2013-04-02
Шоронгоос удирдаж байгаа хүний саварт шинэчлэгдэж ядаж байгаа намаа атгуулъя гэж бодохгүй байлгүй дээ
"Өдрийн сонин"-ы сэтгүүлч Т.ГЭРЭЛМАAгийн хийсэн ярилцлагыг блогтоо оруулж байна. Болгооно уу.
-АН ойрын өдрүүдэд ямар асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна вэ?
-УИХ, Нийслэл, орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль өөрчлөгдөж, улс төрийн намуудын сонгуулийн эрх зүйн орчин, тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Ардчилсан нам Үндсэн дүрмээ шинэчлэх гэж байна. Сүүлд болсон гүйцэтгэх зөвлөлийн хурлаар намын үндсэн дүрмийг шинэчлэх ажлын хэсэг байгуулсан байгаа. Тэр ажлын хэсэг нь 2011 оноос эхлэн боловсруулагдсан Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулах өөрчлөлтийн төслийг гишүүдийн өргөн оролцоотойгоор хэлэлцүүлж, хууль эрх зүйн шинэ орчинд тохируулан эцсийн хувилбарыг бэлэн болгох үүрэг хүлээсэн. Сонгуулийн бужигнаан эхлэхээс өмнө нам харьцангуй тайван байх дөрөвдүгээр сарыг ашиглаад, АН бүх аймаг, дүүрэг, сумдын намын удирдлага, гишүүдээрээ дүрмийн төслөө хэлэлцүүлэх дөрвөн долоо хоногийн аян зохион байгуулах гэж байна. Одоогоор намын хэрэг эрхлэх газраас дөрвөн баг зүүн, баруун, урд, хойд гэсэн бүсчилсэн маршрутаар хэлэлцүүлгийн аянд гарахаар зохион байгуулалтын болон бэлтгэл ажлаа базааж байна.
-МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ард түмнээс асууж байна. Тэгвэл танай нам намынхаа дүрмийн өөрчлөлтийг асуухаар болсон байна. МАН арай том хүрээнд, АН хэтэрхий жижиг асуудлаар ард түмэнд хандаж байгаа юм биш үү?
-АН аливаа асуудалд оролцоог чухалчилдаг зарчимтай. Өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа аливаа асуудалд шийдвэр гаргахад оролцох ёстой субьектуудын оролцоо хэр хангагдаж байгааг бид хамгийн түрүүнд хардаг. Ийм зарчмыг чухалчилдаг учраас өнөөдөр АН улсын төсвийн хөрөнгө оруулалтын бүхий л санг орон нутагт нь шилжүүлж, түүнийг захиран зарцуулах эрхийг иргэдээсээ асууж байж шийдэх ёстой гэдгийг хуульчилж чадлаа. Иргэдийн оролцоог ингэж өмч хөрөнгийн хуваарилалтаар баталгаажуулж өгсөн ийм том эрхийн шилжилтийг АН, түүнээс нэр дэвшин сонгогдсон ерөнхийлөгч санаачлан, бодит ажил болгож чадлаа.
Үүн шиг улс төрийн хүрээнд өрнөөд байгаа орон нутаг дахь улс төржилтийг хэрхэн сарниулах, намын хатуу гишүүнчлэл цаашид байх эсэх, улс төрийн нам өмч хөрөнгөтэй аж ахуйн нэгж шиг ажиллах нь зөв эсэх, нам маань цаашид бодлогын нам болж төлөвшихөд юу чухал вэ зэрэг тулгамдсан асуудлуудад анхан дунд шатны намын гишүүд маань ямар бодолтой явдагийг бид газар дээр нь очиж сонсохыг чухалчилж байна. Оломгүй далай шиг хүчтэй олны санааг тусгаж байж л аливаа шийдвэр урт удаан насалдаг.
-Засгийн газраас энэ хаврыг бүтээн байгуулалтын улирал болно хэмээн зарласан. Эрх баригч намын удирдлагын хувьд энэ талаар тодруулахгүй юу?
-Засгийн газар өнгөрөгч оны зургадугаар сарын сонгуулиар АН-ын дэвшүүлж, ард түмнээр дэмжигдсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгуулагдсан. Тэрхүү мөрийн хөтөлбөрт цаг хугацаа шаардсан бүтээн байгуулалтын олон ажил тусгагдсан. Үүнийг цаг алдалгүй энэ жил эхлүүлэхгүй бол аливаа томоохон бүтээн байгуулалт ганцхан зун хийгддэггүй, төлөвлөлт, бэлтгэл ажил, хөрөнгө босголт гээд ихээхэн бэлтгэл шаарддаг. Жишээ нь төмөр замын төсөл, аж үйлдвэрийн паркийн төсөл, орон сууцжуулах төсөл зэрэг нь өнгөрсөн УИХ-ын үед манай намаас сонгогдсон гишүүдийн санал санаачилга, уйгагүй зүтгэлийн ачаар батлагдаж, бодит ажил болоход бэлэн болсон байгаа. Ийм учраас энэ удаагийн Засгийн газарт гагцхүү ажиллах л үлдсэн. Цаасан дээр буусан тэр хөтөлбөр төслүүд энэ 2013 оноос эхлээд бодит болж, далан, зам, барилга, шугам хоолой, сууц цэцэрлэг болон сүндэрлэж эхлэх болно.
-Засгийн газраас явуулж буй зарим бодлого үйл ажиллагаанд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тухайлбал, стратегийн ач холбогдол бүхий ордуудыг төр мэдэлдээ авах тухай мэдэгдэл гаргаснаас хойш хөрөнгө оруулагчдын тоо буурсан, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт тавих болсон зэрэг. Та үүнд хэрхэн хандаж байгаа вэ?
-Стратегийн ач холбогдол бүхий орд гэдэг бол улс орны амин чухал эрх ашигтай холбоотой. Ашигт малтмал гэдэг Монгол орны газрын доор байдаг зүйл. Түүнийг газар дээр ил гаргаж тавихын өмнө дээр нь байгаа уламжлалт үйлдвэрлэл, амьдрал ахуйгаа яахав, хэрхэн зохицуулахав гээд хувийн хэвшил тэр бүр шийдэх боломжгүй нийгмийн асуудлууд тоо томшгүй их байдаг. Үүнийг төр мэдэлдээ авч шийдэхгүй бол нэг айл өрхийн эрх ашигт ч нийгэмд томоохон доргион үүсгэх боломжтой. Хөрөнгө оруулагчдын хувьд нийгмийн зохицуулалтын энэ мэт нарийн асуудлыг шийдэх шаардлагын үүднээс төр энэ асуудлыг мэдэлдээ авсан гэдэг талаас нь биш, шууд диктатур хяналт тогтоох гэж байна гэсэн болгоомжлолоор энэ асуудалд хандаж байгааг үгүйсгэхгүй. Улс төр гэдэг яриа хэлэлцээр, харилцан ойлголцлыг л хэлдэг болохоор УИХ, Засгийн газар энэ учраа хөрөнгө оруулагчдадаа тайлбарлан ойлгуулах ажлыг хийх үүрэгтэй. Төр нэгэнт л диктатур хяналт тогтоохгүй нь тодорхой бол түүнийгээ ойлгуулахад тийм ч хүндрэл гарахгүй болов уу. Хэрвээ төр гэдэг үгнээс айгаад байгаа бол зохицуулах ажиллагааг хариуцсан зөвлөл гэх мэтээр тэдний хэрэглэж дассан хэллэгт тохируулаад өөрчлөлт хийж болно шүү дээ. Гол нь зорилгоо зөв ойлгуулах нь чухал. Үүнд мэдээж цаг хугацаа шаардагдана. Түүнээс болоод бага зэргийн хүлээлт үүссэнийг хөрөнгө оруулагчид хөрөнгөө татлаа гэх мэтээр хөнгөн дүгнэлт хийж болохгүй.
Хэвлэл мэдээлэлд тавих хяналтын тухайд энэ салбар маань ямар ч зохицуулалтгүй салбар гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Энэ салбарт миний мэдэх хоёр л хууль байдаг. Нэг нь 1998 оны тунхагийн шинжтэй, дөрвөн заалттай хууль, нөгөө нь түүнээс долоон жилийн дараа гарсан Олон нийтийн радио, телевизийн тухай хууль. Зохицуулалтгүй салбар гэдэг ямар ч дүрэмгүй замын хөдөлгөөнд оролцож байгаатай ижил. Олон хүн "дайруулж", "цааш харсан" байх. Олон байгууллага "гэмтэж бэртсэн" байх. Хэвлэл мэдээлэл нэгнээсээ түрүүлэх гээд ямар ч дүрэмгүйгээр замдаа таарсан хэнийг ч бэртээж гэмтээгээд хохироогоод, шүүмжилсэн нэгнийг нь буцаж ирж бяц дайраад л явж байгаа шүү дээ. Энэ салбарт эрх зүйн зохицуулалт хэрэгтэй гэдгийг би олон нийтийн телевизэд байхдаа ч олон удаа ярьж, илтгэл тавьж, ярилцлага өгөхдөө дурдаж байсан. Зарим илтгэлүүд маань миний блогт одоо ч байж байгаа. Харин энэ зохицуулалтыг үүрэг хүлээсэн төрийн байгууллага ямар аргаар хийх гэж оролдов гэдэг дээр асуудал байхыг үгүйсгэхгүй. Ерөөс аливаа суурь шинжтэй ийм хэмжээний зохицуулалт эсэргүүцэлгүй эхэлнэ гэж угаасаа байхгүй болохоор дүгнэлт хийхэд эрт байна.
-Гэхдээ сэтгүүлзүйн 100 жилийн ойгоор 10 гаруй телевизийг шууд л хаачихлаа. Үүнийг таныг хэвлэл мэдээллийг салбарын угшилтай хүн болохоор асуугаад байгаа юм л даа?
-Дүгнэлт хийхэд эрт байна гэж хэлсэн шүү дээ. Дахиад түрүүнийх шигээ замын хөдөлгөөнөөр жишээ авъя. Хэвлэл мэдээлэл гэх дүрэмгүй замын хөдөлгөөнд жолоо барих эрхтэй 80 гаруй телевизийн компаниуд байна. Тэдний ихэнх нь үзэгчдийн оюун санааг мэргэжлийн бус хаа тааралдсан гадны контентоор хордуулж, байнга аваар осол гаргадаг юм байна. Тэднийг зохицуулахын тулд яах вэ гэж бодож байгаад, эхлээд бүгдийг нь техникийн үзлэгт оруулъя гэж шийдэж. Тэгээд бүрэн бүтэн техникгүй байна гээд цөөн хэдийнх нь эрхийг хассан ийм л үйл явдал болж дээ гэж би харж байгаа.
-Таны одоогийн хийж буй сонгуульт ажил болон мэргэжил хоёр тань дээрх тохиолдолд зөрчилдөөд байна гэвэл та санал нийлэх үү?
-Би энэ салбарт эрх зүйн зохицуулалт хэрэгтэй гэдгийг олон нийтийн телевизэд байхдаа ч хэлдэг, ярьдаг байсан. Угаасаа л ямар ч дүрэмгүйгээр замын хөдөлгөөнд орно гэдэг аюултай, хор хохиролтой шүү дээ. Би нэг илтгэлдээ Монголын рекламны зах зээл дээр эргэж байгаа эргэлтийн хөрөнгө 10 хүрэхгүй тэрбум байхад түүнийг гуч дөчин телевиз хуваагаад хэвийн бизнес эрхлэх ямар ч боломжгүй. Тэгэхээр энэ арилжааны телевизүүдэд улс төрийн мөнгө эргэлдэж байна гэдгийг бүр тооны машин гаргаж байгаад бодож үзүүлж байсан. Улс төрийн мөнгөнөөс хамааран амьдарч байгаа учраас л Монголын телевизүүдэд өнөөдөр сайн чанарын кино, жүжиг, баримтат кино, танин мэдэхүйн цувралууд төрөхгүй байна. Хүн хүч нь ч тарамдаж дууслаа. Энэ байдал энэ салбарыг уруудуулна уу л гэхээс урагшлуулахгүй.
-Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах, улмаар намын гишүүнчлэлгүй болох талаар ярьж байна. Хэрэв ингэсэн тохиолдолд манай улс төрийн нөхцөл байдалд тохирно гэж та бодож байна уу?
-Намын хатуу гишүүнчлэлийг байхгүй болгох нь ийм тийм сөрөг нөлөөтэй гээд олон тайлбар сонсож байна. Би хувьдаа анхнаасаа л хатуу гишүүнчлэл байх ёсгүй гэсэн итгэл үнэмшилтэй явдаг. Яахав, дээр хэлсэн хэлэлцүүлгийн явцад намын маань олонхи гишүүд хатуу гишүүнчлэлийг хэвээр байлгана гэвэл би ардчиллын зарчмаар түүнийг нь дагаад явах ч миний үзэл бодол бол өөрчлөгдөхгүй. Учир нь би намын хатуу гишүүнчлэлийг хүмүүсийн хүзүүнд хүчээр зүүж өгсөн "чого"-той адилтгаж үздэг. Сүүлийн 20 жилийн намын батлах ч дүүрч. Тэрнээс өмнөхийг юу гэх вэ. Тэр чөлөөт сонголтын улмаас өвөрт нь орсон батлах биш шүү дээ. Тухайн үед тэр батлахыг аваагүй л бол ажил амьдрал нь шууд доош дарагддаг байсан цаг. Тэр хүмүүсийн ихэнх нь цаг үе өөрчлөгдсөнийг мэдэж, өөр сонголт хийхийг хүсч байгаа ч өнөөх зүүлттэй "чого"-ндоо баригдаад хулмалзан амьдарсаар байгаа. Хүмүүсийг чөлөөт сонголт хийх нөхцөлөөр л хангаж байвал заавал "чого" зүүж, сэтгэл зүйн дарамтанд оруулах ямар хэрэгтэй юм бэ? Нам сонгуульт гишүүддээ л батлахаа өгч, түүнийхээ хариуд багийн тоглолт, үүрэг хариуцлага нэхэж, татвараа цуглуулаг. Бусдад нь тэгж үүрэг хариуцлага хүлээлгэх ямар ч шаардлага байхгүй. Манай намын төлөө саналаа өгсөн хэдэн зуун мянган гишүүдийг би намын батлахгүй ч АН-ын гишүүд, тэд ялалтын тугийг авчралцсан гавьяатай гэж бодож явдаг. Гэхдээ дахин хэлэхэд, энэ бол миний хувийн бодол шүү.
-Хэдийгээр сурталчилгааны хугацаа эхлээгүй байгаа ч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хүчтэй ярих боллоо. АН-ын зүгээс ямар бодлого, чиглэл баримталж тус сонгуульд оролцохоор ярьж байгаа вэ?
-Одоогоор баттай хэлж чадах зүйл бол АН дөрвөн жилийн өмнө нэр дэвшүүлэн гаргасан одоогийн Ерөнхийлөгчөө дэмжиж ажиллана. Өнгөрөгч дөрвөн жилд тэр хангалттай их зүйл хийсэн. Шууд ардчилал, иргэний оролцоог төсвийн хөрөнгө оруулалтаар дамжуулан эдийн засгийн баталгаатай болгож чадсан гэх ганц ажил нь л бараг хувьсгалын шинжтэй том өөрчлөлт шүү дээ.
-МАН, МАХН нэгдэх тухай ярих боллоо. Үүнд та эрх баригч намын удирдлагын хувьд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
-МАН, МАХН-ын аль алинд нь хуучин соц үеийн тогтолцоогоо үгүйлж, хуучин руугаа тэмүүлсэн эргэж буцах том энерци бодитойгоор оршин байгаа. Үүнтэй сүүлийн 20 жилд боловсрогдсон ардчилсан, зүүний цоо шинэ үзлээр намаа шинэчлэх гэж байгаа хэсэг нь мөргөлдсөөр өнөөг хүрсэн. Байсхийгээд л шинэчлэлийн бүлэг жигүүр гээд зарлагддаг ч өнөөх том энерцид цохигдоод чимээгүй болчихож байгаа харагддаг. Сэтгүүлчид ч гэсэн ярьдаг шүү дээ, зүв зүгээр хүн МАН-д ороод л "сонин болчих" юм гэж. Тэгэхээр "сонин болж" өөрчлөгддөггүй болох эсэх нь өнөөх хуучин руугаа тэмүүлсэн энерцийг залуучууд нь задалж гарч чадах эсэхээс хамаарна. Хэрэв хуучин руугаа тэмүүлэгчид нь одоо ч хүчтэй хэвээр байгаа бол энэ хоёр нам нэгдэх биз.
Улс төрийн соёл төлөвшлийн хувьд аливаа улс төрийн намын баримтлах чухал зарчим нь гэрээндээ үнэнч байх явдал. Манай "Шинэчлэлийн Засгийн газар"-ын бүрэлдэхүүнд "Шударга ёс" эвсэл орохдоо Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч орно гэж үүрэг хүлээсэн. Би МАХН-ыг энэ гэрээгээ хүндэлж, түүнийхээ хүрээнд ажиллана байх гэж итгэж байгаа.
-Эдгээр намуудын нэгдэх тухай яриа хөвөрсөөр 2016 онд сонгуулийн өмнөхөн нэгдэж, АН-д цохилт өгнө гэх юм билээ. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Харин ч энэ хоёр нам нэгдвэл МАН-д байгаа шинэчлэлийн төлөөх залуучууд "Энэ хууччуул ёстой бүтэхгүй нь" гээд хаалттай бүхээгний цаана АН-ын нэр дэвшигчийг сонгож будах бишүү. МАН доторхи эрүүл саруул ухаантай хэн ч улс орныг авилгын ийм өргөн сүлжээнд орооцолдуулж хаячихаад, одоо ч шоронгоос бүхэл бүтэн намыг удирдаж байгаа хүний саварт шинэчлэгдэж ядаж байгаа намаа аваачиж атгуулъя гэж бодохгүй байх. МАН-д тийм "өндөр" үнээр ялалт байгуулах шаардлага ч байхгүй байх.
-Тэгвэл угшил нэгтэй МҮАН-тай АН нэгдэнэ гэх яриа ч үүнтэй зэрэгцэн гарч байгаад та юу хэлэх вэ. Үнэхээр тийм зүйл байж болох уу?
-АН маань ардчиллын төлөөх нам хөдөлгөөнүүдийн нэгдэн нийлэх үйл явцад бүрэлдэн төлөвшиж байгаа нам. Нэгдэн нийлэх үйл явц одоо ч дуусаагүй. Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн үеэр Ногоон намын хэсэг гишүүд бас АН-д нийлсэн шүү дээ. Одоо ч бас зарим намуудаас нэгдэж нийлье гэсэн санал ирж байгаа. МҮАН-ын хувьд тэд МАХН-тай "Шударга ёс" эвсэл байгуулж сонгуульд оролцсон болохоор манайтай нийлэх тухай ярихаасаа өмнө эвслийг задлах шийдвэрийг эхэлж гаргах хэрэгтэй болно. Энэ мэт бодож тооцох олон асуудал байгаа болохоор энэ бол зүгээр нэг сэтгэлийн хөдөлгөөнөөр хийх ажил биш.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment