2012-12-08

Үргэлж би дэргэд чинь байна


               ...Үнэндээ юу бодож байгааг чинь таахад бэрх 
               Үг олдохгүй байхад яриа цааш өрнөхгүй нь. 
               Явах чинь чиний шийдвэр болохоор 
               Яалтай ч билээ би. Үүнийг л чамд хэлье
                             Хэдийгээр чи явсан ч 
                             Хэзээд эргээд ирэхэд чинь 
                             Шаналалыг чинь эерүүлэх хүн 
                             Шаардлагатай болоход би 
                             Хайраа хадгалаад байж л байна...

Энэ бол баасан гаригийн орой MLTR хамтлагийн UB Palace-д дуулсан “Complicated heart” дууны үг. Тэдний дуунууд голдуу л нэг иймэрхүү “хаягдсан” “хүлээсэн” “найдсан” “итгэсэн” үгтэй байдаг. Дуу болгонд нь бодит түүх байдагсан бол хамтлагийн залуус дандаа л “шархтай” зүрхтэй явдаг байх гэмээр.

Тийм ээ, MLTR хэмээн нэрээ товчилдог, орчуулбал “Майкл рокт суралцаж байна” гэсэн нэртэй дэлхийн том хамтлаг Монголд ирж тоглолоо. Монголын ардчилалтай нас чацуу энэ хамтлаг анх байгуулагдагдсан даруйдаа Данийн “Rock Grand Prix” уралдаанд шинээр зохиосон хэдэн дууныхаа “тоосыг өргөх”-өөр ажиллаж эхэлсэн түүхтэй. Тал талаас цугласан залуус дуулах дуунууддаа л анхаарч байснаас хамтлагтаа нэр ч бодоогүй явснаа уралдааны мэдүүлэг бөглөх үед л ухаарсан гэдэг. Тэгээд сандрахдаа дунд сургуулийнх нь англи хэлний хичээл дээр үзэж байсан нэг иймэрхүү хэллэгийг санаад, ерөөсөө рок дууны уралдаанд поп хамтлаг рокийг суралцан орж байна гэсэн санаагаар “Micheal Learns To Rock” гээд биччихсэн гэдэг. Тэгтэл тэдний анхны бүтээлүүд тэр дороо амжилтанд хүрч, нэгэнт зарлагдсан урт нэр нь олонд танигдаж орхих нь тэр. Ингэж л адал явдалтай нэгэн хамтлаг дэлхийд мэндэлж, олон орны шүтэн бишрэгчдийнхээ дунд хорь гаруй жил бүтээлээ туурвин аялж яваад Монголд минь иржээ.

Ардчилал Монгол орныг дэлхийд нээлттэй болгох тэртээ 1990 оноос урьд өмнө огт сонсогдож байгаагүй “хөрөнгөтөн” орны “бурангуй” урлагийн бүтээлүүд орж ирэх болсны нэг нь яах аргагүй MLTR-ын дуунууд байж билээ. Гаргасан цомог болгон нь хэдэн саяар борлогддог энэ хамтлагийн дуунууд хүний сэтгэлийн утсыг хөндсөн бодол ухаарал тээсэн үгтэй, уянгын яруу аялгуутай байдаг.

Хамтлагийг амжилтын зам руу анхлан хөтөлсөн “The Actor” дуу эгшиглэхэд UB Palace-д цугласан хэдэн мянган үзэгчид нэгэн дуугаар даган дуулж эхэлсэн юм.
                ...Би жүжигчин ч биш, од ч биш
                Надад өөрийн гэсэн машин ч байхгүй
                Гэхдээ чамайг надтай л үлдээсэй гэж 
                Чин зүрхнээсээ би хүсч байна
                Учир нь чи надад угаасаа л дурлах болно... 
хэмээсэн бардам үгтэй энэ дууг эхлэхийн өмнө гоцлол дуучин, даралтат хөгжимчин, хамтлагийн гол тархи нь гэгддэг Jascha Richter “Машин авахгүй бол найз охинтой болдоггүй юм байна лээ. Энэ дууг зохиож байх үед бид бүгд машингүй байлаа” хэмээн хошигнож байв.

Хамтлагийнхан гайхалтай чадварлаг, ялангуяа гитарчин Mikkel Lentz. Тайзан дээр илүү чөлөөтэй биеэ авч явдаг, үзэгчидтэй илүү ойр харилцааг эрхэмлэдэг түүний тоглолтын ур чадварыг үнэхээр биширсэн. Тоглолтын туршид тэр лав хэд хэдэн удаа гитараа сольж байгаа харагдсан. Тэрээр банзан гитарын дуугаралттай нэг  гитарыг тайзны ар луу орон солиод, гоцлон хөгжимдсөөр гарч ирэхэд нь Richter өөр ямар ч хөгжимгүйгээр “I'm gonna be around” дуугаа дуулахад заал дүүрэн үзэгчид “орилолдоод” л явчихсан. Ёстой нэг тэсэн ядан хүлээсэн дуунуудынх нь нэг яах аргагүй энэ мөн байлаа. Сүүлдээ Richter дуулахаа болиод үзэгчдийн дуулахыг сонсон тайзан дундуур алхаж яваа харагдсан.
                  ...Унахад чинь тосч
                  Уруудахад чинь тэвэрч
                  Хайрынхаа төлөө юу хийж чадахаа
                  Харуулах гэж
                  Мөч бүрийг чамтай хуваалцмаар байна.
                  Би шидтэн болсон шиг байна 
                                 Үхэн үхтлээ чамайг би хайрлах болно
                                 Үнэнч итгэлт найз чинь байх болно
                                 Уруудаж өгсөхийн алинд нь ч 
                                 Үргэлж би дэргэд чинь байна... 
Хамгийн хайртай хүндээ ингэж хэлж чаддаг, түүнийхээ төлөө зүтгэж тэмцэж чаддаг хүн л ийнхүү дуулдаг байх. Заримдаа бид үгэндээ хэт харам байдаг. Хайрлаж байсан ч түүнийгээ ил хэлэлгүй явсаар сайхан хайрыг гундаах нь ч бий. Харин гундаж алга болсон хойно нь,
                  ...Дурлалын галыг асааж байсан чи
                  Дуусган төгсгөгч нь боллоо доо
                  Харин сэтгэл минь одоо төөрсөн мэт л байна 
                  Үг бүрээ март гэж чи надаас хүсч байна
                  Үнэндээ бодолд минь үлдсэн нэг зүйл байна
                                      Зүрхний гүнээс ундарч дуусашгүй мэт санагдуулдаг
                                      Хайрын үнсэлтийг чинь би мартахгүй нь
                                      Гэвч чиний сэтгэлд намайг санах зайгүй болсон болохоор
                                      Гэрээсээ чи холдох болсныг харин би мэдэж байна... 
хэмээн харамсдаг. Энэ бол UB Palace-ийг дүүргэсэн хэдэн зуун үзэгчдийг зэрэг босгож, зэрэг дуулуулан, нижигнэн нүргэлсэн халуун алга ташилт, сэтгэл ханамжаар төгсгөсөн MLTR хамтлагийн Монгол дахь тоглолтын хөтөлбөрийн сүүлчийн дуу, хамтлагийн хамгийн алдартай дуунуудын нэг болох “That’s why” дуу нь байлаа.

Хамтлагийнхан дуунууд шигээ намуухан улс байв. Тайз чимэглэл нь ч тун энгийн юм. Зориудынх юмуу, эсвэл ажиллаагүй юмуу голын дэлгэцийн хоёр хажуугаар зэрэгцүүлэн тавьсан босоо LED дэлгэцүүд тоглолтын туршид нэг ч ассангүй. Голын дэлгэцэнд хааяа нэг дүрс гарахыг эс тооцвол бараг л тайз чимэглэлгүй тоглолт байлаа. Харин гэрэлтүүлэг чамлахааргүй “мэдрэмжтэй” байсан. Шинэ гаргасан цомгондоо орсон хэд хэдэн дуугаа MLTR Монголын үзэгчиддээ энэ орой сонсгосноос Непалд хийсэн аялалынхаа бичлэгээр дүрсжүүлсэн “Any Way You Want It” дуу нь дараагийн хит болохоор сайн дуу санагдсан. Ингээд бичвэрийнхээ төгсгөлд дэлхийд цуутай энэ хамтлагийн тоглолтыг эх орондоо “амьд”-аар нь үзэх боломж олгосон бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлье. Одоо ч аманд минь өнөөх алдарт “Paint my love” дууны
                ...Миний хайрыг чи зураач.
                Түүнийг дүрслэн зурвал
                Ургаж байгаа мянган нар
                Агаарт дэвэх мянган тагтаа байх болно
                Ийм гайхам хайрыг чи л зурах ёстой... гэсэн дэврүүн мөрүүд аялагдсаар...

                                                                                                  2012 оны 12 сарын 07

2012-12-07

1206


2012 оны 12 сарын 06-10-ны хооронд тэмдэглэж байгаа “Ардчиллын баяр”-ын хүрээнд АН-аас зохион байгуулсан “Баялаг бүтээгчдэд талархая” уулзалт дээр миний тавьсан илтгэл

Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт баялаг бүтээгчид та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэн мэндчилье.

Жил бүрийн 12 сарын 06-наас 10-ны хоорондох өдрүүд бол “Ардчиллын баяр”-ын өдрүүд. Өнөөдрөөс эхэлж байгаа энэ жилийн баяраа бид ард иргэдтэйгээ өргөн хүрээнд тэмдэглэхээр төлөвлөсний хамгийн эхний хүндтэй суудалд хувийн хэвшлийнхэн Та бүхнийгээ Ардчилсан нам урин суулгаж байна.

Энд монголчуудын өдөр тутмын идэх талх, мах, сүү, ундаа, жүүс зэрэг өргөн хэрэглээний хүнс үйлдвэрлэгч томоохон үйлдвэр компанийн ажилтан ажилчид, Нарантуул, Барс, Хүчит Шонхор, Хархорин зэрэг томоохон худалдааны төвийн худалдаачид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, барилга зам тээвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын салбарт хүчээ үзэгчдийн төлөөлөл ирсэн байгаа.

Монголчуудын хүчирхэгжлийн их түүх, эв нэгдлийн сүр хүчийг билэгддэг 1206 гэсэн энэ тоо тэртээ 13-р зуунд Их Монгол улс байгуулагдсаныг дэлхий дахинаа зарласан оны тоо. Энэ тоо энэ 12 оны 06 сард болсон УИХ, НИТХ-ын болон саяхан болсон орон нутгийн сонгуульд Монголын ард түмний дийлэнх олонхийн дэмжлэгийг авч ОЛУУЛАА болсон Ардчилсан намын нэгдэл төлөвшлийг билэгддэг тоо. Иймд та бүхэндээ 1206 оныг билэгдсэн 12 сарын 06-ны өдрийн халуун мэндийг дэвшүүлье.

23 жилийн өмнөх Ардчилсан хувьсгалаар Монгол оронд хийгдсэн хамгийн том хувьсгал бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн шилжилт байсан юм. Энэ хувьсгалаар 70 жил хориотой байсан Монгол хүний хувьдаа өмчтэй байх эрх анх удаа хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн юм. Ардчиллаар овоглосон энэ 23 жилийн түүх бол хувийн хэвшлийнхний хувьд оргүй хоосноос эхэлсэн бартаат замын түүх байсан юм.    

70 жилийн турш улсын төсвийнхөө 70 гаруй хувийг зөвлөлтийн татаас, ирээдүйдээ тавьсан ИХ ӨРөөр бүрдүүлж байсан Монгол орон тэрхүү татаас нь 1990 оны эхэнд гэнэт алга болохтой зэрэгцэн өргөн хэрэглээний барааны хомсдолд нэрвэгдэж, давс гоймонгоос өөр зүйлгүй болсон хоосон лангуунаас хувийн хэвшлийнхний түүх эхэлсэн юм. Тэр үед зах зээлийн эдийн засгийн зохицуулалтын тухай эрх зүйн акт нэг ч байсангүй. Нэгэнт бүх өмч улсын мэдэлд байсан болохоор зах зээлийн удирдлага менежмент ч гэж байсангүй. Банк санхүү, мөнгө зээлийн тухай дурсах ч хэрэггүй. Ерөөс зах зээлийн тухай анхдагч ойлголт Монгол оронд байсангүй.

Оргүй хоосноос эхэлсэн энэ түүх хоосон лангууг бараагаар дүүргэх эгэл хүмүүсийн адал явдалт аялалаас эхэлсэн юм. Олон олон хувь хүмүүсийн амь зуух эхний алхам “ганзага” байлаа. Картын бараанд очерлож, талхны нормоо хүргэж ядан зүдэрч байтал гадаад паспорт гарч ирж, хилийн дээс алхан хэрсүү ухаанд тэд суралцсан юм. Амьдралдаа хараагүй эрээн мяраан барааг анх үзэн хүүхэд шиг гайхаж хөлөө эргэтэл гүйхдээ “хүний нутаг ийм байхад бид юугаараа дутсан юм” хэмээн шаралхаж, алдах үедээ алдаж, хиншүү үнэрттэлээ шатаж явсан эрэлхэг хүмүүс, хувийн хэвшлийнхэн.

Тийнхүү зүдэрч явахад нь дэмжих ёстой төрд нь хуучин коммуннистууд зүсээ өөрчлөн гарч суугаад, лангуу дүүргэх гэж зүдэрч яваа хувийн хэвшлийнхнээ анхнаас нь алхам тутамд нь зовоож, хойшоо зорчих эрхийг нь хүртэл визээр боож байсан ч, хил гаалийг аргалж хэдэн төгрөг хэмнэвэл баярлаж, үргэлж шинэ орон зайг эрэлхийлэн, өшөө ихийг бүтээх чин хүсэлдээ хөтлөгдөн өнөөг хүртэл үг хэлгүй хөгжиж ирсэн хүмүүс, хувийн хэвшлийнхэн.

Энэ 23 жилийн хугацаанд ард түмний хэрэгцээ, ард үлдсэн амьдрал хоёр нь л хувийн хэвшлийнхнийг хөл дээр нь зогсоосон. Түүнээс биш, төрийн дэмжлэг, тууштай бодлого гэж үнэндээ байсангүй.

Тэглээ гээд төрийнхөн баяжаад байна гэж төлсөн татвартаа харамсан үйлдвэрчний эвлэл байгуулж, ордныг гороолж нэр нүүр хайсангүй. Өгдөг татвараа төлж, ажлын байраа нэмэгдүүлж, өсөлт хөгжилтөндөө урамшиж явсаар 23 жил болоход хувийн хэвшлийнхнээс төсөвт оруулдаг татварын хэмжээ жил бүр өссөөр л байсан.

Хар бууцанд хаягдаж хоцроод оргүй хоосноос түүхээ эхэлсэн “Хамаг монгол” аймгийн нуруун дээр хамаг гол ачаагаа үүрүүлж чадсанаар л 1206 онд Их Монгол улс байгуулагдаж, хүчирхэг түүхээ эхлүүлж байсан юм. Тэрэн шиг 12 оны 06 сарын сонгуулиар ялсан Ардчилсан нам, оргүй хоосноос түүхээ эхэлж, хал үзэж халуун чулуу долоосон туршлагатай хувийн хэвшлийнхнийхээ нуруун дээр өнөөгийн Монгол орны Их бүтээн байгуулалтын их ачааг үүрүүлэх гэж байна. Энэ бол зүгээр нэг тооны тохиол төдий биш, их түүхийн захиалга юм.

Ардчилал гэж цээжээ дэлдэлгүй, зүгээр л өмчтэй байх, шинээр сэтгэх эрх чөлөөгөө эдлэхдээ хийх бизнесээ олж хардаг мөнгөтэй хүний цартай ухаантай хувийн хэвшлийнхэндээ л Ардчилсан Нам Их бүтээн байгуулалтын их ачааг итгэж үүрүүлэхээр төлөвлөж байна. Учир нь оргүй хоосноос түүхээ эхэлсэн та нар л хөлсний дуслаар тоологддог зоосны учрыг олж чадна.

23 жил ноцолдож, ааш араншинг нь таних болсон их мөнгийг та нар л номхруулж, түүнийг үрэлгэн төрөөс хамгаалж чадна. Учир нь та нар улс төрчид шиг “өгөөмөр” биш, учиргүй харамч хүмүүс. 1 төгрөгийг 100 удаа эргэлтэнд оруулах гэж өөрсдөө 1000 удаа эргэлтэнд орж тээрэмдүүлдэг учир мөнгөндөө биш, хөлс хүчиндээ харам байдгийг зүгээр хэрэглэгчид огт мэддэггүй.

Бид өнөөдөр 1.5 тэрбум долларын бонд гаргаж, мөнгөтэй боллоо. Энэ бол төмөр зам. Энэ бол цахилгаан станц. Энэ бол хаус хороолол. Энэ бол ажлын байр. Үүнийг бид түрүү түрүүчийн улс төрчид шиг бэлэн мөнгө болгон тарааж, аль хэдийнэ эхлүүлээд өнөөдөр үр шимийг нь хүртээд сууж байх байсан өчнөөн том төслүүдийг боомилмооргүй байна. Харамчаараа дуудуулан байж хураан үржүүлдэг мөнгө нэг л өдөр баялаг болдогийг мэддэг хүмүүс нь хувийн хэвшлийнхэн та нар болохоор энэ их мөнгийг хөлс хүчиндээ харам учраас хэрхэн үр дүнтэй зарцуулахав гэж сэтгэж чаддаг хүмүүсийн гарт даатгамаар байна.

Та бүхэнд найдаж л бид Их бүтээн байгуулалт, шинэчлэлийн тухай ярьж байна. Ажлын байр бий болгодог хувийн хэвшлийнхэндээ итгэдэггүйсэн бол ажилтай орлоготой Монгол хүний тухай бид хоосон амлахгүй байсан. Та нарт найдаагүйсэн бол улс шиг хөгжих, хүн шиг амьдрах тухай улиглахгүй байсан. Хувийн хэвшлийнхний оргүй хоосноос түүхийг эхэлж чаддаг баялаг туршлага, эрч хүч, хүсэл тэмүүлэлд итгэж чадсан төр засаг л хөгжлийн бодлогоо жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадна.

Улс төрчид бид та нарт төвөг удахгүй байх хамгийн чухал ажлаа л сайн хийхийг хичээе. Өнгөрсөн түүхийн хугацаанд өмнөх улс төрчдийн бий болгосон үй олон чөдөр тушааг тайлж чөлөөлж өгье.

Өмнөх нийгмээс өвлөн авсан хүнд суртлын дэглэмийн гайгаар хавчигдан давжаарсан эдийн засаг бизнесийн орчин олон мянган аж ахуйн нэгжийг “сульдаатай” болгосныг бид мэднэ. Тэдэндээ тэнхрэх боломж олгое. Үүний тулд төр хувийн хэвшлийнхэн бие биедээ нээлттэй ил тод ажиллах учиртай.

Их бүтээн байгуулалт бол эдийн засгийн эрх чөлөөний сүрлэг хөшөө юм. Түүнийг дархлагчид нь хувийн хэвшлийнхэн та бүхэн байх болно. 1206 онд байгуулагдсан Их Монгол улс дэлхий дахинаа цоо шинэ эдийн засгийн гүн ухаан, менежментийн шинэ хэлбэр, мөнгөн тэмдэгт, чөлөөт бүс, өртөө улааг бий болгон өнөөгийн даяаршсан дэлхийн эхлэлийг тавьсан шиг, 12 оны 06 сарын сонгуулиар ялсан АН энэ Монгол улсаа их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжлийн эринд аваачих болно.

Ингэхийн тулд бид мөнгөтэй хүнийг ад үзэж “дамчин” гэсэн нэр хоч өгөн нийгмээрээ боорлодог байсан социализмын үеийн сэтгэлгээнээсээ салж, хувийн хэвшлийнхнээ хүндэлсэн, ажил бүтээлд нь аль болох бага саад тээг тавьсан, өмчийн эрхийг баталгаажуулсан бодлогыг тууштай явуулах учиртай.

Эрх нь нээлттэй эх орондоо баяжихтун, Монголчуудаа!