2019-03-03

Иргэдээ соён гэгээрүүлж, хийж буй ажлаа урьдчилан таниулахгүйгээр олигтой үр дүнд хүрч чадахгүй.


"Гялгар уутгүй Монгол" хөдөлгөөнийг санаачилан нийгмийн сүлжээнд маш идэвхтэй ажилладаг, ялангуяа бяцхан хүүхдүүдэд хоггүй амьдрахын чухлыг ухуулан таниулж хичээл зааж явдаг сэтгүүлч, зохиолч М.Бүжинлхам дүү маань "Интерввю" сэтгүүлийн "Эко зочин" буланг хөтлөн явуулдаг юм. Түүний зочин болж, "Жорлонгоо өөрчилье", "Утааг арилгая" сургалтуудынхаа талаар болон бусад асуудлаар баахан хөөрөлдсөн маань сэтгүүлийнх нь 2019 оны 3 сарын 1-ний дугаарт хэвлэгдсэн юм. 

-          Та АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, МҮОНТ-ийн захирал гээд өндөр алба хашиж байсан. Яагаад, гэнэт “Жорлон өөрчлөх” тухай ярих болов? Нэг үе бид жорлон гэж хэлэхээс ч цэрвэдэг байлаа шүү дээ. Одоо бол хэлж чаддаг боллоо. Энэ нь “Жорлонгоо өөрчилье” багт сэтгүүлч орж ажилласны нэг бодитой үр дүн гэж би харж байна.  Юуны учир “Жорлонгоо өөрчилөх” хувьсгалд оролцох болов?
-          Ардчилсан нам засгийн эрхэнд байхад цөмд нь ажиллахдаа нэг юмыг хамгийн сайн
анзаарсан. Бид  төр засгийнхаа хүрээнд том том бодлого, ардчилалын үнэт зүйлсийг яриад л байдаг. Гэтэл яг хөрсөн дээр буусан, ард иргэддээ хүрсэн ажил маш бага хийдэг юм байна аа гэж... Мэдээж ардчилсан хувьсгалын анхны жилүүдэд бүхэл бүтэн нийгмийг өөрчилж байсан учраас үзэл санаа ярих нь амин чухал байсан байх. Гэхдээ тэр үед ярьж байсан бүх үзэл санаа Үндсэн хуулинд шингээд, амьдралд хэрэгжээд 28 жил боллоо шүү дээ. Гэтэл хүмүүсийн өдөр тутмын амьдралд ардчилалын үнэт зүйлс орчин нөхцөл нь л болдог болохоос биш, өдөр тутам тулдаг зүйлс нь шал өөр зүйлс байдаг юм байна  л даа. Өдөр тутам тулдаг зүйлс юу вэ гэвэл, өглөө босоод л хэрэглэдэг жорлон нь, цаг хором бүр амьсгалж байгаа агаар нь, тэгээд амьжиргааны наад захын өртөг, ядуурал, өвчин ийм л бэрхшээлүүд байдаг. Би Ц.Оюунгэрэлийнхээ санаачилсан  “Нутгийн шийдэл” ТББ-ын УЗ-ийн гишүүнээр ажилладаг юм. ТББ маань 2015 оноос эхлээд л оюутнуудаар эко жорлон байгуулуулж туршдаг байлаа. Энэ ажлаа улам гүнзгий судлаж ажилласаар Ц.Оюунгэрэл 2012 онд сайд хийхээсээ эхлээд л “Хог хаягдлын тухай хууль”-д жорлонгийн асуудлыг оруулах гэж  “Жорлон, Жорлон” гээд зөндөө ярьсан боловч хэн ч сонсдоггүй, хэн ч анзаарч авч үздэггүй, нийгэмд хүрдэггүй байсан л даа. Тэгээд Ц.Оюунгэрэл надад “Чи энэ жорлонгоо өөрчлөх асуудалд дорвитой орж, хүч болоод өгөөч ээ” гэсэн санал тавьсан. Би өөрөө бас МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байхдаа UNICEF, Дэлхийн зөн, Мобиком, WashActions төслийн хамтран хэрэгжүүлж байсан “Сумдын сургуулийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах” төслийг дэмжиж, ОНТ-ээр хэлэлцүүлэг явуулж, Төв аймгийн Аргалант сумын сургуулийн жорлонг өөрчлөх ажилд бусдад жишиг болгох үүднээс ОНТ-ээс хувь хүртэл оруулж байсан. Учир нь жорлонгийн асуудал өнөөдөр хүн амын эрүүл мэндтэй салшгүй холбоотой болоод байна. Жил бүр эрүүл мэндийн төсөв, эм эмнэлгийн төсөв нэмэгдэж байна. Айл гэрийн жилийн төсөвт ч ханиад томуу, халдварт өвчинд зарцуулагдаж байгаа мөнгө улам л өсөөд байдаг. Тэрийгээ ч бид тооцож, судалж мэддэггүй. Гэтэл энэ нь явж явж ерөөсөө орчны бохирдлоос л болж байгааг хэн ч анзаарахгүй байна. Тиймээс энийг л өөрчлөх ёстой юм байна гээд шууд ханцуй шамлаад л орчихсон. Хэвлэл мэдээллийн салбарт олон жил “чанагдсан” учраас системтей компанит ажил хийгээд эхлэнгүүт нийгмийн анхаарал үнэхээр энэ чигт хандсан л даа. Сошиал медиад ч нэлээд тактиктай ажилласан. Хэрвээ анзаарсан бол Ц.Оюунгэрэл бид хоёр төсөл хэрэгжсэн 2018 онд жорлонгоо өөрчилье хаштагаар \#\ өдөр бүр, тогтмол цагт, байнга мэдээлэл хүргэж байсан. Хамгийн гол нь жорлон гэдэг үгнээс цэрвэдэг тэр хандлагыг л өөрчлөх нь бидний эхний зорилго байлаа. Жорлон бол хүний өдөр тутам дор хаяж 3-4 удаа хэрэглэдэг амьдралын салшгүй хэсэг. Гэтэл жорлон гэдэг үгнээс цэрвэснээсээ болоод асуудлаа хамт нуучихаад байсан юм л даа! Асуудал нуугдчихаар хэзээ ч ил яригддаггүй, ил яригдахгүй учраас уг асуудал шийдлийн ширээн дээр тавигддаггүй. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд жорлон гэдэг үгнээс юуны түрүүнд цэрвэхгүй, ил тод ярьдаг, төлөвлөдөг болох ёстой юм. Тэгж байж  төр засгийн анхааралд өртүүлэх ёстой. Төр засгийн анхааралд өртөж байж энэ маань бодлого болон хэрэгжих юм гэж бид төлөвлөсөн. Тиймээс бидний өнгөрсөн жилийн гол ажил бол медиа кампанит ажил байсан. Тэгээд сургалтын явцад мэдээж иргэдийг мэдээлэлжүүлэх, тэднээр сонголт хийлгэх ажлыг гол зарчмаа болгож байв. Энэ жорлонгийн чинь цаана шинжлэх ухаан байгаа юм. Хүн уг нь байгалийн хамгийн зөв “тойрог систем”-тэй амьтан шүү дээ. Идэж уулаа, гарсан нь байгальдаа эргэж шингээд бордоо болж байдаг. Тиймээс хамгийн гол нь зөв л хаях ёстой. 

Энэ бүхнийг сургалтын явцад хэлэхээр хүмүүсийн нүд нь нээгддэг. Хүн ухаантай ч хэлэхээс наашгүй гэдэг шиг... Тэгээд “Эрүүл мэндэд чинь ийм их хохирол учирч байна. Та нар жорлонгоо өөрчилж, орчноо цэвэр болгоогүйгээс үүдээд ийм их мөнгө зарж байна” гэдгийг тоо баримттай хэлэхээр “Нээрээ тийм байна шүү дээ. Бид жорлонгоо сая төгрөгөөр өөрчилчихийн оронд жил бүр эрүүл мэнддээ тэрнээс ч илүү мөнгө зардаг юм байна шүү дээ” гэцгээдэг.  Бид бас хууль эрх зүйн орчин ийм байдаг, банк санхүүгийн ийм ийм бололцоо байна, хамтарч ажиллавал ийм давуу тал үүснэ, мөнгөө нийлүүлээд хоршоо байгуулж болдог, ерөөсөө тулгамдсан асуудлыг шийдье гэвэл гарц олон байдаг гэдгийг ганц жорлон гэлтгүй бүх талаас нь зааж хэлж өгдөг учраас хүмүүс цогц мэдлэгтэй болоод гардаг. Тэгэхдээ бид бол нэг жижиг сургалтын баг. Бүтэн жилийн хугацаанд жорлонгоо өөрчилбөл зохих нийт хүн амынхаа нэг хувьд л хүрч байна. Тиймээс бидний нэг хүсэл бол сургалтанд суусан нэг хүн гараад 10 хүнд ярьдаг байгаасай гэж зорьдог. Энэ маягаар соён гэгээрлийн ажлаа олон нийтэд хүргэе гэсэн чин зорилготой байгаа. Уг нь бид төслөө эхлэхдээ ямар ч байсан нэг жилийн кампанит ажил хийж, жорлон гэдэг үгийг хэлэхээсээ ичдэггүй болгоё, хүн амынхаа нэг хувьд хүрч бодит сургалт хийе гэдэг зорилго тавиад ажилласан. Тэгсэн нэгэнт идэвхтэй болсон иргэд ахиж дэвших гээд, ажил хэрэг болгох гээд, дараа дараагийнхаа алхмыг нэхээд эхэлдэг юм байна. Иймээс бид соён гэгээрлийн ажил богино хугацаанд хийгдээд зогсдог ажил биш юм байна, үргэлжлүүлэх ёстой юм байна, хүмүүсийн итгэл, хүлээлтийг орхиж болдоггүй юм байна гэдгийг ойлгоод энэ жил дахиад мөнгө босгох ажиллагаа явуулаад жорлонгийнхоо сургалтыг үргэлжлүүлэхээр болж байна. Гэхдээ ноднин бид дан онолын түвшинд зааж байсан. Сургалтын дадлага ажлын явцад иргэд өөрсдийнхөө бололцоо, амьдарч байгаа орчин, эдийн засгийн нөхцөл байдал гээд бүх зүйлээсээ шалтгаалаад үндсэндээ 5-6 төрлийн жорлонг сонгосон байдаг. Бид одоо тэр 5,6 технологи дээр нь бодит өөрчлөлт хийх тал руу нь илүү чиглүүлж өгөхийг зорьж байна. Дээрээс нь бас нэг ажиглагдсан зүйл бол эрэгтэйчүүдийн оюун санааг өөрчлөхөд цаг их ордог юм байна. Гэтэл энэ жорлон чинь бүхэл бүтэн бүтээн байгуулалтын ажил. Эрчүүлийн салбар. Гэтэл эмэгтэйчүүдэд маань жорлонгоо өөрчлөх хүсэл хамгийн их байгаад байдаг, бодит ажил болгох нь эрэгтэйчүүд байгаад байдаг. Тэгэхээр бид эмэгтэй хүн өөрчилж болдог, эмэгтэй хүн угсарчихаж болдог тийм шийдлүүд юу байна гэх мэтээр судалгаагаа илүү гүнзгийрүүлж, нарийвчилж байна л даа. Хэрэглэхэд хялбар, хэрэглэгчдэд ойр, хүч чадал шаарддаггүй, эмэгтэйчүүд хийж чадах тийм жорлонг судалж, санал болгох тал руу нь хандуулж байна. Асуудал байна гэдэг чинь түүнийг шийдэх боломж байна гэсэн үг. Энэ нь бизнес эхлүүлэх боломжийг ч гаргах магадлалтай. Бас нэгэнт гэр хорооллын амьдралтай зууралдаж байгаа юм чинь гамшиг болсон утааны сургалтыг хөтөлбөртөө оруулахаар төлөвлөсөн байгаа. Утааны сургалтыг манай “Жорлонгоо өөрчилье” сургалтын технологиор хийж үзэх гэж байна. Манай сургалтын нө-хау чинь бүх мэдээллийг цогцоор нь багцалж өгөөд, хамгийн гол нь иргэдээр өөрсдөөр нь хэлэлцүүлж, шийдлийг нь гаргуулдагт байгаа юм. Энэ нөү-хаугаа утааны асуудалд санаа тавьдаг, манай багт нэгдэхээ илэрхийлсэн сайн дурынхнаар бүрдсэн багуудад хувилж түгээх нэмэлт тактикийг утааны сургалт дээр хэрэглэх гэж байгаа. 

Учир нь ганц баг бүтэн жил яваад 50 сургалт хийхэд, нэг сургалтанд 50 хүн хамрагдлаа гэхэд 2500 хүнд л мэдээлэл хүрэхээр байна. Энэ нь гэр хороололд амьдарч байгаа 250.000 өрхийн нэг л хувь нь шүү дээ. Тэгэхээр сургалтын бүх нөу-хаугаа 10 багт хувилаад, багийн гишүүдийг өөрсдийнхөө арга барилаар сургаж бэлдье гэж байгаа юм. Олон багт хувилах тусам олон хүнд хүрэх юм байна гэсэн шинэ гаргалгаа гаргаад, “Мэдлэгээ хуваалцъя” гэдэг шинэ концевц хийж байна. Тэгээд твитр, фэйсбүүкийн нийгмийн идэвхтэй иргэд дунд нээлттэй зар тавиад бүртгүүлсэн 40 орчим хүнд 2-р сарын сүүлээс утааны сургагч багшийн сургалт хийнэ.  Утаатай холбоотой бүх мэдээлэл, тайлангуудыг нэгтгэж, сургалтын хөтөлбөрөө гаргаж байна.   Утааны эсрэг сургалт илүү олон багаар нэг контентоор иргэдэд хүрэх зорилготой бол, жорлонгийн сургалтаа иргэдэд бодит өөрчлөлт хийхэд нь туслах зорилгоор үргэлжлүүлнэ.

-          Хүмүүсийн хандлага өөрчлөгдөхөд цаг хугацаа шаардагддаг. Анх жорлон ярьж эхлэхдээ эмээж байсан уу?
-          Жорлон гэхээр хүмүүс заваан гэж боддог. Энэ бол хамгийн анхны риакц буюу
илэрхийлэл. Тийм болохоор бид нар кампанит ажлынхаа эхэнд нэг зүйл тохирсон. “Заа хэдүүлээ хамгийн гоёороо байх ёстой шүү гэж \инээв\... Бүгд үс зүсээ янзална, аятайхан хувцасаа өмсөнө. Тэгээд гоё хүүхдүүд гарч ирээд цэрвээд хэлж чаддаггүй байсан жорлон гэдэг үгийг нь шууд утгаар нь хэлж яриад эхэлнэ” гэж тохирч байлаа. Тэгээд бид кампанит ажлаа эхлүүлээд сургалтаа хийхэд хүмүүс пүү, паа ямар заваан юм ярьдаг юм бэ гээд л эхэлсэн. Яг тэгдэг. Анги шуугиад л эхэлдэг. Тэгэхээр нь бид хөнгөн, хошин маягаар сургалтаа үргэлжлүүлдэг. Хүмүүс сүүлдээ үнэхээр ойлгодог. Жишээлбэл, бид заваан жорлонгоо нойл, эсвэл ариун цэврийн байгууламж гэх мэт гоё үгсээр орлуулаад ярихаар жорлон чинь цэвэрхэн болчихгүй шүү дээ. Агуулга хэвээрээ ч зүгээр л үгний сайхан муухайг яриад байдаг. Үүнийг манай сургалтанд оролцогсод бүгд ойлгодог. Олон нийт ч кампанит ажлын явцад нэлээн ойлгож авсан байх. Жорлон бол хүний амьдралын салшгүй хэсэг, өглөө босоод жорлонтойгоо л зууралддаг гээд яг бодит байдлыг нь яриад эхлэхээр хандлага маш хурдан өөрчлөгддөг л дөө.
-          Дэлхий маш хурдан өөрчлөгдөж байна. Нэг үе гялгар цялгар нэг удаагийн зүйл хэрэглэх нь баян тансаг амьдралын илрэл гэж үздэг байсан бол одоо нэг тийм борогдуу, байгальд ээлтэй амьдралыг зөв гэж үзэж байна. Нэг талаар трэнд, моод ч болж байх шиг. Энэ бүхний тусгал нь та бүгдийн Монголдоо эхлүүлж хийж байгаа “Жорлонгоо өөрчилье” хувьсал, хөдөлгөөн ч юм шиг.  Гэхдээ нийгэм олон өнгөтэй. Та бүгдийг “Хэсэг жорлон ярьж байгаад л улс төрд орно. Зорилго нь тодорхой хүмүүс... Өнөөдрийг хүртэл ганц ч жорлон өөрчлөөгүй” гэж хэлэхийг олон сонссон.  
-           Тийм ээ. Угаасаа л бид нар хичээлээ эхлэхдээ “ Заа та нар биднийг үнэгүй
жорлон тараахаар ирсэн гэж бодсон уу” гэж асуудаг. Нөгөөдүүл маань ч инээлдээд л  “Тийм” гэж хариулна. “Жорлон тараахгүй ээ” гэхээр “Өө” гээд л уулгалцгаадаг \инээв\  Ерөнхийдөө хүмүүс бодит ажил хийдэг гэж эхэндээ андуурдаг байсан. Одоо энэ утаан дээр ч адилхан. Гэтэл бид нар айлын гэр дулаалахгүй, айлын яндан солихгүй, элдэв шинэ түлш үйлдвэрлэхгүй. Бид нар утааг багасгаж болох арга замуудыг л зааж өгөх гээд байгаа юм. Ямар боломжууд байдаг юм бэ гэдгийг таниулна. Зөвхөн утаан дээр л гэхэд сүүлийн 18 жилийн хугацаанд төр засаг үнэхээр их юм хийсэн юм билээ. Олон улсын байгууллагууд ч ихийг хийж, хөрөнгө мөнгө ч их зарсан. Тэдний тайланг уншиж байхдаа хамгийн их харамссан зүйл гэвэл яг манай “Жорлонгоо өөрчилье” төсөл шиг иргэдтэй уулзаж, тэдэнд биечлэн очоод хэлж ярьж ойлгуулахгүй яав даа гэж! Иргэн Дорж, Дулмаа  “Заа зуух нь гоё юм байна даа” гээд бодож байтал нэг нь “Шал дэмий юм байна лээ” гээд хэлчихээр л эргэлзчихдэг. Сайн муу нийлсэн, цэгцтэй биш, олон мэдээлэл өгчихөөр тухайн иргэн эргэлзээд, шийдэл гаргаж чаддаггүй. Учир нь түүнд хангалттай үнэн зөв тэгш мэдээлэл байхгүй. Тэгж байтал нэг зуухны төслийнхөн ирээд “Энэ зуухыг л ав” гээд шахчихаар тухайн иргэнд нэг тийм хүчинд автсан, хууртаж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрчихдөг. Ийм сэтгэлтэйгээр асуудалд хандаад хийхээр тэр нь дандаа бүтэлгүй болдог. 

Харин бид нар юуг санал болгож байна вэ гэхээр, бүх мэдээллийг цогцоор нь өгнө, маш бодитой шийдлүүдийг сайн муу талтай нь, үнэ өртөг, үргэлжлэх хугацаа, өөрөөс хамаарах хийгээд үл хамаарах зүйлтэй нь бүгдийг тал талаас нь ярьж өгч, иргэд өөрсдөө шийдвэрээ гаргах боломжоор нь бүрэн хангаж, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь гарц гаргалгааг нь хэлж, чиглүүлж өгье гэж байгаа юм. Тухайлбал, орон сууцтай больё гэвэл иргэн танаас 100 сая төгрөг гарна, 30 жил төлнө, танаас сар бүр ийм хэмжээний мөнгө гарна. Эсвэл дэд бүтцэд холбоё гэвэл өртөг нь тэд, хэрэгжих хугацаа нь тэд, танаас хамаарах зүйл энэ, та өөрөөс хамаарах зүйлсээ хийчихээд байтал төр засаг шийдвэрээ гаргахгүй бол тэдэн жил болно, тэдэн сонгууль дамнана гэх мэтээр сайн муу талыг нь яг ижилхэн хэлж өгнө. Заа түлш гэхэд... үйлдвэр нь баригдахгүй бол ийм эрсдэлтэй, хугацаа нь тэд, үнийн зөрүү нь тэд. Гэхдээ ийм ийм сайн талтай гэж бүхнийг сайн муутай нь хэлж таниулаад, иргэдэд сонголтыг нь дадлага ажил хийлгэх замаар үлдээнэ. Хэрвээ аливаа нэг шийдэлд иргэн хүн өөрөө 40-өөс доош хувийн оролцоотой байвал тэр хэрэгжихгүй. Дор хаяж 60-70 хувийн оролцоотой байж бүрэн шийдэлд хүрнэ. Одоо гэр хорооллын дахин төлөвлөлт гээд л ярьж байна. Үүнд иргэн хүн идэвхтэй оролцъё гэтэл тэр шугам нь хэзээ ч ирэх нь мэдэгддэггүй. Иргэнд хүлээхээс өөр юу ч хийх арга байхгүй, тэр хооронд өөрөө юу хийж болох вэ гэдэг сонголт байхгүй байна л даа. Энэ бүх мэдээллийг өв тэгш өгөөд ирэхээр иргэд өөрийнх нь оролцоо илүү байгаа зүйлсээ маш пракматикаар өөрөө сонгоод, хийгээд эхэлнэ. Бид ийм л хүлээлттэйгээр ажиллана. Ер нь манай төр засаг иргэдээ соён гэгээрүүлэх ажилд огт анхаардаггүй, юу юуны туханд хүрэлгүй л том ажил хийх гээд байдаг нь өөрөө маш том алдаа. Хоёрдугаарт, гэр хорооллын 250.000 өрхийн иргэдийг нэг ижил хүмүүс гэж хараад байдаг. Тэгээд ганц ид шидийн шийдвэрээр пад гээд л асуудлыг шийдчих юм шиг санадаг. Гэтэл тэр 800.000 иргэд чинь огт өөр өөр хүмүүс шүү дээ. Өөр газарт, өөр гэрт, өөр байшинд амьдардаг, өөр эдийн засгийн боломжтой, өөр ам бүлтэй, өөр амьдралын хэвшилтэй. Тэр болгон өөр өөр биз дээ? Тэд өөрсөддөө тохирсон шийдлийг өөрсдөө л гаргах ёстой. Гэтэл 180.000 ширхэг зуухыг бүх айл хэрэглэ гээд өгчихөж байгаа юм. Бид нар яарч сандарч, цүл пал хийсэн шийдвэрүүд гаргадаг. Сонгуулийн хугацаатай ч холбоотой байдаг байх. Тэгээд юу хийх гэж байгаагаа иргэддээ ойлгуулдаггүй. Иргэд нь мэддэггүй. Тэгэхээр бидний хийж байгаа “Жорлонгоо өөрчилье” ч бай “ Утааг арилгая” ч бай ажил эцсийн дүндээ иргэндээ л хүрэх, иргэддээ л ойлгуулах ажлыг урьдчилж хийх гэсэн оролдлого юм. Энэ чинь зөвхөн жорлонг ойлгуулах биш, тэрүүгээр дамжуулаад шийдвэр яаж гардаг вэ, эдийн засгийн боломжууд ямар байдаг юм гээд хамааралтай бүхнийг ойлгож авна. Нэгэнт тэр боломжуудыг олсон хүн дараа дараагийн өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийхэд хөрс суурьтай болно. Тэгээд нэг сонгууль болж, нэг улс төрч худлаа юм амлаад ирэхэд тэрэнд автахаарүй хэмжээний мэдээлэлтэй, дархлаатай болох юм л даа. Ийм л зүйл рүү бид явна. Эцсийн дүндээ иргэдийг толгой тархинд нь байгаа буруу хандлага, хуучин хэвшлээс нь л салгах гээд байгаа юм. Тэгэхээр биднийг ганц ч жорлон өөрчлөөгүй гэж шүүмжлэх угаасаа утгагай. Бодитоор жорлон барьж өгөх зорилгыг бид анхнаасаа тавиагүй.
-          Дэлхийн чиг хандлагыг харахад томоохон сэтгүүлчид нэр хүндтэй ажлаасаа
гараад олон нийтийг сэнхрүүлэх, соёлжуулах, хувь хүний хөгжилд их анхаарч ажиллаж байна. Та сэтгүүлч. Утааны эсрэг ажилладаг Ц.Пүрэвхүү бас л сэтгүүлч юм. Тэгэхээр нийгмээ өөрчлөх, нийтийг сэнхрүүлж сэхээрүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо их чухал юм шиг ...
-          Сэтгүүлчид яагаад нийгмийн ажилд их оролцдог, идэвхтэй байдаг вэ
Гэхээр, өөрөөрөө л жишээлэхэд, би 1993 оноос эхлээд хэвлэлийн байгууллагад ажилласан. Өглөө ажилдаа ирэхдээ тухайн өдрийн үйл явдлаас хамаараад траншейны нүх рүү ч, төрийн ордон руу ч орж мэдээ сурвалжлага бэлтгэж магадгүй байдалд ажиллаж ирсэн. Ингэж нийгмийн ямар ч түвшин рүү орж гарч, хамгийн хэцүүг өөрсдөөс нь сонсож сэтгэл өвдсөөр байгаад сэтгүүлчид нийгмийн хамгийн мэдрэмтгий хүмүүс болчихдог юм. Гэтэл бизнесүүд өөрийн хүрээндээ л байна. Улс төрчид ордныхоо вакум дотор л байна. Гэр хорооллынхон ч тэндээ л байгаад байдаг шүү дээ. Өөр бусад боломжууд хаана байгааг мэддэггүй. Гэтэл энэ бүх давхарга дунд чөлөөтэй явж, бүгдтэй нь илэн далангүй ярьж чаддаг хүмүүс бол сэтгүүлчид. Тиймээс л сэтгүүлчид хаана юу алдагдаад, дутагдаад байгааг хамгийн их мэдэрч, сэтгэл нь өвдөж, нийгмийн асуудлыг шийдэлцэхээр сэтгэл зүрхээрээ орчих гээд байдаг байх.
-          Хүн юм үзэж нүд тайлна гэдэг шиг л юм даа...
-          Яг үнэн явсан хүн цэцэн гэдэг шиг л... Сэтгүүлчид бол хамгийн их явсан хүмүүс.
Тэгээд бас цэрвэхгүйгээр аль ч давхарга руу орж чаддаг учраас угаасаа тэдэнд цэрвэх сэтгэлгээ байдаггүй. Би АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга хийж байсаан. Гэхдээ тэрнээс чинь өмнө би хорь шахам жил хэвлэлийн салбарт ажиллаж, траншейны нүх рүү ч, уурхай руу ч орж, шоронгийн хоригдолтой ч ярилцаж явсан шүү дээ. Ингээд нийгмийн бүх давхарга руу ороод үзчихсэн учраас надад ордны оройд байх, ёроолд байх хоёр яг адилхан. Яагаад гэвэл тэр бүхнийг давчихсан гэсэн үг. Тэгэхээр, би ийм түвшинд байсан байж тийм өчүүхэн юм ярихгүй, хийхгүй гэж ярьдаг, тэгсэн хүнийг шүүмжилдэг хандлага бол хүрээнээсээ гарч үзээгүй хүмүүсийн л бодол үйлдэл байх. Надад бол тийм зүйл байдаггүй.
-          Нэгэнт сэтгүүлчдийн тухай ярьсан учраас сүүлийн үеийн сэтгүүлчдийн
талаар ямар бодол сэтгэгдэлтэй байдгийг тань асууя.
-          Аав минь бас сэтгүүлч хүн байсан. Маш том нийгмийг өөрчлөгч хүн байсан.
Аавын хэлэх дуртай нэг үг бол “ Сэтгүүлч бол нийгмийн эмч, нийгмийн мэс засалч” гэж хэлдэг байсан. Яагаад гэвэл хүний оюун ухаанд мэдээлэл өгч, оюун бодлыг нь өөрчилнөө гэдэг чинь өөрөө бодит нэг хүнийг эмчилж байгаатай яг ижил. Зөв мэдээллээр, зөв хандлагаар, зөв хэлэлцүүлгээр үзэл хандлагыг нь “эмчилж” байгаа байхгүй юу. Сайхан нэвтрүүлэг үзэж, сонсоод, эсвэл сайхан нийтлэл уншаад хүмүүс “...Аан ингэдэг юм байна. Ийм байдаг байх нь” гэж ойлгоод, үйлдэл хийдэг шүү дээ.

Тэгэхээр нөлөөтэй сэтгүүлч байх нь нөлөөтэй чадалтай эмчтэй яг ижилхэн юмаа. Нийгмийн эмч нь юм. Тэгэхээр нийгмийг эмчлэх хэмжээний нөлөөлөөтэй байх, нөлөөтэй сэдвийг барьж авч, нөлөөллийн ажлыг хийх хэмжээний эрмэлзлэлтэй байгаасай л гэж залуу сэтгүүлчдийг боддог. Түүнээс биш гоё сайхан харагдах, сенсиаци хөөх гэх мэт өнгөц хэлбэр бол нийгмийг өөрчлөх хэмжээний нөлөөлийг бий болгож чадахгүй. Тэр нөлөөллийг ямар үед бий болгох вэ гэвэл өөрийн сэдэвтээ орж, сэтгэл зүрхээ өгөн дурлаж, судлаж байж л бий болгоно.
-          Та түрүүн яриандаа эрэгтэй хүмүүсийн бодол сэтгэлийг өөрчлөхөд амаргүй,
эмэгтэйчүүд их амархан өөрчлөгддөг хүмүүс гэж дурдсан. Энэ бас олон улсын хэмжээнд ч гэсэн анзаарагдаад л байна. Эмэгтэй лидер манлайлагчид их төрж байна. Лалын шашинтай орнуудын эмэгтэйчүүд нөхрөөсөө салах, хөнгөн хувцаслах гэх мэт гэнэтийн үйлдлүүд хүртэл хийх болжээ. Та энэ байдлыг юу гэж харж байна.
-          Би Америкт нэг хэсэг байсан. Тэнд очоод харж байхад манай эмэгтэйчүүд маш
хурдан өөрчлөгдөж, нөхцөл байдалтайгаа нийцэж тохироод, хамгийн түрүүнд хэл сурчихсан байгаа харагддаг. Монголд огт хэрэглэж үзээгүй сүши гэх мэт далайн гаралтай бүтээгдэхүүн, элдэв ногоо цагаа идэж сурах гэх мэтээр орчинтойгоо маш хурдан зохицдог. Харин нөхрүүд нь болохоор Монгол мэдээгээ уншаад, Монгол дуугаа сонсоод, бууз, цуйвангаа нэхэж хийлгэж идээд л байдаг. Тэгээд би “Энэ эрчүүд өөрчлөгдөх тун дургүй хүмүүс юмаа” гэж тэр үед бодож байлаа. \инээв\ Тэгээд дараа нь бодоод байхад энэ нь хүйсийн натуртай их холбоотой юм шиг байгаа юм. Эмэгтэйчүүд бид чинь бүгд айлд очдог. Очсон айлынхаа амьдралд зохицож, ойлголцохын тулд маш хурдан өөрчлөгдөнө.  Тэгээд хүүхэд төрүүлээд бас дахин өөрчлөгддөг. Эмэгтэй хүн бол тэгэхлээр төрөлхийн өөрчлөгдөх чадвартай улсууд юм байна л даа. Харин эрчүүд бол өөрчлөлт хийе гэвэл их бодож, төлөвлөдөг. Тэгээд нэг өөрчлөгдвөл жинтэй өөрчлөгддөг. Тэгэхээр тэдэнд өөрчлөгдөхөд нь хугацаа хэрэгтэй байдаг юм байна л даа. Гэтэл бидний хийхээр зорьж байгаа жорлонгийн өөрчлөлт, утааг арилгах ажил биднээс хурдан өөрчлөлтийг шаардаад байгаа учраас эмэгтэйчүүдээ илүү түшиглэвэл хурдан урагшлах юмуу л гэсэн утгаар хэлсэн юм \инээв\
-          Түүхээ сөхөхөд эхийн эрхт ёс, эцгийн эрхт ёс гээд л ээлжилсэн байдаг.
Тухайлбал 13-р зуунаа л харахад эрчүүд нь дайн тулаанд явж байхад эмэгтэйчүүд нь ар гэр, эдийн засаг, мал ахуйгаа өргөөд бүх зүйлийг шийдэж авч явдаг байжээ. Одоо байдлыг харахад зөвхөн манай Монголд ч биш дэлхийн хэмжээнд л эмэгтэйчүүд манлайлж байх шиг...
-          Манай Монголчуудын хувьд ахуй амьдралыг аль ч үед эмэгтэйчүүд л авч явж
байсан шүү дээ. Эрчүүд нь дайн байлдаан гээд сар жилээр явчихна. Үлдсэн ар гэр, ахуй амьдрал, эдийн засаг, мал хуй гээд бүх зүйлийг эмэгтэйчүүд удирдаж авч явж байсан. Монголын нэг малчин айлыг нэг аж ахуйн нэгж гэж үзэх юм бол тэр аж ахуй нэгжийг бүтнээр нь авч явж байсан хүн нь эмэгтэйчүүд л байсан. Одоо ч малчин эмэгтэйчүүд аж ахуйгаа зохицуулдаг, нөхрүүд нь мал хуйгаа хайх гээд гадуурх ажлаа амжуулдаг.
-          Уг нь бид өөрчлөгдмөөр байдаг. Гэтэл нөхрүүд маань бодож тунгаагаад
өөрчлөгдөхгүй бас жаахан удаад байдаг. Энэ нь гэр бүлийн харилцаанд жаахан таагүйгээр нөлөөлөх, эмэгтэй хүн зорьсныхоо төлөө тууштай явахад нь саад болдог шиг анзаарагддаг л юм. Таны амьдралд ийм зүйл ажиглагдаж байв уу?
-          Эрэгтэйчүүдийг мод шиг гэж бодож болохгүй л дээ. Гэр бүл хоёр баганатай.
Эмэгтэйчүүд өөрчлөгдөөд байхаар энэ нь эрчүүдэд аажмаар нөлөөлж л байдаг. Тэд маань зүгээр л тэрнийгээ хурдан түргэн хүлээн зөвшөөрдөггүй л болохоос биш... Эмэгтэйчүүд шиг хурдан түргэн хүлээж аваад, “Өө ямар гоё юм бэ” гэдэг ч юм уу, сэтгэлээ илэрхийлдэггүй. Зүгээр л өөртөө, дотроо бодож тунгааж байдаг. Тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч байгаа учраас л айл гэр болон амьдарч байна гэсэн үг шүү дээ. \инээв\ Эрчүүдийг, нэгэнт сурсан бүхнээ тайван тухтай хийж тааваараа байх дуртай тийм л хүмүүс юм болов уу гэж би боддог ... Гэхдээ орчин үеийн залуус их өөр болсон шиг байгаа юм. Тэдний амьдралд хүйсийн хүчтэй ангилал гэж бараг байхгүй болж байна. Эрэгтэй хүн зөвхөн ийм юм хийнэ, эмэгтэй хүн зөвхөн энийг л хийнэ гэсэн ойлголт улам л алсарч байна. Ажил мэргэжил, спорт гээд бүх л зүйлд нэг их ялгаа гарахгүй болсон болохоор тэрийгээ дагаад ойлголцлын түвшин хамаагүй дөхөм болоод байгаа юмуу гэж... Жишээлбэл эмэгтэйчүүд бөх барилдаж, бокс тоглож байна. Эрчүүд хоол хийж байна. Алдартай тогоочдын ихэнх нь эрэгтэй хүмүүс байна. Ажил мэргэжлээр хүнийг хатуу хуваадаг байсан үе өнөөдөр өөрчлөгдөөд, хэн нь ч юу ч хийдэг болоод ирэхээр тэрэнтэйгээ уялдаад нийгмийн хамтын ажиллагаа, соёл, хандлага, бүх юм харин ч их ойртож, ялгаа зааг нь арилж байгаа юм болов уу гэж боддог шүү.
-          Заа хоёулаа жорлон, утаа, сэтгүүлчдийн оролцоо, эрэгтэй хүмүүсийн нийлэмж гээд олон сэдвээр ярьж байна. Тэгэхээр одоо сэдвээ бага зээг өөрчлөөд дэлхий дахинд хамгийн их анхаарч байгаа нэг чухал асуудал болох хог хаягдлын талаар ярилцъя. Дэлхий дээр 7 тэрбум хүн амьдарч хором тутам хог хаяж эх дэлхийнхээ зулайд булж эсвэл уух усруугаа хийсээр ирлээ. Одоо энэ цэнхэр гараг хүн төрөлхтөний хаясан хогонд живж байна. Тиймээс олон улсад хог багасгах аргуудыг уриалж эхэллээ л дээ. Та хувь хүний талд энэ хандлагыг хэр дэмжиж, хогоо багасгахад яаж анхаарч хэрэгжүүлж байна вэ?
-          Хүүхдүүд тусдаа гарсан учраас хэрэглээ их бага болчихдог юм байна л даа.
Хэрэглээ багасахаар л хог багасчихаж байгаа юм. Аль болох гялгар уут хэрэглэхгүйг хичээж байна. Мэдээж даавуун торыг байнга хэрэглэдэг. Бас нэг удаагийн салфетканаас татгалзаад, нусны авчуур байнга авч явдаг болсон. Манай гэр бүлийн хүн бас өөрийн алчууртай. Бидний хувьд хог бага гаргаж, байгальдаа ээлтэй, эко амьдрахыг л хичээдэг.
-          Нэг үе цагаан будаа ид, цагаан давс хэрэглэх ёстой. Цав цагаан гурилаар л
хоол хийхгүй юм бол ядуу зүдүү харагдана. Ханандаа сирвантгүй, хивс өлгөөгүй л бол  айл гээд яахав гэсэн ойлголт түгээмэл байлаа. Хивсгүй л бол ичдэг байсан. Гэтэл одоо өөрчлөгдөөд илүү минимал амьдралын хэв маягийг эрхэмлэж, байгалийн бүтээгдэхүүн хэрэглэхийг л хичээх болжээ. Энэ байдлыг зарим нь ухарч байна. 13-р зуунруугаа ухрах гээд байна ч гэж харах л юм. та ямар бодолтой байдаг вэ?
-          Манай хүн бид хоёрын мөрөөдөл бол энэ орон сууцнаасаа гараад жижиг хувийн
байшинтай болох шүү дээ. Гаднаа ногоогоо тарьчихдаг, яриад байгаа бордоошуулдаг жорлонгоо хийгээд, нар салхины энергээр гэрээ дулаацуулаад, эко амьдрах мөрөөдөлтэй. Тэрнийхээ ч төлөө явна гэж боддог. Ер нь бол бидний одоогийн орон сууц чинь хуарангийн амьдрал шүү дээ. Хүчээр байгалиас холдуулчихаж байгаа байгаа юм. Гэтэл хөдөө гэрт яадаг билээ...? Гараад л хөрсөн дээр гишгэдэг шүү дээ. Хүүхэд чинь шууд л байгальтайгаа, хонь малтайгаа харьцана. Дархлаа нь ч гэсэн огт өөр. Ингэж өссөн амьдрал үнэхээр өөр байдаг. Тэгэхээр бид тийм амьдралдаа ядаж жаахан дөхөөд, сайхан өөрийн гэсэн хауснуудад амьдрах тал руугаа л явах ёстой гэж би боддог. Цементэн дунд амьдрах тийм ч таатай биш. Тиймээс л би гэр хорооллынхонтой ажиллаж байна. Гэр хорооллынхны ирээдүй бол хаус хороолол байх ёстой. Ямар ч байсан хашаатай, өөрийн гэсэн газартай, баялагтай байна, тэд. Хамгийн гол нь тэндээ зөв л амьдрах юм бол гараад л хөрсөн дээр гишгэж, байгальтайгаа харьцаад, жинхэнэ эко орчин бүрдэх юм шүү дээ. Ийм гоё амьдралыг бүрдүүлэх нөхцөл боломж гэр хорооллынхонд бүрэн бий. Харин орон сууцанд амьдардаг хүмүүст тийм боломж байхгүй л дээ.

-          Би нэг сургалтанд суусан юм л даа. Тэр сургалтын сургагч Япон багш “
Улаанбаатарыг тойрсон 3-4 хур хогийн цэг буюу Оюутолгой байна. Энэ хогийн цэгээ эргэлтэнд оруулах юм бол та эрүүл орчинд амьдрах боломж бүрдэхээс гадна эдийн засагт нэмэртэй. Хамгийн гол нь ирээдүй хойчдоо өргүй шүү дээ. Яах гэж газраа ухна вэ” гэж байсан юм. Үнэхээр ч дэлхийн улс орнууд хог хаягдлаа ангилж дахин боловсруулахад анхаарч байна. Танд Монголын хогийг шийдэх шийдэл бодогддог уу?
-          Хүн бүрт зөв амьдралын хэвшил бүрдэх ёстой. Энэ бүхнийг ойлгож хэвшүүлэх юм
бол жорлон ч тэр, хог ч тэр, утаа ч тэр бүрэн шийдэгдэх боломжтой. Цаад концевцио бүрэн ойлгож, бид тойрог эдийн засагтай, юу ч үлдээхгүй амьдрах хэрэгтэй юм байна аа гэдгийг л чиний ч, бидний ч хийж байгаа сургалт нийгэмд олон талаас нь өгч байна. Миний бодлоор энэ бүхнийг боловсролын системд оруулж, хүүхдүүдэд багаас нь системтэйгээр ойлгуулах хэрэгтэй. Жишээлбэл, бид нар Америкт нэлээн хугацаанд амьдраад, 2009 онд Монголдоо ирсэн юм л даа. Нэг өдөр бага хүүтэйгээ машинтай явж байтал урд машины жолооч цонхоороо хогоо гаргаад шидчихлээ. Тэгсэн манай хүүгийн царай нь сонин болоод бүр цочирдоод... “Ээж ээ энэ хүмүүс яагаад хогоо шууд хаячихаж байгаа юм бэ” гэж чин зүрхнээсээ өвдсөн байртай асууж байсан. Тэгэхээр тэр Америкт цэцэрлэгээс нь эхлээд л хог хаяж болохгүй гэсэн ойлголтыг хүүд маань өгсөн байна шдээ. Одоо хүртэл хүү маань багадаа заалгасан тэр л зарчмаараа хэзээ ч хог хаядаггүй. Тэгэхээр энэ жорлон, хог хаягдлын асуудлыг сургалтын системд оруулж өгөх нь маш чухал байна. Цэцэрлэг, бага ангиас нь заагаад эхлэх юм бол маш том өөрчлөлтийн суурь тавигдана. Одоогийн бидний хийгээд байгаа сургалтууд бол аль хэдийнээ амьдралын хэвшил нь тогтчихсон хүмүүсийг сургах гээд л тал талд хичээгээд явна шүү дээ. Хэрвээ ёстой эрх мэдэл байдаг бол бага сургууль, цэцэрлэгийн сургалтанд зөв амьдрах ухааныг заах ажлыг л би бодит ажил болгомоор байна. Ингэж байж л 5,10 жилийн дараа ирээдүй хойч маань үнэхээр өөр болж эхэлнэ. Энийг би бас судлаж сонирхож үзэж байсан юм. Үнэхээр хийе гэвэл тийм хэцүү ажил биш юм байна лээ. Сургалтын хөтөлбөр боловсруулж, багш нараа сургаад авчих л юм бол цаашаа хөгжөөд л явчихна шүү дээ. Ирээдүйгээ тэгж бэлдээд, харин нэгэнт насанд хүрсэн хүмүүсдээ бол ухааруулж сэнхүүлэх ажлаа давхар хийгээд явахад өөрчлөлт аяндаа бий болно... Сургуулийн хөтөлбөрт оруулах бол том өөрчлөлтийн эх үндэс болох ёстой.
-          Та их олон түүхэн баримтат кино хийсэн. Энэ бол асар их судалгаа шаардах
ажил шүү дээ. Судалгаа хийж байхад бидний өвгө дээдэс, ахмадууд байгальдаа ээлтэй байхын тулд жижигхэн зүйл дээр ч гэсэн хэрхэн анхаардаг байсан тухайд олон сонин содон хууч яриа ч юм уу сонсож байсан байх даа?
-          Надад ингэж бодогддог. Монголчууд нэгэн үед дэлхийг эзэлж байсан шүү дээ.
Тэгээд дэлхийд байж болох бүх л үнэтэй орд харшид амьдарч, бүх л алт үнэт эрдэнэс, торго дурдан, амттан шимттэнг эдэлж хэрэглээд, эцэстээ хамгийн зөв амьдрал бол ерөөсөө энэ нүүдэлчин амьдрал гэдгийг ойлгоод, Монголоо яг энүүгээр нь үлдээсэн юм болов уу гэж боддог. Учир нь агаар ус нь цэвэр, гэрээ ачаад нүүчихнэ, дээлээ нөмрөөд унтчихна, тэр бүгд нь нэг морь тэргэнд багтчихна. Хүйтэн газар суурин суучихаад сууцаа дулаалах гэж зовохгүй, элдвийг түлээд байхгүй. Очсон газар нь хүйтэн, салхитай бол энгэр дулаахан газар луу нүүгээд оччихно. Халуун бүгчим байвал үнэтэй агаар сэрүүцүүлэгч \aircondition\ авах гэж шаналахгүй, зүгээр л сэрүүн сүүдэр газар луу нүүчихнэ. Ингээд амьдрах газраа өөрөө сонгоод л нүүгээд байдаг. Тэгэхээр өвөг дээдэс маань амьдралын төгсийг эрт олоод, бидэнд өвлүүлээд үлдээчихэж дээ гэж би бодоод байдаг юм. Яагаад гэвэл тэд хөгжлийн дээдэд нь байсан улс. Алт мөнгө, эд хөрөнгө, орд харш хэрэгтэй л байсан юм бол дэлхийг эзлэж байсан улс чинь Монголоороо нэг алтан ордон барьчих байсан. Тэдэнд тийм боломж бүрэн байсан. Дэлхийн урчуудыг авч ирээд мөнгөн мод хийлгэж л байсан шүү дээ. Тэгэхээр энэ байшин барилга чинь ирээдүй хойчдоо үлдээж байгаа хог юм байна аа гэдгийг тэд мэдсэн л байхгүй юу. Нэг ухаантай хатны хэлсэн үг хүртэл байдаг шүү дээ. Хатан гадны нэг жуулчинтай уулзаад
-Танайх юунд амьдардаг вэ гэж асууж л дээ. Тэгсэн жуулчин:
-Чулуун цайзад гэсэн байна. Хатан:
-Чулуун цайз хэдэн жил болдог вэ гэж. Жуулчин:
-1000 жил болдог гэхэд хатан
- Үр хүүхэд, хойчдоо тийм хог үлдээдэг нь яаж байгаа юм бэ гэсэн гэдэг. Монгол хүн бол нас барлаа, юу ч үлдэхгүй. Гэтэл одоо хар л даа. Социализмын үед барьсан барилгууд бүгд навсайчихсан, өнөөдрийн хотжилт, загварт огт тохирохгүй. Тэгээд бөөн зардал гаргаж нурааж байна. Тэгэхээр энэ их барилга чинь “үлддэг” хогнууд. Ирээдүй огт тоохгүй. Гэтэл бидний өвөг дээдэс хог үлдээхгүй амьдрах ухааныг аль эртнээс мэдээд бидэнд өвлүүлж үлдээжээ гэж ойлгодог. \инээв\
         - Хоол хүнсний асуудал ч гэсэн...? Бор идээ, цагаан идээ, ногоон идээ гэж ангилна. Хүйтэнд махаа идээд зун цагт цагаан идээгээ хэрэглэх жишээний...
         - Дэлхийг эзэлж байсан хамгийн өндөрлөгөөс хамгийн энгийн, хамгийн минимал, хамгийн зөв амьдралыг олж тогтоогоод, бидэнд үлдээсэн үнэт өв бол энэ нүүдэлчний амьдралын хэв загвар, өв соёл юм байна гэж би ойлгодог.
         - Та улс төрийн том намын ерөнхий нарийн бичгийн дарга ч байсан. Үндэсний телевизийн захирал байлаа. Одоо “Жорлонгоо өөрчилье” гээд нийгмийн ажил хийж байна. Аль нь дотоод Оюундарьтай яв цав нийцэж байна вэ?
         - Би бол хэзээнээсээ л нийгмийн зүтгэлтэн байсан юм билээ. Энэ нь аль 1993 онд телевизэд ажиллаж эхлэхээс мэдэгдэж байсан. Зүгээр л мэдээ сурвалжлагаа хийгээд явж болно шүү дээ. Гэтэл телевиз дотроо залуучуудыгаа уриалаад л, залуу уран бүтээлчдийн нэгдэл гэж байгуулаад л явдаг байлаа. Учир нь тухайн үед залуучуудыг үл тоодог, нэвтрүүлэг хийх боломж бололцоо өгдөггүй байлаа. Тэгэхээр нь залуучууд бид юм хиймээр байна гээд л нийлж нэгдээд, захиралынхаа өрөөнд орж, цаг аваад л гэх мэтээр дандаа л хүмүүсийг уриалж хөдөлгөх дуртай хүн байсан юм билээ, одоо эргээд харахаар. \инээв\ Одоо энэ хийж байгаа ажил маань ч гэсэн хүмүүст нөлөөлөх, нийгмийн хандлагыг өөрчлөхөд л чиглэж байна шүү дээ. Тэгэхээр би ер нь нийгмийн зүтгэлтэн хүн л юм болов уу даа. Тэрийгээ ч их багаасаа мэддэг, нийгмийн ажилд идэвхтэй оролцож явж байж дээ. 

Тиймээс амьдралдаа би өөрийгөө их эрт олсон. Хийж байгаа ажлын хэлбэр бол хамаагүй, цаад агуулга нь миний дотоодтой байнга нийцдэг байсан. Улс төр лүү орсон цөөхөн хоёр жилийн хугацаа бол медиатай их ойрхон байсан ажлын маань л нэг нөлөөлөл л дөө. Нэгэнт төр барьж байгаа намд илүү их боломжийг нээсэн ажлуудыг хийж үзэх юмсан гэж бодож орсон. Улс төрийг бид нар гаднаас нь хараад л шүүмжлээд байдаг шүү дээ. Дотор нь орж өөрчлөлт хийж яагаад болдоггүй юм бэ гэж бодож, оролдлого хийсэн. Харамсалтай нь ганц хүний нөлөө оролдлого тийм хүчтэй байж чадахгүй юм билээ. Өөрөөс хамаарах юм маш багатай гэдгийг ойлгоод удалгүй гарсан. Тэгээд хүмүүст нөлөөлөх, өөрөөс хамаарах юм ихтэй ажил хийх нь хамаагүй илүү үр өгөөжтэй юм байна гэж бодсон.
- Та АН-д одоо байгаа юу?
- Бүртгэлтэй л байдаг. Гэхдээ үйл ажиллагаанд нь бол нэг их гүнзгий орохгүй, соён гэгээрлийн ажилдаа хамаг цагаа зарцуулж байна. Миний яс баримталдаг нэг зарчим бол уран бүтээлчийн ажлаасаа хөндийрч хаяхгүй гэсэн зарчим байдаг. Нийгмийн ажил хийж байгаа ч гэлээ жил бүр заавал нэгээс хоёр бүтээл дээр ажилладаг. Ноднин манай багийнхан өөр зүйлд анхаарах сөхөөгүй шахуу аялсан. Тэгэж явахдаа хүртэл жорлонгоороо баримтат кино хийе гээд төсөл бичиж, 2019 онд жорлонгийн өөрчлөлтийн талаар баримтат кино хийх хөрөнгөө Japan Prize-с босгосон. Гэх мэтээр уран бүтээлээ орхихгүй хос морь болгож л авч явдаг.
      - Нийгмийн ажлаараа оргилд хүрнэ. Оройд гарна гэвэл орой нь юу юм бэ?
      - Би бол амьдралыг уул гэж огт боддоггүй. Каррьерын оргил, амжилтын дээд цэг гээд яриад байдаг. Би тэгж сэтгэх их дургүй. Уул руу авирах юм бол уруудаж л таараа биздээ. Миний хувьд амьдралын тодорхой тодорхой үед тодорхой тодорхой зорилго, үүргүүд гарч ирдэг. Тэр зорилгодоо л хүрэх гэж хичээдэг хүн. Goal-oriented гэдэг дээ. Би яг тийм хүн. Тухайн нөхцөлд нэг зорилго тавина, тэр зорилгоо гүйцээгээд дараагийн зорилгоо тавина. Тэгэж л явах дуртай.
      -Гэхдээ хүний амьдрал өгсөж уруудаж л байдаг. Амжилтанд тэгш замаар гарсан хүн байдаг л байх. Гаднаас нь харахад ... Хүний дотоод сэтгэл гэдэг чинь өөр шүү дээ.
       - Тийм. Гэхдээ ямар нэг байдлаар өгсөнө гэж төсөөлвөл уруудах нь ойлгомжтой тул оргилд гарах биш, тухайн зорилгодоо л хүрэх зорилго бол миний зарчим.
        - Хүн бүр хэдэн ч настай байсан өөрийн өнгөрүүлснээ дүгнэж цэгнээд л явдаг. Одоо баруунд алдаагаа ярьж байгаа хүнд хүмүүс их итгэдэг. Тэр нь бараг трэнд болж байгаа нь анзаарагдаж байна л даа. Танд тэрэн дээр л алдчихсан байна даа гэж бодогдож байсан тохиол байдаг уу?
         - \ бодлогошров\ Би нэг их аймаар том алджээ гэж боддоггүй ээ. Харин ч бурханы авралаар гайгүй амьдарч байна гэж боддог шдээ.
         - Таны улс төрч байх үеийн ярилцалгуудыг үзлээ л дээ. Тэр үед та өмдний хослол их өмсдөг, үсээ шууд л хойш нь шууж боодог байсан байна билээ. Одоо бол таны гадаад байдал өөрчлөгджээ. Ер нь хэр гангалах дуртай вэ? Чимэг зүүлт цуглуулдаг уу?
          - Тэр чинь завгүйтэй холбоотой л доо. Өөрт зарцуулах цаг маш бага гардаг байсан. Тиймээс үс мүсийг бол аль болох амархан байдлаар л засдаг байлаа. Угаагаад л сэгсрээд хатаахад хангалттай гэх мэтээр... \инээв\ Одоо бол илүү чөлөөтэй байгаа учраас бас ноднингийн “Жорлонг навсайсан байдлаар ярих ёсгүй, бүгд гоёх ёстой шүү” гэсэн тактикаасаа болоод үс зүсэндээ нилээд анхаарсан. 

Та нар анзаарсан бол Ц.Оюунгэрэл ч гэсэн их өөрчлөгдсөн шүү дээ. Гэхдээ би нэг их гоёж гангалдаг хүн биш ээ. Надад өмд голдуу байдаг. Бас дээл нэлээн хэд бий.
          - Таныг хүмүүс их няхуур, нягт нямбай гэж ярих юм билээ.
          - Би их зарчимч хүн шүү дээ. Тэр зарчмаараа хүмүүсийг байлгах дуртай. Жишээлбэл, хэлсэн амандаа байх, хэлсэн үгэндээ хүрэх, тийм хэмжээнд хийнэ гэсэн бол яг тэр хэмжээндээ тултал сайн хийх гэдэг ч юм уу... Шударга байх, эрх тэгш байх, хүнтэй ялгаваргүй харилцах ч гэдэг юм уу өөрийн гэсэн зарчимтай. Хүнтэй ялгаж харилцдаг хүнд би жишээ нь их л ядаргаатай санагддаг байх л даа... Гэтэл үнэндээ бол миний хэлсэн энэ хэдхэн зарчим бол тийм хүнд зарчим биш. Зарчимгүй хүмүүст бол мэдээж их хүнд санагддаг байх.
         - Нээрээ л таныг харахад хүчирхэг, зарчимтай, удирдагч эмэгтэй харагддаг. Гэхдээ амдьрал л юм чинь сэтгэл тавгүйтэх үе гарах уу?
         - Би нэг их сэтгэлээр унаж стрэссддэггүй шдээ. Их юм үзэж туулсан болохоороо ч тэр юу уу гээд байхгүй юу... \инээв\ Өөрийгөө чөлөөлөөд сурчихсан. Ажил бүтэхгүй байх ч юм уу, янз бүрийн асуудал гарвал маш хурдан тэр байдлаас гарч, мартаж чаддаг. Хүүхдүүдийнхээ аавыг өнгөрснөөс хойш өөрийгөө тэгж дасгасан, сургасан юм шиг байгаа юм, одоо бодоход... Тийм юм үзсэн болохоор дараагийн цохилтууд бүгдээрээ маш жижигхэн санагдах болсон. Талийгаачийгаа өнгөрөхөд би хөл хүн байсан. Бага хүү минь аавыгаа өнгөрснөөс 17 хоногийн дараа төрж байсан юм шүү дээ. Амьдралд олон зүйл тохиолддог учраас хүн өөрийнхөө дотрыг элдэв гутрал, стрессээс “цэвэрлэж” сурах ёстой юм билээ. Комьпютэрээр бол хэрэггүй файлуудаа устгаж чаддаг, өөрийгөө форматлаж чаддаг байх ёстой гэсэн үг. Комьпютэрээс дор байж болохгүй шүү дээ. Тийм хэрэггүй \junk\ мэдээллээсээ \file\ салж чадахгүй байх юм бол гацаад урагшилж чадахгүй. Иймд өөрийгөө байнга шинэчилж, хуучин мэдээллүүдээ устгаж, шинэ мэдээлэл оруулж чаддаг байх хэрэгтэй. Би тэгж л амьдрахыг зорьж хичээдэг.
      - Нээрээ тэр үед та яаж давав? Өсөхийн цагт аав ээжийгээ алдах, өөдлөхийн цагт ханиа алдах, өтлөхийн цагт үр хүүхдээ алдах л зовлон юм аа гэсэн үг хүртэл байдаг.
      - Одоо ч нэлээд хугацаа өнгөрчихсөн болохоор гайгүй л дээ, олон жилийн өмнө нэгэнт даваад гарчихсан болохоор. Мэдээж хоёр гэрийн аав ээж нар минь надад маш том түшиг болсон. Тэгээд хамгийн гол нь хоёр жаахан хүү минь байгаа юм чинь... Тэр хоёр л их хүч болж байсан даа. Дөрвийн дөрвөн сайхан аав ээжүүд, хоёрын хоёр үрс тулж түшиж байхад хүн даваад л гардаг юм билээ. 
Хамгийн гол нь би тэр үеэс л хэрэггүй гуниглал, стрессээс өөрийгөө чөлөөлж сурсан гэх юм уу даа. Өөрийгөө комьпютэр шиг сэтгээд л “Заа энэ хэрэггүй уйтгар гунигуудаа устгая” гэж шийдсэн. Өөрөө ингэж өөрийгөө “форматлаад” сурчихсан болохоор ч тэр юмуу, зарим хүмүүсийг хараад байхад маш эмзэг болчихсон юм шиг санагддаг. Уг нь бол эмзэглэхгүйгээр өнгөрөөх их амархан. Зүгээр л мартаж хаяж чадах юм бол, нэг л тэгээд сурчих юм бол, цаашдаа амьдрал маш амархан болчихдог. Тэгэхээр эмзэглэлийг өнгөрүүлж чадах тэр мэдрэмжийг олж сурвал хүмүүсийн энэ бухимдал их амархан болж, сэтгэлийн амар амгаланг олж, эдэлж чаддаг болно. Шал дэмий зүйл байж гэдгийг ч ойлгоно.
      - Энэ бол сэтгэлийн тэнцвэрт байдал, сэтгэлийн хүчтэй л холдогдох байх даа ... Сүүлийн үед залуус, ялангуяа интерпрёнерууд бясалгал их сонирхдог болсон. Энэ чинь өөрийн сэтгэлээ барьж дийлэхэд суралцахыг хичээж байгаа л нэг хэлбэр юм даа.
       - Орчин цагийн хүмүүс өөрөө өөртэйгөө ярилцах цаггүй болчихсон учраас л нийгмээрээ хямраад байгаа юм л даа. Монголчууд чинь хонио хариулж байхдаа бясалгаж, өөрөө өөртэйгөө ярьж, бүхнийг эрэгцүүлдэг, орчноо мэдэрдэг байлаа шүү дээ. Мэдрэмжээрээ танин мэддэг ард түмэн байжээ. Гэтэл одоо хүн өөрөө өөртэйгөө ярилцахаа больчихсон. Хэрэгтэй хэрэггүй маш олон мэдээлэл авчихаад, түүндээ дүгнэлт ч хийж чадахгүй, оюун бодол, сэтгэл зүрхээ хэрэггүй баахан зүйлсээр дүүргээд яваад байна. \Junk file шиг\ Мартаж сурна гэдэг чинь эргэлтэнд оруулж байна гэсэн үг шүү дээ. Бодож байна. Эргэж харж байна. Хэрэгтэй хэрэггүй бодол дурсамжаа ялгаж байна гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, өөрөө өөртэйгөө л ажиллах багахан цагийг гаргах юм бол амьдрал, сэтгэл санаа цэгцэндээ орноо гэсэн үг юм. Бясалгал бас л өөртэйгөө ярих хэлбэр шүү дээ. Тэгэхээр хүн бүр өдөрт өөртөө нэг цаг гаргаад бодлоо, сэтгэлээ чагнаж сурах хэрэгтэй. Нээх гоё орчноос тасраад, кофе цайгаа уугаад юу ч бодохгүй 30 минут сууж сурах ёстой байхгүй юу.

      - Тантай ярилцахад их сайхан байна. Олон ч зүйлийг хөндөж ярилцлаа.  Одоо өндөрлөе дөө. Улс төрийн өндөр албан тушаалд байсан, одоо ч намын гишүүн байгаа хүнээс 2020 оны сонгульд орох уу гэж асуухгүй бол боломгүй санагдаж байна.  Энэ хариултаар ярилцаагаа дуусгая даа.
       - Бид баг дотроо бол, “Соён гэгээрлийн их ажил эхлүүлчихлээ. Олон түмний дунд бодит өөрчлөлтийн их хүлээлт, итгэл найдвар үүсгэчихээд, зорилгоо орхин өөр тийшээ явж болохгүй ээ” гэсэн санааг ярьж байгаа. Учир нь бид тууштай байснаараа хийж байгаа ажилдаа илүү мэргэшиж, хаана ямар алдаа байна, яаж засаж болох вэ гэсэн бүрэн зурагтай болох юм. Ийм бүрэн зурагтай болж байж, хийх шийдэл, гарц гаргалгаагаа бүрэн мэдэж авч байж улс төрд орох хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр л ямар ч зорилгогүй тэнд очоод, юун дээр ч хамаагүй коноп дараад суугаад байж хэрэггүй л дээ. Бид бүрэн зурагтай, хийх ажлын цогц төлөвлөгөөтэй болж байж, багаараа улс төрд орох ёстой юм билээ. Тэгэхгүйгээр ганц нэгээрээ, суудал бөглөх гэж, эсвэл ашиг хонжоо хайх гэж улс төрд ордгоос л болж өнөөгийн улс төр хямралд ороод байна бус уу.
      - За баярлалаа

No comments:

Post a Comment