УИХ-д нэр дэвшсэн нийт эмэгтэйчүүдийн хөргөөс бүрдсэн сэтгүүлийг эмэгтэй сэтгүүлчдийн "Диамонд" клуб эрхлэн гаргаж байгаа юм. Түүнд зориулж зохиолч А.Амарсайхны бичсэн хөргийг блогтоо оруулж байна.
ӨӨР БОДОЛ
/хөрөг/
1989 он гараад байлаа. Ганцхан жилийн дараа Ардчиллын шуурга бүхнийг өөрчлөх юм гэж арван жилийн хүүхдүүд сэжиг ажиг аваагүй үе. Нийслэлийн нэгэн дунд сургуулийн аравдугаар ангид Цагааны Оюундарь гэх сэргэлэн харцтай, шар охин суралцана. Тооны хичээлээр дүүрэгтээ айраг түрүү авч, хотын олимпиадад тоос өргөнө. Тоонд сайн сурагчид МУИС-ийн герман хэлний инженерийн бэлтгэлд элсэнэ гэлцэн сүйд болцгоодгийг дуурайж, “Тэр л хуваарийн төлөө конкурсдэж, Германд суралцах юм шүү” гэсэн зорилгыг өөртөө тавьж, математик физикийн бодлого нухан, шөнө орой болтол суудаг байж.
Гэтэл хичээлийн жилийн сүүлийн хагаст сургуульд нийгэм судлалын шинэ багш ирсэн нь бүхнийг өөр тийш эргүүлчих нь тэр! “Нүдээ аньсан хүн өмнөө ширээ байгааг яаж батлах вэ? ...Тэр ширээг зөөчихлөө гэхэд тэнд ширээ байсныг тэр хүн хэрхэн мэдэх үү?” гэх зэргээр сөргүү асуулт тавьж, эсэргүү хичээл орно. Ангиар дүүрэн “улаан материалист” хүүхдүүд аливааг олон өнцгөөс хардаг болж эрс өөрчлөгдөв. Коммунизмыг туйлын зөв гэж итгэдэг байсан тэр үед өөр сэтгэлгээтэй, өөр багш хүүхдүүдийн тархинд өөр бодлыг суулгаж эхэлсэн нь энэ байлаа. Ингэж л өнөөх тоочин охин нийгмийн ухаанд татагдаж, ирээдүйд байгуулагдах өөр намын, өөр бодолтой залуу хүчний төлөөлөл болох замаа эхэлсэн хэрэг.
1993 онд Төр Нийгэм Судлалын Академийг төгссөн, Монголын үндэсний телевизийн эдийн засгийн албаны сурвалжлагч Оюундарь сэтгүүлзүйд өөр уур амьсгал бий болгоход хувь нэмэр оруулж эхлэв. “ММ” агентлагт тоймчоор дэвшин ажиллахдаа “Эвлүүлэггүй яриа”, “Долоо хоногийн тойм” нэвтрүүлгүүдийг санаачилсан нь одоог хүртэл явсаар л байна. “Ийгл” телевизэд байхдаа хийсэн “Зууны луйвар” нэвтрүүлэг нь сэтгүүлзүйд өөр бодолтой, өөр хүмүүс орж ирсний тод илэрхийлэл болсон. Тийм хурц нэвтрүүлгийг бүсгүй хүн зүрх гаргаж хийсэн нь Монголын сэтгүүлчдэд үлгэр дуурайл болж, зориг өгсөн.
Үүний дараахан учир битүүлэг шалтгаанаар ханиа зуурдаар алдсан бүсгүй 2001 онд АНУ-д явж суралцахаар өөр аргагүй болов. Холын оронд очсон монгол сэтгүүлч бүсгүй өөр бодолтой, өөр хүн гэдгээ бас л батлан харуулж эхэллээ. Хөгжлөөрөө дэлхийд гайхуулдаг гүрний том телевиз харь орноос ирсэн хэн нэгнийг тоож ажилд авах нь нүдний гэм. Гэтэл Оюундарь Америкийн Үндэсний “Си-Би-Эс” телевизэд ассистент найруулагчаар ажиллаж, АНУ-ын “Кей Жи Өү” телевизийн нэрэмжит шилдэг найруулгын шагнал авсан нь түүний чадлыг илтгэдэг.
2006-2008 онд Калифорнийн Их Сургуулийн Сэтгүүл Зүйн Дээд сургуулийг төгссөн Оюундарь эх орондоо ирж, МҮОНТ-ийн захирлаар ажилласан. Өндөр хөгжилтэй оронд сурч ажилласан туршлагатай, өөр бодолтой захирал ирснээр ОНТ телевиз эрс шинэчлэгдсэн гэдгийг сэтгүүлчид санал нэгтэй хэлдэг. Өөр сэтгэлгээтэй, шинэ нэвтрүүлгүүд ар араасаа цуварч үзэгчдийг татаж эхэлсэн. Үндэсний томоохон компанийн бүтэн жилийн маркетинг хийх зардалтай тэнцэх том мөнгө босгоод, 50-иас дээш ангитай сериал киног Монголд хийнэ гэдэг үлгэр юм шиг санагддаг байсан нь дөнгөж өчигдөрхөн. Гэтэл энэ захирал зориглон зүтгэж, өөр сэтгэлгээ, өөр маркетингийг нэвтрүүлж 60 ангитай “Хэцүү анги” сериалыг хийх мөнгийг босгож, телевизийн урлагийн түүхэнд тэсрэлт болсон киног бүтээж чадсан гэж мэргэжлийнхэн дүгнэдэг. Одоо телевизийг цогцоор нь өөрчлөх, кино павильон, концертын их танхим барих зэргээр томоохон төслүүдийг боловсруулан өргөн барьжээ.
Баян хүн гэхээр муу хүн байдаг гэх хуучин сэтгэлгээг эвдэж, үндэсний бизнесмэнүүдийг бүтээн байгуулагч гэсэн өнцгөөс нь харж, тэднийг дэмжих өөр сэтгэлгээг Монголд бий болгох тухайд Оюундарь анхлан дуу хоолой гаргасан хүн. “Тусгай салаа” кинонд үндэсний бизнесмений эерэг дүрийг оруулж ирж, олон нийтэд компанийн захирал эгэл нэгэн хүмүүний тухай эерэг мессеж өгөх санаа түүнийх байсан. Таван толгойн ордыг зургаа хувааж гадаадынханд эзэмшүүлэх гэж байсан эгзэгтэй үед “Монгол-999 нэгдэх нь түүхэн шаардлага”, “Улс ба нүүрс” нийтлэлүүдийг бичиж, үндэсний бизнесмэнүүдээ өмөөрсөн нь бас л түүний өөр бодол. Хэвлэлд бичсэн болоод орхисонгүй, “Монгол 999”-ийг байгуулахад гар бие оролцож явсан хүн.
Ийнхүү энэ хүн сурч боловсорсон, ажиллаж хөдөлмөрлөсөн газар бүртээ өөр сэтгэлгээ, өөр бодлыг цогцлоон буй болгож иржээ. Эл хөргийг бичигч миний бие “Хэцүү анги”, “Тусгай салаа” уран бүтээлүүд дээр Оюундарьтай хамтран ажилласны хувьд түүнийг мэднэ. “Хэцүү анги” киноны явцад санхүүгийн бэрхшээл үүсэхэд хувиасаа мөнгө гаргаж, албандаа зээл өгч ажлаа зогсоолгүй цааш явуулж байсныг нь харсан. Албан газраасаа зээл авч байраа томсгодог монгол захирлын сэтгэлгээг эсрэг тал руу нь эвдсэн цор ганц тохиолдол энэ болсон болов уу.
Ц.Оюундарь одоо Монголын улс төрд өөр бодол, өөр сэтгэлгээг авчрахаар зориг шулуудаж, УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлээд байна. Шийдвэр гаргах түвшинд зориг зүрхтэй, өөр бодолтой бүсгүй хүн орж ажилласнаар Монгол орон минь өөр болно гэдэгт итгэнэм.
А.АМАРСАЙХАН