НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс улс төр дэхь эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих зорилгоор "БүтэнБүлээн" медиа багтай хамтран Монголын нийгмийн манлайлагч бүсгүйчүүдийн түүхийг сурвалжлан "ЭМЭГТЭЙН ТҮҮХ" нэртэй цуврал бэлтгэн гаргаж байгаа юм байна. Миний бие энэхүү сонголтонд багтаж, сэтгүүлч Б.Энхцэцэгт нэлээн удаан "байцаагдсаны" үр дүнд ийм нэгэн түүх бичигдэж, энэ сарын 20-ны "Үндэсний ТОЙМ" сэтгүүлд нийтлэгджээ. Таалан сонирхоно уу.
Ц.Оюундарь: Ардчиллын түүхийг эхлүүлсэн үзэл санаагаа өнөө
хэр хадгалдаг учраас би АН-д байгаадаа үргэлж итгэлтэй явдаг
-Улаанбаатарт 1980-ад оны дундуур
нэгдүгээр хороолол ашиглалтад ороход нүүж очсон анхны айлуудын нэг манайх
байлаа. Би дунд ангидаа хорооллынхоо 81 дүгээр сургууль руу шилжлээ. Тал талаас
ирэгсэд цуглан цоо шинэ хамт олон тэнд бүрдсэн хэрэг. Шинэ орчиндоо дасаж
хараахан амжаагүй хүүхдүүдийн дотроос арай өөр, чөлөөтэй байсан ч юм уу, намайг
Эвлэлийн үүрийн зөвлөлийн даргаар сонгочихсон. Тэгээд л хүүхдүүдийн өмнө гардаг, төлөөлдөг албатай болов. Ханын сонин
гаргасан ч арай өөр хийх, гэхдээ хүүхэд бүрд зориулан нөхөрсөг элэглэл
бичсэнийг ангийнхан уулзахаараа ярьж хөгжилдөнө. Би чинь уг нь том болоод
инженер болох хүсэлтэй, физик математиктаа илүү авьяастай хүүхэд байсан. Учир
шалтгааныг их сонирхдог. Ер нь сониучаасаа, элбэж засах гэсэн элдэв туршилт,
оролдлогуудаасаа болж гэмтэж бэртчих гэж явдаг хүүхэд байсныг гэрийнхэн маань
дурсдаг юм.
Би гурван эрэгтэй дүүтэй, айлын том,
бас ганц охин учраас гэртээ чухал оролцоотой өссөн. Дүү нараа удирдана,
хүмүүжүүлнэ, хооллож ундална, хичээл номоо хийх, гэр орноо харах, за ер нь
зохицуулах, хариуцахыг хар аяндаа л сурсан. Бас их дураараа. Миний дураараа зан
аав, өвөөгөөс надад “ирсэн” өв байх. Миний өвөө нэгдэлд мянган малаа
хураалгасан ч, хүн зарсан феодал байгаагүйгээ нотлох гэж нэгдлийн малыг авч
өсгөн, гурвантаа улсын аварга болж байсан хөдөлмөрч “эсэргүү” байв. Миний аав
М.Цагаан радиогийн сэтгүүлч, Монголд төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоо халагдах
яагаа ч үгүй 1986 онд “Нэгдэл гэж айл нэг л биш” нэвтрүүлгээ хийж чадсан
“эсэргүү” байв. Аав маань их илэн далангүй хүн. Би ааваасаа эрэгцүүлэх,
шүүмжлэх, гарц гаргалгаа бодох, бусадтай хуваалцах гээд бусад хүүхдийн арай
хожуу олдог төлөвшлийг гэртээ, наснаасаа эрт эзэмшээ юү гэж боддог юм.
Дунд сургууль төгсөөд Германд
инженер, эдийн засагчаар суралцахаар бэлтгэж байсан би төгсөх ангийн сүүлчийн
улиралд шилжиж ирсэн нийгмийн багшийнхаа хичээлд гэнэтхэн ухаангүй татагдаж
орхисон юм. Сурах бичигт байдаггүй нийгмийн ухааны ойлголтууд, идеализмын тухай
яриа хөөрөө нь надад хүчтэй нөлөөлж, миний ирээдүйн мэргэжил сонголтыг хүртэл
конкурс өгөх сүүлчийн мөчид эргүүлчихэж билээ. Эрс өөрчлөгдөх нь тодорхой
болсон цоо шинэ нийгэмд тэмүүлж, тэнд хэн байхаа харсан минь сэтгүүлчийн
мэргэжил байлаа. Тэгээд ямар ч бэлтгэлгүй байж Москвагийн сэтгүүлчийн ангийн
уралдаант шалгалтад ороод уначихсан. Дараа жил нь орох болтол социализм
эхнээсээ нуран унаж, зөвлөлт систем тэр чигтээ оюутан авахаа больсон. Тэгээд
хаврын шалгалтанд гадаад явахаар тэнцсэн хэдэн хүүхдийг яамнаас тусгайлан авч
үзэж, тэр үеийн намын дээд сургууль тухайн үед Улс төрийн дээд сургууль болон
статусаа
өөрчилж байх үед нэг анги болгоод оруулсан юм. Сэтгүүлчийн ангид нэг
семестр сурлаа, гэтэл найруулан бичих хичээл голлон ороод байх нь сэтгэлд хүрсэнгүй.
Би чинь дураараа хүн шүү дээ, сургуулийнхаа захиралтай уулзаж, ангиа улс
төр-эдийн засаг судлалаар солиулахыг хүсэв. “Сэтгүүлч хүн зөвхөн бичих
чадвартай байх нь өөрчлөгдөн шинэчлэгдэх гэж буй орчин цагт хангалтгүй. Надад
шинэ нийгэм, улс төр, эдийн засгийн мэдлэг шаардлагатай байна” гэж хэлэхэд
захирал “Бодъё” гэсэн. Удалгүй минийхээр болж, би ангиа солин, улс төр- эдийн
засгаар суралцан төгссөн юм. Төгсөөд үндэсний телевизийн нийгэм, эдийн засгийн
редакцид сурвалжлагчаар ажиллаж байтал намайг улс төрийн тоймч болгов. Миний
өдөр тутмын ажил ардчилсан Үндсэн хууль батлагдсаны дараах анхны ардчилсан
сонгуулиар байгуулагдсан УИХ-ын үйл ажиллагаатай шууд холбогдов. Улс төрийн
шинэ тутам намууд, олон лидер тодорч, улс төрийн нэн шинэ орчинд хөгжлийн бодлого,
замын зураг үүсэн бүрэлдэж байх түүхэн үед миний ажил мэргэжил, миний итгэл
үнэмшил, үзэл санаа, ерөөс миний ирээдүйг тодорхойлсон онцгой цаг эхэлсэн
билээ.
Сэтгүүлчийн карьертаа итгэлтэй,
хүчтэй явсан атлаа 1998 онд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар
ажиллах санал ирэхэд зөвшөөрсөн нь эдийн засгийн хямралт цаг үеийн хорин хэдтэй
залуу хүний л гаргах алдаа, цалингийн ахиуг харсан “жижиг” шийдвэр байв. Тэнд
жил хүрэхгүй хугацаанд ажиллаад эргээд сэтгүүл зүйдээ урьдын адил ажиллах хатуу
бодолтой ирж байгаа юм. Ийм зүйлийг нийгэм хүлээж авдаггүйг би төсөөлөө ч үгүй.
АН гэдэг улс төрийн шошготой болчихсоноо өөрөө ч мэдэхгүй, сэтгүүлч хэвээрээ,
энэ л миний ажил гэж бодож, буцаад эрч хүчтэйгээр ажиллахаар 1999 онд “Ийгл”
телевизийн Монгол талын захирлаар очив оо. Улсын томоохон уурхайнуудыг
нэгтгэсэн “Эрдэнэт концерн” нэртэй корпорацын явуулж буй луйврын схемийг задлан
харуулсан “Зууны луйвар” цуврал нэвтрүүлгээ би сэтгүүлчийн цэвэр мэргэжлийн чиг
баримжаагаар хийсэн. Харин нийгэмд АН-ын захиалгаар хийж байгаа мэт харагдсан
нь олны гэхээсээ намын шошгыг өөртөө наасан миний алдаа болсон юм. Түүнээс
хойших 25 жилийн хугацаанд миний ажил, амьдралд бусдын адил олон үйл явдал болж
өнгөрчээ. Одоо би АН-ын УТЗ-ийн гишүүнээр ажилладаг. Үзэл санаандаа үнэнч үлдэх
эрхээ тууштай эдэлсэн, бас хамгаалсан гэж болно.
АН-д миний зүтгэх шалтгаан бол үзэл
санаа. Манай нам хоёр удаа засгийн эрхийг хагас дутуу авч, үзэл санаагаа
хэрэгжүүлэх боломжийг хэзээ ч бүрэн эдэлж байсангүй. Монголчуудад АН-ын үзэл
санааг бүрэн ойлгох, дүүрэн харах боломж хэзээ ч бүрдэж байсангүй. 2012-2016
оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан Засгийн газрыг Н.Алтанхуяг тэргүүлж
байхдаа үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэхэд Р.Амаржаргал гишүүн
баруун төвийн үзэл баримтлалаасаа ухрах гэлээ хэмээн эрс эсэргүүцэж гишүүнээсээ
татгалзахдаа хүрч байв. Үзэл санааны ийм цэвэр мэтгэлцээн АН-д эрүүлээр өрнөж,
ардчиллын түүхийг анх эхлүүлсэн шигээ өнөөдөр ч энэ чанар нь хадгалагдаж чаддаг
учраас би АН-д байгаадаа үргэлж итгэлтэй явдаг. Ардчилал бол нийгмийн олон
сонирхлын бүлгийг хүлээн зөвшөөрч, дуу хоолой, байр суурь, оролцоог нь
хүндэтгэдгээрээ их гоё систем. УИХ-ын 2024 оны оны сонгуулийн дүнд парламентад
иргэдээ төлөөлөн ажиллах боломж надад олдвол би эрчим хүчний үнийг чөлөөлөх,
татварын орчныг эрүүлжүүлэх, төрөөс бизнесийн орчныг хааж хумьсан бүх төрлийн
хууль дүрэм журмуудыг цуцалж, боломжийг аль болох бүрэн нээх гэхчлэн чөлөөт зах
зээлийн эдийн засгийн суурь бүтцийг боловсронгуй болгох чиглэлд тууштай
ажиллана.
Автор: Б.Энхцэцэг
Tuushtai tulahtai duudee amjilt husie. Chi chadnaa.
ReplyDelete