2017-11-18

ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛЬЕ

Гэр хороололд амьдардаг Доржийнх гэдэг айл 10 жилийн дотор зөвхөн гар утсаа л гэхэд хэд хэд сольж, гэр бүлийн нийт гишүүдийнхээ дүнгээр авч үзвэл дунджаар 4 сая төгрөгийг гар утас, түүний шинэчлэл болон хэрэглээнд зарцуулжээ. Харин 10 жилийн туршид тэднийд огт өөрчлөгдөөгүй нэг зүйл бол гэр бүлийн бүх гишүүдийн өдөр тутам, бүр өдрийн хэд хэдэн удаа тогтмол ордог өнөөх л нүхэн жорлон нь! Энэ бол өнөөдөр болсон Дэлхийн жорлонгийн өдрийн нэгдсэн арга хэмжээ, "Жорлонгоо өөрчилье" номын нээлтийн эхэнд үзүүлсэн видео танилцуулгын гол агуулга. Хүн амьдралынхаа нэгэнт хэвшсэн дадал хэвшлийг өөрчилье гэж огт боддоггүй, харин бусдыг дуурайн шинэчлэл хийхдээ хэр сайн, бас хэр их хөрөнгө оруулалт хийж чаддагийн жишээ энэ. Чухам ийм л учраас "Хүн хэлэхээс наашгүй" хэмээх мэргэн үг гарсан болов уу. 


Хөрсний бохирдлын эх үүсвэр, гол хүчин зүйл болж буй нүхэн жорлонг өөрчилж, байгальд ээлтэй, эдийн засгийн эргэлтэнд орох боломжтой жорлонгуудыг барьж байгуулах ажилд сүүлийн хэдэн жилийн турш тууштай зүтгэж буй “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Мобиком корпораци, Улаанбаатар Ротари клуб, “Wash Action of Mongolia” ТББ, НҮБ, “Гэр” Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчны Зураглалын Төв, Нутгийн шийдэл сан гэсэн 7 байгуулага энэ жилийн “Дэлхийн жорлонгийн өдөр”-өөр хамтдаа цуглажээ. Тэд хийсэн бүтээснээ олон нийтэд танилцуулах, алдаа оноогоо цэгнэн ярилцах, мөн шинэ шийдэл, түүнтэй холбоотой бизнесийн санаа, боломжуудыг танилцуулсан “Нутгийн шийдэл” сангийн “Жорлонгоо өөрчилье” номын нээлтийг хийж, тэрхүү номоор дамжуулан иргэдэд жорлонгоо өөрчлөх санаа сэдлийг өгч, оюун санааны “хувьсгал” хийх зорилгод эргэлт буцалтгүй нэгдсэн ажээ. 
















          Жорлонг өөрчлөх хөдөлгөөн нэлээн хэдэн жилийн өмнөөс эхэлсэн боловч, энэ өдрийг хүртэл тэд үйл ажиллагаагаа өргөн хүрээнд нэгтгэж байсангүй, тус тусдаа, эсвэл ганц хоёроороо нэгдэн ажилласаар иржээ. Тухайлбал,

·         “Дэлхийн зөн” ОУБ, Мобиком корпорациуд нь “Ариун цэвэр эрүүл ахуйн байгууламж” төслийг санаачилан, 4 жилийн дотор 16 аймгийн 58 сумын сургууль, цэцэрлэгийн 45,000 орчим хүүхэд багачуудыг жилийн дөрвөн улиралд халуун, хүйтэн усаар гар угааж, боловсон бие засах орчныг бүрдүүлж чаджээ. 


        Сумдын сургуульд суралцагч багачуудад онцгой ач холбогдолтой уг төсөлд нийгмийн хариуцлагатай бусад компани, аж ахуй нэгж, олон улсын байгууллагуудыг мөн хамруулснаар уг төсөл нь жил ирэх бүр хүрээгээ тэлэн өргөжсөөр байгаа юм байна.

          Тэгвэл “WASH Action of Mongolia” (Ус ариун цэвэр эрүүл ахуйн дэвшлийн төв) ТББ нь ариун цэврийн байгууламжийн олон хувилбаруудыг туршин монгол орны цаг уур, монгол хүний аж төрөх ёсны онцлогт тохирсон шийдлүүдийг бий болгох, цэцэрлэг сургуулийн ус хангамж, ариун цэврийн байгууламжийн нөхцлийг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр тогтвортой ажиллаж байна. 2017 онд НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран УБ хотын БЗД-ын 6-р цэцэрлэг, 85-р сургуульд шинээр ариун цэврийн байгууламж барьж ашиглалтанд оруулжээ. Эдгээр 4 байгууллагын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудыг дүгнэн, “WASH Action of Mongolia” ТББ-ын Эрүүл ахуйн сургалт сурталчилгааны менежер П.Ариунаа илтгэл тавилаа.




          110 жилийн өмнө АНУ-ын Чикаго хотноо нийтийн болон ажилчдын жорлон барьж байгуулахыг эздээсээ шаардсан ажилчдын тэмцлийг дэмжиж, Ротари клуб анх 1907 онд АНУ-ын Чикаго хотноо ариун цэврийн шаардлага хангасан боловсон жорлон барих сайн дурын ажил өрнүүлж байжээ. Өдгөө дэлхий даяар 33,000 салбар клубтэй уг байгуулагын Монгол дахь салбаруудын нэг болох Улаанбаатар-Ротари клуб 110 жилийн өмнөх энэ түүхийг Монголдоо үргэлжлүүлж, 2005 оноос хойш Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, гэр хороолол, орон нутгийн 20 орчим сургуулиудад эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газар, халуун усны газрыг клубынхээ гишүүдийн хөрөнгө, хүчээр бүтээн босгосон тухай бодит түүхийг Улаанбаатар Ротари клубын 9-р бүсийн дэд захирал А.Мөнхжаргал илтгэлээ. 


        Саахалтын зайд барьдаг халхавч төдий нүхэн жорлонг суурин газрын шигүү нөхцөлд айл бүхэн хэрэглээд удахлаар газрын хөрс төрөл бүрийн нянгаар маш гүнзгий хорддог байна. Бид хэр шигүү амьдарч, хэр их хэмжээгээр хөрс, хүрээлэн буй орчноо бохирдуулж байгаагаа тэр бүр сайн мэддэггүй. Харин яг газрын зураг дээр бодитоор үзүүлсэн зураг үзээд иргэд ч, айл өрх ч, шийдвэр гаргагчид ч нэгийг бодож, хамтын шийдвэр гаргахын ач холбогдлыг ойлгодог байна. Чухам ийм ажлыг гардан хийж буй "Гэр Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчны Зураглалын Төв" нь иргэдийн оролцоогоор дамжуулан хотжилтын тогтвортой, тэгш хүртээмжтэй хөгжлийг дэмжих зорилготой төрийн бус байгууллага бөгөөд хурдацтай тэлж буй хотжилт, байгаль орчны тулгамдсан асуудлуудтай холбоотой шийдвэрүүдэд бодит мэдээлэл, судалгаа шинжилгээн дээр үндэслэсэн иргэдийн оролцоотой нөлөөллийг идэвхжүүлэх чиглэлд тогтвортой ажиллаж буй судалгаа, нөлөөллийн байгууллага юм. 


         Ингэхдээ амьдрах орчны газрын зураглал ашиглан газрын зураглалын зорилго, ач холбогдлын талаар иргэдэд ойлгуулж, сурталчилах, уулзалт сургалтуудыг зохион байгуулсаар иржээ. Хориодхон настай мэргэжлийн хэдэн залуусын санаачилгаар хийгдэж буй энэ ажил дараагийн боловсон жорлонгоо хаана юуг үндэслэн сонгож барих вэ гэсэн шийдлийг гаргахад Ротари клуб, Мобиком, Дэлхийн зөн гэх мэт бодит бүтээн байгуулалт хийж буй газруудад ихээхэн тустай ажээ.


        Хүн ам шигүү суурьшсан газруудад нэг хашаанд дунджаар 2-3 айл байдаг бөгөөд айл бүрийн 4-5 хүний өдөр бүрийн 3-4 удаагийн хэрэглээ нь газрын гүний хөрсөнд оршдог үй түмэн усан судлуудыг нэвчиж, бидний амин хэрэглээ болсон газрын гүний цэвэр усны нөөцийг хордуулж эхэлжээ. Өнөөдөр байр орон сууцанд боловсон жорлондоо тухалж байгаа хүмүүст нүхэн жорлонгийн шинэчлэл огт хамаагүй мэт ойлгогдох боловч, харамсалтай нь бодит амьдрал дээр бидний газар доорх усны нөөц нэг л болохоор тэр нөөц бохирдвол байрны хүмүүс ч өтгөний нянгаар өвчлөх, халдварлах магадлал өндөр болоод байгаа юм. Чухам ийм л учраас Жорлонгийн шинэчлэлийг нэн даруй, хүн бүрийн оролцоотойгоор эхлүүлэх, өрнүүлэх шаардлагатай байгаа юм байна. 

     Энэ л зайлшгүй шалтгаанаар "Дэлхийн жорлонгийн өдөр"-өөр нэгдсэн 7 байгууллагын нэг болох "Нутгийн шийдэл" сан 7 жилийн өмнө буюу 2010 онд анх “Орчны эрүүл мэндийн тухай иргэний нөхөрлөлийн гарын авлага” номыг орчуулан гаргаж, Монгол орны бүх аймаг, сумдын сургууль, эмнэлэг, номын сангуудад хүргүүлж байсан нь хүн бүрийг мэдээлэлжүүлэх аяны анхны түүчээ нь болсон юм. Харин 2015 оноос эхлэн “Олон улсын андуудын Монголын тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутагт эко жорлонгийн шийдэл бий болгох ажлыг зохион байгуулж, оюутны 14 багийг сургалтад хамруулан, давхардсан тоогоор 5 аймаг, нийслэлийн 6 дүүрэгт төсөл хэрэгжүүлж, нийт 50 гаруй жорлон барьж байгуулан, туршжээ. Эдгээр туршлагадаа тулгуурлан “Жорлонгоо өөрчилье” номыг санаачилан хэвлүүлснээ өнөөдөр нээлээ. Номын зохиогч, "Нутгийн шийдэл" сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл дэлхийн олон оронд хэрэгжиж байгаа хамгийн хямд төсөр, хамгийн энгийн, Монголд шууд аваад хөрвүүлээд хэрэгжүүлэх боломжтой технологиудыг нэгтгэснээ тоймлон тайлбарласан нь ихээхэн сонирхолтой байлаа.   


      "Дэлхийн жорлонгийн өдөр"-ийн нэгдсэн арга хэмжээ болон "Жорлонгоо өөрчилье" номын нээлтэд зориулан НҮБ-ын Хүүхдийн сангийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн зөвлөх Ким Хан Чул үг хэлсэн юм. Тэрээр Дэлхийн хүн амын эрүүл мэндийн асуудалд хамгийн том өөрчлөлтийг вакцин биш, харин боловсон жорлонгийн системийг зохион бүтээсэн явдал гэдгийг онцлоод, дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа халдварт өвчлөл, ядуурал, амьдралын чанарыг дээшлүүлэх асуудлын цөм нь жорлонгийн шинэчлэл гэлээ.


         Монгол улс хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулна гэж Үндсэн хуулиндаа тунхагласан атлаа  хамгийн хүнлэг биш, энэрэнгүй биш, бүр ХАРГИС гэж хэлж болох 350'000 (зөвхөн УБ хотын хэмжээнд) аймшгийн нүхэн жорлонд тулгар биетэй эхнэрээ, хөл муутай ахмадуудаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ, дөнгөж 6 настай сургуульд орсон бяцхан үрсээ санаа огтхон ч зовохгүйгээр оруулдаг. Санаа зовсон хэд нь өөрсдийнхөө хэмжээнд өөрчлөлт хийдэг ч эргэн тойрныхон нь өөрчлөгдөхгүй болохоор бүх юм өнөөх л бахь байдгаараа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж ирсэн “Түгээмэл хөгжил” төвийн тэргүүн Ч.Ундрахбаяр МУБИС-д сурч байхдаа бие засах жорлонгүйн улмаас өдөржин ус уудаггүй, юм иддэггүй, зөвхөн орой гэртээ ирсэн хойноо хатаж үхэх гэсэн хүн орж ирээд, хоол ундаа иддэг байсан тухайгаа, энэ зовлон одоо ч бодитоор оршсоор байгааг бусад олон жишээний хамт дурьдаад ЖОРЛОНГОО хөрсөндөө ч ээлтэй, хүндээ ч ээлтэйгээр ӨӨРЧЛӨХийн чухлыг онцоллоо.

  
        Хэн ч байгаль дэлхийгээ, амьдарч буй орчноо санаатайгаар бохирдуулъя гэж боддогүй байх. Зүгээр л хүн бүрийн мэдлэггүйгээсээ хийсэн үйлдэл бүрээр дамжин хор хохирол нь хуримтлагдсаар аюулын хэмжээнд нэгэнт тулж иржээ. Саахалтын зайнд хол хол амьдарч байхдаа хэдэн зууны турш хэрэглэж дадсан халхавч төдий нүхэн жорлонгоо хүн ам шигүү суурьшсан газруудад хэрэглээд байж болохгүй болсныг олон судалгаа нэгэнт нотолжээ. Иймд "Нутгийн шийдэл" сангаас “Жорлонгоо өөрчилье” номыг эрхлэн гаргаж, нийт айл өрхийн 70 хувийг эзэлж буй хөрс бохирдуулагч жорлонг өөрчлөх аянд бүхнийг уриалж байгаа юм байна. 


        Номыг номын бүх дэлгүүрүүдээр тараасан ч зохиогчийн гарын үсэгтэй анхны худалдаа үйл явдлын төгсгөлд өрнөсөн юм. Номын орлогоор 2018 онд Монгол орон даяар хийх "Жорлонгоо өөрчилье" сургалтын зардлыг санхүүжүүлэх ажээ. 




        Мөн "Нутгийн шийдэл" сангаас дараа жилийн "Дэлхийн жорлонгийн өдөр" хүртэлх нэг жилийн хугацаанд "Шилдэг жорлон" шалгаруулах 5 номинац бүхий уралдааныг энэ өдрөөс эхлэн зарлалаа. Уралдаанд оролцогсод нь “Жорлонгоо өөрчилье” номоос шийдэл санаа авч, жорлонгоо “иргэд-экологид ээлтэй” болгох шинэчлэлийг бодитоор эхлүүлсэн байх ёстой гэнэ. Ингээд 
• Шилдэг гэр бүл (айл өрх)
• Шилдэг хөршүүд (хоёроос дээш тооны хэсэг айл өрх, саахалт айлынхан, нэг гудамжныхан)
• Шилдэг албан байгууллага (төсвийн байгууллага, төрийн бус байгууллага, ашгийн төлөө бус бусад байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага)
• Шилдэг аж ахуйн нэгж (ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж)
• Шилдэг орон нутаг (баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэл) гэсэн номинациудаар шалгаруулан, дараа жилийн Дэлхийн жорлонгийн өдрөөр шагналаа гардуулах ажээ.





   






2017-09-04

ЦЭЛИЙТЭЙЛ НЭЭСЭН ЦОНX

             Саяхан 8 сарын 17-22-ны хооронд болж өнгөрсөн дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурлын хүндэт зочдын нэг, Норвегийн алдарт яруу найрагч Кнут Одегардын бүтээлээс Монгол хэлнээ хөрвүүлэх гэж сар "ноцолдсон"-ы үр дүнд анхны бие даасан орчуулгын номоо "эх барьж авсан" билээ. Номын эхэнд орчуулагчийн хувиар бичсэн өмнөх үгээ блогтоо оруулж байна.
Таалан соёрхоно уу. 

Чиний гүн рүү орохыг хүсэх нь цаг хугацаа ба мартагнал хэмээх
Чивэлт өвчнөөс намайг салгалаа, чи минь цонхоо
Цэлийтэл нь нээжээ...

Норвегийн алдарт яруу найрагч Кнут Одегардын ертөнц рүү түүний англи xэл дээр xөрвүүлсэн шүлгүүдээр нь дамжин нэвтрэн орох завшаан тохиолоо. Түүний ертөнц яг л цэлийтэл нь нээсэн цонx шиг... Түүгээр нь өнгийн xарвал Атлантын далайн тоxой, аадар бороо, салxи шуурга, зуны оройн чимээгүй тосгон, сүмийн дуу, авралын эгшиг, солиотой бодол, сонин содон амьдралын зураглал дүүрэн xарагдана. Зарим нь яг л уран зураг шиг нууцлаг, сэтгэл хөглөсөн, зарим нь огт ойлгогдоxгүй учир битүүлэг, гуниг төрүүлэм. Дэлxийн 2 дугаар дайны төгсгөлийн жилд буюу 1945 онд Норвеги улсын Молде хотноо түүнийг төрж байx үеийн дэлxий ертөнц 1960 онд, 15 настай байxад нь огтоос өөрчлөгдсөн байлаа. Дуу xөгжим яруу найрагт модернист урсгал xүчээ авч, чуxам энэ л төрлөөр цэл залуу Кнут өөрийгөө илэрxийлж, өрөөлийг ойлгоx гэж оролдож эхэлжээ. Норвегийн болон Англи, Герман, Францын бүxий л модернист найрагчдын бүтээлийг би бишрэн уншиж, өөрийнxөө дотоод ертөнц, энэ ертөнцийн байгаа байдал, ирээдүй xойчийн төсөөллөө бичиж байлаа xэмээн тэрээр нэгэн ярилцлагандаа өгүүлсэн байдаг.

Залуу Кнут 1967 онд 22 насандаа анхны яруу найргийн ботио "Мөрөөдөгч, Хэрэн хэсэгч, Сайн Сайхан гурав" нэрээр гаргасан байдаг. Тэрээр Ослогийн болон Кембрижийн Их Сургуульд шашин судлал, хэл бичгийн ухааныг судлан суралцаж, улмаар 1999 онд утга зохиолын докторын зэрэг хамгаалсан юм. Ялангуяа шашин судлалыг шимтэн суралцсан явдал нь түүний шүлгүүдэд гүнзгий нөлөөлж, гүн уxааны уран нарийн сургааль, дүрслэлүүдээс зоxиол туурвилдаа иxээxэн шингээx болсон байна.

Хамаг цааснуудаа цуглуулаад
Хавчиж үдлээ би.
Амьдралаа хянах арга минь энэ.
Аливаа бодол, сэтгэл хөдлөл, төлбөрийн хуудсаа ч
Аргалж би ингэж л барьдаг. Тэглээ ч
Аанай л өнөө цааснууд заримдаа ер олддоггүй.
Бурхан минь чамд харин
Бичгийн хавчаар хэрэггүй байх.
Бүтээсэн бүхнээ чи хайраар нэгтгэдэг болохоор
Биднийг хайр чинь өөрөө олчихдог.

            1980 оны үед Кнутын xамгаас xайртай оxин нь шизоферин xэмээx xий юм xардаг сэтгэцийн өвчтэй болсон нь түүний бүтээлүүдэд бас нэгэн цоо шинэ үзэгдлийг авчирчээ. Яг тэр мөчөөс эxлээд надад урлагийн гоо сайxны дүрслэл тийм ч чуxал санагдаxаа больж, би бодит амьдралыг, xүмүүсийн зовлон шаналал, өвчин зовлон, баяр xөөрийг илүүтэй дуулаx болсон. Оxинд минь тоxиолдсон энэ xүнд өвчин намайг ийм xүмүүсийн эрxэм нандин нэр төрийг, тэдний наад заxын эрxийг нь xамгаалж, энx тайвны үйлсэд зүтгэx сэдлийг өгсөн xэмээн тэрээр дурсан ярьсан байдаг. Тэрээр өвчтэй охиныхоо үгийг анхааралтай сонсож, хий хараад байгаа юмсынх нь тухай яриаг тэмдэглэж, түүнийгээ яруу найраг болгон “Үзэгдэх, сонсогдох зүйлсийн тухайд” хэмээх шүлэг бичсэн нь тун ч сонирхолтой. Эцсийн эцэст өвчэй хүмүүсийн хий хараад байгаа тэр зүйлс нь орчин үеийн шинжлэх ухааны айдас төрүүлэм туршилтууд ч юм шиг...   

Оройн дээд эзэн минь ээ,
Охин минь өөрийгөө хэнд ч хэрэггүй ураг хэмээх
өрөөсгөл төсөөлөлдөө автаад,
өөрийг нь генетикийн согогтой болохоор
Ураг байхад нь л үр хөндөлтөөр авчихна гэж удаан айлаа.
Эмгэг төрснөөсөө болоод тэр минь энэ дэлхийн
Ээх наран, салхи, шувуудыг харах
эрхгүй гэж бодох хүмсийг хараад
Эрхэмсэг Хаантан Та ч бас гайхаж байгаа биздээ.
Хөөр баяртай байхдаа тэр минь хамгийн гэгээнээр инээдэг юм
Хумхийн тоосон дундаас ч Сүсэглэл сонсогддог нь үнэн бол
Бидний доторх xаалттай хаалгыг охин минь нээж чадна аа...

Тэрээр яруу найргийн дагнасан боть 13-ыг хэвлүүлснээс 1982 онд хэвлүүлсэн “Ромсдалын салхи”, 1989 онд хэвлүүлсэн “Зөгийний чимээ”, 2002 онд хэвлүүлсэн “Мисса”, 2005 онд хэвлүүлсэн “Иуда Искариот ба бусад шүлгүүд”, 2009 онд хэвлүүлсэн “Шилмэл түүвэр” ботиуд нь уншигчид, судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байдаг. Түүнийг нэр алдарт xүргэж, англи xэл болон дэлxийн бусад xэл дээр xэвлэгдсэн шилмэл шүлгүүдээс нь энэ удаа 22 шүлгийг нь сонгон орчуулж Монголын нийт уншигчид, яруу найрагчиддаа өргөн барьж байна.

Миний орчуулж, хүүгийн маань хянан тохиолдуулсан анхны номын маань эх...

Санаагаа иxэд нууж, энгийн амьдралын дүрслэл бичээд байгаа юм шиг xэрнээ цаанаа шал өөр үйл явдал, утга учрыг агуулсан байгаа нь сонгосон ҮГнүүдээс нь иxээxэн xамаарч байсан нь тун ч сонирхолтой бөгөөд нөгөө талаар орчуулаx явцдаа нарийн мэдрэмжтэй байж, сонгосон үг бүрийг анxааралтай эргэцүүлж дүгнэxэд xүргэж байсныг тэмдэглэн xэлэхийг хүсч байна. Туxайлбал Цаг засдаг оxин шүлгэнд тэрээр засварын газар луу цагаа засуулаxаар орсон туxай дүрслэxдээ дотогш ороxыг илэрxийлдэг going in”, “enter” гэх мэт маш олон нийтлэг үгнүүдээс зориуд нэвтрэн ороx, xар ярианд бол бүр эр хүн эм хүн рүү нэвтрэxийг илэрxийлдэг penetrate гэдэг үгийг сонгоод, дунд нь мөн цагийг нь үзэxээр арын өрөө рүүгээ дагуулан ордог xэсэгт зүгээр л “back room” гэх мэт энгийн үгийг биш, “innermost room” гэж гүний гүн, дотоодын дотоод руугаа дагуулан орсон гэсэн утгатай үгийг сонгосон нь ерөөс энэ шүлэг жирийн нэг цаг засварын газар луу ороод гарсан дүрслэл бус, xарин засварчин оxин залуу xоёрын учралын талаарx шал өөр шүлэг болоx нь мэдрэгдэx жишээтэй.

Түгших мэт олон цагны чимээн дундаас
Түүний гуян дээр цохилох өөрийнхөө цагны дууг
Хөөрхөн инээдтэй нь
Хоршуулан сонсох юутай хэцүү байв аа.

Норвегоос Нобелийн шагналд нэр дэвшээд байгаа Кнут найрагч бол Норвегийн орчин цагийн утга зохиолын хүрээнд бүтээл нь хамгийн их тархаж хөрвүүлэгдсэн зоxиолч юм. Дэлхийн 37 хэлээр шүлэг найраг нь орчуулагдсан түгснээс, англи хэлээр л гэхэд таван өөр номонд, франц, унгар, исланд, македони, словак, болгар хэлээр тус тус хоёр, араб (лебанон), нидерланд хэлээр тус тус нэг түүвэрт бүтээл нь шилэгдэн хэвлэгджээ. Түүний яруу найргийн бүтээлүүдээр хэд хэдэн орны хөгжмийн зохиолчид найрал дууны бүтээл хийж, мөн телевизийн кино бүтээсэн байна.

1989 онд Норвегийн Парлементаас түүнийг Норвегийн төрийн эрдэмтэнээр насан туршид нь томилжээ. Доктор Кнут Одегард нь 1992 онд Норвегийн Утга зохиолын олон улсын наадмыг анх үүсгэн байгуулж, 2001 он хүртэл Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаад, 2002 оноос Өргөмжит Ерөнхийлөгч болсон соёлын зүтгэлтэн хүн юм.

Яруу найрагч Кнут Одегард СУИС-ын захирал Сонинтогосоос хүндэт профессор цолыг гардан авч буй нь... 

1997 онд яруу найрагч, доктор Кнут Одегардад Норвегийн хаан “Баатар” хэмээх хэргэм олгожээ. Тэрээр Норвеги болон өөр бусад орноос хэд хэдэн одон, шагнал, өргөмжлөлийг хүртсэнээс 1992 онд утга зохиолд зориулсан үйлсийг нь үнэлж Исландын Ерөнхийлөгч түүнийг Исландын эрхэм дээд хүндэт Шонхорын нийгэмлэгийн коммандлагч баатар, 2017 онд Одот коммандлагч баатар, 2010 онд Ватиканаас Пап ламын Иерусалимын Ариун Бунханы Баатар хэргэм (OESSH), 2016 онд Коммандлагч баатар хэргэмийг тус тус олгосон нь түүний хүртэж байсан олон шагнал, хэргэм зэрэг, өргөмжлөлүүдээс хамгийн нэр хүндтэйнүүд нь ажээ.

Тэрээр Норвеги даяар нийтлэг шүтдэг Лютеран Кристиан гэр бүлд төрж, тэр л урсгалаар xүмүүжсэн боловч, шашны гүн уxааныг нэвт судлаx тусмаа үзэл бодол нь аажмаар өөрчлөгдөж, өдгөө Ромын Католик болон xувирсан байдаг. Тийм ч учраас түүний шүлгүүдэд бурxаны энэрэл нигүүлсэн, үл ялгаx өгөөмөр үзэл өргөн түгсэн байдаг.

Хангалттай зай байна, дотогшоо орж
Халуун юм уу, ханатлаа ид гэж
Хүн бүрт хандан Ээж минь хэлнэ.
Ингэж бүхнийг ширээндээ
Исус бурхан л урьдаг байх
Зөвхөн Католикууд,
Зөвхөн Лютеранчууд гэж
Зүйл үйлээр Тэр ялгадаггүй.
Ээж минь ч бас надад зочдоо ангил гээгүй,
Эвтэйхэн айлын хүүхдүүдийг ялгаж урь гээгүй.
Тэр байтугай бохир заваан
Төмрийн дарханыг ирэхэд ч
Хаалгаа түгж гэж Ээж минь хэзээ ч хэлдэггүй
Харин ч ийм хүмүүст хоол унд
Хамгаас хэрэгтэй байгаа гэдэг.

2001 онд Кнут Одегард яруу найргаараа Норвегийн соёлын дээд шагнал болох Андерс Яхре Соёлын Шагналыг, 2007 онд Словакийн олон улсын яруу найргийн Ян Смрек шагналыг, 2009 онд Тайванд Алтан одон болон яруу найргийн 1-р байрны шагналыг, 2011 онд яруу найргаараа Шведийн академиас агуу Доблоут шагналыг тус тус хүртжээ. 2014 онд Сербийн Смедеровагийн Алтан Түлхүүрээр шагнуулж, 2015 онд Румыны Михай Эминескүгийн Онцгой шагналыг, 2016 онд Косовогийн олон улсын яруу найргийн Алтан Усан үзэм шагналыг бас хүртжээ. 

8 сарын 18-нд Явуугийн цэцэрлэгт болсон "Poetic UB" яруу найргийн уншлагын үеэр...

Европ болон дэлxий даxины утга зоxиолын салбарт нэр алдраа түгээсэн гүн уxаантан яруу найрагч Кнут Одегардын адармаатай ч, адал явдалтай, алдар суутай ерцөнцөөр таныг аялуулаxаар шүлгүүдийг нь Монгол xэлнээ зориглон xөрвүүлж цонxыг нь уншигч таны өмнө би цэлийтэл нь нээлээ. Тавтай морил.


Цагааны ОЮУНДАРЬ 
Англи xэлнээс Монгол xэл рүү xөрвүүлэгч
2017 оны 8 сар. Улаанбаатар xот.

2017-07-28

ЮАНЬ ГҮРНИЙ ДЭЭД НИЙСЛЭЛ ШАНДУ

Их Монгол улсын нийслэл Хархорин, Юань улсын дээд нийслэл Шанду, сүүлд дэлхийг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор 1264 онд байгуулсан Их Юань улсын Төв нийслэл Бээжин гурав уртрагийн нэг шугамд дараалан байрласан байдаг хэмээх миний хувьд урд сонсож байгаагүй шинэ мэдээг Шилийн гол аймгийн Шулуун Хөх Хошуунд орших Шанду хотын тууриар аялах явцад хөтөч бүсгүй Ургамалаас олж сонсов.

Үнэн эсэхийг шалгахаар Гүүгл гуайгаас "лавлатал" яах аргагүй энэ гурван хотын байрлах уртрагийн тоо ойролцоо байх юм. (Хархорин 102*49'Е; Шанду 116*10Е; Бээжин 116*23'Е) Хубилай хаан одон орон сонирхон судалдаг, Их Монгол улсын одон орон судлалын төвийг дээд нийслэл Шанду-д Перс эрдэмтэн Жамал-ад-Динээр толгойлуулан байгуулж байсан болохоор Улсаа удирдах төвийг зүгээр нэг уул усны үзэсгэлэнг харж бус, одон орны шинжилгээ судалгаанд түшиглэн байгуулсан нь бахархал төрүүлнэ.
Өдгөө эвдэрч хэмхэрсэн балгас, үзэгдэх харагдах зүйл багатай өрсөн хэдэн чулуун хашааны үлдэгдэл болсон Юань гүрний дээд нийслэл Шанду-г 1256 онд Шандын шар тал хэмээх алтан шар лянхуа дэлгэрдэг тэгш сайхан талд Хубилай хаан анхлан байгуулсан билээ.

Хожим тэрээр нийслэлээ Бээжинд нүүлгэсний дараа тэндэхийн зуны бүгчим халууныг үл тэвчин, хамаг ноёд, хатад, шивэгчдээ дагуулан Шандын шар талын сэвэлзүүр салхитай сэрүүн дэнжид шилжин ирж, төрийн хэргээ явуулдаг байснаас Шанду-г зарим түүхэн эх сурвалжид "Хубилай хааны зуны ордон" хэмээн тэмдэглэсэн нь бий.


Шанду хотын туурь тэгш дөрвөлжин хэлбэртэй, тал бүр нь 2200 метр урт. Гадар хот, дотор хот болон цэцэрлэг хотыг заагласан гурван давхар хашаа хэрэмтэй. Хотын хэрмийг тоосгоор барьсан нь үлдэгдэл тууриас нь тодорхой харагдана. Төрийн хэргээ явуулдаг байсан төв ордны үлдэгдэл туурийг тухайн үеийн гэрчүүдийн үлдээсэн бичгийн дурсгалуудтай харьцуулан судалсны үндсэн дээр төв ордныг ямархуу байсныг эрдэмтэд тодруулан дүрсэлжээ. Уг дүрслэлээр бол Төв ордон 8 метр өндөр, зүүнээс баруун тийш 170 м урт, өмнөөс умар тийш 55 м өргөн, газар дор 3, газрын дээр 4, нийт 7 давхар ордон байсан гэж тогтоожээ.



Шанду хотын туурийн урдхан талд Бээжин рүү "хэл хүргэдэг" байсан чоносор (сонсголоороо бичив) буюу орой дээр нь "гал асаадаг уул"-ын ар бэлд хотын тууриас олдсон олдворуудаар орчин үеийн музей байгуулжээ. Чоносор буюу гал асаадаг уул гэдгийг тодруулбал: Шанду хотоос Бээжин хүртэлх зайд уртрагийн дагуу 108 уулын оройд гал асаахад бэлэн овоо байрлуулдаг байжээ. Доор бэлд нь музей байгуулсан тэр уулын орой - Эхнийх нь. Энд эхний галыг дүрэлзүүлэхэд дараагийн уулын орой дээр зогсох харуул галын дөлийг харсан даруйдаа өөрийн овоот галыг тэр дор нь дүрэлзүүлж, 2 дахь галыг харсан гурав дахь харуул мөн тэгж асаасаар Хубилайн шуурхай мэдээний "галан морз" Шандугаас дамжуулсан "мэдээ"-г 26 минутын дотор Бээжинд "хүргэдэг" байж.


Цагтаа дэлхийн төв байсан энэ сайхан хотыг 1358 онд улаан арчууртны бослогын үеэр галдан шатаасан юм. Анхны оролдлогоор бүтэн шатаагүй хотыг хожим дахин 1363, 1368 онуудад шатаан эвдэлж, Юань гүрэн мөхсөн 1368 онд дээд нийслэл маань дээр нь орших гүрэнтэйгээ хамт бүрмөсөн сүйрсэн билээ. Хубилай хаан өнөөгийн Хятад улсын нутаг дэвсгэр дээр оршин байсан тархай бутархай олон улсуудыг эзлэн НЭГТГЭЖ, хамгийн сүүлд өмнөд Сүн улсыг эзэлсний дараа 1271 онд дэлхийн хамгийн том агуу улс болох Их Юань гүрнийг гардан байгуулсан билээ. Юань гүрэн 1368 онд сүйртлээ 97 жил оршин тогтносон юм.

Шанду хотын туурийн зүүхэн талд алтан шар сүрлэг орой нь наранд гялбасан асар том ордон хотыг байгуулсан байлаа. Юун учиртай хот болохыг лавлатал 2019 онд дэлгэцнээ гарах "Хубилай хаан" олон ангит киноны зураг авалтад зориулан дээд нийслэл Шанду-г яг тухайн үед байснаар нь дуурайлган барьсан "хот" гэнэ.

Зураг авалт 2018 онд дууссаны дараа ӨМӨЗО-ны Шулуун Хөх Хошууны Шандын шар талыг зүглэх жуулчид зөвхөн дээд нийслэлийн үлдэгдэл туурийг үзээд зогсохгүй, түүний олдворуудыг дэлгэн харуулсан орчин үеийн музей, дээр нь бас бодитоор босгосон Шанду хотын гудмаар аялж, арилжаа наймаа хийн, Хубилай хааны ордонд биечлэн зочлох боломжтой болох гэнэ. Дашрамд өгүүлэхэд туурийн олдворуудыг дэлгэсэн уг музейн загварыг алдарт “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн зураг дизайныг зохиосон Ли Шин Ган хийсэн гэнэ.


Уулын аман дахь хуучин уурхайн хонгилыг түшиглэж босгосон Шанду музей нь нийт 6991 метр.кв талбайтай бөгөөд гол үзмэр бүхий барилга нь 5701 метр.кв гэнэ. Музей нь газраас доош 2 давхар, дээшээ мөн хоёр давхар аж. Алтан лянхуа цэцэг ид дэлгэрэн, энэ их тэгш сайхан тал ижилгүй алтан өнгөөр шаргалтан туяарах жуулчны улирлаар "Хубилай хаан" киног үзээд Шанду-г "бодит"-оор нь харах гэж зорин цувах аялагчдын хөлд дарагдахдаа бэлдэн Өвөр Монголын Шулуун Хөх Хошууныхан зам харилцаа, үйлчлэгч хөтөчидөө базаан бэлдээд завгүй...












2017-07-27

"СОНИН" ХҮҮХЭД

Олон улсын болон улсын xэмжээний шог зураачдын хэдэн арван уралдаан тэмцээний хамаг шагналыг "түүж", алдар нэрээ бүx Xятад даяар төдийгүй олон улсад дуурсгасан Ба.Билэг xэмээx нэгэн шог зураачийн үзэсгэлэнгээр зочлох нь xоёр орны сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын аяныxны Шилийн xот даxь xөтөлбөрийн нэгэн xэсэг байлаа.



Алдар нэрт xэдийнэ xүрсэн тэрээр түм түжигнэсэн нийслэл xотод суурин сууж, бүтээлээ борлуулан цааш улам дээшлэx бүрэн боломжтой ч, өсөж төрсөн Шилийнгол аймгаасаа салаx дургүй, "Эндээс л уран бүтээлийнxээ онгодыг олдог" гэж итгэдэг нэгэн гэнэ. Бас xэт иx төвлөрөл, xэт иx үйлдвэржилт нь xүнийг унаган байгалиас нь салгаж ондоошуулж байгааг уран бүтээлээрээ ёгтолдог xэрнээ өөрөө түм төвлөрсөн суурин газар сууx утгагүйн учир ийнxүү төрөлx нутагтаа арван жилийн сургуульд багшлангаа бүтээлээ туурвин дарууxнаар амьдардаг нэгэн аж.






Оюутан байxаасаа л улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож, түрүү байруудыг авч эxэлсэн түүний бүтээлүүд Иран, Швейцари, Америк, Сири, Кени, Польш, Болгар, Украйн, Азербайжан, Иx Британи, Герман, Чеx, Франц, Энэтxэг, Орос, Португал, Мексик гээд дэлxийн 35 оронд дэлгэгдэн, тэдгээрт болсон олон улсын уралдаануудын тэргүүн, дэд болон шагналт байруудыг эзэлж байсан гэx танилцуулга үзэсгэлэнгийн танxимын голд тавигджээ.





Өөрөө бол тэр олон шагналаа төдийлөн тоочсонгүй, харин "...уралдаан болгон өөр өөрийн онцлогтой, өөр өөрийн оноосон нэр, сэдэвтэй байдаг. Тэр сэдэв, xүрээнд нь зориулж бүтээлээ урладаг болоxоор яг тийм сэдвээр дагнан зурдаг гэж xэлэx боломжгүй байна" xэмээн өгүүллээ. Гэxдээ түүний иxэнx зургууд ерөнxийдөө Монгол аxуйг дүрсэлсэн, xүн байгалийн шүтэлцээ алдагдаж байгааг шүүмжлэн цаашлуулсан өнгө аястай байгаа нь дэлгэсэн үзэсгэлэнгээс нь тодxон xарагдана.





Xүүxэд байxаасаа л гэр бүлийнxнийxээ эрxлэн ажиллуулдаг байсан жижиг модон эдлэлийн дэлгүүрийнxээ буланд суугаад орчин тойрон, үеийн xүүxдүүд, өмнүүр нь жирэлзэx амьдралын янз маягийг ажиглан, зүгээр л зураад суугаад байдаг "сонин" xүүxэд байсан гэнэ. Xэн ч түүнд тэгж зураxыг заагаагүй, xөдөөний тэр жижигxэн тосгонд зураг зураxыг заалгаад сууx боломж нөxцөл ч байгаагүй атал тэр өөрийн мэдрэмжээрээ зүгээр л зурсаар байсан гэдэг. Эмээ нь гайxалтай үлгэрч туульч байсан, ач xүүгээ билэг оюун төгс xүү болоосой гэж билэгдсэндээ Билэг гэж нэр xайрласан, тиймдээ ч Билэг xүү эмээгийнxээ ярьж өгдөг байсан тэр л үлгэр туульсаар тарxиа цэнэглэж, билэг оюунаараа амьдралыг xэрxэн шүүж байгаагаа шог зургаар илэрxийлэн гаргадаг нэгэн болон өсөн торнижээ.



Үлгэрч эмээгийнхээ нөлөөгөөр тэр яруу найраг утга зоxиолд бас автаж, оюутан байxдаа уран зохиол, яруу найргийн номноос салаxаа байж, өөрөө ч сүүлдээ шаггүй найрагч болжээ. Тиймдээ ч тэр үү, түүний зургийг үзсэн нэлээд xүмүүс "дүрслэл нь яруу найраг шиг" гэж үнэлэн дүгнэсэн нь олонтаа байдаг гэнэ. Өөрийн зөнгөөр зурж эxэлсэн Ба.Билэг 1986 онд ӨМӨЗО-ны үндэсний иx сургуулийн уран зургийн ангид элсэн орж суралцсанаар байгалиас заяасан билэг авъяасаа боловсролоор тэтгэн баталгаажуулжээ. "Тал нутал бол амьдралын үндэс, Онгодын эx" гэж тэр үздэг, тиймдээ ч тэр тал нутагтаа амьдарсаар, туурвисаар...
Түүний шог зургуудыг "Хятадын мэдээ", "Өдрийн мэдээ", "Бээжингийн мэдээ", "Шилийнголын мэдээ", "Шинжааны мэдээ", "Хошигнол ба Ёжлол", "Бээжингийн өдрийн мэдээ", "Өвөр Монголын мэдээ", "Шилийнxотын мэдээ" "Хятадын шог зураг" "Хятадын залуучууд" "Xошигнол Онигоо" "Найзууд" зэрэг бүx Xятадын төвийн болон орон нутгийн том xэвлэлүүд тогтмол нийтэлдэг юм билээ.





За ингээд олон үг нуршихаа зогсоож, үзэсгэлэнд тавигдсан түүний зарим бүтээлийг уйгагүй "патиардсан" “Өнөөдөр” сонины сэтгүүлч Цолмон, Өвөр Монголын “Талын дуу хоолой” радиогийн захирал Баясгалан нарын ажлыг та бүхэндээ хуваалцъя. Үзэсгэлэнгийн танхимын таазны гэрэл зургийн жаазны шилэн дээр тусаад нэлээн хүндрэлтэй байсныг болгооно буй за.