- Юун түрүүнд АН-ын хувьд багагүй асуудлуудтай тулгарч эхэлж байх шиг байна. "Жигүүр" мэндлээд удаагүй байхад, Р.Амаржаргал гишүүн УИХ-ын гишүүнээс түдгэлзэх саналаа УИХ-ын даргад хүргүүллээ. Амараа гишүүн хэдийгээр нам дотроо үе үе хувийн тоглолт хийгээд байдаг ч өчигдрийн хэмжээний цочир мэдэгдлийн хэмжээнд хүртэл аашлахыг бодоход УИХ ч, ЗГ ч хариуцлага хүлээх чадамжгүй юм байна гэдэг сэтгэгдлийг нийгэмд шууд төрүүлчихлээ. Энэ талаар АН-ын ЕНБД-ын хувьд та юу хэлэх вэ?
- Жигүүрийн хувьд намд байдаг энгийн үзэгдэл. Үүнийг асуудал гэж аль ч талаар бид хүлээн аваагүй, анхнаасаа уулзаад, хамтарсан ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Төгс шийдэл гэж хаана ч байдаггүй учраас намын дүрэм журмаа АН шинэчлэх гэж угаасаа олон жил ярьж, гишүүдийнхээ дунд үе шаттай хэлэлцүүлэг явуулж ирсэн, одоо ч явуулж байгаа. Харин Амаржаргал гишүүний хувьд гаргасан шийдвэрээ намтай урьдчилж зөвшилцөөгүй, цэвэр хувь гишүүнийхээ хувьд гаргасан шийдвэр. Тойргоос нэр дэвшиж өрсөлдөнө гэдэг төрийн эрх барих дээд байгууллагад тухайн тойргийн сонгогчдыг төлөөлж ажиллах үүрэг хүлээнэ гэсэн үг байдаг. Иймд Амаржаргал гишүүний энэ шийдвэр намын гэхээсээ илүү Сүхбаатар дүүргийн хэдэн зуун мянган сонгогчдын сонголтыг үл хүндэтгэсэн, тэдний итгэлийг хөсөр хаясан хариуцлагагүй шийдвэр болчихов уу гэж харж байна. Иймд УИХ энэ талаар аливаа шийдвэр гаргахдаа сонгогчдын эрх ашиг, тэднийг төрд төлөөлөх үүрэг хүлээсэн ардчиллын үндсэн зарчмын цаана оршиж байгаа өндөр хариуцлагын тухай сайн бодож, нухацтай хэлэлцэж байж шийдвэрээ гаргах ёстой. Дайны цагт бол тулаанаас няцаж өргөдлөө өгсөн дайчны хүсэлтийг “Өө за за” гээд шууд хүлээгээд авдаггүй биз дээ. Хэдий шантарах үе тохиолдовч, тулааны талбарыг сайн дураар орхих эрх тойргоос сонгогдож ард түмнийг төлөөлөн Их хуралд сууж байгаа гишүүнд байх ёсгүй. Иймд УИХ тийм ч амархан гишүүний хүсэлтийг хүлээж авахгүй болов уу гэж найдаж бна.
- УИХ дахь АН-ын бүлэг болоод АН-ын удирдлагын түвшинд Р.Амаржаргал гишүүний энэхүү асуудлыг хүлээж авах бололцоотой юу. Хэрэв тийм бол түүний УИХ-ын суудал МАН-ын хоёр нэр дэвшигчийн аль нэгэнд нь очихоор харагдаад байгаа шүү дээ?
- МАН-ын гишүүд шууд орж ирэхгүй л дээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 52-р зүйлд зааснаар хэрвээ УИХ ямар нэг байдлаар Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хүлээн авч гишүүнээс нь болиулбал тухайн тойрогт нөхөн сонгууль явагдахаар заасан байгаа. Нөхөн сонгуульд бүх намууд болон хувь хүмүүс нэр дэвшин өрсөлдөх эрхтэй.
- Р.Амаржаргал гишүүний энэхүү үйлдлийг өөр өнцгөөс харах ажиглагч нар байна. Тухайлбал ирэх Ерөнхийлөгчийн сонгуульт АН-аасаа нэр дэвших сонирхол түүнд байгаа гэх....?
- Би хувьдаа тэгж бодохгүй байна.
- Ер нь АН-ын бүхий л үйл ажиллагаа, дүрэм журмаа царцаахаас эхлээд болохоо байсныг "жигүүр" болоод Р.Амаржаргал гишүүний үйлдлээр илэрч байна гэж ойлгож болох уу?
- Юу гэж дүгнэх нь Та бүхний хэрэг. Миний хувьд наад дүгнэлттэй чинь санал нийлэхгүй. Дээр хэлсэнчлэн бид тулгарсан асуудал бүрийг хамтдаа суугаад шийдээд явдаг. Улс төр бол олонхийн эрх ашигт нийцсэн дундын шийдлийг олохын төлөөх мөнхийн зөвшилцөөн, мэтгэлцээний талбар шүү дээ.
-Та саяхан СЕХ-нд Увсын асуудлаар хандсан. Энэ асуудлын хариу хэдийгээр шийдэгдэхээр байна. Энэхүү асуудал та бүгдийн ярьж хэлж байгаа шиг нааштай бүтэхээр байж чадна гэдэгт та ЕНБД-ын хувьд хэр итгэлтэй байна вэ? Ийм бололцоо үнэхээр бий гэж үү?
- Өргөдлийг авч хэлэлцэх хуулийн хугацаа 30-60 хоног байдаг. Иймд энэ хугацаанд багтаж шийдвэрээ гарах байх гэж найдаж байгаа. СЕХ улс төрөөс ангид, бие даасан, хараат бус байгууллага учраас Сонгуулийн хуулийн 35.34-т процедурыг нь үг үсэгчлэн заагаад өгчихсөн асуудал дээр ямар нэг эргэлзээгүйгээр шийдвэр гаргах бүрэн боломжтой гэж үзэж байгаа.
No comments:
Post a Comment