэрхэн өсч торнисон түүхээ эргээд нэг боддоо. Хамгийн түрүүнд ээж л санагдаж байгаа даа. Магадгүй дараа нь багш чинь санагдах байх. Тэр багш чинь аягүй бол дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа.  Тэгэхээр монгол хүнийг ургуулан хөгжүүлэхэд хамгийн нөлөөтэй хүмүүс нь яах аргагүй эмэгтэйчүүд болж таарч байна.

Үр тариа ургаж төлжихөд тэжээллэг сайн хөрс, цаг агаарын тааламжтай орчин хамгаас чухал. Тэгвэл хүний ургаж төлжих ариун хөрс нь ёс суртахуунтай, амар амгалан гэр бүл юм.

Ардчилсан хувьсгал бидэнд эрх чөлөө, хувийн өмч, чөлөөт сонголт гээд олон үнэт зүйлсийг авчирсан шигээ олон сорилтыг мөн тулган хүлээлгэсэн. Түүний нэг нь нийгмийн гэнэтийн өөрчлөлт дунд үрэгдэж алга болсоор байгаа ёс суртахуун, монгол хүний мөс чанар, ёс жудаг юм. Өөрөөр хэлбэл монгол хүний хөгжлийн хөрс суурь нь болсон ариун ёс суртахуун өнөөдөр илт дутагдах болж. Хичнээн өндөр боловсрол эзэмшээд, ёс суртахуунгүй, хүн чанаргүй, ёс жудаггүй бол хүн гэдэг чинь сайн бүтээгдсэн роботоос ялгаа юу болох вэ?

Ерөөс аливаа улс нийгэм эмэгтэйчүүдийн ёс суртахууны хүчинд тулгуурласаар ирсэн байдаг. Гэтэл өнөөдөр жендерийн тэгш байдал гэдгийг хэт туйлшруулан хөөрөгдөж, залуу эмэгтэйчүүдийг эх хүн болох, гэртээ хүүхдээ харан суухыг үнэ цэнэгүй болгох оролдлого хэт түгснээс зарим хүмүүс гэртээ суух явдал нь эмэгтэй хүнийг дорд үзсэн үйлдэл хэмээн үзэх, гэрийн хүмүүжлийг үгүйсгэх, бүх хүүхдийг цэцэрлэг яслид явуулах гэж зүтгэх явдал түгээмэл болж байна. Ерөөсөө шууд л цэцэрлэгийн насны тэдэн хүүхэд байгаагаас тэд нь цэцэрлэгт хамрагдаагүй байна, тэдэн ортой цэцэрлэг хэрэгтэй гээд төсөв нэхээд суучихдаг.

Уг нь тэдний хэдийг нь ээж нь гэртээ хүмүүжүүлэхийг хүсч байгааг тооцох ёстой юм. Үнэн чанартаа гэртээ суугаад "хүнээр хүн хийх" гэдэг ажлыг эрхэлнэ гэдэг хамгийн дээд зэргийн ажил гэдгийг хүмүүст ойлгуулж, гэртээ хүүхдээ хүмүүжүүлж буй эхчүүдэд цэцэрлэгээс дутахгүй дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа юм.

Өнөөдөр Монголын нийт оюутнуудын 60% нь эмэгтэйчүүд. Их дээд сургууль дүүргэсэн өндөр мэргэжлийн ээжүүд гэртээ хүүхдээ хараад суух нь нэг талаас хайран мэт харагдавч, үнэн хэрэгтээ энэ ажлаа эзэмшсэн мэргэжлээсээ илүү сайн хийж чадвал монгол улсын хөгжилд оруулж буй хамгийн том хувь нэмэр тэр болно. Ээжүүд үр хүүхэддээ хайр энэрлээсээ гадна өндөр боловсролоороо нөлөөлөх гайхамшигт орчин гэрт нь бүрдэх боломж байна. Ингэж хэлснээрээ би эмэгтэйчүүдийн ажил мэргэжил дээрээ гаргасан амжилт бүтээлийн үнэ цэнийг бууруулах гээгүй, гагцхүү битгий туйлшраач ээ гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Монголчууд чинь авч давхидаг морь шиг, нэг юм болохоор л бүгдээрээ хуйлран хошуурчих гээд байдаг нэг сул талтай. Ийм ч учраас бид бараг л бүх хүүхдүүдээ болсон болоогүй дээд сургуульд сургах гээд хамаг малаа зараад, өр тавиад хот руу илгээдэг. Уг нь бид явуулахыг нь явуулж, үлдээхийг нь үлдээж, аливаад туйлшралгүй нухацтай хандвал хөгжлийг төлөвлөхөд амар болохсон.

Бид тэгш эрхийн тухай хэт туйлшруулан хийрхсэнээс болоод эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн ялгаатай, бие биенээ нөхдөг, тиймдээ ч нийлэхээрээ илүү сайн сайхан зүйлийг бүтээдэг, нийлж байж төгс болдог "арга билэг" гэж ярьдаг тэр нандин чанараа алдаад  байна уу даа гэж санаа зовдог.

Гэр бүлд эцэг, эх байхаас илүү эрхэм ажил үгүй гэдгийг хүн бүхэн ойлгодог. Гэр бүлийн амжилтаас илүү мэргэжил, эд баялаг, эрх мэдэл, нэр алдар гэж байхгүй. Иймд монгол хүүхдээр Монгол хүн хийх ажлыг дан ганц цэцэрлэг хэмээх хуарангийн хүмүүжлийн системд найдаж үлдээх нь алдаатай бодлого! Зарим нь, болж өгвөл дийлэнх нь хайр энэрэл, өндөр боловсролоороо хүүхдээ арчлан тордож, зөв Монгол хүнийг гэртээ өөрийн гараар гардан бойжуулж, тордон "ургуулах"-ыг илүүтэй чухалчлахыг би энд цугласан бүх эмэгтэйчүүд, ээжүүддээ уриалж байна.

2005 онд АН “Цахим Монгол” гэсэн хөтөлбөрийг эхлүүлж байсан. Тэр үед интернэт хэрэглэдэг хүний тоо Монголд 10 мянга байсан гэж ерөнхийлөгч саяхны нэг лекцэндээ дурьдсан байсан. Өнөөдөр тэгвэл энэ тоо 900 мянгад хүрчээ. 9-хөн жилийн дотор 90 дахин өссөн байна. АН энэ жил 150 сумыг шилэн кабелиар өндөр хурдны интернэттэй холболоо. Энэ бол мэдлэг мэдээллийг дэлхийн оюуны их сангаас сумандаа гэртээ сууж байгаад олж авах бодит боломж гэсэн үг. Мэдээллээр байнга хангагдана гэдэг мэдлэг бүтээх нэг хэлбэр. Мэдлэг гэдэг хөгжлийн суурь. Тэр мэдлэгийг заавал ажил мэргэжил карьертаа ашиглах биш, гэр орондоо, үр хүүхэддээ байнга түгээдэг болбол тэр нь ургаж төлжиж буй монгол хүнд ургацын болц түргэтгэх үржил шимт бордоо л гэсэн үг.

Эцэст нь би Монгол улсын ерөнхийлөгчийн хэлсэн нэг сайхан үгийг та нартайгаа хуваалцахыг хүсч байна. Юу гэхлээр, аливаа асуудлыг шийдэх гэхээр манайхан бүгд төр рүү ханддаг, төрөөр асуудлаа шийдүүлэх гэдэг. Мулгуу, муу төртэй байгаа газар төрөөр асуудлаа шийдүүлнэ гэдэг хамгийн муу сонголт гэж ерөнхийлөгч хэлсэн. АН-ын үнэт зүйл ч бас тийм юм. Аливаа асуудалд төрийн оролцоог хязгаарлах ёстой гэж АН үздэг. Учир нь төрөөр асуудлаа шийдүүлэх тусам өөрийн амьдрал улам бүр хүндэрдэг. Далай лам хэлсэн шүү дээ. Бурхан гэж тусдаа юм тээр дээр байдаггүй юмаа гэж. Тэр чинь энд, сэтгэлд чинь байдаг юмаа гэж. Сэтгэлдээ бид юуг ч ургуулж болдог.

Монгол минь хөгжихийн эхлэл нь өөрчлөлт шинэчлэлт гэж би дээр хэлсэн. Тэгвэл монголын хөгжлийн тулгуур болсон монгол хүний хөгжлийн эхлэл нь эмэгтэйчүүд та бидний өөрөө өөрийгөө өөрчлөх, гэр бүл үр хүүхэд орчин тойрондоо хандах хандлагаа шинэчлэх, сэтгэл доторх "төрөө төвхнүүлэх" явдал гэж ойлгож болох нь. Та бүхэнд сэтгэлийн их амар амгаланг ёрөөе. Та бүхний урган төлжүүлж буй хүүхэд бүр тань монголын хөгжлийн тулгуур багана болсон зөв монгол хүн болон төлөвших болтугай.





2014-09-27

“ТОЛГОЙ”-Г ОЛБОРЛОX ТОЙМ ЗУРАГЛАЛ

МЗХ, "Залуу удирдагч" сангаас жил бүр нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн салбар даxь "Оны залуу"-г шалгаруулдаг уламжлалтай. 2013 онд Монголын улс төрийн амьдралд болсон xамгийн том үйл явдал нь яаxын аргагүй Монгол улсын Ерөнxийлөгчийн сонгууль байсан. Энэ сонгуульд Mонголын ард түмэн АН-аас нэр дэвшигчийг сонгосон нь ямар зөв мэргэн сонголт байсныг одоогийн Монгол улсын ерөнxийлөгчийн явуулж буй үйл ажиллагаа, хоёр иx гүрний төрийн тэргүүнүүдийн айлчлал, олон улсын тавцанд тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа Монгол улсын байр сууриас тодxон харж болно. Энэxүү түүxэн эгзэгтэй сонгуулийг удирдаx цөөн xүний нэг нь болоx завшаан надад тоxиосон нь 2013 оны нийгэм улс төрийн салбар даxь "Оны залуу"-гаар шалгараx гол үндэслэл болсон болов уу. 
Оны залуучууд маань зүгээр нэг титэм аваад мартагдаx биш, залуучууддаа зориулан лекц уншдаг уламжлал нь "Next Stop" наадмын бас нэг онцлог. Ингээд 2014 оны 09 сарын 27-ны өдөр Төрийн ордонд танилцуулсан "Оны Залуу"-гийн лекцийнxээ текстийг блогтоо оруулж байна.

Эртнээс олборлосон  Эрдэнэт толгой, одоо ид ашиглаж буй Оюу толгой, тал талаас нь мэрээд эхэлчихсэн Таван толгой, за тэгээд занар, хий, газрын тосны гээд, эрдэнэсээ ил xаруулдаггүй, гэхдээ хайж олж чадвал баялгаар дүүрэн байдаг олон нуугдмал толгойг өвөг дээдэс минь бидэнд өвлүүлэн үлдээжээ.

Харин би өнөөдөр өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн өөр нэг толгойг хэрхэн олборлож, улсын эдийн засгийн нэгээхэн тулгуур болгон хөгжүүлж болох тухай урлагийн болон IT салбарынхны xүрээнд хэдэн жил тус тусдаа яригдаж байгаа мөрөөдөл таамаглалуудыг нэгтгэн дүгнэж, тоймлон зураглаxыг оролдоx гэж байна. Энэ толгой бол шавхагдашгүй баялаг болох бүтээлч санаагаар дүүрэн Монгол xүний ТОЛГОЙ.

Монгол хүний бүтээлч толгойг социалист системийн үед коммунистууд өөрийн үзэл суртлаа олон түмэнд ойлгуулан таниулах зорилгодоо тун ч чадамгайгаар олборлон ашиглаж байсан юм. Тухайн нийгэмдээ яг ямар соёл, үзэл суртал түгээхийг хүсч байгаагаа агуулгад нь бүрэн шингээсэн, чанарын өндөр түвшинд хийгдсэн оюуны бүтээлийг түгээж болох бүх сувгаар 1000 дахин давтан байж социалист аж төрөх ёсны тухай бүрэн ойлголтыг нийгэмдээ өгч чадаж байсан байгаа юм. Уул усыг нь ухаад оронд нь уурхай завод барьж, үр тариа ургуулах гэж байгаа тухай, түүнийг нь эсэргүүцсэн малчин эцэстээ бүхнийг ойлгон социалист хөгжил дэвшилд сэтгэл хангалуун үлдэж байгаа тухай, барилгажилт,хотжилтыг дэмжсэн “Аман хуур”, Атар эзэмшихэд залуусыг дуудсан “Хөхөө гэрлэх дөхлөө”, Банкинд мөнгөө хадгалуулахыг уриалсан “Хүргэн хүү”  кино  гэхчилэн нийгмийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх олон санааг сэтгэлд хоногшсон дүрүүд, хит болсон дуунууд, театрт тавигдах жүжиг, хээрээр давхих урлагийн бригад гэхчилэнгээр өнөөгийн бүтээлч үйлдвэрлэлийн салбарт багтаан тодорхойлдог бүх хэлбэрүүдээр дамжуулан цэвэр тэр үеийн нам төрийн захиалга, санхүүжилт, үзэл суртал болон агуулгын хяналттайгаар боловсруулан, монгол хүн бүрийн толгойд хоногшуулдаг байж.

Тэр үеэс л оюуны бүтээл туурвидаг авъяастай сийрэг толгойнуудыг урлагийнхан хэмээн нэрлэж заншсан. Харин би өнөөдөр яаж социалист нийгмийн үед үндэс сууриа тавьсан Монголын урлагийн салбарыг орчин үеийн эдийн засгийн бүтээлч үйлдвэрлэлийн салбар болгон хөгжүүлэх арга замын тухай  тоймлон зураглах гэж оролдьё. Ингэхийн тулд эхлээд бүтээлч үйлдвэрлэлийн салбар гэж юу юм, бүтээлч үйлдвэрлэлийн салбар урлагийн салбараас юугаараа ялгагдах юм гэдгийг товч танилцуулъя.

Бүтээлч үйлдвэрлэлийн салбар гэж юу вэ?

Юуны түрүүнд бүтээлч үйлдвэрлэл гэдэг нийгмийн сэтгэлгээнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг хэдэн авъяастай хүмүүсийн бүтээлийн цуглуулга биш, харин улс орны эдийн засагт багагүй хувь нэмрээ оруулдаг бүхэл бүтэн салбар болон хөгжсөн эдийн засгийн ойлголт ажээ.    
Дэлхийн хэмжээнд бүтээлч үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэxүүн үйлчилгээний жилийн орлого 2011 оны байдлаар 624 тэрбум ам.долларт xүрсэн нь 2002 оны үзүүлэлтийг 2 нугалсан үзүүлэлт болж, энэ xугацаан даxь жилийн дундаж өсөлт нь 8.8 xувь болсныг НҮБ, ЮНЕСКО, Дэлxийн оюуны өмчийн байгууллага (WIPO) болон олон улсын xудалдааны төвийн (ITC) xамтран гаргадаг “Дэлxийн бүтээлч эдийн засгийн 2013 оны тайлан”-д онцлон дурьдсан байна.  Хөгжиж буй орнуудын xувьд өсөлтийн үзүүлэлт бүр ч өндөр, дунджаар 12.1 xувьд хүрсэн байна. Энэ хурдаар бүтээлч үйлдвэрлэлийн салбарын зах зээлийн үнэлгээ 2020 он гэхэд 3 их наяд америк долларт хүрнэ гэсэн тооцоог эдийн засагчид хийжээ.

Тэгэхээр юу үйлдвэрлэдэг, ямар салбар болоод энэ бүтээлч үйлдвэрлэлийн салбар гээч нь ингэж их хурдтай өсөөд байна вэ? Түүнд яг юу юу багтдаг юм бэ?

Үүнийг олон судлаачид маш олон янзаар тодорхойлох гэж оролдсон байдаг. Тэдгээрээс Их Британы засгийн газрын Соёл, хэвлэл, спортын яамны тодорхойлолтыг хамгийн дөхүү тодорхойлсон гэж үздэг. Тэр тодорхойлолтоор бол

“Бүтээлч үйлдвэрлэл (creative industry)  гэдэг нь хүний бүтээлч сэтгэлгээ, мэдлэг ур чадвар, авъяас билгээс эх сурвалжтай оюуны өмч, зохиогчийн эрхийн дагуу ажил мэргэжил болон эд хөрөнгө үүсгэх чадвартай үйлдвэрлэлийн салбаруудыг бүхэлд нь нэрлэнэ” гэжээ.

Шинэ тутам салбар учраас үг хэллэг нь нэг л чихэнд наалдахгүй байгаа биз? Энгийнээр хэлье: Урлагийн салбар гэдэг бол үндсэндээ агуулга бүтээдэг хэсэг, харин бүтээлч үйлдвэрлэлийн салбар гэдэг бол тэрхүү агуулгыг хууль ёсны зохиогчийн эрхтэй болгож, түүнийг цааш нь масс үйлдвэрлэлд оруулан, баялаг бүтээдгээрээ ялгаатай. Өөрөөр хэлбэл:

Урлагийн бүтээл  + Зохиогчийн эрх + Үйлдвэрлэл + Борлуулалт = Бүтээлч үйлдвэрлэл

гэж томъёолж болохоор байна. Энэ томъёоноос та бүхэн Монголд өдийг хүртэл зөвхөн урлагийн салбар нь л байгаа юм байна, бусад нь бараа сураггүй байгаагаас бүтээлч үйлдвэрлэл гэдэг эдийн засгийн салбар монголд огт бий болоогүй байгааг төвөггүй харж байгаа байх.

Бүтээлч үйлдвэрлэлийн салбарт олон зүйл багтана. Хуучнаар телевиз, кино, хөгжим, тайз дэлгэцийн урлаг, хэвлэл, радио голлодог байсан бол, одоо нэмээд зар сурталчилгаа, архитектур, дүрслэх урлаг болон эртний эдлэл, баримал, бүх төрлийн загвар, дизайн, видео болон гэрэл зураг, софтвайр, компютер тоглоом, апликешнүүд, цахим хэвлэл зэргийг хамруулан үздэг болсон байна.

Эдгээрээс ихэнх нь тэртээ социализмын үед урлагийн салбар гэдэг утгаараа үндэс сууриа тавьж, өнөөдөр ч хөгжлийнхээ тодорхой түвшинд гарсаар байгаа.  Гэвч тэдгээр нь зохиогчийн эрхтэй оюуны өмч болж, банкны барьцаанд тавигдан зээл болж, эдийн засгийн эргэлтэнд орон, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болон худалдаалагдаж, баялаг үйлдвэрлэн, монголын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байна уу гэвэл ҮГҮЙ. 

Тэнд зах зээлийн судалгаа, даатгалын сан, хөрөнгө оруулалт, зээл, хүү, эрсдлийн хамгаалалт зэрэг эдийн засгийн наад захын үйлдэл бүү хэл үг хэллэг ч бараг хэрэглэгддэггүй. Баяр ёслол дөхөхөөр, эсвэл оюутан сурагчид цуглахаар  баахан дуучид концертоо хийх гээд өөрсдөө нүүрээ улалзуулан байгууллага хэсч, билетээ борлуулж яваа харагддаг.

За киночид бол ерөөсөө л зуны дулаан цагт багтааж зургаа дуусгах гээд л бүгд хээр гарчихна. Нөгөө жүжигчид нь тэлээтэй хурга шиг хэд хэдэн киноны зураг авалтыг зөрүүлэх гэж бөөн юм болно. Зураг авалтын студитэй бол барилгын улирал шиг заавал зун гэж шавахгүй байхгүй юу. Тэгээд ингэж чихэлдэн, яаран сандран хийсэн кинонууд нь намар өвөлдөө ээлжлэн гарч эзэддээ ашиг орлого гэхээсээ амьдрах зардлын хэдэн цаас годуу олж ирдэг. Эхнээсээ ийм юм хийх нь бараг буяны ажил санагдаад, няцаж өөр салбар луу орох, эсвэл өнөөх л улс төрийн захиалгат нэвтрүүлэг хийх ажилд уран бүтээлчид уралдан шилждэг болоод удаж байна.  

Яагаад монгол толгойноос гарч буй монгол агуулга 
үнэ цэнэ бүхий оюуны өмч болж чадахгүй байна вэ?

Бяцхан түүх сөхье. 1990 онд Монгол улс 70 жил хаалттай байсан хаалгаа дэлхий дахинаа цэлийтэл нээхтэй зэрэгцэн дэлхийн улс орнуудын бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхны оргил бүтээгдэхүүнүүд Монголд нэвтэрч эхэлсэн юм. Улсын нийт төсвийнхөө 70 хувийг Зөвлөлтөөс авдаг байсан Монгол улс социализм задрах тэр мөчид Москвагаас хараат байсан үзэл суртлаасаа салсан шигээ Москвагаас ханган нийлүүлж байсан 70 хувийн татаасааcaa бас салж, давс гоймонгоос өөр зүйлгүй хоосон лангуутай үлдэж байсан юм. Ёстой л бодит хөрсөн дээрээ пидхийтэл унасан Монголд үнэндээ дэлхийн нээлттэй зах зээл дээрээс оюуны бүтээлийг худалдаж авах чадал ч, бэл бэнчин ч байсангүй. Ингээд шулуухан хулгайн аргад шилжсэн юм.

Ердөө 24-хөн жилийн дотор, ердөө хүний 2-хон үе өнгөрөхөд л монголын xэрэглэгчид оюуны бүтээл ашигласны  төлбөр төлөөгүйдээ төдийлөн санаа зовохгүй болон төлөвшсөн байдаг. Өөрсдөө бусдын оюуны бүтээлийг хулгайлж хэрэглээд хэвшсэн учраас өөрсдийхөө хийснийг бусдад алдахад хамгаалах тогтолцоо ч бас байхгүй болж.

Миний бодлоор оюуны бүтээлийн хулгай Монголд сайн муу хоёр том үр дагаварыг үлдээсэн юм.

Сайн нь: Монголчууд чинь 90-ээд оны үед барууны ертөнц гэдгийг огт мэддэггүй, таг хаалттай байлаа шүү дээ. Тэгээд хулгайгаар дэлхийн тэргүүлэгч бүтээлүүдийг үзэж эхэлснээр маш богино хугацаанд “нүд” нь нээгдсэн гэж хэлж болно. Өнөөдөр Монголын хэрэглэгчид бүтээлч үйлдвэрлэлийн аливаа салбараас чанарын дээд стандартыг шаардах болсон.

Муу нь: Дандаа нам төрийн захиалга санхүүжилтээр үйлдвэрлэл явуулдаг байсан, ашгийн төлөө ажиллаж үзээгүй Монгол толгой болон түүнийг олборлож бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид гэв гэнэт дэлхийн тэргүүлэгч оюуны бүтээгдэхүүнүүдтэй зах зээлд өрсөлдөхөөр шууд дэвжээн дээр гарах болсон. Мэдээж аль ч талаараа бэлтгэлгүй монголын бүтээл үйлдвэрлэгчид хүч тэнцвэргүй энэ тулаанд анхны цохилтоор нам цохиулж элгээрээ тэрийн унасан юм.

Тийм ээ, Монголын бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхан өнөөг хүртэл олигтой өндийж босч ирээгүй байна. Тэдний дийлэнх нь хүч тэнцвэргүй зах зээлийн өрсөлдөөнд төсөв хэмнэх үүднээс толгойноосоо олборлосон санаагаа аль болоx хямдxан өртгөөр үйлдвэрлэж, хямдхан үйлдвэрлэлээс болж сайн боловсрогдоогүй бүтээгдэxүүнээ багтаамж багатай зах зээлд багахан үнээр шаxах төдийхнөөр амь зогоож байна. Төр засаг, шийдвэр гаргагчид, банк санхүүгийн байгууллага, хэрэглэгчид бүгд бүтээл үйлдвэрлэгчдийг эдийн засгийн ашиггүй, төсөв залгигчид гэж хардаг. Уулзая учиръя гэхээр мөнгө гуйх гэж байна гээд бараг сургаар нь зугатна. Юун эдийн засгийн салбар нтр гэж хүлээн зөвшөөрөх...

Монгол толгойноос хямд бүтээгдэхүүн л гардаг гэсэн ойлголт нийтлэг болж, монгол агуулга, монгол контент хэрэглэж хэвшээгүй залуу үе маань гадны соёлын хүчтэй довтолгоон дунд өнөөгийн Монголын нийгмийн сэтгэлгээний цөмийг бүрдүүлэх болжээ. Энэ цөмийг ажиглан харваас дараах согог дутагдал нийтлэг харагдана.

- Өнөөгийн нийгмийн сэтгэлгээнд аливааг үгүйсгэн харлуулдаг, монгол хүн л хийсэн бол муу, монгол л бол бүтэхгүй, “манайхан л болсон хойно тэгнээ тэгнэ” гэсэн өөрсдийгөө илтээр дутуу үнэлсэн, эсвэл бүүр эсрэгээрээ тэнгэр дээд заяатай, тусгай төрчихсөн гэхчлэнгээр хэт дөвийлгөн хийрхсэн сөрөг хандлага давамгайлж байна.

- Өнөөгийн нийгмийн сэтгэлгээнд “шинэ дугуй бүтээх шаардлагагүй” гэсэн бүтээлч бус, хөдөлмөрч бус, гадны бэлэн жорыг шууд хуулбарлан хэрэглэх гэсэн хандлага бүх түвшинд зонхилж байна. Бүр хууль тогтоох түвшинд ч гадны хуулийг хагас дутуу орчуулаад л хуулчихдаг...

- Нэг нийгэм нөгөөгөөр гэнэт солигдсоны дараа бүх түвшний сургалтын ситемд агуулгын хоосон орон зай үүсчихсэн. Түүнийг нь сурах бичигт өөрчлөн бичих гэж мунгинаж байх хооронд хүүхдүүд үе үеэрээ анги дэвшээд л, төгсөөд байдаг... Ядаж энэ чухал ажлыг төр хэмээх хамгийн муу менежер удирдаж өдий хүрснийг хэлэх үү... Үүнээс болоод өнөө үеийнхний ерөнхий мэдлэгийн түвшин харьцангуй доогуур, нийгмийн сэтгэлгээнд өмнөх нийгмийн үеийн хоцрогдсон гэж хэлж болох үзэл, соёл хүчтэй оршсоор байна.

- Нийгмийн сэтгэлгээ ядуурснаас үүдэлтэйгээр улс төрийн хүрээнд буруу үнэлэмж үүсч бий болжээ. Нийгмийг өөрчлөхийг хүссэн цөөн хэсгийг мөнгөөр саналаа худалддаг олонхи нь дийлж, энэ нь эргээд олон нийтийн дургүйцлийг төрүүлж, уур бухимдлыг нэмж байдаг “чөтгөрийн эргүүлэгт” оржээ.

- Өнөөгийн нийгмийн сэтгэлгээнд аливаад ухамсартайгаар хандаж, цаад мөн чанар үндэслэгээг нь ойлгож мэтгэлцэх биш, юм л бол манай тал, дайсны тал болчихсон талцан хэрэлдэж, бүр үзэн ядалцаж, улмаар цагдаа шүүх дээр тулдаг муу жишиг түгэх хандлагатай болжээ.

Нийгмийн сэтгэлгээнд зонхилох болсон эдгээр сөрөг хандлагыг эерүүлэхгүйгээр мянга хөгжил дэвшил яриад нэмэргүй болж эхэлж байна. Үе үеийн шийдвэр гаргагчид уг үндсийг нь өөрчлөх тал дээр тэр бүр анхаарч байсангүй, гал унтраах төдийхнөөр л явж ирлээ.

Бүтээл үйлдвэрлээд ашиг олохгүйг мэдэрсэн ТВ, хэвлэлийнхэн  шулуухан шантаажын аргад шилжсэнээ нэг их нуухаа больж. Тэдний гол бай нь голдуу улс төр, бизнесийнхэн. Хэсэг хугацаанд үнэн худал мэдээллээр балбуулсны эцэст тэд арга буюу хэвлэлийнхэнд хүссэн төлбөрийг нь хийнэ.

Монголд 60 гаруй телевиз, хэдэн зуун сайт амжилттай ажиллаад байгаа нь нэг талаас  монголчууд оюуны зах зээлд хүчээ үзэх сонирхолтой байгааг харуулж байгаа юм. Жижиг дунд үйлдвэр гэдэг шиг, эд чинь оюуны хөдөлмөрийн зах зээл дээр бүтээл үйлдвэрлэдэг жижиг дунд л бизнес шүү дээ. Дэмжлэг байхгүй бол тэд өөрсдөө санаачилгыг гартаа авч, янз бүрийн гэрээ хэлцэл санал болгох нь ойлгомжтой.  Хүлээн зөвшөөрөхгүй нэгнийг нь тэгсгээд хөөрхөн шоглоод байхаа ч тэд бас мэднэ.

Харамсалтай нь хэрэглэгчид энэ бүх цаад учрыг нь мэдэхгүй тул хэвлэлийнхний шоглоомд бухимдаж, үнэн худал мэдээллээс нь болж итгэл алдран, тэр хэрээр нийгмийн сэтгэлгээнд дарамт, даралт давамгайлж байна.

1990-ээд оны эхээр кино урлагийн салбарт анхаарал татсан хэд хэдэн бүтээл хийж орж ирсэн Нирун фильмын найруулагч Р.Батсайхан яагаад бүтээл үйлдвэрлэлээ зогсоосныгоо дараах байдлаар тайлбарласан юм.

“...Монголд кино зураг авалтын студи байхгүй учраас цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан жилдээ би ганц л кино хийж чадна. Тэр нь их сайн болоод 100 сая төгрөг олсон  гэж бодъё. Түүний талыг нь кино театр кино үзүүлснийхээ төлбөрт суутгана. Ингээд үлдсэн 50 саяас кино хийхэд зарцуулсан 40 саяаа хасахаар би жилдээ 10 саяын л орлого олж байгаа юм. Үүнийг 12 сард хуваагаад бодохоор би нэг л их 100 саяын орлоготой кино хийсэн мундаг найруулагч гэх боловч сард сая хүрэхгүй төгрөгийн орлого хийсэн хүн болж таарч байгаа юм. Тэрний оронд би улс төрчдөд ПиАр-ын зөвлөх үйлчилгээ хийгээд явахад кино хийж махаа зулгааж олсон бүтэн жилийн орлогыг ганц сард ч хийх боломжтой, тэгээд ч дөчхөн саяар хийсэн кино яагаад ч өөдтэй болохгүй ...хэмээн тайлбарласан юм.

Ийм зүйлсийг манай чадалтай авъяастай хүн бүр хэлдэг. Олон чадалтай студи продашн байгаа ч кино, урлагийн томоохон бүтээл хийх болохоор санхүүжилт олдохгүй, жил бүр кино зохиол бичсэн ч бүтээх арга зам байхгүй болохоор зогсох, эс бөгөөс дээрхийн адил зөвхөн улс төрчдийн ПиАр, өнөөх л хэрүүл шуурган дунд амьдрах арга манайд хэв шинж болтлоо нутагшжээ.

Нэгэнт төрөөс дэмжихгүй нь тодорхой, дотоодын банкууд зээл өгдөггүй, ивээн тэтгэх компаниуд хямралтай байгаа болохоор бүтээлч Монгол толгойнууд зүгээр сууж чадахгүй, өөр шийдэл хайн, дор бүрнээ нэг төсөл зохиогоод ийш тийш гүйх болж. “Нохойн орон” киногоороо дэлхийн кино фестивалиудаас нийт 23 шагнал хүртсэн нийтлэлч, зохиолч Д.Төрмөнх “Үндэсний кино урлагийг дэмжих сан” байгуулах санаатай хаваржин зунжин хөөцөлдсөн ч, өнөөх л хууль эрх зүйн тогтолцооны гажгаас болоод ямарч амжилт ололгүй мухардсан тухайгаа саяхан бичсэн нийтлэлдээ гаслан өгүүлсэн байсан. Түүний санаагаар, “...соёл урлаг нь хувь хүнд зориулагдахаас илүү олон түмэн рүү чиглэдэг онцлогтой, үр нөлөө нь нийгэмд хандсан, олон нийтийн сайн сайхны төлөө зориулагддаг учраас түүнийг төрөөс их бага хэмжээгээр татаас өгч дэмжиж байх ёстой” гэсэн байсан.

Өнөөдөр ийм чиглэлд огт бодлого байхгүйгээс, мөн хэрхэн яаж өөрчлөх талаар хааяа хэн нэгэн алдаг оног дуугарахаас цаашгүй байгаа болохоор бүтээлч толгойноос сөрөг агуулгууд голлон гарч, тэр нь бүх төрлийн сүлжээгээр цацагдан хэрэглэгчдийн толгойг хар бараан, дутуу боловсрогдсон мэдээллээр угааж байдаг ийм дүр зураг давамгайлсан нийгэмд өчнөөн барилга байшин, зам гүүр барьж, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлээд, түүнийг нь цааш хөгжүүлээд аваад явах хөдөлмөрч, бүтээлч, хөгжилд тэмүүлсэн хойч үегүй бол гэнэт их хөрөнгө өвлөж авсан ядуу хүн хамаг байдгаараа тансаглаад хамгийн түрүүнд дампуурдгийн л үлгэр болох гээд байна.

Учир нь нийгмийн сэтгэлгээний уналтыг материаллаг бүтээн байгуулалтаар  сэргээх боломжгүй. Үүнийг зөвхөн оюуны талх болсон урлаг соёлоор л  тэжээн тэнхрүүлдэг. Тэр талх нь монгол толгойг олборлож байж олдох монгол агуулга, түүнийг чанартай эцсийн бүтээгдэхүүн болгох бүтээлч үйлдвэрлэл, түүнийг эдийн засгийн аргаар тэжээн тэтгэх кластер хэв загвар байх тойм зураглалыг бидний хэсэг нөхөд гаргаж ирээд байгаа юм.



Өөрөөр хэлбэл өндөр стандарт шаарддаг болон төлөвшсөн Монгол хэрэглэгчдийн сэтгэлд нь нийцэж, сэтгэхүйд нь нөлөөлөх, улмаар Монголын нийгмийн сэтгэлгээнд эерэг хандлага бий болгох чанартай “монгол агуулга” хэмээх бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэж баялаг бүтээхийн тулд,

1. Солонгоруулна гээд байгаа эдийн засагтаа уул уурхай, барилга, зам гүүр, оёдол нэхмэл зэрэг хүнд, хөнгөн, хүнсний салбарууд дээр нэмээд “Бүтээлч үйлдвэрлэл” гэсэн цоо шинэ салбарыг нэмэн хөгжүүлэх.

2. Хөгжлийг нь хурдасгаж, гарцыг нь арвижуулснаар хурдан үр дүнд хүрэх зорилго тавья гэвэл одоогоор бодож олоод, үр дүнтэй нь хэдийнэ тогтоогдсон эдийн засгийн кластерын аргыг хэрэглэх хэрэгтэй байна. Тэгэхээр,

Урлагийн хэмээгдэж байсан салбарыг эдийн засгийн салбар болгон өөрчлөх шилжилтийг хэрхэн үр дүнтэй бөгөөд хурдан хийх вэ?

1990 онд Монгол орныг социализмаас ардчилал зах зээл рүү шилжих гэж мунгинаж байхад, тэртээ Америкт Майкл Портер хэмээх эрдэмтний “Үндэстний өрсөлдөх чадварын давуу тал” бүтээл хэвлэгдэн гарч байжээ. Түүний энэ бүтээлд кластер хэмээх нэгэн шинэ нэр томъёо хэрэглэгдсэн байна. Уг тайлбарыг нь үзвэл 19-р зууны аж үйлдвэрийн хувьсгалын үеэс эхтэй ч, эдийн засаг судлалд яг энэ үгээрээ хэрэглэгдэж байгаагүй ажээ. Майкл Портерын энэ бүтээлээс хойш дэлхийн олон орны засгийн газар үйлдвэрлэлийн кластерыг үндэстний хөгжлийн гол хөтөлбөрөө болгох болсон байна.

Майкл Портерын дүгнэснээр кластерын эдийн засаг нь өрсөлдөх чадварт 3-н янзын давуу байдлыг бий болгосноор хөгжлийн хурдыг эрс нэмэгдүүлдэг байна. Үүнд:
1. Үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлнэ
2. Шинэ санаачилга, инновацийг нэмэгдүүлнэ
3. Тухайн салбарт шинэ бизнесийг өдөөн урамшуулна.

Түүний бичсэнээр үйлдвэрлэлийн бүтээмж хэрхэн нэмэгдэх вэ гэвэл кластер бий болгосноор ажиллах хүч хямдарч, өндөр мэргэжилтэй ажилчдыг хуваалцах боломж нээгдэж, мөн нэг дор ижил төрлийн үйлдвэрлэл бөөнөөрөө бий болсноор нэгдсэн ханган нийлүүлэлт хийх болсноор өртөг багасна хэмээжээ. Үүн дээр нэмээд шинэ санаа сэдлийн тасралтгүй процессыг (continual innovation) урамшуулдаг нь кластерийн гол ач холбогдол хэмээн эдийн засагчид дүгнэх болсон байна.

Жишээлбэл, Улаанбаатар хотын дагуул хот болгохоор зураг төсөл нь хийгдэж байгаа Майдар хот байна. Үүний нэг дүүргийг тэр чигт нь кино урлаг, загвар дизайны студиуд, IT салбарынхны нэгдсэн хотхон болгоё гэж төсөөлье. Тэнд ажиллаж амьдрах хүмүүс байнга нэг дор байж, бие биенийхээ шинэ санаа, шинэ бүтээлийг уралдан ярьж, IT-гийнхан тэрэнд нь татагдан орж, шинэ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний санаанууд уралдан төрж, ёстой нөгөө Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлдгээр биенээ билүүдэн хурцлах бүтээлч орчин жинхэнэ утгаараа бий болно. Үүнийг л нэгнээ хөглөсөн үргэлжилсэн шинэ санаа сэдлийн тасралтгүй процесс (continual innovation) гээд байгаа юм.

Тэгэхээр кластер нь нэг төрлийн бизнесийг газар зүйн байрлалын хувьд нэг дор төвлөрүүлж, тэнд хөрөнгө оруулагчдад төрийн зүгээс татварын болон бизнесийн орчны давуу боломжийг санал болгосноор нэгдсэн хангамж, нэгдсэн маркетинг, мэргэжлийн ажилчдын туршлага солилцоо, сургалтын нөxцөл бүрдэж, МЭДЛЭГИЙН БӨӨГНӨРӨЛ бий болсноор шинэ санаа инновацийн хөгжилд ахиж гарч, хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр дэлхийн хэмжээнд өрсөлдөх давуу үйлдвэрлэл бий болохыг хэлдэг байна.

Дэлхийд танигдсан кластерын амжилттай жишээг дурьдвал:
• Холливуд дахь америкийн кино үйлдвэрлэл
• Лондонгийн Сохо дүүрэг дэхь post-production үйлдвэрлэл
• Парис дахь загварын үйлдвэрлэл
• Лас Вегас дахь мөрийтэй тоглоомын кластеруудыг нэрлэж болно. Тэгвэл,

Монголын бүтээлч үйлдвэрлэлийн кластер буюу
“толгой”-г олборлох тойм зураглал ямар байх вэ? 

Үүнийг бид өнөөх Урлагийн бүтээл  + Зохиогчийн эрх + Үйлдвэрлэл + Борлуулалт  = Бүтээлч үйлдвэрлэл гэсэн томъёоныхоо дагуу дараах байдлаар тоймлон зурагласан юм.


“Нэг хүний болон нижгээд бүлгийн бүтээлч сэтгэлгээ нь бүтээлч үйлдвэрлэлийн гол түлxүүр xөдөлгөгч xүч нь бөгөөд энэ нь 21 дүгээр зууны улс үндэстний жинxэнэ баялаг нь болж байна” гэж “Дэлxийн бүтээлч эдийн засгийн тайлан”-д онцлон тэмдэглэжээ.  Тэгвэл, Монгол улс өөрийн үндэстний жинхэнэ баялгаа хэрхэн бий болгох вэ?

Бүтээлч эдийн засгийн салбарт амжилт олсон улс орнуудын туршлагыг харахад энд тэнд тархай бутархай оршиж байсан санаа үйлдвэрлэгчдийг газар нутгийн хувьд нэг дор бөөгнөрүүлж, эдийн засгийн кластерын давуу байдлаар тэднийг дэмжиж өгсөн нь амжилтын гол түлхүүр болсон байна.

Зөвхөн кино л гэхэд Монголд 100-аад жижиг голдуу студи энд тэндэхийн байрны нэг давхар ч юмуу, байгууллагын нэг булан, зарим нь подвал голдуу хөлслөөд таран байрласан байдаг. Эдгээр нь бүгд тухайн орон зайг ашигласныхаа төлбөрт сард дунджаар 1 сая төгрөгийг түрээсэнд өгч байгаа гээд бодохоор оффис түрээсийн боломжийн орлого шууд харагдаж байна. Үүнийг кластер болгоод түрээсээр эргээд ашгийн тодорхой хэсгийг олно гэж тооцоод УИХ, Засгийн газраас  тодорхой нэг бүс газрыг зарлан товлож, түүний дэд бүтцийг нь бүрэн шийдээд, хөрөнгө оруулагчдад томоохон хэмжээний зураг авалтын студиуд барихад нь татварын илт анхаарал татахуйц хөнгөлөлт амлаж болох юм.

Мөн л киногоороо жишээлэхэд, мөнөөх 100-аад жижиг студиуд маань олсон жаахан мөнгөө бараг ихэнхийг нь камер, гэрэл, компютерийн иж бүрдэл, техник тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулдаг. Энэ жил өчнөөн үнэтэй авсан камер хэдхэн сарын дараа өөр нэг шинэ загвар гарахад л үнээ алдаж хямдхан хог болж хувирдаг. Нэг студи дунджаар 50-иад сая төгрөгийн техник тоног төхөөрөмжтэй гээд бодохоор 5 тэрбум төгрөгийн маш үр ашиг багатай худалдан авалт хийгддэг гэсэн үг. Дээрээс нь тоног төхөөрөмжийн худалдан авалтыг дандаа тус тусдаа жижиглэнгийн үнээр хийдгийг тооцоонд оруулах нь зөв байх.

Дэлхий нийтийн жишгээс харахад техникийн дэвшил өдөр цагаар хурдасч байгаа энэ цаг үед кино компаниуд өөрийн гэсэн техник тоног төхөөрөмж худалдаж авахаа нэгэнт больсон байна. Нэгэнт кино үйлдвэрлэгчид голдуу нэг дороо, нэг бүс нутагт байрлах болсон тул техник тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид тэнд нь шууд түрээсийн салбараа нээгээд ажиллуулдаг жишиг тогтжээ. Өөрөөр хэлбэл кино компани гэдэг бол санаагаа хөгжүүлэхэд л хамаг мөнгөө зарахаас, техник тоног төхөөрөмж худалдан авахад мөнгө зардаггүй, түүнийг түрээсээр шийддэг ажээ. Энэхүү түрээсийн үйлчилгээ нь тэрхүү кластерт байх бүх компаниудад үйлчлэх тул тоо хэмжээ нь ихсэхийн хирээр тээвэрлэлтийн хөлс хямдарч, эдийн засгийн өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлдөг байна.

Газар зүйн байршлын хувьд бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхан нэг дор цугларснаар санхүүжилтын баталгааны хамгийн чухал хэсэг болох зохиогчийн эрх, оюуны өмчийн бүртгэл, лицензийн үйлчилгээ хурдан шуурхай болж тогтмолжино. Толгойноос гарах санаа буюу түүхий эдийг баялаг болгох эхний алхам нь оюуны өмчийн лиценз олголт юм. Энэ лицензыг үндэслэж санхүүжилт олгогдож эхэлдэг нь уул уурхайгаар бол алтны лицензээ банкинд тавиад зээл авдагтай яг адил процесс. Бүтээлч үйлдвэрлэл гэдгийг зарим судлаачид амарчлаад, товчхоноор “Contracts between Arts and Commerce” буюу “Урлаг арилжаа хоёрын нэгтгэл гэрээ” гэж тодорхойлсон нь бий. Урлагийг мөнгө олдог хэрэгсэл болгохын тулд л түүнийг лицензүүлж, хуулийн этгээд болгох гээд байгаа юм. Зарим нь санаагаа гаргачихаад өөрөө үйлдвэрлэх гэж зовохгүй шууд зардаг байж болно. Барьцаанд тавьчихаад алга болж болно. Тэр бүхнийг зохицуулах гэж оюуны өмчөөр дагнасан үйлчилгээ явуулдаг хуулийн фирмүүд үүсэн бий болно. Ийм ч учраас кластерын бүтэц дэх зохиогчийн эрх, оюуны өмчийн бүртгэлийн хэсэг хамгийн чухал хэсэг нь юм.

Эдийн засгийн кластерын тусгай бодлого явуулснаар бүтээлч үйлдвэрлэлд зориулсан санхүүжилтын шинэ механизм бий болгох шаардлага тулгарна. Манайх шиг банкны систем нь зөвхөн үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаарддаг системд зохиогчийн эрх, оюуны өмчийн лицензийг барьцаа болгон зээл өгдөг тусгай зориулалтын сан, хөрөнгө оруулалтын сан, эсвэл банк бус санхүүгийн байгууллага шинээр бий болох зайлшгүй шаардлагатай. Гэхдээ хуучин социалист үеийнх шиг төрийн байгууллагын дэргэд сан байгуулбал шууд дампуурдгийг манай хойд хөрш Орос оронд байгуулсан төрийн сангийн бүтэлгүй жишээ харуулна. Тэрхүү сан нь жилд 3,7 тэрбум рубль зарж киночдод төрийн дэмжлэгийг үзүүлэх ажил эрхэлдэг ч, санд буцаж орж ирэх орлого нь байнга буурч байгаа тухай нийтлэлч Д.Төрмөнхийн дээр дурдсан нийтлэлд өгүүлсэн байсан.

Эндээс бас нэг сургамж гарч ирнэ. Кластерын бүрэлдэхүүнд ордог энэ олон хэсгүүдийг цогцоор нь авч үзэхгүй, салгаж, зөвхөн киног нь, зөвхөн загварыг нь, зөвхөн аялал жуулчлалыг нь, зөвхөн IT-г нь ч гэдэг юмуу.., ингэж сугалж авч дэмжвэл үр дүнгүй гэдгийг ОХУ-ын жишээ харуулж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор даатгалын болон эрсдлийн сан зэрэг санхүүгийн олон салбар нэгжүүд бүтээлч үйлдвэрлэлийн кластерын дэмжигч хэсэг болон хөгжих учиртай.

Кластерын салшгүй хэсэгт орох нэг томоохон салбар бол IT, инноваци технологийн хэсэг. Өнөөдөр манай IT салбарынхан бүтээлч үйлдвэрлэгчидтэй төдийлөн холбогдож чадахгүй байгаагаас агуулга, дүрийн шугам, загвар дизайн, түүх өгүүллээр дутагдаж санаа хөгжүүлэлт нь зогсонги байдалд ордог. IT–гийнхан болон урлагийнхан биенээ харь гаригийнхан мэт хардаг. Эднийг кластер богтлон, нэгдор оруулснаар нэг агуулгаас олон төрлийн бүтээгдэхүүн төрөн гарах үндэс тавигдаж, улмаар баялаг үйлдвэрлэл болон өргөжих юм.

Агуулгыг хөгжүүлэх явцад олон санаа урган гардаг. Нэгдсэн хүчтэй зар сурталчилгаа хийснээр тодорхой дүрүүд олны танил болж, түүнийг нь загварынхан өлгөн авч, хувцас хэрэглэл, орон байр, өнгө будгийн хослолын шинэ урсгалууд түгж, түүгээр нь аялал жуулчлал, хэвлэл, радио, ном, сэтгүүл, компютер тоглоом, гар утасны аппликэш гээд тоо томшгүй олон төрлийн бүтээгдэхүүн үүсэн гарч болох бөгөөд энэ бүхэн нь өвөр хоорондоо чөлөөтэй хөрвөх нөхцлийг кластер л бүрдүүлж, нэгэн том бүтээлч инновацийн цогц системыг бий болгодог нь үнэхээр том давуу тал юм. Тэгэхээр энэхүү тойм зураглалын бүтцийг Монголд бодит биелэл болгохын тулд,
   
Улс төрийн ямар шийдэл гаргаж,
алсын хараатай ямар бодлого баримтлах вэ?

Юуны түрүүнд мэдээж хөрөнгө оруулалт, бизнесийн хөгжлийн бодлого чухал. Тэтгэлэг болон санхүү зээлийн бодлого, хатуу болон зөөлөн дэд бүтцийг бий болгох зэргийг дэс дараатай тууштай явуулах хэрэгтэй. Энэ бүхнийг нэгтгээд дараах гурван суурь бодлогыг бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэс болгон хэрэгжүүлж болох юм.
 
1. Хүний нөөцийн мэдлэг чадварыг хөгжүүлэх бодлого. Сингапурт амжилттай
хэрэгжсэн кластерын туршлагаас харахад, 1990-ээд оны эхнээс Сингапур нь дэлхийн томоохон  IT компаниудад тус улсад салбараа нээхэд нь татварын онцгой нөхцөл тавин олноор нь оруулж ирсэн байдаг. Үүнтэй яг зэрэгцээд их дээд сургуулиуддаа бүтээлч үйлдвэрлэлийн тусгай ангиудыг нээж, IT салбарт ирээдүйд манлайлах мэдлэг чадвартай хүмүүсийг бэлтгэх бүх түвшний сургалтыг төрийн онцгой дэмжлэгтэйгээр зохион байгуулж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх улс төрийн шийдвэрийг эхэлж гаргаад, түүнийгээ алсын хараатай зорилт болгон тавьсан байна. Тэгээд яг тэр чиглэлийн бодит үйлдвэрлэлийг гадны хөрөнгө оруулалтаар эхлээд оруулж ирнэ. Мэдээж тэнд нь гадны мэргэжилтнүүд өндөр цалингаар ажиллаж, Сингапур ажилчид хямдаар туслан ажиллана. Энэ хооронд өнөөх их дээд сургуулийн дэргэд шинээр нээсэн салбаруудад нь ирээдүйд тэрхүү үйлдвэрийн ажлын байрыг эзлэх, улмаар бүтээлч үйлдвэрлэл болгон өргөтгөх чадамж бүхий хүний нөөц бодлоготойгоор бэлтгэгдэж эхэлсэн байгаа юм. Ингээд хэсэг хугацааны дараа ажлын байрны нээлттэй зар явахад өнөөх бэлтгэгдсэн хүмүүс нэг нэгээрээ түүнийг нь эзэлсээр өнөөх үйлдвэр үндэстний өндөр мэргэжилтэй ажилчдаар дүүрч, улмаар өөрсдийн онцлогоор өргөжүүлэн хөгжүүлснээр бодит амжилтанд хүрчээ. Тэгэхээр Сингапурт амжилттай туршигдсан энэ мэт сайн жишээг Монголд нутагшуулах бүрэн боломжтой юм.

2. Дэд бүтцийг бий болгох бодлого. Энэ нь төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө
оруулалтыг бүтээлч үйлдвэрлэлийн кластерын үндсэн баазыг барьж байгуулахад татах бодлого юм. Хотын захын аль нэг дүүрэгт, эсвэл түрүүн жишээ болгон татсан Майдар хотын нэг дүүргийг тэр чигт нь бүтээлч үйлдвэрлэлийн кластер болгоно гэж зарлаад, тэр бүсд хөрөнгө оруулалт хийвэл өөр бусад байгууламж барьснаас хамаагүй илүү хөнгөлттэй зээл, татварын таатай орчин амлавал гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэн сонирхож болох талтай. Урд хөрш Хятад улс энэ тал дээр маш эрчимтэй бодлого явуулж байгаа. Төрийн өмчит Ванда групп 2010 оноос архитекторын өндөр шийдэл бүхий зочид буудал, кино театрын сүлжээ, зураг авалтын студиуд, театр, караоке төвүүд зэрэг аялал жуулчлалын цогц орчин бүхий хот дүүргийг бүхлээр нь барьж байгуулахад 31 тэрбум юаний хөрөнгө оруулсан байна. Одоо түүний жилийн орлого нь бараг анхны хөрөнгө оруулалттайгаа дүйх дайны буюу 20.8 тэрбум юаньд хүрсэн гэжээ. Тус группын гүйцэтгэх захирал Занг Лин хэлэхдээ “...үйлдвэрлэлийн уламжлалт бусад салбарыг бодвол бүтээлч үйлдвэрлэлийн салбар дахь хөрөнгө оруулалт нь хүмүүст ажлын байрны таатай орчин, өндөр цалин, жендерийн тэгш байдлыг бий болгохоос гадна хотын соёлыг төлөвшүүлж, нийгмийн эерэг уур амьсгалыг бүрдүүлж, улмаар байгаль орчныг сүйтгэх биш сэргээн дээшлүүлдэг сайн талтай учраас бид энэ салбарт хүчтэй хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн юм” хэмээн мэдэгдсэн байдаг.
Дэд бүтцийг бий болгох бодлогын хүрээнд заавал хийх ёстой бас нэг ажил нь өнөөх оюуны өмчийн лиценз олголт, борлуулалт, хамгааллын бүхэл бүтэн зөөлөн дэд бүтцийг бий болгох явдал. Хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэхээс эхлээд, энэ чиглэлд ажиллах хуульчдыг мэргэшүүлэх гэх мэт шат дараатай олон ажил энэ хүрээнд хийгдэх учиртай.
Авч хэрэгжүүлэх гурав дахь том бодлого нь,

3. Бүтээл үйлдвэрлэгчдийг дэмжин таниулах бодлого. Нийгэмд бүтээлч
үйлдвэрлэлийн кластер байгуулах төлөвлөгөө, зорилт, түүний нийгэмд үзүүлэх нөлөөг тайлбарлан таниулах, урлагийн салбарынхныг кластерын бүтцэд багтах бусад олон салбаруудтай холбох, санаагаа хуваалцах, хамтран ажиллах боломжийг бүх талаар нээж өгөх, бүс нутгийн болон олон улсын хэмжээн дэхь уулзалт, зөвлөгөөн, харилцан яриаг өдүүлэн өрнүүлэх, урлагийн салбарынхны “arts for arts’ sake” буюу урлагийг урлагийн л төлөө хийдэг гэсэн ашгийн төлөө биш сэтгэхүйг өөрчлөх бодлогыг энэ хүрээнд тууштай явуулах хэрэгтэй.

Тэрнээс гадна хөрөнгө оруулагчдын сэтгэлгээг өөрчлөх нь хамгаас чухал. Өнөөх л “...за монголчуудаас дэлхийн хэмжээний ашиг олох санаа бүтээл гарах нь юу л бол” гэсэн үл тоомсорлосон, үл итгэсэн, үгүйсгэсэн хандлагыг давж гарч, монгол толгойноос “хайгуул хийхэд” хөрөнгө оруулалт татна гэдэг студийн барилга барихад хүн ятгахаас хамаагүй хэцүү хэсэг нь байх болно. Гэхдээ энэ хэсгийг жишээ нь эрдэс баялгийн хайгуултай жишин тайлбарлаж болох юм. Уул уурхайн хайгуул  хийдэг ганц өрөм л гэхэд тэрбум шахуу төгрөгийн үнэтэй байдаг гэсэн. Тэр их үнээр тавьсан өрөм болгонд баялаг олддоггүй. Иймдээ ч хайгуул эрсдэлтэй бизнес. Үүнтэй адил бүтээлч үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн болох монгол агуулгыг монгол толгойноос хайж олоход багагүй хөрөнгө оруулалт эхлээд шаардагдана. Тэнд мөн л адил эрсдэл бий. За хайж олоод нэг сайхан санааг цааш хөгжүүлэх боллоо гэхэд дээр дурьдсан бодлогуудыг бүрэн хэрэгжиж хангалттай хүний нөөц бүрдэх хүртэл, бид уул уурхайн нарийн мэргэжилтнүүдийг өндөр цалингаар одоо авчирч ажиллуулж байгаа шигээ, бүтээлч үйлдвэрлэлийн нарийн мэргэжилтнүүдийг эхэн үедээ өндөр үнээр авчирч ажиллуулах ч хэрэг гарна.

Хамгийн гол нь байгалийн баялаг бүхий толгойг олборлоход байгаль нь өөрөө сүйтгэгдэж, мөнгөөр хэмжишгүй муу үр дагаварыг ухсан газраа үлдээж, нөхөн сэргээх гэж ахиад зөндөө хөрөнгө оруулалт шаарддаг бол, монгол толгойг олборлох үйлдвэрлэл нь нийгэмд мөнгөөр хэмжишгүй асар их эерэг үр дүнг үлдээхээрээ давуу талтай.

“Бүтээлч болон соёлын үйлдвэрлэлээр манлайлуулсан xөгжил нь тухайн улс оронд зөвxөн эдийн засгийн үр өгөөжөөс гадна нийгэмд шинэ санаа теxнологийн дэвшилийг үргэлж танилцуулж, мөнгөөр үнэлэшгүй соёлын эерэг нөлөөллийг нийгэмд өгч байдгаараа давуу юм” гэж “Бүтээлч үйлдвэрлэлийн дэлхийн тайлан” дүгнэн бичсэн байна. Өөрөөр хэлбэл бүтээлч үйлдвэрлэл нь xөгжлийн явцдаа xүмүүсийг өөрсдийг нь xүчирxэгжүүлж байдаг. Ийм ч учраас бид Монгол улс эрдэс баялгаар дүүрэн толгойнуудаа уралдан олборлохтой зэрэгцүүлэн Монгол хүнийхээ бүтээлч толгойноос баялаг олборлох бодлогыг даруй явуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм.

Кластерын дэд бүтцийг барихтай холбоотойгоор ҮХААЯ, БХБЯ, соёлын үйлдвэрлэлтэй холбоотойгоор ССАЖЯ, зохиогчийн эрхтэй холбоотойгоор Оюуны өмчийн газар, олон улсын харилцаатай холбоотойгоор ГХЯ, хөрөнгө оруулалттай холбоотойгоор Эдийн засгийн хөгжлийн яам, боловсрол сургалт инновацийн бодлоготой холбоотойгоор БШУЯ гээд маш олон оролцогчийг шаардсан, он дамжсан алсын хараа бүхий цогц бодлого чухал учраас энэ асуудлыг Монгол улсын ерөнхийлөгчийн, эсвэл Их хурлын дэргэдэх байгууллага болгон эхлүүлж болох юм. Институцийн хувьд мэргэжлийн холбоодуудаар удирдуулсан олон нийтийн компани байж болох санааг Их хурлын даргын зөвлөх Буянцогтоо дэвшүүлэн гаргаад байгаа. Дашрамд дурьдахад энэхүү лекцийн санаа хөгжүүлэлтэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Урлагийн зөвлөлийн захирал Ариунаа, Нирун филмийн найруулагч Батсайхан, нийтлэлч, кино зохиолч Д.Төрмөнх, Монгол кино компанийн захирал Золбаяр, УИХ-ын даргын зөвлөх Буянцогтоо, Үндэсний телевизийн найруулагч Энхболд Эрдэнэпүрэв нарт талархлаа илэрхийлье.

Миний төсөөлж буй зураглалаар бүтээлч үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлснээр дараах давуу байдлууд бий болно. Үүнд:

- Орчин үеийн шинэ бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, инновацийн кластерыг бий болгосноор мэдлэгийн эдийн засгийн хөгжлийн үндсийг тавина.
- Монголчуудын оюуны хэрэгцээнд нийцсэн боловсролын, түүхийн бахархлын болон сэтгэлгээний хөгжлийн сэдвээрх монгол агуулгын үйлдвэрлэл нэмэгдэнэ.
- Олон нийтийн боловсролыг дээшлүүлснээр нийгмийн сэтгэлгээнд шинэчлэл өөрчлөлт явагдаж, эерэг бодлын хэв маягтай болно.
- Үндэсний хөгжлийн нэгдсэн бодлогын үзэл санааг олон нийтэд хүргэж ойлгуулснаар хүсэл, мөрөөдөлтэй болно. Нөгөө америк мөрөөдөл гэдэг шиг Монгол мөрөөдөлтэй ирээдүйг бид хүсч байна.

Монголд бүтээлч үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлэх нийгмийн сэтгэл зүй бэлэн байгаа. Учир нь сүүлийн 24 жил хулгайн ч гэсэн олон орны өөр өөр оюуны бүтээлүүдийг үзэж, хэрэглэж ирсний үр дүнд хөгжлийн зарим элементүүд нийгмийн сэтгэлгээнд бодит болон төлөвшиж, иргэдийн боловсрол, сэтгэхүйд дэвшил гарч, бас ч гэж чамлахааргүй олон уран бүтээлчид дэлхийн хэмжээний шагнал авсаар байгаа билээ.

Өнөөг хүртэл нийгэмд, ялангуяа улс төрийн хүрээнд оршиж ирсэн элдэв ёс бус үнэлэмжийг ард түмэн нийтээрээ дургүйцэх болсон нь сайн сайхан зүйлийг хүлээж буй хүлээлтийн дохио, эерэг хандлага юм. Улс орон маань хурдан хөгжиж, өнөөгийн олон саар асуудлуудаасаа салаасай гэсэн чин хүсэл ард түмэнд маань байсаар байна. Ядуурал буурахгүй, жижиг дунд компаниудын байдал дээрдэхгүй байгаа ч, ерөнхийдөө улсын эдийн засаг сайжрах байх гэсэн далд горьдлого олон нийтийн дунд оршсоор байна. Өөрөөр хэлбэл, сайн сайхан руу тэмүүлсэн хүсэл эрмэлзэл сэтгэлийнх нь мухарт байсаар байна. Энэ ч хэмжээгээрээ сонгуулиас сонгуульд шийдвэр гаргагчид, улстөрчдөд тэд итгэл найдлага тавьсаар ирсэн. Харин одоо өөрсдийнх нь толгойд хөрөнгө оруулж, өөрсдийнх нь толгойг олборлож, өөрсдийнх нь толгойноос баялаг үйлдвэрлэснээр тэдэнд шинэ хүсэл эрмэлзлэл, шинэ соёл, шинэ хандлагыг бий болгох боломжийг санал болгосон тойм зураглалыг товчлон  танилцуулахад ийм байна.

Бид дэлхийд гайхуулах түүхтэй. Монгол орон бүтээлч үйлдвэрлэлийн аль ч салбарт дэлхийн хэмжээнд өрсөлдөх магадлал өндөртэй, авъяаслаг толгойгоор дүүрэн орон. Гагцхүү түүнийг олборлож хөгжүүлэх нь алсын хараа бүхий тууштай бодлогыг шаардсан амар биш зорилт ч, бид эдийн засагт бүтээлч үйлдвэрлэл хэмээх цоо шинэ нэгэн салбарыг бий болгон хөгжүүлэх тухай өнөөдрөөс эхлээд орон даяар дэлгэрүүлэн ярьж эхэлье. 47 жилийн өмнөх 9 дүгээр сарын 27-ны энэ өдөр Монгол айлын хойморт зурагтай радио буюу телевиз гарч эхлэн, нийгмийн соёлын хөгжилд нэгэн шинэ дэвшлийг авчирч байсан шиг, монгол толгойноос гарах монгол агуулгыг кластерын аргаар эдийн засгийн шинэ салбар, үйлдвэрлэл, баялаг болгон хөгжүүлэх шинэ түүхийн эхлэл нь энэ өдөр байг!!!

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
2014-09-27

     








2014-08-30

Supporting Women as Policy Makers

2012 онд Улаанбаатар хотноо болсон Олон улсын эмэгтэй манлайлагчдын форум дээр тавьж байсан илтгэлээ блогтоо оруулж байна. Энэ илтгэлд xөндөгдсөн гол санаа болоx жендерийн талаарx сэтгэлгээний xуучин xэв загварыг хэрхэн өөрчлөx вэ гэдэг дээр одоо ч дорвитой шийдэл олдоогүй л байна...

Since ancient times it seems men have been assigned the task of supporting the family, but I searched everywhere and just couldn’t learn who handed out that assignment.

And apparently, we girls got our own special assignment: stay home, care for the kids, cook and clean and don’t even dare to think about working outside the home.

Even now, in the 21st Century, Mongolians believe that is the way things should be. Men work outside the home, and one of the places this is most obvious is in the Government. The men are out there, busy making important MANLY decisions – and of course supporting their families.

Let me tell you one really bad example of keeping this assignment in the decision making process. The Mongolian government ran a labor exchange program () with South Korea and sent 25,000 young men between the ages of 18 and 25 abroad.  The thinking was that, young men need to accumulate a bit of wealth so they can begin a family when they return to Mongolia.  But the MEN in government gave no thought to women in the same age group.  What was the result of this?

It was that the young women are studying at the universities with the money that their brothers or boyfriends sent to their family from abroad. Statistics say that 63% of all university students are female, and only 37% of them are male.  So as a result, the husbands – who society still suggested should be the strong head of the house and family – felt insecure, frustrated, and threatened. This led many of them to try to maintain their supposed superiority through physical abuse of their wives or girlfriends.  Others drowned their fears and frustrations in alcohol.

In 1990, because the rights of religious freedom were adopted, Buddhism began to flourish again.  And this brought back the negative traditions that denigrate women. Frustrated and insecure men used this old religious tradition as a tool to verbally or mentally abuse women in an attempt to try to hide their insecurity. Because of these kinds of wrong-headed decisions that negatively affect families and women, women started to fight for gender equity. This struggle had been on-going in Mongolia for at least the last 20 years, and it has continually been hoped that the decision making process works much more smoothly and fairly when women participate in the process.

And although many give lip service to the idea of equity, we now have only 9 women in the 76 positions in Parliament.  This is the highest number ever. (Lip-service means you say something that you know people want to hear but you don’t believe it yourself)

In the past, the number was much lower. During socialism, photos of the members of the politburo, the country’s highest decision-making body at that time, were displayed in every home throughout Mongolia, but among them, not one female appeared in more than 70 years.

Since 1990, Mongolians elected about 433 parliament members, but only 15 of them were women. That sends a very strong negative message to women.

Now, having nine women in the legislative branch is a huge achievement. But it’s not enough. We have to fight for a quota in the executive branch that more accurately reflects the skills, dedication, patriotism and intelligence of the female half of the population. I hope this forum’s advice to political parties and the parliament is to push to have women participate in the soon-to-be-established cabinet. The word is WOMEN and not WOMAN.

I would like to point out that gender equality actually has a very deep philosophical root in Mongolian history.


This is the symbol of life. Men and women are equal to each other, and without each other’s presence, they are not whole. They need each other not only in physical or emotional ways, but also in intellectual ways.
 

This symbol was adopted as our state logo because it represents Mongolians’ life philosophy, hoping that all decisions would be made for or by equal participation of opposites.

So, there should not be any barrier to being equal. The barrier only exists because of our old-fashioned mentality and stereotyped misunderstandings. We should all have the right to choose our roles in life. No need for anyone to assign them. Like the role of parents is to care for children, like the role of students is to attend classes and do homework, the role of elected officials is to participate in the decision-making process, and involve themselves in making positive changes in society.

So it is important to set aside the old fashioned thinking that men and women have different roles in life. It is important to focus more on who can fulfill the task of moving the country forward. In order to learn to think in that way, we need to initiate a broad training program in schools and universities.

We need to change people’s minds from the gender-based mentality to the idea that all of us, women and men, can make equal and valuable contributions to both public and family life. The training has to focus on men’s mentality as well. It is true that we still expect men to be strong, and support the family.

It seems that men and women are both TRAPPED in gender roles that they were imprinted with as a result of being taught what to think, not how to think. If women fit naturally with their skills and passion in the job at government, which is an outside the home position, then someone whose skills fits well in house and parental skills needs to stay home. The only problem is the society is not prepared to accept that. That is one of the main reasons why women haven’t stepped up. Men haven’t been invited to have the choice of staying home with the family and being great dads if they are inclined to. So we have to support men with broader choices in order for women to be more fully present in the public sphere.


Media can play crucial role in this process. Instead of focusing on appearances or image issues of the few elected or appointed women and painting them with negative words, media could set gender quotas in their major political and family programs and continue them for every single airing. Take out the old way of putting women in family programs and men in political or economical programs. Put men and women together even in children’s programs because any of us could fit in those jobs or tasks with our skills and experiences, not with our genders.

And I believe one of the goals of having this forum is aimed exactly for that. Let’s keep on building stronger networks together and let’s keep on empowering ourselves by sharing our ideas and experiences.

2012-07-08