Юу болоод өнгөрөв өө? гэж Арчилсан намын жирийн гишүүд нэг нэгнээсээ асууцгааж байна. Би ч бас энэ асуултыг ойр тойрныxондоо болон өөртөө тавив. Ингээд болж өнгөрсөн үйл явдлуудыг дүрмийн заалтуудтай тулгаж, хаана юун дээр алдсаныг “оношлох” гэж оролдлоо.
Юуны өмнө АН-ын 9 дүгээр Их хурлаар баталсан Үндсэн дүрмийн цоо шинэхэн заалтууд өнгөрсөн 6 дугаар сард болсон УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдсаны дараа анх удаа амьдралд хэрэгжиж эхлэх ёстой байлаа. Дүрмийн заалтууд цоо шинэхэн, өмнө нь хэн ч хэрэгжүүлж үзээгүй, хоёронтоо дараалан сонгуульд ялагдсан намын удирдлага, гишүүд ялагдлын шокоос гараагүй үе байв. Үүнээс ч болсон уу, өмнөх дүрмүүдэд байгаагүй, зөвхөн 9 дүгээр Их хурлаас батлагдсан дүрэмд л цоо шинээр орсон зарим заалтуудыг бодитоор хэрэгжүүлэх явцад өнөөгийн мухардлыг бий болгох олон “алдаа”-нууд үүсэн бий болжээ. Гэхдээ эдгээр нь санаатай гэхээсээ илүү, шинэхэн дүрмийн үйлчлэлд бэлэн биш байснаас үүдэлтэй санамсаргүй алдаа, тус дүрмээс өмнө хэрэгжиж байсан дадал хэвшил, шинэ дүрмийн хүрээнд зайлшгүй шаардлагатай байсан манлайллын дутмагаас үүдэлтэй байна.
Улсын Дээд Шүүх Ардчилсан намын 10 дугаар Их хурлаар баталсан Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхгүй буцааснаар өнөөгийн нөхцөл байдалд 9 дүгээр Их хурлаас баталсан дүрмийн дагуу алдаагаа цэгцлэх шаардлага АН-ын өмнө тулгарч байна. Өөрөөр хэлбэл үүссэн мухардлаас гарах арга зам, гарцаа бид 9 дүгээр Их хурлаар баталсан дүрмээсээ хайх хэрэгтэй болжээ. Ийм учраас намын журмын нөхөддөө зориулж өнгөрсөн зургаан сарын хугацаанд намаас гаргасан шийдвэрүүдийг задлан шинжилснээ хуваалцъя.
Үйл явдал УИХ-ын сонгуулийн ялагдлын дараа 2020 оны 6 сарын 28-нд эхэлжээ. Энэ өдөр АН-ын дарга С.Эрдэнэ намаа УИX-д амжилтгүй оролцуулсны хариуцлагаа хүлээж, намын даргаас огцорч байгаагаа мэдэгдэн, үүрэг гүйцэтгэгчээр дэд дарга Ц.Тувааныг томилсноо олны өмнө зарлан, намын тамгыг гардуулан өгсөн билээ.
Намын дүрмийн 5.17.6-д зааснаар Намын даргыг 4 үндэслэлийн дагуу “Үндэсний бодлогын хороо”-ны хурлаар чөлөөлж, намын дараагийн дарга сонгогдох хүртэл эрх, үүргийг нь аль нэг дэд даргад шилжүүлэx эрx гагцхүү “Үндэсний бодлогын хороо”-нд олгогдсон байдаг. “Үндэсний бодлогын хороо”-нд олгогдсон энэ эрx, үүргийг ийнхүү намын дарга дур мэдэн xэрэгжүүлсэн нь “дүрмийн бус” эxний үйлдэл болжээ. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдалд С.Эрдэнэ нь хэдийгээр өөрөө огцорсноо мэдэгдсэн ч гэлээ, түүний огцорсныг “Үндсэн дүрмийн хороо”-ны шийдвэрээр албажуулах хүртэл тэрээр “Үндэсний бодлогын хороо”-ны хурлыг зарлах эрх бүхий субьект хэвээр байна. Энэ бол мухардлаас гарах чухал гарц!
С.Эрдэнэ даргын огцрохоо мэдэгдсэн тэр өдөр буюу 2020 оны 6 сарын 28-ны өдөр намын “Улс төрийн зөвлөл” мөн xуралдаж, намын даргын огцроx мэдэгдлийг “Үндсэн дүрмийн хороо”-нд xандан шийдвэр гаргуулж албажуулах талаар xэлэлцсэн нь “дүрмийн дагуу”-х шаардлага байв. Гэхдээ энэ ажлыг огцроxоо зарлаад тамгаа xүлээлгэж өгсөн С.Эрдэнэд зөвлөмж болгосон нь тун хачирхалтай “дүрмийн бус” үйлдэл болжээ. Мөн уг хурлын тогтоолд “Ардчилсан Намын даргын асуудлыг Үндсэн дүрмийн хүрээнд шийдэх хүртэл Намыг төлөөлөх эрхийг “Улс төрийн зөвлөл” хэрэгжүүлнэ гэж заасан байна.
Үндсэн дүрмийн дагуу “Улс төрийн зөвлөл” нь “Үндэсний бодлогын хороо” -ны хурлыг шууд зарлах эрхтэй гуравхан субъектын нэг нь юм. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлэхийн оронд “намыг төлөөлөх эрх” гэж дүрмээр өөрсдөд нь олгоогүй эрхийг хэрэгжүүлэхээр тогтоол гаргажээ. Мөн “Үндэсний бодлогын хороо”-ны чөлөөт цагт үйл ажиллагаа явуулдаг байгууллага атлаа Даргын чөлөөт цагт эрх хэрэгжүүлэх байгууллага мэтээр “дүрмийн бус” шийдвэр гаргасан байна. “Улс төрийн зөвлөл”-ийн 02 тоот тогтоолд тусгагдсан энэ хоёр үйлдлийг зөвтгөх, эсхүл хэрэгжүүлж болох үндэслэл үндсэн дүрэмд огтоос байхгүй байна.
Харин өнөөгийн нөхцөл байдалд, намын Ерөнхий нарийн бичгийн дарга огцорсон нь “Үндсэн дүрмийн хороо”-ны шийдвэрээр албажих хүртэл Ц.Баатархүү нь de jure ЕНБД хэвээр тул түүний тушаалаар “Улс төрийн зөвлөл” дахин хуралдаж, “Үндэсний бодлогын хороо”-ны хурлыг товлон зарлах эрх, үүрэгтэй хэвээр байна. Энэ бол мухардлаас гарах бас нэг гарц.
Намын 9 дүгээр Их хурлаар баталсан дүрэм өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойшхи зургаан сарын хугацаанд ном ёсоороо хэрэгжээгүйгээс болоод өнөөдрийг хүртэл Намын дарга, дэд дарга нар, ЕНБД нарын огцорсон нь албажаагүй хэвээр байна. Гэхдээ сонгуулийн дүнгээр огцорсонд тооцогдсон гэдэг утгаараа намын удирдлагын манлайллыг нийт гишүүд, дэмжигчид болон олон нийт нэгэнт хүлээн зөвшөөрөхгүй болсон. Энэхүү de facto огцорсныг de jure болгоогүй тул одоо цаасан дээр албажих тогтоол гарах хүртэл намын шийдвэрүүдийг Үндсэн дүрмэнд нийцүүлэх манлайлал, хүсэл зориг тэднээс үгүйлэгдэж байна.
Чухам энэ манлайлал байж гэмээ нь АН-ын дотор эрх мэдэл шилжих үйл явц дүрмийн дагуу явагдах ёстой юм. Хүсэн хүлээж буй тэрхүү манлайлал, хүсэл зориг нь “Үндэсний бодлогын хороо”-ны хурлыг товлон зарлах хэмээх ганц үйлдлээр л илэрнэ. Учир нь дүрмийн дагуу зарласан “Үндэсний бодлогын хороо”-ны хурлаар л тэд өөрсдийг нь огцруулсныг албажуулсан “Үндсэн дүрмийн хороо”-ны тогтоолыг сонсох бөгөөд дараагийн даргыг ёсчлох эрх бүхий Их Хурлын товыг зарлах, Их Хурлын дарга тэргүүлэгчдийг томилох, мөн бэлтгэл ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг батлах гэсэн шийдвэрүүдийг гаргаж, намаа гольдролд нь оруулах юм.
УИХ-ын сонгуулийн 76 тойргийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу 380 суудалтай “Үндэсний бодлогын хороо”-ны гишүүдийн 270-ынх нь тойрог дээр УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн билээ. Ингэснээр “Үндэсний бодлогын хороо”-ны 71 хувийн суудал дээр нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн юм. Гэвч “Дотоод сонгуулийн хороо”-ноос “Үндэсний бодлогын хороо”-ны нөхөн сонгууль зарлаагүй, нөхөн сонгуулиар шинэ гишүүд сонгогдон гарч ирээгүй байгаа өнөөдрийн нөхцөлд “Үндэсний бодлогын хороо” нь үйл ажиллагаагаа жигд үргэлжлүүлэн явуулах чадамжтай институци хэвээр байна.
АН-ын 9 дүгээр Их хурлаар баталсан үндсэн дүрмийн “төрийн сонгуулийн дүнгээр хариуцлага хүлээх” тухай заалтаар “Үндэсний бодлоыгн хороо”-нд тооцох хариуцлага нь Намын удирдлагад тооцох хариуцлагаас нэг шатлал доогуур байгаа. Өөрөөр хэлбэл намын удирдлагын хариуцлагыг сонгуулийн дараа шууд огцорсонд тооцохоор хатуу зааж өгсөн бол “Үндэсний бодлогын хороо”-ны хувьд “сонгуульд ялалт байгуулаагүй тойрогт нөхөн сонгууль зарлана” гэдэг байдлаар оруулсан байдаг. Энэ нь нөхөн сонгууль явагдах хүртэл “Үндэсний бодлогын хороо”-ны ажил хэвийн үргэлжилнэ гэсэн үг юм.
“Үндсэн дүрмийн хороо” УИХ-ын сонгуулийн дүн гарснаас хойш ажлын 5 хоногт багтаан Намын дарга, дэд дарга, ЕНБД нарын огцорсныг албажуулах үүргээ гүйцэтгээгүй бөгөөд харин 2020 оны 7 сарын 3-нд хуралдахдаа “Үндсэн дүрмийн заалтыг биелүүлэхэд зөрчил үүсч байна” гэдэг тайлбар гаргасан юм. Үнэхээр ч АН-ын Үндсэн дүрмийн хэзээ ч хэрэгжүүлж үзээгүй цоо шинэ заалтууд намын үйл ажиллагааг тасралтгүй жигд явуулахад зөрчил авчрахуйц болсон байжээ. Нэг талаасаа эрх мэдлийг цааш үргэлжлүүлж авч явах ёстой “Үндэсний бодлогын хороо”-ны хурлын товыг зарлаагүй байхад бүх удирдагыг ажлын 5 хоногт огцорсныг нь албажуулбал намын үйл ажиллагаа “нам зогсох” байв. Нөгөө талаасаа С.Эрдэнийн Ц.Туваанд тамгаа шилжүүлснийг нь хүлээн зөвшөөрвөл “дүрмийн бус” үйл ажиллагаа үргэлжлэхээр байв. Үүнийг “Үндсэн дүрмийн хороо” хэлэлцээд сунгаагаар шинэ дарга сонгогдох хүртэл огцорсонд тооцогдсон дарга ажлаа үргэлжлүүлэх ёстой талаар тайлбар гаргажээ.
Гэвч энэ тайлбарын дагуу С.Эрдэнэ тушаал гаргасангүй, Ц.Туваан ч цаашдын бүх үйл ажиллагаа нь дүрмийн бус болж байгааг хүлээн зөвшөөрсөнгүй, үйл явдал, алдаа гүнзгийрэх чиглэлд өрнөсөөр өнөөдрийг хүрчээ.
Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй дүрмэнд “Үндсэн дүрмийн хороо” нь “Үндэсний бодлогын хороо”-ны бүрэн эрхийн талаар ямар нэг шийдвэр гаргах заалт алга байна. Өөрөөр хэлбэл “Үндэсний бодлогын хороо” хуралдаж ажлаа үргэлжлүүлэхэд харшлах зүйл алга. Гагцхүү хурлыг нь хэн зарлах вэ гэдэг дээр л асуудал оршиж байна. Өнөөгийн нөхцөл байдалд “Үндэсний бодлогын хороо”-ны хурлыг огцорсон нь албажаагүй байгаа дарга, эсвэл огцорсон нь албажаагүй байгаа ЕНБД-ын зарласан “Улс төрийн зөвлөл”-ийн аль нэг нь зарламагц, 2020 оны 06 сарын 28-ны “гажуудлаас” өмнө дүрмийн дагуу хийх ёстой байсан хурлаа “Үндсэн дүрмийн хороо” нэн даруй зохион байгуулж, намын дарга, дэд дарга нар, ерөнхий нарийн бичгийн дарга нарын огцорсныг албажуулах шийдвэрийг гаргах үүрэгтэй болоод байна.
“Дотоод сонгуулийн хороо”-ны дарга И.Мөнхжаргалд улс төрийн манлайлал үзүүлэх онцгой эрх дүрмээр оногджээ. Өнөөдөр “Дотоод сонгуулийн хороо” аль нэг удирдлагаас чиглэл хүлээхгүйгээр дангаараа ажиллах субьектийн үүргээ хэр сайн гүйцэтгэж чадах эсэхээс Ардчилсан Намын хувь заяа хамаарч байна. “Дотоод сонгуулийн хороо” нь “Дотоод сонгуулийн хорооны журам”-ын 4.13-т заасны дагуу нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд одоо энэ 15 хүний хуралдаж шийдэх асуудал нь АН-ын “чигийг заах” ёстой болоод байна.
Есдүгээр Их хурлаар баталсан үндсэн дүрэм чухамхүү ийм л үед бие дааж ажиллаж чадах институцийг босгож ирэх хэмжээний дүрэм болсон юм байна. Хэрэв өнөөдрийн мухардалт байдлыг сайн талаас нь харах юм бол АН өнөөдрийн мухардал, сорилтоо даван туулах явцдаа ганц хүний буюу даргын мэдлээс гарч, дүрмийн хүрээнд ажилладаг, хамгийн олон гишүүдээсээ шууд сонгогдсон хараат бус институциуд нь хөдөлж эхлэх таатай боломж анх удаа бүрдэж байх шиг байна. Иймээс “Дотоод сонгуулийн хороо” дүрмээр хүлээсэн үүргээ бие даан шууд хэрэгжүүлэх үйл явц нь энэ бүх маргааны дунд болж өнгөрөх хамгийн чухал үйл явдал гарцаагүй мөн.
Үндсэн дүрэмд сунгааг тасалдуулах, тасалдуулсан тохиолдолд түүнийг хэвээр үргэлжлүүлэх талаар нарийвчлан заагаагүй учраас “Дотоод сонгуулийн хороо” нь өнгөрсөн 7 сарын 5-нд зарлаж 11 нэр дэвшигчдийг бүртгэж авсанаараа Намын даргын сунгааг үргэлжлүүлэх юмуу, эсвэл шинээр зарлаад дахин нэр дэвшигчдийг бүртгээд сунгаагаа зохион байгуулах юмуу гэдэг нь цэвэр “Дотоод сонгуулийн хороо”-ны эрх хэмжээний асуудал болон үлдэж байна.
Намын даргын үүргийг гүйцэтгэх эрх, үүрэг Ц.Туваанд “дүрмийн дагуу” өгөгдөөгүй учраас “Үндэсний бодлогын хороо”-ны хурлыг зарласан Ц.Тувааны 2020 оны 7 сарын 23-ны тушаал, түүний дагуу дараа өдөр нь хуралдсан “Үндэсний бодлогын хороо”-ны хурал, түүнээс гарсан шийдвэрүүд бүгд “дурмийн бус” ангилалд яалт ч үгүй орж байна.
Хэдийгээр Ц.Туваан богино хугацаанд амжиж орон нутгийн сонгуульд намыг удирдан орсон, ковидын хөл хорионд байгаа хотын иргэдэд малчдын хандивыг цуглуулж хүргэсэн, намын цахим их хурлын зохион байгуулалтыг цоо шинэ түвшинд хүргэсэн гээд олон ажлыг амжуулж чадсан боловч энэ хугацаанд гаргасан бүх шийдвэр нь Улсын Дээд шүүхэд маргаан шийдвэрлэж, намын ажлыг жигд үргэлжлүүлэхэд туслах боломжгүй байдалд нэгэнт хүрчээ. Ийм учраас Ц.Туваан нь АН-ын 9 дүгээр Их хурлаар баталсан Үндсэн дүрэм ягштал биелэх мөч хүртэл намын дотоод асуудалд оролцохгүй байх нь тустай болоод байна.
Энэ бүхнээс дүгнэхэд Ардчилсан Намын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, асуудлаа дүрмийн хүрээнд цэгцлэх гарц гаргалгаа байна гэдэг нь харагдаж байна. Тухайлбал
1. “Үндэсний бодлогын хороо”-ны хурлын товыг С.Эрдэнэ, эсвэл “Улс төрийн зөвлөл” зарлах,
2. “Үндсэн дүрмийн хороо” хуралдаж, дүрмийн 3.10.1.2.1-д заасан үүргээ биелүүлэх,
3. “Дотоод сонгуулийн хороо” 2020 оны 7 сарын 5-нд эхэлсэн ажлаа дуусгах
гэсэн алхамууд шаардлагатай байна. Харин УИХ-ын гишүүн Ц.Тувааны хувьд намын эрх ашгийн үүднээс дүрмийн бус албан тушаалаас татгалзах, эсвэл маргаантай сэдвийн хүрээнд идэвхигүй байр суурь баримтлах нь зүйтэй болов уу.
Эх сурвалж:
АН-ын 9 дүгээр Их хурлаар баталсан үндсэн дүрэм: http://www.demparty.mn/page/27
Зарим тушаал тогтоолуудын хуулбарууд:
No comments:
Post a Comment