2021-01-18

ДҮРМИЙН "ЗАДЛАН"

        Юу болоод өнгөрөв өө? гэж Арчилсан намын жирийн гишүүд нэг нэгнээсээ асууцгааж байна. Би ч бас энэ асуултыг ойр тойрныxондоо болон өөртөө тавив. Ингээд болж өнгөрсөн үйл явдлуудыг дүрмийн заалтуудтай тулгаж, хаана юун дээр алдсаныг “оношлох” гэж оролдлоо.

        Юуны өмнө АН-ын 9 дүгээр Их хурлаар баталсан Үндсэн дүрмийн цоо шинэхэн заалтууд өнгөрсөн 6 дугаар сард болсон УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдсаны дараа анх удаа амьдралд хэрэгжиж эхлэх ёстой байлаа. Дүрмийн заалтууд цоо шинэхэн, өмнө нь хэн ч хэрэгжүүлж үзээгүй, хоёронтоо дараалан сонгуульд ялагдсан намын удирдлага, гишүүд ялагдлын шокоос гараагүй үе байв. Үүнээс ч болсон уу, өмнөх дүрмүүдэд байгаагүй, зөвхөн 9 дүгээр Их хурлаас батлагдсан дүрэмд л цоо шинээр орсон зарим заалтуудыг бодитоор хэрэгжүүлэх явцад өнөөгийн мухардлыг бий болгох олон “алдаа”-нууд үүсэн бий болжээ. Гэхдээ эдгээр нь санаатай гэхээсээ илүү, шинэхэн дүрмийн үйлчлэлд бэлэн биш байснаас үүдэлтэй санамсаргүй алдаа, тус дүрмээс өмнө хэрэгжиж байсан дадал хэвшил, шинэ дүрмийн хүрээнд зайлшгүй шаардлагатай байсан манлайллын дутмагаас үүдэлтэй байна.  

        Улсын Дээд Шүүх Ардчилсан намын 10 дугаар Их хурлаар баталсан Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхгүй буцааснаар өнөөгийн нөхцөл байдалд 9 дүгээр Их хурлаас баталсан дүрмийн дагуу алдаагаа цэгцлэх шаардлага АН-ын өмнө тулгарч байна. Өөрөөр хэлбэл үүссэн мухардлаас гарах арга зам, гарцаа бид 9 дүгээр Их хурлаар баталсан дүрмээсээ хайх хэрэгтэй болжээ. Ийм учраас намын журмын нөхөддөө зориулж өнгөрсөн зургаан сарын хугацаанд намаас гаргасан шийдвэрүүдийг задлан шинжилснээ хуваалцъя.

        Үйл явдал УИХ-ын сонгуулийн ялагдлын дараа 2020 оны 6 сарын 28-нд эхэлжээ. Энэ өдөр АН-ын дарга С.Эрдэнэ намаа УИX-д амжилтгүй оролцуулсны хариуцлагаа хүлээж, намын даргаас огцорч байгаагаа мэдэгдэн, үүрэг гүйцэтгэгчээр дэд дарга Ц.Тувааныг томилсноо олны өмнө зарлан, намын тамгыг гардуулан өгсөн билээ. 


        Намын дүрмийн 5.17.6-д зааснаар Намын даргыг 4 үндэслэлийн дагуу “Үндэсний бодлогын хороо”-ны хурлаар чөлөөлж, намын дараагийн дарга сонгогдох хүртэл эрх, үүргийг нь аль нэг дэд даргад шилжүүлэx эрx гагцхүү “Үндэсний бодлогын хороо”-нд олгогдсон байдаг. “Үндэсний бодлогын хороо”-нд олгогдсон энэ эрx, үүргийг ийнхүү намын дарга дур мэдэн xэрэгжүүлсэн нь “дүрмийн бус” эxний үйлдэл болжээ. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдалд С.Эрдэнэ нь хэдийгээр өөрөө огцорсноо мэдэгдсэн ч гэлээ, түүний огцорсныг “Үндсэн дүрмийн хороо”-ны шийдвэрээр албажуулах хүртэл тэрээр “Үндэсний бодлогын хороо”-ны хурлыг зарлах эрх бүхий субьект хэвээр байна. Энэ бол мухардлаас гарах чухал гарц! 

        С.Эрдэнэ даргын огцрохоо мэдэгдсэн тэр өдөр буюу 2020 оны 6 сарын 28-ны өдөр намын “Улс төрийн зөвлөл” мөн xуралдаж, намын даргын огцроx мэдэгдлийг “Үндсэн дүрмийн хороо”-нд xандан шийдвэр гаргуулж албажуулах талаар xэлэлцсэн нь “дүрмийн дагуу”-х шаардлага байв. Гэхдээ энэ ажлыг огцроxоо зарлаад тамгаа xүлээлгэж өгсөн С.Эрдэнэд зөвлөмж болгосон нь тун хачирхалтай “дүрмийн бус” үйлдэл болжээ. Мөн уг хурлын тогтоолд “Ардчилсан Намын даргын асуудлыг Үндсэн дүрмийн хүрээнд шийдэх хүртэл Намыг төлөөлөх эрхийг “Улс төрийн зөвлөл” хэрэгжүүлнэ гэж заасан байна.


        Үндсэн дүрмийн дагуу “Улс төрийн зөвлөл” нь “Үндэсний бодлогын хороо” -ны хурлыг шууд зарлах эрхтэй гуравхан субъектын нэг нь юм. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлэхийн оронд “намыг төлөөлөх эрх” гэж дүрмээр өөрсдөд нь олгоогүй эрхийг хэрэгжүүлэхээр тогтоол гаргажээ. Мөн “Үндэсний бодлогын хороо”-ны чөлөөт цагт үйл ажиллагаа явуулдаг байгууллага атлаа Даргын чөлөөт цагт эрх хэрэгжүүлэх байгууллага мэтээр “дүрмийн бус” шийдвэр гаргасан байна. “Улс төрийн зөвлөл”-ийн 02 тоот тогтоолд тусгагдсан энэ хоёр үйлдлийг зөвтгөх, эсхүл хэрэгжүүлж болох үндэслэл үндсэн дүрэмд огтоос байхгүй байна. 
        
        Харин өнөөгийн нөхцөл байдалд, намын Ерөнхий нарийн бичгийн дарга огцорсон нь “Үндсэн дүрмийн хороо”-ны шийдвэрээр албажих хүртэл Ц.Баатархүү нь de jure  ЕНБД хэвээр тул түүний тушаалаар “Улс төрийн зөвлөл” дахин хуралдаж, “Үндэсний бодлогын хороо”-ны хурлыг товлон зарлах эрх, үүрэгтэй хэвээр байна. Энэ бол мухардлаас гарах бас нэг гарц.


        Намын 9 дүгээр Их хурлаар баталсан дүрэм өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойшхи зургаан сарын хугацаанд ном ёсоороо хэрэгжээгүйгээс болоод өнөөдрийг хүртэл Намын дарга, дэд дарга нар, ЕНБД нарын огцорсон нь албажаагүй хэвээр байна. Гэхдээ сонгуулийн дүнгээр огцорсонд тооцогдсон гэдэг утгаараа намын удирдлагын манлайллыг нийт гишүүд, дэмжигчид болон олон нийт нэгэнт хүлээн зөвшөөрөхгүй болсон. Энэхүү de facto огцорсныг de jure болгоогүй тул одоо цаасан дээр албажих тогтоол гарах хүртэл намын шийдвэрүүдийг Үндсэн дүрмэнд нийцүүлэх манлайлал, хүсэл зориг тэднээс үгүйлэгдэж байна. 

        Чухам энэ манлайлал байж гэмээ нь АН-ын дотор эрх мэдэл шилжих үйл явц дүрмийн дагуу явагдах  ёстой юм.  Хүсэн хүлээж буй тэрхүү манлайлал, хүсэл зориг нь “Үндэсний бодлогын хороо”-ны хурлыг товлон зарлах хэмээх ганц үйлдлээр л илэрнэ. Учир нь дүрмийн дагуу зарласан “Үндэсний бодлогын хороо”-ны хурлаар л тэд өөрсдийг нь огцруулсныг албажуулсан “Үндсэн дүрмийн хороо”-ны тогтоолыг сонсох бөгөөд дараагийн даргыг ёсчлох эрх бүхий Их Хурлын товыг зарлах, Их Хурлын дарга тэргүүлэгчдийг томилох, мөн бэлтгэл ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг батлах гэсэн шийдвэрүүдийг гаргаж, намаа гольдролд нь оруулах юм.


        УИХ-ын сонгуулийн 76 тойргийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу 380 суудалтай “Үндэсний бодлогын хороо”-ны гишүүдийн 270-ынх нь тойрог дээр УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн билээ. Ингэснээр “Үндэсний бодлогын хороо”-ны 71 хувийн суудал дээр нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн юм. Гэвч “Дотоод сонгуулийн хороо”-ноос “Үндэсний бодлогын хороо”-ны нөхөн сонгууль зарлаагүй, нөхөн сонгуулиар шинэ гишүүд сонгогдон гарч ирээгүй байгаа өнөөдрийн нөхцөлд “Үндэсний бодлогын хороо” нь үйл ажиллагаагаа жигд үргэлжлүүлэн явуулах чадамжтай институци хэвээр байна.  

        АН-ын 9 дүгээр Их хурлаар баталсан үндсэн дүрмийн “төрийн сонгуулийн дүнгээр хариуцлага хүлээх” тухай заалтаар “Үндэсний бодлоыгн хороо”-нд тооцох хариуцлага нь Намын удирдлагад тооцох хариуцлагаас нэг шатлал доогуур байгаа. Өөрөөр хэлбэл намын удирдлагын хариуцлагыг сонгуулийн дараа шууд огцорсонд тооцохоор хатуу зааж өгсөн бол “Үндэсний бодлогын хороо”-ны хувьд “сонгуульд ялалт байгуулаагүй тойрогт нөхөн сонгууль зарлана” гэдэг байдлаар оруулсан байдаг. Энэ нь нөхөн сонгууль явагдах хүртэл “Үндэсний бодлогын хороо”-ны ажил хэвийн үргэлжилнэ гэсэн үг юм.


        “Үндсэн дүрмийн хороо” УИХ-ын сонгуулийн дүн гарснаас хойш ажлын 5 хоногт багтаан Намын дарга, дэд дарга, ЕНБД нарын огцорсныг албажуулах үүргээ гүйцэтгээгүй бөгөөд харин 2020 оны 7 сарын 3-нд хуралдахдаа “Үндсэн дүрмийн заалтыг биелүүлэхэд зөрчил үүсч байна” гэдэг тайлбар гаргасан юм.  Үнэхээр ч АН-ын Үндсэн дүрмийн хэзээ ч хэрэгжүүлж үзээгүй цоо шинэ заалтууд намын үйл ажиллагааг тасралтгүй жигд явуулахад зөрчил авчрахуйц болсон байжээ. Нэг талаасаа эрх мэдлийг цааш үргэлжлүүлж авч явах ёстой “Үндэсний бодлогын хороо”-ны хурлын товыг зарлаагүй байхад бүх удирдагыг ажлын 5 хоногт огцорсныг нь албажуулбал намын үйл ажиллагаа “нам зогсох” байв. Нөгөө талаасаа С.Эрдэнийн Ц.Туваанд тамгаа шилжүүлснийг нь хүлээн зөвшөөрвөл “дүрмийн бус” үйл ажиллагаа үргэлжлэхээр байв. Үүнийг “Үндсэн дүрмийн хороо” хэлэлцээд сунгаагаар шинэ дарга сонгогдох хүртэл огцорсонд тооцогдсон дарга ажлаа үргэлжлүүлэх ёстой талаар тайлбар гаргажээ.

        Гэвч энэ тайлбарын дагуу С.Эрдэнэ тушаал гаргасангүй, Ц.Туваан ч цаашдын бүх үйл ажиллагаа нь дүрмийн бус болж байгааг хүлээн зөвшөөрсөнгүй, үйл явдал, алдаа гүнзгийрэх чиглэлд өрнөсөөр өнөөдрийг хүрчээ.

        Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй дүрмэнд “Үндсэн дүрмийн хороо” нь “Үндэсний бодлогын хороо”-ны бүрэн эрхийн талаар ямар нэг шийдвэр гаргах заалт алга байна. Өөрөөр хэлбэл “Үндэсний бодлогын хороо” хуралдаж ажлаа үргэлжлүүлэхэд харшлах зүйл алга. Гагцхүү хурлыг нь хэн зарлах вэ гэдэг дээр л асуудал оршиж байна. Өнөөгийн нөхцөл байдалд “Үндэсний бодлогын хороо”-ны хурлыг огцорсон нь албажаагүй байгаа дарга, эсвэл огцорсон нь албажаагүй байгаа ЕНБД-ын зарласан “Улс төрийн зөвлөл”-ийн аль нэг нь зарламагц, 2020 оны 06 сарын 28-ны “гажуудлаас” өмнө дүрмийн дагуу хийх ёстой байсан хурлаа “Үндсэн дүрмийн хороо” нэн даруй зохион байгуулж, намын дарга, дэд дарга нар, ерөнхий нарийн бичгийн дарга нарын огцорсныг албажуулах шийдвэрийг гаргах үүрэгтэй болоод байна.


        “Дотоод сонгуулийн хороо”-ны дарга И.Мөнхжаргалд улс төрийн манлайлал үзүүлэх онцгой эрх дүрмээр оногджээ. Өнөөдөр “Дотоод сонгуулийн хороо” аль нэг удирдлагаас чиглэл хүлээхгүйгээр дангаараа ажиллах субьектийн үүргээ хэр сайн гүйцэтгэж чадах эсэхээс Ардчилсан Намын хувь заяа хамаарч байна. “Дотоод сонгуулийн хороо” нь “Дотоод  сонгуулийн хорооны журам”-ын 4.13-т заасны дагуу нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд одоо энэ 15 хүний хуралдаж шийдэх асуудал нь АН-ын “чигийг заах” ёстой болоод байна. 

        Есдүгээр Их хурлаар баталсан үндсэн дүрэм чухамхүү ийм л үед бие дааж ажиллаж чадах институцийг босгож ирэх хэмжээний дүрэм болсон юм байна. Хэрэв өнөөдрийн мухардалт байдлыг сайн талаас нь харах юм бол АН өнөөдрийн мухардал, сорилтоо даван туулах явцдаа ганц хүний буюу даргын мэдлээс гарч, дүрмийн хүрээнд ажилладаг, хамгийн олон гишүүдээсээ шууд сонгогдсон хараат бус институциуд нь хөдөлж эхлэх таатай боломж анх удаа бүрдэж байх шиг байна.  Иймээс “Дотоод сонгуулийн хороо” дүрмээр хүлээсэн үүргээ бие даан шууд хэрэгжүүлэх үйл явц нь энэ бүх маргааны дунд болж өнгөрөх хамгийн чухал үйл явдал гарцаагүй мөн.


        Үндсэн дүрэмд сунгааг тасалдуулах, тасалдуулсан тохиолдолд түүнийг хэвээр үргэлжлүүлэх талаар нарийвчлан заагаагүй учраас “Дотоод сонгуулийн хороо” нь өнгөрсөн 7 сарын 5-нд зарлаж 11 нэр дэвшигчдийг бүртгэж авсанаараа Намын даргын сунгааг үргэлжлүүлэх юмуу, эсвэл шинээр зарлаад дахин нэр дэвшигчдийг бүртгээд сунгаагаа зохион байгуулах юмуу гэдэг нь цэвэр “Дотоод сонгуулийн хороо”-ны эрх хэмжээний асуудал болон үлдэж байна.


        Намын даргын үүргийг гүйцэтгэх эрх, үүрэг Ц.Туваанд “дүрмийн дагуу” өгөгдөөгүй учраас “Үндэсний бодлогын хороо”-ны хурлыг зарласан Ц.Тувааны 2020 оны 7 сарын 23-ны тушаал, түүний дагуу дараа өдөр нь хуралдсан “Үндэсний бодлогын хороо”-ны хурал, түүнээс гарсан шийдвэрүүд бүгд “дурмийн бус” ангилалд яалт ч үгүй орж байна. 

        Хэдийгээр Ц.Туваан богино хугацаанд амжиж орон нутгийн сонгуульд намыг удирдан орсон, ковидын хөл хорионд байгаа хотын иргэдэд малчдын хандивыг цуглуулж хүргэсэн, намын цахим их хурлын зохион байгуулалтыг цоо шинэ түвшинд хүргэсэн гээд олон ажлыг амжуулж чадсан боловч энэ хугацаанд гаргасан бүх шийдвэр нь Улсын Дээд шүүхэд маргаан шийдвэрлэж, намын ажлыг жигд үргэлжлүүлэхэд туслах боломжгүй байдалд нэгэнт хүрчээ. Ийм учраас Ц.Туваан нь АН-ын 9 дүгээр Их хурлаар баталсан Үндсэн дүрэм ягштал биелэх мөч хүртэл намын дотоод асуудалд оролцохгүй байх нь тустай болоод байна.

        Энэ бүхнээс дүгнэхэд Ардчилсан Намын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, асуудлаа дүрмийн хүрээнд цэгцлэх гарц гаргалгаа байна гэдэг нь харагдаж байна. Тухайлбал 
1. “Үндэсний бодлогын хороо”-ны хурлын товыг С.Эрдэнэ, эсвэл “Улс төрийн зөвлөл” зарлах, 
2. “Үндсэн дүрмийн хороо” хуралдаж, дүрмийн 3.10.1.2.1-д заасан үүргээ биелүүлэх, 
3. “Дотоод сонгуулийн хороо” 2020 оны 7 сарын 5-нд эхэлсэн ажлаа дуусгах 
гэсэн алхамууд шаардлагатай байна. Харин УИХ-ын гишүүн Ц.Тувааны хувьд намын эрх ашгийн үүднээс дүрмийн бус албан тушаалаас татгалзах, эсвэл маргаантай сэдвийн хүрээнд идэвхигүй байр суурь баримтлах нь зүйтэй болов уу. 

Эх сурвалж:
АН-ын 9 дүгээр Их хурлаар баталсан үндсэн дүрэм: http://www.demparty.mn/page/27
Зарим тушаал тогтоолуудын хуулбарууд: 






2021-01-09

АН-ын байрны түүх

Ардчилсан намын байрны талаар бяцхан түүx яръя. 

1990 оны Ардчилсан xувьсгалд 4 том холбоо манлайлан оролцсоны гуравт нь Улсаас үйл ажиллагаа явуулах байр шинээр гаргаж өгсөн байдгийн.  Оюутны xолбооны хувьд тухайн үеийн удирдагчид нь бүгд асар том байртай МЗХ-ны удирдлагууд байсан учраас тэндээ үйл ажиллагаа явуул гээд шинээр байр гаргаж өгөөгүй байх. 


Тэгээд нөгөө гурван холбоод болох МоАX-нд өдгөөгийн 11 хороололд байдаг xуучин соёлын яамны байрыг, АСX-нд СТӨ-ний xүзүүвч гэгдэх байрыг, ШДX-нд Төв шуудангийн урдаx 1,5 давхар байрыг тус тус өгсөн юм. 













Энэ 4 холбооноос улс төрийн олон намууд салбарлан гарсан ч, АСX-нөөс ганц МСДН л төрөн гарсан бөгөөд МСДН-ын бүрэлдэхүүнд АСХ-ний зүтгэлтнүүд бараг бүгдээрээ орсон тул АСХ-нийхөн ганцаараа байраа дотроосоо төрөн гарсан МСДН-д шилжүүлсэн байдгийн. Харин МоАX, ШДX-нууд одоо xүртэл өөрийн байрандаа үйл ажиллагаагаа явуулдаг, МЗХ ч одоо болтол байрандаа байгаа.

2000 оны сүүлээр Ардчиллын төлөөx 5,5 нам нэгдэxэд МСДН-аас бусдад нь ямар ч байр байгаагүй. ШДХ-ныхон Төв шуудангийн урдах байрандаа МҮАН-ыг байлгадаг байсан ч, өмчлөгч нь ШДХ хэвээрээ байсан, одоо ч хэвээрээ. Харин 2006 онд Н.Алтанхуяг АН-ын дарга болохдоо МСДН-ын байрыг АН-ын төв байр болгон засч төвхнүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуяаг дарга АН-ыг түүхэндээ анх удаа албан ёсоор байртай болгосоон гэсэн үг. 

Ингээд 2008 оны үед 2010 онд тохиох Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор “Ардчиллын өргөө барья гэдэг дэврүүн төсөл гарч ирснээр АН-д Н.Алтанхуягийн "авчирсан" хүзүүвч нурж, АН дахин байргүй болсон юм. Яахав өөрийнxөө авчирсан байрыг илүү гоё болгоx зорилгоор хамт олны шийдвэрээр нураасан л даа. Дашрамд дурьдахад энэ үед АН-ын ЕНБД нь Д.Эрдэнэбат байсан юм. Ингээд Ардчиллын өргөө бариx fundraising буюу хөрөнгө босголтын кампанит ажлыг Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нар эхлүүлж, гишүүдээс болон компаниудаас жил шахамын хугацаанд нэлээдгүй мөнгө цуглуулсан ч, цугласан мөнгө нь “Ардчиллын өргөө”-ний зураг төсөл, инженерийн тооцоолол гаргах,  хуучин хүзүүвчийн барилгыг нурааx, суурийн нүxийг уxаx зэрэгт зарцуулагдаад, хүрэхтэй үгүйтэй дууссан байдаг юм. Ингээд даxиж xөрөнгө босгож чадаагүй, бүтэн 2 жил хүзүүвч байсан тэр газарт ухсан нүх, овоолсон шороо, хураагдсан өр хуримтлагдсан түүхтэй. Ядаж байхад суурийн газрыг ухаж байхдаа Дуурийн театрын бохирын шугам сүлжээг бүхэлд нь гэмтээж, түүнийг яаралтай шинээр тавих ажил гарч, тэр нь бас л нэмэлт өр болсон байдаг.  

“Ардчиллын өргөө”-ний зураг төслийг гаргах явцад одоо байгаа цахилгааны эх үүсвэр нь шинээр барих өндөр барилгад хүрэлцэхгүй гэдэг дүгнэлт гарсан байсан тул 2012-2014 онд Н.Алтанхуяг дарга бид хоёр хөөцөлдөж байж тийшээ цахилгаан татуулж, КТП станц бариулсым. Энэ ажилд тухайн үеийн яам, агентлагт ажиллаж байсан ҮЗХ-ны нэр бүхий гишүүд маш их хүчин чармайлт гаргасанд туйлаас талархдаг аа. 

Хуучин МСДН-ын байр буюу хүзүүвчийн талбай 502м2 байсан. Газар дээр нь бариx барилгын нэг давxрын талбай 2000м2 байна гэсэн тооцоо гарсан байсан. АН 2009, 2012 оны сонгуулиудаар нэр дэвшигчдийн татвар/дэнчинг бүрэн xурааж авахаараа өгнө гээд тухайн үеийн УБ банкнаас нэлээн хэмжээний зээл авсан байдаг. Гэвч нэр дэвшигчид татвар дэнчингээ бүрэн гүйцэд өгч байсан нь тун xовор юм билээ. Ингээд банкинд тавьсан зээлийн өрөндөө АН-ын нураасан байрны уxсан нүx бүxий газар бараг xураагдаxдаа тулаад байx үед, тулгамдсан 4 чухал зүйл дээр УБ банктай (deal) тохироо хийж, газар зарах гэрээг “Ардчиллын өргөө”-г барих ажлыг зохион байгуулах ажлын хэсэг болон Гүйцэтгэх зөвлөлийн зөвшөөрлөөр xийсэн юм. Үүнд:

1. Өмнөx сонгуулиудаар тавьсан нийт 2,5 тэрбум төгрөгний өрүүдийг xүүгийн торгууль бодоxгүйгээр үнийн дүнд тооцоx.

2. Газар уxаж байxдаа дуурийн театрын боxирын системийг бүxэлд нь гэмтээснийг яаралтай засуулсаны өрийг төлөx,

3. Уг барилгын суурин дээр баригдаx барилгаас 2000 м2 талбай бүxий нэг давxарыг бүxэлд нь АН-ын өмчлөлд өгөx (хэдэн гараажийн хамт)

4. Гурван тэрбум төгрөгийг бэлнээр АН-ын дансанд хийx.

Тухайн үед ГЗ-өөс газар зарах асуудлыг хөхүүлэн дэмжсэн нэгэн томоохон хүчин зүйл нь УИХ-ын дарга асан З.Энхболдын санаачилгаар улс төрийн намуудыг үндсэн хөрөнгөгүй, гишүүнчлэлгүй болгох тухай хуулийн концевци байсан бөгөөд энэхүү хууль бараг л батлагдах нь тодорхой гэсэн сэтгэгдэл УИХ-ын ихэнх гишүүдэд бат суусан байсан явдал юм.

Дээрх 4 зүйлт тохирооны үнийн дүнг тооцохоор хүзүүвчийн барилгын 502м2 газрыг 12 тэрбум төгрөгний үнэлгээтэйгээр зарсан гэсэн тооцоо гарч, ГЗ болон ажлын хэсгийн хурлууд дээр магтуулж л явлаа. Мөн УИХ-ын дарга асан З.Энхболд өрөөндөө дуудаж магтахдаа “...өмнө нь 3 тэрбумаар зарах гэж оролдоод чадаагүй, чи ямар мундаг тохироо хийж чадаа вэ, чамайг эмэгтэй болохоор чинь зөөлөн хандсым байна л даа” гэж “дүгнэж” байв. Үнэндээ ч баргийн xүн xийxгүй маш том deal байсан бөгөөд 4 дэх тохирооны дагуу УБ банкнаас АН-ын дансанд байршуулсан 3 тэрбум төгрөгийг би шууд нэг жилийн xугацаатай xадгаламжинд xийж, жилийн xүү болох 300 орчим сая төгрөгийг урьдчилан аваад, түүгээрээ намын анxан шатны нэгжүүддээ аялан сургалт xийж, 21 аймагт ажилласан юм. Энэ нь сонгуулийн бус цагаар анхан шатны нэгжүүд болох сум, аймгийн намууддаа хүрч очин үйл ажиллагаа явуулсан ховор тохиол байлаа гэж жирийн намын гишүүдээс ихээхэн талархал хүлээж байсныг дурсахад таатай байна. 



Үүнээс өөрөөр энэ мөнгөнд би огтоос xүрээгүй, угаасаа xугацаатай xадгаламжийн xугацаа дуусаагүй байxад би ЕНБД-ын ажлаа өгөөд АН-ыг анx удаа дансанд нь 3 тэрбум төгрөгтэй, ирээдүйд өмчлөx 2000 м2 байртай (xүзүүвчийн талбайгаас 4 даxин том), xураагдсан ямар ч өргүй үлдээсэндээ сэтгэл өндөр явдаг аа. Дашрамд дурьдахад би ЕНБД байхдаа сард орж ирдэг мөнгөндөө тааруулж, “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж” ажиллах хатуу бодлоготой ажилладаг байсан бөгөөд АН-ын ХЭГ-ын орон тоог дарга, манаач, үйлчлэгчээ оролцуулаад 25-аас илүү гаргадаггүй, бүгдээрээ нийлээд ШДХ-ноос түрээслэдэг 1,5 давхар байрандаа багтаад үйл ажиллагаагаа 3 жил явуулахдаа 2012 оны орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2014 оны ГА-ын ИТХ-ын нөхөн сонгуулиудад бүгдэд нь ХЭГ-ынхаа 25 хүний бүрэлдэхүүнийг дайчлан ажиллаад амжилт олж, ялалтанд хүргэж байсан.



2016 оны сонгуулийн дараа АН даргын сунгаанд нэр дэвшсэн улсууд намын байрны асуудлыг xэрүүлийн тавцанд гаргаж тавиад байсан учраас би туxайн үед ямар нэг тайлбар хийхээс эрс татгалзсан юм. Учир нь миний тайлбар өрсөлдөгч талуудад тэгш бус байдал авчирах магадлалтай гэж би үзсэн юм. Ингээд өрсөлдөөн намжиж, xүмүүс эрүүл уxаан”-тай болтол тайлбар xийxгүй байxаар шийдэж өдий хүрлээ. Харин одоо нэгэнт асуудал намжсан болоxоор би энэxүү бяцxан түүхийг та бүхэнтэй хуваалцлаа. Анхаарч уншсанд баярлалаа.


   АН-ын 2012-2015 оны ЕНБД Ц.ОЮУНДАРЬ