2010-08-14

Эмэгтэй хvн байх эр зориг

Гоо Даль» сэтгvvлийн эрхлэгч Ц.Амгалантай «UBS Music» продакшнын эзэн Чимгээгийн терсен едер дээр танилцсан юм. Чимгээ бид хэд 1990 оны эхээр Монгол телевизэд цоо шинэ боловсон хvчин болон ирцгээж, би нийгэм эдийн засгийн редакцид, харин Чимгээ маань жилийн емне ирээд хегжмийн редакцид томилогдон ажиллаж байсан юм. Бид тэр vеэс л сайн найзууд болцгоосон болохоор терсен едрийнх нь урилгаас хэзээ ч татгалзаж байсангvй. Ингээд сайн найз Чимгээгээр дамжуулан танилцсан Амгаланд сэтгvvлдээ ярилцлага авъя гэхэд нь татгалзаx боломжгvй байлаа. Саяхан хэвлэгдсэн шинэ дугаарт нь «Эмэгтэй хvн байх эр зориг» нэртэйгээр нийтлэгдсэн энэхvv ярилцлагыг бvрэн эхээр нь та бvхэндээ хvргэж байна. Таалан соёрхoно уу.

Цогтын Амгалан: Мэргэжлээрээ Америкт сурч байхдаа манайхаас үндэс сууриараа ялгарч байгаа зүйлийг нь юу гэж олж харав?

Ц.О. Нөлөөнд автахгүй байх чадвар. Эздийн бодлого байж болох ч нэг хүнээс, нэг хүчнээс нөлөөлөх нөлөөлөл багасчихаар сэтгүүл зүй өөрөө эрүүл болчихож байгаа юм. Хоёрт, нийт барууны, америкийн иргэд шашнаасаа болоод хууран мэхлэх явдлыг үзэн яддаг сэтгэхүйтэй. Библи дээр нь тэгээд биччихсэн л бол тэрүүгээр л явна. Хүний итгэлийг алдах юм хийсэн л бол тэр сонин хэвлэл дахин хэзээ ч гарч ирэхгүй, тэр чигтээ шууд арчигдчихдаг. Тэр том зах зээлийг хэрвээ алдах л юм бол эргэж гарч ирэх боломж бараг байхгүй учраас сэтгүүлзүй эрүүл байх нь эргээд эздийн өөрсдийнх нь зах зээлийн эрх ашиг болж байгаа юм. Тэр эрх ашиг чинь өөрөө мөнгө болоод ороод ирж байгаа учраас тэр эзэнд улстөрчдийн хахуулийн хэдэн цаасыг аваад баяжих нь чухал биш бизнесээ хүмүүсийн итгэл дээр үндэслээд улам бүр хөгжүүлээд, илүү их баяжих нь ашигтай байгаа учраас эрүүл, харьцангуй шударга зүй тогтол руу яваад байгаа юм.


Ц.А. Монголын нийгэм жинхэнэ сайн сэтгүүлчийг шаардахгүй байгаа юм биш үү?

Ц.О. Тийм ээ. Нийгмийн тогтолцооны гажиг үр дүн нь бүх салбар дээр тусдаг. Түүнээс биш цэв цэвэрхэн төр засаг байгаад, цэв цэвэрхэн сэтгүүлзүй байгаад бусад нь болохгүй байгаад байгаа юм гэж хэзээ ч байдаггүй. Модны сүүдэр усан дээр цэцэг болж гарахгүй шүү дээ, модоороо л тусна. Тэгэхээр нийгмийн чинь арай л болоогүй байгаа тэр дүр зураг сэтгүүлзүй дээр ч бас илрэн гарч байгаа нь энэ.


Ц.А. Сэтгүүлчийн нүдээр Монголын нийгмийн хамгийн сул талыг харвал...

Ц.О. Өнөөдөр баян бизнесмэнүүд, том компаниуд Монголд гарын 10 хуруунд л багтахаар байна. Гэтэл 10, 20-иулхнаа баяжаад яах юм бэ? Яаж ч тасраад, яаж ч төгөлдөр хуур заалгаж, гольф тоглож сураад дэлхийн баячуудтай очиж нийлэхгүй л байхгүй юу. Хар арьстан тэрбумтaнууд цагаанууд шиг аашлаад байгааг Америкт банана гэж нэрлэдэг. Арьсаа өөрчлөхгүй л юм бол битгий мангарт гэж тэднийг шоолдог. Жексон шиг арьсаа солиод ч хүлээн зөвшөөрөгдөхгүй. Арьсны үзэл мөнхөд л байна. Гэхдээ зөвөөр ойлгоорой, би Монголынхоо цөөхөн хэдэн мөнгөтэй хүмүүсийг «тасарсан»-ых нь төлөө буцаад нийгэмчлэх гээд байгаа юм биш шүү. Тасар, гэхдээ тасрахдаа бизнесийнхээ гол хэрэглэгч, үндэс суурь нь болсон дундаж давхаргаа өргөжүүлэн тэлэх ажлыг хамтад нь бодож, цугт нь хийж яваач л гэж хэлэх гээд байгаа юм. Нийгэм чинь чинээлэг дундаж давхаргатай болж байж эрүүлждэг юм шүү дээ. Гэтэл монголын нийгэм өнөөдөр элсэн цаг шиг болчихоод байна. Дундаж давхарга гэж бараг байхгүй; хэт ядуу, хэт баян гэсэн 2 хэсэгтэй. Ийм нийгэм явсаар Африк л болдог. Баян нь хийх юмаа олж ядаж, алтаар жорлон бариад л, ядуу нь өлбөрч үхээд л. Анжелина Жоли Африкт шоудаж, хар хүүхдүүдтэй зургаа авахуулаад л, цагаануудад тайз нь болж, тоглох боломжийг харууд өөрсдөө л бий болгож байгаа хэрэг. Монголчууд бид ч гэсэн өөрсдийгөө тийм алиа байдалд оруулах хэрэггүй л байгаа юм.


Ц.А. Чиний карьерын замналд хүйсийн ялгаа хэр их тохиолдож байсан бэ?

Ц.О. Хүйсийн ялгаа сэтгүүлзүйд нэг их байхгүй. Бодож байгаа юмаа шулуухан өөдөөс нь харж байгаад асуучихад, сөрөг хариу үйлдэл хэн ч гаргаж байгаагүй. Тэр бол цэвэр мэргэжлийн эр зоригийн асуудал. Харин дарамтанд орсон сэтгүүлчидтэй уулзаж байхад эмэгтэй хүнийг жоохон юмаар айлгачихдаг нь харагддаг. Хэвлэлийн өдөрт зориулан, Соросын сангийн ивээн тэтгэсэн Глобинтернэшнлийн гаргасан судалгаанд дарамтын ангилал байгаа юм. Гэр бүл, үр хүүхдээр нь барьцаалсан байхад ямар ч эмэгтэй сэтгүүлч айдаг, юмаа хурдан татаж авдаг юм байна. Эрэгтэйчүүдийг бол зодно, ална ч гэдэг юм уу шууд биед нь халдахаар сүрдүүлдэг.


Ц.А. Энэ судалгаагаар Монгол дэлхийн хэмжээнд ямархуу байранд явж байна вэ?

Ц.О. Дэлхийн хэмжээнд харьцуулаагүй юм байна лээ. Дэлхийн жишгийг үзвэл сэтгүүлчийн дарамт маш бага байдаг. Жишээ нь, Америкт шүүхийнхээ тогтолцоогоор асуудалд сэтгүүлч нь биш байгууллага нь хариуцлага хүлээдэг. Түрүүн хэлсэнчлэн зах зээлийнхээ хуулиар, тухайн бизнесээ хөгжүүлж ашиг олохын тулд эзэд нь бизнесээ хамгаална. Тиймээс сэтгүүлчийн хамгаалалт маш өндөр.


Ц.А. Монголд сэтгүүлчид ихэвчлэн ямар шалтгаанаар дарамтанд ороод байгаа вэ? Хувь хүний болон байгууллагын нэр хүнд, нууцад халдсан гэж буруутгагддаг уу?

Ц.О. Хөндлөнгөөс харахад манай монголын сэтгүүлзүй ерөнхийдөө рекет болчихсон, юмыг бодитойгоор харах чадвар тун сул юм шиг ажиглагдсан. Нөгөө талаасаа мэдээллийн эрх чөлөө хуулиар хамгаалагдаагүй учраас улсын нууц задрууллаа гээд буруутгахад улсын нууцын хууль нь хуучнаараа байж байдаг, тэгсэн атлаа мэдээлэл олж авах, эх сурвалжаа нууцлах гэх мэт асуудлууд нарийвчилж хуульчлагдаагүй болохоор тэр сэтгүүлч л буруутна. Сэтгүүлчид хамгаалалт байхгүй гэдэг бодит байдлыг олон жилийн хугацаанд мэдэрчихсэн учраас үнэний төлөө ханцуй шамлаад дайраад байхыг хүсэхээ больж. Хамгаалалттай гэдгээ мэдэж байж л хүн дайрна шүү дээ. Энэ бол эмгэнэл.


Ц.А. Сэтгүүлчийн хувьд Оюундарь гэдэг хүнийг хэн нээж байсан бэ?

Ц.О. Арван жилд байхад тоондоо сайн хүүхдүүд германы инженерийн бэлтгэлд орно гээд л бөөн юм болдог байлаа. Би ч бас хот дүүргийн олимпиадад орчихдог, энэ чиглэл рүү конкурсдах нь ойлгомжтой байсан цаг. Гэтэл аравдугаар ангийн сүүлийн хагас жилд манай сургуульд нэг нийгэм судлалын багш ирсэн юм. 1989 оны ардчилсан хувьсгалын угтал далд хэлбэрээр явж байсан юм шиг байгаа юм. Нэлээд сонин үзэлтэй, их юм мэддэг, их ч юм ярьдаг хүн байсан. Эсэргүү юм ярьж, тушаал буураад, сургуульд багшлах шийтгэлтэй байсан болов уу гэж одоо санагддаг юм. Тэр багшийн хичээл их сонирхолтой явагдаад, хүүхдүүд ч тэр чигээрээ хошуураад, бүгд л нийгэм судлаач болохоо шахаж, манай ангиас бүр нэг хүүхэд дүрдээ итгээд өөрийгөө идеалист гэж «албан ёсоор» зарлаж хүртэл байлаа. Материализм хүчтэй байсан тэр үед идеализм заадаг хүн байдаггүй байсан. Тэр багшийн нэг хичээлийг би ер мартдаггүй юм. “Та нар бүгдээрээ нүдээ аньчихсан, юу ч харахгүй, сохор байлаа гэж бодъё. Тэгвэл миний урьд байгаа ширээг оршин байгаа гэдгийг та нар юугаар нотлох юм бэ” гэж асууж билээ. Юмыг тийм байдлаар огт сэтгэж байгаагүй хүүхдүүд чинь мэл гайхна биз дээ. Материализмаар бол тэр ширээ бодитоор байна, идеалзимаар бол чи хараагүй, чиний тархи ухамсарт харагдахгүй л бол байхгүй, бодитойгоор оршихгүй. “За, ингээд хараагүй байж байтал, миний өмнө байгаа гээд бодож байсан тэр ширээг өөр тийш нь нүүлгэчихвэл нүдээ нээгээд харахад байхгүй болчихсон тэр ширээг байсан гэдгийг та нар яаж батлах юм бэ” гээд л. Тэгэхэд л би анх “ямар сонин юм бэ, юмыг ингэж өөрөөр харж төсөөлж болдог юм байжээ” гээд л нийгмийн сонин тайлбаруудыг сонирхож эхэлсэн юм. Тэгээд янз бүрийн асуулт хариулт, чөлөөт ярилцлага явагдахад идэвхтэй оролцдог болсон юмдаг. Тийм нэг асуулт хариултын үеэр багш маань “чи ер нь яг сэтгүүлч л болох хүн байна” гээд л үзмэрч шиг “айлдаж” билээ. Тэгээд л би шийдвэрээ гэнэт өөрчилж, сэтгүүлчийн ангид ямар ч бэлтгэлгүй шалгалт өгч унаад, дараа жил нь ороод тэнцсэн сонин түүхтэй л дээ.


Ц.А. Нийгмийн эрсдэл, ачааллын даац нь эмэгтэй хүн дээр арай илүү буугаад байна уу?

Ц.О. Би бас саяхныг хүртэл тэгж «харддаг» байснаа “Монгол хатдын түүх” гэдэг ном уншаад л учрыг нь оллоо. Монгол эмэгтэйчүүд ямар ч орчинд очсон байр сууриа хурдан олоод, нийгмээс авч болох давуу чанарыг их хурдан шингээж чаддаг. Гэтэл бусад орны эмэгтэйчүүд тийм биш. Учир нь нүүдлийн иргэншилд монгол эмэгтэйчүүд аж ахуйн менежерийн ажлыг дагнан хийж байж. Эндээс үүдээд бодоод байхнээ одоо цагт дайн байлдаан байхгүй болж эрчүүдийн гүйцэтгэх үүрэг багассан ч, харин эмэгтэйчүүдийнх багасаагүй, өнөөх л аж ахуйн менежерийн ажлаа хийсээр л байгаа юм байна. Улстөрчид, бизнесмэнүүд бол урьдын дайн тулаан, байлдан эзлэлтийн нэг хэлбэрийн төлөөлөгчид. Гэтэл энэ салбарт чинь бүх эрчүүд дайнд бөөнөөрөө морддог шиг тийм том хүрээллээр хамрагдахгүй шүү дээ. Тийм учраас нэг хэсэг эрчүүд яалт ч үгүй үлдээд, хийх ажилгүй болчихоод байгаа юм. Харин нийгмээс ирж байгаа ачаалал эмэгтэй хүнд арай илүү буугаад байна уу даа гэдэг бол зүгээр л ямар ч менежерийн хүлээдэг эрсдэл. Тэрнээс биш үүнийг би хүйсийн ялгаа гэж харахгүй байна.


Ц.А. Эр нөхөр гэдэг хүн өнөөдөр олборлогч биш байсан ч эмэгтэй хүнд хэрэгтэй юу?

Ц.О. Арга билэг дээр амьдрал зохицно гэдгийг би нээгээгүй. Би өөрөө ганцаараа байж байж, тийм ийм байх ёстой гээд яриад байх ч хаашаа юм. Хань минь нас барсан учраас миний хувьд хүнтэй суухгүй байх шалтгаан нь хүүхэд юм. Нийгмийн өөрчлөлтийн хүндрэлийг тэд минь их багаасаа туулсан, гэр орны хүндрэлийг давсан, би нааш цааш нь авч яваад соёлын цочролд хоёр гурав оруулчихлаа. Ийм тохиолдолд танихгүй эрэгтэй хүн гэр бүлдээ авчирч, дахиад шоконд оруулахаасаа татгалзаж, эмэгтэй хүний хувьд хүүхдээ хамгаалах сэтгэхүйгээр нөхөргүй байх сонголтыг би ухамсартайгаар хийж байгаа юм. Түүнээс биш хүсч байгаа юу гэвэл мэдээж хүсч л байна шүү дээ. Ер нь бол олон эмэгтэйчүүд ухамсартайгаар ийм сонголт хийж байгаа болов уу гэж би боддог. Ухамсар хүсэл хоёрын дэнсийг яаж тааруулахаа л хараахан олоогүй байна гэх үү дээ.


Ц.А. Чиний адил хүндэтгэх шалтгаангүй ч олон эмэгтэйчүүд бас байгаад байна.

Ц.О. Энийг би ганцхан монголынх гэж харахгүй байгаа юм. Дэлхий даяараа л ийм болчихлоо. Монголын гэр бүл чинь их багадаа гэрлэдэг, ямар ч ухамсарт сонголт хийх шаардлагагүйгээр анхны ариун хайр дурлалаар, эсвэл амьтны цэвэр зөн билгээр бие биендээ татагдаж суудаг. Тэгээд ухамсарт амьдралын замдаа хамт өсөөд явчихаж байгаа учраас бие биенээ нөхөөд бараг нэг хүн болдог нь гэр бүл салахгүй бат бөх оршоод байдгийн учир болдог байx. Гэтэл тусдаа өсч, тусдаа хөгжсөн хоёр хувь хүний зам огтолцох боломж энэ завгүй нийгэмд улам л багасаад байдаг.


Ц.А. Гэхдээ энэ бол зүгээр л нэг болоод өнгөрчих үзэгдэл биш толгой өвтгөсөн тулгамдсан асуудал болчихлоо, тийм үү?

Ц.О. Ер нь олон хүний толгой өвтгөж байгаа асуудал. Ямар сайндаа л Америкт “Эрчүүд Марсаас, эмэгтэйчүүд Ангарагаас ирсэн” гэж ном гарсан байх вэ. Хоёр тусдаа л, мөргөлдөхгүй, огтлолцохгүй яваад байна шүү дээ. Миний бодлоор хүүхдүүдээ монголынхоо эртний заншлаар багаас нь дасгаж үерхүүлж байгаад суулгах ёстой юм шиг байгаа юм. Нууц товчоон дээр хүртэл Тэмүүжинг есөн настайд нь Бөртэ дээр аваачаад хаячихдаг биз дээ. Ид бойжилтын насандаа хамт өсөөд, үзэл бодол нь хүртэл нэг болоод хүмүүжиг гэж л тэр. Түүнээс гадна миний нэг анзаарсан зүйл бол тогтсон амьдралын хэв загвараа өөрчилнө гэдэг барууныхны хувьд маш их эр зориг шаарддаг ажил юм билээ. Гэтэл бидний хувьд тогтонги байдалд байх нь айдас байдаг. Тогтонги царцмал байдалд орохгүй, нэг хэвэнд баригдчихгүй, нэг урсгалд замагшчихгүй байхын тулд байнга хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Стресст оролгүйгээр өөрчлөлт хийж чаддаг нь бидний давуу тал. Жишээлбэл, Америкт байхдаа хүн стресст орох 10 шалтгааны тухай найзуудтайгаа уншиж байсан чинь “нүүх” гэдэг бараг л эхний хоёр, гуравт ордог том шалтгаан гээд биччихсэн байгаа юм. Гэтэл бидний хувьд «Нүүдэл» гэдэг бөөн баяр хөөр ш дээ. Тэгээд бид, өө, энэ чинь шал худлаа судалгаа байна гээд инээлдээд өнгөрсөн. Гэтэл худлаадаа биш, суурин иргэншилтэй хүмүүсээс бид огт ондоо байгаадаа л байгаа юм.


Ц.А. Энэ нь бидний хувьд бас сул тал болж болох уу? Нэг юмаа удаан хийж чаддаггүй, сонирхол нь амархан буурдаг, ажил их сольдог, хаядаг, тэрнээсээ ч айдаггүй, насан туршдаа эрэл хайгуул хийсэн байдалтай, нүүдэллэсэн маягийн болчих гээд байна уу?

Ц.О. Юмыг яаж харахаас л болно. Тал аягатай усыг тал дүүрэн гэх үү, дундуур хоосон гэх үү. Давуу гэж бодвол давуугаар л тайлбарлагдана. Монголчууд их цөөхүүлээ, менеж хийх байр суурин дээр үргэлж байсан гэж би боддог. Тийм учраас өөрчлөлт хөдөлгөөнийг төвөггүй хийж чадна гэдэг менежер хүнд том чанар. Харин ажилтан, гүйцэтгэгч байх хүмүүст нэг юмаараа дагнаад, гүнзгий мэргэшихийн тулд тогтвортой байх нь чухал чанар. Хэрвээ чамд тийм чанар дутагдаад байвал чи цаанаасаа л менежерийн цустай гэсэн үг. Харин нэг юмаа барьж аваад, тогтсон хэв маягаа өөрчлөх хэцүү санагдаад байвал, чи маш сайн гүйцэтгэгч байхаар цаанаасаа төрсөн гэсэн үг.


Ц.А. Америкийн хүүхдийн хүмүүжлийн хэв маягийг орчинд нь байсан хүний хувьд юу гэж боддог вэ?

Ц.О. Би ямар нэг юмыг шүүмжлэхээсээ илүү ажиглалт, дүгнэлт хийx дуртай. Америкт хүүхдийг ганцааранг нь цоожлоод ажилдаа явчихаж болдоггүй ядаргаатай гээд манайхан шүүмжилдэг. Ямарваа хууль дүрэм амьдралаас л урган гарна. Манайхны шүүмжлээд байгаа тэр хуулийн үүссэн шалтгаан нь 70-аад оны хар тамхины тэсрэлтээс үүдэлтэй. 60-аад оны Вьетнамын дайнд явж сэтгэл зүйн дарамтад орсон цэргүүдэд мариуана, xериoн зэрэг хар тамхыг сэтгэлийг нь сэргээх, өвчин намдаах зорилгоор бага тунгаар жороор олгохыг зөвшөөрч эхэлсэн тэр үед хиппичүүд нийгэмд хүчээ авсан, сэкс хувьсгал бий болсон гээд олон зүйлийн шалтгаан давхцаж, хар тамхины наймаа хүчээ авч хяналтаа алдсан юм. Өөрийгөө мэдэхээ больтлоо мансуурсан хүн бүх юмаа хаядаг ёсоор хүүхэд, гэр бүл, гэмгүй хүмүүсийг хүчирхийллээр дарамтлах явдал юу юугүй газар авч эхэлсэн учраас төр нь маш хүчтэй чанга хуулиуд гаргаж эхэлсэн байдаг. Одоо тэр хар тамхины наймааны аймшигт эрин үе өнгөрч, дараа үe нь тийм зүйлийг үзэн ядаж өссөн ч, тайван болсон энэ цагт түрүү үед гаргасан тэр хууль журам одоо ч үйлчилж, хүмүүсийн амьдралд дарамт үүсгээд байгаа хэрэг. Миний мэдэх олон америкчууд үүнд дургүйцэж, системээ шүүмжилж байхыг би сонсож байсан.


Ц.А. Одоо нийгмийн бүх шатанд хүчирхийллийг хорьж л байна. Тэглээ гээд хүчирхийлэл багасах нь бүү хэл хөгжингүй орнуудад хүртэл амиа хорлолт ихсээд байна.

Ц.О. Хориг их байх тусам хүн бухимддаг. Манайд сүүлийн 20 жилийн хугацаанд хэдэн хууль батлагдав, тэгвэл хэдэн зуун жил хөгжсөн оронд хэдэн сая хууль дүрэм батлагдан гарсан байх вэ. Хуульчлах тусам хүний амьдрал хайрцаглагдаж байгаа юм. Нэг жишээ ярихад, америк нөхөртэй монгол хүүхэн нөхөртэйгөө муудалцаад, “Чиний дурсамж шингэсэн нэг ч юмыг авахгүй, хувцсаа боогоод л явчихна. Чамаас саллаа гэхэд би ер хотойхгүйгэх ухааны юм хэлээд, монгол хүний давилуун зан гаргаж байгаа юм. Тэгэхээр нөхөр нь “Тийм ээ тийм, надаас чи юу ч авахгүй гэдгийг чинь би мэднэ, гэхдээ чиний хуульч авна” гэж хэлж байгаа юм. Америкийн тогтолцоогоор гэр бүл заавал хуульчтай сална. Хуульч салгасан мөнгөний хувиар цалинжина. Ингээд зүгээр жаахан муудалцаж байгаад эргээд зөн билгээрээ эвлэрээд нийлчих байсан улсуудын хооронд хуульчид нь орж улам холдуулаад, тэр чигт нь салгаад, бүр үзэн ядалт үүсгээд, эцэстээ ариун дурсамж руугаа хоёр хуульчаар ахлуулан дайрсан харгис хэрцгий тулаан болж дуусдаг.


Ц.А. Бид одоо тийшээ л явж байна даа.

Ц.О. Тийм, гэхдээ бусдыг учиргүй дууриах нь зөв үү, буруу юу гэдгийг оройтоогүй дээрээ бодож үзэх л хэрэгтэй. Зарим зүйлийг хуулиар зохицуулахгүй байя л даа. Түүнээс биш үйлдэл болгоныг, тохиолдол бүрт зориулж хууль хийнэ гэж байхгүй. Яагаад гэвэл хүн чинь өөрөө таагдашгүй амьтан шүү дээ. Машин биш юм чинь ингэж нэг стандартаар хайрцаглаж болохгүй шүү дээ. Ингээд байвал амиа хорлох золгүй тохиолдлын тоо ихсэхгүй гэх баталгаа байхгүй. Хэрвээ чиний алхам бүхнийг боомилоод байвал xүн өөр яах юм бэ. Хашгирч болохгүй, хашгиръя гэхээр Америкт хээр тал байхгүй. Манайд бол гараад л эрх чөлөө шүү дээ. Унаган төрхөөсөө холдох тусам улам л хэцүү болдог юм байна лээ. Ер нь нийгмийн зарим харилцааг яваандаа өөрчилж болдог түр журмаар ч юмуу, эсвэл өмнөх практикаар шийдээд явдаг тийм тогтолцоог манайхан эрэлхийлж болно шүү дээ. Тэрнээс биш яг барууны явж байгаа алдаатай нь харагдаад байгаа замаар явах гээд яахийн бэ. Энд тэнд газар хатгаад, амьсгалах зайгүй шавааралдуулаад, дээрээс нь амьдралын алхам бүрийг хуульчлах гээд улам хүндрүүлээд байх юм бол зуун жилийн дараа бидний үр хүүхдүүд хайрцаглагдсан нийгэмдээ хашгирч дотроо онгойлгож ч чадахгүй болж, улмаар байнгын дарамтанд амьдардаг болж, түүнээсээ болж амиа хорлоод л эхэлнэ шүү дээ.


Ц.А. Монголчуудад өөрийн гэсэн тэр жимийг гаргах оюуны потенциал байгаа гэж чи бодож байна уу?

Ц.О. Урьд нь нэгэнт гаргаж байсан бол гаргаж л таарна. Тэр бол теорем.


Ц.А. Багад 40 настай аав, ээж их л хөгшин юм шиг санагддаг байлаа. Гэтэл 40 насанд үнэхээр амьдрал эхэлдэг юм биш үү?

Ц.О. Нэг гэрт хөгшин хөвөө, хүргэн бэргүй л хамт байдгаас болоод ид залуухан ээж, аавууд амьдралын шаардлагаар бие биенээсээ холддог байж уу гэж би таамагладаг юм. Хүн ёсны хийх ёстой юмаа хийхгүй болоод ирэхээр чинь л хурдан хөгшрөөд, хатаад эхэлдэг байх. Гэрийн амьдралын дутагдалтай тал гэх юмуу даа. Үнэхээр 40 гарсан улсуудыг нийгэм их өөрөөр хардаг байж. 1990-ээд оны эхээр билүүдээ M.Энхсайхан гарч ирээд дөрвөн хүүхэд гаргасан, 40 настай эмэгтэйчүүдийг хүчээр тэтгэвэрт гаргаж байсныг санаж байна уу? Цэл залуухан эмэгтэйчүүдийн бүхэл бүтэн нэг үеийг золиосонд гаргасан маш муухай бодлого явуулсан. Төрийн бодлого буруу байх нь асар их эмгэнэл дагуулдаг гэдгийн нэг жишээг энд дурьдъя. Бөртэ хатныг авсан тэр аймгаас монголын хаадууд хатнаа авдаг уламжлалтай байсан гэдэг. Гэтэл Өгөдэй хаан хөлчүүдээ тэндээс шивэгчин авах шийдвэр гаргажээ. Хатан гаргадаг аймаг нь шивэгчин өгөхөөс татгалзаж. Тэгэхээр нь хааны өмнөөс эсэргүүцлээ гээд тэр аймгийн бүх охидыг авчраад цэргүүдээрээ бүгдийг нь хүчирхийлүүлсэн байдаг. Тэндээс Монголын доройтол эхэлсэн гэдэг. Арга билгээ хамт дээдэлсний үрээр монголчууд их хүчтэй байдаг байсан байна. Олдог нь эрчүүд, олсонд зохицуулалт хийдэг нь эмэгтэйчүүд байна гээд эдийн засгийн тогтолцоо нь зөв яваад байсан хэрэг. Тэгтэл эрчүүд нь олдсон юман дээрээ хаан сууж, менежерийн ухаанаар биш, эрх мэдлийн давуугаар улс орон, айл гэрийг удирдах гэж зүтгэж эхэлсэн тэр цаг үеэс Монголын эмгэнэл эхэлсэн гэж би уншсан юм байна.


Ц.А. “Монгол хатдын нууц”-аас уу?

Ц.О. Тийм ээ, зохиогч нь судлаач хүн учраас ийм сонин дүн шинжилгээ хийсэн байна лээ. Магадгүй тийм биш ч байж болно. Гол нь тэгж сэтгэж, бараг тасарсан баримт үйл явдлууд дундаас ийм гаргалгаа хийж чадсан нь олзуурхууштай санагдсан. Эндээс үүдээд төр ямар нэгэн шийдвэр гаргахдаа нийгмийн үндэс суурь болсон гэр бүлийн тогтолцоо руу халдаж, бүхэл бүтэн үеийг золиослох бодлого явуулна гэдэг бол маш муу үр урхаг тарьдгийг бид одоо харж байгаа шүү дээ.


Ц.А. Бид өөрсдийнхөө уг гарвал, яагаад ийм болсныгоо мэддэггүй. Тэр хүн хөндлөнгөөс харж байгаа болохоор бидний олж үзэхгүй байгаа юмнуудыг хараад тайлбарлаж өгсөн, хоёрт, Монголд элгэмсүү дотно учраас монголчуудыг доош нь хийх ч юм уу, хий хөөрөгдөөгүй зөв талаас л гаргаж өгсөн нь ач холбогдолтой болсон байх.

Ц.О. Монгол эрчүүд олж ирээд л овоолоод хаячихдаг, тэгээд өөрсдөө ялалтаа тэмдэглээд, ууж идээд, ангаа хийгээд явж байдаг гэж бичсэн байгаа юм. Тэр бол одоогийн монгол эрчүүдэд ч нийтлэг үзэгдэл. Би үүнийг уншаад шүүмжлэхээсээ өмнө энэ ерөөсөө байх л ёстой тогтолцоо юм байна, хэдэн мянган жилд ийм л байсан юм байна, тийм болохоор одоогийн байгаа энэ үзэгдлийг байх ёстой бодит нөхцөл гэж хүлээж аваад тэрэнд нь тохируулаад амьдарч яагаад болохгүй байгаа юм бэ гэж бодсон. Барууны эрчүүд тэгдэггүй юм байна гээд харьцуулаад, муулаад байвал монгол эр эмийн хоорондох зай улам бүр л холдоx болно. Хэдэн үеэрээ монгол эрэгтэй хүн ийм л байсан, ийм л байх ёстой, зүгээр л хүлээн зөвшөөр. Тэгээд тэрэнд нь тохирсон менежментээ л хийе л дээ. Ингэж байгаа байдалдаа тохирсон менежмент хийх чинь л монгол эмэгтэйчүүдийн үеийн үед хийж ирсэн ажил шүү дээ.


Ц.А. Гадаад, дотоодод явж байхдаа монгол эрчүүдийгээ бусад орны харчуудтай харьцуулж харж байв уу?

Ц.О. Гадаад эрчүүд эхлээд танилцахдаа их соёлтой, эмэгтэй хүнийг хүндэлдэг, үгийг нь сонсдогт нь хүүхнүүд татагдаад суудаг. Хэдэн жилийн дараа уулзахлаар монгол эрчүүдийгээ л үгүйлээд яриад байдаг юм. Монгол эрчүүд байгалиaсаа халуун цустай, давилуун, менеж хийхэд сонирхолтой. Гэтэл бэлэн сайхан юман дээр очингуут монгол эмэгтэйчүүд менежмент хийх юмгүй болчихоод, юу хийхээ мэдэхгүй болчихож байгаа юм. Зарим мэдрэмжтэй гадаад эрчүүд нь менежмент хийх эрхийг нь өгчихдөг, тийм гэр бүл нь их дажгүй, сэтгэл хангалуун байдаг. Тэгж чадаагүй, барууныхаа хэв маягаар тус тусдаа данстай, бүх асуудал нь тусдаа байгаад байхаар монгол эмэгтэй нь монгол эрээ үгүйлээд, гадаад нөхрөө өөчлөөд байгаа юм. Үндсэн зохицол, мөн чанараа хайгаад байгаа л хэрэг л дээ.

Ер нь монголчууд чинь байгальдаа байж, байгалиасаа эрч хүчээ авч, хат суудаг юм байна. Социализмын үед тэрийг цэрэг нөхөж байсан. Одоо залуучууд давжаадуу болоод л байгаа, адилхан нөхцөлд байгаа охид нь өндөр гоё болоод байгааг та нар анзаарч байгаа биз дээ. Эмэгтэй хүн бол гоё орчинд байх тусмаа өнгө ороод цэцэглээд л байдаг, эрэгтэй хүн бол гоё орчинд байх тусмаа ялзраад нялцайгаад байдаг юм байна. Монгол эрэгтэйчүүд болд шиг давтагдаж, хатаагдаж байж сайхан болдог. Энэ орчны зөрүүг эрэгтэй хүмүүст яаж бүрдүүлэх вэ гэдэгт л төрийн бодлого баймаар байгаа юм.

Уул нь ямар ч оронд төрийн бодлогыг судалдаг том институтууд ажилладаг. Социализмын үед намын дээд сургууль гээд тэр институтын нэг хэсэг нь байлаа шүү дээ. Хайдав гуай, Цогзолмаа гуай, Цагааны Цэгмид гуай нар чинь бүгд л улсаас зохион байгуулсан эрэл хайгуулын бодлогоор гарч ирсэн хүмүүс. Америкт амьдардаг хөөмийчин монгол залуугийн тухай би оюутны ажил болгож жижигхэн сурвалжлага хийж байлаа. Хөдөөний бүр бөглүү суманд байдаг малчин айлын хүүхдүүдийг 80-аад оны сүүл хүртэл Хөгжим бүжгийн сургуулиас багш нар очиж шалгаж авч сонгодог байсан байгаа юм. Улс мэргэжилтнүүдээ бодлогоор хайж олж бэлтгэдэг байсан энэ тогтолцоо нийгэм өөрчлөгдөхөд сүйрчихэж. Энэ бол зөвхөн ил авьяасыг судалж байсан жишээ. Харагдахгүйгээр хийж байсан хар хайрцагны бодлогын ажлууд зөндөө л байсан байх.


Ц.А. Эрэгтэй хүний эдэлж мэдэрч чаддаггүй жаргал, зовлон гэж эмэгтэй хүнд бий юү?

Ц.О. Эрэгтэйчүүд хайрлуулахын жаргалыг эмэгтэй хүн шиг мэдэрдэггүй байх гэж би боддог. Эмэгтэй хүн хайрыг илүү гүнзгий мэдэрдэг учраас үүнээсээ илүү их таашаал эдэлдэг. Зовлон гэх юм бол түм бум. Тоолж барахгүй.


Ц.А. Гэнэтийн аюул учрахад эмэгтэйчүүд хамгийн түрүүнд үр хүүхдээ аврахыг боддог бол эрэгтэйчүүд өөрийн амиа л аврахыг боддог гэхчлэн судалгаанууд байдаг.

Ц.О. Эм барс шиг гэж ярьдаг шүү дээ. Түүн шиг эмэгтэй хүнд үр хүүхдээ хамгаалах холбоос байдаг, тэрнээс үүдсэн зовлонгууд бас гарч ирнэ. Эмзэг учраас хэт олон юманд зэрэг санаа зовдог. Ганц хүүхдээр тогтохгүй шүү дээ, гэр орон, аав ээж, ах дүү, найз нөхөд гээд санаа зовохгүй юм байхгүй. Зурагтаар харсан хэцүү зүйлд ч сэтгэл нь өвдөнө, зовлонтой кино үзэж шанална гээд... Тэгж зүрхнийхээ булчинг их ажиллуулдаг болохоор бас эрүүл байдаг ч байж магадгүй, эрэгтэй хүмүүс цус харвахдаа их амархан. Харин эмэгтэй хүнд зүрхний булчингийн агшилт огшилт бол байнга шүү дээ. (инээв. Ц.А.)


Ц.А. Оргазмын үед эмэгтэй хүний мэдэрч байгааг эрэгтэйчүүд хэзээ ч мэдэрдэггүй гэж уншиж байсан юм байна.

Ц.О. Нэг их бодож байгаагүй юм байна. Эрэгтэйчүүд унтсан эмэгтэйчүүдийнхээ тоогоор их сагсуурах гээд байдаг юм шиг байна лээ. Хоёр биендээ хоёуланд нь л таашаал өгсөн тохиолдлыг секс гэж ойлговол тэр гайхуулаад байдаг тоо нь хэр өөрчлөгдөх бол. Зүгээр нэг нь эзэрхийлэх юм бол харилцан таашаал биш болно. Ялалтын тоонд оруулахгүй.


Ц.А. Харин эмэгтэйчүүд хэзээ ч тооны талаар ярьдаггүй.

Ц.О. Харилцан таашаалтай байсныгаа л эмэгтэйчүүд авч хэлэлцдэг болохоор тоо чухал биш, харин дурсаж хайрлаж явах нь сайхан байдаг байх.


Ц.А. Хөгжил дэвшилд, зөв шийдвэр гаргахад эмэгчин зангаас нь саад болдог юм эмэгтэй хүнд бий юу?

Ц.О. Эмэгтэйчүүд чинь төрөлх мөн чанараараа их үнэнч хүмүүс байдаг. Үр хүүхэд, гэр бүлдээ, хайрласан хүндээ, аав ээждээ үнэнч гэх мэтээр. Энэ нь эрчүүдийн ямар ч үнээр хамаагүй карьераа хөөх гээд хэн нэгэн дээр хайр найргүй гишгэлж чаддаг тэр үл хайрлах өршөөлгүй зан чанарыг бодвол урагшлахад их саад болдог юм болов уу гэж би хардаг. Эмэгтэй хүн бас олон юманд уягдаад хэтэрхий болгоомжтой байдаг нь зориггүй ч гэж хэлж болмоор.


Ц.А. Харин тус болдог чанарууд гэвэл?

Ц.О. Би ховонд бараг хутгалддаггүй. Гурван эрэгтэй дүүтэйгээ ярих юм байна, ярихгүй юм байна гэдгийг багаасаа ялгаад сурчихсан, бүр хамаг юмаа илэн далангүй ярих эгч шиг эмэгтэй найз байдаггүй. Цаана үлдэж байгаа юмны тухай ер нь өөртэйгөө л ярина.


Ц.А. Амьдралын хатуу хүтүүг давах, өндийгөөд босоод ирэх хүчийг чи хаанаас олдог вэ?

Ц.О. Аяндаа л бий болдог. Тэрнээс биш нэг их ухаан сийлээд байсан юм үгүй. Босч ирсэн түүхүүдээс харахад том ялагдлын дараа тэр нь дандаа ялалт болж хувирсан байдаг. Тэр бол амьдралын эргэлтийн мөч. Тийм болохоор би өнгөрсөнд харамсдаггүй, болох ёстой юм болоод өнгөрч, дараагийн галт тэргэнд суугаад дараагийн буудал руу явна гэж боддог.


Ц.А. Яг одоохондоо биелээгүй байгаа мөрөөдөл юу вэ?

Ц.О. Охинтой болохсон гэж боддог.


Ц.А. Энэ нь цаг хугацааны л асуудал уу, эсвэл хойш тавиад байгаа юу?

Ц.О. Эмэгтэй хүн амьдралдаа хатуу ам тангараг тавих, төлөвлөгөө зохиох хэрэггүй гэж би үздэг. Тэр төлөвлөгөөг эвдэх боломжийг дандаа нээлттэй байлгах ёстой.


Ц.А. Бурхан өөрөө ирж туслахгүй, хэн нэгний гараар л дамжуулж тусалдаг учраас Бурханд таныхаас өөр гар байдаггүй гэдэг. Тусалж байгаа, туслуулж байгаа нь ч чамлангуй хандахын оронд хүн өөрийгөө бурханы чинээнд үздэг бол энэ байдал өөрчлөгдөх магадлалтай юу?

Ц.О. Чи бусдыг хүн гэж боддог болсон тэр үеэс чи өөрөө хүн болно гэсэн үг байдаг.


Ц.А. Ямар ч ов мэх хэрэглэхгүйгээр мөнгө хийх, ажил бүтээх боломж байдаг уу?

Ц.О. Ов мэх гэдгийг ямар утгаар хэрэглэж байгаагаас л болно.


Ц.А. Байгаагаасаа илүү буюу дутуу дүр эсгэх гэх мэт...?

Ц.О. Би тэрийг заль гэж бодохгүй байна. Бизнесээ явуулах л арга. Жишээ нь, реклам сурталчилгааг муугаар ярих юм бол заль мэх. Гэтэл энэ бол мэдээлэл өгч байгаа хэлбэр болохоос заль мэх биш гэж сайн талаас нь харвал сайн л зүйл. Хүний нэг чанарыг янз бүрээр нэрлэж болно шүү дээ. Ер нь бол нэг зүйлийг харах 360-н өөр өнцөг байдаг гэдэг.


Ц.А. Бидний хамгийн хүчтэй үгс бол дуу хоолой гэж М.Цветаева хэлдэг. Чиний мэдрэмж чамд илүү хямрал авчирдаг уу?
Ц.О. Би биеийн тамирын хичээлээс их зугатдаг байлаа. Гэтэл багш маань нэг удаа “Бурхан хүнийг бүтээж байснаа за за энд нэг ийм булчирхай хийчихье, энд нэг илүү шөрмөс байна, нэмчихье гэж хийдэггүй юм” гэж надад хэлж билээ. Намайг гүйж харайж булчин шөрмөсөө чангал гэсэн утгаар л хэлсэн хэрэг л дээ. Цаад утгаар нь ухаад үзвэл хүний биеийн бүх эд эс харилцан уялдаатай гэдгийг хэлээд байгаа юм. Уйлах булчирхай байгаа бол ашиглана, уйлна. Хямрах мэдрэмж байгаа бол юундаа дэмий нөөхөв, хямрана, тайтгарна, эрч хүчээ сэлбэнэ. Энэ бүхэн байх л ёстой үзэгдэл.

Ц.А. Хамгийн багыг хийж байна уу даа гэж өөрсдийгөө чамлах үедээ л бид хамгийн ихийг хийсэн байдаг. Чиний хийсэн хамгийн том зүйл?
Ц.О. Хоёр сайхан хүүгээр минь дүүрсэн миний гэр орон

Ц.А. Өөрийгөө бүхлээр нь зориулахын тулд эхлээд устгах хэрэгтэй гэж үзвэл чи өөрийгөө байхгүй болгож үзсэн үү?
Ц.О. Хэзээ ч үгүй. Миний хувьд өөрийгөө байхгүй болгох нь бүү хэл бодох нь ч боломжгүй зүйл.

21 comments:

  1. Amjilt husie! Saihan yariltsjee.

    ReplyDelete
  2. Taniig sonsoj, bas hiij bui zuiluudiig chini hardag shuu. Amjilt husie.

    ReplyDelete
  3. 2 Anonymous-т: урам хайрласанд баярлалаа.

    ReplyDelete
  4. Saihan yariltslaga bolson bna. Daichin busgui shuu. SF,CA.

    ReplyDelete
  5. маш гоё ярилцлага болжээ асуулт зөв бол хариулт ч бас зөв гэж боддог

    ReplyDelete
  6. Hn-д: Санал нэг бна. Амгалан маш сайн ярилцагч бна лээ. I was impressed.

    ReplyDelete
  7. Bichleguudiin chine xoorond xet ix zaitai baigaa yum bish uu? Ug n blogdoo iluu jaaxan anxaarald xanduulval chamaig unshix xun nadaas avaxuulaad zunduu bii.Sain yariltlaga boljee xuisiin xaritsaanii tuxai tugeemel bish shine sanaanuud gargaj bichsen n iluu taalagdlaa.Goodali unendee tasarxai bichlegtei tsag uyeesee tasarsan setguul magadgui ter n unshigchdiinx toond nuluuldug baix.Amgalan ta nar shig daichin uxaalag busguichuud olon baigaasai.Daan ch tiim bish n xaramsaltai unendee.Chamaig xundelj yavdag shuu Daria (XMEN)

    ReplyDelete
  8. Anonymous-т: блогтоо анхаарал тавихыг хичээеээ. баярлалаа.

    ReplyDelete
  9. Saihan yariltslaga bna. Iimerhuu yariltslaga hiichih setguulch baigaa ni ovoo doo. Gagtshuu;

    manage
    orgasm geh met ugsiig mongoloor yariltsaj heleltsej/bichiltsej boloogui yumuu...

    ReplyDelete
  10. Б.Баясгалан-д: маш зvйтэй санал байна. хойшид анхаарнаа. бас Амгаланд дамжуулах болно. баярлалаа

    ReplyDelete
  11. Өгөөжтэй,сайхан ярилцлага болжээ :-).

    wish u all the best

    ReplyDelete
  12. Хийж байгаа бүх зүйл чинь, харж байгаа өнцөг чинь таалагддаг шүү. Амжилт хүсье. Улам ихийг хийж, Монголын телевизийн урлагт шинэ, шинэлэг, сайхан бүхнийг авчраарай. Баярлалаа

    ReplyDelete
  13. uhaalag saihan yrilzlaga boljee, gol ni asuultiig mash onovchtoi zuv tavijee, Amgaland bas amjilt huseie, Amgalangiin bichlegiig unshih durtai bolood baigaa. Oyundari-d ajiliin ulam ih amjilt huseed, chamd burhan saihan hani ohin zayana gej itgej bainaa, gol ni uzel bodoldoo unench tuushtai baigaarai. nevtruuleg buriig chini uzdeg shuu, nileed hovor sudalgaanii materialaar bayjuulah heregtei sanagdsandaa, buhnii meddeg l engiin barimtuud baina lee. za uragshaa amjilt huseie duudee. Ogoonoo.

    ReplyDelete
  14. Minii bodloor huudel gedeg stress manaihaas uur. Tend gereeree alban ajliin shaardlagaar nuuh 2 jil 3 jil bolood uur uur gazart nuuh gedeg bol uneheer setgel zuin daramt. Deerees ted amidarsan gazar buree ih tuhtai bh durtai. Manaihan huudelchin geh bolhoos barag tednees iluu suurin bolson bna. Ih nuudel huduunuus hot ruu tegeed ireed suurshij bna. Daraagiin shiljilt baihgui

    ReplyDelete
  15. Зун "Гоодаль" сэтгүүлээс таны ярилцлагыг уншиж байгаад дуусгаж чадалгүй, тэр дугаараа дахиж хайгаад олоогүй. Харин twitter-ээр дамжуулан блогийг тань мэдлээ. Дутуу орхисноо ч уншиж дуусгалаа.
    Хүндэтгэж байна.

    ReplyDelete
  16. tanii yariltslagiig unshlaa, taalagdlaa.
    tsaashid jinhene mongol emegtei hun shig myandsan uhaan gargaj, eviig ni taaruulj ih olon zuil hiigeerei gej husie!
    amjilt!

    ReplyDelete
  17. хүндэлж явдаг шүү. ийм сайхан ярилцлага сонин сэтгүүл дээр их ховорхон байх юм даа. асуулт хариулт хоёрыг нь ахин дахин унших дайны ярилцлага гэх үү дээ.

    ReplyDelete
  18. Сайхан ярилцлага байна. Монголын нийгмийг гүн гүнзгий мэдэрч явдаг тань тодорхой харагдав.

    ReplyDelete
  19. Bi ene yariltslagiig unshsan l daa, dakhiad unshsan chini bur ch taalagdchihlaa. Gehdee l emegtei hun uchraas hanitai bolokh heregtei. Chamd burkhan sain hani ilgeekh ni damjiggui.Itgeerei

    ReplyDelete
  20. Маш гоё ярилцлага болжээ. Зүгээр нэг уншаад цаг үеийн мэдээлэл авдаг ярилцлагуудаас илүү болжээ. Таны нэг хариултыг хоёрдахин уншч, эргэцүүлэн бодож тийм ухаарал авах зүйлүүд зөндөө байна. Танд амжилт хүсье

    ReplyDelete