"Өдрийн сонин"-ы сэтгүүлж Мөнхжаргалын Мөнхцэцэгийн хийсэн энэхүү ярилцлагыг тус сонин 2013 оны 11 сарын 09-ний Бямба гаригийн дугаартаа нийтэлсэн юм.
-Ардчилсан нам Засгийн эрхийг аваад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Сөрөг хүчнийхэн улс орны эдийн засаг хүндэрсээр байна гэж мэдэгдэж байгаа. Үүнд АН-ын зүгээс ямар дүгнэлт хийж байгаа юм бол?
-Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхлэхтэй зэрэгцэн дэлхийн зах зээл дээр нүүрс зэсийн үнэ огцом унаж, үүнээс болоод экспортын орлого тасалдаж эхэлсэн. Мөн сонгуулийн үеэр иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байсан замбараагүй олгогдсон уул уурхайн лицензүүдийг цэгцлэх шаардлагыг биелүүлэх үүднээс 1500 гаруй лицензийг зогсоосноос тэр хэмжээгээр эдийн засагт орж ирэх хөрөнгө оруулалт, мөнгөний урсгал зогсож, ажлын байр хумигдсан. Төсвийн орлогын нэлээд хувийг бүрдүүлдэг томоохон хэмжээний аж ахуйн нэгжүүд болох Эрдэнэт, Оюу толгой, Таван толгойгоос орж ирэх ихээхэн хэмжээний орлогууд түрүүчийн Засгийн газрын үед тавьсан өрөнд суутгагдаж эхэлснээс гадаад валютын хомсдол үүсч, долларын ханш огцом өсөх болсон. Энэ бүхэн яах аргагүй тулгарсан бодит эдийн засгийн хүндрэл мөн бөгөөд түүнийг Засгийн газар харин ч урьдчилан харж, Монголбанктай хамтран үнэ тогтворжуулах хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгийн энэ огцом хүндрэл иргэдийн наад захын хэрэгцээ болсон мах гурилын үнэд огцом нөлөөлөөгүй нь сайшаалтай. Долларын ханшийн огцом өсөлт доллартай харьцдаг цөөхөн бүлэг хүмүүст л "шийтгэл" болдгоос биш, төгрөгөөр мах гурилаа авдаг нийт ард иргэдэд тэгтлээ нөлөө үзүүлдэггүй.
Гараанаасаа эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан Засгийн газар хөтөлбөртөө тусгагдсан бүтээн байгуулалтын ажлуудаа үүнээс болж хойш тавиагүйд харин ч талархах ёстой. Төсвийн байдлыг харж, гараа хумхиж суухгүйгээр шаардлагатай хөрөнгө мөнгийг өөр эх үүсвэрээс бүрдүүлэх, босгох арга замыг Засгийн газар түргэн шуурхай эрэлхийлсний үр дүнд зам барилгын ганцхан улирлын хугацаанд л гэхэд нүдэнд харагдахуйц огцом өөрчлөлтүүд бий боллоо шүү дээ. Яахав түрүүний засгийн үед тавьсан өр нь үнэн ч, түүнийг төлж барагдуулах нь энэ засгийн үүрэг тул "гоншгонох" шаардлага алга. Нэгэнт олон улсын гэрээ хэлэлцээрээр хийгдсэн өр учраас Засгийн газраас Эрдэнэт, Таван толгой, Оюу толгойд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг өрөнд нийлүүлж байгаа хувиас нь давуулж үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэсэн тэдгээр бүтээгдэхүүнээ найдвартай зарах зах зээлээ бэлдэж, урьдчилсан гэрээ хэлэлцээрүүдийг хийх ажлыг Япон, БНХАУ-уудад хийсэн болон дараа дараагийн орнуудад хийх айлчлалуудаараа амжуулж, заримыг нь эцэслэн зурлаа.
Энэ бүхэн богино хугацаанд хийж байгаа чамлахааргүй амжилт мөн ч, Засгийн газрыг магтаж толгойг нь илэх биш, муулж урмыг нь хугалах биш, өөр олж хараагүй боломжийг нээн илрүүлж, хүндрэлээс хурдан шуурхай гарахыг намын зүгээс УИХ дахь бүлгээрээ дамжуулан байнга шахаж шаардаж ажиллаж байгаа. Мөн Засгийн газрын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан амлалтуудыг нэг жилийн хугацаанд хэдэн хувьтай хэрхэн биелүүлж байгаа явцын тайланг гаргахыг шаардаж, удахгүй УИХ дахь намын бүлэг дээрээ хэлэлцэх гэж байна.
-Ямар ч намын гал тогоог барьж байгаа генсекийн хувьд нам дотор жигүүр ургахад таатай бус ханддаг. Танай намын жигүүрийнхэн дүрэмдээ өөрчлөлт оруулахыг шаардаж байсан. Жигүүрийнхэнтэйгээ тохиролцоонд хүрсэн гэв үү?
-АН-д угаасаа олон жигүүр фракци бий. Иймд АН-д фракц үүсэх нь тийм ч сонин "мэдээ" биш, харин АН фракцгүй болжээ гэвэл чих соотойлгох "мэдээ" болох байх шүү.
Сүүлд байгуулагдсан, одоогоор "отгон" жигүүрийн хувьд намын гүйцэтгэх зөвлөлөөс удаа дараа гаргасан дотоод сонгуулийг хойшлуулах шийдвэрийг шүүмжилж, алдаа дутагдалтай ч хүчин төгөлдөр байгаа дүрмээ хатуу барьж ажиллахыг одоогийн удирдлагуудаас шаардсан шаардлага дээр санал нэгдсэн жигүүр. "Хуулийг шүүмжилж болно, дагахгүй байж болохгүй" гэсэн суурь зарчмын дагуух зөв зүйтэй шаардлага байсан учраас намын дарга жигүүрийнхнийг хүлээж авч уулзаад, ХЭГ-т хамтарч асуудлыг шийдэх үүрэг өгсөн. Энэ дагуу намын УТБ-ын хэлтсийн дарга Д.Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулаад, намын дүрэмд 2011 онд оруулсан ротацийг байхгүй болгосон ҮЗХ-ны шийдвэрийг хэрхэн өөрчлөх болон, намын гишүүдийн хариуцлага, ёс зүйн журмыг шинээр боловсруулах зэрэг хэд хэдэн төслүүд дээр ажиллаж байна.
-АН-ын зүгээс СЕХ-нд хүсэлт хүргүүллээ. Увсын хоёрын асуудлыг Дээд шүүх хэлэлцээд СЕХ-г шийдвэр гарга гэсэн. Гэтэл хуулийн хугацаа нь болчихоод байхад асуудлыг шийдвэрлээгүй. Үүнтэй холбоотой хүсэлт хүргүүлэв үү?
-АН-аас СЕХ-нд хандаж, УИХ-ын 2012 оны 15-р тойрогт үүссэн сонгуулийн маргааныг шүүхийн шийдвэрт үндэслэн хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдлөө албан ёсоор 2013 оны арваннэгдүгээр сарын 8-нд хүлээлгэн өглөө. Увсын тойрог дахь сонгуулийн маргааны асуудлыг хэлэлцсэн Эрүүгийн болон захиргааны хэргийг шүүх Улсын дээд шүүхийн шийдвэрүүд гарсан. Энэ шийдвэрүүдийг үндэслэн сонгуулийн хуулийн 35.34-т заасан үйл ажиллагааг СЕХ-ноос хэрэгжүүлэхийг АН хүсэлтдээ тодорхой зааж өгч, түүндээ шүүхийн шийдвэрүүдийг болон гүйцэтгэлийн тогтоолуудыг хавсарган хүргүүлсэн байгаа.
СЕХ-нд асуудлыг хянан шийдвэрлэх хуулийн хугацаа гэж бий. Энэ хугацаа нь 30 хоногийн дотор, дахин хянах шаардлагатай гэж үзвэл хоёр сарын хугацаанд шийдэх үүрэгтэй бөгөөд СЕХ асуудлыг хуулийн хугацаанд шийднэ гэдэгт найдаж байна.
Ардчилал, эрх зүйт төрийн тогтолцоо цаашид xөгжиx эсэx нь зөв сонгож авсан сонгуулийн тогтолцоо, сайн боловсруулсан сонгуулийн xууль, зөв зоxион байгуулж явуулсан сонгуулиас шалтгаалдаг. Ийм учраас улс төр бол ямар нэгэн зөв зүйтэй ёс журмыг бий болгоxын төлөө үеийн үед үргэлжилдэг мөнхийн тэмцэл юм. Энэ тэмцлийг Увс аймгийн жирийн иргэд эхлүүлж, жил гаруй тэмцээд өдгөө СЕХ-нд тулж ирээд, түүний шийдвэрийг амьсгал даран хүлээж байна. Жирийн иргэдийн энэ хүлээлтийг СЕХ хүндэтгэх үүрэгтэй.
-СЕХ МАН-аас нэр дэвшин, УИХ-д сонгогдсон гишүүдийн мандатыг хүчингүй болгох боломжтой юу?
-2011 оны сүүлээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 35.34-т зааснаар, УИХ-ын гишүүн болох явцад хууль зөрчсөн үйлдэл нь УИХ-ын гишүүн болсноос хойш шүүхээр хянан шийдвэрлэгдэж тогтоогдвол гишүүний түр үнэмлэхийг хүчингүй болгоно гэж заасан байдаг. Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэх субъект нь СЕХ юм. Тиймээс СЕХ УИХ-ын сонгуулийн энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээч ээ гэсэн шаардлагыг л бид тавьж байгаа.
-Ер нь үеийн үед СЕХ эрх баригч намын мэдэлд байсаар ирсэн. Хэдийгээр хараат бус байх ёстой ч харьяалалд нь байсан нь нууц биш ээ. Та твиттер хуудаснаа СЕХ-той "үзэлцэнэ" гэж жиргэсэн байсан. Эрх баригч намын генсек ингэж хэлэхээр хүмүүст сонин санагдаж байгаа. Эрх баригч намын хувьд СЕХ-г эрх мэдэлдээ барьж чадахгүй байгаа болохоор ингэж хэлэв үү?
-СЕХ эрх баригч хүчний нөлөөнд байсан үе саяхан. Тэр нь дээрээсээ доош хатуу командаар ажилладаг МАН-ын хуучин коммунист бүтцэд суусан сэтгэхүй гишүүдийнх нь толгойд амь бөхтэй оршиж байсны үр дагавар байсан. Намын гишүүнээсээ татгалзсан ч сэтгэхүй нь өөрчлөгдөөгүй байсан учраас СЕХ-ны дарга асан Б.Баттулга жишээ нь ямар улаан цайм шийдвэрүүдийг гаргаж байлаа даа. Ердөө түрүүний Их хурлын л үед шүү дээ. Тэгээд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэр үеийн СЕХ-г шүүхэд өгч торгууль тавиулснаас хойш, арай нэг цочрол авч, бүрэлдэхүүнд нь байгаа улсууд намын шийдвэрийг биш, хуулийг баримтлах гэж хичээх болсон. Гэхдээ энэ хичээлт бүрэн итгэл үнэмшил болж чадаагүй байгаагийн илрэл нь Увсын асуудал дээрх СЕХ-ны хойрго ажиллагаа болов уу. Манай нам СЕХ-г эрх баригчид нөлөөндөө байлгахын бурууг хамгийн ихээр шүүмжилдэг байсан хүчний хувьд үзэл бодлынхоо эсрэг тийм оролдлого огт хийхгүй. Тийм ч учраас СЕХ-ныхныг дуудаж шивнээ даалгавар өгөхгүй, хуулийн дагуух шаардлагаа хэвлэлээр ил тод өгч, тэднийг self-censorship сэтгэхүйгээсээ салж, цаашдын үр дагавар гэх мэт улс төрчдийн санаа зовдог сэдвийг толгойноосоо авч хаяад, зүгээр л хэвлэсэн хуулийг өмнөө тавьж байгаад шийдвэрээ гаргадаг шүүгчид шиг ажиллахыг намын зүгээс шаардаж байгаа юм.
-Та саяхан БНАСАУ-ыг зориод ирсэн. Ямар ажил амжуулав?
-БНАСАУ дахь аяллын хувьд би намын даргаас хувийн чөлөө авч, гэр бүлийнхээ эрхэлдэг компанийн нэрээр ажил олгогчдын холбооны шугамаар бизнес аялалд оролцоод ирсэн. Хойд Солонгос эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрэх зорилт тавиад, тэр зорилгынхоо үүднээс Монголын бизнес эрхлэгчдийг хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтарч ажиллахаар урьсан юм байна лээ.
-Таныг Хойд Солонгосын их удирдагч Ким Жон Илийн тухай ном худалдаж аваад тус улсад хоригдох дөхсөн тухай хэвлэлүүд мэдээлсэн. Чухам юу болсон юм бэ?
-Кесаны аж үйлдвэрийн цогцолборыг үзэхээр гарсан аяллын замд бид зогсож үдийн хоол идсэн юм. Тэгээд дэлгүүрт нь тавигдсан бэлэг дурсгалын зүйлсээс би сонирхлын дагуу кино DVD, ном хоёр худалдаж авсан юм. Өөр нэг бизнесмэн өөр нэг ном худалдаж аваад дурсгал болох үүднээс түүн дээрээ аялалд оролцсон бүх хүмүүсээр тойруулан гарын үсэг зуруулж байсан. Тэгээд автобус хөдлөхийн алдад манай автобусанд орчуулагч бүсгүй орж ирээд биднээс "Та нар дунд ном худалдаж авсан хүн байна уу" гэж асуусан. Би гараа өргөж номоо үзүүлэхэд бүсгүй номыг аван буугаад хэсэг хугацааны дараа эргэж ирэхдээ, "...уучлаарай, энэ манай их удирдагчийн ном учраас бид дээр нь элдэв юм зурж уу гэдгийг шалгасан юмаа" гэсэн. Бодвол "Генералын номыг нэг хүн авсан, түүнийг тойруулж хүмүүс юм сараачаад байх шиг байсан, шалга" гэсэн команд ирсэн байх. Тэгээд "ном худалдаж авсан хүн байна уу" гэхэд нь би номоо өгч шалгуулсан нь тэр л дээ.
-Танай намын өрсөлдөгч улс төрийн том хүчин болох МАН-ын Их хурал нэлээд сүр дуулиантай болж өндөрлөлөө. МАН-д болсон өөрчлөлтийг юу гэж харж байна. Нөгөө л хуучин М.Энхболд, Ж.Мөнхбат нар удирдлагад сонгогдлоо гэх хүмүүс байна. Намын удирдлага солигдсоноор тус нам шинэчлэгдэж чадах болов уу?
-Энэ асуултад би хариулт өгөх субьект биш. Би АН-ын ЕНБД-ын хувьд МАН-ын их хуралд баяр хүргэж амжилт хүссэн мэндчилгээг албан ёсоор хүргүүлсэн. Хурлын үеэр гадаадад ажлаар явж байсан учраас шинээр сонгогдсон МАН-ын дарга М.Энхболдод хувийн зүгээс баяр хүргэж амжаагүй байна. Харин ЕНБД-аар сонгогдсон Ж.Мөнхбатад твиттерээр баяр хүргэсэн.
-Ер нь сонгуулийн хугацаа дөхөөд ирэхээр эрх баригч намын хувьд том нүүдэл болдог. Гол өрсөлдөгч намтайгаа эвсэх хандлага байдаг. Танай намд МАН-ыг хамтарч засаг барих "урилга" байх болов уу?
-Үгүй л болов уу. Урьд нь эвсэж үзсэн бүхий л оролдлогууд манай намд тийм ч таатайгаар тусаж байгаагүй. Үр дүн нь ихэвчлэн сөрөг байсан. Гэхдээ нэг юм туйлын үнэн. 2012 оны сонгуульд манай нам бүрэн төгс ялаагүй. Энэхүү "дутуу" ялалтын үр дүнг ямар нэгэн байдлаар амсах, магадгүй төлөөс хийх шаардлага ч тулгарч болохыг үгүйсгэхгүй.