2013-01-25
Иргэдэд ардчилсан үзэл суусан учраас төр засагт шүүмжлэлтэй хандаж байгаа юм
Сэтгүүлч Л.Мөнхтөрийн хийсэн ярилцлага "Өдрийн сонин"-ны 2012 оны 1 сарын 25-ны баасан гаригийн дугаарт нийтлэгдсэнийг блогтоо оруулж байна.
-АН-ын ҮЗХ саяхан хуралдсан. ҮЗХ-г хуралдуулах шалтгаан, гол ач холбогдол нь юунд байв. Таныг л гэхэд ерөнхий нарийн бичгийн даргаар албан ёсоор томилох товтой байсан ч тэгсэнгүй?
-Саяхан аймгуудын Засаг дарга нарыг ЗГХЭГ-аас цуглуулж өргөтгөсөн семинар уулзалт зохион байгуулсан. Хуралд ирсэн аймгуудын дарга нар "ҮЗХ-гоо хуралдуулаад биднийг танилцуулбал яасан юм. Хоёр сонгууль өнгөрчихлөө" гэсэн хүсэлтийг ирүүлсэн. Тиймээс аймгийн Засаг дарга нарыг буцахаас нь өмнө ҮЗХ-г хуралдуулъя гэдэг шийдвэрийг баасан гаригт гаргаад бямба гаригт хуралдуулсан. Ингэхдээ Засгийн газар ямар бүрэлдэхүүнтэй, ямар бодлого барьж ажиллах юм, аймгуудын Засаг дарга нараар хэн хэн томилогдоод байгаа юм гэдгийг нэг бүрчлэн танилцуулж баяр хүргэхээр болсон. Ийм л ёслолын шинжтэй хурал болоод өнгөрлөө.
Миний хувьд жинхэлнэ, жинхлэхгүй гэдэг дээр ач холбогдол өгөхгүй байна. Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч гэдэг урт үгийг бичихгүйн тулд, бэх хэмнэхийн тулд л ач холбогдол өгөхгүй бол өөр асуудалгүй. Албан ёсоор томилогдсоноор миний эдлэх эрх үүрэг, хариуцлага нэмэгдэхгүй, үүрэг гүйцэтгэгч байснаар хасагдахгүй.
-Та бүхэн аймгуудын Засаг дарга нарт Засгийн газрын үйл ажиллагааг танилцуулах зорилготой байсан юм байна. Гэхдээ ҮЗХ-ны хуралд аймгуудын Засаг дарга нар бүгд ирээгүй байсан?
-ҮЗХ-ны хурлаа хийе гэдэг санаачилга урд өдөр нь гарсан учраас зар бүрэн түгээгүй байсан. Тиймээс зарим Засаг дарга нарыг сайд нар яам, яамныхаа чиг үүргээ танилцуулахаар авч явсан нь ҮЗХ-ны хуралтай давхацсан. Энэ нь ямар ч зохион байгуулалтгүй, Засаг дарга нарыг ирсэн дээр нь гэж тодорхойлж хийсэн хурал гэдгийг харуулж байгаа юм.
-Бас ирц бүрдсэнгүй. Уг нь АН-ыг УИХ-д олонхи болсноос хойш анх удаа хийж байгаа ҮЗХ-ны хурал учраас бүгд идэвхтэй оролцох хэрэгтэй байсан байх?
-Энэ хурал ямар ч асуудал шийдэхээргүй байсан. Тэгэхээр ирц чухал биш. Тэгээд ч зарыг богино хугацаанд тараасан.
-ҮЗХ ойрын үед дахин хуралдана гэсэн мэдээлэл байна. Ямар асуудлууд хэлэлцэх бол?
-Намынхаа дотоод асуудлыг шийдэх хурал болох ёстой. Гэхдээ яг хэдийд гэдэг нь тодорхойгүй байна. Харин юуг хэлэлцэх вэ гэдэг дээр олон өөр тайлбар гарч байгаа. Учир нь Улс төрийн намуудын тухай хуулийн хэлэлцүүлэг явагдаж байна. Одоо хэрэгжиж буй Улс төрийн намуудын хуулийг өөрчлөх бас нэг төсөл явж байгаа. Энэ хоёр хуулийн төслийг нэгтгээд баталбал улс төрийн намуудын бүтэц сууриараа өөрчлөгдөнө. Хэлэлцэж байгаа хуулиудыг баталбал намынхаа дүрмийг ингэж өөрчилнө, батлагдахгүй бол энэ хэлбэрээр асуудлаа шийднэ гээд олон өөр хувилбар гарч байна. Тэгээд ч АН дүрмээ өөрчлөхөөр гишүүдээрээ хэлэлцүүлээд эхэлсэн. Аймгийн засаг дарга нарт шинэ дүрмээ тараасан. Шинэ дүрэмд юуг заасан бэ гэхээр сонгуулийн хууль өөрчлөгдсөнөөс үүдэн намын үүр, хороодын гишүүдийн тоо мөн өөр болсон. Хуучин ИТХ 35 хүний бүрэлдэхүүнтэй байгаад түүнийг гурваар үржүүлсэнтэй тэнцэх гишүүнчлэл намын үүрт байх заалттай байсан бол өнөөдөр энэ байдал тэс өөр болж байна. Зарим аймгуудын ИТХ 45 хүний бүрэлдэхүүнтэй болсон байхад зарим аймагт 31 байна. Энэ мэтээр өөрчлөлт их орж байгаа учраас дүрэм зайлшгүй шинэчлэгдэх шаардлагатай.
Бид шинэ дүрмээ одоо байгаа хууль дээр үндэслэсэн. Харин хууль өөрчлөгдвөл бид хэлэлцүүлгээ дахиж өөрчлөөд явуулна гэсэн үг. Тэгэхээр бид удахгүй хуралдуулах ҮЗХ-гоо хуучин дүрмээрээ хуралдуулах уу, шинэ дүрмээрээ хуралдуулах уу гэдэг асуудалтай тулгарч байна. Хуучин дүрмээрээ хуралдуулна гэвэл төрийн албанд орсон ҮЗХ-ны гишүүд автоматаар хасагдана. Тэгээд ҮЗХ-ны шинэ гишүүдийг бүрдүүлэх нөхөн сонгууль явагдана гэх мэтээр уялдаатай олон асуудал байна. Бүх зүйл зэрэгцчихээд байгаа учраас бид ямар асуудлаа яаж хэлэлцэх вэ гэдэг дээр гацаад байгаа. Ямартаа ч үүссэн нөхцөл байдалтай уялдуулж намын дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлгээ эхлүүлж байя гэсэн шийдэлтэй байна.
-ҮЗХ-ны гишүүдийн хэдэн хувь нь төрийн албанд орчихоод байна?
-Нарийн судалгаа гараагүй байгаа. Учир нь процесс одоо ч үргэлжилж байгаа. Яагаад гэвэл төрийн албыг нийтийн алба болгоно, төрийн албанд их олон төрлийн ажил орсон байгаагийн нэг хэсгийг нь чөлөөлье гэх мэтийн бодол, ажлууд байгаа. Үүнтэй холбоотой томилгоо өөрчлөлтүүд хангалттай хэмжээнд хийгдээгүй байгаа. Үүнийг хүлээж байгаа олон хүн байгаа учраас албан ёсны тоог ойрны хугацаанд гаргах боломжгүй.
-Улс төрийн намуудын тухай хууль өөрчлөгдөх нь тодорхой болж байна. Хуулийн өөрчлөлтөөр улс төрийн намууд ямар болохоор байгаа вэ?
-Улс төрийн намуудын тухай хуулийн үндсэн концепцийнх нь хувьд ямар заалтуудыг нь өөрчлөх шаардлагатай вэ гэдэг асуулт гарна. Одоогийн байдлаар манай намуудын үйл ажиллагаа, хууль хоёр нь Европ, Америкийн системийн холимог болчихсон байна. Тухайлбал хандив тусламжаар санхүүждэг, улсын төсвөөр санхүүждэг. Энэ хоёрыг зэрэгцүүлж явах боломжгүй. Тэгээд ч аль аль нь намуудын төлөвшлийн хэмжээний санхүүжилтийг хийж чаддаггүй. Тэгэхээр АН-ынхан намын хандив гэдэг зүйл авлига хээл хахуулийн эх үүсвэр болж байна гэж үзсэн. Байсхийгээд МАН-аас хэсэг залуус шоронд орж, элдэв асуудалд орооцолдоод байгаа нь намынхаа хандивыг зохицуулах гэж явсаар ийм байдалд хүрснийх. Дээрээс нь компаниуд, бизнесмэнүүд ямар зорилгоор хандив өгч байгаа нь тодорхойгүй байдаг. АНУ-ын жишгээр бол татвараас зайлсхийхийн тулд хандив өгдөг. Гол асуудал нь манайд ийм тогтолцоо байхгүй байхад яах гэж хандив өгөөд байгаа юм. Энэ бүхнээ ил болгох хэрэгтэй.
-Намуудын өмчийн асуудлыг хэрхэх саналтай байгаа вэ. Бас намын хатуу гишүүнчлэлтэй байх шаардлагагүй гэж яригдах болсон?
-Гишүүнчлэл гэдэг санхүүтэйгээ холбогдоод байна. Хэрвээ америк зарчмаар явбал гишүүнчлэлгүй байна. Харин Европ зарчмаар явбал хатуу гишүүнчлэлтэй байна. Суурь нь яаж тавигдахаас бүх зүйл шалтгаална. Хатуу гишүүнчлэл Монголд зохихгүй байгаа нь орон нутагт тод харагддаг. Сумын төвийн 500 өрхийн 25 мянган хүн парламентад суудалтай дөрвөн намд хуваагдаж талцаад байгаа юм. Мөнгөтэй болсон намууд орон нутагт хөлтэй болохын тулд өөр өөрийн гэсэн байр барина. Сумын төвийн захиргаа, эмнэлэг, сургуулийн барилга дээр нэмээд зөвхөн намуудын байр л баригддаг. Тэгэхээр намуудын байр гэж нэг л байр байдаг болгоё гэж байгаа. Намууд ялахаараа Засгийн газрын ордонд ороод өрөөгөө аваад суудагтай ижил болгох хэрэгтэй юм байна. Тэгэхгүйгээр нэг их том байшин бариад түүнийгээ арилжааны газруудад түрээсэлдэг байх нь зохимжгүй. Хуучин МАХН-ын байр шатахад тэнд дүүрэн бизнесийнхэн байсан. Тэгээд хохирлыг нь төр барагдуулж байх жишээтэй.
-МАН-ынхан өөрсдийнхөө байрыг хураалгахын тулд, эсвэл байргүй байхын тулд та нарын саналыг дэмжих болов уу?
-Энэ бол зөвхөн АН-ын гаргаж байгаа санал. Хэлэлцүүлгийн явцад бусад намууд саналаа гаргаж хэлэлцээд асуудлыг шийдэх байх. Хуулийн төслийн хэлэлцүүлгээс гарсан сүүлийн хувилбарыг харахад олон өөр санал тусч ашиглахын аргагүй хууль болох зам руугаа явж байна лээ. Тиймээс хуулийн төсөл яаж ч боловсруулагдсан манай нам энэ бодол дээрээ хатуу зогсоно.
-Хэрвээ хандивыг зогсоох хуультай болбол жижиг намууд үйл ажиллагаа явуулах боломжгүй болох юм биш үү?
-Ардчилсан нийгэмд намуудын хамгийн гол шалгуур нь сонгууль. Аль ч шатны сонгуульд ялалт байгуулдаггүй юм аа гэхэд суудал авсан нам ард түмний өгсөн татвараас санхүүжилт авч төсвийн хуулийн дагуу тайлангаа тавиад явна. Муу дүн авсан намд санхүүжилт олдохгүй гэсэн үг.
-Засгийн газар АН-ын арын албаныхны хүссэнээр ажиллаж чадаж байна уу?
-Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэхэд эрт байна. Мөрийн хөтөлбөрт үр дүн нь тодорхой цаг хугацааны дараа гарах төслүүд орсон. Мөн ажил эхлэхээс өмнө тодорхой хэмжээний судалгаа хийгдэх амлалтууд ч байгаа. Бүтээн байгуулалт гэдэг хүрз бариад эхлүүлчихдэг ажил биш. Тэр ч утгаараа цаг их шаарддаг. Хоёрдугаарт бүтээн байгуулалтууд цаг дулаарахаар эхэлнэ. Тэгэхээр наана нь аль нэгийг нь сайшааж, шүүмжлэх боломжгүй юм. Одоогийн байдлаар хийх ажлуудын хэлэлцүүлэг, судалгаа хийгдэж байна. Барилгын хувьд л гэхэд зургаан хувийн хүүтэй сайхан зээл олгогдож байна гэж байгаа ч өртөг нь насаараа төлж барахааргүй их байдаг. Тэгэхээр одоо барилгын ажил эхлэхээс өмнө үнийг нь буулгах ажлыг л ярих ёстой. Засгийн газар энэ ажлаа хийж асуудалд холбоотой хүн бүрийг хүлээн авч уулзаж байгаа. Ингэж л ажиллаж байна.
-Гэхдээ таван сарын хугацаа өнгөрлөө. Энэ хооронд судалгаагүйгээр тогтоол шийдвэр гаргаж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан нь бий?
-Буруу рультэй машины хувьд тогтоол шийдвэр гаргаагүй. Аливаа ажлыг хийхдээ иргэдээсээ асууж байж явуулдаг болъё гэсэн шинэ соёлыг оруулж ирэхийн тулд ажиллаж байна. Эрх баригчдын бодлого шийдвэр гэдэг нийгмийн тодорхой бүлэгт нь таалагдаж байхад нөгөө хэсэгт нь таалагддаггүй. Тэгээд ч Замын цагдаагийн газрынхан осол аваар буруу рультэй машинаас болж байна гэж яриад нийслэл түүнийг нь шийдэхээр иргэдээсээ асуусан юм байна лээ. Сайтуудын сэтгэгдлийн тухай ч гэсэн үүнтэй ижил. Асуудлыг шийдэхээр ажиллаж эхэлсэн. Ард иргэд ардчилсан зарчмаар шүүмжлээд эхлэхээр нь, дээрээс нь төрийн тэргүүн саналаа хэлэхээр нь Сайтуудын холбооныхонд асуудлыг өгчихлөө. Сайн тал нь иргэдээсээ асууж шийдвэр гаргаж байгаа нь зөв.
-Улаанбаатарт байгаа машинуудын 70 хувь нь буруу рультэй. Гэтэл яагаад цөөн машинуудыг нь явуулж, олон машинуудыг нь хорих гээд байгаа юм. Эсвэл АН-ын гишүүд зөв рультэй машин импортолдогт учир байна уу?
-Хардах эрх нь хэнд ч бий. Тэгээд ч энэ олонхи цөөнхийн асуудал биш. Одоогийн байгаа хууль эрх зүйд нийцүүлж асуудлыг шийдэх гэснийх. Хууль таалагдахгүй байж болно. Түүнийг эсэргүүцэж болно. Тэгвэл өөрчлөх саналаа тавь. Эсвэл хууль санаачилдаг хүнд нь ханд. Өөрчлөх боломж нь байгаа. Саяын асуудлуудын хувьд одоогийн хууль нь л ийм байсан. Тэгээд ч өнгөрсөн 20 жилд асуудлыг шийдэхдээ иргэдээсээ асууж байсан удаагүй. Харин иргэдээсээ асуугаад эхлэхээр итгэхгүй байна.
-Засгийн газрын гаргаж байгаа шийдвэрүүд та бүхний 22 жил тэмцэж бий болгох гээд байсан ардчилал чинь мөн үү?
-Ардчилсан үзэл санаа гэдэг чинь иргэн бүрийн тээж явдаг зүйл. Түүнээс ардчилсан төр гэж байхгүй. Төр засаг бол улс орныг удирдан зохион байгуулах ёстой. Заавал ард иргэдэд таалагдаж, баясуулж байх үүрэг хүлээдэггүй. Тэр ажлаа л хийж байгаа. Харин ардчилсан үзэл санаа иргэдэд байгаа учраас, 22 жилийн тэмцэл иргэдэд шингэсэн учраас төр засгийн үйл ажиллагааг шүүмжилж байгаа юм. Иргэдэд ардчилсан үзэл суугаагүй бол төр засгийн шийдвэрийг шүүмжлэхгүйгээр, алга ташаад л хүлээж авна. Гэхдээ төр засгийн ардчилсан байна уу, ардчилсан биш байна уу гэдэг нь гаргасан шийдвэрээсээ л харагдана. Нэг үгээр хэлбэл хувийн хэвшлийн үйл ажиллагаанд гар дүрэх юм уу эсвэл ажиллах нөхцөлөөр нь хангаж өгөөд орхих уу гэдэг зүйл юм. Энэ засаг тэр шугамаар л явж байгаа.
-УИХ-ын үйл ажиллагааны хувьд АН-ынхан цөөнхгүйгээр багагүй хугацааг туулсан. Энэ хооронд өөртөө ашигтай ч бусдад ашиггүй шийдвэрүүдийг гаргаж байсан юм уу даа. Тухайлбал цөөнхгүй байхдаа баталж байсан хуулиуд чинь цөөнхтэй болоод цуцлагдаж байна?
-Амьдрал зогсолтгүй өөрчлөгдөж байдаг баялаг учраас гарч байгаа асуудал бүр дээр хуулийг өөрчлөх гэж УИХ ажилладаг. Бусдын шүүмжилж байгаагаар нэг хатуу хууль гаргачихаад насаараа түүнийг дагах ёстой юм шиг ярьж байна. Гэхдээ тийм биш. Ямар нөхцөл байдал үүсч байна түүнийг ард түмэнд чөдөр тушаа болохгүйгээр шийдэхийн тулд гишүүд тэнд сууж байгаа. Тэр л ажлаа хийж байгаа. Нөхцөл байдал ч маш хурдтай өөрчлөгдөж байна.
-Тэгвэл АН-аас сонгогдсон гишүүд улс төр болоод хуулийн хэр боловсролтой байгаа юм бол. АН-ын гишүүд иргэдийн хөнжил гудас, тогоо шанага руу өнгийсөн хууль санаачлаад байна гэсэн шүүмжлэл бий?
-Тэр гишүүд ард түмнээс мандатаа аваад орж ирсэн. Тэгээд иргэдийн саналын дагуу ямар ч хуулийг санаачлаад орж ирэх бүрэн эрхтэй. Тэдний хийж байгаа үйлдэл ард түмэнд таалагдахгүй байгаа бол дөрвөн жилийн дараа дүнгээ тавиулна. Түүнээс наана нь дүн тавих эрхгүй. Тэр хүн тэнэг хууль гаргаж байна уу, тэнэг зүйл ярьж байна уу гэдэг нь хамаагүй. Тэр байтугай чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Тийм юм санаачлаач, тэгмээр байна гэж шаардах ард түмэн байгаа учраас гишүүд тийм юм яриад байгаа юм. Ууц авах гээд мөнгө нь хүрэхгүй байгаа хүмүүс эмэгтэй гишүүдэд хандсан л байна. Тэгээд л үгийг нь төрд дайж байна. Гэтэл нөгөө хэсэг нь энэ чинь эрх чөлөө гэж байх жишээтэй. Ийм л юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment