2012-06-05

«MOНГОЛ 999+» нэгдэх нь түүхэн шаардлага


Дэлхийн хэмжээнд яригдах, зургаан тэрбум тонн нүүрсний, тэр дундаа дөрвөн тэрбум тонн сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй Таван толгойн орд газрыг 2010 онд Засгийн газраас Япон, БНСУ, Америк, ОХУ, Хятад, Энэтхэгийн томоохон компаниудад 6 хэсэг болгон өгөх гэж байсан юм. Үүнийг Монголын 2000 гаруй компаниуд нэгдэж, Монгол 999 үндэсний нэгдлийг байгуулан, төр засагт шахалт үзүүлж, "Яахаараа юм л бол хамаг байдгаа гадныханд найр тавин өгөх гэж байдгийн, яагаад монголчууддаа боломж өгөхгүй, тэднийг шууд л "чадахгүй" гэсэн ганц үгээр басамжлан хойш тавьж байгаа юм бэ? Бид хүчтэй" гэдгээ илэрхийлэн, сөрөн зогсож чадсанаар Засгийн газрын гадныханд өгөх гэж байсан төслийг таслан зогсоож, УИХ-аас алдарт 39-р тогтоолыг гаргуулж чадсан билээ. Энэ үеэр бичиж сонинд гаргаж байсан нийтлэлээ блогтоо байрлуулж байна. 2 жилийн өмнөх энэ сэдэв өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй, ОЛУУЛАА ялгахын утга учрыг, ОЛУУЛАА нэгдэж нийлснээр үүсэх их хүч чадлыг та бүхэнд ойлгуулах байхаа. Өнөөдрийн ард иргэдэд өгөх гэж байгаа Таван толгойн иргэн бүрт оногдох хувьцаа Монгол 999 үндэсний нэгдэлд нэгдсэн 2000 компанийн зүтгэл байсан юм. Иймд тэд бол "Таван Толгойг Танд өгсөн хүмүүс" юм шүү.   


Монголын үндэсний компаниудын өнөөгийн байдлыг хөндлөнгөөс харахаар хоёр нийтлэг дүр төрх ажиглагдаад байдаг. Нэг хэсэг нь Монголд хөрөнгө оруулсан, эсвэл оруулахаар зэхэж байгаа «Оюу толгой» мэтийн гадаадын том компаниудыг тойрон эргэлдэнэ. Тэдэнд үйлчилгээ үзүүлчих санаатай ажил гуйна, тендерт нь туслангаар орно, ханган нийлүүлнэ, гэрээлнэ, эсвэл дор хаяж зуучлагч болж хэдэн төгрөг олохыг бодно. Нөгөө хэсэг нь төр засгийг тойрон эргэлдэнэ. Tөрийн өмчит барилга байшингийн дээвэр туурга шуурганд нуран унах, аль нэг яам газар тавилгаа солиx, цахилгааны утас тасраx, эсвэл замын хашлага эвдрэx гэх мэтийн эх адаггүй бужигнаан, будлиан дундаас мөнгө босгоx гэж зүтгэнэ. Тендерт нь ялах гэж улайрна, өөр хоорондоо «алалцана». Байдаг мөнгөө шийдвэр гаргагч түшмэдүүдийн ширээн доогуур сэм сэмхэн гулгуулна. Өөр гарцгүй, боломж бүр нь боймлогдсон энэ орчинд бизнеc эрхлэх гэж үйлээ үзэж, үгээ бардаг том жижиг нийлсэн зуун тавиад мянган компани Монголд өнөөдөр татвар төлж, xэдэн зуун мянган xүнийг ажил амьдралтай залгуулдаг.


Тэдний төлөөлөл болсон үндэсний компанийн хэдэн нөхөд 2010 оны 4 сарын тэр нэг өдөр Улаанбаатарын нэгэн зоогийн газарт цугларч билээ. Шар айраг шимэнгээ тэд юу эсийг ярихав. Тэгж тэгж өнөөх л «xоёр толгой» ярианы гол сэдэв болж. «Оюу толгой ч бүр өнгөрсөөн, одоо энэ «Таван толгой» даанч дээ, бид ч бүх баялгаа гадныханд өгөөд дуусax нь ээ» гэж баахан шогширцгоож. Тэгснээ «үнэндээ тэр гадны том компаниудтай дангаараа өрсөлдөхөд монгол компаниудын бяд арай л хүрэхгvй байна л даа» гэж санааширцгааж. «Уг нь болдог бол монголын бүх компаниуд нийлээд нэг том компани болчихвол тэдний хэмжээнд өлхөн очно л доо» гэж сайрхацгааж. «Даанч тэгж нийлнэ гэж байхгүй л дээ» гэж гутарцгааж. Тэгснээ… «нээрэн яагаад болохгvй гэж..?» хэмээн нэг нэгнээсээ асууцгааж. Удалгүй ийш тийш утас цохин энэ санаандаа тандалт хийж. Үр дүн нь цочир сонин болж, ердөө маргааш нь л 100 гаруй компанийн захирлууд цугларчихсан гэдэг.


Үлгэр шиг энэ түүх цааш түймэр шиг хурдан түгж, жирийн сэтгүүлч миний бие хүртэл энэ сайхан санаачилгыг сэтгэл зүрхний дуудлага болгон хүлээн авсан билээ. Ингээд санаачилагчдын хурал аяндаа зохион байгуулагдах болж, Mонголын бүх ажил олгогч компаниудаa уриалан, энэхүү нэгдсэн том үндэсний компанид хувь нийлүүлэн оролцоx боломж олгохоор тогтсон юм. Би ч бас энэ боломжийг хувь хүнийхээ хувьд дуун дээр тосон авч, хэвлэл мэдээллийн салбарт ажил олгогчдоо дуудан оролцуулж, өөрөө ч бас бүртгүүлээд амжив. Тэр явдлаас хойших 7 xoногт Монголын 1000 гаруй үндэсний компани сонирхлоо илэрхийлэн “Монгол 999”-д бүртгүүлжээ. Энэ нь өдөрт л дор хаяж 100 гаруй хүн нэг дор цуглан бужигнаж, санаа бодлоо уралдуулж байсан гэсэн үг. Ажлын хэсэгт орсон бидэнтэй тэдний өрнүүлэх яриа тодорхой хэдэн зүйл дээр төвлөрч байв.


Хамгийн амин яриа: Монголын баялгийг монгол хүн эзэмшье, үр дүнг нь монгол хүн хүртье гэсэн санаа. Cтратегийн орд гэдэг төрийн хувьд хурдан хугацаанд «мөнгө олох стратеги» байж болохгүй. Энэ зорилгодоо хөтлөгдөөд, компаниудыг ажлаа эхэлж, татвар төлөхийг нь хүлээхгүйгээр урьдчилж хэн их мөнгө өгч чадсанд нь ордоо ашиглуулна гэсэн болзол тавих нь үндэстэн дамнасан эдийн засгийн алуурчдыг л даллаж байна гэсэн үг. Монгол төр энд л жинхэнэ Монгол төрийнхөө стратегийн далд бодлогыг баримтлах учиртай. Тэр нь «таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр» гэсэн бодлого. Өөрөөр хэлбэл монгол хүн дангаараа хийчих боломжтой энэ том орд дээр үндэсний үйлдвэрлэгчид, татвар төлөгч, ажил олгогчдоо дэмжиx бодлого барьж, дотоодын бизнесийн хөгжлийг идэвхжүүлэх стратеги!


Бидний дунд өрнөx хамгийн чухал яриа: Монголчууд нэгдье, хүчирхэгжье, энэ дорд байдлаасаа өөрсдийн хүчээр гарья гэсэн санаа. Үндэсний үзэл дангаараа бус, эдийн засгийн шударга эрх ашигтай уялдаж байж л Монголчуудыг нэгтгэx жинхэнэ хүч болж чадах аж. Монголчууд «Tаван толгой»-гоо өөрсдөө олборлоё, өөрсдөө ашиглая гэсэн эдийн засгийн эрх ашигт тулгуурласан үндэсний үзэл одоо л сэргэж, юу юугүй хүчээ аван давалгаалж байгааг долоохон хоногийн дотор сонирхлоо илэрхийлэн бүртгүүлсэн 1000 шахам компанийн идэвхи, хурд батлан харуулж байна. 1206 онд Монголын тарж бутарсан олон овог аймгуудын хүч нь хүрч хийж чадаxгүй байсан дэлхийн даяаршлыг эзэн Чингис хаан нэгтгэн нягтруулж байгаад чадсаныг түүx нэгэнт батлан харуулсан. Монголын компаниуд нэгж сум шиг ганц ганцаараа явбал гадныханд хамаг баялгаа тавьж туугаад дуусна гэдгийг тэд ухаарч, «багласан сум» болон нэгдэж байна. Багласан сумыг хэн ч хугалж чадаагүйн үлгэрээр ингэж нэгдэж чадсан үндэсний баялаг бүтээгч, ажил олгогчдоороо төр бахархаж, тэдэнд бүхий л боломжоорoo үйлчлэх учиртай.


Бидний яриан дунд бас бахархал сайрхал байн байн өрнөнө. Монголчууд бараг гурван үеэрээ нүүрс олборлож, ил далд уурхай ашиглаx арвин туршлага хуримтлуулсан. Xамгийн бага технологи шаарддаг, хамгийн их хийж сурсан ажлаа Монголчууд бид гадныхнаар биш, өөрсдөө хийхийг хүсч байна. Багануур, Шарын гол, Налайхыг мэдэхгүй монгол хүн цөөн. Бэлтгэгдсэн боловсон хүчин ч энд тэнд зөндөө бий. Сайрхан ярих энэ бахархал дунд Макс групп, Энержи Ресурс гээд олон жишээ дурьдагддагаас нэгийг нь энд онцолъё. Таван толгойн стратегийн том орд газрын хашлага зураасны гадна талд газрын зураг дээр бөөрөнд нь наалдсан бяцхан цэг мэт харагдах «нутгийн таван толгой» гэж нэрлэгдсэн нэгэн жижиг уурхай бий. 40 гаруй жил олборлолт эрхэлж аймаг орны нүүрсний хэрэгцээг хангадаг байсан энэ компани хэдхэн жилийн өмнөөс менежментээ өөрчлөн, олборлолтоо нэмэгдүүлж, экспорт хийж эхэлснээр өдгөө Монголд хамгийн өндөр нэгж хувьцааны ногдол ашиг хуваарилдаг компани болоод байна. Энэ бол нүүрс олборлох бизнес монголчуудын өлхөн хийж чадах ажил гэдгийг харуулах ганц л жишээ. Нэг дугуй хийж чадаж байгаа хүнд 10-ыг хийлгэх захиалга өгвөл магадгүй 2 хүн нэмж хөлслөөд хийж л орхино. 1000-ийг хийлгэх захиалга өгвөл 200 хүн нэмж хөлсөлснөөр зохион байгуулалтад нь л жаахан өөрчлөлт орохоос, хийж чаддаг дугуй нь хэвээрээ л байх болно.


Бидний яриан дунд бас харамсал гутрал байн байн цухалзана. Бид гадаадын компаниудыг хөрөнгө оруулна гэхээр л банкнаас мөнгөө тоолж авчраад, хамгийн сүүлийн үeийн техник технологи оруулж ирээд л, Эрдэнэт шиг том хот бариад эхэлдэг юм шиг эндүүрч байж. Тэгээд бид өөрсдөө хэдийгээр ашиглаж олборлох чадвартай ч, даанч хөрөнгө мөнгөгүй гээд лицензээ гадныханд зарчихдаг байж. Гэтэл тэр бүxнийг авсан «нэг их мөнгөтэй мэт харагдах» гадны нөхөрт ч бас мөнгө байдаггүй л юмсанж гэдгийг Фридланд андаасаа бэлхэн харж байна. Оюу толгойн лицензийг барьцаа болгоод, ердөө бидний нүдэн дээр Нью Иорк, Торонтогийн биржээс хэдэн тэрбумаар нь тэр хөрөнгө босгочихлоо. Ховдын Хөшөөтийн уурхай, Өмнөговийн Овоот толгойн уурхайг авсан гадныхан ч бас тэгж л мөнгө босголоо. Тэгэхээр барьцаалах баялаг маань нэгэнт байгаа цагт хөрөнгийг хэн ч босгож болоx нь.


Бидний яриан дунд төр засгаа өмөөрөх, хүндлэх үгс ч тодорно. Монголын компаниуд хүчирхэгжиж, дэлхийн хэмжээний том компаниудын зэрэгт хүрч, баялагтаа эзэн сууж, Фридланд шиг бирж дээрээс хөрөнгө босгоод бужигнуулаад өгөхгүй байгаагаас төр засаг аргагүйн эрхэнд тэдэнтэй бизнесийн яриа хэлэлцээрт орох болж, үүрэг функц нь өөрчлөгдөн, эх адаггүй их ажилтай зууралдан, хийх ёстой үндсэн үүргээ умартахад хүрээд байна. Мөнгөтэй гэрээ хэлэлцээрт их орооцолдох тусам төрийн нэр хүнд унаад байна. Энд тэнд мөнгө амлаж буянтны дүрд хувилснаар, дараа нь тэр амлалтаа биелүүлэх гэж хэлэлцээрт орох компаниудад стандарт бус болзол тулган, эхлээгүй бизнесээс нь урьдчилгаа салгах гэж улайрах замаар амлалтаа гүйцэлдүүлэх гэж зүтгэнэ. Энэ бүхэн эдийн засгийн суурь тогтолцоог улам ганхуулж, төрийн нэр хүүнд тэр чинээгээр доройтоход хүрээд байна. Mонгол компаниуд нэгдэн хүчирхэгжиж, бие даан хөрөнгө босгож, стратегийн энэ ордоо ашиглах болсноор төрийг эх адаггүй энэ их илүү ажлаас нь чөлөөлөх үүрэг түүхийн шаардлагаар гарч ирж байна. Ингэснээр төр жинхэнэ ард иргэддээ үйлчилдэг үндсэн ажилдаа эргэн орох болно.


Бидний хооронд болж буй энэ бүх ярианд монголын төр засаг оролцоосой, монгол хүн бүр дэмжээд өгөөсэй гэж хүснэм. XXI зуунд амьдарч байгаа бид нэгдэж байна гээд XIII зууны өвөг дээдэс шигээ аян дайнд мордохгүй нь лавтай. Харин эх орны баялагтаа эзэн болно, хүчирхэг, үндэсний эдийн засгийн суурь чадавхийг бий болгоно гээд зүтгэвэл болохгүй зүйл үгүй гэдгийг «Монгол 999+» үндэсний нэгдэл харуулж чадлаа. Монголчууд нэгдсэн цагтаа хүчтэй байсан, хүчтэй ч байх болно.


2010 оны 5 сарын 5

No comments:

Post a Comment