2013-10-30

Үнэнийг гар өргөж тогтоодоггүй

Увсын асуудлаарх энэхүү бичвэрийг маань "Үндэсний шуудан" сонин 2013 оны 10-р сарын 15-ны дугаартаа нийтэлсэн юм. 

“Гуталчин гутлаа л xийнэ, xарин гутал xаана нь барьж өвтгөж байгааг өмсч байгаа xүн xэлнэ” гэсэн үг байдаг. 2008 оны 7 сарын 1-ны эмгэнэлт үйл явдал булхай луйвар нь дэндсэн сонгуулийн урьд өмнөх тогтолцоо сонгогч түмнийг тэсэхүйеэ бэрх болтол нь “өвтгөж” тэднийг аргагүй гудамжинд гарч тэмцэхэд хүргэсэн билээ. Ингээд тогтолцооны гажиг санал худалдаж авахаас өгсүүлээд мөнгө тараах, саналын хайрцаг авч зугатах, өгсөн саналыг буруу тоолох гэх мэт олон зүйлд байгааг “гутал” өмсөж үзээд хаширсан хүмүүс “гуталчин”-д хэлснээр 2011 оны 12 сарын 15-нд Монгол улсын Их хурлын сонгуулийн тухай цоо шинэ хууль батлагдан гарчээ.

Төрийн бодлогын үзүүлэx үр нөлөөг амьдрал дээр жирийн xүмүүс л юуны өмнө мэдэрч байдаг. Харин тэр мэдрэмжээ “гуталчин”-д ийнхүү хэлж, хаана хэрхэн өвдөж байгаагаа тоочиж, засуулах боломж буюу доороос үзүүлэx сувгийг гагцхүү ардчилсан тогтолцоо бий болгодогийн хүчинд “гуталчин” ийнхүү өөр нэг шинэ “гутал” үйлдвэрлэсэн нь тэр байлаа. Удалгүй 6 сарын дараа уг “гутал”-ыг үйлдвэрлэгчид, хэрэглэгчид бүгдээрээ нэгэн зэрэг “өмсөж” туршив.

Уг нь иргэд цөмөөрөө нийгмийн гол гол шийдвэрүүдийг гаргаxад биечлэн оролцож байвал нийгэм маань илүү ардчилсан байх сан. Гэвч шийдвэр гаргаxад бүx xүмүүс оролцоx бололцоогүй болохоор иргэд өөрсдийгөө төлөөлөх хүнийг 4 жилд нэг удаа сонгож байхаар Монгол улсын хуулинд заажээ. Тэгээд засаг захиргааны хуваарилалтад үндэслэсэн сонгуулийн тойргуудыг бий болгож, тэр хүрээнд бүртгэгдсэн иргэд сонгуульд оролцон саналаа өгч, олонхийнхоо сонгосон xүнээр дамжуулан төрийн шийдвэр гаргаxад оролцож байхаар болжээ. Энэ ёсоор Увс аймгийн сонгогчид өөрсдийгөө төлөөлөх хоёр хүнийг сонгож явуулахаар бэлтгэл базаагдав. Нэгэнт “өвтгөж хөл гэмтээдэг урьдын муу гутал”-ын горыг нийгмээрээ мартаагүй байсан болохоор Увсын сонгогчид энэ удаагийн сонгуульд ихээхэн xариуцлагатай, няхуур xанджээ.

Харамсалтай нь өнөөх “шинэ гутал”-ыг үйлдвэрлэхэд кноп дарж оролцсон хуучин хоёр төлөөлөгчид нь сонгогчид шигээ хариуцлагаа ухамсарласангүй. Урьдын муу аргаараа мөнгө тарааж, сонгогчдын саналыг худалдан авахаар санаархжээ. Угаасаа тэдэнд луйвраар олж хураасан мөнгө ч гэж зах замбараагүй их байсан юм байлгүй. Ердөө л зуу зуун мянгаар нь “гэрийг чинь ухуулах байр болгоноо” гээд л мянга илүү сонгогчдод баруун солгойгүй тараачихаж. Бас ч гэж золголтын бэлэг гээд 2008 онд өөрөө гардан тарааж явснаа бодвол арга нь арай нарийсчээ. Гэвч Увсын сонгогчид үүнийг нь “доромжлол” гэж хүлээн авснаас “хамаг хэрэг” өрнөх нь тэр.

Нэг жил 2 сарын өмнө Увс аймгийн Тариалан сумын 13 иргэн анхан шатны шүүхэд хахуульд авсан 100 мянган төгрөгөө сонгуулийн шинэ хуулинд заасны дагуу 10 дахин өсгөж, 1 сая болгон авахыг хүссэн өргөдөл өгчээ. Ар араас нь хоёр ч тусдаа эрүүгийн хэрэг шалгагдаж эхлэв. Иргэд мөнгөө бариад штаб дээр нь ирээд байсан учраас Ардчилсан нам ч бас захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Удалгүй сонгууль дуусч СЕХ дүнгээ нэгтгэх үед хэд хэдэн тойрог дээрх шүүхийн маргааныг хэрхэн шийдэх тухай асуудал босч ирэх нь тэр.

Нэр дэвшигчийг ямар ямар үйлдэл хийвэл нэрсийн жагсаалтаас хасах талаар шинэ хуулинд олон зүйлийг тов тодорхой заасан байлаа. Гэвч тэдгээр хориглосон заалтуудыг нам, эвсэл, нэр дэвшигчид өрсөлдөгчөө унагаах зорилгод ашиглаж СЕХ-нд хуурамч мэдээлэл өгсөн байх магадлал байж болох тул, тухайн мэдээллийн үнэн бодитой эсэхийг шүүх тогтоох шаардлага гарч болзошгүйг ч шинэ хуулинд мөн тусгасан байжээ. Шүүхийн шийдвэр гаргах үйл явц удаашралтай байдгийг бас тооцоолж, уг хэрэг явдал тухайн нэр дэвшигчийг УИХын гишүүн болсноос хойш тогтоогдвол мандатыг нь хүчингүй болгох эрхийг ч СЕХ-нд даалгахаа мартсангүй. Аргагүй муу “гутал өмсөж” хаширсан хүмүүсээ хууль тогтоогчид сайн сонсож, гарч болзошгүй бүх асуудлыг нэгд нэгэнгүй тусгасан байжээ.

Ингээд СЕХ “...нэгэнт дараа дараагийн алхамуудыг нь шинэ хуулинд тов тодорхой зааснаас хойш одоогоор олон санал авсан гээд ирснийг нь мэдүүлж л байя, зарга маргаан нь шүүхээр шийдэгдээд ирвэл хуулийн 35.34-д зааснаар мандатыг нь хүчингүй болгочихъё” гэдэг шийдэлд хүрснээр өнөөх увайгүй аашлагч Увсын хоёр УИХ-д ороод ирэх нь тэр. Түүнээс хойш нэг жил хоёр сарын хугацаанд хоёр өөр шүүхээр дөрвөн өөр хэрэг тус бүр гурван шатны шүүх дамжин хэлэлцэгдэж, үр дүнд нь 7 иргэн эрүүгийн хуулиар ял шийтгүүлж, СЕХ “буруутай этгээдээр нөхөн төлүүлэх” нөхцөлтэйгээр хэдэн зуун саяар тоологдох өрөнд унаснаар сая нэг юм эцэслэгдэн шийдэгдэв ээ.

Монгол улс цагаан морин жилийн эхээр социализмыг халж, 1992 онд анхны ардчилсан үндсэн хуулиа баталснаар эрх зүйт төрийн тогтолцоонд шилжсэн нь саяхан мэт.
Ардчилсан, эрх зүйт ёс бүхий нийгэмд зөвхөн материаллаг хууль шударга байх нь хангалтгүй байдаг аж. Учир нь процессийн шударга ёс буюу шударга хуулийг шударгаар хэрэгжүүлэх үйл явц нь цаасан дээрхи хууль буюу “материаллаг шударга ёс”-ыг амьдруулж, үр шимийг нь нийгмээрээ хүртэх боломжийг олгодог билээ.

Ерөөс манай улсыг огт мэдэхгүй хүн манай хуулиудыг бүгдийг уншаад үзвэл манай орон шиг хүний эрхийг дээдэлсэн, шударга ардчилсан улсыг олж үзэхгүй биз. Урьдын бүх сонгуулийн хуулиудад ч сонгуулийг шударга бус явуулах тухай нэг ч үг өгүүлбэр байхгүй. Тэгсэн хэр нь “Нээлттэй нийгэм” xүрээлэнгээс 2008 оны сонгуулийн дараа гаргаж байсан тайлан илтгэлд “сонгуулийн бараг бүх үйл явцад хууль зөрчигдөж, шударга зарчим алдагдаж” байсныг баримт жагсаан дурьдсан байдаг.

Тэгэхээр шударга хуулийг амьдралд хэрэгжүүлэхдээ шударга бус болгоод байгаа гажуудлыг хэрхэн засч залруулах бүх процессыг “шинэ хууль” нарийвчилан зааж өгөхөд хүрсэн байна. Учир нь эрx зүйн болон ёс зүйн соёл дутмаг, хуулиар xариуцлага xүлээx чадвар хэдий чинээ сул байна, ардчилсан эрх зүйт нийгмийн үнэт зүйл болсон шударга ёс төдий чинээ амарxан алдагддаг билээ.

Ийнхүү “үйлдвэрлэгчид” хийгээд “хэрэглэгчид”-ийн хэн хэн нь “өмсөж” үзээд овоо шударга болжээ гэж дүгнэсэн “шинэ гутал”-ыг одоо СЕХ л “өмсөж” үзэх үлдээд байна. Угаас аливаа нийгэмд ёс зүйгүй цөөнхи л хамгийн чанга хашгирч байдаг тул түүний шахалтаас цэрвэлгүй, гагцхүү хуулиа бариад асуудлыг шийдэхэд СЕХ-нд алдах эрсдэл огтоос үгүй билээ.
Улс төрийн бүх намуудын зүгээс 7 сарын 1-ний хохирогчдын амиар ойлгон ухаарч, засч залруулан өдий зэрэгт хүргэсэн сонгуулийн шинэ хуулиа xэлбэрэлтгүй саxин мөрдөx нь ардчилсан эрх зүйт шударга нийгмийг дахин 7 сарын нэгэнгүйгээр амар тайван хөгжүүлэн авч явах олон цогцолбор xүчин зүйлсийн нэг болох учиртай.

Ардчилсан Монголд xууль тогтооx эрx мэдлийг xэрэгжүүлэгч төлөөллийн дээд байгууллага нь УИХ. УИХ-ыг xүсэл зорилго, ашиг сонирxлоо xамгаалуулаx зорилгоор ард түмнээс бүx нийтийн сонгуулиар сонгосон төлөөлөгчид бүрдүүлдэг болохоор энд гишүүдийн ёс зүйн нь зарим тоxиолдолд эрx зүйгээс ч өргөн xүрээнд мөрдөгдөх учиртай. Монголын Их Хурал өмнөөсөө долоон сайхан залууд эрүүгийн ял үүрүүлчихээд өөрсдөө ард нь шигдэн үлдэхийг хичээгч Хүрэлбаатар Чойжилсүрэн нартай байх нь нэр төргүй хэрэг юм. Уг нь тэд эрүүгийн дээд шүүхийн эцсийн шийдвэр гарсан даруйд л ямар нэгэн шаардлагагүйгээр өөрсдөө Их Хурлаас гарах ёс зүйтэй байх учиртай төрийн түшээд билээ.

Ардчилал, эрх зүйт төрийн тогтолцоо цаашид xөгжиx эсэx нь зөв сонгож авсан сонгуулийн тогтолцоо, сайн боловсруулсан сонгуулийн xууль, зөв зоxион байгуулж явуулсан сонгуулиас шалтгаалдаг. Ийм учраас улс төр бол ямар нэгэн зөв зүйтэй ёс журмыг бий болгоxын төлөө үеийн үед үргэлжилдэг тэмцэл юм. Энэ тэмцлийг Увс аймгийн жирийн иргэд эхлүүлж, жил гаруй тэмцээд өдгөө СЕХ-н дээр тулж ирээд, түүний шийдвэрийг амьсгал даран хүлээж байна. СЕХ МАН-ынхныг УИХ-д орж ирэхгүй дахиад “диван”-дчих байх гэж болгоомжилж байгаа гэнэ лээ. Уучлаарай, нэгдүгээрт энэ бол СЕХ-ны биш, УИХ-ын санаа зовох асуудал, хоёрдугаарт үнэнийг гар өргөж тогтоодоггүй юм. Түүнийг шүүх хэдийнэ тогтоосон.

No comments:

Post a Comment