2018-11-20

“ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛЬЕ” ТӨСӨЛ ЖИЛИЙН АЖЛАА ТАЙЛАГНАЛАА


Хөрс, ус, агаарын бохирдлын эх үүсвэр, гол хүчин зүйл болж буй нүхэн жорлонг өөрчилж, хүн байгальд ээлтэй, эдийн засгийн эргэлтэд орох боломжтой жорлон, ариун цэврийн байгууламжуудыг иргэдийн өөрсдийнх нь санаачилга оролцоотойгоор барьж байгуулах урам сэдлийг иргэдэд өгч, тэднийг бодит өөрчлөлтөд уриалах, иргэдэд хамгийн ихээр дутагдаж буй санхүү, технологийн шийдлүүдийг танилцуулж, мэдлэг мэдээллийг олгох зорилгоор жилийн өмнөх “Дэлхийн жорлонгийн өдөр” эхлүүлсэн “Жорлонгоо өөрчилье” соён гэгээрлийн аяны бүтэн жилийн ажлын тайланг сонсож, “Нутгийн шийдэл” ТББ-аас зарласан “Цэвэрч Монгол” уралдааны дүнг танилцуулан, шагнал гардуулах ёслол энэ жилийн “Дэлхийн жорлонгийн өдөр” буюу 2018 оны 11 сарын 19-ны 11 цагт Улаанбаатар зочид буудлын Хөх Асар танхимд боллоо.



2018 оны эхэнд өвлийн хөр цаснаар эхэлсэн “Жорлонгоо өөрчилье” сургалтын багийн аялал зуны эхэн сарын анхны бороо, өвс ногоо цухуйх цаг хүртэл 20 мянган км замыг туулан, нийт 47 удаагийн сургалт зохион байгуулж, түүндээ 3160 иргэдийг оролцуулжээ. Сургалтын явцад оролцогсдын ойлгож авдаг гол зүйл бол “Би орон нутагтаа, ойр тойрныхноо бас сургаж, хамтдаа өөрчлөлтийг хийх явдал юм байна” гэсэн үзэл санаа ажээ. Энэхүү үзэл санаагаар жигүүрлэсэн орон нутгийн иргэд өөрсдийн сурч мэдсэнээ цааш түгээн, сум баг албан байгууллагууд руу чиглэсэн сургалтуудыг аймаг, дүүрэгтээ өөрсдөө зохион байгуулжээ. 



Тухайлбал Завхан аймгийн Богдын голын багийн иргэн Нарангарав 4 сургуулийн ахлах ангийн 300 сурагчдад бохирдуулагч жорлонгийн хор уршгийн талаар яриа танилцуулгыг сайн дураар хийсэн байна. Мөн аймагт сургалтанд хамрагдсан сумдын багш нар сум сумандаа 1-6 сургалт зохион байгуулжээ. Дархан-Уул аймагт гэхэд 9 баг, 3 суманд нийт 860 иргэдэд хүрч уулзалт зохион байгуулсан бол Говь-Алтай аймагт 17 сургагч багш 13 суманд 33 удаагийн сургалт хийж 1168 хүнийг хамруулсан байна. Хөвсгөл аймагт Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргаанаас 11 сумын 32 багийн 865 өрхийн 3050 хүн, 20 байгууллагын 424 хүн, ЕБС-ийн 630 хүүхдэд “Жорлонгоо өөрчилье” сургалтыг тус тус зохион байгуулжээ.



Мөн Төв аймагт 27 суманд 36 сургалт хийж, 585 хүнийг хамруулсан бол УБ хотын БГД 23 хорооны 210 хэсгийн ахлагч нартаа тусгайлан сургалт хийж, цаашлаад дүүргийн хэмжээнд нийт 5225 иргэдэд “Жорлонгоо өөрчилье” сургалтын агуулгыг хүргэсэн байна.
2017 оны 5 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Хог хаягдлын тухай хуулиар хөрс бохирдуулагч нүхэн жорлонгийн тоог үе шаттай бууруулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгах үүрэг орон нутгийн засаг захиргаанд оногдсон байдаг. Үүнийг “Жорлонгоо өөрчилье” сургалтаар олж мэдсэн иргэд засаг захиргаанаасаа жорлонгоо өөрчилөх талаар бодит ажил шаардаж эхэлжээ. Үүний үр дүнд тухайлбал Баганхангай дүүрэг 2018 оны нийгэм эдийн засгийн зорилтдоо жорлонгоо өөрчилөх ажлыг заалт болгон оруулсан байна. Говь-Алтай аймгийн засаг дарга “Стандартын нүхэн жорлонгийн тоог нэмэгдүүлэх тухай” А/36 тоот захирамж гаргасан бол Хөвсгөл аймагт “Эрүүл ахуйн 3 дадал” аяныг зохион байгуулах тухай засаг даргын А/243 тоот захирамж тус тус гарчээ. Мөн Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн газраас нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын дунд “Жорлонгоо өөрчилье” сургалтыг иргэдэд хэрхэн ойлгомжтой хүргэх талаар уралдаан зарлаж дүгнэсэн нь орон нутагт улам олон соён гэгээрүүлэгчдийг төрийн байгууллагын дэмжлэгтэйгээр бэлтгэж өгсөн чухал ажил болжээ.

“Жорлонгоо өөрчилье” сургалтын багт нийт 11 сургагч багш, 2 чиглүүлэгч багш, 2 жолооч 1 зохион байгуулагч тогтмол ажилласан бөгөөд сургалтын явцад оролцогсдоор дадлага ажил хийлгэж, тухайн орон нутгийн боломжит шийдлүүдийг өөрсдөөр нь сонгуулан, судалгааг тогтмол авч ирсэн нь ихээхэн хэмжээний мэдээллийн санг бүрдүүлэх таатай боломжийг бий болгосон байна. 

Үүний үр дүнд иргэдийн бодит шаардлага, хүсэл эрмэлзлэл дээр тулгуурласан шинэ бүтээгдэхүүнүүд төрөн гарах таатай хөрс суурь бий болжээ.  Тухайлбал технологийн шийдлүүд гэсэн судалгаагаар хөдөө орон нутагт болон хотод ялгаагүй иргэд төвийн шугамд холбогдох нь зардал ихтэй гэж үзэж, хашаандаа сайхан эко амьдрах хүсэл эрмэлзлэл өндөр байгаа нь харагджээ. Энэ судалгаанаас үүдэн эко жорлонгийн бизнес эрхлэгчид зах зээлд бүтээгдэхүүнээ илүү итгэлтэйгээр нийлүүлэх, бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд эргэлзэлгүйгээр хөрөнгө оруулах болж, шинээр Таван богд групп, Фимо Грийн, Био Ундарга, Ану Король зэрэг компаниуд эко жорлонгийн бизнест хөл тавьжээ.  




Иргэдэд дутагдаж буй зүйл гэсэн судалгаагаар зөв технологийг телевизээр сурталчилах гэсэн хүсэлт нэлээдгүй хувийг эзэлж байсны дагуу “Жорлонгоо өөрчилье” сургалтанд оролцогсдын олонхийн байнга сонгодог 5 технологийг детальчлан зааж, хэрхэн зөв барихыг зөвлөсөн график байгуулалт бүхий 3D анимейшнийг “Жорлонгоо өөрчилье” төслийн хүрээнд бүтээсэн байна. Харин энэхүү зөвлөгөөг иргэдэд хүссэнийх нь хирээр хэрхэн хүргэхэв гэдэг дээр телевизийнхнийг хамтран ажиллаасай, олон иргэдийн хүсэлтийг хангах сайн үйлсэд нэгдээсэй гэж хүсч байгаагаа арга хэмжээний үеэр “Нутгийн шийдэл” ТББ-ын УЗ-ийн гишүүн Ц.Оюундарь хэлж байлаа.



Санхүүгийн шийдэл гэсэн судалгаагаар иргэдийн дунд зээлийн хүүг бууруулах хүсэлт нэлээд байгааг анзаарч, Капитрон банк анх удаа 2018 онд “Эко жорлонгийн зээл” хэмээх цоо шинэ 8 хувийн хүүтэй зээлийн бүтээгдэхүүн гаргаж, эх үүсвэрт нь 1 тэрбум төгрөг зарцуулахаа зарлан, эхнээс нь Өмнөговь аймгийн иргэдэд олгож эхэлсэн байна. Түүнээс гадна Капитрон банк “Жорлонгоо Өөрчилье” сэдэвт дөрвөн удаагийн сургалтыг Өмнөговь аймагт зохион байгуулахад хамтран ажиллаж, гурван сургалтыг нь ивээн тэтгэжээ. Одоо Өмнөговь аймагт зээл олгогч банк, жорлон захиалах буюу зээл авах иргэн, жорлонг байгуулах компани/иргэд гэсэн гурвалсан гэрээ хэлэлцээр бүхий Жорлонгоо өөрчилөх модель хэрэгжиж эхлээд байгаа юм байна.



Энэ бүх ажлыг бүтэн жилийн турш тасралтгүйгээр үр дүнтэй зохион байгуулахад ОУ-ын “Нью Венчер Фонд”-оос олгосон санхүүгийн тэтгэлэг асар том дэмжлэг болжээ. “Нью Венчер Фонд” нь шинэ бизнесийг дэмжих сан бөгөөд “Жорлонгоо өөрчилье” төслийг ариун цэврийн салбарт шинэ бизнес үүсч хөгжих суурь тавих төсөл хэмээн үнэлж шалгаруулсан юм байна. “Бүтэн жилийн турш эдний ард хэн байгаа бол, улс төр л байгаа байх, ямар нэг том эрэгтэй улс төрч, эсвэл бүлэглэл байгаа байх гэсэн элдэв хардалтад өнөөдөр би цэг тавья. Учир нь “Нью Венчер Фонд”-той хийсэн гэрээгээр тус сангийн тэтгэлгийг олон нийтэд зарлах, сурталчилахыг хориглоно, зөвхөн тайлангийнхаа үеэр зарлаж болно гэсэн хатуу шаардлагатай байсан учраас бид явцын дундах элдэв хардлагад тэр бүрт хариулт өгч чадахгүй байсан юм” гэж “Нутгийн шийдэл” ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэл тайлангийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо. 



“Жорлонгоо өөрчилье” төсөлд “Нью Венчер Фонд”-ын зүгээс нийт 222 мянган ам.долларыг хоёр үе шаттайгаар “Нутгийн Шийдэл” ТББ-д олгосноор “Жорлонгоо өөрчилье” төсөл ийнхүү амжилттай хэрэгжих боломжтой болсон юм байна. “Шинэ бизнесийг дэмжих үзэл санааг бид сургалт бүртээ шингээж, “жорлон ба бизнес” хичээлийг иргэдэд толилуулснаар орон нутаг бүрт ариун цэврийн бизнес эрхлэх сэдлийг иргэдэд олгосоор ирсэн” гэж Ц.Оюунгэрэл мөн нэмж онцолсон юм.


Иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлж, шинэ зүйлд уриалан дуудна гэдэг асар их хүчин чармайлт, хөрөнгө цаг шаардсан ажил байдаг. Иймд олон улсын санхүүжүүлэгчдээс мөнгө босгож, шаардлагатай иргэдэд олгох зээлийн санг нэмэгдүүлэх зорилгоор Монголдоо зайлшгүй өөрчлөх шаардлагатай 600 мянган нүхэн жорлонгийн нэгхэн хувь буюу 6000 жорлонг өөрчилөхөд хувь нэмрээ оруулаач гэсэн хөрөнгө босгох аяныг АНУ-ын Хеспериан сантай хамтран “Нутгийн шийдэл” ТББ-ынхан мөн эхлүүлжээ. “Монгол дахь бодит нөхцөл байдлыг хараагүй хүмүүст бид юуны төлөө зүтгэж байгаагаа ойлгуулах зорилгоор баримтат кино хийх төсөл бичиж, үүндээ мөн тусад нь санхүүжилт босгохоор зүтгэсэн зүтгэл амжилттай болж, “Жорлонгоо өөрчилье” баримтат киног англи хэл дээр бүтээх төсөл Японы “Japan Prize 2018” олон улсын фестивальд 2-р байранд шалгарч, санүүжилтийнхээ дийлэнхийг шагналын мөнгөөр босгосноо “Нутгийн шийдэл” ТББ-ын УЗ-ын гишүүн Ц.Оюундарь мөн энэ үеэр хэллээ.




Монгол улс дахь Жорлонгоо өөрчилье хөдөлгөөн зөвхөн Монголын асуудал биш, дэлхий нийтээр өрнөж байгаа Жорлонгийн хувьсгалын нэг хэсэг болохын хувьд энэ сэдвээр олон улсын түвшинд ойлгуулах ажлын хүрээнд Финляндын Тамперэ хотод болсон Дэлхийн хуурай жорлонгийн 6-р хурал, Швейцарийн Женев хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн комиссарын газрын Хөгжих эрхийн хэлтэсээс зохион байгуулсан “Жорлон ба хөгжих эрх” хурал, БНХАУ-ын Бээжин хотноо Билл, Мелинда Гейтс сангийн дэмжлэгээр зохион байгуулагдсан “Жорлонг шинээр бүтээхүй экспо” хурлуудад “Жорлонгоо өөрчилье” төслийн багаас илтгэл тавьж амжилттай оролцжээ. 



Тайлангийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Лу.Болд, З.Нарантуяа нар ирж, “Цэвэрч Монгол” уралдааны шагналтнуудад шагнал гардуулах ёслолд оролцлоо. УИХ-ын гишүүн Лу.Болдын хувьд Хан-Уул дүүрэгт хоёр удаа “Жорлонгоо Өөрчилье” сургалтыг захиалан авч, нийслэлийн бусад дүүргүүдтэй харьцуулахад илүү олон хүнийг “Жорлонгоо өөрчилье” сургалтад хамруулж байжээ. Мөн тэрээр гэр хороололд тав тухтай амьдрах хямд байшинг барьж байгуулах төсөл хэрэгжүүлж, тус төслийнхөө явцад Атмор компанийн шийдлээр зөөврийн усанд суурилсан жорлон, халуун ус, саарал усны цогц шийдлийг гаргасан юм байна. “Ардчилал гэхээр бид дандаа агаар тэнгэрийн юм боддог. Гэтэл ахуйн наад захын жорлон гэдэг хамгийн энгийн асуудал хүний үндсэн эрх байдаг. Тэгэхээр жорлонг сайжруулахын төлөөх зүтгэл бол хүний эрхийн төлөө, түүний баталгаа болсон ардчиллын төлөөх үйлс юм” гэж УИХ-ын гишүүн Лу.Болд “Жорлонгоо өөрчилье” багийн үйл ажиллагааг сайшаан дүгнэсэн юм. 


Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн хувьд Завхан аймагт болсон хоёр удаагийн “Жорлонгоо Өөрчилье” сургалтыг ивээн тэтгэжээ. “Жил бүрийн улсын төсөвт халдварт өвчинтэй тэмцэхэд өчнөөн зуун сая төгрөгийг төсөвлөдөг. Гэтэл үндсэн эх сурвалж нь хөрс ус агаарыг бохирдуулагч нүхэн жорлон болоод байгааг ойлгуулахад “Жорлонгоо өөрчилье” сургалт маш үр дүнтэй ажил болсон. Хууль боловсруулагчид бид бүтэн жилд Засгийн газраа солихоос өөр олигтой ажил хийсэнгүй. Гэтэл “Жорлонгоо өөрчилье” багийнхан та бүхэн асар их ажлыг өнгөрсөн ганц жилийн хугацаанд амжуулжээ. Эрх баригчдад “ичиг ичиг” гэж хэлмээр байна” гэлээ.





“Нутгийн шийдэл” сан нь анх 2010 онд “Орчны эрүүл мэндийн тухай иргэний нөхөрлөлийн гарын авлага” номыг орчуулан гаргаж, Монгол орны бүх аймаг, сумдын сургууль, эмнэлэг, номын сангуудад хүргүүлж эхэлсэн цагаасаа ариун цэврийн салбарт хөл тавьсан юм байна. 2015 оноос эхлэн “Олон улсын андуудын Монголын тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутагт эко жорлонгийн шийдэл бий болгох ажлыг зохион байгуулан туршиж, жил бүрийн зун оюутны 14 багийг сургалтад хамруулан, давхардсан тоогоор 5 аймаг, нийслэлийн 6 дүүрэгт төсөл хэрэгжүүлж, нийт 60 гаруй эко жорлонг барьж байгуулан туршжээ. 


Иргэдэд ойлголт мэдээлэл өгөх ажлыг зурагт хуудас, гарын авлага, электрон ном, хэвлэмэл ном, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан явуулж, сургалт зохион байгуулж ирсэн бөгөөд эдгээр туршлагадаа тулгуурлан “Жорлонгоо өөрчилье” номыг 2017 онд санаачлан хэвлүүлж, улмаар 2018 онд “Жорлонгоо өөрчилье” соён гэгээрлийн аяныг Монгол орны бүх аймаг, нийслэлийн бүх дүүргүүдэд амжилттай зохион байгуулж, иргэд, олон нийт, төр засгийн анхаарлыг “Жорлонгоо өөрчлөх” нийгмийн шаардалагад хандуулж чадсан байна.



            Өнөөдрийн арга хэмжээний үеэр мөн жилийн өмнөх “Дэлхийн жорлонгийн өдөр”-өөр зарласан “Цэвэрч Монгол” уралдааны шагналтнуудыг зарлан, ивээн тэтгэгчдийн шагналыг гардуулах ёслол боллоо. Тус уралдааныг 2018 онд жорлонгоо бодитойгоор өөрчилж чадсан, жорлонгоо өөрчилөх үйлсийг нутаг орондоо түгээн дэлгэрүүлж, зохион байгуулсан ажлуудаар нь “Шилдэг айл өрх”, “Шилдэг аж ахуйн нэгж”, “Шилдэг албан байгууллага”, “Шилдэг орон нутаг”, “Шилдгийн шилдэг” гэсэн 5 номинациар шалгаруулжээ. 



Ингээд “Шилдэг айл өрх” номинацид хашаандаа болон гэртээ соруулдаг тохилог жорлон барьж байгуулан гэр бүлийн хэрэгцээндээ ашиглаж, иргэдэд үлгэр дуурайл болж буй амжилтаараа Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15-р хорооны иргэн О.Өлзийсайханы гэр бүл, Булган аймгийн Булган сумын 6-р багийн иргэн Д.Нарантуяагийн гэр бүлүүд тус тус шалгарч, уралдааны ивээн тэтгэгч Ультрасоник, Атмор компаниудын бэлгийг хүлээн авлаа. 



“Цэвэрч Монгол” уралдааны “Шилдэг айл өрх” шагналыг ивээн тэтгэсэн Атмор компани нь “Жорлонгоо өөрчилье” төслийг анхнаас нь дэмжиж, өөрсдийн зардлаар долоон аймгийн сургалтад багш ажиллуулан, ариун цэврийн салбарт хийж буй үйл ажиллагаа, технологио иргэдэд хүргэсэн эртний хамтрагчид юм байна. Харин Ультрасоник компанийн хувьд саарал усыг дахин ашиглах өндөр зэрэглэлийн технологийг импортолж зах зээлд нэвтрүүлдэг нь усны нөөц хомсдож буй манай орны хувьд нэн чухал технологи гэдгийг шагнал гардуулах үеэр онцолж байлаа.

“Цэвэрч Монгол” уралдааны “Шилдэг аж ахуйн нэгж” номинацид Хэнтий аймгийн Дадал сумын нутагт үйл ажиллагаагаа явуулдаг “Чингисийн гурван нуур” рашаан сувилал, амралт, жуулчны бааз тэргүүлжээ. Уг бааз нь бохир усыг биотехнологийн аргаар цэвэрлэж, саарал усаа дахин ашигладаг устай эко жорлон барьж байгуулан, амрагчдынхаа хэрэглээнд нэвтрүүлж, байгалийн тогтоцыг эвдэхгүйгээр бүтээн байгуулалт хийсэн амжилтаараа “Цэвэрч Монгол” болзолт уралдааны шилдэг аж ахуйн нэгж номинацийг ийнхүү тэргүүлжээ. 



“Шилдэг аж ахуйн нэгж” номинацийн шагналыг уралдааны ивээн тэтгэгч Ану Король ХХК-ын захирал Эрдэнэбаяр гардууллаа. Тус компани нь аялал жуулчлалын зах зээлд аялагчдын тав тухтай аялах хэрэглээнд зориулсан Отог хэмээх аялалын жорлон нийлүүлдэг бөгөөд аян замд эко бие засах шийдэл болсон хүрзийг мөн шинээр зах зээлд оруулж ирээд байгаа юм байна.

“Цэвэрч Монгол” уралдааны “Шилдэг албан байгууллага” номинацид аймгийн хэмжээнд жорлонгоо өөрчлөх төлөвлөлт, сургалт судалгааг шинээр хийж, нутгийн өөрөө удирдах байгууллагаас бодлого шийдвэр гаргуулан, авч хэрэгжүүлсэн олон төрөлт арга хэмжээгээрээ Хөвсгөл, Говь-Алтай аймгуудын Эрүүл мэндийн газар тэргүүлсэн байна. 



“Төрийн байгууллагууд манай уралдаанд маш идэвхтэй оролцсон. Олон газрууд материалаа ирүүлсэн. Иймд энэ номинацид шүүгчдийн зүгээс хоёр газрыг шалгаруулахаар шийдсэн” хэмээн “Цэвэрч Монгол” уралдааны шүүгчдийн багийн ахлагч, “Жорлонгоо өөрчилье” сургалтын чиглүүлэгч багш Б.Насанбаяр хэлсэн юм. “Шилдэг албан байгууллага”-ын шагналыг Монос компанийн дэд захирал А.Баянмөнх, Капитрон банкны орлогч захирал Б.Үүрцайхбаатар нар гардууллаа. Монос ХК-ын хувьд өөрсдөө олон жил эрүүл мэндийн төлөө үйл ажиллагаагаа явуулж байгаагийн хувьд “Жорлонгоо өөрчилье” аяны нийтийн эрүүл мэндэд оруулж буй хувь нэмрийг үнэлж, өнөөдрийн арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцож байгаа гэлээ.

Уралдааны  “Шилдэг орон нутаг” номинацид  нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар тэргүүлжээ. Учир нь БГД-ийн ЗДТГ нь дүүргийнхээ хэмжээнд жорлонгоо өөрчлөх сургалтыг хамгийн өргөн хүрээнд хийж, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн жорлонг олон нийтэд нээлттэй болгосон зэрэг нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан бодлого шийдвэр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээрээ ийнхүү тэргүүлсэн юм байна. Шагналыг УИХГ Лу.Болд болон олон түмэнд “Тамир бэлдмэл” хэмээх жорлонгийн био бүтээгдэхүүнээрээ танигдсан TNJ компанийн захирал Аригун нар гардууллаа.



Ингээд “Нутгийн шийдэл” ТББ-аас зарласан “Цэвэрч Монгол” уралдааны ГРАН ПРИ шагналыг орон даяар өрнөж буй “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөнд идэвхтэй оролцож, “Жоко” төсөл хэрэгжүүлэн, байгальд ээлтэй, хүний тусгай хэрэгцээг бүрэн хангасан, хэрэглэхэд хялбар, ашиглалтын зардал бага, жилийн дөрвөн улирлын турш ажилладаг “хуурайшуулан бордоожуулах” жорлонг барьж байгуулан, хэрэглээнд бүрэн нэвтрүүлсэн амжилтаараа “Чандмань жимс” компани хүртлээ. 



Шагналыг гардуулсан УИХГ З.Нарантуяа “Та бүхний барьж байгуулан туршсан энэ ажлыг би Завхан нутгийнхаа аялал жуулчлалын газруудад хэрэгжүүлж, нутаг орноо тойрог эдийн засаг дээр суурилсан эко бүс болгон хөгжүүлэхийн төлөө зүтгэх болно” гэлээ. “Цэвэрч Монгол” уралдааны ивээн тэтгэгч Био Ундрага, TNJ компаниудын зүгээс өнөөдрийн уралдаанд шагнал авсан бүх шагналтнуудад жорлонгийн лагийг идэж устган бордоо болгож хувиргадаг “Жига”, “Тамир” хэмээх бичил биетүүд бүхий био бүтээгдэхүүнээ бэлэг болгон гардуулсан юм.



             Арга хэмжээний төгсгөлд “Жорлонгоо өөрчилье” сургалтыг орон нутагт амжилттай зохион байгуулахад идэвхи зүтгэл гарган ажилласан орон нутгийн 40 зөвлөхөөсөө “Нутгийн шийдэл” ТББ-ын УЗ-ын хурлын шийдвэрээр Баян-Өлгий, Төв, Хөвсгөл, Булган, Өмнөговь аймгийн зөвлөхүүдийг онцлон шалгаруулж, сайн жорлонгийн туршлага судлуулахаар гадаад оронд аялах эрхийн бичгээр шагнасныг гардууллаа.


1 comment:

  1. Мөнхзул7/22/2020 1:17 AM

    Маш сайхан гэгээлэг, буянтай үйлс хийж байгаа танд өндрөөс өндөр амжилт хүсье. Би яг одоо ундны ус, ахуйн ариун цэврийг сайжруулах сэдвээр суралцаж байгаа юм. Танай ажлыг бахдалтайгаар сурталчилна аа!

    ReplyDelete