Улс төрийн намын гишүүнчлэлийн асуудлаар IDEA олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийг блогтоо оруулж байна. Энэхүү зөвлөмжийг авах ажиллагааг зохион байгуулсан Ерөнхийлөгчийн зөвлөх Сосормаад талархсанаа илэрхийлье.
Танилцуулга
Монгол Улс Улс төрийн намуудын тухай хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа энэ үед монголын хууль тогтоогчид болон намууд тус улс дахь намуудын ирээдүйн талаар мэтгэлзэж, яриа хэлэлцээр хийж байна. Нэг намын ноёрхол, бүх нийтээрээ нэг намд харьяалагддаг байсан уламжлалтай тус улсын хувьд сүүлийн жилүүдэд улс төрийн намын нийгэмд үзүүлэх нөлөө, үүрэг хариуцлагын асуудал эсрэг намын гишүүнчлэл бүхий иргэдийн туйлшрал, намын харьяалал зэргээс шалтгаалан улс төрийн эрх мэдэл олгох зэрэг тодорхой бус, хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа. Үүний хариуд зарим хүмүүс улс төрийн намын харьяаллыг тэр чигт нь байхгүй болгох санал ч дэвшүүлсэн байна. Энэхүү зөвлөмжөөр улс төрийн намын харьяаллыг бүр мөсөн байхгүй болгосноос үүдэх ихээхэн хэмжээний эрсдэл бийг харуулахаас гадна, монгол дахь улс төрийн намуудад тулгарч буй асуудлыг намууд болон түүнийг дэмжигчдийн ардчилсан үүрэг ролийг хадгалах замаар шийдвэрлэх боломж, нөхцлийг санал болгосон зөвлөмж юм.
Намуудын оруулах хувь нэмэр ба үүрэг роль
Улс төрийн намын гишүүдийн үүрэг, роль тухайн нийгмээсээ шалтгаалан өөр өөр байдаг. Жишээ нь АНУ-д намууд голчлон олон тооны албан ёсны бус дэмжигчдийн дэмжлэгт тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг ба тэдний дэмжлэг сонгуулид нэр дэвшигчдийг сонгох болон сонгуулийн компанит ажлыг амжилттай явуулахад голчлон хэрэг болдог байна. Армен, Өмнөд Африк зэрэг орнуудад намууд олон тооны албан ёсны гишүүдтэй байх ба тийм намыг ихэвчлэн олонхийн нам гэж нэрлэдэг. Тэдгээрийн хэдэн зуун мянган гишүүд намын үйл ажиллагаанд төдийлөн оролцох шаардлагагүй ба тэр ч байтугай намдаа гишүүнчлэлийн төлбөр ч төлөх шаардлагагүй тохиолдлууд байдаг. Гурав дахь төрлийн загвар нь пропорциональ, өмнөх 2 загварын аль алиных нь шинжийг агуулсан байдаг. Тэдгээр орнуудын хувьд нам дахь гишүүнчлэлийн тоо нь төдийлөн их биш ч гишүүдийн олонхи нь намын үйл ажиллагаанд идэвхтэй хувь нэмэр оруулж, хөрөнгө санхүүгийн болон бусад төрлийн дэмжлэг үзүүлдэг байна.
Гишүүнчлэлийн журмаа эргэн харж буй аливаа улс төрийн нам тухайн намын гишүүдийн хувьд тухайн нам ямар үүрэг, хувь нэмэртэй байх нь чухал вэ гэдгийг судлах нь зүйтэй. Түүний дараа тэдгээр үүрэг, роль нь тухайн намын нийгэмд оруулах хувь нэмэр хоёрын уялдаа холбоог олж үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хэрэгтэй. Иймд улс төрийн нам нь:
1. Хүмүүсийн оролцоо, интеграцийг дэмжигч өргөн чөлөө байх;
2. Иргэдийг идэвхжүүлэх, уриалан дуудах;
3. Иргэдийн сонирхолыг илэрхийлэх;
4. Бодлого боловсруулж, аливаа боломж, гарцыг тодорхойлох;
5. Намын ирээдүйн лидерүүдийг иргэд дундаас сонгон шалгаруулах;
6. Төрийн хууль тогтоогч болон гүйцэтгэгч биеийг бүрдүүлэх.
Дээр дурдсаныг хэрэгжүүлэхээр намууд иргэдийн дэмжлэгт тулгуурлан ажилладаг. Тэгэхээр хүмүүсийг гишүүд, дэмжигч хэмээн нэрлэхээс илүү тэдний бодит хувь нэмрийг тодорхойлох нь чухал. Энэхүү гишүүд, дэмжигчдийн дундаас нам нь доорхийг олж чадна:
- Иргэдээс намын дэмжлэг авах;
- Иргэдийн бодлого боловсруулах мэдлэгийг болон түүнд оролцох оролцоог нэмэгдүүлэх;
- Намыг ирээдүйд манлайлан удирдагчдыг сонгох;
- Төр, нийгмийн талаар бодлого боловсруулах;
- Намын ирээдүйн удирдлага, манлайллын талаар мэдлэг хуримтлуулах;
- Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн төлөө сонгогдсоныхоо дараа иргэдийг төлөөлөх;
- Гишүүнчлэлийн төлбөр төлөх.
Дэмжигч бүлгүүд
Бидний юу гэж нэрлэхээс шалтгаалан намын гишүүд, дэмжигчид аливаа улс төрийн намд голлох үүрэг рольтой байдаг. Харин хэр олон эсвэл цөөн тооны гишүүд дэмжигчидтэйгээр үйл ажиллагаа явуулах нь тухайн намын өөрийнх нь шийдэх асуудал байдаг. Энэ нь Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл боловсруулахтай холбоотой болоод ирдэг. Учир нь тус хууль ихэвчлэн аливаа улс төрийн нам улсын бүртгэлд бүртгүүлэхэд хэдэн жинхэнэ гишүүнтэй байх болон орон нутагт хэдэн салбартай байх шаардлагыг хуульчилж өгөх замаар намуудын дэмжигчдийн хэмжээг тодорхойлж өгдөг.
Бодит байдал дээр ямар ч нам доорх асуултуудыг өөртөө тавьдаг: намын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд манай намын хэмжээ, гишүүдийн тоо хангалттай байна уу? Эцсийн логик бол ямар ч нам орон даяар өөрийгөө сурталчилж, хангалттай тооны улс төрийн лидерүүдийг гаргаж ирэхийн тулд тодорхой тооны гишүүд/дэмжигчидтэй байх зайлшгүй шаардлагатай байдаг. Хоёрдугаарт, гишүүд, дэмжигчдийн тоо бидний сонирхолд нийцэх үү? Зарим намууд тодорхой үнэт зүйлс, тухайлбал гишүүдийн төлөөлөл нийгмийн олон давхрагыг хангасан эсэх, намын үйл ажиллагааны ил тод байдал зэргийг чухалчилдаг. Тийм төрлийн намууд бодлого боловсруулах болон сонгуульд өрсөлдөх гишүүдийг олон тооны гишүүд дундаас сонгох сонирхолтой байдаг.
Ерөнхийдөө маш цөөн гишүүд л өөрсдийн намын үндсэн үүрэг ролийг дэмжих сонирхолгүй байдаг. Жишээлбэл, хэрэв нам нь өөрийн эрх мэдлийг цөөн хүний гарт шилжүүлбэл тухайн нам улс даяар олон дэмжигчтэй болж чадахгүй. Цаашилбал тийм нам 10, 20 жилийн дараа намаа удирдан авч явж чадахуйц хангалттай олон авьяаслаг иргэдийг гишүүнээ болгон авч чадахгүйд хүрнэ. Мэдээж хэтэрхий цөөн тооны шийдвэр гаргах түвшний гишүүдтэй байх нь тухайн нам нийгмийн өргөн хүрээний төлөөллийг хамарсан, ил тод байдлаар үйл ажиллагаа явуулахад саад болдог.
Нөгөө талаас, хэтэрхий олон шийдвэр гаргах түвшний гишүүдтэй байх нь тухайн намыг удирдах нөхцөлгүй болгож орхидог. Хэрэв хэтэрхий олон гишүүн зөвхөн нэр төдий шийдвэр гаргах эрхтэй болвол тухайн намын үүрэг, зорилго, зорилтыг биелүүлэх идэвхитэй гишүүдгүй болж орхино. Энэ нь намын үүсгэн байгуулагдсан утгыг алдагдуулах хүчин зүйл мөн. Тэгэхээр аливаа намын хэмжээг тодорхойлохдоо хэт том юм уу, хэт жижиг биш, шийдвэр гаргаж түүнийгээ үр ашигтай биелүүлэхэд тохиромжтой тооны гишүүдтэй байх нь чухал.
Намын гишүүнчлэлийн нийтлэг загвар
Намын гишүүд нь бүх үйл явцад адил тэгш байдлаар оролцохгүй. Зарим хүмүүс тодорхой үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэхдээ бусдаас илүү чадварлаг байдаг. Иймд нам бүр өөрийн үйл ажиллагааг доод тал нь 5 төрөлд хуваах хэрэгтэй.
1. Намын кадр: сонгогдсон албан тушаалтан буюу намд алба хашдаг гишүүд;
2. Идэвхитэй гишүүд: бодлого боловсруулах хуралд оролцож, олон нийтэд хүрэх, тэднийг дагуулах, улс төрийн намыг өргөжүүлэн тэлэх ажилд оролцдог гишүүд;
3. Оролцоо бүхий гишүүд: голцуу намын зөвлөлдөх хурал зэрэг чухал хурлуудад оролцдог гишүүд;
4. Дэмжигч гишүүд: гишүүнчлэлийн төлбөр төлдөг ч бусад байдлаар намын үйл ажиллагаанд төдийлөн оролцдоггүй гишүүд;
5. Албан бус дэмжигчид: намд албан ёсны гишүүнчлэлгүй ч тухайн намын төлөө саналаа өгч, мөнгө хандивлах болон сонгуулийн компанит ажилд тухайн намыг дэмжиж ажилладаг.
Олон улсын чиг хандлага
Энэхүү зөвлөмжид дурдсан улс төрийн намын 3 загвар /АНУ-ын, олонхийн намын болон пропорциональ/ дээр дурдсан 5 төрлийн дэмжигчдээс дэмжлэг авдаг. Доорх схемээс дэмжигч бүлгүүдийн хэмжээ болон тэдний нам дахь оролцоог харж болно.
схем 1: олонхийн нам
схем 2: АНУ-ын хэв маягийн намууд
схем 3: пропорциональ загвар
Олонхийн намын хувьд намын эрх мэдэл цөөн тооны хүний буюу намын кадр болон идэвхтэй гишүүдийн гарт байдаг ба үнэмлэхүйн олонхи нь намд эзлэх байр суурь багатай байдаг. АНУ-ын загвар бодлого боловсруулах зэрэг уламжлалт үүрэг ролийг цөөн тооны хүн гүйцэтгэдэг бол сонгуульд өрсөлдөгчийг сонгох, сонгуулийн компанит ажил эрхлэх зэрэг ажлыг олон тооны гишүүн бус иргэд эрхэлдэг байна. Пропорциональ загварыг авч үзвэл, үүрэг хариуцлагыг гишүүдэд харьцангуй тэгш хуваарилсан байна.
Сургамж авах нь
Эдгээр загваруудаас ямар дүгнэлтэнд хүрч болох вэ? Монгол дахь улс төрийн намууд дэмжигчдийнхээ сонирхсон үүрэг ролийг судалсны үндсэн дээр өөрийн намын бүтэц, дүрмээ тодорхойлох нь зөв. Эдгээр сонголтыг олон улсын чиг хандлагад тулгуурлан хийх нь бусадтай өөрсдийгөө харьцуулж, хожим гарч болох эрсдлээс сэргийлэх боломж олгоно.
Дэлхийн олон оронд улс төрийн намууд хэт цөөн болон хэт олон гишүүд дэмжигчдээс пропорциональ гишүүнчлэлийн бүтэц рүү шилжиж байна. Алгуур дүрэм журамтай, гишүүнчлэлийн үүрэг хариуцлага багатай намууд түүнийгээ өөрчилж байна. Үүний шалтгаан нь:
1. Гишүүнчлэл гэдэг үг хэрэглэгдэхээ больсон ч, гишүүдийн үүрэг роль хэвээр үлддэг. Бодит байдал дээр гишүүнчлэлийг цуцлах тохиолдолд гишүүдийн үүрэг роль нэг бол нам дахь цөөн тооны бүлгэм рүү, эсвэл олон тооны оролцоо багатай албан бус дэмжигчид рүү шилждэг. Хүчтэй бөгөөд идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг намын үүднээс харж үзвэл дээрхийн аль аль нь эрсдэлтэй зүйл. Учир нь цөөн тооны хүнээс бүрдсэн бүлгэм нь цөөн хүний гарт бүх намын эрхийг шилжүүлэх, харин олон тооны албан бус дэмжигчид доорх 3 эрсдлийг дагуулдаг:
1. Янз бүрийн нийгмийн төлөөллөөс бүрдсэн олон тооны хүнээс санал авсны үндсэн дээр бодлого тодорхойлох нь үзэл бодолд тулгуурласан бус санал асуулгын хэв маягт тулгуурласан байдаг.
2. Хэрэв бүх нам ижил бүлгүүдийн дунд ажиллавал нам хоорондын ялгаа арилна. Энэ нь улс төрийн намын бүтцийг үгүй хийх юм.
3. Олон тооны гишүүн бус хүмүүс бодлого тодорхойлдог систем нь тодорхой бус бодлогыг дагуулдаг ба бодлогын тодорхой сонголтууд жижиг бүлгийн хэмжээнд хийгддэг.
Гишүүнчлэлийн хэрэглээг зогсоохын оронд гишүүнчлэлийн түвшин тус бүр ямар үүрэгтэйг тодорхой болгон намаа тэр дагуу зохион байгуулах нь зүйтэй. Дээрх 3 загвар дотроос пропроциональ загвар нь гишүүдийн шийдвэр гаргах тэнцвэртэй нөхцлийг гишүүдийн дунд түгээж чаддаг байна.
2. Намуудыг сонгуулийн машин төдий зүйл болгохгүй байхад анхаарах. Хэдийгээр 3 загвар гурвуулаа гишүүд, дэмжигчдийн дэмжлэгийг эрэлхийлдэг ч, пропорциональ загвар нь намын холбогдолтой асуудлуудад гишүүдийг хамруулдагаараа онцлогтой. Хэдийгээр АНУ-ын загвар сонгуулийн үеэр иргэдийн оролцоо, дэмжлэгийг авч чаддагаараа алдартай ч, дэмжигчидтэй зөвхөн сонгуулийн үеэр л ажилладаг. АНУ дахь улс төрийн намын дэмжигчид бусад орны намын гишүүдийн намын уламжлалт үүрэг, ролийг гүйцэтгэдэггүй. Иргэдийн оролцоо нээлттэй сонгуулийн үеэр болон сонгуулийн компанит ажлын үеэр эрс нэмэгддэг. Сонгууль хоорондын жилүүдэд намууд 4 жил тутам нэг тохиодог их хурлаас өөр шийдвэр гаргаж, зөвшилцөлд хүрэх боломж багатай байдаг. Сүүлийн жилүүдэд АНУ дахь намууд эдгээр сул талуудын талаар арга хэмжээ авах шаардлагатай тулгарах болсон. Хамгийн сүүлд л гэхэд АНУ-ын Бүгд найрамдах нам өөрийн дүрэмдээ намын томоохон үндэсний зөвлөлдөх хурлуудын үеэр тус намын удирдлагыг сольж байхаар тусгасан.
3. Гишүүнчлэлгүй байх нь нам дахь шийдвэр гаргах асуудлыг намын санхүүжилтээс салгах байдалд нөлөөлдөг. Цөөн тооны гишүүд бүхий намууд ихэвчлэн гадны эх үүсвэрээр өөрийгөө санхүүжүүлдэг. Энэ нь ихэвчлэн нам бус чинээлэг иргэд намын холбогдолтой чухал шийдвэр гаргах байдалд нөлөө үзүүлэхэд хүргэдэг. Гишүүнчлэлийн сул систем бүхий намуудтай орнууд нам бус иргэдийн санхүүжилтанд хэт автсанаас үүдэн улс төрийн шийдвэр гаргах асуудал ил тод бус болдгийг ажиглажээ. Үүнд гишүүнчлэлгүй болон гишүүнчлэлийн төлбөр төлдөггүй систем бүхий намууд илүү өртөмтгий байдаг байна.
4. Нам бус этгээдэд шийдвэр гаргах эрх мэдэл хэт ихээр олгох нь намын гишүүдийг эрх мэдэлгүй болгодог. Үүний нэгэн тод жишээ нь саяхан АНУ-д болсон “Цайны хөдөлгөөн” юм. Олон тохиолдолд нам бус иргэдийн хамгийн чухал бөгөөд цорын ганц нөлөөлхл нь Бүгд найрамдах намаас хэнийг сонгуульд өрсөлдүүлэхээр сонгоход оршиж байсан байна. Бүгд найрамдах намын дотор ч мөн адил анхан шатны сонгуулийг нээлттэй бус хаалттай болгох оролдлого гарч байв. Ингэснээр зөвхөн намын гишүүд л сонгуульд өрсөлдөх этгээдийг сонгох боломжтой болох юм.
5. Намын гишүүнчлэл хэмээх ухагдахууныг үгүй болгосноор туйлшрал болон ивээлдээ авах асуудал арилахгүй. Намын гишүүнчлэл нь 2 талаар ардчилсан бус хэмээн шүүмжлэгддэг: Нэгдүгээрт, зарим хүмүүс намд гишүүнчлэлтэй байх нь нийгэмд, ялангуяа хүн ам цөөтэй орон нутагт туйлшралын шалтгаан болдог гэж үздэг. Намын гишүүнчлэлтэй байх нь улсын ажилд орж, цалин авах зэрэг ашигтай бусад зүйлүүдийг дагуулдаг. Гэсэн хэдий ч үнэн хэрэг дээрээ аль ч системд дээрх асуудал гишүүнчлэлийн хэлбэрээс үл шалтгаалан оршдог зүйл. Намын гишүүнчлэлгүй загварыг дагадаг нам бүхий орны иргэд ч мөн адил тодорхой нэг намыг дэмжиж, туйлшрал болон халамж үзүүлэх хэлбэрт шилжих хандлагатай байдаг. Гишүүнчлэлгүй загварыг сонгохоос илүү намууд хэрхэн намын бие бүрэлдэхүүнийг зөв тодорхойлж, намын үйл ажиллагааг нийгмийн давхрагуудын төлөөлөлтэйгөөр, авилгаас ангид явуулах вэ гэдэгт анхаарах нь чухал.
6. Намын гишүүдийг намаас гаргах нь иргэдийн оролцоог дэмжихийн эсрэг үйл мөн. Сүүлийн жилүүдэд техникийн дэвшлээс улбаалан /интернэт, олон нийтийн медиа г.м/ харилцаа холбоо хялбар болсон нь иргэдэд төрийн бодлого, шийдвэр гаргах явцад өөрсдийн шууд нөлөөг үзүүлэх боломжийг нээж өгсөн. Намын гишүүнчлэлийг цуцлах болон гишүүдийн эдлэх эрхийг хязгаарлах нь иргэдийн оролцоог дэмжсэн ардчилсан чиг хандлагын эсрэг арга хэмжээ болно. Эцсийн дүндээ олон тооны хүмүүс бодлогын чанартай асуудлуудыг шийдвэрлэхээр 4 жил тутамд ганц удаа цуглах нь бодлого хэрэгжүүлэх шатанд, удирдагчдаа сонгох асуудалд болон иргэдэд хүрэх асуудлуудад иргэдийн оролцоог хязгаарлах сул талтай. Пропорциональ загвар нь иргэдийн оролцоог бусад 2 загвараас илүүтэйгээр дэмждэгээрээ онцлогтой. Энэ чиг хандлага гишүүнчлэлийн тоо нь буурч буй орнуудын хувьд ч мөн адил байдаг байна: намын хурлууд болон шийдвэр гаргахад оролцдог, сонгуульт албан тушаал хашдаг гишүүдийн тоо нь идэвхтэй бус гишүүд болон дэмжигчдийнхээс илүү багаар буурсан байна. Тэгэхээр аливаа улс төрийн намд тулгарч буй асуудал нь гишүүнчлэлийн тоог багасгах бус чанарыг сайжруулахад л оршиж байна.
Энэхүү зөвлөмж нь улс төрийн намын гишүүнчлэлийг үгүй хийхийн үр дүнгийн талаар судалсны үндсэн дээр хэдийгээр гишүүнчлэлийг байхгүй болгох сонирхол бодит үндэслэлд тулгуурласан ч, ингэх нь ихээхэн эрсдэл дагуулж байдаг гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Улс төрийн намын 3 загвар олон улсын хэмжээнд өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа ч, гишүүнчлэлийн асуудлыг ирээдүйд шийдвэрлэхдээ зөвхөн гишүүдийн тоог бус, тэдний үүрэг ролийг бодолцож үзэх нь зүйтэй. Хэдийгээр 3 загвар гурвуулаа учир дутагдалтай ч, пропорциональ загвар нь намууд үүрэг ролио нийгэм дэх дэмжигчиддээ тэнцвэртэй хуваарилах боломж олгодог тул илүү үр ашигтай, ардчилсан загвар хэмээн үзэж байна.
No comments:
Post a Comment