2012-06-09

Hийгмийн амаржихуй


Сонгууль бол нийгмийн амаржихуй юм. Эх хүн амаржих бүртээ улам эрүүл саруул болж, өнгө зүс гийж, үрийн буян эдэлдэг. Өнөөдөр Алтайнхан маань “амаржих” хоногоо тоолж байна. Энэ өдрүүдэд та бүхэн “дурсамжийн” хүүхэд бус “мөрөөдлийн” хүүхэд төрөөсэй гэж ханцуйдаа залбирч байгаа. Дурсамж хэдийгээр сэтгэл ханамж ч гэлээ, хүнд “ухралт” буй болгодог. Юм л бол “бид бүтээсэн, бид ялсан, бид л та нарыг өдий зэрэгтэй болгосон” гэж үнэрхэж, үг хаяж, заримдаа дарамтлах нь ч энүүхэнд.

Тэгвэл мөрөөдлийн хүүхдүүд Алтайхны байтугай энэ улсын түүхэнд бичигдсэн сайчууд байдаг аа. Ардчилсан хувьсгалыг анхнаас нь өлгийдөлцсөн домогт Ц.Лоохууз, ажил хөдөлмөрөөрөө Алтайнхны нэрийг түүхэнд мөнхөлсөн Г.Лодойхүү, Ч.Чулуун, Ч.Лодойдамба ...бидний бахархал.

Энэ л зам мөрөөр өнөөдөр Ардчилсан нам “улс шиг хөгжье, хүн шиг амьдаръя” гэж “мөрөөдөж” байна. Энэ ерөөс эгэл ард та бидний эгнэгт хүсдэг мөрөөдөл биш гэж үү? Зүгээр л хүн шиг сайхан амьдарч, улс шиг сайхан хөгжих эгэл ардын мөрөөдлийг Ардчилсан намын сонгуулийн “хүү” Ариунсан ч бас мөрөөдөж, итгэл үнэмшлээ болгож, энэ мөрөөдлөө биелүүлэхийн төлөө бүхнээ зориулан ажиллахаар зориг шулууджээ.

Алтайнхан минь, унаган хөрсөн дээр чинь мэндэлж, эр бие тэнийтлээ эх нутагтаа амьдарч, их мөрөөдлөөс өөр өвөртөө юу ч үгүй их хотыг анх зорьж байсан ч, өдгөө хорь гаруй жилийн замналаараа монгол улсын дэд сайдын хэмжээнд хүртлээ өсөж бойжсон хүү чинь та бүхнийгээ дахин зорин очиж байна. Урьд нь мөн л ингээд ирэхэд нь “мөрөөдөл биелэх амар биш” гэдгийг нялуун зангүй та нар минь шулуухан ойлгуулж, сонголгүй буцааж байсан ч, Ариунсан Алтайн хөх харчуулын зориг мохдоггүй чанараар та нарыгаа дахин зорин очиж байна. Аавын алгадалт шиг хатуу шалгуурыг тань Ариусан дааж чадаад, ахин та нартаа зорин очиж байна, одоо түүний хүсэл мөрөөдлийг эрхбиш хүлээн авна биз ээ.

Алтайнханы амьдрал тийм муу биш ч, бас чиг тийм сайн биш байгаа нь нууц бишээ. Хүн шиг амьдрахад хамгийн наанадаж ажил хийж амьдралаа дээшлүүлэх боломж, түүнийг нь шударгаар үнэлдэг тогтолцоо хэрэгтэй. Заавал нэг даргын нөмөр нөөлөгт багтаж, тэрний хүн, энэний хүн гэсэн хаяг зүүхгүйгээр ажил бүтдэггүй байдал бидний мөрөөдлийн чөдөр тушаа болжээ. Уг нь тэртээ 20 гаруй жилийн өмнө чухам үүний төлөө л Ардчилсан хувьсгалыг залуус маань хийсэн билээ. Гэлээ ч өнгөрсөн 22 жилийн түүхийн 18-д нь өнөөх л хуучны МАХН төрийн эрхийг дангаар барьсаар ирсэн. Үнэндээ ганц нам, ганц хүний дарангуйллын оронд, ганц намын олон дарангуйлагчын тогтолцоо нийгмийн бүхий л шатанд улам бүр бэхжин байгаа нь бүхэнд ил болжээ. Ардчилсан нам аалзны тор шиг энэ аймшгийн тогтолцоог халах гэж хувьсгал хийсэн, одоо ч халахаар тэмцэж байна.

“Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” гэхнээ аалзны тор шиг авилгын сүлжээ тээр болж байна. Энэ сүлжээ яагаад тасрахгүй байгаагийн шалтгааныг Ардчилсан Нам судалж олсоон. Энэ бол авилга өгсөн, авсан хоюуланг нь шийтгэдэг одоогийн тогтолцоог халж, өгсөн улсуудыг нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг байх цоо шинэ эрх зүйн шинэтгэл юм. Хийж бүтээхийг зорьсон хувь хүний аливаа оролдого хүнд суртлын хана очиж мөргөдөг, мөргөсөн тэр ханыг аргагүйн эрхэнд авилга өгч байж нэвтэлдэг, эс тэгвээс цааш урагшилж чадахгүй тушигддаг байдлыг “авилга өгсөн хүнийг шийтгэлээс чөлөөлье” гэсэн бодит шинэтгэлийн алхамаар таслан зогсоохыг Ардчилсан нам санал болгож байгаа юм.

“Ардын засаг гэж юу байлаа, авдаг өгдөг нь ч юу байлаа...” гэж Алтайнхны унаган хүү алдарт зохиолч Лодойдамба “Тунгалаг тамир” романдаа Итгэлт баяны үг болгон хэлдэгчлэн, авилга хээл хахуулийг тэртээ 1999 онд анхны илрэлээс нь эхлэн “Зууны луйвар” нэвтрүүлгээрээ илчлэн сурвалжилж, таслан зогсоохыг эрмэлзэн тэмцэж байсан сэтгүүлч Ц.Оюундарь миний бие Ардчилсан намын энэ зоригтой алхамыг сайшааж, энэ нутгийн шинэ үеийн мөрөөдлийн хөвгүүдийн нэг Ариунсанг дэмжиж, эх нутаг Алтайнхан та бүхэндээ ийнхүү хандаж байна.
Ариунсан Ардчилсан намын хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлж, эгэл түмний хийж бүтээх мөрөөдлийг үгүй хийдэг авилгын аалзны торыг устгахад хувь нэмрээ оруулж, цаашдын хөгжил цэцэглэлтийн эх үндсийг тавилцаж чадах, нутгаа гэсэн сэтгэлтэй, мохдоггүй чигч нэгэн гэдгийг танилцсан богино хугацаандаа олж мэдэж, түүнээр бахархаж байна. Ариусанг болон АН-ыг сонгосноор Алтайнхан минь та бүхэн иргэдээ дарамталдаггүй, бас алагчилдаггүй засаглал гэж юу байдгийг бодитоор харах болно.

Мөрөөдөл бол хүний төрөлх мөн чанарын үргэлжлэл юм. Харин хоосон амлалт бол хууран мэхлэлт юм. Өнөөдөр бидэнд “талх өгнө” гэж амладаг, магадгүй зүсэм талх хааяа өгч ам таглахдаа “Би амласандаа хүрээ биз? Та нарт талх өгөө биз? гэж ам асуудаг “хүү” хэрэггүй. Өнөөдөр Алтайнханд маань хүний хоосон амлалтыг хүлээхгүйгээр өөрсдөө “талхаа үйлдвэрлэх арга”-ыг хэлж өгөх улс төрийн төлөвшсөн хүчин хэрэгтэй байна. Энэ бол АН, түүний төлөөлөл болсон Ариунсан хүү чинь юм.

Мөрөөдөж, түүндээ хүрэхийн тулд зорилготойгоор өөр сонголт хийх цаг болжээ!!! Хүн хэзээ мөрөөдөхөө болинов тэр мөчөөсөө “үхэж” эхэлдэг гэдэг. Хүн хэзээ бэлэнчлэх сэтгэлгээнд даснав тэр цагаасаа мөн “үхэж” эхэлдэг гэдэг. АН сонгогчдод зөвхөн боломж олгодог. Боломж бол хамгийн үнэ цэнэтэй зүйл. Энэ сонгууль Алтайнханд дахиж олдохгүй алтан боломж. Энэхүү “алтан боломж”-ийг бодит биелэл болгохоор мөрөөдөж яваа нутгийн хүү Ариунсангаа Алтайнхан та нар минь энэ удаа ардчилал шинэчлэлийн буухиа хэмээн хүлээн авна гэдэгт гүнээ итгэж байна.    

МҮОНТ-ийн захирал, Дарви сумын харяат,
Шарга сумнаа анх хүн болон мэндэлсэн сэтгүүлч Цагааны Оюундарь

Жич: Алтай нутгийн өргөн уудмыг хэлэх үү, хэвлэл мэдээллийн үнэтэйг хэлэх үү, зусландаа гарч уул талаар тарсан сонгогчиддоо нэг бүрчлэн хүрч, бодлого мөрийн хөтөлбөрөө танилцуулахад бодит зардал зайлшгvй гарна. Иймд Алтай сайхан нутгаа 22 жилийн турш час улаан байсан гэсэн "хоч"-ноос салгахыг хүсч, АН-д болон түүний төлөөлөл болсон Ариунсанг дэмжиж байвал Та түүний ХААН банк дахь 5007774368 тоот дансанд хувь хүн бол 1 сая хүртэлх, компани аж ахуйн нэгж бол 3 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ үү. Таны дэмжлэг тав нь тавлахгүй, арав нь аравдахгүй их тус болох болно. Танд баярлалаа.

No comments:

Post a Comment